Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 207/МА2022/00066

 

 

 

 

 

2022 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 207/МА2022/00066

 

 

 

Тангад тэнгэр ХХК-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч ******* ХХК-нд

холбогдох иргэний

хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 142/ШШ2022/00521 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Тангад тэнгэр ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* ХХК-нд холбогдох,

Барилгын ажлын гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөр 9.539.100 гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхбаатар, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Нямцэрэн нарын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Я.Мөнхбаатар, нарийн бичгийн дарга Ө.Есүхэй нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Тангад тэнгэр ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэл, агуулга:

Миний бие Оюунцэцэг овогтой ******* нь 2014 онд Тангад тэнгэр ХХК-ийг үүсгэн байгуулж барилгын дотор гадна засал чимэглэл, ногоон байгууламж, гадна тохижилтын чиглэлээр 6 жил ажиллаж байна. 2018 онд Б.*******тай хамтран ажиллаж Өвөрхангай, Булган аймгийн Рашаант, Хишиг-Өндөр, Булган гэсэн 4 сумын цахилгаан шугамын сүлжээний дотор заслуудын ажлыг нь хийж өгч хамтран ажилласан. 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Б.******* надтай холбогдож гэрэлт гудамжны явган хүний замын ажлыг хийх үү. Энэ ажлыг хийгээд өгөх юм бол 2018 оны ажлын үлдэгдэл 2 сая төгрөгийг чинь өгье гэж хэлэхээр нь би зөвшөөрсөн. Ингээд 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл 1 сарын хугацаатай Орхон аймгийн гэрэлт гудамжны 1500 м2 талбайн явган хүний замын ажлыг 1м2-ийг 10 000 /арван мянган/ төгрөгөөр НӨАТ авахаар тохиролцож гэрээг байгуулж урьдчилгаа болгон 5 000 000 / таван сая / төгрөгийг Тангад тэнгэр ХХК-ийн данс болох ******* дугаартай дансаар авсан. Манай компани нь 2019 оны 08 дугаар сард Булган аймгийн Рашаант суманд мах боловсруулах үйлдвэрийн ажлыг хийж гүйцэтгэж байсан тул хүн, хүчээ нэмэх шаардлагатай болсон. Энэ нөхцөл байдлыг Новый Мираж ХХК-д албан ёсоор мэдэгдсэн. Ингээд давхар гэрээг 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 1м2-ийн 8 000 /найман мянган/ төгрөг буюу 600 000 /зургаан зуун мянган/ төгрөгийг суутгаж авахаар 11 400 000 /арван нэгэн сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр тохиролцож гэрээг иргэн Т.*******тай хийж бэлнээр 3 000 000 /гурван сая/ төгрөгийг урьдчилгаа болгон өгсөн. Т.******* нь өөрийн бригадтай хийх тул манай компаниас 1 хүнийг төлөөлөгчөөр томилон ажилласан. Би ажил эхлүүлээд Булган аймгийн Рашаант сум руу буцсан. 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Новый Мираж-аас ажлын явц удаан байна, хүнээ нэм гэсэн шаардлагын дагуу ирэхэд ажлын явцын байдал зам хуулалтын ажил 80 хувь, хавтан суулгалт 40 хувьтай байсан. Би ирээд Цагдаагийн газрын дарга хурандаа А.Батбаярт хүсэлт гаргаж түр саатуулахаас 6 хүнийг нэмэлтээр 2 өдрийн турш үлдэгдэл талбай хавтан хуулалт болон цэвэрлэгээг хийж дуусгасан. Ажлын хувьд маш хүнд 1 хавтан 100-150 кг, 1 хавтанг ачиж буулгахад 4-5 хүн арай чүү ачиж байсан. Ачилт хуулалт дээрээ хугацаа алдсан байсан. Шаардлагын дагуу арын 400 м2 талбайд өөрийн компанид ажиллаж байсан 5 хүнийг Т.*******тай цалинг нь тохироод нэмэлтээр гаргаж өгсөн. Би 12 хоног талбай дээр ажиллаж байгаад буцсан. Гэрээний дагуу ажил 50 хувьд орсон тул 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Новый Мираж ХХК-аас миний хувийн данс болох Хаан банкны 5094084677 гэсэн дугаартай данс руу 5 000 000 / таван сая / төгрөгийг хийсэн. Үүнийг аваад 2 972 000 /хоёр сая есөн зуун далан хоёр мянган/ төгрөгийг Т.*******гийн нөхөр Ууганбаярын Хаан банкны 5604020072 дугаартай дансанд хийсэн. Үлдэгдэл мөнгө болох 2 028 000 /хоёр сая хорин найман мянган/ төгрөгийг арын хэсэг буюу 400 м2 талбайд ажилласан Т.*******гийн ажилчдад хувааж өгсөн. Ингээд мөн л 2019 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр дахин ирж 12 хоног ажлын талбай дээр цуг ажиллахад хавтан суулгалтын ажил 100-250 м2 талбай үлдэхэд Новый Мираж ХХК-ний захирал Б.*******, Т.******* хоёрт би дахиж ирэх боломжгүй жоохон үлдсэн ажлаа асуудалгүй дуусгаарай гээд 10 дугаар сарын 11-ний өдөр буцаад явсан. 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Т.******* надтай холбогдож ажил 100 хувь дууссан гэрээний дагуу сүүлийн санхүүжилтийг авмаар байна. Яаралтай шийдээд өгөөч ажилчдын цалингийн зардал маш өндөр гарсан. Цалингаа нэхээд хэцүү байна гэхэд нь Б.*******тай холбогдож асуудлыг хэлэхэд аймаг хүлээж аваагүй байна. Хүлээж авахаар нь шийднэ гээд яриагаа дуусгасан. 2019 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Т.*******, Б.******* хоёртой холбогдох гэсэн боловч гар утаснууд нь хаалттай байсан. Энэ хугацаанд хэн хэн нь надтай холбогдоогүй. Манай компанийн Рашаантын ажил дуусаж би хотод 12 дугаар сарын 27-ны өдөр ирээд Б.*******тай холбогдож сүүлийн санхүүжилтийн мөнгөө асуухад Т.*******д чинь өгсөн өөрсдөө учраа ол гээд утсаа тасалсан. Гэрээний дагуу бол 3 400 000 төгрөгийг Т.******* аваад, 1 600 000 төгрөг нь манай компанийн мөнгө байсан. 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хотоос ирээд Т.*******тай уулзаж мөнгө асуух гэтэл өөдөөс м2-ын зөрүү ярьсан. Б.*******тай холбогдож м2-ын зөрүү асуухад мэдэхгүй би аймагтаа 1500 м2-аар гэрээ хийсэн байгаа ажил дуусахаас өмнө хэмжихгүй яасан юм гээд утсаа тасалсан. Т.******* Орхон аймгийн Тендерийн хороо болон Засаг даргатай орж уулзахад Новый Мираж ХХК нь гэрэлт гудамжны явган хүний замын ажлыг 2093 м2-аар гэрээ хийгдсэн байхыг мэдэж ажлын талбай дээр өөрөө очиж хэмжилт хийхэд нь 739.91 м2 талбай илүү хийсэн гээд Тангад тэнгэр ХХК-д нэхэмжлэл гаргасан. Энэ хугацаанд Т.******* нь шүүхэд хүсэлт гаргаж шинжээч томилуулан Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Авто замын улсын байцаагч Ш.Сүнжидмаа, Новый Мираж ХХК-ийн захирал Б.*******, иргэн Т.*******, Тангад тэнгэр ХХК-ийн захирал О.******* би, Аймгаас 1 төлөөлөгч нийт 5 хүний бүрэлдэхүүнтэй хэмжилт хийхэд нийт талбай 2143.84 м2 буюу 643.84 м2 илүү хийсэн байсан. 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр шүүх хурал болж Т.*******гийн нэхэмжилсэн 739.91 м2 буюу гэрээнд заасан мөнгөн дүнгээр 1 м2 нь 8 000 төгрөгөөр 6 359 280 төгрөгөөр нь төлөхөөр шийдвэр гарсан. Тангад тэнгэр ХХК нь Новый Мираж ХХК-тай гэрэлт гудамжны явган хүний замын ажлыг м2-ыг 10 000 төгрөгөөр гэрээ хийсэн илүү хийсэн 793.91 м2 буюу мөнгөн дүнгээр 7 939 100 төгрөг болж байна. Т.*******гийн нэхэмжилсэн 6 359 280 төгрөгийг Новый Мираж ХХК-аас авч төлнө. Иймд 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан ажил гүйцэтгэсэн гэрээний нөхцөлөөс илүү хийж гүйцэтгэсэн 794.91м2 буюу гэрээнд заасан ханшаар 7 939 100 төгрөг болон сүүлийн санхүүжилт нь дээрээс авах 1 600 000 төгрөг, нийт 9 539 100 төгрөгийг Новый Мираж ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, татгалзал, түүний агуулга:

Тангад тэнгэр ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн аваад бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд: Нэг. Тус компани аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд заасан тусгай зөвшөөрөлгүй, барилгын ажил хийдэг гэх боловч барилгын аливаа үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлгүй, тэр тусмаа орчны тохижилт болон зам, барилга барих тусгай зөвшөөрөлгүй, зөвхөн мод тарих, ногоон байгууламж барих, барилгын гадна болон дотно засал чимэглэл хийдэг компани болохыг хожим олж мэдсэн. Уг компани нь нэгэнт барилгын ажил хийдэг, орчны тохижилт хийдэг гэх боловч ажлын туршлагагүй, тогтмол ажилтан байхгүй байснаас болж гэрээт ажлын хугацаа өнгөрч манай компани тус тендерийн захиалагчид өөрөө алданги тооцуулж хохирсон. Тангад тэнгэр ХХК болон түүний захирал О.******* өөрөө тус гэрээт ажлыг гүйцэтгээгүй, харин бусдаар уг ажлыг гүйцэтгүүлэх нэрийн дор дундаас нь мөнгө авч гэрээгээ зөрчсөн. Манай компанитай анх гэрээ байгуулж мөнгө авахдаа өөрөө биечлэн ажлыг гүйцэтгэхээр тохиролцсон боловч тус ажлыг өөр хүнээр гүйцэтгүүлсэн. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна. Манай компани нь нэхэмжлэгч компаниар ажил гүйцэтгүүлж байгаагүй, гэрээ байгуулж байгаагүй. Тус компанид төлөх төлбөр, ажлын үлдэгдэл гэж байхгүй байтал намайг гуйж байгаад уг ажлыг гүйцэтгүүлэх санал тавьсан мэтээр худал тайлбар гаргасан байна. Энэ талаарх нэхэмжлэлд дурдсан зүйлс бодит үнэнд нийцэхгүй байна. Уг ажлын 1 сарын хугацаанд хийхээр тохиролцсон боловч 3 сараар хэтрүүлж, өөрөө уг ажлаа хийгээгүй, ажилтнууд байхгүй учраас *******, Ууганбаатар гэх гэр бүлийн хүмүүсийн бригад уг ажлыг хийсэн. Уг асуудлаар манайд хэлж мэдэгдсэн зүйл байхгүй, албан бичиг ч ирүүлээгүй.О.******* нь өөрөө ажилтангүй компанитай учраас ажилтан олдохгүй, гэрээт ажлын хугацаа дууссан ч ажлаа хийгээгүй ба уг ажлын хүрээнд төсөв нь хэтэрч алдагдал хүлээхэд хүрч улмаар нэгэнт ажил хийж байсан *******, Ууганбаатар нарт төлбөр төлж ажлыг гүйцэтгүүлсэн. Иймээс Тангад тэнгэр ХХК болон түүний захирал О.******* уг ажлыг хийгээгүй атлаа манайхаас мөнгө нэхэмжлэх эрхгүй гэж үзэж байна. Харин Т.*******, Ууганбаатар нартай тохиролцоод ажлаа хийж дуусгаад үлдэгдэл төлбөрийг нь тэдэнд төлж дуусгасан. Иймээс Тангад тэнгэр ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343 дугаар зүйлийн 343.3-т заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-иас 4.531.600 /дөрвөн сая таван зуун гучин нэгэн мянга зургаан зуу/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Тангад тэнгэр ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5.007.500 /таван сая долоон мянга таван зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 167.576 /нэг зуун жаран долоон мянга таван зуун далан зургаа/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-иас 87.456 /наян долоон мянга дөрвөн зуун тавин зургаа/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Тангад тэнгэр ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Я.Мөнхбаяр, өмгөөлөгч Р.Нямцэрэн нар шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүх маргааны үйл байдал, нотлох баримтад зөв дүгнэлт хийж, Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн боловч талуудын хооронд 2019 оны 08 сарын 15-нд байгуулсан Барилгын ажил гүйцэтгэх гэрээ-ний 2.1-д заасан хэмжээнээс илүү хийсэн ажлын хэмжээг зөв тодорхойлж чадаагүй гэж үзэж байна. ******* ХХК нь Орхон аймгийн Засаг даргатай 2019 оны 08 сарын 19-нд БЗА-108/19 тоот Хүрэн булаг баг, Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захиргааны II байрны "гэрэлт гудамжны явган хүний замын засвар шинэчлэлт-ийн ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Энэ гэрээний ерөнхий ба тусгай нөхцөлд ажлын нийт төсөвт өртгийг заасан ба ажлын нийт хэмжээг заагаагүй. Гэрээний 3.1 дэх заалтад заасан гэрээний салшгүй хэсэг болох бичиг баримтаар ажлын хэмжээ тодорхойлогдохоор байна. ******* ХХК нь Иргэний хуулийн 347 дугаар зүйлд заасан үндэслэлээр уг ажлыг "Тангад тэнгэр" ХХК-тай гэрээ байгуулж гүйцэтгүүлсэн ба талуудын хооронд 2019 оны 08 сарын 15-нд байгуулсан. "Барилгын ажил гүйцэтгэх гэрээ"-ний гурав дугаар зүйлд ерөнхий гүйцэтгэгч ******* ХХК-ийн үүргийг, дөрөв дүгээр зүйлд "Тангад тэнгэр" ХХК-ийн үүргийг тодорхойлсон. Дээр дурдсан гэрээний заалтаар хориглоогүй Иргэний хуулийн 347 дугаар зүйлээр зохицуулагдсан тул "Тангад тэнгэр" ХХК нь иргэн Т.*******тай гэрээ байгуулж ажиллуулах, өөрийн хамтарч ажилладаг Гэрэлмаа, Уртнасан нараар ажил гүйцэтгүүлэх /зоо- 350 кв.м ажил гүйцэтгэсэн гэдэг. Хэргийн талд үз/, Цагдаагийн байгууллагаас хүн хүчний туслалцааг авах /хэргийн 2-р хавтас 58-64 талд үз/ зэргээр ажлыг дуусгасан байдаг. Нийт 101.053.560 төгрөгийн төсөвт өртөгтэй, хэдийн хэмжээний ажлын тендерт оролцсон болон Засаг даргатай байгуулсан гэрээний 3.1-д заасан гэрээний салшгүй хэсэг бичиг баримтыг авсан ******* ХХК-ны захирал Н.******* нь ажлын бодит хэмжээг нууж, гэрээний гуравдугаар зүйлд заасан Барилгын ажлын зураг, төсөв гаргуулан иж бүрэн нэг хувийг ажил эхлэхийн өмнө танилцуулах, өгөх" үүргээ эс биелүүлж 1500 кв.м гэж "Тангад тэнгэр" ХХК-тай, "Тангад тэнгэр" нь иргэн Т.*******тай гэрээ байгуулснаас хожмын энэ маргаан үүссэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийн журмаар дараах баримтыг хэрэгт авснаар гүйцэтгэсэн нийт ажлын хэмжээг дүгнэх боломж бүрдсэн. Үүнд: - Барилга, байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын 19/02/185 тоот акт, захиалагч гүйцэтгэгчийн хооронд байгуулсан БЗА -108/19 тоот гэрээнд гүйцэтгэх болон гүйцэтгэсэн ажлын хэмжээг заагаагүй. -Хот байгуулалт, барилга захиалагчийн алба "ОНӨААТҮГ"-аас 2021.03.22-нд 206 тоот бичгээр ирүүлсэн 51 хуудас баримтад авагдсан замын ажлын төсөв/ Хэргийн 1-р хавтас 226-228 дахь тал/-өөр нийт ажлын хэмжээг 2023.46 м.кв гэж баталсан, Захиалагч, гүйцэтгэгчийн хянаж баталсан "Ажил гүйцэтгэх график/хэргийн 1-р хавтас 214 дэх тал/"-аар ажлын хэмжээг 21 хэсэгт 2091.46 м.кв гэж баталгаажуулсан, Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 сарын 17-ны 00980 тоот шийдвэр/хэргийн 1-р хавтасны 40-42 дахь тал/-т Т.******* нарын нийт гүйцэтгэсэн ажлыг 2143.84 м.кв гэж дүгнэсэн, Дээрх шийдвэрийн үндэслэл болсон 2020.05.28-ны улсын байцаагчийн 14-07-030/101 тоот дүгнэлт /Хэргийн 1-р хавтасны 114 дэх тал/-д явган хүний замын ажлын нийт хэмжээг 2143.84 м.кв, үүнээс Т.*******гаар 1788.05 м.кв талбайн ажлыг гүйцэтгүүлсэн гэж дүгнэсэн, Шинжээч Т.Чинтуяагийн 2021.11.16-ны дүгнэлт/Хэргийн хэргийн 2-р хавтасны 4) дэх тал/-ээр явган хүний замын ажлын нийт хэмжээг 1848.9м.кв дүгнэсэн , дүгнэлтээ тайлбарлаж асуултад хариулсан байдал/ Шүүх хуралдааны тэмдэглэлийн................дахь тал/-д шүүх дүгнэлт өгөх боломжтой. 2022 оны 04 сарын 08-ны шүүх хуралд оролцсон гэрч Гэрэлмаа,Уртнасан/гэр бүл/ нар Т.*******гийн гүйцэтгэлд орохгүйгээр 300-350 м.кв явган хүний замын ажлыг хийж гүйцэтгэн ажлын хөлсийг "Тангад тэнгэр" ХХК-иас авсан гэж мэдүүлсэн нь 2020 оны 12 дугаар сарын 09-ний шүүх хуралдааны тэмдэглэлийн талд судалсан баримттай тохирч байна. Дээрх баримтуудаас дүгнэлт хийж үзэхэд: а. Шинжээч Т.Чинтуяагийн хэмжилтээр явган хүний замын ажлын хэмжээ 1848.9м.кв гэсэн нь хэрэгт авагдсан, эх сурвалж бүхий нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байгаа төдийгүй шинжээч нь шүүх хуралдаан дээр дүгнэлтийнхээ үндэслэлийг нотолж үндэслэл бүхий тайлбар хэлж чадахгүй, 2 удаа хэмжсэн гэх боловч тэмдэглэл, түүнийг батлах баримт, гэрч байхгүй байна. б. Албан ёсны батлагдсан төсөвт явган хүний замын ажлыг 2023.46м.кв гэж, д захиалагч гүйцэтгэгчийн хооронд тохирч баталсан явган хүний замын ажлын графикт 21 хэсгийн ажлын нийт дүн 2091.46м.кв гэж, Улсын байцаагчийн 14-07-030/101 тоот дүгнэлтэд Т.*******гийн гүйцэтгэсэн ажлын хэмжээг 1788.05м.кв гэж дүгнэсэн, Уртнасан, Гэрэлмаа нар 300-350 м.кв ажлыг гүйцэтгэж "Тангад тэнгэр" ХХК-иас ажлын хөлсөө авсан гэдэг нь эдгээр хүмүүс болон Т.*******, "Тангад тэнгэр" ХХК баталж байгаар тогтоогдож байна. в. Иймд нотлох баримтын хэмжээнд үнэлэх уг маргаанд хамааралтай, ач холбогдолтой баримтуудыг үнэлж хэмжээг эдгээрийн дунджаар тооцон явган хүний замын нийт ажлын хэмжээг /2023.43+2091.46+/1788.05 + 300/= 6202.94:3=2067.64м.кв гэж тооцох үндэслэлтэй байна. Шүүх энэхүү аргачлалаар ажлын хэмжээг тооцсон боловч Т.Чинтуяагийн үндэслэлгүй тоог авч, улсын байцаагчийн дүгнэлтээр Т.*******гийн гүйцэтгэсэн ажлыг тогтоосон хэмжээ, "Тангад тэнгэр" ХХК-ийн Гэрэлмаа, Уртнасан нараар гүйцэтгүүлсэн ажлын хэмжээг тооцоогүйгээс ажлын хэмжээг 1953.16 гэж үүнээс 1500м.кв хасаж 453.16м.кв ажлыг илүү гүйцэтгэсэн гэсэн нь алдаатай болсон байна. Ажлын бодитой хэмжээг 2067.64м.кв гэж үүнээс 1500м.кв-ыг хасаж илүү гүйцэтгэсэн ажлын хэмжээг 567.64м.кв гэж тооцон ******* ХХК-иас 5.676.400 төгрөг гаргуулан Тангад тэнгэр ХХК-д олгох үндэслэлтэй байна. г. Ажил гүйцэтгэсэн Т.*******гийн удаа дараа шүүх хурал дээр /2020.08.17, 2020.12.09, 2022.04.08/ "Талбайн хэмжээ 1500 кв.метрээс илт илүү болох нь тодорхой болсон тул *******т хэлэхэд, ажлаа дуусгаадах, тэгээд тооцоо хийе" гэж хэлсэн гэж баталж байх ба ******* ХХК нь "Тангад тэнгэр" ХХК-тай гэрээ хийх үедээ явган хүний замын ажлын хэмжээг буруу тооцож ташаарсан бол Иргэний хуулийн 220 дугаар зүйлд зааснаар гэрээг өөрчлөгдсөн нөхцөл нөхцөл байдалд зохицуулах арга хэмжээг тэргүүн ээлжинд авах үүрэгтэй байсан. Иймд анхан шатны шүүхийн 00521 дүгээр шийдвэрт илүү хийсэн ажлын хэмжээ 567.64м.кв бөгөөд талуудын хооронд гэрээгээр тохирсон нэг метр квадрат ажлын хөлс 10 000 төгрөгөөр тооцон ******* ХХК-иас 5.676.400 төгрөг гаргуулж Тангад тэнгэр ХХК-д олгохоор өөрчлөлт оруулна уу гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг давж заалдсан гомдлын хариу тайлбартаа:

...Тангад тэнгэр ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдоогүй бөгөөд уг хэргийг давж заалдах шатны журмаар өмнө хэлэлцэж, нотлох баримт бүрдүүлэх шаардлагатай талаар дүгнэж хийсний эцэст нэхэмжлэгчийн хүсэлтээр томилогдсон шинжээч инженер Т.Чинтуяагийн гаргасан шинжээчийн дүгнэлт, шүүх хуралдаанд оролцож гаргасан дүгнэлттэй холбоотой дэлгэрэнгүй тайлбар, мэдүүлэг зэргээс үгүйсгэгдсээр байхад анхан шатны шүүхээс уг шинжээчийг дүгнэлтийг баримтлахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж, нэхэмжлэгчийн хангах ёсгүй нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүхээс хэргийг бүхэлд нь хуульд зааснаар хянаж үзвэл, анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдоно. ******* ХХК-ийн Аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээний эрх, үүрэг, заалт нь нэхэмжлэгч Тангад тэнгэр ХХК-д хамааралгүй юм. Учир нь Тангад тэнгэр ХХК нь ******* ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан боловч уг ажлыг өөрөө гүйцэтгээгүй тухай нэхэмжлэгчийн төлөөлөгч болох тус компанийн захирал О.******* болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Мөнхбаатарын өмгөөлөгч аваагүй байхдаа шүүхэд болон хуралдаанд гаргасан тайлбараар нотлогддог. Нэгэнт ажлыг гүйцэтгээгүй атлаа илүү гүйцэтгэсэн ажлын хөлс гэж нэхэмжилж, улмаар нотлогдоогүй нэхэмжлэлийг анхан шатны шүүхээс хангаж шийдвэрлэж байгаа нь илт үндэслэлгүй, нотлох баримтанд тулгуурлаагүй шийдвэр гэж үзнэ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага нь хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд байхаас гадна хуульд нийцсэн байх, хуульд үндэслэсэн байх учиртай. Тодруулбал уг хэрэгт авагдсан хуульд заасны дагуу хариуцлага хүлээхийг урьдчилан сануулж дүгнэлт гаргуулсан, хэрэгт хувийн болон албаны сонирхолгүй шинжээчийн гаргасан дүгнэлтийг баримтлахгүйгээр нэхэмжлэгчийн гаргасан үндэслэлгүй нэхэмжлэлийн шаардлагыг хангаж байгааг давж заалдах шатны шүүхээс анхаарч үзнэ үү. Нөгөө талаас нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэрэгт авагдсан худал тайлбаруудын аль нь үнэн болох нь нотлогдохгүй байхад шүүхээс нэхэмжлэлийн нэмж хангах хууль зүйн үндэслэлгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2, 38 дугаар зүйлийн 38.1-т тус тус заасан үүргээ нэхэмжлэгч хэрэгжүүлээгүй байхад түүний гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас нотлогдоогүй хэсгийг шүүх хангах үндэслэлгүй юм. Иймээс хэргийг бүхэлд нь хянаж, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ :

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Мөнхбаатар, өмгөөлөгч Р.Нямцэрэн нарын 1 метр квадрат ажлын хөлс 10.000 төгрөгөөр тооцон ******* ХХК-иас 5.676.400 төгрөг гаргуулж Тангад тэнгэр ХХК-нд олгох өөрчлөлт оруулж өгнө үү гэх давж заалдах гомдолд хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Тангад тэнгэр ХХК нь ажлын гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөр 5.539.100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч ...үлдэгдэл төлбөрийг төлж дууссан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх тайлбар гаргаж, мэтгэлцсэн байна.

3. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343 дугаар зүйлийн 343.3-т заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-иас 4.531.600 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Тангад тэнгэр ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5.007.500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

4. Хариуцагч ******* ХХК нь 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Орхон аймгийн Засаг даргын тамгын газартай Хүрэн булаг баг Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захиргааны 2 дугаар байрны Гэрэлт гудамжны явган хүний замын засвар, шинэчлэлтийн ажлын гэрээ байгуулж улмаар ******* ХХК-ийг туслан гүйцэтгэгчээр сонгон авч Барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан байна.

5. Барилгын ажлын гэрээний 2.1-д ...1500 м2 талбай, 5.1.-д ажлын хөлс-15.000.000 төгрөг гэж харилцан тохиролцсон байна.

6. ******* ХХК нь Барилгын ажлыг хийж гүйцэтгэх гэрээ-нд заасан ажлыг хийж гүйцэтгэх явцад 1500 м2 талбайгаас илүү хэмжээний гэрэлт гудамжны явган хүний замын ажлыг гүйцэтгэсэн учир талбайн хэмжээ, төлбөрийн талаар талууд маргасан байна.

7. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.-т Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж зааснаар үнэлж чадаагүй байна.

8. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл: Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн № 142/ШЗ2021/01235 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Мөнхбаатар, өмгөөлөгч Р.Нямцэрэн нарын гаргасан ...нотлох баримтыг гаргуулах тухай хүсэлтийг хангаж, Орхон аймаг Хот байгуулалт, барилга захиалагчийн алба ОНӨҮГ-аас тус аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багт байрлах Эрдэнэт үйлдвэр ХХК-ний ерөнхий захиргааны 2 дугаар байрны гэрэлт гудамжны явган хүний замын засвар, шинэчлэлийн ажлын захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулсан БЗА108/19 тоот гэрээний 3.1-д заасан хавсралт болох Гэрээ байгуулах эрх олгох 2019.08.07-ны өдрийн 03/2089 тоот мэдэгдэл, гэрээний ерөнхий ба тусгай нөхцөл, техникийн тодорхойлолт, гэрээний үнийн санал, ажлын ХЗА-76/2018 тоот зураг, ХЗА-101/2018 дугаартай ажлын төсөв, гүйцэтгэгчээс ирүүлсэн үе шатны ажлын хуваарь, захиалагчийн санхүүжилтийн хуваарь, дээрх төсөлт ажлыг ашиглалтад хүлээн авсан улсын комиссын 2019 оны 12 дугаар сарын 05-ны 19/02/185 тоот акт зэрэг баримтыг нотлох баримтуудыг шаардлага ханган гаргуулахаар даалгаж шийдвэрлэсэн байна.

8.1. Шүүгчийн захирамжинд зааснаар тус аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багт байрлах Эрдэнэт үйлдвэр ХХК-ний ерөнхий захиргааны 2 дугаар байрны гэрэлт гудамжны явган хүний замын засвар, шинэчлэлийн ажлын захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулсан БЗА108/19 тоот гэрээний 3.1-д заасан хавсралт болох Гэрээ байгуулах эрх олгох 2019.08.07-ны өдрийн 03/2089 тоот мэдэгдэл, гэрээний ерөнхий ба тусгай нөхцөл, техникийн тодорхойлолт, гэрээний үнийн санал, ажлын ХЗА-76/2018 тоот зураг, ХЗА-101/2018 дугаартай ажлын төсөв, гүйцэтгэгчээс ирүүлсэн үе шатны ажлын хуваарь, захиалагчийн санхүүжилтийн хуваарь, дээрх төсөлт ажлыг ашиглалтад хүлээн авсан улсын комиссын 2019 оны 12 дугаар сарын 05-ны 19/02/185 тоот актыг зэрэг баримтуудыг шүүхэд ирүүлсэн ба Орхон аймгийн Засаг дарга, ******* ХХК-ийн хооронд байгуулсан гэрээнд талбайн хэмжээ бичигдээгүй, Хүрэнбулаг баг Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захиргааны 2 дугаар байрны Гэрэлт гудамжны явган хүний замын засвар, шинэчлэлт ажил график гэх баримтанд ...21 хэсгийн талбайн хэмжээ 2091.36 гэж, төсөвчин Д.Нарантуяагийн гаргасан Төсвийн товч тайлбар гэх баримтанд төсөвт өртгийн дүн 101.053.560 төгрөг, ашигтай талбай 2023.46 м2 гэж. /1 дэх хх-ийн 207-215, 228/ гэж тус тус тодорхойлсон байна.

8.2. Мөн 2021 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 142/ШЗ2021/01924 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Мөнхбаатар, түүний өмгөөлөгч Р.Нямцэрэн нарын шинжээч томилуулах тухай хүсэлтийг хангаж, улмаар шинжээч Т.Чинтуяа 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Шинжээчийн дүгнэлт гаргаж ирүүлсэн, шүүх хуралдаанд шинжээчээр оролцсон байна.

9. Шинжээч Т.Чинтуяагийн гаргасан Шинжээчийн дүгнэлт нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 6.1.5.-д шинжээчийн дүгнэлт" гэж шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд хийсэн шинжилгээний явц, үр дүнг тусгасан нотлох баримтын эх сурвалж болох баримт бичгийг, 17.1.-д Шинжээч шинжилгээний явц, үр дүнг үндэслэн дүгнэлтээ бичгээр гаргаж, гарын үсэг зурна, 17.2.-т Шинжээчийн дүгнэлт нь шинжилгээний бодит үр дүнг тусгасан, шинжлэх ухааны тодорхой арга зүйд тулгуурласан, шинжээчийн эзэмшсэн тусгай мэдлэгийн хүрээнд хийгдсэн байна, 17.3.-т .Шинжээчийн дүгнэлтийг шинжээчийн хувийн болон байгууллагын тэмдгээр баталгаажуулснаар хүчинтэйд тооцно гэж заасан хуулийн шаардлагад нийцээгүйгээс гадна тэрээр шүүх хуралдаанд ...тэмдэглэл болгосон зүйл байхгүй, гэх мэдүүлэг өгсөн нь шүүх хуралдааны тэмдэглэлээр батлагдаж байх тул Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2.-т заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үзэхээр байна.

10. Гэтэл анхан шатны шүүх гэрээгээр гүйцэтгэх ажлын төсөв, шинжээчийн дүгнэлт болон Хүрэнбулаг баг Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захиргааны 2 дугаар байрны Гэрэлт гудамжны явган хүний замын засвар, шинэчлэлт ажил график зэрэг баримтуудыг харьцуулан үзэж нэхэмжлэгч Тангад тэнгэр ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажлын талбайн хэмжээг 1953.16 м2 тооцсон нь буруу байна.

10.1 Учир нь хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудад талбайн хэмжээг өөр өөр хэмжээгээр тогтоосон байхад Барилгын ажил гүйцэтгэх гэрээгээр гүйцэтгэсэн ажлын талбайн хэмжээг шүүх өөрийн санаачилгаар тооцож гаргах үндэслэл байхгүй.

11. Шинжээч Т.Чинтуяагийн гаргасан Шинжээчийн дүгнэлт, төсөвчин Д.Нарантуяагийн гаргасан Төсвийн товч тайлбар зэрэг нотлох баримтуудыг үнэлж хэргийг шийдвэрлэхэд эргэлзээтэй байгааг шүүх анхаарч үзээгүй байна.

12. Хэрэгт авагдсан нэхэмжлэгч Тангад тэнгэр ХХК нь Барилгын ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын талбайн хэмжээг Хүрэнбулаг баг Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захиргааны 2 дугаар байрны Гэрэлт гудамжны явган хүний замын засвар, шинэчлэлт ажил график гэх баримтанд ...нийт 21 хэсгийн талбайн хэмжээ 2091.36 гэх талбайн хэмжээгээр тооцож, хариуцагч ******* ХХК-аас ажлын төлбөр 5.913.600 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 3.625.500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 142/ШШ2022/00521 дугаар шийдвэрийн 1 дэх заалтанд ...4.531.600 төгрөг..., гэснийг ...5.913.600 төгрөг..., ...5.007.500 төгрөг... гэснийг ... 3.625.500... гэж,

Шийдвэрийн 2 дахь заалтанд ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1., 56 дугаар зүйлийн 56.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 167.576 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-иас 109.568 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Тангад тэнгэр ХХК-д олгосугай... гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгч Я.Мөнхбаатар, өмгөөлөгч Р.Нямцэрэн нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 32.026 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.УРАНЧИМЭГ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР

ШҮҮГЧ Б.ОЮУНЦЭЦ