Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 207/МА2022/00067

 

 

 

 

 

2022 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 207/МА2022/00067

 

 

Г.*******ын нэхэмжлэлтэй,

хариуцагч ******* ХХК-нд холбогдох

иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 142/ШШ2022/00607 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Г.*******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* ХХК-нд холбогдох,

Даатгалын нөхөн төлбөр 4.715.450 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баасанжавын гаргасан давж заалдсан гомдлын үндэслэн 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баасанжав, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цэнгэлмаа, нарийн бичгийн дарга Ө.Есүхэй нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Нэхэмжлэгч Г.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баасанжав шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Г.******* би 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Баян-Өлгий аймгаас Орхон аймгийн чиглэлд 9015 ОРХ улсын дугаартай Тоёота приус 30 загварын тээврийн хэрэгсэлтэйгээ явж байгаад Архангай аймгийн Өндөр улаан сумын Хануй багийн нутаг Бор бургасны голын гармаар гарах үед гол үерлэж, урсгал ширүүн байсан тул машинтайгаа урссан юм. Би тухайн үед самбаачлан байж машинаас гараад шонгийн модноос машинаа дээсээр татаж уяж тогтоосон. Би тухайн үедээ аймгийн Онцгой байдлын газар, Цагдаа, ******* ХХК зэрэг газруудад хандаж тусламж хүссэн ба сумын хэсгийн төлөөлөгч ирж үзээд тодорхойлолт бичиж өгсөн. Орхон аймгаас крантай машин дуудаж ирүүлэн үнэ хөлсийг нь төлж Орхон аймагт машинаа ачиж ирсэн. ******* ХХК-тай 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 0014769 дугаартай Авто тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ баталгаа-г байгуулж, 9015 ОРХ улсын дугаартай Тоёото приус 30 загварын тээврийн хэрэгслээ 10.000.000 төгрөгөөр үнэлж, багц 1 үйлчилгээг сонгож 100.000 төгрөгийг даатгалын хураамжинд төлсөн. *******ын багц 1 үйлчилгээ нь даатгалын тохиолдол үүссэн үед даатгуулагчийн хариуцах хэсэг нь 20 хувь байдаг ба *******аас 80 хувийг нь төлж барагдуулахаар гэрээг байгуулсан. Тус гэрээний хамгаалах эрсдэлүүд дотор газар хөдлөлт, аянга, мөндөр, үер хуй салхи хүчтэй шороон шуурганы шууд нөлөөгөөр даатгалын зүйлд хохирол учрахыг байгалийн эрсдэл гэж үзнэ гэж заасан. Тус гэрээний тусгай нөхцөлийн 1.1-т хохирлын хэмжээг тогтооход даатгалын хохирол үнэлэх эрх бүхий тусгай зөвшөөрөлтэй байгууллагын гаргасан хохирлын үнэлгээг үндэслэнэ гэж заасан тул би Ашид билгүүн ХХК-иар 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан-г 426.000 төгрөгөөр гаргуулсан. Тус үнэлгээгээр миний машинд 8.619.000 төгрөгийн эвдрэл үүссэн болохыг тогтоосон ба ******* ХХК-ний Орхон аймгийн салбарын ажилтанд холбогдох бүхий л баримтыг хүргүүлсэн. ******* ХХК-аас надад даатгалын төлбөрт 80 хувь буюу 6.895.200 төгрөгийг төлөх ёстой боловч 2.179.750 төгрөгийг 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр шилжүүлсэн дахиж даатгалын нөхөн төлбөрт мөнгө өгөөгүй. Иргэний хуулийн 439 дугаар зүйлийн 439.4-т зааснаар даатгалын тохиолдол бий болж, даатгагчийн төлбөл зохих нөхөн төлбөрийн хэмжээг тогтоосны дараа даатгагч үүргээ биелүүлэх үүрэгтэй гэж заасан тул миний хувьд ******* ХХК-иас үлдэгдэл нөхөн төлбөрийг шаардах эрхтэй. ******* ХХК-аас даатгалын тохиолдлын нөхөн төлбөрийн үлдэгдэл болох 4.715.450 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч Иргэний хуулийн 438 дугаар зүйлийн 438.5-д зааснаар автомашин худалдан авсан 13.000.000 төгрөгийн үнээс тооцвол 3.122.659 төгрөг болох бөгөөд үнэлгээний төлбөр 426.000 төгрөгийг нэмж нийт 3.548.659 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа бууруулж байна гэв.

Хариуцагч ******* ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гэрэлтсувд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэн Г.*******ын 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр тус шүүхэд гаргасан даатгалын нөхөн төлбөрийн үлдэгдэл 4.715.450 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг мөн оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч танилцаад энэхүү хариу тайлбарыг гаргаж байна. Тус компанийн зүгээс Г.*******ын гаргаж буй даатгалын нөхөн төлбөрийн үлдэгдэл 4.715.450 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Даатгуулагч Г.******* нь 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдөр №88Р2114769 тоот Авто тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ-г тус компанитай 1 жилийн хугацаатай байгуулсан. Уг гэрээнд даатгуулагч нь өөрийн эзэмшлийн 9015 ОРХ улсын дугаартай автомашинаа 10.000.000 төгрөгөөр үнэлэн даатгалд хамруулсан. Даатгуулагч нь даатгалтай тээврийн хэрэгслийг жолоодон 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Архангай аймгийн Өндөр-Улаан сумын нутаг Бор бургастайн голыг гармаар гатлах үедээ усанд урсаж даатгалын тохиолдол гаргасан байдаг. Ослын улмаас даатгуулагчийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг даатгалын хохирол үнэлэх эрх бүхий байгууллага болох Ашид Билгүүн ХХК-иас 8.619.000 төгрөгөөр, тус автомашины зах зээлийн үнэлгээг 16.000.000 төгрөгөөр тус тус тогтоосон. Монгол улсын Иргэний хуулийн 438 дугаар зүйлийн 438.5-д Гэрээнд заасан даатгалын үнэлгээний хэмжээ эд хөрөнгийн өртгөөс бага байвал даатгалын тохиолдол бий болоход даатгагч даатгуулагчид учирсан хохирлыг даатгуулсан эд хөрөнгийн өртөгт даатгалын үнэлгээний хэмжээг хувь тэнцүүлэн бодож нөхөн төлбөр олгоно гэж заасны дагуу даатгалын зүйлийн үнэлгээг зах зээлийн үнэлгээнд хувь тэнцүүлж дараах аргачлалаар хохирлын хэмжээг 62.5 хувиар буюу 5.386.875 төгрөгөөр тогтоосон. Үүнд: Зах зээлийн үнэлгээ: 16.000.000 төгрөг хувь: 100% Х=10 сая /ДҮ*100% =62.5%, Даатгалын үнэлгээ: 10.000.000 төгрөг хувь Х% 16 сая /ЗЗҮ/ Мөн бидний хооронд байгуулагдсан №88Р2114769 тоот Авто тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ-ний 1.13.5.1-д Монгол улсын үндэсний авто замын сүлжээнд хамрагдсан усан гармаар гарснаас үүдсэн хохирол-ыг 50 хувиар тооцож нөхөн төлбөр олгоно гэж заасны дагуу 5.386.875 төгрөгөөс олгогдох нөхөн төлбөрийг 50 хувиар буюу 2.693.437 төгрөгөөр тооцож үүнээс мөн гэрээний 1.12-т Даатгагч нөхөн төлбөрийг олгохдоо олгохоор тооцсон нөхөн төлбөрийн дүнгээс даатгуулагчийн хариуцлагын хэсгийг хасч олгоно гэж заасны дагуу гэрээний даатгалын багц хүснэгтийн Багц 1-д харьяалах даатгуулагчийн хариуцах хэсэг 20 хувийг хасч үүн дээр хохирол үнэлгээний зардалд 25 000 төгрөг нэмж тооцон даатгуулагчид нийт 2.179.750 төгрөгийн нөхөн төлбөрийг олгосон. Бидний зүгээс даатгуулагч Г.*******од даатгалын нөхөн төлбөрийг Монгол улсын Иргэний хууль, талуудын хооронд сайн дурын үндсэн дээр байгуулагдсан хүчин төгөлдөр гэрээнд тус тус заасан нөхцөлийн дагуу тооцон олгосон бөгөөд хууль болон гэрээнд заасан үүргээ зөрчсөн, үндэслэлгүйгээр нөхөн төлбөрийг багасгаж олгосон үйлдэл гаргаагүй болохоо хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Иймд, тус компанийн зүгээс Иргэний хуулийн 438 дугаар зүйлийн 438.5, №88Р2114769 тоот Авто тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ-ний 1.12, 1.13.5, 1.13.5.1-д тус тус заасны дагуу Г.*******ын нэхэмжилж буй 4.715.450 төгрөг буюу бууруулсан шаардлага болох 3.548.659 төгрөгийн нөхөн төлбөрийг олгох үндэслэлгүй тул нэхэмжлэгчийн гаргаж буй нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 142/ШШ2022/00607 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 438 дугаар зүйлийн 438.5д заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-д даатгалын нөхөн төлбөр 4 715 450 /дөрвөн сая долоон зуун арван таван мянга дөрвөн зуун тавь/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Г.*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 90 397 /ерөн мянга гурван зуун ерэн долоон/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баасанжав шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэж байгаа тул тус хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д энэ хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзвэл шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах гэж заасны дагуу дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлийн талаар:1.Нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нотлох, батлах зорилгоор анхан шатны шүүхэд 2022 оны 04 сарын 06-ны өдөр гэрчийг оролцуулах, шинжээч томилуулах хүсэлтийг гаргасан. Уг хүсэлтийг анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн 2192 дугаартай захирамжаар шийдвэрлэхдээ нэхэмжлэгч Г.*******ыг тухайн тээврийн хэрэгслийг 13 000 000 төгрөгөөр худалдаж авсан эсэхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тайлбар ирүүлээгүй тул энэ талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч маргаагүй гэж үзнэ. Иймд гэрч Д.Амаржаргалыг шүүх хуралд оролцуулах шаардлагагүй гэж дүгнэв гэсэн. Нэхэмжлэгчээс Ашид билгүүн ХХК-ний 2021 оны 09 дүгээр сарын 14-ны өдрийн 952 дугаартай хохирлын үнэлгээний тайланд тусгасан приус 30 загварын тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээг 16 000 000 төгрөгөөр үнэлсэнг хүлээн зөвшөөрөхгүй байдлаар мэтгэлцсэн. Хохирлын тооцооны хувьд маргаагүй харин даатгалын компани хуульд заасан харьцуулалтыг ашиглах гэсэн тул даатгуулагчийн тээврийн хэрэгслийг өндрөөр үнэлсэн үнэлгээг бууруулахын тулд нэхэмжлэгчээс гэрчийг оролцуулж тээврийн хэрэгслийн бодит үнэлгээг гаргаж ирэх, тогтоох зорилгоор хүсэлт гаргасан боловч хангахгүй орхисон. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төр, байгууллага хувь хүний нууцтай холбоотой.... гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ гэж заасныг зөрчсөн гэж үзэж байна. Гэрчээр Д.Амаржаргалыг оролцуулж тээврийн хэрэгслийн бодит үнэлгээг тогтоосноор даатгагч компанийн тооцоолол өөрчлөгдөх бүрэн боломжтой, нэхэмжлэлийн шаардлага хангагдах, өөрөөр хэлбэл 16.000.000 төгрөгөөс биш 13.000.000 төгрөгөөс тооцоолол хийгдэх байсан. Мөн нэхэмжлэгчийн 2 дахь хүсэлт буюу шинжээч томилуулах хүсэлт нь тухайн даатгалын тохиолдолд гэрээнд заасан нөхцөлийн аль аль хэсгийг хэрхэн баримталж тооцооллыг хэрхэн бодох талаар Санхүүгийн зохицуулах хороог шинжээчээр томилуулж дүгнэлт гаргуулах хүсэлт байсан боловч анхан шатны шүүх захирамждаа ....өөрөөр хэлбэл тооцоолол нь энгийн, эрх зүйн чадамжтай хэн ч бодох боломжтой тооцоолол юм гэж үндэслэлгүй дүгнээд хүсэлтийг хангахгүй орхисон. Шинжээч томилуулах хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж уг захирамжид гомдол гаргах эрхгүй гэж дурдсан тул гомдол гаргаж чадаагүй. Зүй нь бол шинжээч томилуулах тухай хүсэлтийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д зааснаар гомдол гаргах эрхтэй захирамж гаргах ёстой. Тус хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.8-д энэ хуулийн 39, 41, 47 дугаар зүйлд заасан ажиллагаа явуулж байгаа бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх ёстой, анхан шатны шүүх ИХШХШТ хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан захирамжаа гаргасан мөртлөө уг захирамжид гомдол гаргах эрхгүй гэж дурдсанаар хэргийн оролцогчдын гомдол гаргах эрхийг хязгаарлаж, ИХШХШТ хууль зөрчсөн үйлдэл болсон. Санхүүгийн зохицуулах хороо нь даатгалын үйл ажиллагаанд хяналт тавих эрх бүхий байгууллага бөгөөд даатгалын гэрээ, тохиолдлын улмаас даатгагч, даатгуулагчийн хооронд маргаан үүссэн тохиолдолд дүгнэлт өгч шийдвэрлэдэг эрх бүхий ганцхан байгууллага юм. хэрэв хүсэлтийг хүлээн авч шинжээч томилон дүгнэлт гаргуулсан бол нэхэмжлэлийн шаардлага хангагдах, эсэх нь шууд тодорхойлогдох боломжтой эрх зүйн акт бий болж уг актад үндэслэн хэргийг шийдвэрлэх нь зүйд нийцэх байсан. Хариуцагчаас шүүх хуралдааны мэтгэлцээний үед нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ даатгалын гэрээний хамгаалах эрсдэлийн 3 дахь хэсэг буюу хөдөлгөөний үеийн осол гэж тайлбарлан тээврийн хэрэгслийн хөдөлгүүр ажиллан шилжилт хөдөлгөөн хийж байх үед даатгалын тохиолдол болох болзол бүрдэн хохирол учирсан гэж үзэж байгаагаа тайлбарласан. Хөдөлгөөний үеийн осол нь мөн л 100% даатгалд хамрагдах нөхцөл байсан ба анхан шатны шүүх хариуцагчийн тайлбарлаж байгаа үндэслэлийг шийдвэртээ огт тусгагдаагүй орхигдуулсан. Авто тээврийн хэрэгслийн даатгалын гэрээнд байгалийн хамгаалах эрсдэлд үер-ийн шууд нөлөөгөөр даатгалын зүйлд хохирол учрахыг хамааруулсан бөгөөд уг тохиолдолд сонгосон багц 1 даатгал нь 100% даатгалыг даатгуулагчид төлөх ёстой. Г.*******ын хувьд байгалийн давагдашгүй хүчин зүйл буюу үерийн ширүүн урсгалд орж урсан амь насаа ч алдах эрсдэл бүхий нөхцөл байдлаас өөрийн самбаачлагаар машинаас гарч улмаар үүсэж болзошгүй хохирлыг багасгахын тулд тээврийн хэрэгслийг уяагаар татан зогсоож гэрээнд заасан эрсдэлээс хамгаалах хор уршгийг багасгах боломжит бүхий л үйлдлийг хийсэн. Усан гармаар гарах үед даатгалын тохиолдол үүсэх гэдэг нь гол үерлээгүй, хэвийн голдирлоор урсаж байх үед усан гармаар гарч байхдаа даатгалын тохиолдол үүссэн байхыг ойлгоно. Гэтэл анхан шатны шүүх усан гармаар гарах, байгалийн давагдашгүй хүчин зүйл буюу үерийн ширүүн урсгалд урссан 2 өөр агуулга бүхий тохиолдлыг ялган салгахгүйгээр хариуцагчийн гаргасан тайлбарт хөтлөгдөн үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна. Даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д "даатгалын үйл ажиллагаа" гэж даатгалын гэрээний дагуу даатгагч нь даатгалын тохиолдол үүсэхэд учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх үүргийг тодорхой этгээдийн өмнө хүлээж буй үйл ажиллагааг; тус зүйлийн 4.1.4.Т "даатгалын тохиолдол" гэж даатгуулсан зүйлд учирсан хохирол, тохиролцсон болзол бүрдэхийг; мөн зүйлийн 4.1,6-д "даатгалын нөхөн төлбөр" гэж гэрээний дагуу даатгалын тохиолдол үүссэн нөхцөлд даатгагчаас даатгуулагчид олгох мөнгөн хөрөнгийг ойлгоно гэж заасан. хуулийн агуулгаас харахад даатгуулагчид даатгалын тохиолдол үүсэж тээврийн хэрэгсэлд хохирол учирч, үерийн усанд урссан болзол бүрдсэн, үнэлгээний компани 8.619.000 төгрөгийн хохирол учирсан гэж гаргасан, нэгэнт эд хөрөнгөө даатгуулсан хүн гэрээнд заасан нөхцөлийн дагуу нөхөн төлбөр авах эрх үүсээд байхад анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй. Иймд Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 607 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гэрэлтсувд давж заалдсан гомдлын хариу тайлбартаа:

...Нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу түүнд автомашин худалдсан гэх Д.Амаржаргалыг гэрчээр оролцуулах нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдолгүй байсан. Учир нь автомашин, түүнд учирсан хохирлын үнэлгээг Д.Амаржаргал тогтоох эрх бүхий этгээд биш бөгөөд тусгай зөвшөөрөл бүхий Ашид Билгүүн ХХК-иас 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр №952 тоот үнэлгээний тайлан гаргасан байдаг. Уг тайланг нэхэмжлэгч өөрөө Ашид Билгүүн" ХХК-д хандаж гаргуулсан ба тайлантай танилцаж хүлээн зөвшөөрөн гарын үсгээ зурсан байдаг.Санхүүгийн зохицуулах хороо /цаашид СЗХ гэх/-г тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулах нь мөн л ач холбогдолгүй байсан. Учир нь: нэгдүгээрт, СЗХ нь шинжилгээ хийж дүгнэлт гаргах эрх бүхий этгээд биш, хоёрдугаарт, даатгалын эрх зүйн харилцаа нь даатгагч болон даатгуулагч нарын хооронд сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцож байгуулсан даатгалын гэрээнд үндэслэн явагддаг. Тус компанийн зүгээс даатгуулагч Г.*******той байгуулсан гэрээний нөхцөлийнхөө дагуу нөхөн төлбөр олгосон бөгөөд бидний зүгээс гэрээгээр тохиролцоогүй, эсхүл тусгай мэдлэг, ур чадвар шаардсан нарийн төвөгтэй тооцоолол ашиглаж нөхөн төлбөр олгосон зүйл огт байхгүй. Хуульд заасан, гэрээгээр тохиролцсон нөхцөлийнхөө дагуу нөхөн төлбөр олгосон. Ийм учраас тус асуудалд шинжээч томилон дүгнэлт гаргуулах нь ямар ч ач холбогдолгүй болно.Даатгуулагч Г.*******той байгуулсан №88Р2114769 тоот даатгалын гэрээнд ямар ямар эрсдэлээс даатгасан, гэрээнд заасан даатгалын тохиолдол бий болоход нөхөн төлбөрийг хэрхэн тооцон олгох талаар тодорхой зааж тусгасан байгаа. -Тус компанийн зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээсээ үндэслэлгүйгээр татгалзсан зүйл огт байхгүй бөгөөд даатгуулагчид 2,179,750.00 /хоёр сая нэг зуун далан өсөн мянга долоон зуун тавь/ төгрөгийн нөхөн төлбөрийг гэрээнд заасан нөхцөлийнхөө дагуу тооцон олгосон. Тээврийн хэрэгслээр аливаа гол, усыг гатлах нь өөрөө даатгалын тохиолдол бий болох буюу осол, аваар гарах эрсдэлийг нэмэгдүүлдэг. Талуудын хооронд байгуулагдсан даатгалын гэрээний 1.13.5,1-д Монгол улсын үндэсний автозамын сүлжээнд хамрагдсан усан гармаар үүдсэн 50%-иар тооцож нөхөн төлбөр олгоно гэж тодорхой тусгасан. Г.*******ын зүгээс тус нөхцөлийг хүлээн зөвшөөрч гэрээ байгуулсан байдаг. Хавтаст хэрэгт авагдсан даатгуулагч Г.*******ын тус компанид гаргасан 2 ч удаагийн өргөдөл болон Архангай аймгийн Өндөр-Улаан сумын хэсгийн төлөөлөгч Цагдаагийн дэслэгч М.Мягмарцэндийн тодорхойлолт, ослын үед авсан гэрэл зураг зэрэгт Г.******* нь Бор бургастайн голыг гармаар гатлах явцдаа машинаа урсгасан болох нь тодорхой тусгагдсан. Ийм учраас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баасанжав тус осол нь байгалийн давагдашгүй хүчин зүйл буюу үерийн улмаас учирсан гэж тайлбарлаж байгаа нь огт үндэслэлгүй юм. Харин автомашин зориулалтын зогсоол талбайд зогсож байхад нь эсхүл хатуу болон шороон хучилттай автозамаар зорчиж байх үед нь үерийн ус урсаж автомашиныг урсган хохирол учруулсан бол энэ нь байгалийн хүчин зүйлийн нөлөөгөөр үүсэх эрсдэлд тооцогдох юм. Иймд. нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баасанжавын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн №607 тоот шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ :

Анхан шатны шүүх хэргийн оролцогчдын гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор нь харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх тухай хуулийн шаардлагыг бүрэн хэрэгжүүлээгүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангаагүй тул шийдвэрт өөрчлөлт оруулав.

Давж заалдах шатны шүүх хэргийг давж заалдсан гомдолд хязгаарлалгүй бүхэлд нь хянав.

Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч ******* ХХК-нд холбогдуулан даатгалын нөхөн төлбөр 4.715.450 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч ******* ХХК нь нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй маргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 3.548.659 төгрөг гаргуулахаар шаардсан байна.

Нэхэмжлэгч Г.******* нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ******* ХХК-тай 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан авто тээврийн хэрэгслийн даатгалын гэрээнд үндэслэн тодорхойлжээ.

Хариуцагч ******* ХХК нь нэхэмжлэгч Г.*******той 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдөр №0014769 тоот Авто тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ-г 1 жилийн хугацаатай байгуулж, даатгуулагч өөрийн эзэмшлийн 9015 ОРХ улсын дугаартай машиныг 10 сая төгрөгөөр үнэлж даатгалд хамруулсан. Даатгуулагч тухайн даатгалтай тээврийн хэрэгслийг жолоодон 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Архангай аймгийн Өндөр улаан сумын нутаг Бор бургастайн голын гармаар гатлах үедээ урсаж, даатгалын тохиолдол үүссэн ба ослын улмаас даатгуулагчийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг үнэлгээний Ашид билгүүн ХХК-иас 8.619.000 төгрөг, автомашины үнэлгээг 16 сая төгрөгөөр тогтоосон.

Даатгалын гэрээний 1.13.5.1.-д Монгол улсын үндэсний авто замын сүлжээнд хамрагдсан усан гармаар гарснаас үүдсэн хохирлыг 50 хувиар буюу 2.693.437 төгрөгөөр тооцон даатгуулагчийн хариуцлагын хэсгийг хасч олгоно гэж заасны дагуу даатгалын багц 1.-д харьяалах даатгуулагчийн хариуцах хэсэг 20 хувийг хасч үүн дээр хохирол үнэлгээний зардалд 25.000 төгрөг олгож нийт 2.179.750 төгрөгийн нөхөн төлбөр олгосон гэсэн тайлбар гарган нэхэмжлэлийн зарим хэсгийг зөвшөөрч мэтгэлцсэн байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэлэхэд нэхэмжлэгч Г.******* ******* ХХК-ийн хооронд даатгалын гэрээний харилцаа үүссэн, 1 жилийн хугацаатай даатгалын гэрээ байгуулагдсан, 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Г.*******ын тээврийн хэрэгсэл нь Архангай аймгийн Өндөр улаан сумын нутаг Бор бургастай гэх голоор гарахдаа үерт урсан машинд эвдрэл гэмтэл үүсч даатгалын тохиолдол бий болсон. ******* ХХК нь даатгалын нөхөн төлбөрт 2.179.750 төгрөг олгосон, Ашид билгүүн ХХК-иар машин болон машинд учирсан хохирлын үнэлгээг тогтоолгосон зэрэг үйл баримт тогтоогдсон байна.

Шүүх Иргэний хуулийн 438 дугаар зүйлийн 438.5.-д зааснаар даатгалын үнэлгээний хэмжээг хувь тэнцүүлэн бодож олгосон нь үндэслэлтэй, даатгалын гэрээнд зааснаар 50 хувиар тооцож, даатгуулагчийн хариуцах 20 хувийг хасч, үнэлгээний зардалд 25.000 төгрөг нийт 2.179.750 төгрөгийн нөхөн төлбөр олгосон гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу, Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1., 439 дүгээр зүйлийн 439.4.-т нийцээгүй байна.

Хариуцагч тал гэрээний 1.13.5.-д заасан тохиолдолд хохирлыг 50 хувиар олгохоор заасан тул 1.13.5.1.-д Монгол улсын авто замын сүлжээнд хамрагдсан усан гармаар гарснаас үүдсэн хохирол гэж үзэн хохирлыг 50 хувиар олгоно гэсэн тайлбар гаргаж байгаа нь үндэслэлгүй. Даатгалын энэ тохиолдолд нь гэрээний 1.13.5.1.-д заасан тохиолдолд хамаарахгүй юм.

Авто тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний даатгалын багц хамгаалах эрсдэлүүд гэсэн хэсгийн байгалийн эрсдэл гэдэгт газар хөдлөлт, аянга, мөндөр, үер, хуй салхи, хүчтэй шороон шуурганы шууд нөлөөг даатгалын зүйлд хохирол учрахыг заажээ.

Нэхэмжлэгч Г.******* нь Архангай аймгийн Өндөр улаан сумын Бор бургастайн голоор гарахдаа үерт цохиулан машин нь урсаж даатгалтай машинд гэмтэл учирч даатгалын тохиолдол бий болсон байна.

Даатгалын гэрээний хамгаалах эрсдэлүүд хэсэгт байгалийн хүчин зүйл нөлөөлбөл багц 1-ээр 100 хувь даатгалд хамрагдахаар заасан байх тул байгалийн давагдашгүй хүчин зүйлийн нөлөөллөөс шалтгаалан даатгалын тохиолдол бий болсон гэж үзэн хариуцагч ******* ХХК-иас нэхэмжлэгчийн шаардсан хэмжээгээр нэхэмжлэлийг хангаж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 142/ШШ2022/00607 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг ...Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 438 дугаар зүйлийн 438.5.-д заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-д даатгалын нөхөн төлбөр 4.715.450 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Г.*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай... гэснийг ...Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1., 439 дугаар зүйлийн 439.4.-д заасныг баримтлан ******* ХХК-иас 4.715.450 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г.*******од олгосугай... гэж өөрчилж,

Шийдвэрийн 2 дахь заалтыг ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 90.397 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй... гэснийг ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 90.397 төгрөгийг хариуцагч ******* ХХК-иас гаргуулж, нэхэмжлэгч Г.*******од олгосугай... гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баасанжавын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 71.728 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР

ШҮҮГЧИД Б.ОЮУНЦЭЦЭГ

С.УРАНЧИМЭГ