Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Очирбатын Номуулин |
Хэргийн индекс | 128/2018/0261/З |
Дугаар | 221/МА2018/0511 |
Огноо | 2018-09-19 |
Маргааны төрөл | Татвар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 09 сарын 19 өдөр
Дугаар 221/МА2018/0511
“М Б Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Лхагвасүрэн даргалж, шүүгч Ц.Сайхантуяа, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Отгондэлгэр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О, В.О, хариуцагч Ө.З, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Т, Д.А нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2018/0477 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлоор, “М Б Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч С.Г, Ө.З нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулин илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2018/0477 дугаар шийдвэрээр: Гаалийн тариф, гаалийн албан татварын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3, 10.3.1, Гаалийн тухай хуулийн 2931 дугаар зүйлийн 2931.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “М Б Г” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг ханган төлбөр тогтоосон актын төлбөрийн хэмжээг багасгаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож, Гаалийн улсын байцаагчийн 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 17/42 дугаар актаар “М Б Г” ХХК-д ногдуулсан нөхөн төлбөрийн хэмжээг багасган, 51,616,024 төгрөгийн татвар, торгуулийг нөхөн төлүүлж, мөн өдрийн 44/17 дугаар актын I) 10,652,448,256 төгрөгийн зөрчилд ногдуулсан 2,146,468,323.58 төгрөгийн нөхөн татвар, торгуулийг хүчингүй болгож, II) 16,206,583,149.69 төгрөгийн зөрчилд ногдуулсан 3,265,626,504.66 төгрөгийн нөхөн татвар, торгуулийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2 дахь хэсэгт заасныг ноцтой зөрчиж, хавтаст хэрэг авагдсан нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой талаас нь тал бүрээс нь харьцуулан үзэж үнэлээгүй орхигдуулсан гэж үзэх үндэслэлтэй байна. Учир нь “М Б Г” ХХК-ийн зүгээс 2014 оны 09 дүгээр сард “Ж ц” ХХК-тай байгуулсан цементийн клинкер худалдан авах гэрээгээр нийт 200.000 тонн цементийн клинкер худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээний нийт төлбөрийн 67 хувь болох 23.137.779.080 төгрөгийг 2015 онд 3 удаагийн шилжүүлгээр урьдчилан төлсөн. Гэвч 2015 оны 04 дүгээр сараас 08 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл 45 удаагийн гаалийн мэдүүлгээр нийт 200.000 тонноос ердөө 83.978 тонн цементийн клинкерийг гэрээний үнэ болох 225 юаниар татан авалт хийгдсэн бөгөөд гэрээний үнээр татан авалт хийгдсэн 83.978 тонн нь нийт 5 тэрбум 948 сая төгрөгийн 83.978 тонн цементийн клинкерийг тээврийн зардал шингэсэн үнээр 6.931.192.930 төгрөгөөр гаальд мэдүүлсэн. Гэрээгээр тохиролцсон 200.000 тонн клинкерийн татан авалт бүрэн хийгдээгүй буюу үлдэгдэл 115.000 тонн клинкерийн татан авалт хийгдсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байгаагийн дээр гагцхүү санхүүгийн тайланд өглөг авлагаар тусгаагүй гэх хариуцагчийн учир дутагдалтай тайлбарт үндэслэн дүгнэлтээ хийсэн нь буруу байна. Цементийн клинкер худалдан авах гэрээ нь гаалийн шалгалтын хамрагдах хугацаанд хийгдсэн бөгөөд бүрдүүлэлтийн дараах шалгалтын үеэр гэрээг цуцлаж татан авалт хийгдээгүйг тайлбарлан холбогдох гэрээ, бусад баримт материал болон тэдгээрийн дагуу хийгдсэн барааны татан авалтын гаалийн мэдүүлгүүдийг байцаагчид шалгуулах хүсэлт гаргахад зөрчилд хамааралгүй гэж үзэн шалгахаас татгалзсан. Гэрээ цуцлах үндсэн шалтгаан болон гаалийн татвар 5 хувиас 20 хувь болтлоо өсөж уг нөхцөл байдал нь гэрээ зогсоох үндсэн нөхцөл болж байгаа талаар нэхэмжлэлдээ дурдсан бөгөөд энэхүү нөхцөл байдал нь 2015 оны 08 дугаар сард хийгдсэн барааны гаалийн мэдүүлгийн хуудсаар давхар хөдлөшгүй нотлогдож байгаа, гэрээний үлдэгдэл төлбөрийг байгууллага хоорондын өр авлагаар хаах болсон талаар нэмэлт гэрээнүүдэд тодорхой тусгагдсан, гаалийн шалгалтын үеэр шалгах боломжтой байтал байцаагчид дутуу шалгасан нь илт тодорхой байтал тэдгээр нотлох баримтуудыг анхан шатны шүүх огт үнэлж дүгнэлгүй орхигдуулсан. Ийнхүү 16 тэрбум гаруй төгрөгийн маш их хэмжээний бараа нь гаалийн хилээр орж ирээгүй буюу татан авалт хийгдээгүй талаар нотлох баримтаар нотолж тайлбарласаар байтал, ийм их хэмжээний барааг гаалийн хилээр мэдүүлэлгүй оруулж ирэх боломжгүй байтал гаалийн хилээр орж ирсэн эсэх талаар нэг ч нотлох баримт байхгүй, тухайн нөхцөл байдлыг шалгаж тогтоогоогүй байхад гаалийн байцаагчийн үндэслэл, нотлогоогүй тайлбарыг үндэслэн дутуу дүгнэж, гаалийн байцаагчийн эрх мэдлээс давсан үйлдлийг зөвтгөсөн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчим алдагдсан. Иймд шүүхийн шийдвэрийн нэг дэх хэсэгт өөрчлөлт оруулж Гаалийн улсын байцаагчийн 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 17/42 дугаар актаар “М Б Г” ХХК-д ногдуулсан нөхөн төлбөрийн хэмжээг багасган, 51,616,024 төгрөгийн татвар, торгуулийг нөхөн төлүүлж, 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 10,652,448,256 төгрөгийн зөрчилд ногдуулсан 2,146,468,323.58 төгрөгийн нөхөн татвар, торгуулийг хүчингүй болгож гэснийг хэвээр үлдээн, 16,265,626,504.66 төгрөгийн зөрчилд ногдуулсан 3,265,626,504.66 төгрөгийн нөхөн татвар, торгуулийг хэвээр үлдээн шийдвэрлэснийг хүчингүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч нар шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 17/42 дугаар актын тухайд: 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр болсон Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх хуралдаанаар 2013-2014 онуудад импортолсон цементийн барааны үнэ, хилийн чанадад гарсан тээврийн зардлыг тооцоолоод 17/42 дугаартай гаалийн улсын байцаагчийн актыг 51.616.024 төгрөгөөр тогтоосон. Гэвч дээрх тогтоосон 51.616.024 төгрөгийн төлбөрийн актын дүн дээр нэмж тооцогдох байсан гаалийн байгууллагад мэдүүлээгүй 611.796.260 төгрөгийн тээврийн зардалд ногдох 123.276.946,39 төгрөгийн нөхөн татвар, торгуулийг үндэслэлгүйгээр хасаж тооцсон. Хилийн чанадад гарсан 2015 онд импортолсон цементийн клинкерийн 611.796.260 төгрөгийн тээврийн зардал нь санхүүгийн бүртгэл дэх харилцагчийн бүртгэлээр нотлогдож, 2015 онд 45 удаагийн гаалийн мэдүүлэгээр импортолсон клинкертэй хамт гаалийн мэдүүлэгт тусгаж, хуулийн дагуу татвар ногдох байсан тээврийн зардал юм. Шүүгч шүүхийн шийдвэрт 123.276.946,39 төгрөгийн нөхөн татвар, торгуулийг 17/42 дугаартай төлбөрийн актаас хасах үндэслэлийг дурьдаагүй болно. 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 44/17 дугаар актын тухайд: 2014 онд “М Б Г” ХХК нь 3 удаагийн шилжүүлэгээр 53.935.894.669 төгрөгийн тоног төхөөрөмжийн төлбөрийг БНХАУ-ын “Ч т и” компанид шилжүүлсэн нь ерөнхий журналын дэлгэрэнгүй бүртгэл, ерөнхий журналын товчоо тайлангаар нотлогдож байгаа юм. Тус онд нийт 43.283.446.413 төгрөгийн тоног төхөөрөмжийг импортолж, гаалийн байгууллагад мэдүүлсэн нь гаалийн мэдүүлэгээр нотлогдож байна. Гэвч шүүх хуралдааны явцад “М Б Г” ХХК нь 10.652.448.256 төгрөгийн зөрчил буюу зөрүү дүнг 2015, 2016 онуудад импортолсон 19.277.556.277 төгрөгийн тоног төхөөрөмжид хамруулж тайлбарлаж байна. Дараах үндэслэлээр 2014 онд илэрсэн 10.652.448.256 төгрөгийн зөрчил нь 2015, 2016 онд импортолсон төнөг төхөөрөмжид хамааралгүй болох нь нотлогдож байна. 1/ 2014 онд шилжүүлсэн төлбөр, импортолсон барааны санхүүгийн бүртгэл хийгдэж байсан “Ч т и” компаний нэр дээр үүсгэсэн данс нь үлдэгдэлгүй хаагдсан, 2/ 2014-2016 онд импортолсон нийт тоног төхөөрөмжийн үнэ 63.370.387.216 төгрөг тул шилжүүлсэн төлбөр болох 53.935.894.669 төгрөгөөс зөрүүтэй, 3/ “М Б Г” ХХК нь “Ч т и” компани руу 2015, 2016 онд шилжүүлсэн төлбөр, импортолсон барааны бүртгэлийг хөтөлсөн дансны бүртгэл байхгүй, санхүүгийн тайланд тусгаагүй. Өөрөөр хэлбэл, хуулийн дагуу татварын байгууллагад тайлагнах байсан 2015, 2016 онуудад импортолсон 19.227.556.277 төгрөгийн тоног төхөөрөмж, түүний шилжүүлсэн төлбөр тайлагнаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Гаалийн улсын байцаагчийн 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 17/42 дугаар актаар ногдуулсан төлбөрийн хэмжээг 174.892.970,30 төгрөг болгож, Гаалийн улсын байцаагчийн 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 44/17 дугаар актыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч “М Б Г” ХХК нь Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч С.Г, Ө.З нарт холбогдуулан “Гаалийн улсын байцаагчийн 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 17/42 дугаар актаар ногдуулсан төлбөрийн хэмжээг багасгаж 53.765.950 төгрөгөөр тогтоох, Гаалийн улсын байцаагчийн 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 5.412.094.828,25 төгрөгийн төлбөр ногдуулсан 44/17 дугаар актыг бүхэлд нь хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэл гаргажээ.
Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй…”, 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэж заасныг зөрчиж ач холбогдолтой нотлох баримтуудыг бүрэн цуглуулаагүй, бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй, нэхэмжлэлийн шаардлагын зарим үндэслэлд дүгнэлт өгөөгүй байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагатай нийцээгүй гэж үзнэ.
1/ Гаалийн улсын байцаагчийн 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 17/42 дугаар актын тухайд: Уг актаар “М Б Г” ХХК-ийг 2013-2015 онд БНХАУ-аас импортлосон барааны тоо хэмжээ, нэр төрлийг худал мэдүүлж гаалийн болон бусад татвараас зайлсхийсэн зөрчилд гаалийн байгууллагад дутуу мэдүүлсэн барааны үнийн дүн 1.318.784.148,34 төгрөгт ногдох гаалийн татварт 65.939.207,42 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татварт 138.472.335,58 төгрөг, торгуульд 61.323.462,90 төгрөг, нийт 265.735.005,89 төгрөгийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч нь дээрх актаар тогтоосон төлбөрөөс 211.969.056 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байх ба үндэслэлээ тайлбарлахдаа,
а/ 2013 онд БНХАУ-ын “У М ц” компаниас авсан 1020 тн цементийн барааны үнэд 105.322.586 төгрөг, тээврийн зардалд 124.754.013 төгрөг шилжүүлснээс тээврийн зардалд шилжүүлсэн төлбөрийг 100 хувиар тооцож гаалийн татвар, торгууль ногдуулсан нь буруу. Учир нь Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3.1-д “тухайн барааг Монгол Улсын хилийн өртөө хүртэл тээвэрлэхтэй холбогдон гарсан зардал” гэж заасан ба тээвэрлэлтийн гэрээнд “М Б Г” ХХК-ийн агуулах хүртэл тээвэрлэхээр тохирсон байдаг. Иймд Монгол Улсын хилийн өртөө хүртэл тээвэрлэсэн зардлыг 50 хувиар тооцон төлөхийг зөвшөөрч, үлдсэн 50 хувийг зөвшөөрөхгүй.
б/ 2014 оны 9 дүгээр сард БНХАУ-ын “Ж ц” компанид цементийн клинкерийн барааны үнэ 347.205.913 төгрөг, тээврийн зардалд 406.286.405 төгрөг төлж 2014 оны 09 дүгээр сарын 23, 26, 30, 10 дугаар сарын 01-нд нийт 4 удаагийн гаалийн мэдүүлгээр нийт 347.205.913 төгрөг мэдүүлсэн байхад зөвхөн 2 удаагийн гаалийн мэдүүлгийн дүнг нэгтгэсэн. Барааны үнээ бүрэн мэдүүлсэн тул тээврийн зардалд төлсөн төлбөрийн 50 хувийг мөн дээрх үндэслэлээр зөвшөөрөхгүй.
в/ 2015 онд БНХАУ-ын “Ө М ц с х х” компанид төлсөн 611.796.260 төгрөгийн тээврийн зардлыг 83,987 тонн цементийн клинкерийн үнэд нэмж тооцон гаальд мэдүүлсэн атал 100 хувиар тооцож нөхөн татвар ногдуулсныг зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Шүүх Гаалийн улсын байцаагчийн 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 17/42 дугаар акт хуульд нийцсэн эсэх талаар эрх зүйн дүгнэлт хийгээгүй, өөрөөр хэлбэл БНХАУ-ын нэр бүхий компаниудтай хийсэн тээвэрлэлтийн гэрээнд Монгол Улсын хилийн өртөө хүртэл зардлаар бус нэхэмжлэгч байгууллагын агуулах хүртэл зайнд тээвэрлүүлэхээр тохиролцсон тул Монгол Улсын хилээр орж ирсний дараа агуулах хүртэл тээвэрлэх зардлыг хасч тооцох талаар талууд маргаж байхад гагцхүү шүүх хуралдаан дээр хэргийн оролцогчдын ойролцоо хийсвэр дүнгээр тодорхойлсныг үндэслэн 51.616.024 төгрөгөөр тогтоосон нь буруу байна.
Зохигч талууд маргаан бүхий 17/42 тоот актын төлбөрийн хэмжээг 51.616.024 төгрөгөөр багасгах тохиролцоо хийгээгүй, эвлэрэл батлагдаагүй байх бөгөөд хариуцагч талаас давж заалдах штаны шүүх хуралдаанд дээрх дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлж байх тул шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзлээ.
Түүнчлэн, 2015 онд тээврийн зардалд төлсөн 611.796.260 төгрөгийг 83,987 тонн цементийн клинкерийн үнэд нэмж тооцон гаальд мэдүүлсэн эсэх, тээврийн зардалд төлсөн төлбөр бүхэлдээ зөрчилд тооцогдох эсэх, Монгол Улсын хилээр орж ирсний дараа агуулах хүртэл тээвэрлэх зардлыг хасч тооцох эсэхэд дүгнэлт хийгээгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.7 “шүүх нэхэмжлэлийн болон гуравдагч этгээдийн бие даасан шаардлага, түүний зарим хэсэгт нь дүгнэлт өгөөгүй, эсхүл шийдвэрлэлгүй орхигдуулсан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн бол” гэж заасан үндэслэл болно.
2/ Гаалийн улсын байцаагчийн 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 44/17 дугаар актын тухайд: Уг актаар “М Б Г” ХХК-ийг 2014-2015 онд БНХАУ-аас импортлосон барааны тоо хэмжээ, нэр төрлийг худал мэдүүлж гаалийн болон бусад татвараас зайлсхийсэн зөрчилд гаалийн байгууллагад дутуу мэдүүлсэн барааны үнийн дүн 26.859.031.405.69 төгрөгт ногдох гаалийн татварт 1.342.951.570,28 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татварт 2.820.198.297,60 төгрөг, торгуульд 1.248.944.960,36 төгрөг, нийт 5.412.094.828,25 төгрөгийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч нь дээрх актаар тогтоосон төлбөрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх ба үндэслэлээ тайлбарлахдаа,
а/ 2014 онд “Ч т и” компанид гэрээний дагуу төлсөн 55.112.770.026 төгрөгийн барааг зөвхөн 2014 онд орж ирсэн барааны 43.283.446.413 төгрөгтэй харьцуулж 10.652.448.256 төгрөгийн барааг гаальд мэдүүлээгүй гэснийг зөвшөөрөхгүй. Бид гэрээний дагуу 2014, 2015, 2016 онуудад нийт 63.370.387.216,71 төгрөгийн барааг гаальд мэдүүлэн оруулж ирсэн. Гэтэл зөвхөн 2014 онд санхүүгийн тайлангаа хаасан гэж 2015, 2016 онуудад хийгдсэн бараа татан авалтын дүнг огт тооцоолоогүй тул 10.652.448.256 төгрөгт гаалийн болон нөхөн татварын торгууль оногдуулсан 2.146.468.323,58 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй.
б/ 2015 онд “Ж ц” ХХК-тай 200,000 тонн цементийн клинкер худалдан авахаар гэрээ байгуулсан. Тус гэрээний төлбөрийн 67 хувь буюу 23.137.776.080 төгрөгийг шилжүүлж 2015 оны 08 дугаар сарыг хүртэл хугацаанд 83.987 тонн бараа авсан. Энэ нь гэрээний үнийн дүнгээр 6.931.192.930 төгрөг болох бөгөөд гаальд мэдүүлэхдээ тээврийн зардал шингэсэн үнээр буюу 7.285.000.000 төгрөгөөр мэдүүлсэн. Бараа татаж авсны дараа татвар нэмэгдсэн тул бид гэрээгээ зогсоож илүү төлсөн төлбөрийг толгой компанид буцааж төлсөн. Гэтэл гаальд зөвхөн 6.931.192.930 төгрөгөөр мэдүүлсэн байна гэж үзэн зөрүү болох 16.206.583.149 төгрөгт 3.265.626.504,66 төгрөгийн нөхөн татвар, торгууль ногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Шүүх Гаалийн улсын байцаагчийн 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 44/17 дугаар актын хууль зүйн үндэслэлтэй эсэхийг шийдвэрлэхдээ хэргийн оролцогчид 2014 онд шилжүүлсэн төлбөрийн дагуу 2015, 2016 онуудад тоног төхөөрөмж гаалиар орж ирсэн эсэх талаар маргаж байгаа энэ тохиолдолд “М Б Г” ХХК-ийн 2015 онд 17.940.365.664 төгрөгөөр мэдүүлж, 2016 онд 1.287.190.613 төгрөгөөр мэдүүлж тус тус оруулж ирсэн тоног төхөөрөмж нь “БНХАУ-ын барилгын материал олон улсын инженеринг групп” ХХК-тай байгуулсан Тоног төхөөрөмж нийлүүлэлтийн гэрээгээр худалдан авахаар тохирсон тоног төхөөрөмжтэй тохирч байгаа эсэхийг шалгах шаардлагатай болно.
Түүнчлэн, “Ч т и” компанид гэрээний дагуу төлсөн 55.112.770.026 төгрөг болон 2014, 2015, 2016 онуудад гаальд мэдүүлсэн 63.370.387.216,71 төгрөгийн хооронд зөрүү гарсан нь гаалийн байгууллага жишиг үнээр гаалийн татварыг тогтоосонтой холбоотой гэх нэхэмжлэгчийн тайлбарт дүн шинжилгээ хийж шалгаснаар 55.112.770.026 төгрөгийн тоног төхөөрөмжийн үлдэгдэл 2015 болон 2016 онд Монгол Улсын хилээр орж ирсэн эсэхийг тогтоох ач холбогдолтой байжээ.
Нөгөөтэйгүүр, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 3.1.2-т “гаалийн татвар гэж гаалийн нутаг дэвсгэрт оруулах, эсхүл түүнээс гаргах бараанд гаалийн тарифын дагуу ногдуулах, хураах, төлөх албан татварыг” ойлгохоор зохицуулсан бөгөөд 2014 онд “Ч т и” компани дээр үүсгэсэн данс хаагдсан, 2015, 2016 оны жилийн эцсийн санхүүгийн тайландаа авлага, өглөгөөр тусгаагүй нь бараа татан авалт хийснийг нотлох баримт болох эрх зүйн зохицуулалт ямар хэм хэмжээнд тусгагдсан эсэх, гэрээ цуцлагдсаны улмаас илүү төлсөн 34.017.955 юанийг “М Б Г” ХХК-ийн толгой компани болох “Улаанцав хотын Мёнжун цемент” ХХК-ийн харилцах дансанд шилжүүлж, тус компани нь “Улаанцав жун лиан цемент” ХХК-с зээлсэн өрөндөө буцаан төлөхөөр тохиролцсон гэрээний нэмэлт өөрчлөлт бодит байдалд хэрхэн хэрэгжсэн нөхцөл байдлыг тогтоох хэрэгтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Хэрэг хянан шийдвэрлэхэд шинжлэх ухаан, тооцоо, тоо бүртгэл, урлаг, утга зохиол, техникийн зэрэг тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулахын тулд хэргийн оролцогчийн хүсэлтээр, эсхүл шүүхийн санаачилгаар шинжээчийг томилж болно” гэж заасан бөгөөд Монгол Улсын хилээр орж ирсний дараа агуулах хүртэл тээвэрлэх зардлыг ямар хэмжээгээр хасч тооцох, 611.796.260 төгрөгийг 83,987 тонн цементийн клинкерийн үнэд нэмж оруулан гаальд мэдүүлсэн эсэх, нэмж тооцоогүй бол тээврийн зардлаас хэдийг нэмж тооцох эсэх /тээврийн зардалд төлсөн төлбөрөөс хэд нь зөрчилд тооцогдохыг тодорхой болгох/, 55.112.770.026 төгрөг болон 2014, 2015, 2016 онуудад гаальд мэдүүлсэн 63.370.387.216,71 төгрөг хоорондын зөрүү гаалийн байгууллага жишиг үнээр гаалийн татварыг тогтоосонтой холбоотой эсэхийг тогтоох зэрэг нь зайлшгүй тусгай мэдлэг шаардагдах асуудалд хамаарахаар байгааг анхан шатны шүүх анхаараагүй нь буруу байна.
Ийнхүү хэрэгт авагдсан баримтаар давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоос “шүүхийн шийдвэрт 123.276.946,39 төгрөгийн нөхөн татвар, торгуулийг 17/42 дугаартай төлбөрийн актаас хасах үндэслэлийг дурьдаагүй” гэх гомдлыг, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоос “гэрээний үлдэгдэл төлбөрийг байгууллага хоорондын өр авлагаар хаах болсон талаар нэмэлт гэрээнүүдэд тусгагдсан, гаалийн шалгалтын үеэр шалгах боломжтой байтал байцаагчид дутуу шалгасан байхад нотлох баримтуудыг огт үнэлж дүгнэлгүй орхигдуулсан” гэх гомдлыг тус тус хангаж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4, 121.3.7 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2018/0477 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.3, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж буцаан олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
ШҮҮГЧ О.НОМУУЛИН