Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 207/МА2022/00075

 

 

 

 

 

2022 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 207/МА2022/00075

 

 

Н.*******ын нэхэмжлэлтэй,

хариуцагч Ж.*******, Х.******* нарт

холбогдох иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 142/ШШ2022/00560 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Н.*******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ж.*******, Х.******* нарт холбогдох,

21 600 000 төгрөг гаргуулах, Ж.*******, Х.******* нарын хооронд байгуулсан түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй

Н.*******аас 35.880.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагч Ж.*******гийн өмгөөлөгч О.Сарантуулын гаргасан давж заалдсан гомдлын үндэслэн 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Мэндбаяр, М.Ганзориг, хариуцагч Ж.*******, түүний өмгөөлөгч О.Сарантуул, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие Н.******* нь Орхон аймаг Баян-Өндөр сумын 3-р баг Уурхайчин 3 хороолол, 17 байр үйлчилгээний төвийн 1 давхарт голын байрлалд дунд хэсэгт байршилтай 24 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч юм. Би Ж.*******тай зээлийн харилцаатай байсан бөгөөд дээрх миний өмчлөлийн эд хөрөнгийг дүр үзүүлсэн гэрээ байгуулан Ж.*******гийн нэр дээр шилжүүлж банкнаас хөрөнгө оруулалтын зээл авах талаар Ж.******* санал гаргасан. Би түүнд итгэж түүний үгэнд орж 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр объект худалдах худалдан авах гэрээ байгуулж өөрийнхөө өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг түүний нэр дээр шилжүүлсэн. Ингээд өөрийнхөө үл хөдлөх хөрөнгийг Х.*******д 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Дэлгүүр түрээслэх гэрээ байгуулж түүнд хүлээлгэн өгч 6 сарын түрээсийн төлбөрт тооцож 5 400 000 төгрөгийг Х.*******аас авсан. Сүүлд буюу 2018 оны 02 дугаар сар, 03 дугаар сарын төлбөр болох 1 800 000 төгрөгийг мөн Х.*******аас авсан. Үүнээс хойш 2018 оны 4 дүгээр сарын эхээр Х.*******тай уулзаж түрээсийн төлбөрөө авах гэтэл энэ үл хөдлөх хөрөнгө эзэн нь гээд Ж.******* ирж уулзаж үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ үзүүлж цаашид түрээсийн төлбөрөө надад өгөх хэрэгтэй гэж хэлсэн гэж надад хэлсэн ба 2018 оны 04 дүгээр сарын төлбөрийг Ж.*******д өгсөн гэсэн. Үүнээс хойш миний бие Х.*******аас түрээсийн төлбөр огт аваагүй. Харин Ж.******* нь түрээсийн төлбөрийг авсаар ирсэн байдаг. Миний Ж.*******д холбогдуулан тус шүүхэд хандан 2018 оны 03 дугаар сард худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах нэхэмжлэл гаргасан. Энэ нэхэмжлэлд Ж.******* нь мөн зээлийн гэрээний үүрэг шаардсан сөрөг нэхэмжлэл гаргасан. Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 908 дугаартай шийдвэрээр хэргийг эцэслэн шийдвэрлэж үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр байх хэлцэлд тооцож, Х.*******гийн нэхэмжлэлийн шаардлагаас миний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийн түрээсийн төлбөр 2018 оны 05 дугаар сарын 13-наас 2019 оны 06 дугаар сарыг дуусталх хугацаанд Х.*******аас авсан 10 853 000 төгрөгийг харилцан тооцож хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Энэ хүү 21 600 000 төгрөгийг Ж.******* авах авлагандаа тооцох байх гэж бодсон боловч огт тооцоонд оруулахгүй байх тул шүүхэд хандан нэхэмжлэл гаргахаас өөр аргагүйд хүрсэн. Мөн дээрх миний нэхэмжлэлтэй, Ж.*******д холбогдох иргэний хэргийг Улсын дээд шүүх 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр эцэслэн хянан шийдвэрлэсэн. Хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх явцад буюу 2019 оны 06 дугаар сарын 13-наас 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэлх 2 жил 3 сарын хугацаанд түрээслэгч Х.*******аас үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч биш Ж.******* нь сарын 800 000 төгрөгөөр тооцож нийт 21 600 000 төгрөг авсан байдаг. Иймд Ж.*******гаас 21 600 000 төгрөгийг гаргуулж үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч надад олгохоор шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.

Нэхэмжлэгч Н.******* нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ:

Н.*******ын нэхэмжлэлтэй, Ж.*******д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчээр оролцож байгаа ба тус хэрэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар үйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж нэмэгдүүлж байна. Үүнд: Хариуцагч Ж.******* нь миний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр өөрийн нэр дээр шилжүүлсэн үедээ буюу 2019 оны 07 дугаар сараас 2021 оны 09 дүгээр сарыг дуусталх 26 сарын турш сар бүрийн түрээсийн төлбөрт 800.000 төгрөгийг Х.*******аас нийт 20.800.000 төгрөгийг авсан байна. Тодруулбал Ж.******* нь дүр үзүүлэх гэрээний үндсэн дээр миний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө болох Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах үйлчилгээний төвийн 1 давхарт байрлах миний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг худалдах, худалдах авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.07.18-ны өдрийн 908 дугаартай шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.09.12-ны өдрийн 134 дугаартай магадлал, Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн хяналтын шатны шүүхийн 2021.03.30-ны өдрийн 291 дугаартай тогтоолоор тус тус хэлэлцэж хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр өмчлөгч болсныг тогтоосон. Иймээс миний бие Ж.*******, Х.******* нарын хооронд амаар болон бичгээр байгуулагдсан миний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг 2019 оны 07 дугаар сараас 2021 оны 09 дүгээр сар хүртлэх хугацаанд түрээсэлсэн түрээсийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийг гаргаж байна гэжээ.

Хариуцагч Ж.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Н.******* нь 2016.10.25-нд надаас 65 сая төгрөгийг үйлчилгээний төвд байрлах 24 м2 талбайтай ҮХЭХ-гөө барьцаалж 6 сарын хугацаатай 2017.04.25-ныг хүртэл зээлж авсан байсан. Уг мөнгөө өгөхгүй байсан тул 2017 онд бид 2 тооцоогоо нийлж түүний зээлсэн мөнгөний хүүг нь 3% болгон багасгаж гэрээ хэлцэл хийсэн. Ингээд 2017 оны 05-р сараас АНУ руу явж ажил хийнэ гэх болсон тул ******* надад уг ҮХЭХ-өө миний нэр дээр шилжүүлж өгсөн. Чи зараад мөнгөө ав гээд АНУ явахынхаа өмнө *******д түрээсэлж байгаа гээд 5.400.000 төгрөг аваад надад чи XI сараас уг ҮХЭХ-өө аваарай гээд явсан. Гэвч уг ҮХЭХ нь зарагдахгүй байсан. Ингээд би байж байтал өөрөө ирж надаас ҮХЭХ-гөө нэхсэн. Миний хувьд уг хөрөнгийг өгье, харин мөнгийг өг гээд сөрөг нэхэмжлэл гаргаж 2017 оны намраас хойш 2021 оны 3 сар хүртэл 3 шатны шүүхээр тус бүр 2 удаа хэрэг маргаан *******ын гомдлын дагуу үргэлжилсэн. 2021 оны 3 сард эцэслэн шийдвэрлэгдсэн. Үүнээс хойш мөнгийг минь өгөөгүй тул би ШШГГ-т хандсан. 21 600 000 төгрөг нэхэж байгаа бол би бас хадгаламжид байсан мөнгөнийхөө хүүг нэхнэ. 40,0 сая төгрөгийг хугацаатай хадгаламжаасаа барьцаалж 23 сая төгрөгийг хугацаагүй хадгаламжаас барьцаалж, өөрт бэлэн байсан 2 саяыг тус тус гуйсны дагуу түүнд итгэж зээлээр өгч байсан юм. 2016.10.25-наас 2017.10.25-ныг хүртэл 1,95% бодоход хүү 9,360,000 төгрөг авах ёстой байсан. 2017.10.25-наас хойш 22.380.000 төгрөгийн хүү авах ёстой байсан. 23 сая төгрөгийн хугацаагүй хадгаламжаасаа авсан мөнгөний хүү 4.140.000 төгрөгийн хүү авах ёстой байжээ. Нийт 35.880.000 төгрөгийг авах ёстой орлогоор намайг хохироосон гэжээ.

Хариуцагч Ж.******* шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Н.******* Ж.******* надаас ҮХЭХ-ийн үр шим гэж 2019-06-13-наас 2021-09-13-нийг хүртэлх сарын 800,000 төгрөгөөр тооцоож 21.600.000 төгрөг түрээслэгчээс авсан тул уг үнийн дүнгээр ҮХЭХ-ийн үр шим болох 21.600.000 төгрөгөөр хөрөнгөжсөн гэж үзэж нэхэмжилж байна. Н.******* нь өөрийн ҮХЭХ-гөө авсан зээлийн барьцаандаа тавьсан бөгөөд зээлийн үүргээ гүйцэтгэхгүй, улмаар миний өмчлөлд сайн дураараа худалдах худалдан авах гэрээ байгуулж намайг АНУ явсан хойгуур зарж зээлсэн мөнгөө авчирна гэж хүсэл зоригоо илэрхийлж гэрээ хийж байсан. Гэвч тэр өөрөө АНУ-с 2017 оны намар ирж, надаас уг ҮХЭХ-гөө авна гэсэн. Би тэр үед миний түүнд зээлсэн мөнгийг өгөхийг шаардсан. Тэр шүүхэд хандаж 2021 оны 3 сард хэрэг эцэслэн шийдвэрлэгдсэн юм. Хэрэг шийдвэрлэх хугацаанд тэр одоо энэ ҮХЭХ-ийг хүн авах гээд байна. Надтай ярьсан гэж байхад нь хүртэл би хамаагүй авах хүн чинь байвал чи мөнгөө аваад шууд надад төлөх мөнгийг өгчих, би гэрчилгээг чинь буцааж өгье, тэр хүнтэй чинь 3-лаа цуг уулзъя гэхэд тэгье гэж алга болж улмаар гомдол гаргаж цаг хугацааг уртасган намайг хохироосон. Одоо ШШГГ-т ажиллагаа хийгдэж байгаа. Хэрэв намайг түрээсийн мөнгийг авч хөрөнгөжсөн гэж үзэж байгаа бол би түүнд 2017-10-25-нд 40 сая төгрөгийг хугацаатай хадгаламжаасаа зээлж авч өгсөн, хугацаагүй хадгаламжаасаа 23 саяыг авч өгөөд түүнээс хойш төлөхгүй намайг хохироож байна. ИХ-д зааснаар зээлээр мөнгө авсан бол тохирсон хугацаандаа мөнгийг төлөх үүрэгтэй. Гэтэл энэ үүргээ биелүүлэхгүй зөрчсөнөөс надад эд хөрөнгийн алдагдал учирсан гэж үзэж байна. 2016.10.25- наас 2017.10.25 хүртэл сарын 1,95% хүүтэй хадгаламж барьцаалсан зээл авч өгч байсан. Уг зээлд 9,360,000 төгрөгийг би төлсөн. 2017.10.25-наас хойш 2021 оны 12 дугаар сарыг дуустал хугацаатай хадгаламжийн хүүгээр тооцох юм бол 22,380,000 төгрөгийн орлого хадгаламжийн хүү гэж орох ёстой байсан. Үүнийгээ би алдсан. Мөн 23 сая төгрөг хугацаагүй хадгаламжаас авч түүний хүү 4.140.000 төгрөгийн хүүний орлого гэж олох байтал үүнийгээ бас алдсан. Иймд Н.******* тухайн зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйгээс болж нийт 35.880.000 төгрөгийн хохирол учирч буй тул хохиролд Н.*******аас 35.880.000 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна гэжээ.

Нэхэмжлэгч Н.******* шүүхэд ирүүлсэн сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа:

Ж.******* нь надад холбогдуулан сөрөг нэхэмжлэл гаргасныг хүлээн аваад эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд: Нэг. Миний бие Ж.*******тай сайн дураараа худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй, Ж.******* нь зээлийн гэрээний барьцаанд байгаа тухайн үл хөдлөх хөрөнгөө надад худалдсан мэтээр гэрээ хийе, би тэр обьектыг чинь хөрөнгө оруулалтын гэрээний барьцаанд тавьж зээл авч өрийг чинь хаая, чи төлөлтийг нь хийгээд яв нэлээд урт хугацаатай авч өгье гэж хэлсэн. Тэгээд би түүнд итгээд үгэнд нь орж дүр үзүүлсэн худалдах, худалдан авах гэрээ байгуулж түүнд уг хөрөнгийг шилжүүлсэн. Ж.*******тай байгуулсан зээлийн гэрээний маргааныг Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 908 дугаартай шийдвэрээр эцэслэн шийдвэрлэсэн. Одоо энэхүү зээлийн гэрээтэй холбоотой шүүхээр шийдвэрлэх маргаан байхгүй болно. Хадгаламжийн хүү гэх нэхэмжлэлийн шаардлага нь огт үндэслэлгүй байна. Учир Ж.******* бид хоёрын дунд зээлийн гэрээний харилцаа л үүссэн. Тухайн гэрээнийхээ дагуу Ж.*******д зээлийн хүүгийн хамт миний бие зөндөө мөнгө төлсөн. ******* нь миний дэлгүүрийн түрээсийн төлбөр болох сар бүрийн 800.000 төгрөгийг түрээслэгчээс авч байсан. Энэ нь өөрийнх болон түрээслэгч Х.*******, түүний дүү М.Эрдэнэчимэгийн дансны хуулгаар нотлогдоно. Мөн 2018 оны 05 дугаар сарын 13-наас 2019 оны 06 сар дуустал нийт 13 сар 17 хоногийн түрээсийн төлбөр буюу миний үл хөдлөх эд хөрөнгийн үр шим болох 10 853 000 төгрөгийн Ж.******* нь түрээслэгч Х.*******аас авсан байсан. Тэгээд Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 00908 дугаартай шийдвэрээр ...хариуцагч Ж.******* нь үйлчилгээний төвийн объектыг түрээслэн олсон орлого 10.853.000 төгрөгийг Н.*******ын төлөх ёстой мөнгөнөөс тооцон хасахад татгалзах зүйлгүй гэсэн ба 1.000.000 төгрөгийг татварт төлсөн мөнгийг хасч тооцохыг зөвшөөрсөн юм. Надаас 94.447.000 төгрөгийг гаргуулж Ж.*******д олгохоор шийдсэн тул би түрээсийн төлбөрийн үргэлжлүүлэн /10.853.000 төгрөг/ Ж.*******г авахад түүнд өгөх мөнгөнөөс хасагдана гэж бодоод юм хэлэлгүй өгсөн. Гэтэл үл хөдлөх эд хөрөнгийн үр шимийг Ж.******* авсан байтлаа түүнд өгөх мөнгөнөөс хасаж тооцоогүй байсан. Тиймээс шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан. Харин ч миний хувьд маш их хохиролтой байгаа болно. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 142/ШШ2022/00560 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1., 56 дугаар зүйлийн 56.1.10, 56.4., 56.6, 281 дүгээр зүйлийн 281.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Ж.*******, хариуцагч Х.******* нарын хооронд 2019 оны 6 дугаар сарын 13-наас 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн хооронд байгуулагдсан түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, Ж.*******гаас 20.800.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.*******д олгож, нэхэмжлэлээс үлдэх 800.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Н.*******аас 35.880.000 төгрөг гаргуулах тухай Ж.*******гийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Н.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 336.150 төгрөг, хариуцагч Ж.*******гийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 334.300 төгрөгийг тус тус төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Х.*******аас улсын тэмдэгтийн хураамжаар 35.100 төгрөг, хариуцагч Ж.*******гаас 301.050 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Н.*******д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Ж.*******гийн өмгөөлөгч О.Сарантуул шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Нэхэмжлэгч Н.******* хариуцагч Ж.*******гаас үл хөдлөх эд хөрөнгийн үр шим 21.600.000 хөрөнгөжсөн гэж үзэн гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэлийг .... Ж.*******тай зээлийн харилцаатай байсан бөгөөд дүр үзүүлсэн гэрээ байгуулж ҮХЭХ-г Ж.*******гийн нэр дээр шилжүүлж банкнаас зээл авах санал гаргасан 2017.07.01-нд би ҮХЭХ-г *******д түрээсэлж 5.400.000 төгрөгийг авсан байсан. Гэтэл 2018.04-р сараас ******* *******д түрээсийн мөнгийг өгсөн байсан. Би *******д холбогдуулан нэхэмжлэл гаргаж тэрээр зээлийн гэрээний үүрэг шаардсан сөрөг нэхэмжлэл гаргасан. Энэ хэрэг 2021.03.30-нд шийдвэрлэгдэж дууссан. Иймд уг ҮХЭХ-н үр шим болох 21.000.000 төгрөгөөр хөрөнгөжсөн тул гаргуулж өгнө үү гэсэн. Ийнхүү ******* нэхэмжлэхдээ тэрээр зээлийн харилцаатай байсныгаа, тухайн ҮХЭХ-г зээлийн гэрээний барьцаанд тавьсан, барьцааны хөрөнгөө зарж, өр төлбөрөө төлөх байсан, АНУ руу явахдаа мөнгө хэрэгтэй гэж *******д түрээсэлснээ *******д хэлсэн. Зарах тохиолдолд *******гийн нэр дээр шилжүүлээд үлдээх нь хялбар байсан тул ХХАГ-г өөрийн гараар бичиж өмчлөх эрхийг шилжүүлсэн байсан. Ж.******* *******ын хэлсний дагуу 2017.11-р сард уг хөрөнгийг бодитой шилжүүлж эзэмшилдээ авсан. Тухайн үед *******, *******д өртэй, зээлийн барьцаанд тавьсан өмчлөлөө шилжүүлснээ огт хэлээгүй байсан. Нийт *******гаас 65 сая төгрөгийг хөрөнгө барьцаалж зээлж аваад төлөөгүй мөн 25 сая төгрөг зээлж аваад төлөөгүй байсан хэрнээ хөрөнгөө нэхэж байсан. Шүүх хэргийг шийдвэрлэх үед ******* мөнгийг минь хурдан өгөхийг хүсэж хөрөнгийг нэр дээр нь шилжүүлэхийг зөвшөөрч байсан. Гэвч энэ шүүхийн процесс Н.*******ын өөрийнх нь гаргасан удаа дараагийн гомдлын дагуу ДЗШ, УДШ-д тус бүр 2, 2 удаа хэлэлцэгдэж 2021.03-р сард эцэслэн шийдсэн. Шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш нэхэмжлэлийн хувьд хариуцагчийг мөнгөө төлөхийг хүлээж 2021.03 сараас 2021.09 сар хүргэсэн. ШШГГ-т хандаж 24м2 худалдааны ҮХЭХ-г өмчлөгчөөр 2021.10 сард өөрчлөн бүртгэгдсэн. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болж, 2021.10.10-нд уг ҮХЭХ-н өмчлөх эрх Н.*******д шилжсэн. Үүнээс өмнө Н.*******ын өмчлөлд ҮХЭХ нь албан ёсоор шилжээгүй, шийдвэр хүчин төгөлдөр болоогүй байсан. 65 сая төгрөгийг 2016.10.25-нд Н.******* зээлж аваад 2019.07.18-нд шүүх шийдвэрлэхдээ төлөөгүй байсан 25 сая төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй нийт 94.447.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Энэ мөнгийг өгөхгүй гэж Н.******* нь ДЗШ-ны шүүхэд, УДШ-д тус тус гомдол гарган, цаг хугацаа өөртөө гарган 2021.03 сар хүргэсэн. УДШ-с хэрэг 2021.04 сар гарган ирсэн. Гэсэн ч мөнгөө төлөөгүй. Ингээд ******* ШШГГ-т хандаж 2021.09 сараас 2021.12 сарын 13-ныг хүртэл ямар ч албадах ажиллагаа хийгдэхгүй Н.*******ын байр суурийг шийдвэр гүйцэтгэгч харж байсан.Харин 2021.10 сард Н.*******ын хүсэлтээр ҮХЭХ-н өмчлөх эрх түүний нэр дээр шилжсэн. Н.******* нэхэмжлэлийн шаардлагаа ҮХЭХ-ийн үр шим 21.600.000 төгрөгөөр *******г хөрөнгөжсөн гэж үзсэн бөгөөд Н.******* өөрөө хөрөнгийн үр шимийг *******г авахыг хүлээн зөвшөөрч байсан, мөн 2019.07.18-ны өдрийн шүүхийн шийдвэрт 2016.10.26-ны өдөр байгуулсан. 25 сая төгрөгийн зээлийн гэрээний хавсралт барьцааны гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ байх тул хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэсэн дүгнэлтийг хийсэн тул Н.******* 24м2 ҮХЭХ-ийн үр шим болох түрээсийн төлбөрийг *******г авахыг зөвшөөрч байсан юм. Шүүхээс нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт хэргийг шийдвэрлэхэд холбогдолтой байсан түүнийг дахин нотлохгүй, шүүх дахин шийдвэрлэхгүй гэсэн хэрнээ сөрөг нэхэмжлэлд барьцааны гэрээтэй холбоотой шаардлага гаргаагүй. Мөн барьцааны гэрээ хэрэгт ирээгүй гэсэн нь үндэслэлгүй байна. Сөрөг нэхэмжлэлд барьцааны гэрээний шаардлагыг огт тусгаагүй. Харин ҮХЭХ-ийн үр шим гэж нэхэж буй шаардлагын хувьд ҮХЭХ-н өмчлөх эрх нь 2021.10 сард шилжсэн байгаа байдал, уг үр шимийг Н.******* өөрөө хүлээн зөвшөөрч байсан талаар тайлбарлан мэтгэлцсэн. Шүүхийн дүгнэлт ИХШХШТХ-н 116.2-т заасны дагуу үндэслэл бүхий болж чадсангүй. Иймд шийдвэрийн I заалтыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Н.******* давж заалдсан гомдлын хариу тайлбартаа:

Хариуцагч Ж.******* миний өмчлөлийн эд хөрөнгийг дүр үзүүлсэн гэрээ байгуулан өөрийнхөн нэр дээр шилжүүлж банкнаас хөрөнгө оруулалтын зээл авах талаар санал гаргасан. Би түүнд итгэж, түүний үгэнд орж 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр объект худалдах худалдан авах гэрээ байгуулж өөрийнхөө өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг Ж.*******гийн нэр дээр шилжүүлсэн. Энэхүү гэрээг Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 908 дугаартай шийдвэрээр хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг нь тогтоогдсон. Тухайн маргааныг 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Улсын дээд шүүх эцэслэн шийдвэрлэсэн. Дээрх хэргийг хянан шийдвэрлэж шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл 2 жил 3 сарын хугацааны түрээсийн орлого буюу миний үл хөдлөх эд хөрөнгийн үр шим 20 800 000 төгрөгийг өмчлөгч биш Ж.******* авсан. Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо ...Н.******* 24 м2 ҮХЭХ-ийн үр шим болох түрээсийн төлбөрийг *******г авахыг зөвшөөрч байсан юм. гэжээ. Миний хувьд Ж.*******д өөрийн үл хөдлөх эд хөрөнгийн үр шимийг авахыг зөвшөөрсөн зүйл байхгүй. Харин Ж.******* нь өөрөө дүр үзүүлж хийсэн худалдах, худалдан авах гэрээ дээр үндэслэн авсан үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг түрээслэгч Х.*******д үзүүлж цаашид надад түрээсийн төлбөрийг төлж бай гэж хэлээд, түрээсийн төлбөрийг өөртөө авдаг байсан. Ж.*******гаас зээлж авсан мөнгөө тухай бүрд хүүтэй нь хамт төлж явсан. Бэлнээр мөнгө авахдаа баримт үйлддэггүй байсан ба Ж.******* шүүхэд мэдүүлэхдээ нь надаас бэлнээр мөнгө аваагүй мэтээр хэлж, миний бэлнээр төлсөн төлбөрийг тооцуулаагүй. Миний үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн төлбөр нэг сарын 800.000 төгрөг ба нийт 27 сарын хугацааны түрээсийн төлбөрийг өмчлөгч биш Ж.******* авсан. Би үл хөдлөх эд хөрөнгийг үр шимийг Ж.******* авсан болохоор тухайн мөнгийг надаас авах мөнгөнөөс хасагдсан гэж бодож байтал хасаагүй. Ж.*******д төлөх төлбөрийг төлөөгүй биш төлж байгаа. Гэтэл ажлын байран дээр минь ирж хэлэх хэлэхгүй үгээр доромжилж, дарамталж, эд хөрөнгийг минь эвдэж, хэмхлээд зогсохгүй миний биед халдаж эрүүл мэндэд минь хохирол учруулсан. Энэхүү Ж.*******гийн хууль бус үйлдэлттэй холбоотойгоор эрүүгийн хэрэг үүсэж цагдаа, прокуророор шалгагдаж байна. Их муухай түрэмгий, дээрэнгүй зантай хүн. Мөн хариуцагч Ж.******* нь сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба тухайн шаардлага нь огт үндэслэлгүй юм. Учир нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдож, өмнө шийдвэрлэгдсэн маргаан билээ. Иймд хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдол үндэслэлгүй байх тул гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгөхийг хүсье гэжээ.

ХЯНАВАЛ :

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангасан байна.

Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т заасан үндэслэлээр бүхэлд нь хянав.

Нэхэмжлэгч Н.******* нь хариуцагч Ж.*******гаас түрээсийн гэрээний төлбөрт авсан 21.600.000 төгрөгийг гаргуулах, Ж.*******, Х.******* нарт холбогдуулан 2019 оны 07 дугаар сараас 2021 оны 09 дүгээр сар хүртэл үйлчилгээний төвийн 24 м2 талбай түрээсэлсэн түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч Ж.******* нь нэхэмжлэгч Н.*******аас 35.880.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргажээ.

Нэхэмжлэгч Н.******* нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Н.*******, Ж.******* нарын хооронд байгуулагдсан 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн объект худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсон хүчин төгөлдөр болсон анхан шатны шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолд үндэслэсэн байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлэхэд нэхэмжлэгч Н.******* нь Орхон аймаг Баян-Өндөр сум 3-р баг Уурхайчин хороолол үйлчилгээний төвийн 1-р давхрын дунд хэсэгт байрлалтай 24 м2 талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч бөгөөд хариуцагч Ж.*******тай зээлийн асуудалтай байснаас түүнтэй үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг дүр үзүүлэн хийж түүний нэр дээр шилжүүлсэн байсан, энэ хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлсэн. 2017 оны 07 дугаар сард Х.*******д үл хөдлөх эд хөрөнгөө түрээслүүлэх түрээсийн гэрээ байгуулж 6 сарын түрээсийн төлбөрт 5.400.000 төгрөгийг авсан. 2018 оны 04 дүгээр сараас Ж.******* нь Х.*******д үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг үзүүлж түрээсийн төлбөрийг өөрөө авч байхаар тохирч сар бүр түрээс авч байсан зэрэг үйл баримт тогтоогджээ.

Хариуцагч Ж.******* Х.******* нар хоорондоо түрээсийн гэрээг бичгээр 2 удаа хийсэн гэх тайлбар гаргадаг боловч хэрэгт 2020 оны 10 дугаар сарын 01-нээс 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх гэрээ авагдсан байх ба түрээсийн гэрээний дагуу Х.******* нь Ж.*******д түрээсийн төлбөр төлж байсан байна.

Анхан шатны шүүх хариуцагч Ж.*******, Х.******* нарын хооронд үйлчилгээний төвийн 1-р давхрын 24 м2 талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2019 оны 06 дугаар сарын 13-аас 2021 оны 10 дугаар сарын 01-ний хооронд хийгдсэн түрээсийн гэрээ нь хүчин төгөлдөр бус гэрээ, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6.-д Хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө гэж заасны дагуу Х.*******аас түрээсийн төлбөрт авсан 20.800.000 төгрөгийг хариуцагч Ж.*******гаас гаргуулж, нэхэмжлэгч Н.*******д олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй Иргэний хуулийн 56 дугаар зүйлд нийцжээ.

Нэхэмжлэгч Н.******* өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөө Х.*******д түрээслэхээр түрээсийн гэрээг хуульд заасан үндэслэл журмын дагуу байгуулсан байхад хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хариуцагч Ж.******* нь Х.*******аас түрээсийн төлбөр авч байсан нь буруу тул түүний түрээсийн төлбөрт хууль бусаар олж авсан 20.800.000 төгрөгийг нэхэмжлэгч Н.*******д төлөх үүрэгтэй болно.

Хариуцагч Ж.******* нь зээлийн гэрээний үүргээ Н.******* биелүүлээгүйгээс хадгаламж барьцаалсан зээл авч эд хөрөнгийн хохирол хүлээсэн 35.880.000 төгрөгийг Н.*******аас гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж шаардсан байна.

Хариуцагч Ж.*******, нэхэмжлэгч Н.******* нарын хооронд зээлийн гэрээний үүргийн маргааныг шүүх шийдвэрлэж шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж зааснаар хариуцагч Ж.*******гийн сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд нийцсэн байна.

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Ж.*******гийн өмгөөлөгч О.Сарантуулын гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 142/ШШ2022/00560 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Ж.*******гийн өмгөөлөгч О.Сарантуулын гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагчийн өмгөөлөгч О.Сарантуулын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 301.050 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР

ШҮҮГЧИД Б.ОЮУНЦЭЦЭГ

С.УРАНЧИМЭГ