Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 203/МА2022/00014

 

Ц.Бгийн нэхэмжлэлтэй, ...аймгийн...

сумын...сургуульд хариуцагдах иргэний хэргийн тухай

 

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 143/ШШ2022/00108 дугаар шийдвэртэй,

Ц.Бгийн нэхэмжлэлтэй,

...аймгийн...сумын...сургуульд хариуцагдах,

“Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговорт 1049392  төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгч Ж.Бын давж заалдах гомдлоор 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч шүүгч Н.Насанжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Нармандах, нарийн бичгийн дарга О.Очмаа нар оролцов.

 

  1. Нэхэмжлэгч Ц.Бгийн нэхэмжлэлийн агуулга:

1.а. Нэхэмжлэлийн шаардлага:

...аймгийн...сумын...сургуулиас ажилгүй байсан хугацааны цалин 1049392 төгрөг гаргуулна.

1.б. Нэхэмжлэлийн үндэслэл, тайлбарын агуулга:

 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр ...аймгийн...сумын...сургуулийн захирал Ж.Бын ../..дүгээр тушаалаар ажлаасаа халагдсан. Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх шийдвэр гаргаж намайг урьд ажиллаж байсан ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн.

Миний бие ажилгүй байсан хугацааны цалингаа нэхэмжилж анхан шатны шүүхэд 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны цалин нэхэмжилж нэхэмжлэл гаргасан бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн юм.

...аймгийн...сумын...сургууль нь намайг 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр ажилд эргүүлэн томилж, 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр ажлаас чөлөөлсөн тул 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэлх хугацааны цалин 1049 392 төгрөгийг нэхэмжилнэ гэжээ.

2. Хариуцагчийн төлөөлөгч Ж.Бын татгалзал, түүний агуулга:

Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн шийдвэр үндэслэлтэй байсан. Б нь нягтлан Х.Нтэй үгсэн хуйвалдаж худал нотлох баримт бүрдүүлэн шүүхэд гаргасан төдийгүй албан тушаалаа урвуулан ашиглаж байгууллагын эд хөрөнгийг хуурамчаар тоолж бүртгэн санхүүгийн программд шивж, аудитын байгууллагын удаа дараагийн шалгалтууд худал тайлан мэдээ өгсөн. Байгууллагын үндсэн болон эргэлтийн хөрөнгийг хувийн ашиг олоход зориулж хэрэглэж эвдсэн, техник хэрэгсэл үрэгдүүлсэн болохыг манай байгууллага дотоод хяналт шалгалтаараа тогтоож, хуулийн байгууллагад шилжүүлсэн.

Энэ асуудлаар Цагдаагийн байгууллага Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа тул би нэхэмжлэгчийн нэхэмжилсэн ажилгүй байсан хугацааны цалинг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

3. Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ...аймгийн...сумын... сургуулиас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 1 049 392 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Бд олгож, нэхэмжлэгч Ц.Б Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид 29 735 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ...аймгийн...сумын... сургуулиас улсын тэмдэгтийн хураамжид 29 735 төгрөг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулахаар шийдвэрлэсэн.

4. Хариуцагчийн төлөөлөгч Ж.Б давж заалдах гомдолдоо:

Нэхэмжлэгч шүүх хуралдааны тов мэдсэн боловч ирээгүй байхад нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлд зааснаар буцаахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгчийг ажилд нь эргүүлэн тогтоосон боловч ажилдаа нэг ч өдөр ирээгүй, ажилд томилонгуут ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн.

Өмнөх шийдвэр магадлалыг эс зөвшөөрч гаргасан гомдлыг Дээд шүүхээс эцэслэн шийдвэрлээгүй байхад хэргийг шийдвэрлэсэн тул шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгч Ц.Б нь давж заалдах гомдолтой танилцаад тайлбар ирүүлээгүй байна.

6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Нармандахын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан тул гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

Нэг сарын цалинг 524696 төгрөгөөр тооцож ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж байсан. 8, 9 сарын цалинг нэхэмжилсэн гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзэв.

2. Анхан шатны шүүх нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлээгүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодруулалгүйгээр шийдвэрлэсэн боловч давж заалдах шатны шүүх хуралдааны явцад уг үндэслэлийг хэргийн оролцогч нараас тодруулсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 167 дугаар зүйлийн 167.1.2-д зааснаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

3. Давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэл тогтоогдоогүй тул давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн.

4. Нэхэмжлэгч Ц.Б нь ...аймгийн...сумын...сургуульд холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин 1049392 төгрөг гаргуулах шаардлагынхаа үндэслэлийг хариуцагч нь нярвын ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тул 2021 оны 8 ба 9 дүгээр сарын цалин хөлстэй тэнцэх олговор гэж тодорхойлж тайлбарласныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

5. Шүүх хэрэгт авагдсан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 203/2021МА/00001 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 143/ШШ2020/00497  дугаартай шийдвэрийг хэвээр үлдээсэн Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 001/ХТ2021/00597 дугаар тогтоол, Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 143/ШШ2021/00255, 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 143/ШШ2020/00497 дугаар шийдвэрүүд, давж заалдах шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 203/Ма2021/00028 дугаартай  магадлал, Ц.Бг ...аймгийн...сумын...сургуулийн няравын ажилд эгүүлэн тогтоож, ажлаас чөлөөлсөн тухай сургуулийн захирлын 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн ../.., 2021 оны 9 дүгээр сарын 23-ны ../.. дугаартай тушаал зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалж, шийдвэр үндэслэл болгосон байна.

6. Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь нотлох баримтад тавигдах Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан “...бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг”  өгөх шаардлагыг хангасан байна. Талууд нотлох баримтыг эх хувиар шаардан авах үндэслэл бий болсон талаар маргаагүй байх тул хэргийн оролцогч нарыг мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “... өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ...” биелүүлсэн гэж үзнэ.

7.  Ц.Бг ажлаас халсан ...аймгийн...сумын... сургуулийн захирлын 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн ../..тоот тушаалыг хууль бус гэж үзэн түүнийг сургуулийн нярвын албан тушаалд эгүүлэн тогтоосон Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 143/ШШ2020/00497  дугаартай шийдвэр, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 001/ХТ2021/00597 дугаар тогтоол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.4 дэх хэсэгт Хяналтын шатны тогтоол шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй гэж зааснаар хуулийн хүчин төгөлдөр болжээ.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй.

9. Хариуцагч сургуулийн захирлын 2021 оны 09 дүгээр сарын 22-ний өдрийн ../.. дугаартай тушаалд шүүхийн шийдвэрийг үндэслэн нэхэмжлэгч Ц.Бг нярвын албан тушаалд 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулах, сарын цалинг тооцохоор шийдвэрлэсэн байх тул Ц.Бгийн хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн зөрчил уг тушаал  гарах хүртэл хугацаагаар үргэлжилсэн гэж үзэх тул түүнийг “Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны олговрыг шаардах эрхтэй байна” гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зөрчөөгүй байна.

10. Шүүх нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаа, уг хугацаанд авбал зохих олговрын хэмжээ  зэргийг тогтоохдоо хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй байна.

10.а.  Нэхэмжлэгч Ц.Б, түүний өмгөөлөгч Н.Нармандах нар нь ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах хугацааг “2021 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 9 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаа” гэж тодорхойлсон боловч ажилд эгүүлэн томилсон 9 дүгээр сарын 15, ажлаас чөлөөлсөн 9 дүгээр сарын 16 гэх өдрүүд  буюу 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн ../.., 9 дүгээр сарын 23-ны өдрийн ../.. дугаартай тушаалуудын хууль зүйн үндэслэлийн талаар маргаагүй байна. Түүнчлэн 9 дүгээр сарын 23 хүртэл ажилласан нь нотлох баримтаар нотлогдоогүй.  

Дээрх нотлох баримтуудаар нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн хугацаа нь 2021 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 16-ныг хүртэл буюу 1 сар 11 хоног болох нь тогтоогдож байна.

Гэтэл анхан шатны шүүх нь ажил олгогчийн гаргасан тушаалд заасан хугацаа, уг хугацааны талаарх талуудын тайлбарт дүгнэлт хийгээгүй байх тул шүүхийн “2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийг  “ажилд эгүүлэн тогтоосон” өдөр гэсэн, мөн  2021 оны 9 дүгээр сард “16 хоног” ажилгүй байсан гэсэн дүгнэлтүүдийг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй гэж үзэв.

10.б. Хөдөлмөрийн тухай /1999 оны/ хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж заасан.

Ажил олгогчийн буруугаас цалин хөлсөөр хохирсон ажилтанд ажлаас халах тушаал гарахаас өмнөх гурван сарын цалингийн нийлбэрийн дунджаар тооцон Хөдөлмөрийн тухай хуулийн 69.1 дэх хэсэгт заасан “дундаж цалин хөлстэй тэнцэх олговор”-ыг олгох нь Нийгэм хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-д заасантай нийцнэ.

Гэвч энэ маргааны үйл баримт нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйгээс гарах үр дагаврыг шийдвэрлүүлэх агуулгатай болох нь хэрэгт авагдсан анхан, давж заалдах, хяналтын шатны шүүхийн шийдвэрүүдээр тогтоогдсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэх үндэслэл нь нотлох баримтыг үнэлэх үндэслэлд хамаарах, ач холбогдол бүхий байж болох эсэхийг анхан шатны шүүх анхаараагүй байна.

Нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны цалинд 1049392 төгрөгийг гаргуулна гэж хэмжээгээ тодорхойлсон.  

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Нармандахын гаргасан “нэг сарын цалинг 524696 төгрөгөөр тооцож хоёр сарын цалинг нэхэмжилсэн” гэх тайлбарт үндэслэн нэхэмжилсэн мөнгөн дүнг ажилгүй байсан гэх хоёр сард хувааж тооцвол нэг сард 524696 төгрөг ногдож байна.

Нэхэмжлэгч Ц.Б нь Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 001/ХТ2021/00597 дугаар тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон дараа шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй үндэслэлээр 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрөөс 2021 оны 7 дугаар сарыг дуустал хугацааны ажилгүй байсан хугацааны олговрыг хариуцагчаас гаргуулахаар шаардахдаа  нэг сарын цалингийн хэмжээгээ 524696 төгрөг гэж тодорхойлж байсан нь Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 143/ШШ2021/00255 дугаар шийдвэрээр тогтоогдож байна.  

Гэтэл анхан шатны шүүх олговрын хэмжээг хэрхэн тооцсонг нэхэмжлэгч талаас тодруулахгүйгээр шийдвэрлэсэн нь талуудын зарчмыг зөрчсөн гэх үндэслэл болж байна.

Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Нармандахын “сарын цалин 524696 төгрөг” гэх тайлбар нь шүүхийн шийдвэрээр давхар нотлогдож байх тул ажилгүй байсан хугацааны олговрыг түүний шаардлага, үндэслэл, нотолгоонд тулгуурлан Ц.Бгийн урьд авсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрын хэмжээг “524696” гэж тооцох үндэслэлтэй.

10.в. Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Ц.Бгийн ажилгүй байсан хугацааг 2021 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийг  дуусталх хугацаа буюу 1 сар 11 хоногоор тогтоож, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тодорхойлсон цалин хөлсний хэмжээнд үндэслэн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 793140 төгрөгийг хариуцагч ...аймгийн...сумын... сургуулиас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс илүү нэхэмжилсэн 256252 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь  Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасантай нийцнэ гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

11. Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн ажиллагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд заасныг зөрчөөгүй бөгөөд нэхэмжлэгч шүүх хуралдаанд биеэр ирээгүй боловч түүний өмгөөлөгч нь шүүх хуралдаанд оролцсон байна.

Өмгөөлөгч нь иргэний хэргийн бие даасан оролцогч бус боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т зааснаар өмгөөлүүлж байгаа этгээдийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг илэрхийлэн хамгаалж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа этгээд тул мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэг заасан нэхэмжлэлийг буцаах тухай зохицуулалт энэ тохиолдолд хэрэглэгдэх үндэслэл бий болоогүй гэж үзнэ.

Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргасан, уг хэрэг шийдвэрлэгдээгүй гэх үйл баримтыг нотлох баримт хэрэгт авагдаагүй байна. Иймд энэ үндэслэлүүдээр гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэл тогтоогдсонгүй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хариуцагчийн төлөөлөгч Ж.Бын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 143/ШШ2022/00108 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “...аймгийн...сумын... сургуулиас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 793140 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Бд олгож, нэхэмжлэгч Ц.Бгийн нэхэмжлэлээс 256252 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

2 дахь заалтын “29 735” гэснийг “23585” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 

 

2. Хариуцагч нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.  

 

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал нь шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Н.НАСАНЖАРГАЛ

                                        ШҮҮГЧИД                                  Х.ГЭРЭЛМАА

 Л.НЯМДОРЖ