Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2022/01125

 

 

 

 

..... нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 183/ШШ2022/00976 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ..... нарын нэхэмжлэлтэй, хариуцагч Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх алба, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус холбогдох гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн тогтоолыг хүчингүй болгуулах, гадаадад зорчих эрхийг сэргээлгэх тухай иргэний хэргийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Саруултөгөлдөр, хариуцагч Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нандинтуул, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШЗ2020/06896 дугаар захирамжаар ... ХХК-ийн төлөөлөгч ..., ...... ХХК-ийн төлөөлөгч .... нар Худалдаа хөгжлийн банк ХХК-д 3,813,034,718.48 төгрөгийг төлөхөөр талууд эвлэрснийг баталсан. Уг захирамжийн дагуу бичигдсэн гүйцэтгэх хуудаст үндэслэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан. Бидний хувьд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг ойлгож, хүндэтгэлтэй хандаж дуудсан цагт тогтмол очиж, цар тахалын үед өөрөөс шалтгаалах боломжит арга хэмжээг авсаар ирсэн. Гэтэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлд заасныг шийдвэр гүйцэтгэгч илт зөрчиж, бидний гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн. Бид хаана байгаа нь мэдэгдэхгүй сураггүй алга болоогүй, эрэн сурвалжлагдаагүй, төлбөр төлөхөөс санаатайгаар зайлсхийж барьцаа хөрөнгийг нуун дарагдуулаагүй байхад гадаадад зорчих эрхийг хязгаарласанд гомдолтой байна. Бид барьцаа хөрөнгөө худалдан борлуулж төлбөрөө төлөх боломжийг хайж байгаа. Иймд Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албаны гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх тухай 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 2544 дугаар тогтоолыг хүчингүй болгож, гадаадад зорчих эрхийг сэргээж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, татгалзлын агуулга:

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 6896 дугаар захирамжаар хариуцагч ... ХХК, ...... ХХК, ... нараас 3,813,034,718 төгрөгийг гаргуулж Худалдаа хөгжлийн банк ХХК-д, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 193 тоот шийдвэрээр ... ХХК, ...... ХХК, ... нараас 6,891,795,729 төгрөг гаргуулж Худалдаа хөгжлийн банк ХХК-д олгохоор тус тус шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр үүсгэн, төлбөр төлөгч ... ХХК, ...... ХХК-ийн захирал ..... нарт шүүхийн шийдвэр биелүүлэхийг мэдэгдсэн. Төлбөр төлөгч нар мэдэгдэлд дурдсан хугацаанд төлбөрийг төлөөгүй тул гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх талаар мэдэгдэж 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 2544 дугаар тогтоолоор түдгэлзүүлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албаны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн төлөөлөгчийн тайлбар, татгалзлын агуулга:

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 6896 дугаар захирамжаар ... ХХК, ...... ХХК, ... нараас 3,813,034,718 төгрөгийг гаргуулж Худалдаа хөгжлийн банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх гүйцэтгэх баримт бичигт заасан төлбөр төлөх үүргээ төлбөр төлөгч нар биелүүлээгүй. Гадаадад зорчих эрхийг сэргээх үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн тогтоолыг хүчингүй болгуулах, гадаадад зорчих эрхийг сэргээлгэх тухай нэхэмжлэгч ..... нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч ..... нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

5. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Нэхэмжлэгч нь 2021 оны 05 сарын 05-ны өдөр Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тасгийн дарга, дэслэгч Д.Мөнхбаярт, 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий газрын дэд дарга бөгөөд Шийдвэр гүйцэтгэх албаны дарга, хурандаа А.Намсамандад тус тус хандан гадаадад зорчих эрх түдгэлзүүлсэн ажиллагаанд гомдол гаргасан бөгөөд тэдгээр нь гомдлыг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн тул Шийдвэр гүйцэтгэх албаны дарга, хурандаа А.Намсамандын 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн гомдолд хариу өгөх тухай албан бичгийг хүлээн авч 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Анхан шатны шүүх ....гийн асуудлыг хэрхэх, эрх ашиг хөндөх эсэхийг тодруулж, улмаар хамтад нь шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж хэргийг хэрэгсэхгүй болгосон. ..... нар нь хамтран 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр тус шүүхэд дахин нэхэмжлэл гаргасан. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь Шүүхийн шиидвэр гүйцэтгэх тухай хуульд заасан шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг зөрчөөгүй.

Анхан шатны шүүх 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 2544 дугаар тогтоолд нэхэмжлэгч ... 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр гомдол гаргасныг 8 сарын дараа гомдол гаргасан, шүүхээс өмнө нь хэрэгсэхгүй болгосон мэт тайлбарласан. Шүүх ....гийн асуудлыг хэрхэх, эрх ашиг хөндөх эсэхийг тодруулж улмаар хамтад нь шийдвэрлэх нь зүйтэй гэж 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосон. Өөрөөр хэлбэл, шүүхээс нэхэмжлэлээ өөрөө гаргах, эсхүл төлөөлөгчөөр дамжуулан гаргах эрхийг нээлттэй үлдээсэн.

Төлбөр төлөгч нар ямар тогтоолоор гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн талаар мэдээгүй. Төлбөр төлөгч нь эрүүл мэндийн шалтгааны улмаас шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцох боломжгүй байсан тул төлөөлөгч томилж оролцуулсан.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны тогтоол, шийдвэр төлбөр төлөгчийн хууль ёсны эрх ашиг, сонирхлыг хөндсөн тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3 дахь хэсэгт зааснаар ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргана. Гэтэл шүүхээс тогтоолтой хэзээ танилцсан, төлбөр төлөгч гадаадад зорчих эрхээ түдгэлзүүлснийг хэзээ мэдсэн болохыг тодруулалгүй, тогтоол үйлдэгдсэн өдрөөс гомдол гаргах хугацааг тоолсон нь үндэслэлгүй.

Анхан шатны шүүх Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасныг зөрчиж төлбөр төлөгчийн эрхийг хөндсөн гэж зөв дүгнэсэн атлаа гомдол гаргах хугацаа хэтрүүлсэн гэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлд зааснаар 50,000,000 төгрөгөөс дээш үнийн дүн бүхий хэрэгт тодорхой үндэслэл бүрдсэн тохиолдолд төлбөр төлөгч нарын гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлж болно гэж заасан. Төлбөр төлөгч нар төлбөр төлөхөөс санаатай зайлсхийх, хөрөнгөө устгах, нуух зэргээр буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан тохиолдолд хуульд заасан хариуцлага хүлээнэ. Харин хуульд заасан үндэслэл бүрдээгүй, төлбөр төлөхөөс зайлсхийгээгүй, аливаа хууль бус үйлдэл гаргаагүй байтал 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр гадаадад зорчих эрхийг хязгаарлах саналаа хүргүүлснийг зөвшөөрөхгүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд хангаж өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн тайлбарын агуулга:

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг зөвшөөрөхгүй байна. Учир нь ........ХХК болон, ... ХХК-аас 3,8000,000,000 төгрөг гаргуулж Худалдаа хөгжлийн банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Мөн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 193 дугаар шийдвэрээр ... ХХК болон ........ХХК, ... нараас 6,891,795,729 төгрөг гаргуулж Худалдаа хөгжлийн банк ХХК-д олгохоор тус тус шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2020 оноос хойш явагдсан боловч төлбөр төлөгдөөгүй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн. Хан-Уул дүүргийн анхан Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн шийдвэр үндэслэлтэй. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолд эрүүл мэндийн шалтгааны улмаас гадаадад зорчих шаардлага гарсан учир зорчих эрхийг түдгэлзүүлсэн тогтоолыг хүчингүй болгуулахаар гомдол гаргасан. Үнэхээр эрүүл мэндийн шалтгаантай байгаа бол нэхэмжлэгч нотлох баримтаа гаргаад гадаадад зорчих эрхийг сэргээлгэх боломжтой. Манайд албан ёсоор нотлох баримт ирүүлээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор хязгаарлалгүй бүхэлд нь хянаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т зааснаар хэргийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэв.

 

1. Нэхэмжлэгч ..... нар хариуцагч Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх алба болон Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 2544 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч байгууллагуудын итгэмжлэгдсэн төлөөлөгч эс зөвшөөрч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд журмын дагуу явагдсан гэж маргажээ.

 

2. Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий газрын Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 2544 дугаар тогтоолоор төлбөр төлөгч ..... нарын гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн байна.

 

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3 дахь хэсэгт Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш, энэ тухай мэдээгүй бол олж мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж болно гэж, мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт Ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж, тогтоол гаргана. Тогтоолыг зөвшөөрөөгүй тохиолдолд хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно гэж тус тус заасан.

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ... Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албанаас 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр гомдолд хариу өгсөн. Уг хариуг аваад шүүхэд нэхэмжлэл гаргасан... гэж тайлбарласан нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагджээ. (хх-ийн 66) Төлбөр төлөгч нар Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хэзээ хүлээн авсныг тодруулах нь шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн эсэхэд ач холбогдолтой байна.

 

Түүнчлэн, нэхэмжлэгч ... дээрх тогтоолыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан боловч Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 183/ШЗ2021/14316 дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба уг захирамжид ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хүчингүй болгох нэхэмжлэлийг шүүх хэзээ хүлээн авсан талаар тусгагдаагүйгээс гадна уг захирамжийг хэзээ гардуулсан зэрэг нөхцөл байдал тодорхой бус байхад гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн эсэхийг дүгнэх боломжгүй байна.

 

4. Мөн Хэрэгт авагдсан Төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх тухай тогтоол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатаар гэрчүүлсэн хуулбарыг өгнө гэж заасан хуулийн шаардлагыг хангаагүй баримт байхад шүүх эдгээр баримтыг шаардлага хангасан хэлбэрээр гаргуулан аваагүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй юм.

 

Дээр дурдсан үндэслэлээр хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал тодорхой бус, бичмэл нотлох баримт шаардлага хангаагүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаан шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 183/ШШ2022/00976 дугаар шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

 

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

 

Н.БАТЗОРИГ