Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 278

 

 

 

 

Ш.Энх-Амгалан, Б.Оргил нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын ахлах прокурор О.Мөнхбаатар, шүүгдэгч Б.О болон түүний өмгөөлөгч М.Цогтбаатар, шүүгдэгч Ш.Э өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дүгээр сарын 04-ний өдрийн 216 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 177 дугаар магадлалтай, Ш.Э, Б.О нарт холбогдох 2014250007138 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.О гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1982 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер эдийн засагч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Боловсрол, соёл шинжлэх ухааны яамны Барилга захиалагчийн албаны хяналтын инженер бөгөөд тендерийн үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байсан, одоо эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, 2 дугаар байрны 6 тоотод оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, Х овогт Бын О,

2. Монгол Улсын иргэн, 1968 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Булган аймгийн Гурванбулаг суманд төрсөн, 52 настай, эрэгтэй, дээд боловсролтой, улс төрийн ажилтан мэргэжилтэй, “Эерэг туйл" ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо, Шинэ цэргийн хотхоны 3 дугаар байрны 37 тоотод оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, А овогт Шын Э.

Б.О нь тендерийн үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж Дэлхийн банкны буцалтгүй тусламжаар Сүхбаатар дүүргийн 17, 18 дугаар хороодод баригдах хүүхдийн цэцэрлэгийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер зохион байгуулах явцдаа, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, түүнтэй холбогдуулан гаргасан хууль тогтоомжийн актын холбогдох заалтуудыг тус тус зөрчин, тендерийн баримт бичгийн шаардлага хангаагүй “Эерэг туйл” ХХК-ийг компанийг тендерт шалгаруулж, албан үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсний төлөө 556,903,508 төгрөгийн төсөвт өртөгтэй хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажлыг өөрийн эзэмшлийн компаниар гүйцэтгүүлэхээр хахууль авсан, мөн 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр “Эерэг туйл” ХХК-ийн захирал Ш.Энх-Амгалангаас 35,000,000 төгрөг зэргийг хахуульд авсан,

“Эерэг туйл” ХХК-ийн захирал Ш.Энх-Амгалан нь Боловсрол шинжлэх ухааны яамнаас 2013 оны 08 дугаар сард зарлагдсан Дэлхийн банкны буцалтгүй тусламжаар Сүхбаатар дүүргийн 17,18 дугаар хороодод баригдах хүүхдийн цэцэрлэгийн 2 барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт өөрийн “Эерэг туйл” ХХК-нд давуу байдал бий болгон шалгаруулсны төлөө Б.О 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах 556,903,508 төгрөгийн төсөвт өртөгтэй барилгын ажлыг Б.О эзэмшлийн “Хээгт рашаан” ХХК-иар гүйцэтгүүлэхээр хахуульд өгсөн, улмаар 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Б.О 35,000,000 төгрөгийг хахуульд өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.О, Ш.Э нарт холбогдох хэргээс Б.О нь тендерийн үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар ажиллах явцдаа, тендер шалгаруулалтын шаардлага хангаагүй “Эерэг туйл” ХХК-ийг компанийг тендерт шалгаруулж, албан үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсний төлөө 556,903,508 төгрөгийн төсөвт өртөгтэй хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажлыг өөрийн эзэмшлийн компаниар гүйцэтгүүлэхээр хахууль авсан гэх,

Мөн Ш.Э нь тендерт өөрийн “Эерэг туйл” ХХК-нд давуу байдал бий болгон шалгаруулсны төлөө Б.О 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах 556,903,508 төгрөгийн төсөвт өртөгтэй барилгын ажлыг Б.Оын эзэмшлийн “Хээгт рашаан” ХХК-иар гүйцэтгүүлэхээр хахуульд өгсөн гэх үйлдлүүдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар тус тус хэрэгсэхгүй болгож,

шүүгдэгч Б.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан хахууль авах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Ш.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хахууль өгөх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар прокуророос шүүгдэгч Б.О Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар, мөн шүүгдэгч Ш.Э Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, тэдгээрийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О 35,000,000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгуулахаар шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.О, Ш.Э нарт холбогдох эрүүгийн хэргийг мөн шүүхээр дамжуулан Нийслэлийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол Б.О, Ш.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, мөн хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар Б.О, Ш.Э нарт Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг нэмж авч шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Б.О гаргасан гомдолдоо “...Давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг Нийслэлийн прокурорын газарт буцааж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.1, 1.2-т заасан “шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн...” гэж үзэж байна.

Учир нь, давж заалдах шатны шүүх “...Б.О Боловсрол, шинжлэх ухааны яамны Барилга захиалагчийн албаны хяналтын инженер, тендерийн үнэлгээний хорооны нарийн бичгийн даргын хувьд хахууль авах гэмт хэргийн субьектын шинжийг хангасан гэж үзнэ.” хэмээн шууд дүгнэж “...Б.О үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт, эсхүл мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх хууль зүйн үндэслэлийг судлан үзэж, хууль зүйн дүгнэлт хийх нь зүйтэй.” гэсэн нь хоёрдмол утгатай, ойлгомжгүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарласан.

Нийтийн албан тушаалтан гэдэгт нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан дараах албан тушаалтан хамаарна гэж тодорхой заасан. Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын Байнгын Хорооны 2012 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 05 дугаар тогтоолоор албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах журамд нийтийн албан тушаалтан заавал хөрөнгө орлогын мэдүүлэг гаргах албан тушаалтан байх бөгөөд жагсаалтад тухайн үеийн Боловсрол, Шинжлэх ухааны яамны Барилга захиалагчийн ажлын албаны инженерийн албан тушаалтан багтаагүй.

Барилга захиалагчийн ажлын алба нь тухайн үед Боловсролын сайдын тушаалаар байгуулагдсан Аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар гэсэн статустай байсан бөгөөд ажлын албаны инженер нь Нийтийн албан тушаалтны субъектийн шинжийг агуулахгүй байна гэсэн Төрийн Албаны зөвлөлийн албан тоот ...дугаар хавтаст хэрэгт авагдсаар байтал хуулийг буруу тайлбарлаж, ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн байна.

Авилгын эсрэг Үндэсний конвенцийн зүйл заалтыг үндэслэж Б.О “Нийтийн албан тушаалтан” гэж үзэж байгаа ба Б.О нь Монгол Улсын хууль дүрмийн дагуу нийтийн албан тушаалтан” гэдэг субъектийн шинжийг дээр дурдсанчлан агуулахгүй.

Б.О нь нийт 556,9 сая төгрөгийг хахуульд авсан нь үндэслэлгүй юм. Учир нь цэцэрлэгийн барилга нь баригдаж дуусаад ашиглалтад ороод хэвийн ажиллаж байгаа. Барилгын суурийг 2 удаа хийх бусад ажлуудыг хийхээс авахуулаад бүхий л гарсан зардлуудыг Б.О хүүтэй барьцаатай зээл авч гаргаж байсан Ш.Э буруутай үйлдлээс болж өрөнд орсон. Холбогдох материалууд хавтаст хэрэгт байгаа.

Тендер зарлагдаж, баригдсан барилга хууль ёсны дагуу явагдаж, ашиглалтанд орсон, ямар нэгэн хохирол учраагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан тооцооллоор тогтоогдсон байхад давж заалдах шатны шүүх “Тендерийн үйл ажиллагаа хууль ёсны дагуу явагдаагүй нөхцөлд бусад аж ахуй нэгж байгууллагын холбогдох хууль тогтоомжийн дагуу сонгон шалгаруулалтад шударгаар өрсөлдөх, түүнчлэн төрийн албаны хууль дээдлэх, шударга ёсыг хамгаалах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчим хөндөгдөхөд хүргэх юм. Тендер хууль бус болохыг тогтоосон бол тендерийн үнийн дүнгээр хохирлын хэмжээг тогтоох эсэхийг шийдвэрлэх нь зүйтэй” гэж дүгнэсэн нь ойлгомжгүй болно. Хувь хүн, хуулийн этгээдэд хохирол учраагүй болно.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр шүүгдэгч Ш.Э хүсэлтийн дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг сэргээсэн байна. Энэ нь хяналтын журмаар шүүхийн шийдвэрийг хянан шийдвэрлэх ажиллагааны ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон ... гэснийг харуулж байна. Учир нь шүүгдэгч Ш.Э тухайн үед шүүхэд мэдүүлсэн өөрийн хаягтаа амьдардаггүй гэдэг хүндэтгэн үзэхгүй шалтгаанаар гомдлоо гардаж аваагүй байдаг. Баталгаа гаргаж шүүхэд хаягаа мэдүүлсэн л бол хаягийн өөрчлөлтөө шүүхэд мэдэгдэх үүрэгтэй. Мөн давж заалдах шатны шүүх дараах хүндэтгэх шалтгаан үүсээгүй байхад шүүгдэгч Ш.Э гомдлыг хүлээн авсан. Учир нь хүндэтгэн үзэх шалтгаан гэдэгт хүнд өвчтэй, хорио цээрийн дэглэмд орсон үед гомдол гаргах хугацааг сэргээх гэж заасан байдаг.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

Мөн шүүх хуралдаанд шүүгдэгч Б.О өмгөөлөгч М.Ц хэлсэн саналдаа “Давж заалдах шатны шүүхээс Боловсрол, шинжлэх ухааны яамны Барилга захиалагчийн албаны хяналтын инженер, тендерийн үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга нь Улсын Их хурлын Хууль зүйн байнгын хорооноос баталсан албан жагсаалтад агуулгаараа багтаж буй учир нийтийн албанд тушаалтан гэж үзсэн. Дээр дурдсан албан жагсаалтад үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга гэсэн албан тушаалыг шууд нэр заан тогтоогоогүй байтал “нийтийн албан тушаалтан” гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Нийтийн албан тушаалтан гэдэгт нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль болон  Авлигын эсрэг хуульд нийтийн албан тушаалтанд хэн хамаарахыг тодорхой заасан. Шүүх дээрх байдлаар дүгнэлт хийсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэж заасныг зөрчсөн. Авилгын эсрэг НҮБ-ын конвенцид төрийн албан тушаалтныг ерөнхий байдлаар өргөн хүрээтэй тусгаж өгсөн учир нарийвчилсан зохицуулалтыг хэрэглэх нь зүйтэй. 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Төрийн албаны зөвлөлийн албан бичгээр арилга захиалагчийн албаны хяналтын инженер, тендерийн үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга нь төрийн албан хаагчид хамаарахгүй болох тогтоогдож байна. Хэрэв Б.О нийтийн албан тушаалтанд хамааруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хэргийн хөөн хэлэлцэх хугацааны асуудал яригдана. Тендер хууль бус болохыг тогтоосон бол тендерийн үнийн дүнгээр хохирлын хэмжээг тогтоох эсэхийг шийдвэрлэх нь зүйтэй” гэж дүгнэсэн нь ойлгомжгүй. Хахууль авах гэмт хэргийн улмаас тендерийн ажиллагаа хууль бус болсон бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогчийг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирлын хэмжээг тогтоох учиртай. Дээрх зохицуулалт, хэргийн нөхцөл байдлыг уялдуулж үзэхэд хохирлын хэмжээг тогтоох шаардлагагүй. Тендер шалгарсны дараа барилгын ажил гүйцэтгэх гэрээ хийгдсэн байдаг. Туслан гүйцэтгэгч авах гэрээний заалтын дагуу тохиролцсон иргэний маргаан юм.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Ш.Э өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэл бүхий гарсан. Хамгийн гол нь хэргийн хөөн хэлэлцэх хугацаа гэхээс илүү хэргийн зүйлчлэлийг зөвтгөх нь зүйтэй. Б.О нь Улсын Их Хурлын дэргэдэх Хууль зүйн байнгын хорооноос баталсан жагсаалтаас үзэхэд нийтийн албан тушаалтанд хамаарна. Иймд магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

Прокурор О.Мөнхбаатар хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч Б.О, Ш.Э нарт холбогдох хэргийг хянан хэлэлцсэн давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэл бүхий гарсан. Шүүгдэгч нарын үйлдэлд хууль зүйн дүгнэлт хийж, хэргийн хөөн хэлэлцэх хугацаа, иргэний эрх зүйн маргаан эсэхийг шалгаж, анхан шатны шүүхээр дахин хэлэлцэгдсэний дараа шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна. Иймд магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Б.О гаргасан гомдлыг үндэслэн Ш.Э, Б.О нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Прокуророос Б.О тендерийн үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж Дэлхийн банкны буцалтгүй тусламжаар Сүхбаатар дүүргийн 17, 18 дугаар хороодод баригдах хүүхдийн цэцэрлэгийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер зохион байгуулах явцдаа, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, түүнтэй холбогдуулан гаргасан хууль тогтоомжийн актын холбогдох заалтуудыг тус тус зөрчин, тендерийн баримт бичгийн шаардлага хангаагүй “Эерэг туйл” ХХК-ийг компанийг тендерт шалгаруулж, албан үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсний төлөө 556,903,508 төгрөгийн төсөвт өртөгтэй хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажлыг өөрийн эзэмшлийн компаниар гүйцэтгүүлэхээр хахууль авсан, мөн 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр “Эерэг туйл” ХХК-ийн захирал Ш.Э 35,000,000 төгрөг зэргийг хахуульд авсан,

“Эерэг туйл” ХХК-ийн захирал Ш.Э нь Боловсрол шинжлэх ухааны яамнаас 2013 оны 08 дугаар сард зарлагдсан Дэлхийн банкны буцалтгүй тусламжаар Сүхбаатар дүүргийн 17, 18 дугаар хороодод баригдах хүүхдийн цэцэрлэгийн 2 барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт өөрийн “Эерэг туйл” ХХК-нд давуу байдал бий болгон шалгаруулсны төлөө Б.О 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах 556,903,508 төгрөгийн төсөвт өртөгтэй барилгын ажлыг Б.О эзэмшлийн “Хээгт рашаан” ХХК-иар гүйцэтгүүлэхээр хахуульд өгсөн, улмаар 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Б.О 35,000,000 төгрөгийг хахуульд өгсөн хэрэгт холбогуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүгдэгч нарын үйлдсэн хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийхдээ тэдгээрийн үйлдэлд холбогдох гэмт хэргийн шинжийг зөв тодорхойлж, хэргийн зүйлчлэлийг зөв тогтоолгүйгээр Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байхад уг алдааг зөвтгөлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон хэргийг прокурорт шилжүүлж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болжээ.

Тодруулбал, давж заалдах шатны шүүхээс гэмт хэрэгт холбогдсон Б.О эрхэлж байсан ажил, албан тушаалын байдалд хууль зүйн зөв дүгнэлт өгөх ёстой байсныг дурдан, түүний үйлдлийг 2002 оны болон 2015 оны Эрүүгийн хуулиуд дахь албан тушаалын болон авилгын гэмт хэргийн бүлгүүдэд тодорхойлсон аль гэмт хэргийн шинжид хамаарч байгаа эсэх талаар хууль зүйн дүгнэлт хийх, Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалт түүний агуулгыг буруу тайлбарлан хууль хэрэглээний алдаа гаргасан, энэ нь шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шөлгөх ажиллагаанд хамаарч байгааг харгалзан үндэслэл бүхий шийдвэр гаргасан байна гэж дүгнэлээ.

Түүнчлэн Б.О нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Ш.Э давуу байдал бий болгон 1,200,000,000 төгрөгийн өртөг бүхий тендерт шалгаруулж, уг тендерээс 556,903,508 төгрөгийн өртөг бүхий тендерийн ажлыг өөрийн хамаарал бүхий хүний компани болох “Хээгт рашаан” ХХК-иар гүйцэтгүүлэхээр тохиролцож буй үйлдэл нь Эрүүгийн хуулиар хориглосон хахууль авах үйлдэл, эсхүл эрүүгийн хуулиар хориглолт тогтоосон өөр хэм хэмжээнд тусгагдсан үйлдэл, эс үйлдэхүйн шинжийг агуулж байгаа эсэх талаар зайлшгүй дүгнэлт хийх шаардлагатай бөгөөд энэхүү нөхцөл байдал нь шүүх эрх мэдлийн хувьд төрийн нэрийн өмнөөс хэрэгжүүлсэн аливаа ажиллагаанд хүн болон аж, ахуй нэгж байгууллагын эрх, эрх чөлөө зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх, түүнийг хууль зүйн арга хэрэгслээр баталгаатай хангах, нөгөө талаас төрөөс тогтоосон хууль, хэм хэмжээ буюу эрх зүйг хамгаалах чиг үүрэгт хамаардаг болохыг дурдах нь зүйтэй.

Дээр дурдсан шүүгдэгч нарын үйлдэл, түүний шинжид хийвэл зохих хууль зүйн дүгнэлт бүрэн бус, энэ талаар шалгагдвал зохих зарим нөхцөл байдлууд шалгагдаагүй байгаа нь хэргийн нотолбол зохих байдлууд бүрэн тогтоогдоогүй үндэслэлд хамаарч байгаа болно.

Шүүхийн шийдвэрт нөлөөлж болохуйц дээрх нөхцөл байдлууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан “Хэргийн бодит байдлыг тогтоох”-д чухал ач холбогдолтой тул анхан шатны шүүхийн шийдвэр хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон магадлалыг хэвээр үлдээж, хэргийг прокурорт буцааж байгаа тул шүүгдэгч нарын гэм бурууд эцэслэн дүгнэлт хийгээгүй бөгөөд шүүгдэгч Б.О бичсэн “...давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тул магадлалыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээлгэх” агуулгатай гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дүгээр сарын 04-ний өдрийн 216 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 177 дугаар магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.О хяналтын шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

                                   

ДАРГАЛАГЧ                                                   Б.ЦОГТ

ШҮҮГЧ                                                            Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                        Б.БАТЦЭРЭН

                                                                        Ч.ХОСБАЯР

                                                                         Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН