Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2022/00930

 

 

 

 

 

 

 

 

2022 05 16 210/МА2022/00930

 

 

ЗТХЯны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Н.Батзориг, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2022/01005 дугаар шийдвэртэй

ЗТХЯны нэхэмжлэлтэй ЧГИКХХК-д холбогдох

Замын ажлын доголдол арилгах зардалд 22,498,896,382 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, ажлын хөлсний үлдэгдэл, нэмэлт ажлын хөлс 3,610,326,606 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц Д.О хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Т прокурор Ш.О шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Зам, тээврийн яам нь гүйцэтгэгч ЧГИКХХК-тай Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км хатуу хучилттай авто замын барилгын ажил гүйцэтгэх 83 тоот гэрээг 2013 оны 05 дугаар сарын 21-ний өдөр байгуулж, 2014 оны 08 дугаар сарын 28-ны өдөр уг гэрээг шинэчлэн С-АЗ-Б 2014-135/163 тоот гэрээ байгуулсан. Гүйцэтгэгч ЧГИКХХК-аас 2014 оны 08 дугаар сард зам барилгын ажлыг бүрэн дуусгасан тул ашиглалтад оруулна гэсэн хүсэлт гаргасны дагуу тус яамнаас авто зам, замын байгууламжид чанар байдлын дүгнэлт гаргах баг томилогдож замын нийт уртад шалгалт хийн 7 төрлийн үүрэг даалгавар өгсөн.

Зам барилгын ажилд хяналт тавих үүрэг бүхий зөвлөх компани буюу Авто замын хяналт, эрдэм шинжилгээ, судалгааны төв улсын үйлдвэрийн газрын 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 1/545 тоот албан бичгээр гүйцэтгэгч компани нь чанар байдлын дүгнэлт гаргах багаас өгсөн үүрэг, даалгаврын дагуу чанаргүй гүйцэтгэсэн ажлыг засаж дуусгасан тул уг авто замыг улсын ашиглалтад оруулах комиссыг ажиллуулах хүсэлтийг ирүүлсэн. Үүний дагуу Зам, тээврийн яамны төрийн нарийн бичгийн даргын 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 435 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг ажиллаж, 2014 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн чанар байдлын дүгнэлтээр илэрсэн зөрчил, дутагдал бүрэн арилаагүй тул ашиглалтад оруулах боломжгүй бөгөөд өмнө нь илэрсэн зөрчил, дутагдлыг бүрэн арилгах үүргийг гүйцэтгэгч компанид дахин өгсөн.

Түүнчлэн Зам, тээврийн сайдын 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 09 дүгээр тушаалаар байгуулагдсан Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2014 онд хэрэгжсэн төсөл арга хэмжээний гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээ дүгнэх ажлын хэсгээс чанар байдлыг тогтоох багийн гаргасан үүрэг даалгаврын биелэлтийг ирүүлэх, гэрээний хугацааг сунгахгүй алданги тооцох, хөндлөнгийн шинжээчийг томилж дүгнэлт гаргуулахаар шийдвэрлэсний дагуу тухайн замд хяналт тавин ажилласан Зам тээврийн хөгжлийн төв төрийн өмчит үйлдвэрийн газрын даргын 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 40 дүгээр тушаалаар томилогдсон ажлын хэсгийн дүгнэлтээр 12.8 км замын хөлдөлтөөс хамгаалах үе, буталсан чулуун суурь, асфальт бетон хучилтыг шинээр хийх, үлдэгдэл 37.2 км замд 3 см зузаан өнгө үе хийх шаардлагатай гэж үзэж эдгээр ажлыг 10,945,921,481 төгрөгөөр хийж гүйцэтгэх тооцоо гаргасан.

Төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 08 дугаар сарын 12-ны өдөр баталсан удирдамжийн дагуу ажилласан ажлын хэсэг 2014 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн чанар байдлын дүгнэлт, 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 435 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгээс өгсөн үүрэг, даалгаварт заасан зөрчил, дутагдал арилгах арга хэмжээг гүйцэтгэгч ЧГИКХХК аваагүй болохыг тогтоосон.

Гүйцэтгэгч ЧГИКХХК нь Зам, тээврийн яамнаас удаа дараа өгсөн үүрэг, даалгаврыг биелүүлээгүй тул уг гэрээний ерөнхий нөхцөлийн 14.2.1.а-д заасны дагуу гэрээ цуцлах мэдэгдлийг Төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 03/5207 тоот албан бичгээр хүргүүлсэн. Гүйцэтгэгч компанийн барьж дуусгасан замын хучилт их хэмжээгээр эвдэрсэн нь осол гарах нөхцөл бүрдүүлсэн, чанарын шаардлага хангаагүй, стандарт норм, дүрэм, техникийн шаардлага зөрчиж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан тул захиалагчаас улсыг хохиролгүй болгох, хохирлыг гүйцэтгэгчээс гаргуулах нь зүйтэй. Тус компани нь гэрээний ерөнхий нөхцөлийн 7.5, 10.1, 14.1 дэх заалт, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн.

ЧГИКХХК нь Зам, тээврийн яамнаас удаа дараа өгсөн үүрэг, даалгавар болон гэрээ цуцлах мэдэгдлийн дагуу арга хэмжээ аваагүй тул Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт заасанд нийцээгүй. Иймд ЗТХЯны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны А/61 дүгээр тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлт болон Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-ийн 2021 оны 1/684 дугаар албан бичгээр засварын ажлын тоо хэмжээ, төсөвт өртгийг тооцон гаргаж, лабораторийн шинжилгээг баталгаажуулан ирүүлснийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км хатуу хучилттай авто замыг байнгын ашиглалтад оруулахад шаардлагатай 22,498,896,382 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км авто замын далан, суурийн ажлыг Насны Зам ХХК нь 2008-2010 онуудад хийж гүйцэтгээд Зам, тээврийн яамны хяналтаар баталгаажин, Сангийн яамнаас 100 хувь санхүүжилтээ авч улсын комисст хүлээлгэн өгснийг үргэлжлүүлэн зөвхөн буталсан чулуун суурь, асфальт бетон хучилтын ажилд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Худалдан авах ажиллагааны газраас зарласан тендерт 2013 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр ЧГИКХХК тендерт ялсан.

Зам, тээврийн яам, Худалдан авах ажиллагааны газартай 2013 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 12,565,165,875.36 тэрбум төгрөгөөр санхүүжигдэх төсөл гүйцэтгүүлэхээр 83 тоот гэрээ байгуулж, ажлаа эхлэхэд өмнөх гүйцэтгэгчийн далан болон суурийн ажил, хоолойнууд нь дутуу, чанарын шаардлага хангаагүй зэрэг ноцтой зөрчлүүд илэрсэн. Энэ зөрчлийн талаар хугацаа алдахгүйгээр Зам, тээврийн яаманд албан ёсоор цаг тухайд нь мэдэгдсэн. Хэрвээ далангийн ажил чанаргүйг албан ёсоор мэдсэн бол манай компани энэ ажлыг авахгүй, тендерт оролцохгүй байсан. Насны Зам ХХК-ийн барилгын ажлын 2010 оны гэрээг дүгнэсэн 2011 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн актыг шүүхийн журмаар гаргуулсан ба энэ актаас үзвэл далангийн ажил, ухмалын ажил, хөлдөлтөөс хамгаалах үе 100 хувь хийгдэж, хиймэл байгууламжийн ажил 80 хувь, буталсан чулуун суурь, асфальтбетон хучилт, замын тоноглолын ажлууд хийгдээгүй байсан нь харагддаг. ЗТХЯ нь Насны Зам ХХК-ийн далангийн ажлыг чанаргүйг илрүүлж мэдсэн атлаа уг замын ажлыг Насны Зам ХХК-аар хийлгэж дуусгахгүйгээр гэрээгээ цуцалж 100 хувь санхүүжилтээ өгсөн. ЧГИКХХК нь гэрээ хийсэн учир 2013 оны 06 дугаар сараас 2015 оны 06 дугаар сар хүртэл ажиллаж, 2014 оны 07 дугаар сараас замын хөдөлгөөн нээгдсэн. Энэ хугацаанд захиалагчаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж ирснээс гадна өөрийн 2,300,000,000 төгрөгөөр гэрээнд заагаагүй ажлыг хийж гүйцэтгэн улсын комисст хүлээлгэн өгөх гэсэн боловч үндэслэлгүй шалтгаанаар ажлыг хүлээж аваагүй.

Захиалагчийн хяналтын инженерийн өдөр тутмын удирдлага дор тус компани ажилласан. Авто тээврийн хөгжлийн төв улсын үйлдвэрийн газар болон захиалагч нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсгүүд буталсан чулуун суурь, асфальтбетон хучилтын ажлын чанарт удаа дараа дүгнэлтүүд гаргасан. Зам, тээврийн яам, Зам тээврийн яамны хөгжлийн төвөөс томилогдсон хяналтын инженерүүд нь 2012 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн А/23 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт хяналтын багийн инженерүүдийн ажиллах журмаа мөрдөн ажилласан ба ажлын тайланг тухай бүр гаргаж байсан.

Насны Зам ХХК-ийн ажлын ноцтой дутагдлуудыг нуун дарагдуулж 3 см-ээр дахин асфальтаар бүхэлд нь хучих, ажил хийлгэх гэсэн нь 2013 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 83 тоот гэрээний тусгай нөхцөл болох 45.0, 46.0, 57.0 заалтуудыг ноцтой зөрчиж улсад учруулсан хохирол мэтээр бичиж нэхэмжилсэн. Нэхэмжлэлд 12.8 км замын хөлдөлтөөс хамгаалах үе, буталсан чулуун суурь, асфальтбетон хучилтыг шинээр хийх 37 км замд 3 см зузаан өнгө үе хийх шаардлагатай гэж үзэхэд эдгээр ажлыг хийж гүйцэтгэх үндэслэлгүй тооцоо гаргасан.

2014 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Зам тээврийн яамны ажлын хэсгийн ахлагч Ц.Батжаргалын ажлын тайлан дүгнэлтэд 50 км замын асфальтбетон хольцны орц алдагдсан, нийт уртад барзгар, торон хагарал ихтэй учир 3 см-ээр нийтэд нь хучих шаардлагатай гэжээ. Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 7/096/210 тоот дүгнэлтэд далангийн материалын урсалтын хязгаар 35 хувь, уян налархай индекс 6 хувиас их, ачаа даацын харьцаа 30 хувиас бага байгаа нь замын тус хэсэгт зураг төсөл, техникийн шаардлага хангахгүй материалаар далангийн дүүргэлтийн ажил хийгдсэн нь торон хагарал үүсч эвдрэл гарах нөхцөлийг бүрдүүлсэн гэжээ.

Хөндлөнгийн шинжээч Лабо ХХК-ийн 2015 оны 06 дугаар сард гаргасан дүгнэлтэд 2010 оны 06 дугаар сараас 10 дугаар сар хүртэл хугацаанд буюу Насны Зам ХХК-ийн авто зам, барилгын ажил гүйцэтгэж байх үед Ц.Батжаргалыг өдөр тутмын хяналтын инженерээр томилон ажиллуулж байжээ. Ц.Батжаргал, н.Уранчимэг, н.Өлзийсайхан нар туршилт хийхгүйгээр далангийн үеүдийн зөвшөөрлийг 1-3 км-ээр шууд гарын үсгээр баталгаажуулсан. Насны Зам ХХК болон хяналт хийсэн байгууллагын хариуцлагагүй үйл ажиллагаанаас болж шаваргүй материалыг ялгаж чадахгүй 10-45 хувийн шавар агуулсан материалаар далангийн дүүргэлт, хөлдөлтөөс хамгаалах үеийг барьсан. Гүйцэтгэгчийн хийж буй шинжилгээ, талбайн ажлыг хянах чадваргүй инженерүүдийг томилсон ба цаашид далан, хөлдөлтөөс хамгаалах үед хэсэгчилсэн буюу бүрэн солилт хийсний үндсэн дээр асфальтбетон дэвсэх шаардлагатай гэж үзэж байна гэжээ.

2015 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 1/451 тоот Зам, тээврийн яамны хөгжлийн төв төрийн өмчит үйлдвэрийн газраас ажлын хэсгийн дүгнэлт гаргахдаа далангийн дүүргэлтийн материал нь 10-45 хувийн шаварлаг уян налархай индекс 7-22 хувь байгаа нь техникийн шаардлагад заасан уян налархайн индекс 7-оос бага байна гэсэн заалт зөрчигдөж байгаа тул 12.8 км замын даланг 60-100 см гүнд хөлдөлтөөс хамгаалах үед болон буталсан чулуу суурийн хамт сольж асфальтбетон хучилтыг дахин хийх, 37.2 км замын асфальтбетон хучилтыг 3 см-ийн зузаантайгаар хүчитгэх шаардлагатай гэжээ.

Манай компани далантай холбоотой ажлыг хийхгүйгээр зөвхөн хучилтын ажил хийхээр гэрээ хийсэн. Мөн 2020 онд шүүхийн журмаар томилогдсон шинжээчийн дүгнэлтээр далангийн ажил муу гүйцэтгэснээс замын суурийн ажил эвдрэл үүссэн нь тогтоогдож байна. Компани нь автозамын далангийн эвдрэлийг засахын тулд хучилтаар тавьсан асфальтаа эвдэж 1 метрийн гүнд байгаа шаардлага хангаагүй далангийн материалыг солих зэрэг гэрээгээр үүрэг хүлээгээгүй ажлыг хийх ёсгүй. Ц.Батжаргал нь ажлын чанар байдлын дүгнэлт гаргасан ажлын хэсгийн ахлагчаар ажилласан ба одоо Зам, тээврийн яамны хяналт бүртгэлийн газрын ахлах мэргэжилтнээр ажиллаж, чанар байдлын талаар удирдаж гаргасан дээрх дүгнэлтээ үндэслэн нэхэмжлэл гаргаж байгааг зөвшөөрөхгүй.

2014 оны 08 дугаар сарын 30-ны өдөр ажлын талбай дээр захиалагчийн техник, ашиглалтын түвшин тогтоох баг ажиллаж холбогдох үүрэг даалгавар өгсөн ба бид техникийн шаардлагын дагуу 2014 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс 09 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд ажлаа хийж гүйцэтгэсэн. 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Зам, тээврийн яамнаас улсын комисс томилогдон 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 50 км замыг нийтэд нь дахин 3 см хучих үүрэг өгсөн. Гэвч манай компани уг замыг нийтэд нь дахин 3 см хучих үүрэг өгсөн нь үндэслэлгүй.

Авто замын хучилт нь далангийн чанараас шалтгаалдаг ба 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр манай компанийн ерөнхий инженер талбайд дахин шалгалт хийхэд торон хагарал үүссэн байсан. Эдгээр эвдрэлийн ихэнх нь 2014 онд илэрсэн далангийн материал шаардлага хангахгүй хэсгүүдэд үүссэн нь тогтоогдсон.

2015 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Авто замын хяналт, эрдэм шинжилгээ, судалгааны төв, тус төвийн итгэмжлэгдсэн төв лаборатори зэрэг бүрэлдэхүүнтэй хамтарсан ажлын хэсэг мөн манай талбай дээр хяналт шалгалт хийсэн ба Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 07/056/210 тоот дүгнэлтээр нилээд хэсгүүдэд техникийн шаардлага хангахгүй материалаар далангийн дүүргэлтийн ажлыг гүйцэтгэсэн нь торон хагарал үүсч, эвдрэл гарах нөхцөлийг бүрдүүлсэн.

2015 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс 05-ны өдрийн хооронд Зам, тээврийн яамны ажлын хэсэг манай замд чанар, байдлын эцсийн дүгнэлт гаргах зорилгоор ажилласан ба уг дүгнэлтэд талбайд үүсч байгаа эвдрэл нь далангийн материалаас шалтгаалсан гэж үзэх 12.832 метр урт газарт хөлдөлтөөс хамгаалах үе болон буталсан чулуун суурь бүрэн сольж хучилт хийх шаардлагатай гэж дүгнэсэн. Уг дүгнэлтэд 12.8 км замын даланг 60-100 см гүнд, хөлдөлтөөс хамгаалах үе болон буталсан чулуун суурийн хамт сольж асфальтбетон хучилтыг дахин хийх, 37.2 км замын асфальтбетон хучилтыг 3 см-ийн зузаантайгаар хүчитгэх гэсэн байсан.

Далангийн чанар муугаас хучилтад нөлөөлсөн, технологийн болон өдөр тутмын хяналтыг захиалагч байгууллагын хяналтын инженерүүд гүйцэтгэж, тэдний хяналтын дор ажлыг гүйцэтгэсэн учир шууд буруутгах үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: ЧГИКХХК нь Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км авто замын асфальтбетон хучилтын ажлыг гүйцэтгэхдээ тендерийн тусгагдаагүй даланг засах нэмэлт ажлыг өөрийн хөрөнгөөр хийсэн ба 1,800,136,187.49 төгрөг болсныг зөвлөх компани буюу Авто замын хяналт, эрдэм шинжилгээ, судалгааны төвийн хяналтын инженерүүд баталгаажуулан захиалагчид хүргүүлсэн.

Авто замын хучилтын торон хагарлын шалтгаан нь ажил гүйцэтгэсэн өмнөх компани замын даланг чанаргүй хийснээс болж суулт үүссэн нь Мэргэжлийн хяналтын газрын 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн дүгнэлт, Зам тээврийн хөгжлийн төвийн 09 дүгээр сарын 17-ны өдрийн дүгнэлтүүдээр тогтоогддог бөгөөд ажлын гологдол нь өмнөх компанийн хийж гүйцэтгэсэн ажлаас хамааралтай ч захиалагчаас өгсөн үүрэг даалгаврын дагуу барзгаржилттай хэсэгт буюу асфальтын зузаан хангалтгүй цэгүүдэд 1,3 км-т 3 см асфальт дэвсэн торон хагарал үүссэн газруудын далангийн суурь бүтцийг засан дахин хучилт хийсэн ажлын зардалд 2014 онд 391,602,471 төгрөг, 2015 онд 161,799,757 төгрөг, гэрээнд тусгагдаагүй хоолойн ажил 18,826,696 төгрөг, 2014 оны хяналтын инженерийн зардал 13,054,600 төгрөг дээр 2013, 2014 онд илүү хийж гүйцэтгэсэн ажлын зардлын хамт нийт 2,385,419,712 төгрөгийн зардлыг өөрийн хөрөнгөөр гүйцэтгэсэн.

Талууд гэрээ байгуулан ажил гүйцэтгэх явцад захиалагчийн хүсэлтийн дагуу өөрийн хөрөнгөөр нэмэлт ажлуудыг гүйцэтгэсэн гүйцэтгэлийн хөрөнгө, мөн гэрээний гүйцэтгэл 10 хувийг нэхэмжилж байна. Тендерийн дагуу гүйцэтгэх ажлаа манай компани 100 хувь гүйцэтгэсэн боловч санхүүжилтийн 90 хувийг авсан, үлдсэн 10 хувь болох 1,256,516,487 төгрөгийг Монгол Улсын Хөгжлийн банк ХХК-аас, 2013-2015 онуудад өөрийн хөрөнгөөр гүйцэтгэн ЗТХЯны баталгаажуулсан ажлын 2,353,810,119 төгрөг, нийт 3,610,326,606 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан татгалзал, тайлбарын агуулга: ЧГИКХХК нь 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө замыг ашиглалтад оруулахаар үүрэг хүлээсэн боловч өнөөдрийг хүртэл хүлээлгэн өгөөгүй. Мөн тус зам, барилгын ажилд зохиогчийн хяналт хийсэн Эм Си Пи Жи Ар ХХК-ийн 08 дугаар сарын 29-ний өдрийн барилгын ажилд зохиогчийн хяналт хийсэн дүгнэлтээр нийт 31 зөрчил, дутагдал илэрсэн. Гэрээнд заасан үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй.

2014 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 311 дугаар тушаалаар байгуулагдсан Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км хатуу хучилттай авто замын ажилд ажлын хэсгийн бүрэлдэхүүний дүгнэлтээр нийт 9 зөрчил, дутагдал илэрсэн ба компани зөрчлийг одоог хүртэл арилгаагүй. Мөн сөрөг нэхэмжлэлийн үнийн дүнг ямар баримт, материалыг үндэслэн нэхэмжилсэн талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй тул сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй гэжээ.

 

5. Прокурорын тайлбарын агуулга: Хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтүүдээр замын эвдрэлийн асуудал нь далан барьсан Насны зам ХХК болон хучилт хийсэн ЧГИКХХК-ийн хэн алины ажлын гүйцэтгэлтэй холбоотой болох нь тогтоогдсон.

ЧГИКХХК нь гэрээний холбогдох заалтуудыг зөрчсөнөөс гадна үүсэж болох эрсдэлийг тооцоолох байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч компани Насны зам ХХК-аас өөрт учирсан гэм хорын хохирлоо Иргэний хуулийн 497 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэх эрх нээлттэй.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд ажлын зөрчил, дутагдлыг өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэхээр гэрээнд заасан ба хийж гүйцэтгэсэн ажлыг хүлээн авсан акт үйлдэгдээгүй нь илүү гүйцэтгэсэн ажил болох нь бүрэн нотлогдоогүй гэжээ.

 

6. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч ЗТХЯны хариуцагч ЧГИКХХК-д холбогдуулан гаргасан 22,498,896,382 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл, хариуцагч ЧГИКХХК-ийн нэхэмжлэгч ЗТХЯанд холбогдуулан гаргасан 3,610,326,606 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч ЧГИКХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18,367,631 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

7. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга: ЗТХЯны Төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 347 дугаар тушаалаар томилогдсон ажлын хэсэг ажлыг хүлээн авахад асфальтбетон хучилтын нийт уртад чулууны ялгарал үүссэн тул замыг 3 см асфальтбетоноор хүчитгэх, удаа дараа гүйцэтгэгч компанид өгсөн чанар байдлын дүгнэлтээр гарсан зөрчлүүдийг бүрэн арилгаагүй байсан.

Иймд тухайн зам барилгын ажлыг хүлээн авах боломжгүй гэсэн дүгнэлтийг шүүх ажлын хэсэг байгуулаагүй, үүнтэй холбоотой дүгнэлт гаргаагүй гэж үзсэн нь Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1, 350.1.6-д заасныг зөрчсөн.

Гүйцэтгэгч байгууллагад олгосон 22,498,896,382 төгрөгийн санхүүжилт нь хариуцагчийг техникийн чанарын шаардлага хангасан зам барилгын ажил хийгдсэнийг тодорхойлоогүй бөгөөд зөвхөн зам барилгын ажлыг хугацаандаа гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлсэн үйл ажиллагаа юм.

Иймд Засгийн газрын 2012 оны 151 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад оруулах дүрэмд чанар байдлын эцсийн байдлаар шалгаж дүгнэлтийг гаргана гэж тодорхойлсон нь ажлыг эхлэх, үргэлжлэх, дуусгах шат хүртэлх зам засварын ажлын чанараас үл хамааран санхүүжилт үргэлжлэх байтал шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар тус нотлох баримтыг үнэлээгүй.

Шүүх ажлын хэсгийн дүгнэлтүүдийг үндэслэн талуудын хооронд байгуулагдсан гэрээний ерөнхий нөхцөлийн 14.2.1.а, Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасныг үндэслэлгүй гэж үзэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээгээр ОХУ-д үйлдвэрлэсэн 90/130 битумыг ашиглахыг зөвшөөрч техникийн тодорхойлолтыг баталсан боловч гүйцэтгэгч компани нь БНХАУ-ын 90/110 битумыг ашиглаж хучилтын ажил гүйцэтгэснийг гүйцэтгэгч хүлээн зөвшөөрсөн. Гэтэл шүүх Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6-д заасныг баримтлан далангийн суурийн ажлаас замын эвдрэл шалтгаалсан гэж үзсэн нь үндэслэлгүй, хэрэгт авагдсан Лабо ХХК-ийн дүгнэлт, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дүгнэлтийг үндэслэж авто замын эвдрэлийг зөвхөн далангаас шалтгаалсан гэж дүгнэснийг зөвшөөрөхгүй.

Мөн шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасан хуулийн зохицуулалтыг хэрэгжүүлэлгүй шинжээч нарын дүгнэлт нь шүүхээс тавьсан асуултад бүрэн хариулсан эсэхийг нягтлаагүй, тэдний дүгнэлт гаргах эрх олгогдсон талаар тодруулах хүсэлтийг хангаагүй хэргийг шийдвэрлэсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

8. Хариуцагчийн давж заалдах гомдолд гаргасан тайлбар: ЗТХЯ ажил гүйцэтгэхэд зориулагдсан үйл ажиллагааны зардлын төсөв 22,498,896,322 төгрөгийг олгосон гэж гомдолдоо дурдсан. Энэ хэрэг 6 жил үргэлжилсэн ба нэхэмжлэгч нь 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Давж заалдах шатны шүүхээс шинжээч томилох хүсэлтийг хүлээж аваагүй гэх үндэслэлээр хэргийг 3 удаа буцаасан. 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс 2 жилийн хугацаанд шинжээч томилж, шинжээчийн дүгнэлт гарсан боловч шүүх шинжээчийн дүгнэлтийг харгалзан үзэлгүй шийдвэр гаргасан. Шинжээчийн дүгнэлтэд ЧГИКХХК-ийн гүйцэтгэсэн ажилд доголдол гараагүй, техникийн шаардлага хангасан гэдэг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.4 дэх хэсэгт зааснаар эцэслэн шийдвэрлэвэл дахин маргаан гарахгүй гэжээ.

 

9. Прокурорын гомдолд гаргасан тайлбар: Шинжээч 12км замын хувьд ЧГИКХХК-ийн буруутай үйл ажиллагаа байна гэж дүгнэсэн. Дүүргэлтийн ажил хариуцагчийн хариуцсан ажил биш боловч гэрээт ажлын дагуу хийж гүйцэтгээгүй гэх асуудлаар дүүргэлтийн ажлыг давхар хийлгүүлсэн. Хөлдөлтөөс хамгаалах үе давхаргыг замын зарим хэсэгт хийсэн, зарим хэсэгт чанаргүй хийсэн талаар шинжээчийн дүгнэлт гарсан. Хоёр компанийн чанаргүй хийсэн ажил байхад Насны зам ХХК-ийн далангийн ажилтай холбогдуулж гаргасан шинжээчийн дүгнэлтийг үндэслэж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2.   Нэхэмжлэгч ЗТХЯ нь хариуцагч ЧГИКХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний ажлын доголдлыг арилгуулах зардалд 22,498,896,382 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, ажлын хөлсний үлдэгдэл 1,250,039,551 төгрөг, нэмэгдэл ажлын зардал 2,391,896,648 төгрөг, нийт 3,641,936,199 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ. /хэргийн 1 дүгээр хавтасны 1-3, 8 дугаар хавтасны 1984-1985 дахь тал/

 

3.   Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км хатуу хучилттай зам барилгын ажил нь далангийн ажил, ухмалын ажил, хөлдөлтөөс хамгаалах үе, хиймэл байгууламжийн ажил, буталсан чулуун суурь, асфальтбетон хучилтын ажил, замын тоноглолын ажлаас тус тус бүрдсэн болох нь хэргийн баримтаар тогтоогдсон.

 

Дээрх ажлаас далангийн ажил, ухмалын ажил, хөлдөлтөөс хамгаалах үе, хиймэл байгууламжийн ажлыг Насны зам ХХК, харин буталсан чулуун суурь, асфальтбетон хучилтын ажил, замын тоноглолын ажлыг ЧГИКХХК тус тус хийж гүйцэтгэжээ. Тодруулбал:

 

3.а. ЗТХЯ нь Насны зам ХХК-тай 2010 оны 07 дугаар сарын 05-ны өдөр гэрээ байгуулж, гүйцэтгэсэн ажлыг 2011 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авчээ. /хэргийн 7 дугаар хавтасны 1538-1539, 1540-1542 дахь тал/

 

З.б. Зам, тээврийн яам нь ЧГИКХХК-тай 2013 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км хатуу хучилттай зам барилгын ажлыг гүйцэтгэх гэрээ байгуулсныг 2014 оны 08 дугаар сарын 28-ны өдөр шинэчилж, уг гэрээгээр зам барилгын ажлыг 12,565,164,875.36 төгрөгөөр гүйцэтгэж, 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ашиглалтад өгөхөөр талууд тохиролцжээ. /хэргийн 1 дүгээр хавтасны 09-35, 135-154 дэх тал/

 

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ гэж зөв тодорхойлж, уг гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

 

4.   Хариуцагч ЧГИКХХК гүйцэтгэсэн ажлаа хүлээлгэн өгөх хүсэлт гаргаснаар ЗТХЯнаас 2014 оны 08 дугаар сарын 30-ны өдөр ажлын хэсэг ажиллаж, 9 төрлийн ажлыг засах үүрэг өгч, үүний дараа дахин ажлын хэсэг болон улсын комисс 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр, 2015 оны 08 дугаар сарын 12-ны өдөр, 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдрүүдэд ажиллаж, хариуцагчийн гүйцэтгэсэн замын барилгын ажлыг шалгаж дутуу, доголдолтой чанаргүй гүйцэтгэсэн ажлыг засах үүрэг даалгаврыг бүрэн биелүүлээгүй тул алдаа дутагдлыг засахыг даалгажээ.

 

Улмаар хариуцагч нь зам барилгын ажлын доголдлыг удаа дараа арилгаагүй тул нэхэмжлэгч гэрээг цуцалж, энэ талаар 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр ЧГИКХХК-д бичгээр мэдэгдсэн байна. /хэргийн 1 дүгээр хавтасны 47-48/

 

Дээрх үйл баримтуудаар хариуцагч ЧГИКХХК нь Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6-д заасан захиалагчид доголдолгүй үр дүн шилжүүлэх үүргээ зөрчсөн буруутай болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч ЗТХЯ нь Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч ЧГИКХХК-тай байгуулсан гэрээг цуцалж, учирсан хохирлыг төлүүлэхээр шаардах эрхтэй.

 

Хариуцагчийн гүйцэтгэсэн зам барилгын ажлын талаар гаргасан Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-ын ажлын хэсгийн 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн дүгнэлтэд ...12.8 километр замын хөлдөлтөөс хамгаалах үе, буталсан чулуун суурь, асфальтбетон хучилтыг шинээр хийх, үлдэгдэл 37.2 километр замд 3 см зузаан өнгө үе хийх шаардлагатай гэжээ. Мөн байгууллагаас 2021 онд авто замын шинэчлэлтийн ажлын төсөвт өртгийг 22,498,896,382 төгрөг гэж тодорхойлсон баримт хэрэгт авагджээ. /хэргийн 9 дүгээр хавтасны 2000-2007 дахь тал/

 

5.   Өмнө дурдсанчлан гүйцэтгэсэн ажлын доголдлыг арилгуулах зардлыг нэхэмжлэгч шаардах эрхтэй боловч авто замын шинэчлэлтийн ажлыг хийхэд шаардлагатай 22,498,896,382 төгрөгийг бүхэлд нь хариуцагчаас шаардсан нь үндэслэл муутай байна.

 

Өөрөөр хэлбэл, Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км хатуу хучилттай замын барилгын ажлын доголдол нь захиалагч буюу ЗТХЯ, ажил гүйцэтгэгч Насны зам ХХК, ЧГИКХХК нарын хэн алины буруутай үйл ажиллагаанаас бий болсон байхад уг доголдлыг арилгахад гарах зардлыг ЧГИКХХК-д дангаар хариуцуулах үндэслэлгүй юм. Тайлбарлавал:

 

5.а. Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2013 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 3/3977 тоот албан бичигт Насны зам ХХК-д замын далангийн дутуу ажлыг гүйцээх талаар мэдэгдэж байсан /хэргийн 1 дүгээр хавтасны 226-227 дахь тал/, мөн Лабо ХХК-ийн 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн дүгнэлтэд ...10-45 хувийн шавар агуулсан материалаар далангийн дүүргэлтийн хөлдөлтөөс хамгаалах үе барьсан, уян налархайн индекс техникийн шаардлагад байх ёстой үзүүлэлтээс 3-4 дахин их шавартай материалаар хийгдсэн, далан, хөлдөлтөөс хамгаалах үе нь бүрэн солилт хийгдээгүй хэсгүүдэд дахин эвдрэх магадлал их гэж дурдсан /хэргийн 2 дугаар хавтасны 260-500 дахь тал/, мөн Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлтэд ...замын асфальтбетон хучилт, буталсан суурь болон суурийн доод үеийн далангийн ажлыг техникийн шаардлага хангахгүй материалаар гүйцэтгэсэн нь торон хагарал үүсч, эвдрэл гарах нөхцөлийг бүрдүүлсэн гэж дурдсан /хэргийн 1 дүгээр хавтасны 182-185 дахь тал/ зэргээс дүгнэхэд ...Насны зам ХХК-ийн гүйцэтгэсэн далан, суурийн ажил дутуу, чанаргүй, доголдолтой байсны улмаас доголдол үүссэн... гэх агуулгаар гаргасан хариуцагч ЧГИКХХК-ийн тайлбарыг үндэслэлтэй гэж үзэхээр байна.

 

...Насны зам ХХК-ийн гүйцэтгэсэн ажлыг захиалагч хүлээн авсан тул тус компаниас хохирол шаардахгүй гэх нэхэмжлэгчийн тайлбар дээрх баримтуудаар няцаагдаж байхаас гадна захиалагч гүйцэтгэсэн ажлыг хүлээн авсан гэдэг нь гүйцэтгэсэн ажил доголдолгүй байсан гэж үзэх үндэслэл болохгүйг тайлбарлах нь зүйтэй.

 

5.б. Хариуцагч ЧГИКХХК нь ажлаа хийж гүйцэтгэх явцдаа Насны зам ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын доголдлын талаар 2013 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Авто замын хяналт, эрдэм шинжилгээ, судалгааны төвд, мөн оны 07 дугаар сарын 10, 07 дугаар сарын 15-ны өдрүүдэд Зам, тээврийн яаманд удаа дараа албан бичгээр мэдэгдсэн атлаа уг замын барилгын хучилтын ажлыг гүйцэтгэхээс татгалзах эрхээ хэрэгжүүлэхгүйгээр асфальтбетон хучилтын ажлыг хийж гүйцэтгэсэн нь буруу. /хэргийн 1 дүгээр хавтасны 193, 197, 201/

 

Учир нь ЧГИКХХК нь тусгай зөвшөөрөлтэй, мэргэжлийн байгууллагын хувьд чанаргүй, доголдолтой гүйцэтгэсэн Насны зам ХХК-ийн зам барилгын ажил дээр буталсан чулуун суурь, асфальтбетон хучилтын ажлыг хийж гүйцэтгэх нь замын чанарт нөлөөлнө гэдгийг мэдсээр байж уг ажлыг хийж гүйцэтгэн захиалагчид хохирол учруулсан байх тул түүнийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүй.

 

Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй тул нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангана.

 

5.в. Зам, тээвэр, хот байгуулалтын яам /хуучнаар/ нь Насны зам ХХК-аар зам барилгын далан суурийн ажлыг гүйцэтгүүлэхдээ захиалагчийн хувьд гүйцэтгэгчийн ажилд хяналт тавьж, гүйцэтгэсэн ажилд шалгалт, туршилт явуулах, зааварчилгааг өгөх, илэрсэн зөрчил гологдлыг мэдэгдэхээр гэрээнд тохиролцсон боловч уг үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, Насны зам ХХК-аас доголдолтой ажлыг хүлээн авч, далангийн ажил, ухмалын ажил, хөлдөлтөөс хамгаалах үе, хиймэл байгууламжийн ажил-ын доголдлыг арилгаагүй байхдаа буталсан чулуун суурь, асфальтбетон хучилтын ажил, замын тоноглолын ажил-ын тендерийг зохион байгуулж ЧГИКХХК-тай гэрээ байгуулсны улмаас хохирол бий болжээ. /5хх1167-1186, 5хх1187-1188/

 

Иймд Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км авто зам барилгын ажлыг доголдолтой гүйцэтгэсэнд аль нэг талд дангаар хариуцлага хүлээлгэх үндэслэл тогтоогдоогүй тул давж заалдах шатны шүүхээс 22,498,896,382 төгрөгийн 33,3 хувь болох 7,492,132,495.2 төгрөгийг хариуцагч ЧГИКХХК-аас гаргуулахаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ. /хэргийн 7 дугаар хавтасны 1538 дахь тал/

 

6.   Сөрөг нэхэмжлэлийн тухайд хариуцагч ЧГИКХХК нь нэхэмжлэгч ЗТХЯанд холбогдуулан ажлын хөлсний үлдэгдэл 1,250,039,551 төгрөг, нэмэгдэл ажлын зардал 2,391,896,648 төгрөг, нийт 3,641,936,199 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасныг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд хариуцагч тал давж заалдах гомдол гаргаагүй тул давж заалдах шатны шүүхээс энэ талаар дүгнэлт хийх шаардлагагүй, талуудын зарчимд нийцүүлэн шийдвэрийн энэ хэсгийг хэвээр үлдээсэн болно.

 

7.   Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийг шүүхээс шинжээчээр томилсон ба уг шинжээчийн дүгнэлт нь шүүхээс тавигдсан асуултад бүрэн хариулаагүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй. Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй. /хэргийн 8 дугаар хавтасны 1744-1795/

 

8.   Төрийг төлөөлж прокурор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо Насны зам ХХК-ийг гуравдагч этгээдээр оролцуулах байсан гэх тайлбар гаргасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт заасны дагуу гуравдагч этгээдийг зохигчдын хэн алины хүсэлтээр, эсхүл уг этгээдийн өөрийнх нь хүсэлтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр татан оролцуулахаар журамласан тул уг ажиллагааг хийгээгүй гэж шүүхийг буруутгах боломжгүй.

 

9.   Дээрх үндэслэлээр үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2022/01005 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч ЧГИКХХК-аас 7,492,132,495.2 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ЗТХЯанд олгож, үлдэх 15,006,763,887 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч ЧГИКХХК-ийн нэхэмжлэгч ЗТХЯанд холбогдуулан гаргасан 3,610,326,606 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж,

2 дахь заалтад ...дурдаж гэсний дараа ...хариуцагч ЧГИКХХК-аас 37,618,612 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулж,... гэж нэмж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасны дагуу нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ