Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2022/00960

 

 

 

 

 

 

 

 

2022 05 20 210/МА2022/00960

 

 

Г.О-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 184/ШШ2022/00884 дугаар шийдвэртэй

Г.Оын нэхэмжлэлтэй, Т.Г, Б.Н нарт холбогдох

2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 1144 бүртгэлийн дугаартай Газрын эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, хохиролд 24,898,928 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч Т.Г-ийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О хариуцагч Т.Г-ийн өмгөөлөгч Б.З шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:Б.Нгийн 2020 оны 05 дугаар сарын сүүлээр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Өвөр гүнтэд газар зарна гэх зар тавьсны дагуу түүнтэй холбоо барихад хадам ээж Т.Г-ийн нэр дээр байдаг манай газар, мөнгийг нь байрны урьдчилгаанд өгнө, тус газарт байшингийн хундаам суурь цутгасан гэж хэлсэн.

Газрыг хамт очиж үзэх гэтэлБ.Нгийн хөл гэмтсэн гэсэн тул утсаар ярьж заалгаад очиход хуучин хундаам цутгасан, тэгш газар байсан тул 8,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцоод, 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөрБ.Н, Т.Гэрэлмаа нарын хамт Чингэлтэй дүүргийн газрын албанд очиж газрын эрх шилжүүлэх гэрээ байгуулж, холбогдох фото зураг, гэрээ, төлбөр төлсөн баримт зэрэг шаардагдах бичиг баримтыг нь бүрдүүлэн өгч,Б.Н, Т.Гэрэлмаа нарт мөнгийг хүлээлгэн өгсөн.

Дараа нь барилгын компаниар байшин бариулахаар тохиролцсоны дагуу барилгын ажил эхлээд бетонон шон, кольцотой тог татаж, намхан хундаам суурийг нь нэмж өндөрлүүлж цутгуулан, Мак блок худалдан авч өрлөг хийлгүүлж байгаад өөр хүний эзэмшлийн газар болохыг мэдсэн.

Б.Нарантуяагийн худалдсан газар нь нэхэмжлэгчийн хэрэгцээ шаардлагад нийцэхгүй, сонгоогүй газар ба нэгж талбарын дугаар нь өөр болохыг сүүлд мэдээдБ.Н, Т.Гэрэлмаа нараас удаа дараа мөнгөө шаардахад хариу өгөөгүй учраас Цагдаагийн байгууллагад хандсан. ХаринБ.Н, Т.Гэрэлмаа нар нь цагдаагийн байгууллагад Г.Оыг хохиролгүй болгож өгнө гэж мэдүүлсэн гэх боловч холбогдоогүй.

Г.О нь Т.ГБ.Нарантуяа нараас худалдаж авсан зуслангийн газар дээрээ байшин барьж эхэлсэн нь өөр хүний эзэмшлийн газар байсан тул энэ талаар Сүхбаатарын дүүргийн иргэний шүүхэд Т.Пүрэвдуламын нэхэмжлэлтэй Г.Од холбогдох хэргийг шийдвэрлэгдсэн шүүгчийн захирамжийг нотлох баримтаар гаргаж өгсөн.

ИймдБ.Нгийн зааж өгсөн газар нь Т.Г-ийн газар ноцтой төөрөгдөлд орж газрын эрх шилжүүлэх гэрээ хийсэн гэж үзэж байгаа тул Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 58.2 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бусд тооцуулна.

Мөн газрын үнэд төлсөн 8,000,000 төгрөг, бусдын эзэмшлийн газар дээр хуучин байсан хундамыг өндөрлөж цутгасан 2,000,000 төгрөг, тог татуулах, стандартын ган болон кольцо хийлгэж, тогны утас худалдан авсан 1,900,000 төгрөг, Мак блок худалдан авсан 6,879,400 төгрөг, барилгын ажил гүйцэтгүүлсэн зардал 4,000,000 төгрөг, хууль зүйн туслалцаа авахад төлсөн 3,000,000 төгрөг, материалын зардал 1,265,000 төгрөг, модны материалын зардал 276,000 төгрөг, нийт 27,320,400 төгрөгөөс 2,421,000 төгрөгийг хасаж, үлдэгдэл төлбөрийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Т.Г-ийн татгалзал, тайлбарын агуулга: Миний бие 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг Г.Отай сайн дурын үндсэн дээр тохиролцон байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн.

Тус гэрээг байгуулах үед өөрийн эзэмшлийн газрын кадастрын зураглал дээрх солбицлын цэгүүдэд ямар нэгэн өөрчлөлт оруулаагүй, анх гэрчилгээ авахад хийлгэсэн кадастрын зургийг газар эзэмших гэрчилгээ, газар эзэмших гэрээний хамт эх хувиар нь хүлээлгэн өгсөн.

Надад Г.Оыг хууран мэхлэх зорилго байгаагүй, түүний тохижуулсан газрыг газар дээр нь биечлэн очиж зааж өгөөгүй, манай бэр утсаар солбицлын цэгүүдийг гар утасны мессежээр явуулсныг Г. Оюунтуул очиж үзээд үнэ хөлсөө тохиролцож худалдан авах гэрээ хийхээр зөвшөөрсөн. Тус газар эрхийн болон биет байдлын доголдолгүй тул гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцох үндэслэлгүй.

Г.Оын төлсөн мөнгийг тухайн үедээ зарцуулж дууссан. Одоогоор тэтгэврээс өөр орлогогүй тул түүнд 8,000,000 төгрөгийг буцаан төлөх чадваргүй. Г.О нь газраа өөрөө очиж үзэх, сонгох болон ямар нэгэн байгууламж барихдаа газрын кадастрын зураглалын цэгт тэмдэглэгээг нарийвчлан шалгах бүрэн боломжтой, энэ зүйлийг гүйцэтгэхэд миний зүгээс ямар нэгэн саад учруулаагүй болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3. ХариуцагчБ.Нгийн татгалзал, тайлбарын агуулга: Г.О нь газраа шалгаад газрын албанд очиж хүсэлт гаргах үүргээ хэрэгжүүлээгүй. Тэрээр буруу газар гэдгийг мэдэх боломжтой байсан атлаа жилийн дараа нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй. Т.Пүрэвдулам, Д.Батсайхан, Г.О нарын хооронд эвлэрлийн гэрээ байгуулсныг шүүх баталсан ба тус шийдвэрт газрын асуудал тусгагдсан. Иймд нэхэмжлэгч нь шийдвэрлэгдсэн зүйлийг дахин шаардах үндэслэлгүй. Нэхэмжлэгчийн хохирол нь нотлох баримтаар нотлогдоогүй, түүнд шаардах эрх үүсээгүй гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.1, 58.4 дэх хэсэгт заасныг баримтлан Т.ГГ.О нарын хооронд байгуулсан 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-г хүчин төгөлдөр бус гэж тооцож,

Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.7 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т.Гэрэлмаагаас 19,723,400 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.Од олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7,597,000 төгрөг болон хариуцагчБ.Нд холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 467,705 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Т.Гэрэлмаагаас улсын тэмдэгтийн хураамжид 256,567 төгрөг 01 мөнгө гаргуулж, нэхэмжлэгч Г.Од олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч Т.Г-ийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: Т.Гэрэлмаа нь Г.Оаас газрын эрх шилжүүлэх гэрээний дагуу авсан 8,000,000 төгрөгийг төлөх ба Г.О нь газрыг шилжүүлж авахдаа Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1 дэх хэсэгт заасан эрх, үүргээ хэрэгжүүлээгүй.

Шүүх 11,723,400 төгрөгийг ямар баримтаар нотлогдсон гэж үзсэн нь тодорхойгүй ба тухайн газарт барилга бариулсан зардал, ажлын хөлс зэргийг шийдвэрлэх боломжгүй юм. МАК блок авсан гэх 6,879,400 төгрөг нь байшин барих зардалд байх боломжтой эсэх нь эргэлзээтэй. Мөн барилгын ажлын хөлс гэх 4,000,000 төгрөгийг ажлын хөлсөд хүлээлгэн өгсөн гэх баримтгүй. Иймд 11,723,400 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын тайлбар: Газрын өмчлөгч Т.Пүрэвдулам нь газраа чөлөөлүүлж авахаар шүүхэд хандсан ба тус хэргийг эвлэрлийн журмаар шийдвэрлэсэн. Тухайн газраас хөдлөшгүй, буулгаж болохгүй хундаам өндөрлөсөн, тог татсан асуудлаар Сонгинохайрхан дүүргийн анхан шатны шүүхэд материалуудаа гаргаж өгөхөд үүнтэй холбоотой төлбөрийг Т.Пүрэвдулмаас гаргуулах ёстой гэж шүүх шийдвэрлэсэн.

Хариуцагч нар Иргэний хуулийн 260 дугаар зүйлийн 260.3 дахь хэсэгт заасны дагуу эрхийн доголдолгүй эд хөрөнгийг худалдах үүргээ биелүүлээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 58.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцож, нэхэмжлэгчид учирсан гэм хорыг гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

2. Нэхэмжлэгч Г.О нь хариуцагч Т.ГБ.Нарантуяа нарт холбогдуулан 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан газрын эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, үр дагаврыг арилгуулж 8,000,000 төгрөг, учирсан хохиролд 19,320,400 төгрөг нийт 27,320,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх явцад нэхэмжлэлийг багасгаж 24,898,928 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

3. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ хариуцагч нар бусдын газрыг худалдсанаас иргэн Т.Пүрэвдуламын газар дээрх хуучин хундаамыг өндөрлөн цутгалт хийж, 4 тал блокон хана өрж, бетонон стандарт шон болон кольцо хийлгэж тог татуулж эд хөрөнгөөр хохирсон гэж тайлбарлаж байна.

 

3.а.Маргааны зүйл болох зуслангийн газар нь Т.Пүрэвдуламын эзэмшлийн газар тул тэрээр Г.Оын хууль бус эзэмшлээс дээрх газрыг чөлөөлүүлэхээр шүүхэд хандаж, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 182/ШШ2022/00332 дугаар шүүгчийн захирамжаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Уг шийдвэрт маргаж буй газар дээрх 7х8 харьцаатай байшингийн хундаам өрсөн 4 тал цагаан блокон өрлөгийг 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор хариуцагч өөрийн зардлаар буулгаж зайлуулах, 4 тал блокон өрлөгийг буулгахдаа байшингийн үндсэн суурь хундаамыг хөндөлгүй орхино гэх агуулга тэмдэглэгдсэн байна.

 

3.б.Харин дээрх зохигчдын эвлэрлийн гэрээнд Т.Пүрэвдулам нь нэхэмжлэгч Г.Од бодитой мөнгө өгөхөөр тохиролцсон гэх байдал шүүгчийн захирамжийн захирамжлах хэсэгт тусгагдаагүй.

 

Иймд Т.Пүрэвдуламын эзэмшлийн газар дээр нэхэмжлэгчийн барьсан 4 тал блокон өрлөгийг бодитойгоор буулгасан эсэх үйл баримт тодорхой бус, хэргийн баримтаар тогтоогдоогүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй юм.

 

Учир нь талууд гэрээ байгуулахдаа ноцтой төөрөгдлийн улмаас төөрөгдөж хэлцэл хийсэн гэх боловч төөрөгдөлтэй холбоотой үүссэн хохирлыг нэхэмжилж байгаа нөхцөлд бодит хохирол буюу 4 тал блокон хана буулгагдсан бол уг материалыг хэн авсан эсэх, хариу төлбөртэй захиран зарцуулагдсан эсэх нь тодорхой бус байна.

 

3.в.Хэргийн 2 дугаар хавтасны 4 дэх талд авагдсан ХААН банк ХХК дахь Г.Оын 5035241009 дугаар депозит дансны хуулгаас үзвэл 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Т.Пүрэвдуламаас эвлэрлийн гэрээний төлбөрт 2,421,572 төгрөг гэсэн гүйлгээний утгаар шилжүүлсэн байна. Энэ төлбөр нь дээрх 4 тал блокон хана нь Т.Пүрэвдуламын газарт үлдэх боломжтой, салгаж үл болох хөрөнгөтэй холбоотойгоор эвлэрлийн гэрээний үнэ гэж төлөгдсөн эсэхийг тодруулах шаардлагатай.

 

Нэхэмжлэгч нь 4 тал блокон өрлөгийг буулган авч газрыг хүлээлгэн өгсөн гэх гэрэл зургийг өгсөн боловч уг гэрэл зургийн он, сар, өдөр тодорхойгүйгээс гадна бодитоор өрлөгийг буулгасан эсэх, үүнтэй холбоотой нотлох баримтууд хэрэгт авагдаагүй байна.

 

3.г.Түүнчлэн, талуудын маргааны үйл баримт, хэргийн шийдэл нь гуравдагч этгээдийн эрх ашигтай хамааралтай, хөндөгдөж болзошгүй байгаа тохиолдолд уг этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах журмыг хуулиар тогтоосон, энэ нөхцөл байдлыг тодруулаагүй нь буруу.

 

Өөрөөр хэлбэл, маргааны зүйл болох газарт үлдсэн хундаам, түүн дээр барьсан байшингийн 4 тал блокон өрлөгтэй холбоотой Т.Пүрэвдуламын эрх ашиг зөрчигдсөн эсэхийг тодруулах шаардлагатай.

 

Анхан шатны шүүх хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг шийдвэрлэсэн тул давж заалдах шатны шүүхээс эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй. Иймд хэргийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 184/ШШ2022/00884 дугаар шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Т.Г-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 202,800 төгрөгийг буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Ц.ИЧИНХОРЛОО

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ