Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2022/01006

 

 

 

 

Б.Зийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 184/ШШ2022/00954 дугаар шийдвэртэй

Б.Зийн нэхэмжлэлтэй, Б.Н, А.У нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 46,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Батхүү, хариуцагч нарын өмгөөлөгч Н.Энхбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. 1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Миний бие хамтран үүрэг гүйцэтгэгч А.Уянгын хамт 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Хаан банк ХХК-тай зээлийн гэрээ байгуулж, 20,000,000 төгрөг зээлснээс А.Уд 10,000,000 төгрөгийг бэлнээр, үлдсэн 10,000,000 төгрөгийг түүний Хаан банк ХХК дахь 5429429551 тоот данс руу шилжүүлсэн.

2021 оны 04 дүгээр сард А.Уянгын ээж Б.Нд 49,000,000 төгрөгийг хүү, барьцаагүй зээлэхээр харилцан тохиролцож, мөнгийг А.Уянгын данс руу шилжүүлсэн. А.У, Б.Н нар нь миний мөнгийг өсгөж өгнө гээд нийт 49,000,000 төгрөг авсан. Үүнээс Б.Н 4,000,000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 46,000,000 төгрөгийг cap бүрийн 20-ны өдрөөс 25-ны өдрийн хооронд 1,000,000-1,500,000 төгрөг төлөхөөр тохиролцсон боловч зээлдэгч нар сайн дураар үүргээ биелүүлэхгүй. Иймд зээлийн гэрээний үүрэгт 46,000,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч талын татгалзал, тайлбарын агуулга: Хариуцагч нар нь Б.Зтэй гэрээ байгуулаагүй, мөн хэрэгт 49,000,000 төгрөг өгсөн гэх баримт авагдаагүй. Б.З нь банкнаас зээл аваагүй, харин дүү нараасаа авсан 20,000,000 төгрөгийг хариуцагч нарт зээлдүүлж, түүнийгээ хүүгийн хамт нийт 111,919,900 төгрөг болгон авсан нь баримтуудаар нотлогдоно. Хариуцагч нар нь 2021 онд 2,000,000 төгрөгөөр 1 удаа, 1,000,000 төгрөгөөр 2 удаа шинэ байр авах мөнгө гэх утгаар нэхэмжлэгчийн данс руу шилжүүлж байсан.

Мөн нэхэмжлэлд дурдсан зээлийн төлбөрийг cap бүрийн 20-ны өдрөөс 25-ны өдрийн хооронд 1,000,000-1,500,000 төгрөгөөр тогтмол төлөх тохиролцоо хийгээгүй. Нэхэмжлэгч Б.З нь байрны мөнгөө өгөхийн тулд хүнээс мөнгө зээлэх шаардлага гарсан тул Б.Нгаар 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хуурамч баримт дээр гарын үсэг зуруулсан гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул Б.Зийн нэхэмжлэлтэй Б.Н, А.У нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 46,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Зийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 387,950 төгрөгийг улсын төсвийн төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга: Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн. Нэхэмжлэгч Б.З нь хариуцагч А.Уянгын Хаан банк ХХК дахь 5429429551 тоот данс руу 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн хооронд 76 удаагийн гүйлгээгээр нийт 64,168,000 төгрөгийг, хариуцагч Б.Нгийн Хаан банк ХХК дахь 5400219001 тоот данс руу 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл 51 удаагийн гүйлгээгээр нийт 53,972,300 төгрөгийг тус тус шилжүүлж, хариуцагч нарт нийт 118,140,300 төгрөгийг зээлдүүлсэн.

4.а.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогч бус Б.Азсайхан хэргийн материалтай танилцаж, гарын үсэг зурсан. Мөн шүүхээс Б.Азсайханы гар утсанд үзлэг хийлгэх хүсэлтийг нотлох баримтын хүрээнд хангасан атлаа нэхэмжлэгч талаас гаргасан хариуцагчийн гар утсанд үзлэг хийлгэх, нотлох баримт гаргуулах хүсэлтийг хангаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасныг зөрчсөн. Уг үзлэгээр талуудын хооронд мөнгө зээлсэн гэдгийг нотлох байсан.

4.б.Шүүх Б.Азсайханы утсанд үзлэг хийсэн тэмдэглэлээр талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй, тэдний хооронд байгуулагдсан зээлийн гэрээг дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж дүгнэснийг зөвшөөрөхгүй. Шүүх нотлох баримтыг үндэслэн хэрэгт авагдсан баримтуудыг үнэн зөв эргэлзээгүй үнэлж, шударгаар шийдвэрлэх ёстой.

Хариуцагч А.У нь 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүртэл 76 удаагийн гүйлгээгээр 27,858,200 төгрөгийг бэлэн бусаар, Б.Н нь 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүртэл 64 удаагийн гүйлгээгээр 46,827,000 төгрөгийг бэлэн бусаар тус тус төлсөн. Хариуцагч нар нэхэмжлэгчид нийт 74,685,200 төгрөгийг буцаан төлсөн, 43,458,100 төгрөгийг төлөөгүй болох нь тэдний дансны хуулгаар нотлогдоно. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагч талын давж заалдах гомдолд гаргасан тайлбар: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон. Нэхэмжлэгч өдрийн зээл өгч байсан талаар үгүйсгэсэн ба нийтдээ 132 удаагийн үйлдлээр 100,000,000 гаруй төгрөг өгсөн. Нэхэмжлэгч нь Б.Нд нийт 51,887,000 төгрөг өгснөөс 52,910,500 төгрөгийг буцаан шилжүүлсэн. Нэхэмжлэгч нь А.Уд 81 удаагийн гүйлгээгээр нийт 56,900,500 төгрөг өгснөөс 27,745,000 төгрөг буцаан шилжүүлсэн.

Нэхэмжлэгч нь хариуцагч нараас 49,000,000 төгрөг нэхэмжилсэн ба тэрээр 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 20,000,000 төгрөгийг зээлснээ А.Уд өгсөн ба 2021 оны 04 сард Б.Нд 10,000,000 төгрөг өгсөн. Талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй. Хэрэгт нэхэмжлэгч Б.Зийн бичсэн зурвас баримтаар авагдсан. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

 

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянасан болно.

 

2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

3.Нэхэмжлэгч Б.З нь хариуцагч Б.Н, А.У нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 46,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

3.а.Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан Хаан банк ХХК дахь нэхэмжлэгч Б.Зийн 5032619541 тоот, хариуцагч Б.Нгийн 5400219001 тоот, А.Уянгын 5429429551 тоот дансны хуулгуудыг шууд үндэслэл болгосон нь учир дутагдалтай болжээ.

 

Талуудын хооронд шилжүүлсэн мөнгөн шилжүүлгийн гүйлгээний утгад бэлэг, цалин, зэд зэрэг агуулга бичигдсэнийг зээлийн гэрээний дагуу шилжүүлсэн мөнгөн хөрөнгө гэж үзэх боломжгүй тул дээрх мөнгөн шилжүүлгийн зориулалтыг тодруулж, талуудыг энэ талаар мэтгэлцүүлэх нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой байна.

 

3.б.Түүнчлэн, нэхэмжлэгч Б.З, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тогос нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор Б.Зийн Мэргэн лам гэх нэртэй фэйсбүүк хаягаас Batkhishig Azsaikhan болон Mish mash гэх нэртэй фэйсбүүк хаяг руу илгээсэн зурвасуудад үзлэг хийлгэх тухай хүсэлт гаргасныг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болсон. Уг хүсэлт нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үзэхээр байна. Иймд нэхэмжлэгчийн энэ талаар гаргасан давж заалдах гомдол хангав. /хх134-136/

 

3.в.Хэргийн 85-100 дахь талд авагдсан Б.Азсайханы гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэлийг шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт заасантай нийцээгүй байна.

 

Учир нь шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэлд ажиллагааны явцад илэрсэн нөхцөл байдлыг бичих тухай энэ хуулийн 51 дүгээр зүйлийн 51.5 дахь зохицуулалтыг зөрчсөн байх тул шүүхээс дүгнэлт өгөх боломжгүй.

 

Иймд дээрх үндэслэлээр хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал тодорхой бус байгааг давж заалдах шатны шүүхээс залруулах, хэргийн үйл баримтад эрх зүйн дүгнэлт өгөх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 184/ШШ2022/00954 дугаар шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Зийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 387,950 төгрөгийг буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ