Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 113/ШШ2017/0001

 

Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхзул даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийж,

Нэхэмжлэгч: Ц.Хүрэлбаатар

Хариуцагч: Говьсүмбэр аймгийн Засаг дарга;

Нэхэмжлэлийн шаардлага: “Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн “Ц.Хүрэлбаатарыг албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлэх тухай” Б/26 дугаар захирамжийг хүчингүй болгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, Говьсүмбэр аймгийн Засаг дарга Ц.Хүрэлбаатарт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон талаар мэдсэнээс хойш Баянтал сумын Засаг даргын үүрэгт ажилд эгүүлэн томилоогүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн бичүүлж, хуулийн дагуу ээлжит сонгуулийн үр дүнгээр өөрчлөгдсөн тохиолдолд олгох 6 сарын тэтгэмжийг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Хүрэлбаатар, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Наранхүү, хариуцагч Говьсүмбэр аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Магвансүрэн, нарийн бичгийн дарга Б.Чанцалдулам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Хүрэлбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Магнай боржигин овогт  Цогмагнайн Хүрэлбаатар миний бие нь 2010 оны 8 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдрийг хүртлэх хугацаанд Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргын ажлыг хашсаар ирсэн. Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн Ц.Хүрэлбаатар албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлэх тухай” Б/26 дугаар захирамжаар намайг албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсэн. Тус захирамж нь эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу тус хэргийг шалгаж байсан мөрдөн байцаагчийн тогтоолыг үндэслэсэн шуурхай гаргасан шийдвэр болно. Харин одоо миний албан тушаалын түдгэлзэл нэгэнт хүчингүй болоод байна. Учир нь Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн Говьсүмбэр аймгийн Засаг дарга Г.Батсуурьт хаягласан Б/366 дугаар албан бичгээр  “...Ц.Хүрэлбаатарт холбогдох үйлдлийг ...хэрэгсэхгүй болгож, ..... албан үүргээ биелүүлэхийг нь түр түдгэлзүүлэх тухай шийдвэрийг хүчингүй болгосон болно” гэжээ. Тус албан бичиг Говьсүмбэр аймгийн Засаг даргад хаяглагдан очсоноос хойш өнөөдөр нэг сарын хугацаа өнгөрлөө. Миний хувьд  эрхийн дагуу ажилдаа эгүүлэн томилогдохоор 2016 оны 10 дугаар сарын 02-нд Говьсүмбэр аймгийн  Засаг дарга Г.Батсуурьтай өрөөнд нь 2 удаа уулзаж, өргөдлөө амаар илэрхийлсэн бөгөөд Хууль зүйн хэлтсийн дарга Д.Магвансүрэнтэй 4 удаа уулзаж, утсаар холбогдсон болно. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу намайг шалгаад гэмт хэрэг үйлдээгүй болохыг тогтоож, прокуророос цаашид дахин албан тушаалыг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн болно. Прокурорын байгууллагын шийдвэрийн дагуу ажилдаа эргэн орох гэсэн боловч Д.Мөнх-Эрдэнэ гэх этгээдийг үүрэг гүйцэтгэгчээр томилсон болохыг олж мэдлээ. Говьсүмбэр аймгийн засаг даргын 2016 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн “Д.Мөнх-Эрдэнийг Баянтал сумын Засаг даргаар түр томилох  тухай” Б/46 дугаар захирамжийн үр дагаварт миний дараах эрх ноцтойгоор зөрчигдөөд байна. Үүнд: 1/ Намайг албан тушаалаас түдгэлзүүлэх шийдвэрийг Прокурорын байгууллагаас албан бичиг очсон даруй гаргасан мөртлөө хэрэг хэрэгсэхгүй болж, түдгэлзлийг мөн хүчингүй болгоод  байхад эгүүлэн томилох үйлдэл нь гардаггүй. Намайг албан тушаалаас түдгэлзүүлсэн нь зөвхөн  эрүүгийн хэрэг үүсгэн шалгасантай холбоотой. Харин одоо энэ шалтгаан арилсан. Томилохгүй байх шалтгаангүй байсаар атал томилохгүй  байж болохгүй. Төр иргэний эрхийг хөндөхдөө  шуурхай ханддаг бол сэргээхдээ мөн адил шуурхай хандах ёстой. Төрийн энэ мэт хариуцлагагүй байдлаас миний хөдөлмөрлөх, ажил хэргийн нэр хүнд болон сэтгэл санааны хувьд удаан хугацаагаар хохирч, нэр төр олон нийтийн хувьд бүрэн сэргэхгүй байна.      2/ Ц.Хүрэлбаатар миний бие нь уг албан тушаалаас чөлөөлөгдөөгүй бөгөөд бас огцроогүй юм. Өөрөөр хэлбэл одоо ч миний ажлын байр хэвээр хадгалагдаж байгаа гэж ойлгож болно. Энэ утгаараа Баянтал сумын Засаг даргаар түр томилогдсон Д.Мөнх-Эрдэнэ нь ажиллаж байх хугацаандаа миний албан тушаалын цалинг авч байгаа гэсэн үг. Засаг дарга хуулиараа төрийн нэг институт бөгөөд ямар нэг байгууллагын дарга биш учир томилох болон  чөлөөлөх нөхцөлд тусгай хуулийн процесс ажиллагааг шаарддаг. Д.Мөнх-Эрдэнийг томилох тийм ажиллагаа хийгдээгүй бөгөөд Засаг даргын орлогч байсаар байтал Засаг даргын үүрэг гүйцэтгэгч томилох эрхгүй юм. 3/ Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2016 оны 8 дугаар сарын  21-ний өдрийн “Д.Мөнх-Эрдэнийг Баянтал сумын Засаг даргаар түр томилох тухай” Б/46 дугаар захирамж хэвээр байгаа тохиолдолд миний хөдөлмөрлөх эрх ноцтойгоор зөрчигдөж байна. Миний хувьд өөрт олгогдсон бүрэн эрхийг нэг өдөр, нэг сар байхаас үл хамааран хэрэгжүүлэх ёстой.  Г.Батсуурийн зүгээс бүдүүлгээр улс төржин, миний сонгуульт хугацааг  үндэслэлгүйгээр арга саам хийж хугацаа идэн, дуусгах зорилготой байгаа бөгөөд хуулийн дагуух авах ёстой 6 сарын тэтгэмжийг олгохгүй байх нөхцлийг бүрдүүлэх оролдлого гэж үзэж байна.

Иймээс Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2016 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн “ Д.Мөнх-Эрдэнийг Баянтал сумын Засаг даргаар түр томилох тухай” Б/46 дугаар  захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгож, намайг Баянтал сумын Засаг даргаар эгүүлэн томилохыг Говьсүмбэр аймгийн Засаг дарга Г.Батсуурьт даалгуулж, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн бичүүлж, хуулийн дагуу ээлжит сонгуулийн үр дүнгээр өөрчлөгдсөн тохиолдолд олгох 6 сарын тэтгэмжийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч Ц.Хүрэлбаатар 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангахдаа “Ц.Хүрэлбаатар миний бие нь 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан билээ. Тус шүүхийн шүүгчийн 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 113/Ш32016/0071 дугаар захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангах хугацааг тогтоосон. Шүүгчийн захирамжийн үндэслэх хэсэгт “нэхэмжлэлийн шаардлага дурдсан Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2016 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн Д.Мөнх-Эрдэнэ  Баянтал сумын Засаг даргаар түр томилох тухай”” Б/46 дугаар захирамж нь нэхэмжлэгч нь Ц.Хүрэлбаатарын эрх ашиг, сонирхлыг хөндөж буй талаар нэхэмжлэлд тусгагдаагүй байна” гэж тайлбарласантай холбогдуулан Ц.Хүрэлбаатар миний эрх ашиг, сонирхолыг дараах байдлаар хөндөж байгааг тодорхойлов. Говьсүмбэр аймгийн Засаг дарга Г.Батсуурьт хаяглан хүргүүлсэн байна. Үүгээр миний бие шалгагдсан эрүүгийн хэрэгтээ гэмт хэрэг үйлдээгүй болох нь тогтоогдсон болохыг томилох эрх бүхий этгээд мэдсэн билээ. Гэвч Говьсүмбэр аймгийн Засаг даргын зүгээс  түдгэлзүүлсэн шийдвэрээ хүчингүй болгож, ажил албан тушаалд эгүүлэн томилохгүй байгаагаар үл барам Д.Мөнх-Эрдэнэ гэгчийг Баянтал сумын Засаг даргаар түр томилсон байв. Сумын Засаг даргын цалин нь тухайн жил бүр тогтсон хэмжээтэй батлагддаг бөгөөд 12 сард хуваарлигдан олгогддог. Д.Мөнх-Эрдэнэ нь намайг чөлөөлөх болон огцруулаагүй байхад томилогдсон нь шууд утгаараа надад хуваарилагдсан цалинг авч байгаа гэсэн үг. Өөрөөр хэлбэл түүний авч байгаа цалин нь миний авах ёстой цалин юм. Иймээс Д.Мөнх-Эрдэнийг томилсон үйлдэл нь миний хөдөлмөрлөх эрх түүгээр дамжин цалин хөлс авах эрхийг ноцтойгоор хөндөж байгаа юм. Дээрх үндэслэлээр Говьсүмбэр аймгийн Засаг даргын Д.Мөнх-Эрдэнийг Баянтал сумын Засаг даргаар томилсон үйлдэл, мөн намайг томилоогүй эс үйлдэхүй нь миний хөдөлмөрлөх эрх, цалин хөлс авах эрх, Засаг даргын албан тушаалын баталгааг эдлэх эрхийг бүдүүлгээр, ноцтойгоор хөндөж байгааг тодорхой тайлбарлав.

Иймээс нэхэмжлэлийг хүлээн авч дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, зөрчигдсөн эрхийг маань сэргээж, хамгаалж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч Ц.Хүрэлбаатар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө: “ Тус шүүхэд нэхэмжлэгчийн зүгээс гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох “Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2016 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн “Д.Мөнх-Эрдэнийг Баянтал сумын Засаг даргаар түр томилох тухай” Б/46 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгож, намайг Баянтал сумын Засаг даргаар эгүүлэн томилохыг Говьсүмбэр аймгийн Засаг дарга Г.Батсуурьт даалгуулж, ...өгнө үү” гэсэн шаардлагыг анх гаргасан нэхэмжлэлээс хойш цаг хугацаа нэлээд өнгөрч, нөхцөл байдал өөрчлөгдсөнтэй холбоотойгоор Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д “... эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох ...” гэж заасны дагуу “Говьсүмбэр аймгийн Засаг дарга Г.Батсуурийн зүгээс 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн “Ц.Хүрэлбаатарыг албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлэх тухай” Б/26 дугаар захирамжийг /хүчингүй болгох нөхцөл бүрдсэн өдрөөс эхлэн/ хүчингүй болгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, Говьсүмбэр аймгийн Засаг дарга Г.Батсуурийн зүгээс Ц.Хүрэлбаатар надад холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон талаар мэдсэнээс хойш Баянтал сумын Засаг даргын үүрэгт ажилд эгүүлэн томилоогүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн бичүүлж, хуулийн дагуу ээлжит сонгуулийн үр дүнгээр өөрчлөгдсөн тохиолдолд олгон 6 сарын тэтгэмжийг гаргуулах” гэж өөрчилж байна” гэжээ.  

Говьсүмбэр аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: “Аймгийн Засаг дарга нь эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 75 дугаар зүйлийн 75.2-т заасны дагуу Ц.Хүрэлбаатарыг Баянтал сумын Засаг даргын үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлж, цалин хөлс олгохыг зогсоосон болно. Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-т зааснаар төрийн албан хаагч нь албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлсэнээр төрийн цалин хөлс авах эрх үүснэ. Харин нэхэмжлэгчийн хувьд түүний албан үүргээ хэрэгжүүлэхийг түр түдгэлзүүлэх хууль ёсны шийдвэр гарснаар тус бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон бөгөөд цалин хөлс авах үндэслэл бүрдэхгүй. Иймээс түүний нэхэмжилсэн ажилгүй байсан хугацааны цалинг олгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн бичүүлэх боломжгүй болно. Иймд Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт  заасны дагуу Баянтал сумын Засаг даргаар Д.Мөнх-Эрдэнийг томилсон бөгөөд нэхэмжлэгч Ц.Хүрэлбаатарыг тус сумын Засаг даргаар эгүүлэн томилох хууль зүйн үндэслэлгүй байна. Нэхэмжлэгчийг Баянтал сумын Засаг даргаар томилохыг даалгах тухай шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гараагүй, мөн Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу шинээр Засаг дарга томилогдсон, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т “Аймаг нийслэл, сум, дүүргийн хурлын болон бүх шатны засаг дарга ээлжит сонгуулийн дүнд албан тушаалаасаа чөлөөлөгдсөн бол тэдгээрт урьд нь авч байсан албан тушаалын 6 сарын цалинтай нь тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгоно” гэж заасан нөхцөл байдал үүсээгүй тул нэхэмжлэгч Ц.Хүрэлбаатарт тус тэтгэмжийг олгох үндэслэлгүй гэж үзэж байна.

Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй  болгож өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэн Ц.Хүрэлбаатар нь “Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн “Ц.Хүрэлбаатарыг албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлэх тухай” Б/26 дугаар захирамжийг хүчингүй болгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, Говьсүмбэр аймгийн Засаг дарга Ц.Хүрэлбаатарт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон талаар мэдсэнээс хойш Баянтал сумын Засаг даргын үүрэгт ажилд эгүүлэн томилоогүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн бичүүлж, хуулийн дагуу ээлжит сонгуулийн үр дүнгээр өөрчлөгдсөн тохиолдолд олгох 6 сарын тэтгэмжийг гаргуулж өгнө үү” гэсэн нэхэмжлэл тус шүүхэд гаргажээ.

Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

“Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн “Ц.Хүрэлбаатарыг албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлэх тухай” Б/26 дугаар захирамжийг хүчингүй болгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн Б/26 дугаар захирамжаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 75 дугаар зүйлийн 75.2, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөн байцаагч, комиссар Ж.Мөнхжаргалын 2015 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн тогтоолыг үндэслэн тус аймгийн Баянтал сумын Засаг дарга Ц.Хүрэлбаатарын албан үүргээ биелүүлэхийг 2015 оны 3 дугаар сарын 04-ний өдрөөс түр түдгэлзүүлжээ.

Говьсүмэр аймгийн Прокурорын 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 5/20 дугаар, мөн 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 5/3 дугаар тогтоол гарч нэхэмжлэгчид холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосноор Ц.Хүрэлбаатарын албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлсэн шалтгаан нь арилсан байна.

Нэхэмжлэгч Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2015 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн Б/26 дугаар захирамжаар албан үүргийг нь түдгэлзүүлсэнтэй маргаагүй гэдгээ шүүх хуралдаан дээр мэдүүлсэн байх бөгөөд харин “...түдгэлзүүлсэн шалтгаан арилсан байхад захирамжийг хүчингүй болгохгүй байгаа нь миний эрхийг зөрчиж байна...” гэж маргаж байх тул дээрх захирамжийг хүчингүй болгох үндэслэлтэй эсэх талаар дүгнэлт өгч шийдвэрлэлээ.

Хууль зүйн хувьд авч үзвэл албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх нь албан үүргээ гүйцэтгэж, тухайн албан тушаалтаны эрх хэмжээ, чиг үүргийг хэрэгжүүлэхийг тодорхойгүй хугацаагаар хориглож байгаа ойлголт бөгөөд түдгэлзүүлсэн шалтгаан арилснаар албан үүргээ биелүүлэхийг сэргээх эсэх асуудал тавигдах учиртай.

Нэхэмжлэгч түдгэлзүүлсэн үндэслэлд маргаагүй тул Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2015 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн Б/26 дугаар захирамжийг хүчингүй болгох үндэслэлгүй бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “Төрийн албан хаагчид албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс олгоно” гэж заасан нь нэхэмжлэгч Ц.Хүрэлбаатарт  албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлсэн байх хугацааны цалинг олгох боломжгүй байна.

Иймд нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

“Говьсүмбэр аймгийн Засаг дарга Ц.Хүрэлбаатарт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон талаар мэдсэнээс хойш Баянтал сумын Засаг даргын үүрэгт ажилд эгүүлэн томилоогүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин болон 6 сарын тэтгэмж гаргуулах,” тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газарт 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр тус аймгийн Прокурорын газрын 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 5/366 тоот албан бичгээр “...Ц.Хүрэлбаатарт холбогдох үйлдлийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1, 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Ц.Хүрэлбаатарын албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлэх тухай шийдвэрийг хүчингүй болгосон”-ыг мэдэгдсэн байна.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т “Энэ хуулийн 26.2-т зааснаар нэр дэвшүүлсэн бол аймаг, нийслэлийн Засаг даргыг Монгол Улсын Ерөнхий сайд, сум, дүүргийн Засаг даргыг аймаг, нийслэлийн Засаг дарга, баг, хорооны Засаг даргыг сум, дүүргийн Засаг дарга тус тус 4 жилийн хугацаагаар томилох бөгөөд нөхөн томилогдсон Засаг даргад энэ хугацаа хамаарахгүй” гэж заасан байх бөгөөд Говьсүмэр аймгийн Прокурорын 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 5/3 дугаар тогтоол гарах үед нэхэмжлэгчийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болоогүй байжээ.

Мөн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Засаг захиргаа, нутаг дэвгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие даан зохион байгуулж үйлж ажиллагаандаа ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх зарчим баримтална”, 29 дүгээр зүйлийн 29.2-т “Засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана” гэж тус тус заасны дагуу Ц.Хүрэлбаатарыг албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлэх шалтгаан арилсныг тус аймгийн Прокурорын газраас 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 5/366 дугаар албан бичгийг бичгээр Засаг даргад мэдэгдсэн байхад нэхэмжлэгчийн албан үүргээ биелүүлэхийг сэргээх шийдвэр гаргаагүй хариуцагчийн эс үйлдэхүй нь хууль бус юм.

Говьсүмбэр аймгийн Баянтал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 09 дүгээр тогтоол гарч, тус аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Б/74 дүгээр захирамжаар Д.Мөнх-Эрдэнийг сумын Засаг даргаар томилсон байх тул Ц.Хүрэлбаатарын бүрэн эрхийн хугацаа  Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т зааснаар дуусгавар болох байжээ.

Нэхэмжлэгч Ц.Хүрэлбаатарыг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд нь эгүүлэн томилохгүй байгаа тус аймгийн Засаг даргын эс үйлдэхүй нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн нь дээрх байдлаар тогтоогдож байна.

Иймд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын болон бүх шатны Засаг дарга ээлжит сонгуулийн дүнд албан тушаалаасаа чөлөөлөгдсөн бол тэдгээрт урьд нь авч байсан албан тушаалын 6 сарын цалинтай нь тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгоно” гэж зааснаар албан тушаалын 6 сарын хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж гаргуулах, ажилгүй байсан хугацааны буюу 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр /Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргаар Д.Мөнх-Эрдэнийг томилсон тус аймгийн Засаг даргын захирамж гарсан/-ийг хүртэлх хугацааны цалинг гаргуулж, мөн хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.13-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3, 29 дүгээр зүйлийн 29.2, 38 дугаар зүйлийн 38.1, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 46 дугаар зүйлийн 46.1, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.Хүрэлбаатарын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Говьсүмбэр аймгийн Засаг дарга Ц.Хүрэлбаатарт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосныг мэдсэнээс хойш Баянтал сумын Засаг даргын үүрэгт ажилд эгүүлэн томилоогүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин болох 1948050 төгрөг, 6 сарын цалинтай нь тэнцэх хэмжээгийн нэг удаагийн тэтгэмжийг хариуцагчаас гаргуулан Ц.Хүрэлбаатарт олгож, мөн хугацаанд нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын бичилт хийлгэхийг аймгийн Засаг даргад даалгаж, “Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн “Ц.Хүрэлбаатарыг албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлэх тухай” Б/26 дугаар захирамжийг хүчингүй болгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг хариуцагчаар нөхөн төлүүлж нэхэмжлэгчид буцаан олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх зүйлд зааснаар захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                           Б.МӨНХЗУЛ