Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 447

 

Д.А, Д.З, Т.Г

нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Урангэрэл, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 209 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 701 дүгээр магадлалтай, Д.А, Д.З, Т.Г нарт холбогдох 1802003320689 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Д.З-ын өмгөөлөгч Т.Урангэрэл нарын гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Амарбаясгалангийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1975 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Архангай аймгийн Тариат суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, урьд ял шийтгэлгүй,  Т овогт Д-н А.

Монгол Улсын иргэн, 1984 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, худалдааны менежер мэргэжилтэй, урьд ял шийтгэлгүй, Т овогт Т-ын Г.

Монгол Улсын иргэн, 1985 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, урьд ял шийтгэлгүй, Х овогт Д-ын З.

Д.А нь *** ХХК-ийн Нөхөн төлбөрийн албаны даргаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж 2017 оны 01 дүгээр сараас 2018 оны 04 дүгээр сар хүртэлх хугацаанд зохиомол байдлыг зориудаар бий болгож Замын цагдаагийн тодорхойлолт, хохирлын үнэлгээний тайлан, зам тээврийн ослын газрын үзлэгийн тэмдэглэл зэрэг хуурамч баримт бичиг бүрдүүлэх замаар *** ХХК-аас Т.Г-тай бүлэглэн даатгалын нөхөн төлбөр болох 189.729.600 төгрөгийг, Д.З-тай бүлэглэн 153.597.797 төгрөгийг тус тус авч бусдад нийт 343.327.397 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “... Шүүгдэгч Д.А, Т.Г, Д.З нарыг бүлэглэж, албан тушаалын байдлаа ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, хуурамч баримт бичиг бүрдүүлэх замаар их хэмжээний даатгалын нөхөн төлбөр хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-д зааснаар шүүгдэгч Д.А ийг 2 жилийн хугацаагаар хорих ял,

шүүгдэгч Т.Г, Д.З нарыг тус бүр 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Д.Зыг 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгг зааснаар шүүгдэгч Д.А ийн цагдан хоригдсон 169, шүүгдэгч Т.Г-ын 169, шүүгдэгч Д.З ын 169 хоногийг тус тус тэдний эдлэх ялд оруулан тооцож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Д.А-ээс 171.663.699 төгрөг, шүүгдэгч Т.Г-ас 94.864.800 төгрөг, шүүгдэгч Д.З-аас 69.199.999 төгрөг тус тус гаргуулж *** ХХК-нд олгохоор” шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх “... шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, шүүгдэгч Д.А, Д.З, Т.Г нарт холбогдох хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Д.Зын өмгөөлөгч Т.Урангэрэл гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 209 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.А ийн гаргасан давж заалдах гомдлыг хянан хэлэлцсэн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 701 тоот магадлал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн ба энэхүү зөрчил нь хэргийг дахин хэлэлцэх шүүхийн шийдвэрт сөргөөр, өөрөөр хэлбэл миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулахад нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг бий болгож байгаа үндэслэлээр шүүгдэгч Д.З ын өмгөөлөгч би хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул гомдол гаргаж байна.

Миний үйлчлүүлэгч Д.З нь *** ХХК-ийн Нөхөн төлбөрийн албаны даргаар ажиллаж байсан Д.А тэй бүлэглэн, түүний албан тушаалын байдлыг нь ашиглаж 2017 оны 01 дүгээр сараас 2018 оны 4 дүгээр сар хүртэлх хугацаанд зохиомол байдлыг зориудаар бий болгож, Замын цагдаагийн тодорхойлолт, хохирлын үнэлгээний тайлан, зам тээврийн ослын газрын үзлэгийн тэмдэглэл зэрэг хуурамч баримт бичиг бүрдүүлэх замаар *** ХХК-иас даатгалын нөхөн төлбөр болох 153.597.797 төгрөгийг авч бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдож Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Д.А, Т.Г, Д.З нарыг үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3 дахь заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Зыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-д заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон.

Давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч Д.А ийн гэм буруугийн асуудал дээр маргаж нэгэнт холбогдох баримтуудаар нотлогдон тогтоогдсон хохирлын хэмжээг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн агуулгатай гомдлыг хэлэлцэхэд уг хэрэгт хяналт тавьж байсан хяналтын прокурор нь “... Мөрдөн шалгах ажиллагааны явцад учруулсан хохирлын хэмжээг зөв тогтоож, хэрэгт хийгдвэл зохих ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг баримтын хүрээнд шүүгдэгч тус бүрээс гаргуулж”  шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэсэн. Давж заалдах шатны шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ мөрдөн шалгах болон анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн Давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзсэн, үзэх эрхтэй хэдий ч шүүхийн хараат бус байдалд нөлөөлөх, шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулах, хуулиар олгогдоогүй эрхийг эдлэх эрхгүй, зөвхөн хуульд захирагдах учиртай байсан гэж үзэж байгаа. Давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн “... анхан шатны шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй ... хохирол төлбөрийг Д.А ээс 171.663.699 төгрөгийг, Т.Гас 94.864.800 төгрөгийг, Д.З аас 69.199.999 төгрөгийг гаргуулж *** ХХК- д олгохоор тогтов ... шүүгдэгч нарын хувьд төлбөр төлөх боломж хязгаарлагдмал, орлогын тодорхой эх үүсвэргүй байх тул тэднийг учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн гэж дүгнэж, хорих ялыг хөнгөрүүлэх боломжгүй” гэсэн дүгнэлтүүдийг хийснээс өөр хэргийн нөхцөл байдлын талаар дүгнэлт хийгээгүй байна гэсэн.

Гэтэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 13 дугаар хуудсанд шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцож, тэдний гэм бурууд тохирсон Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, өөрөөр хэлбэл хорих ялыг ялгамжтайгаар оногдуулсан ба тодруулбал шүүгдэгч Д.З нь гэм буруу дээр маргаагүй, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, өндөр настай эхийн хамт ам бүл 2-лаа амьдардаг, түүний гэмт хэрэгт оролцсон оролцоо, анх удаа хөнгөн төрлийн гэмт хэрэгт холбогдсон, хохирогчийн хяналт, шалгалт сул байснаас шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь хохирол төлүүлэх нь л бидний хувьд нэн чухал асуудал учраас шүүх шүүгдэгч нарыг нийгмээс заавал тусгаарлаж хорих ял оногдуулахгүй байх санал гаргасан, бусдад учруулсан хохирлыг төлөхөө илэрхиилж ганцаараа сар бүр хохирлыг хэсэгчлэн төлсөн зэргийг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан түүнийг 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсэн байгаа нь хэргийн нөхцөл байдлын талаар өөр дүгнэлт хийсэн гэдэг нь харагдахаар байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.7 дугаар зүйлийн  2 дахь хэсгийн 2.3, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтуудад шүүхийн шийтгэх тогтоолд тусгавал зохих зүйлсийн талаар тодорхой заасан бөгөөд үүнд “шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуүль ёсны гэж үзсэн үлсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт ... няцаан үгүйсгэсэн үндэслэл шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний үндэслэл” зэргийг тусгасан байх шаардлагыг хангаагүй гэсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 4-13 дугаар хуудсанд шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон нотлох баримтуудын агуулга, тухайн нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой, хамааралтай, тухайн баримтууд нь хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч нарын гэм буруу дээр маргахгүй гэсэн дүгнэлт нь удаа, дараагийн шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байх тул энэхүү ундэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үндэслэлгүй байсан гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шударга ёсны зарчмыг тусгахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж хуульчилсан. Хуулиар тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг чанд баримтлан хэрэгжүүлэхдээ хүлээлгэж байгаа Эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хохирол, хор уршигт хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байж шударга ёсны зарчмын шаардлагад нийцэх учиртай. Шүүгдэгч нарын гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирлын хэмжээ 343.327.397 төгрөг, гэмт хэргийн хохиролд шүүгдэгч Д.З нь сар бүр 500.000 төгрөгөөр тооцож одоогоор нийт 7.598.900 төгрөгийг хохирогч байгууллагад төлснөөс өөрөөр хохирол төлбөр төлж барагдуулаагүй байхад анхан шатны шүүх “... Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй, ...шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан...” гэж ерөнхий байдлаар дүгнэн чухам ямар шалтгааны улмаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйлд заасан 1-5 жилийн хооронд сонгох хорих ялаас шүүгдэгч Д.А эд 2 жил хорих ял, шүүгдэгч Т.Г, Д.З нарыг тус бүр 1 жил 6 сар хорих ялыг сонгон тус тус оногдуулах болсон үндэслэлийг хуульд заасан дээрх шаардлагын дагуу дүгнэлт хийж чадаагүй байна гэсэн нь үндэслэлгүй. Анхан шатны шүүх хуралдаан дээр шүүгдэгч нар болон тэдний өмгөөлөгч нар гэм буруугийн асуудал дээр огт маргаагүй бөгөөд миний хувьд шүүгдэгч Д.Зын гэмт хэрэгт оролцсон оролцоо, хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн, ямар ял авахаас үл шалтгаалан хохирлоос хэсэгчлэн сар бүр төлж байх тул шүүх Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2, мөн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн оногдуулсан хорих ялыг тэнсэж өгөөч гэж, харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүгдэгч нарыг нийгмээс заавал тусгаарлах шаардлагагүй хорихоос өөр төрлийн ял оногдуулах санал гаргаж шүүгдэгч нарт хөдөлмөр эрхлэх, хохирол нөхөн төлөх боломжоор хангах саналыг шүүхэд оруулсан боловч шүүх шүүгдэгч нар хохирлыг бүрэн барагдуулаагүй, тэдний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохируулан тэдний үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал, хэр хэмжээ, учруулсан хохирол, хор уршигт нийцүүлэн шүүгдэгч Д.А эд 2 жил хорих ял, шүүгдэгч Т.Г, Д.З нарыг тус бүр 1 жил 6 сар хорих ялыг сонгон тус тус оногдуулах болсон байгаа нь шийтгэх тогтоолд ойлгомжтой тусгагдсан байна. Хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч нарт Эрүүгийн хариуцлага оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй нь үнэн бөгөөд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нотлох баримт зайлшгүй шаардлагатай байх албагүй юм.

Дээрх нөхцөл байдлууд нь Эрүүгийн хариуцлагын зорилгын талаар “гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх” гэж заасан Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан заалтуудад нийцэхгүй байна гэж дүгнэсэн нь шүүгдэгч нарт ял хөнгөдсөн байна, ялын дээд хэмжээг оногдуулах шаардлагатай гэсэн агуулгатай дүйцэхүйц дүгнэлтийг хийсэн байх тул давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлд заасан эрх хэмжээгээ хэтрүүлсэн гэж үзэхээр байна. Шүүгдэгч Д.З нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээгдэж, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татагдсан цаг хугацаанаас эхлэн цагдан хоригдсон 200 гаруй хоногт тодорхой хэмжээний төрийн цээрлэлийг хүлээж байгаа, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн хохирогчийн эрхийг сэргээх зорилгоор бусдад учруулсан хохирлыг төлөхөө илэрхийлэн төлж байгаа, дахин гэмт хэрэг үйлдээгүй нь түүнд оногдуулсан хорих ялыг хүндрүүлэх биш, харин хөнгөрүүлэх нөхцөл болох тул түүнд оногдуулсан ял шийтгэлийг чангаруулахаар хэргийг анхан шатны шүүхэд буцааж байгаа нь буруу юм. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор А.Оюунгэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “... Шүүгдэгч нарын гэм буруутай үйлдлээс *** ХХК-д 343,327,397 төгрөгийн хохирол учирсан бөгөөд төлөгдөөгүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд заасан шаардлагыг ханаагүй гэх үндэслэлээр хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зүйн үндэслэлтэй. Иймд магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Урангэрэлийн гаргасан гомдлыг үндэслэн Д.А, Д.З, Т.Г нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн   40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Анхан шатны шүүх Д.А, Д.З, Т.Г нарыг албан тушаалын байдлаа ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, хуурамч баримт бичиг бүрдүүлэх замаар их хэмжээний даатгалын нөхөн төлбөр хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т зааснаар Д.Аэд 2 жил хорих ял, Т.Г, Д.З нарт тус бүр 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч нарт сонгон оногдуулж буй хорих ялын үндэслэлийг хуульд заасан шаардлагын дагуу дүгнээгүй нь Эрүүгийн хуулийн зорилго, хууль ёсны зарчимд нийцээгүй гэж дүгнэн анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэснийг буруутгах, няцаан үгүйсгэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Учир нь шүүхээс гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээ, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг болно.

Хуулиар тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг чанд баримтлан хэрэгжүүлэхдээ, үүнд хамаарах нийтлэг зарчим нэг бүрийн шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийн цогц нэгдлийг илэрхийлж чадахуйц дүгнэлт хийсний үндсэн дээр оногдуулж буй ял нь шударга ёсны зарчмын агуулга, Эрүүгийн хуулийн зорилгод нийцнэ.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний үндэслэл”-ийг тусгасан байхаар хуульчилсан.

Харин дээрх хуулийн шаардлагыг хангаагүй байх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6-д заасан ноцтой зөрчилд тооцогдож шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болох бөгөөд энэ талаар давж заалдах шатны шүүх хууль зүйн үндэслэл үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Зын өмгөөлөгч Т.Урангэрэлийн “... шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэсэн агуулга бүхий гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 701 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Зын өмгөөлөгч Т.Урангэрэлийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

                                      ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                     ШҮҮГЧ                                                          Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                           Б.БАТЦЭРЭН

                                                                                                           Ч.ХОСБАЯР

                                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН