Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 701

 

 

 

 

 

 

 

2020          5             28                                            2020/ДШМ/701

 

Д.А, Д.З, Т.Г нарт холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ж.Энх-Амгалан,

шүүгдэгч Д.А, Т.Г,

шүүгдэгч Д.Зын өмгөөлөгч Т.Урангэрэл,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 2020/ШЦТ/209 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Аийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Д.А, Д.З, Т.Г нарт холбогдох ... дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Т овгийн Дн А, 1975 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Архангай аймагт төрсөн, 44 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:.../,

2. Т овгийн Тын Г, 1984 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, худалдааны менежер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:.../,

3. Х овгийн Дын З, 1985 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлагын мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ганцаараа, ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:.../;

Д.А нь “...” ХХК-ийн Нөхөн төлбөрийн албаны даргаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж, 2017 оны 1 дүгээр сараас 2018 оны 4 дүгээр сар хүртэлх хугацаанд зохиомол байдлыг зориудаар бий болгож замын цагдаагийн тодорхойлолт, хохирлын үнэлгээний тайлан, зам тээврийн ослын газрын үзлэгийн тэмдэглэл зэрэг хуурамч баримт бичиг бүрдүүлэх замаар “...” ХХК-иас Т.Гтай бүлэглэн даатгалын нөхөн төлбөр болох 189.729.900 төгрөгийг авч, Д.Зтай бүлэглэн даатгалын нөхөн төлбөр болох 153.597.797 төгрөгийг авч, бусдад нийт 343.327.397 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,

Т.Г нь “...” ХХК-ийн Нөхөн төлбөрийн албаны даргаар ажиллаж байсан Д.Атэй бүлэглэн, түүний албан тушаалын байдлыг нь ашиглаж 2017 оны 1 дүгээр сараас 2018 оны 4 дүгээр сар хүртэлх хугацаанд зохиомол байдлыг зориудаар бий болгож, Замын цагдаагийн тодорхойлолт, хохирлын үнэлгээний тайлан, зам тээврийн ослын газрын үзлэгийн тэмдэглэл зэрэг хуурамч баримт бичиг бүрдүүлэх замаар “...” ХХК-иас даатгалын нөхөн төлбөр болох 189.729.600 төгрөгийг авч, бусдад их хэмжээний хохирол учруулсан,

Д.З нь “...” ХХК-ийн Нөхөн төлбөрийн албаны даргаар ажиллаж байсан Д.Атэй бүлэглэн, түүний албан тушаалын байдлыг нь ашиглаж 2017 оны 1 дүгээр сараас 2018 оны 4 дүгээр сар хүртэлх хугацаанд зохиомол байдлыг зориудаар бий болгож, Замын цагдаагийн тодорхойлолт, хохирлын үнэлгээний тайлан, зам тээврийн ослын газрын үзлэгийн тэмдэглэл зэрэг хуурамч баримт бичиг бүрдүүлэх замаар “...” ХХК-иас даатгалын нөхөн төлбөр болох 153.597.797 төгрөгийг авч, бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Д.А, Т.Г, Д.З нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3 дахь заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Т овогт Дн Аийг бусадтай бүлэглэж, албан тушаалын байдлаа ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, хуурамч баримт бичиг бүрдүүлэх замаар их хэмжээний даатгалын нөхөн төлбөр хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Т овогт Тын Гантулгыг бусадтай бүлэглэж, албан тушаалын байдлаа ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, хуурамч баримт бичиг бүрдүүлэх замаар их хэмжээний даатгалын нөхөн төлбөр хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Х овогт Дын Зыг бусдатай бүлэглэж, албан тушаалын байдлаа ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, хуурамч баримт бичиг бүрдүүлэх замаар их хэмжээний даатгалын нөхөн төлбөр хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-д зааснаар шүүгдэгч Д.Аийг 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-д зааснаар шүүгдэгч Т.Гантулгыг 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-д зааснаар шүүгдэгч Д.Зыг 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А, Т.Г, Д.З нарт оногдуулсан хугацаатай хорих ялыг тус бүрийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А 169 хоног, шүүгдэгч Т.Г 169 хоног, шүүгдэгч Д.З 169 хоног цагдан хоригдсон хугацааг тэдний эдлэх ялд оруулан тооцож, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Д.Аээс 171.663.699 төгрөгийг, шүүгдэгч Т.Гас 94.864.800 төгрөгийг, шүүгдэгч  Д.Заас 69.199.999 төгрөгийг тус тус гаргуулж “...” ХХК-нд олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан “...” ХХК-иас ирүүлсэн 771 хуудас 84 удаагийн зам тээврийн осол болсон гэх анхан шатны баримтыг хэргийн хамт хадгалахаар шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.А гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би анх 2018 онд энэ хэрэгт холбогдон шалгагдаж эхлэн өөрийн үйлдсэн хэргээ үнэн зөвөөр хүлээн мөрдөн байцаалт, прокурор, шүүхийн шатанд хууль шүүхийн албан хаагчдад ямар нэгэн хүндрэл учруулаагүй гэм буруугаа хүлээн мэдүүлэг өгч шалгуулсан. 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдөр шүүхээс нийт 343.327.397 төгрөгийн хохирол учирсан. Намайг нийт хохирлын 50% буюу 171.663.699 төгрөгийг төлөхөөр тогтоосон. Гэтэл би энэ хэрэг анх шалгагдаж эхлэх үеэс буюу мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгч шалгуулсан бөгөөд хэрэгт авагдсан баримтаар намайг 104 сая гаруй төгрөгийн хохирол учруулсан гэж тогтоосон байдаг. Мөн 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанд оролцохдоо миний бие нийт хохирлын 50 хувь буюу 171.663.699 төгрөгийг аваагүй гэдгээ мэдүүлж, хавтас хэрэгт тусгагдсан 104 сая гаруй төгрөгийг авсан талаараа мэдүүлэг өгсөн. Иймд энэ хэргийг хянан шалгаж хохирлыг үнэн зөвөөр тогтоож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Т.Г тус шүүх хуралдаанд “нэмж гаргах тайлбаргүй” гэв.

Шүүгдэгч Д.Зын өмгөөлөгч Т.Урангэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Энэ хэрэг 2 удаа анхан шатны шүүхээр болон давж заалдах шатны шүүхээр хэлэлцэгдэж байсан бөгөөд тухай бүртээ хохирлын асуудал яригдаж байсан. Ингэхдээ мөрдөн шалгах ажиллагааны явцад хэн хэдэн төгрөгийн хохирол төлөхийг тогтоосон нотлох баримтуудыг үндэслэж шүүх шийдвэрлэсэн. Миний үйлчлүүлэгч Д.Зын хувьд давж заалдах гомдол гаргаагүй. Харин шүүгдэгч Д.Аийн гаргасан давж заалдах гомдлын тухайд, анхан шатны шүүх хуралдаанд 3 үйлдэл ярьсан. Энэ талаар тухай бүрт нь ярьж шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан. Шүүгч, улсын яллагч шүүгдэгч нараас асууж тодруулахад энэ талаарх асуудал тогтоогдсон. Хохирол төлбөрийг Т.Г, Д.З нар тэнцүү хувааж төлдөг байсан нь тогтоогдсон тул хохирлын хэмжээнд өөрчлөлт оруулах боломжгүй гэж үзэж байна. ...” гэв.

Прокурор Ж.Энх-Амгалан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад учруулсан хохирлыг тогтоож, хэрэгт хийгдвэл зохих ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хоёр хувааж Д.Аээс 171.000.000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ мөрдөн шалгах болон анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Прокуророос шүүгдэгч Д.А, Т.Г, Д.З нарыг “2017 оны 1 дүгээр сараас 2018 оны 4 дүгээр сар хүртэлх хугацаанд зохиомол байдлыг зориудаар бий болгож замын цагдаагийн тодорхойлолт, хохирлын үнэлгээний тайлан, зам тээврийн ослын газрын үзлэгийн тэмдэглэл зэрэг хуурамч баримт бичиг бүрдүүлэх замаар “...” ХХК-иас Нөхөн төлбөрийн албаны даргаар ажиллаж байхдаа Д.А нь албан тушаалын байдлаа ашиглаж,Т.Гтай бүлэглэн даатгалын нөхөн төлбөр болох 189.729.900 төгрөгийг, Д.Зтай бүлэглэн даатгалын нөхөн төлбөр болох 153.597.797 төгрөгийг авч, бусдад нийт 343.327.397 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан” гэж дүгнэн тэдний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд Д.А, Т.Г, Д.З нарыг бүлэглэж, албан тушаалын байдлаа ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, хуурамч баримт бичиг бүрдүүлэх замаар их хэмжээний даатгалын нөхөн төлбөр хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т зааснаар Д.Аийг 2 жил хорих ял, Т.Гантулгыг 1 жил 6 сар хорих ял, Д.Зыг 1 жил 6 сар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хугацаатай хорих ял тус бүрийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Ийнхүү шийдвэрлэхдээ “...Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй... хохирол төлбөрийг Д.Аээс 171.663.699 төгрөгийг, Т.Гас 94.864.800 төгрөгийг, Д.Заас 69.199.999 төгрөгийг гаргуулж “...” ХХК-д олгохоор тогтов... шүүгдэгч нарын хувьд төлбөр төлөх боломж хязгаарлагдмал, орлогын тодорхой эх үүсвэргүй байх тул тэднийг учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн гэж дүгнэж, хорих ялыг хөнгөрүүлэх боломжгүй” гэсэн дүгнэлтүүдийг хийснээс өөр хэргийн нөхцөл байдлын талаар дүгнэлт хийгээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтуудад шүүхийн шийтгэх тогтоолд тусгавал зохих зүйлсийн талаар тодорхой заасан бөгөөд үүнд “шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт ... няцаан үгүйсгэсэн үндэслэл”, “шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний үндэслэл” зэргийг тусгасан байх шаардлагыг тавьжээ.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шударга ёсны зарчмыг тусгахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж хуульчилсан. Хуулиар тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг чанд баримтлан хэрэгжүүлэхдээ хүлээлгэж байгаа эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хохирол, хор уршигт хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байж шударга ёсны зарчмын шаардлагад нийцэх учиртай.

Шүүгдэгч нарын гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирлын хэмжээ 343.327.397 төгрөгөөр тогтоогдсон, гэмт хэргийн хохиролд шүүгдэгч Д.З нь сар бүр 500.000 төгрөгөөр тооцож одоогоор нийт 7.598.900 төгрөгийг хохирогч байгууллагад төлснөөс өөрөөр хохирол төлбөр төлж барагдуулаагүй байхад анхан шатны шүүх “...Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй, ...шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан...” гэж ерөнхий байдлаар дүгнэн чухам ямар шалтгааны улмаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн  зүйлд заасан 1-5 жилийн хооронд сонгох хорих ялаас шүүгдэгч Д.Аэд 2 жил хорих ял, шүүгдэгч Т.Г, Д.З нарыг тус бүр 1 жил 6 сар хорих ялыг сонгон тус тус оногдуулах болсон үндэслэлийг хуульд заасан дээрх шаардлагын дагуу дүгнэлт хийж чадаагүй байна.

Дээрх нөхцөл байдлууд нь эрүүгийн хариуцлагын зорилгын талаар “гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх” гэж заасан Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан заалтуудад нийцэхгүй байна гэж дүгнэж Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 2020/ШЦТ/209 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцаасан тул шүүгдэгч Д.Аийн гаргасан "...хохирлыг зөв тогтоож өгнө үү..." гэх агуулга бүхий давж заалдах гомдолд энэ удаа дүгнэлт өгөөгүй ба харин тухайн асуудлыг анхан шатны шүүх хэргийг дахин хянан шийдвэрлэхдээ Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.3 дахь хэсгүүдэд заасан зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэх замаар гэм хор учруулсан этгээдүүдийн хариуцвал зохих хохирлын хэмжээг үндэслэлтэй тогтоох нь зүйтэй болохыг энэхүү магадлалд дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 2020/ШЦТ/209 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, Д.А, Д.З, Т.Г нарт холбогдох ... дугаартай эрүүгийн хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл Д.А, Д.З, Т.Г нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.МЯГМАРЖАВ

ШҮҮГЧ                                                            М.ПҮРЭВСҮРЭН

                        ШҮҮГЧ                                                            Ц. ОЧ