Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 215/МА2022/00025

 

  

 

 

 

 

 

 

 

 

                 Д.Иын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Жаргалсайхан даргалж, шүүгч Ч.Энхтөр, Ш.Баттогтох нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд явуулсан шүүх хуралдаанаар,

Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 133/ШШ2022/00225 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Чандмань сумын Хүрхрээ багт оршин суух, А овогт Д.Иыг /РД:/ төлөөлж, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оын гаргасан нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил баг, 19-1-6 тоотод оршин суух, Х Х овогт Т.Г /РД: /-д холбогдох, байрны урьдчилгаа төлбөрт төлсөн 21,600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс өдрийн 0,05 хувийн алдангийг тооцож 12,085,270 төгрөг, засвар хийсэн төлбөрт 4,940,000 төгрөг, Төрийн банкны Ард зээлийн төвд төлсөн зээлийн хүү 15,182,500 төгрөг, нийт 32,207,770 төгрөг гаргуулах тухай Т.Гын сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Баттогтохын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Байгалмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

  Нэхэмжлэгч Д.Иын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Д.И нь 2019.10.30-ний өдөр Т.Гтай орон сууц захиалгын гэрээ байгуулж, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил багт Жаргалант Апартмэнт хотхоны 45 тоот 50 м2 талбай бүхий 2 өрөө байрыг худалдан авахаар тохиролцож байрны урьдчилгаа төлбөрт 2019.10.19-нд 12.000.000 төгрөг, 2019.10.30-нд 2.000.000 төгрөг, 2019.11.07-нд 5.000.000 төгрөг, 2020.05.27-нд 400.000 төгрөг, 200.000 төгрөг, 2020.06.08-нд 200.000 төгрөг, 2020.07.03-нд 200.000 төгрөг, 2020.07.24-нд 800.000 төгрөг, 2020.08.26-нд 200.000 төгрөг, 2020.08.28-нд 300.000 төгрөг, 2020.09.27-нд 300.000 төгрөг нийт 21.600.000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл төлбөрийг Ипотекийн 8 хувийн зээлд хамрагдаж өгөхөөр болсон боловч тус зээл бүтээгүй учраас 2021 оны 04 дүгээр сард байраа чөлөөлж өгсөн. Т.Г нь тус байрыг өөр хүнд зарагдмагц урьдчилгаанд төлсөн мөнгийг буцаан төлнө гэсэн бөгөөд 2021 оны 07 дугаар сард тухайн байрыг өөр хүнд зарсан боловч Д.Иын байрны урьдчилгаанд өгсөн мөнгийг өгөхгүй байгаа юм. Иймд орон сууц захиалгын гэрээнээс татгалзаж, байрны урьдчилгаанд төлсөн 21.600.000 төгрөгийг Т.Гаас гаргуулан Д.Ид олгож өгнө үү гэжээ.

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оын тайлбар: Гэрээ байгуулагдсанаас 2 хоногийн дараа буюу 2019 оны 10 дугаар сарын 13-ны өдөр байраа хүлээн авч байранд орсон. 2019 оны 10 дугаар сарын 19-нөөс 2020 оны 09 сарын хоног нийтдээ 12 удаагийн гүйлгээгээр байрны урьдчилгаа төлбөрт 21.600.000 төгрөгийг Д.Иоос шилжүүлсэн байдаг. Улмаар ипотекийн зээлд хамрагдаж байрны үлдэгдэл төлбөрийг төлөх гэсэн боловч удаа дараагийн банкинд МИК-ийн зээлийн шаардлага хангагдаагүй гэдэг үндэслэлээр зээл бүтэх боломжгүй болсон. Зээл бүтээгүй учраас тухайн байрыг 2021 оны 04 дүгээр сард хүлээлгэн өгсөн. Орон сууц захиалан гүйцэтгэх гэрээ байгуулсан нь хүчин төгөлдөр бус байна гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж байна. Байрыг хүлээлгэж өгсөн учраас хүчин төгөлдөр бус гэрээний үр дагаварт байрны урьдчилгаанд төлсөн 21,600,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Орон сууц захиалах гүйцэтгэх гэрээний 2-д заасан алданги нэхэмжилж байна. Тухайн орон сууц захиалах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу анхнаасаа харилцан үүрэг үүсээгүй хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байгаа. Иймээс алданги шаардах эрхгүй гэж үзэж байна. Барилгын засварын ажил гүйцэтгэсэн 4,940,000 төгрөг гэж байна. Тухайн байрыг хүлээж аваад хэн гэдэг хүнээр ямар засвар хийлгэсэн гэдэг нь үйл баримтаар тогтоогдохгүй. Барилгын материал худалдан авсан материал байгаа болохоос засварын ажлыг тухайн байран дээр хийсэн эсэх нь тодорхойгүй. Д.Иын зүгээс тухайн байранд засвар хийх ямар нэгэн шаардлага байхгүй бүрэн бүтэн хүлээлгэж өгсөн гэдэг зүйл ярьж байгаа учраас үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн бизнесийн зээлийн талаар яриад байна. Б.Т гэдэг хүн Төрийн банктай харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Энэ хүмүүсийн ямар нэгэн үүрэг хүлээх шаардлага байхгүй. Иймээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Т.Г шүүхэд ирүүлсэн хариу тайлбар: Т.Г миний бие 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Д.Итой гэрээ байгуулсан боловч 2020 оны 1 дүгээр сараас 3 дугаар сарын хооронд байрны үлдэгдэл төлбөр болох 61,035,000 төгрөгийг зээлэнд хамрагдаж Г-ын Ц, Г-ын Н гэх хоёр эгчээрээ банканд материал бүрдүүлж өгөх амлалт өгч шинэ байранд маань нүүж орсон. Үүнээс хойш удаа дараа гэрт нь очиж асуудлаа шийдэхийг шаардсан боловч зээлгүй бэлнээр төлнө гэсээр 2021 оны 07 дугаар сар хүргэсэн. Алданги, хүү миний хувьд Төрийн банкинд төлсөөр өдий хүрсэн. Маш олон удаа маргаан гарсан ч байр суллахгүй гэсээр хадмууд нь оролцож эхэлсэн. Аргагүйн эрхэнд 8,000,000 төгрөг буцааж өгөх гэрээ хийснээр байрны түлхүүрээ авсан боловч хүнд зарах аргагүй хуучруулсан байсан. Зарахын тулд дахин шинээр засвар хийсэн. Үүнд 1. хаалганы цоож 40,000 төгрөг, паркетан шал 1,500,000 төгрөг, обой, цавуу 400,000 төгрөг, ванн 500,000 төгрөг, нойл 450,000 төгрөг, ажлын хөлс 3,000,000 төгрөг нийт 5,890,000 төгрөг, 2. Анх улсын бүртгэлд гэрчилгээ авах хүний нэр өгснөөр татваргүйгээр нэр шилждэг эднийх Н дээр авна гэсэн боловч аваагүй тул нэмж 1,600,000 төгрөг зардал манайх гаргасан. 3. Захиалгын гэрээний заалтын дагуу хоногийн алдангийг бид нэхэмжлэх эрхтэй. 3 хувийн торгууль 2,470,000 төгрөг, 570 өдөр 28,5 хувийн торгууль 17,480,000 төгрөг, нийт 27,440,000 төгрөг. Бид бизнесийн зээл энэ хугацаанд төлж алдагдал хүлээсэн энэ нь сарын 2,2 хувийн хүүтэй зээл байсан. 2021 оны 12 сар хүртэл зээлтэй байсан. 2 жил 52,8 хувийн алдагдалтай үлдэгдэл 61,035,000 гэвэл 32,226,480 алдагдал хүлээснээр нийт 59,666,480 төгрөг салхинд хийсгэсэнтэй тэнцүү болсон. Миний данс руу 19.000.000 төгрөгийг шилжүүлсэн байгаа. Бусад төлбөр СӨХ, халаалт, цахилгаан, дулаан, цэвэр ус хэрэглээний халуун ус гэх мэт төлбөрийг сар бүр төлдөггүй байсан учраас араас нь нэхэл дагал болж байж төлдөг байсан. Гэрээ байгуулж орохдоо байр худалдаж авах хүн байсан учраас бэлэн төлөлтөд 24 дүгээр тоотыг өгөөд 45 тоотыг зээлээр олгох боломжтой байна гэж хэлсэн. Энэ байраа 19.000.000 төгрөг дээр 6.000.000 төгрөгийг 12 дугаар сарын дундуур танайхыг ашиглалтад өгөх үед зээлж аваад өгнө гэж хэлээд орсон. Ямар ч урьдчилгаагүй хүнд байраа зардаггүй. Төлбөрөө 100 хувь төлснөөр банкнаас ордер авах боломжтой байсан. Гэтэл банк бидэнтэй гэрээ байгуулж манай зээлийг дарахын тулд ипотекийн 8 хувь гаргаж өгснөөр тухайн байрны гэрчилгээ гардаг. Зээл олгох боломжтой гэсэн тохиолдолд шилжүүлэх бүрэн боломжтой байсан. Зээлийн шаардлага хангаагүй. Гэрчилгээ гаргах бүрэн боломжтой тохиолдолд улсын бүртгэл ордерыг нь шилжүүлэх боломжтой. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бидэнд маш их хохирол учирсан. Байр хүлээлгэж өгөөгүй. Нотариат дээр очоод мөнгө авна тэгэхгүй бол байрыг хүлээлгэж өгөхгүй, бид амьдарна, та нар шүүхээс тодорхойлолт гаргаж ир гэж хугацаа авч байсан. Нотариат дээр надад түлхүүр өгсөн. Би 8.000.000 төгрөг өгье гэж гэрээ байгуулж өгсөн. Нотариатын бичсэн загварыг намайг ингэж бич гэсэн үндсэн дээр бичиж өгсөн. Анх цоо шинэ байр хүлээлгэн өгсөн боловч жаахан хүүхдүүдтэй айл байсан мөн 1 жил 8 сар амьдарсан учир би дахиж бүрэн засвар хийгээд зарсан. Шинэ байр гээд зарах боломжгүй болсон байсан. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч Т.Г шүүхэд ирүүлсэн сөрөг нэхэмжлэлдээ: Т.Г миний бие 2019 оны 10 дугаар сарын 11-нд нэхэмжлэгч гэх Д.Итой орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх тухай гэрээ байгуулж, нэхэмжлэгч нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан багт байрлах Жаргалан Апартмент хотхоны 2-р орц , 45 тоот , 49,9 м2 талбай бүхий 2 өрөө байрыг худалдан авахаар болж байрны урьдчилгаа төлбөрт нийт 21,600,000 төгрөг төлсөн. Улмаар Д.И нь 2019 оны 10 дугаар сарын 13-ны өдөр байрандаа орсоны дараа гэрээнд заасны дагуу үлдэгдэл төлбөрийг Ипотекийн 8 хувийн зээлд хамрагдаж өгнө гэж хэлж байранд орж амьдарсан. Нэхэмжлэгч нь банк дээр очиж удаа дараа зээлээ судлуулсан боловч зээл авах боломжгүй гэдэг, аргаа бараад Г.Б-ийн эгч Г.Н, Г.Ц нарын нэр дээр зээл гаргуулах талаар хөөцөлдөж мөн л зээл авах боломжгүй гэдэг. Сүүлдээ аав, ээжээсээ, ах эгч нараасаа ноолуурын мөнгийг нь аваад өгнө гэж хүлээлгэсээр 18 сар тус байранд байсан. Зээл авах боломжтой бид ажил хийдэг гэж хэлээд байранд орсон. Гэтэл бодит байдал дээр зээл авах боломжгүй байж байранд орчихсон байсан. Иймд дараах сөрөг нэхэмжлэлийг гаргаж байна.

 Нэгдүгээрт: Захиалагч тал Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх тухай гэрээний 2 дугаар зүйлийн 2.3 дахь заалтын дагуу төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлбөл зохих төлбөрийн 0,05 хувьтай тэнцэх алдангийг гүйцэтгэгч талд төлөхөөр харилцан тохиролцсон. Манай байр 2019 оны 12 дугаар сарын З-нд ашиглалтанд орж улсын комисс хүлээн авсан. Д.И нь 2019 оны 10 дугаар сарын 11-нд гэрээ хийгээд урьдчилгаа төлбөрөө дутуу төлсөн. Урьдчилгаа төлбөрийнхөө талыг хийсэн учир байрныхаа төлбөрөө зээл аваад төлчих юм байна гэж итгэж, мөн нялх хүүхэдтэй хүн гуйгаад байхаар нь 2020 оны 10 дугаар сарын 13-нд байрандаа оруулсан. Нэхэмжлэгчийн хувьд 2020 оны 2 дугаар сарын дотор зээлээ авч өгөөд үлдэгдэл төлбөрийг дуусгах байсан. Байрны үлдэгдэл төлбөр нь 60,735,000 төгрөг буюу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 2020 оны 03 дугаар сарын 1-ний өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 2-ны өдрийг хүртэл хугацааны 398 өдрийн 0,05 хувийн алдангийг тооцож 12,085,270 төгрөгийг нэхэмжилж байна.

Хоёрдугаарт: Нэхэмжлэгч Д.Ид 2019 оны 10 дугаар сарын 13-нд шинээр ашиглалтад орсон 2 өрөө байрыг хүлээлгэж өгсөн. Гэтэл энэ хүмүүс тэр байранд 1 жил 6 сарын хугацаанд амьдарч байсан. Тэр байрыг 2021 оны 04 дүгээр сарын 2-ны өдөр чөлөөлж өгөхөд өрөөний обойнууд нь зурагдсан, нойлын ус татагдахгүй болсон, ванн нь жил гаруй хэрэглэсэн тул солих шаардлагатай, паркетан шаланд зураас үүссэн эвгүй үнэртэй байсан учир дахин зарахын тулд засвар хийж борлуулсан. Нэхэмжлэгчид түлхүүр гардуулж өгсөний дараа байрандаа ус алдуулсан байсан бөгөөд шал нь чийг болчихсон тул шалыг нь хуулж дахин шинээр шал шахаж тавьсан. Засварын үнэ нь шал авсан 1300000 төгрөг, нойлын үнэ 300000 төгрөг, Ванн 400,000 төгрөг Обой 400,000 төгрөг, тавилгууд хөшиг тогтоогч тавьсан тул Эмульс замаск хийсэн 40000 төгрөг, засварын барилгын ажлын хөлс 2500000 төгрөг нийт 4,940,000 төгрөгийн хохирлыг нэхэмжилж байна.

Гуравдугаарт: Бид бизнесийн зээлийг банк бус болон банкны зээл авч энэхүү барилгаа босгосон . Сарын хүү 2,5 хувь нийт 25 хувийн хүү төлсөн. Уг байрны үлдэгдэл төлбөр болох 60,730,000 бөгөөд 2020 оны З-р сарын 1-нээс эхлэн 2021 оны 4 сарын 1-ний өдөр хүртэлх хугацааг нийт 13 сараар тооцож хүү төлсөн. Үүнд хүүгийн алдангийг оруулаагүй. Зөвхөн зээлийн хүүнд Төрийн банкны Ард зээлийн төвд 15182500 төгрөгийг төлсөн. Тиймээс 15,182,500 төгрөгийг нэхэмжилж байна. ... миний хувьд нэхэмжлэгч нь гэрээний үүрэг болох байрны үлдэгдэл төлбөрөө төлөөгүйгээс гэрээ цуцлагдах болж надад нийт 32,207,770 төгрөгийн хохирол учирсан тул хууль болон гэрээнд заасны дагуу нэхэмжлэгч Д.Иоос дээрх хохирлыг гаргуулж сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

  Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5 дахь хэсэг, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн Т.Гаас байрны урьдчилгаа төлбөрт төлсөн 21,600,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Ид олгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6 дахь хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгч Д.Иоос засвар хийсэн төлбөрт 2,440,000 төгрөг гаргуулж хариуцагч Т.Гд олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 29,767,770 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 265,950 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 318,989 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Гаас нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 265,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Ид олгож, нэхэмжлэгч Д.Иоос сөрөг нэхэмжлэлийн хангагдсан шаардлага 2,440,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 53,990 төгрөгийг гаргуулан хариуцагч Т.Гд олгож ..... шийдвэрлэжээ.

Хариуцагч Т.Г давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О нь байрны урьдчилгаа төлбөрт төлсөн 21,600,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ хариуцагчийн гаргаж өгсөн нотлох баримт болон тайлбарт үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй.

Нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд үүссэн гэрээний эрх зүйн харилцааг буруу тодорхойлсон, хариуцагч намайг хэлцэл хийх эрхгүй этгээд гэж дүгнэсэн атлаа сөрөг нэхэмжлэл гаргах эрхтэй гэж дүгнэж сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй. Нэхэмжлэгч нар нь тухайн байранд 1 жил 8 сар амьдарсан байхад тухайн байрны ашиглалтын төлбөрт өгсөн тооцоог урьдчилгаанд өгсөнөөр оруулж тооцож нэхэмжлэлийг хангасан нь үндэслэлгүй. Мөн байрнаас гарах үед нэхэмжлэгчтэй нотариат дээр цуг очиж урьдчилгаанд өгсөн мөнгөнөөс миний бие 8 сая төгрөгийг буцааж төлөх талаар хүсэл зоригоо илэрхийлж байрны түлхүүрийг авч байсан бөгөөд энэ талаар нотлох баримтыг анхан шатны шүүх үнэлж дүгнэлт гаргаагүй.

Д.Иын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Анхан шатны шүүх нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд байгуулагдсан хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж хэргийн үйл баримт болоод маргааны зүйлийг үнэн зөвөөр дүгнэж хэргийг шийдвэрлэсэн бөгөөд хариуцагч талаас гаргасан сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг буюу засвар хийсэн төлбөр 2.440.000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэхдээ Монгол Улсын Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасан “Хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө” гэх заалтыг буруу тайлбарласан гэж үзэж байна.

Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх тухай гэрээ буюу тус хүчин төгөлдөр бус хэлцлийг хариуцагч Т.Г нь хийсэн буруутай байхад анхан шатны шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан Д.Иоос засвар хийсэн төлбөрт 2.440.000 төгрөгийг гаргуулж Т.Гд олгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Нэхэмжлэгчийн зүгээс дансны гүйлгээ хийсэн баримтыг нотлох баримтаар гаргаж өгсөн. Гэтэл анхан шатны шүүх тухайн нотлох баримтууд дээр үнэлэлт дүгнэлт хийгээгүй. Хавтаст хэрэгт авагдсан дансны гүйлгээний хуулгыг харахад 12,000,000 төгрөг, 5,000,000 төгрөг, 400,000 төгрөг, 2,000,000 төгрөг, 20,000 төгрөг, 18,000 төгрөг, 20,000 төгрөг, 60,000 төгрөг,  80,000 төгрөг, 60,000 төгрөг, 800,000 төгрөг, 30,000 төгрөгөөр хийсэн гүйлгээний утгыг харахад халуун усны төлбөр, урьдчилгаа төлбөр гэдгийг нийтэд нь бодож 21,600,000 төгрөгийг гаргуулахаар анхан шатны шүүх шийдвэрлэсэн нь бодит байдалд нийцэхгүй. Хариуцагч тал 19,000,000 төгрөг байрны урьдчилгаанд өгсөн буюу байрны түлхүүр өгөхдөө 12,000,000 төгрөг, дараа нь 5,000,000 төгрөг, 2,000,000 төгрөг, 2,000,000 төгрөг өгснөөр 19,000,000 сая төгрөг болсон. Бусад зардал нь өнөөдөр нэг аравны найман сар амьдрах хугацааны ашиглалтын зардал байсан. Ашиглалтын зардлыг хийсэн тооцоог өнөөдөр урьдчилгаанд орсон төлбөр гэж шүүх тооцож гаргуулж байгаа нь хуульд нийцээгүй. Нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөөд “за тэгвэл түлхүүрийг чинь өгье” гээд түлхүүрийг нотариатын хажууд гардуулж өгчхөөд найман сая төгрөг өгөхөөр нотариат хийсэн байдаг. Тэр баталгааг хариуцагч Г баталгаа гаргаж байна. Нотариат нь нэг талын баталгаа учраас нэг талд нь хүсэл зоригоо илэрхийлээд баталгаагаа гарга гэдэг асуудлыг ярьдаг. Гэтэл анхан шатны шүүх энэ нотлох баримт дээрээс үнэлэлт дүгнэлт өгдөггүй. Хариуцагч мөн байна гэж нэхэмжлэгчийн зүгээс тодорхойлж ирээд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэсэн атлаа, өмчлөгчийг төлөөлөх эрхгүй субъект байна гэж дүгнэлт шийдвэр гаргаж сөрөг нэхэмжлэл хүлээж аваад зарим хэсгийг хангаад байгаа нь хэргийн бодит байдалд нийцсэн дүгнэлт шийдвэр бол гаргаагүй. Хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү, нотлох баримт дутуу байхад шийдсэн.

 

                                               ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар зөвхөн гомдолд заасан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзлээ.

Д.Иын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь үндэслэлтэй байна. 

 Нэхэмжлэгч Д.Иыг төлөөлж, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О нь Т.Гд холбогдуулан байрны урьдчилгаа төлбөрт төлсөн 21,600,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

 

 Хариуцагч Т.Г нь нэхэмжлэгч Д.Ид холбогдуулан гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс өдрийн 0,05 хувийн алдангийг тооцож 12,085,270 төгрөг, засвар хийсэн төлбөрт 4,940,000 төгрөг, Төрийн банкны Ард зээлийн төвд төлсөн зээлийн хүү 15,182,500 төгрөг, нийт 32,207,770 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

 

Талуудын хооронд үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ бичгээр байгуулагджээ. Гэрээний хүчин төгөлдөр, хууль ёсны байдлын тухайд:

 

Хэргийн 180 дахь талд авагдсан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ №000600143-д Б-ын Т нь Говь-Алтай аймаг Есөнбулаг сум ......... байр 3780.0 мк байрны өмчлөгчөөр бүртгэгдэж гэрчилгээ олгогджээ.

Дээрхи байрыг барих явцад нэг талаас борлуулалтын менежир ажилтай Т.Г, нөгөө талаас иргэн Д.И, Б нар орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэж нэрлэн 2019 оны 10 дугаар сарын 11-ны өдөр гэрээ байгуулж явцын дунд  21,600,000  төгрөгийг Д.И шилжүүлжээ. Уг мөнгөн дүнг зөвшөөрч Т.Г сөрөг нэхэмжлэлдээ дурджээ. (Хэргийн 61 дэх тал) Байр баригдсаны дараа тодорхой хугацаагаар Д.И, Б нар уг байранд амьдарчээ.

Д.И нь ипотекийн зээлд хамрагдаж байрны үлдэгдэл төлбөрийг төлөх гэсэн боловч зээлийн шаардлага хангаагүй тул төлбөрийг төлөх боломжгүй  болжээ. Нэхэмжлэгч Д.И, Б нарт зээл олгогдоогүй учир тухайн байрыг 2021 оны 04 дүгээр сард хүлээлгэн өгсөн байна.

 Анхан шатны шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5 дахь хэсэг, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн Т.Гаас байрны урьдчилгаа төлбөрт төлсөн 21,600,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Ид олгож шийдвэрлэсэн нь зөв байна.

Хуулийн дагуу үл хөдлөх хөрөнгийг өмчлөх эрхтэй этгээд буюу өмчлөгч эсхүл түүнээс итгэмжлэлээр эрх олгогдсон этгээд тухайн өмчийг захиран зарцуулах эрхийг хуулиар баталгаажуулсан байна.

Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3. Хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй.  Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.6 .. өмчлөгч энэ зүйлд заасан эрхээ бусдад шилжүүлэх эрхтэй... гэж заажээ.

 Орон сууц өмчлөгч Б.Т 2020 оны 03 дугаар сарын 04-нд Төрийн банктай байгуулсан барьцааны гэрээнд нэмэлт өөрчилөлт оруулах эрхийг Т.Гд 3 жилээр итгэмжлэн олгосон байна. Үл хөрлөх хөрөнгийг захиран зарцуулах эрхийг Т.Гд шилжүүлээгүй байна. Өмчлөгч бус этгээд буюу Т.Гд маргасан үл хөдлөх хөрөнгийг захиран зарцуулах эрх олгогдоогүй тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар  өмчлөгч Б.Т-ийн зөвшөөрөлгүй хийгдсэн хэлцлийн хувьд талууд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5- д зааснаар хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх ёстой гэж шийдсэн шийдвэр үндэслэлтэй байна.  

 

Т.Г нь Б.Тийн үл хөдлөх хөрөнгийг бусдад эрх олгогдоогүй байхад зарж Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар үндэслэлгүйгээр 21,600,000 төгрөгөөр хөрөнгөжсөн гэж анхан шатны шүүхээс үзсэн нь үндэслэлтэй байна. Д.Иын шилжүүлсэн дүн 21600000 төгрөгийн хувьд маргаагүй хэргийн 61 дэх талд авагдсан сөрөг нэхэмжлэлд Т.Г энэ талаар дурджээ.

 Т.Г Б.Т нарын дунд өмчлөх эрхтэй холбоотой маргаан үүсэхгүй, эрхээ шилжүүлсэн тохиолдолд хуулийн дагуу, түүнд заасан хэлбэрээр өмчлөгчийн эрхээ шилжүүлж иргэний эрх зүйн харилцаанд оролцон гэрээ хэлцэл байгуулдаг байна.

Талууд маргасан тохиолдолд анхан шатны шүүх хуулийн зохицуулалтыг тайлбарлан хэрэглэсэн нь  үндэслэлтэй бөгөөд Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7-д зааснаар хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй байна.

 

Хариуцагч Т.Гын гаргасан сөрөг нэхэмжлэлийн тухайд  

Иргэний хэргийн 180 дахь талд авагдсан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ №000600143-д Б-ын Т нь Говь-Алтай аймаг Есөнбулаг сум Дэвшил 23 байр 3780.0 мк байрны өмчлөгчөөр бүртгэгдэж гэрчилгээ олгогдсон тул уг байрыг барихтай холбогдуулан зээлсэн зээл, түүний төлбөр, учирсан хохирол, Д.Иын орон сууцанд байрласан хугацааны хөлс, засварын зардал зэргийг өмчлөгч Б.Т нь өөрөө эсхүл түүнээс эрх олгогдсон этгээд бусдаас нэхэмжлэх эрхтэй байна. Мөн Иргэний хуулийн 56 дугаар зүйлд зааснаар талуудын хооронд байгуулсан Орон сууц захиалах, захиалан бариулах гэрээ гэж нэрлэсэн гэрээ нь хүчин төгөлдөр бус байх тул уг гэрээний дагуу үүрэг хүлээх хариуцлага тооцох боломжгүй байна.   

 

Анхан шатны шүүх хариуцагч Т.Г нь нэхэмжлэгч Д.Иоос Жаргалан апартмент орон сууцны 45 тоот байрыг ашигласны улмаас учирсан хохирлоо нэхэмжлэх эрх нээлттэй үлдсэн болохыг дурдах нь зүйтэй гэсэн дүгнэлт үндэслэл муутай ба энэхүү эрхийг өмчлөгч эдлэхээр байна.

Хэргийн 131 дэх талд авагдсан Т.Гын 8 сая төгрөг өгөх тухай баталгаа нь түүний хүсэл зоригийг илэрхийлсэн, Т.Г ганцаараа гарын үсэг зурж баталгаа гаргасан, нэг талын хүсэл зоригийн илэрхийлэл байх тул бусдад буюу Д.Ид ямар нэг үүрэг хүлээлгэх үндэслэл болохгүй байна.

Иргэний хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д зааснаар иргэн Б.Т, Т.Г төдийгүй 18 насанд хүрсэн тус улсын иргэд нь хувийн болон эд баялагын эрхийн хувьд насанд хүрснээр өөрийн нэрийн өмнөөс өөртөө эрх олж авах, үүрэг бий болгох иргэний эрх зүйн чадамжтай бие хүн болж эрх зүйн харилцаанд оролцдог байна. Энэ эрхийн хүрээнд олж авсан орон сууц өмчлөх эрхээ бусдад шилжүүлэх, өөрийгөө төлөөлүүлэх  тохиолдолд хуульд заасан арга хэлбэрээр эрхээ эдлэх нь зүйтэй байна.  

 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 265,950 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 318,989 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Гаас нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 265,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Ид олгож, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн тул “ нэхэмжлэгч Д.Иоос сөрөг нэхэмжлэлийн хангагдсан шаардлага 2,440,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 53,990 төгрөгийг гаргуулан хариуцагч Т.Гд олгож шийдвэрлэсэн“ шийдвэрийн тогтоох хэсгийг хасч шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 19-ны өдрийн 225 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг

“...Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар Т.Гын гаргасан сөрөг  нэхэмжлэлийн  шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай....” гэж,  3 дахь заалтаас “...нэхэмжлэгч Д.Иоос сөрөг нэхэмжлэлийн хангагдсан шаардлага 2.440,000 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамж 53.990 төгрөгийг гаргуулан хариуцагч Т.Гд олгосугай...” гэснийг хасч шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэгт зааснаар зохигч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Т.ЖАРГАЛСАЙХАН

                

                         ШҮҮГЧИД                                     Ч.ЭНХТӨР

                                                              Ш.БАТТОГТОХ