Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 445

 

Г.Э-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, хохирогч О.Б, түүний өмгөөлөгч Т.Сайнбаяр, шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батжаргал, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны   04 дүгээр сарын 14-ний өдрийн 681 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 646 дугаар магадлалтай, Г.Э-т холбогдох 1906063330435 дугаартай эрүүгийн хэргийг хохирогчийн гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Амарбаясгалангийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1987 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Баянхонгор аймагт төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, урьд ял шийтгэлгүй, Б овогт Г-ийн Э.

Г.Э нь 2019 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 16-ын автобусны буудал дээр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай буюу хамтран амьдарч байсан иргэн О.Б-тэй “өөр эмэгтэйтэй эр, эмийн харилцаа үүсгэсэн, чат бичсэн” гэх асуудлаар маргалдаж, улмаар “...миний найз охиныг тайван байлга, ална шүү” хэмээн нүүр рүү нь цохиж, үснээс нь зулгаах, газар унагах зэргээр биед нь халдан зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “... шүүгдэгч Г.Э-ыг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Г.Э-ыг 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож” шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх “... шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Прокуророос Г.Э-т холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй” гэсэн,

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг ажлын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй” гэсэн тус тус нэмэлт заалт оруулж,

1 дэх заалтыг “Шүүгдэгч Г.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж,

2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э-ыг 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй” гэж,

3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүний цагдан хоригдсон 37 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцон 296 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял эдэлсэнд тооцож, үлдэх 424 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлүүлэхээр тогтоосугай” гэж тус тус өөрчилж шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж” шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд хохирогч О.Б гаргасан гомдолдоо  “... Магадлалын тодорхойлох хэсэгт: “... Г.Э-ыг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт үйлдэлд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн боловч энэ гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэж үзсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүхийн шийдвэрийг өөрчлөх үндэслэл болов” гэжээ.

Хавтаст хэргийн хүрээнд шүүгдэгч Г.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж зүйлчлээгүй. Хэрвээ гэр бүлийн хүчирхийллийг 2 буюу түүнээс дээш удаа байнга үйлдсэн гэж буруутгасан бол нэмж 11.7 дугаар зүйлээр зүйлчлэх байсан.

Гэтэл хэрэгт авагдаагүй уг зүйлчлэлийн шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дээр тайлбарлан дээрх шинж нотлогдохгүй байна гэж үзэн давж заалдах шатны шүүх хэргийг хөнгөрүүлсэн нь үндэслэлгүй байна. Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд заасан хүний биед хүндэвтэр хохирол санаатай учруулсан, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай миний биед хөнгөн болон хүндэвтэр гэмтлүүдийг санаатайгаар удаа дараа учруулж, хохироосон тул анхан шатны шүүх 11.4 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар зүйлчилсэн. Шүүгдэгч нь хохирогч миний биед удаа дараа буюу байнга бие махбодийн дарамт учруулж байсан гэдэг нь гэрчүүдийн мэдүүлгээр нотлогддог.

Гэтэл давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэх хүндрүүлэх нөхцөл тогтоогдохгүй байна гэж үзсэн нь хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн.

Иймд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн  646 дугаартай магадлалыг хүчингүй болгож анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч Т.Сайнбаяр хэлсэн саналдаа “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт заасныг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиас иш татаж оруулсан. Учир нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 3.1.2-т гэр бүлийн хамаарал бүхий этгээдүүдийг тодорхойлж өгсөн. Гэтэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж өөрчлөлт оруулсан байна. Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийн агуулга нь Эрүүгийн хуулийн зарчимтай нийцэж байгаа. “Байнга” гэх шинж нь 3-аас дээш удаагий үйлдлийг ойлгох ба хэрэв байнга гэр бүлий хүчирхийлэл үйлдсэн бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд зааснаар зүйлчлэгдэх ёстой байсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах шатны магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батжаргал хэлсэн саналдаа “... Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн зүйлчлэлийг хэргийн зүйчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлсэн нь хэргийн жинхэнэ байдалд нийцсэн бөгөөд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил байхгүй учир гомдлыг хэрэгсэхгүй болгож, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор А.Оюунгэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “... Давж заалдах шатны шүүх Г.Э-т холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлсэн нь хуульд нийцсэн байна. Иймд магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Хохирогч О.Бийн гаргасан гомдлыг үндэслэн Г.Э-т холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Прокуророос Г.Э-ыг 2019 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 16-ын автобусны буудал дээр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай буюу хамтран амьдарч байсан хохирогч О.Б-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, нүүр рүү нь цохих, үснээс нь зулгаах, газар унагах зэргээр зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал бүхий зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Г.Э-т холбогдох хэргийг хянан хэлэлцээд түүнийг “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх боловч “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” буюу тухайн гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй, учир дутагдалтай дүгнэлт болжээ.

Хууль тогтоогч гэр бүлийн хамаарал бүхий хүний эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилжээ. Гэхдээ гэр бүлийн харилцан хамааралтай хүмүүсийн хооронд үйлдэгдсэн гэмт хэрэг нэг бүрийг гэр бүлийн хүчирхийллийн хүрээнд үйлдэгдсэн гэж дүгнэх нь Эрүүгийн хуулийн агуулга, зарчмыг буруу тайлбарлан хэрэглэхэд хүргэнэ.

Шүүх аливаа гэмт хэргийг хүндрүүлэн зүйлчилж байгаа тохиолдолд гэм буруутай этгээдийн үйлдэл нь тухайн хүндрүүлэх шинжийг бүрэн хангаж байгаа эсэхэд хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан бодитой хууль зүйн дүгнэлт хийх нь чухал юм.

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд тусгасан агуулгаар ойлгох бөгөөд уг зүйлд заасан аль нэг үйлдлийг байнга /зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан/ хийсэн тохиолдолд гэмт хэрэгт тооцохоор хууль тогтоогч тодорхойлсон болно.

“Байнга” гэх гэмт хэргийн шинж нь хэвшмэл, дахин давтагдах шинжтэй бөгөөд гэр бүлийн харилцан хамаарал бүхий хүнийг зодсон үйлдэл нь гурав түүнээс дээш давтамжтай үйлдэгдсэн үйлдлээр илэрхийлэгдэх хууль зүйн ойлголт юм.

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон хэргийн үйл баримтаас дүгнэхэд шүүгдэгч Г.Э нь хохирогч О.Бийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан зэрэг гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй үйлдэл хийсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Түүнчлэн хохирогч О.Б “Г.Э нь урьд өмнө удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан” гэж мэдүүлсэн боловч хохирогчийн мэдүүлгийн эх сурвалж нотлох баримтаар бүрэн нотлогдохгүй байна гэж үзлээ.

Уг гэмт хэргийн тухайд хохирогчийн удаа дараагийн шахалтаар Г.Э нь очиж уулзсан үйл баримт тогтоогдож байх ба хамтран амьдарч байсан О.Б-тэй гэр бүл салалт, түүнээс үүссэн ахуйн шинжтэй маргааны /хувийн таарамжгүй харьцааны/ улмаас маргалдаж, хохирогчийн биед халдсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн нөхцөл байдал тогтоогдож байна. Энэ талаар давж заалдах шатны шүүх хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг хөнгөрүүлэн зүйлчилж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцжээ.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлсэн өөрчлөлтийг оруулж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хохирогч О.Б-ийн “... шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэсэн агуулга бүхий гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар “шүүгдэгчийн ... гэр бүлийн байдал ...” талаар бичих ёстой байтал анхан шатны шүүх шийтгэх тогтоолын удиртгал хэсэгт орхигдуулсныг тэмдэглэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 646 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хохирогч О.Бийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

                                              ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                              ШҮҮГЧ                                                         Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                                   Б.БАТЦЭРЭН

                                                                                                                   Ч.ХОСБАЯР

                                                                                                                   Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН