Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 681

 

 

 

 

 

 

 

 

 2020        04         14                                   2020/ШЦТ/681

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

Нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,

Улсын яллагч Ц.Гантулгабат,

Хохирогч О.Батчимэг,

Шүүгдэгч Г.Э, түүний өмгөөлөгч Н.Золжаргал, Г.Оюунтуяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Эт холбогдох эрүүгийн 1906 06333 0435 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Г.Э,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Э нь 2019 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 16-ийн автобусны буудал дээр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай буюу хамтран амьдарч байгаад больсон иргэн О.Батчимэгтэй "өөр эмэгтэйтэй эр эмийн харилцаа үүсгэсэн, чат бичсэн" гэх асуудлаар маргалдаж улмаар "...миний найз охиныг тайван орхи, ална шүү" хэмээн нүүр рүү нь цохих, үснээс нь зулгаах, газар унагах зэргээр биед нь халдан зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                                                                    /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/     

                                                                                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 1906 06333 0435 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судалхад шүүгдэгч Г.Э нь гэр бүлийн хамаарал бүхий хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Хохирогч О.Батчимэгийн мөрдөн байцаалтад өгсөн:

Г.Этай 2010 онд танилцаж, 2012 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс хойш манайд хамт амьдарсан. Бидний дундаас 2 ихэр ихэр хүү, 1 охин төрсөн. Намайг 2016 оны 09 дүгээр сар, 2018 оны 04 дүгээр сар, 2018 оны 07 дугаар саруудад Г.Э зодож байсан. Сүүлд зодосноос хойш энэ хүнийг уучилж чадахгүй хөндий харьцаатай байсан. 2019 оны 03 сард банкнаас 150 сая төгрөгний зээл авсан. Тэр мөнгийг яасан нь мэдэгдэхгүй байж байгаад 2019 оны 04 дүгээр сарын 13-ны өглөө их хэмжээний мөнгө аваад ор сураггүй алга болсон. Тэрнээс хойш тааралдахгүй, утсаа авахгүй байсаар 4 сарын сүүлээр уулзаж би оюуны өмчийн патентаа авсан. Дахиж уулзаагүй байж байгаад 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр намайг Г.Э болон түүний явдаг хүүхнээс машинаа булааж авсан, нэр төрд нь халдсан, эд зүйл эвдсэн, хулгайлсан гэж Сүхбаатар дүүргийн цагдаад өгсөн байхад тэнд таарч байсан. Гэхдээ миний буруу биш гэдгийг тогтоосон. Тэрнээс хойш Г.Э надаас мөнгө нэхэмжилж иргэний шүүхэд өгсөн байсан. Ингээд тэр асуудлын тухай, түүний явалддаг хүүхний надруу бичээд байгаа чатуудыг үзүүлэх зорилгоор, мөн бага охинтой нь уулзуулах зорилгоор 2019 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 16 дугаар хорооллын автобусны буудал дээр миний машин дотор уулзсан. Тэгэж уулзаж байхдаа намайг машин дотор зодсон. Бид хоёр миний машинд сууж ярилцах үед би жолооч талын суудал дээр, Г.Э миний хажууд зорчигчийн суудал дээр, 3 настай охин миний өвөр дээр сууж байсан. Ингээд би "тэр хүүхэн чинь яагаад намайг доромжлоод байгаа юм бэ?, Тэр хүүхэн чинь надруу юм бичээд байна, чи заваарч явсан юм бол өр зээлээ төл" гэсэн чинь "Би өөрийн гэсэн юмаа чамаас авна, би яаж амьдрах юм бэ?, миний найз эмэгтэйг тайван орхи, ална шүү" гэсэн. Тэгээд намайг зодож эхэлсэн. Би "явлаа" гэсэн чинь Г.Э охиноо надаас булааж аваад миний нүүр лүү нилээн хэдэн удаа цохьсон. Тэгээд миний үснээс зулгааж өөрөө машинаас буугаад үснээс чирсэн. Би үсдүүлсэн чигтээ газар унасан. Би газар гараараа тулах үед намайг өшиглөж зодсон. Намайг ухаан балартал нүдэж байгаад яваад өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 14-15/,

Түүний шүүх хуралдаанд өгсөн:

2019 оны 04 дүгээр сарын 13-ны өглөө надад юу ч хэлээгүй, унах унаагүй, мөнгө төгрөггүй 5 хүүхдийн хамт орхиод явсан. Би анх цагдаагийн байгууллагад манай нөхөр алга болсон гэж дуудлага өгсөн. Гэтэл фэйсбүүк, утсаа хаасан байсан. Банкнаас авсан 150.000.000 төгрөгийн зээлийн үндсэн зээлдэгч байсан. Миний дансанд хувийн хэрэгцээнд 5.200.000 төгрөгийг шилжүүлсэн. Бусад мөнгө хаашаа орсон талаар мэдэгдэхгүй байхаар нь би “банкны зээлийн баримтаа үзүүл, би зээлийн талаар хянаж баймаар байна” гэж хэлсэн. Надад “мөнгөний баримтаа авч ирж өгнө” гэж хэлээд 3 хоногийн дараа алга болсон. Манай хүүхдүүдэд үлдсэн ганц автомашиныг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хураагаад явсан. Г.Эыг явснаас хойш 150.000.000 төгрөгийн зээлийн хүү болох 3.759.000 төгрөгийг би төлсөн. Би 5 хүүхдээ тэжээхийн хажуугаар өр төлбөрийг төлсөн. Г.Э 2-5 насны гурван хүүхдийг хаяад явсан. Манай том хоёр хүүхэд миний дагавар хүүхэд. Хэдийгээр миний дагавар хүүхэд ч энэ хүн манай том хүүхдээс “би ээжид чинь хайртай, та хоёрт эцэг чинь болж чадна” гэж зөвшөөрөл авч надтай хамт амьдарсан. Гэтэл одоо хаяад явсан. Манай том хүүхэд 15 настай, одоо дүү нараа хараад гэртээ байдаг. Миний бага хүүхэд 1 килограмм 400 грамм жинтэй төрсөн. Бие нь сул өрөвдмөөр хүүхэд байдаг юм. Тухайн өдөр бие нь сул байхаар нь би эмнэлэг авч явах гэхэд явахгүй гэсэн, би “аавтайгаа уулзах уу” гэхэд “тэгье” гэж хэлээд баярласан. Би шүүгдэгчийг хэдэн цаг хүлээхдээ “Бөмбөгөр” захаар явж охинтойгоо ижилхэн хувцас худалдан авч өмссөн. Тэгээд 16-ийн буудал дээр ирж хүлээгээд зогссон. Би зохион бүтээгч хүн, Оюуны өмчийн хоёр патент эзэмшдэг ба монголын том гэгдэх компанийн барилгуудын халаалтын асуудлыг шийдсэн нээлт хийгээд ажиллаж байна. Би дижитал халаагуурын талаар анхны зохион бүтээгч болж Засгийн газраас надад хүсэлт тавьж би Хүрэлсүх сайдтай уулзаж байсан. Би “150.000.000 төгрөг юм юм бэ, хамтдаа байвал болно, гурван хүүхдээ өнчрүүлэхгүй” гэж бодоод шүүгдэгчийг цөхөртлөө хүлээсэн. Г.Э, бид хоёрын хамтран банкнаас зээл тавиад авч байсан автомашин 6 буудлын эсрэг талын туслах зам руу орсон ба өмнө нь манай ажилчин тус газар луу удаа дараа орсныг харсан байсан. Тухайн үед нөхрийнхөө машиныг дагаад гудамж руу ороход мухар гудамжтай нийтийн байр байсан. Би тэр хувьд амьдардаг хүмүүсээс нөхрийнхөө машины марк, дугаарыг хэлээд “надаас мөнгө залилаад явсан, тухайн машиныг харвал надад хэлээд өгөөч” гэж гуйсан. Үл таних хүн миний утасны дугаар луу залгаад нөгөө машин ирсэн талаар хэлсэн. Би тухайн үед маш хурдан очход авто машиныг 21 насанд хүрээгүй хоёр жаахан охин унаад явж байсан. Би тэр охидоос “машины эзэн хаана байна” гэж асуухад “танай нөхөр надад бэлэглэсэн юм, хөгшин авгай минь, чиний үтрээг сунасан, миний үтрээг бариу гэдэг, танай нөхөртэй би энэ байранд хамт амьдарч байгаа” гэж хэлээд хэл амаар доромжилсон. Би аргаа бараад газраас чулуу аваад машиныг цонхыг хагалж, бичиг баримтыг гаргаж үзүүлээд “хэнийх байна” гэж орилсон. Тэгээд машиныг авч явсан. Гэтэл шүүгдэгч хэдэн сар хэл чимээгүй байснаа гэнэтхэн тэр өдөр над руу тэр хүүхнээ өмөөрч залгаж “чамайг ална, бүгдийг чинь түймэрдэнэ” гэж хэлээд нөгөө хүүхнээ өмөөрсөн, би айгаад цагдаад дуудлага өгсөн. Тэр үед шүүгдэгчийн авто машиныг гудамжид нуугаад гэртээ ирэхэд намайг хүний эд зүйл гэмтээсэн, хулгайлсан гэж цагдаад дуудлага өгсөн байсан. Би тухайн авто машинаас 21 настай хүүхний бичиг баримтыг олоод фэйсбүүкээр Г.Эын талаар мэдээлэл цацсан. Гэтэл Г.Э намайг “хүний нэр хүндэд халдлаа” гэж цагдаад өгсөн байсан. Тэр үеэс хойш нөгөө хүүхэн намайг фэйсбүүк чатаар байнга доромжлоод байсан юм. Тухайн өдөр шүүгдэгчтэй уулзахдаа тэр хүүхэн намайг доромжлоод байгаа талаар хэлж, болиулаад өгөөч гэж хэлэх гэхэд шүүгдэгч “миний хайрыг тайван байлга, янхан минь, гичий минь” гэж хэл амаар доромжлоод миний нүүр лүү 2-3 удаа цохисон ба миний хуруу хугарсан байсан. Би өөрийгөө хамгаалж байгаад хуруугаа хугалуулсан. Би одоо 5 хүүхдээ тэжээх гэж их ядарч байна. Шүүгдэгч намайг зодоогүй гэж худал хэлж байна. Би өмнө нь шүүгдэгчид удаа дараа зодуулж байсан ба Төв аймгийн Баянчандмань суманд ээжийнхээ гэрт зодуулж 88227440 дугаартай утаснаас цагдаад дуудлага өгч байсан. Мөн шүүгдэгчид гэртээ зодуулаад 2 сарын хугацаанд тусдаа байхад шүүгдэгч уйлж дуулж байгаад буцаад эвлэрч байсан. Шүүгдэгчтэй цаашид амьдралаа бодъё гэхээр миний танидаг хүнтэй надаас нууцаар 2 жил явалдаж, тэр хүүхэн нь одоо жирэмсэн. Шүүгдэгч намайг доромжилж ханахгүй юм. Шүүгдэгч манай Бадам найзад мөнгө өгч, миний эсрэг мэдүүлэг өгүүлсэн байсан. Тэр найзтайгаа би түр зуурын үл ойлголцлоос харилцаагүй байсан юм. Өнөөдөр манай найз надад болсон асуудлыг хэлж, надаас уучлалт гуйж байна. Миний зан аашийг Г.Э болон найз Бадам тодорхойлохгүй. Тодорхойлохоор бол манай ангийн багш, ээж, аав хоёр маань тодорхойлно шүү дээ. Манай 5 настай охин уран нугарч эхэлсэн. Би хувиараа сургалтад явуулж байна. Мөн бага ихэр хүүхдүүд маань сургуульд орох гэж байна. Том хүү маань шатрын мастер болохоор хичээллэж байна. Одоо 12 дугаар анги төгсөнө. Гэтэл сургалтын төлбөр нь байхгүй. Шүүгдэгч хүүхдүүдээ нэг ч удаа хувцас авч өгч байгаагүй. Хойноос нь бөөн нэхэл дагал болж хоёр удаа 450.000 төгрөгийн цэцэрлэгийн төлбөр төлсөн. Шүүгдэгчийн бариулсан барилга нь балгаш шиг юм байгаа, тэр байшинг заръя гэхээр шүүгдэгч өндрөөр үнэлүүлж надаас нэмж мөнгө нэхэмжилсэн. Гэтэл би хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй. Өмнө нь би ажиллаад их мөнгө олж байсан. Уул уурхайд орж том оврын машин худалдаж аваад жаахан хямарсан юм. Шүүгдэгч миний дансаар мөнгөө оруулж байгаач гэж гуйснаар 2013 оноос хойш миний банкны данс тасарсан ба одоо тэр банкны хуулгаа бариад надаас мөнгө нэхэмжилж байгаа. Маш их гомдолтой байна гэх мэдүүлэг,

 

Гэрч Э.Пүрэв-Очирын мөрдөн байцаалтад өгсөн:

...үүрэг гүйцэтгэж байх хугацаанд 17 цагийн орчим Улиастай:10"-аас "Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хорооллын автобусны буудал дээр нөхөр зодоод, ххүхдийг минь аваад явчихлаа" гэсэн дуудлагыг хүлээж авсан. Тус газарт очиж тухайн эмэгтэйг машинд суулгаж аюулын зэргийн үнэлгээ хийж, мэдүүлэг авсан. Мэдүүлэг авах явцад тухайн эмэгтэй "Манай хүүхэд аавтайгаа уулзана гэхээр нь уулзуулсан чинь хүүхдийг минь аваад явчихлаа. Машинд сууж байхдаа хамт амьдарч байгаа хүүхнийх нь талаар ярьсан чинь тэр эмэгтэйг тайван орхи гээд нүүр рүү 2 удаа цохьсон. Толгой, дагзруу олон удаа цохьсон. Толгой маш их өвдөж байна" гээд надад толгойгоо харуулахаар нь харсан чинь толгойн ар дагз хэсэг нь хавдчихсан, зодуулсан шинжтэй байсан. Цохиулаад газар унахдаа гараа гэмтээсэн, юм бичиж болохгүй байна гэж ярьж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 28/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 12423 дугаартай:

О.Батчимэгийн биед баруун гарын дунд хурууны 2-р шивнүүр ясны далд хугарал, баруун дээд 2-р шүдний сулрал, дээд уруулын салстад цус хуралт, дээд уруул, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгэдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 34/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 188 дугаартай:

 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №12423 тоот шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна. О.Батчимэгийн биед учирсан баруун гарын дунд хурууны 2-р шивнүүр ясны далд хугарал нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт, бусад гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул уг журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Баруун гарын дунд хурууны 2-р шивнүүр ясны далд хугарал гэмтэл нь тухайн хэсэг газарт мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр цохих, цохигдох, бусдыг алгадах, шанаадах зэргийн үед үүсгэгдэх боломжтой. Шинжээч эмч Т.Чимэд-Очир нь 2019 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хийгдсэн толгойн томографи, рентген зураг болон ГССҮТ-ийн эмчийн үзлэгийг үндэслэн шинжээчийн дүгнэлтийг гаргасан байна. "Дээд уруулын баруун хэсэгт бага зэрэг овойж хавдсан, дотор салстад 1.5x1 см хүрэн ягаан өнгийн цус хуралттай" гэмтэл тогтоогдсон байна. Цус хуралт гэдэг нь арьс, түүний доорх зөөлөн эдийн нарийн судас гэмтэж, цус гадагшилж, арьсан доор нэвчихийг хэлнэ. Цус хуралт нь гэмтээгч хүчин зүйлийн хүч, гадаргуу, биеийн аль хэсэгт үүссэн эсэхээс шалтгаалж харилцан адилгүй байх ба шинэ үедээ буюу 1-3 хоногт хөх ягаан, 3-8 хоногт ногоон шаргал, 8-12 хоногт бор шаргал өнгөтэй болж 12-16 хоногт арилна гэж үздэг гэх дүгнэлт /хх-ийн 38-41/,

 

-зөрчлийн талаар холбооны хэрэгслээр гаргасан гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, дуудлагын лавлагааны хуудас, хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-ийн 5-7/,

 

Шүүгдэгч Г.Эын мөрдөн байцаалтад өгсөн:

Прокурорын газраас надад холбогдуулж эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Би 2012 оны 06 дугаар сараас эхэлж О.Батчимэгтэй хамтран амьдарсан. 2019 оны 04 дүгээр сард гэр бүлийн маргаанаас болж салсан. Түүнээс хойш одоог хүртэл хугацаанд тус тусдаа амьдарч байна. Бид хоёр 3 хүүхэдтэй. Том нь хоёр ихэр 5 настай хүү, бага нь 3 настай охин одоо ээжтэйгээ амьдардаг.

2019 оны 10 дугаар сарын 12-ны өглөөнөөс эхлээд Батчимэг надруу утсаар залгаж мессеж бичсэн. Хүүхдийн чинь бие өвдөөд байна хүүхдээ ав гээд яриад байсан. Би аль болох уулзахгүй гээд зайлс хийж байсан. Хүүхдийг ээжид аваачаад өгчих гэсэн чинь заавал чамтай уулзана гээд байсан. Утсаар ярьсаар байгаад сүүлдээ уулзахаар болж Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах замын урд талын автобусны буудал дээр уулзсан. Би тухайн үед хүүхдээ аваад явна гэсэн бодолтой байсан. Намайг очиход автобусны буудал дээр охинтойгоо машинд сууж байсан. Би жолоочийн зүүн талын суудал дээр суусан. Охиноо авах гэсэн чинь өгөхгүй байсан. Батчимэг өөрөө хэрүүл өвдөөд янз бүрийн юм яриад байсан. Би өөдөөс нь ямар нэгэн хэрүүл маргаан хийгээгүй тухайн өдөр ажил явдал гарчихсан байсан учраас хүүхдээ аваад буух гэсэн чинь орилж чарлаад үсээ зулгаагаад байсан. Танайхан бүгдээрээ үхээсэй гэх мэт зүйлс яриад байсан. Миний хувьд тухайн өдөр Батчимэгт гар хүрсэн зүйл байхгүй. Харин охиноо аваад буух гэсэн чинь Батчимэг миний толгой, баруун шанаа руу баруун гараараа 3-4 удаа цохьсон. Тухайн үед би хүүхдээ зүүн гартаа тэвэрчихсэн байсан. Хүүхдээ аваад зугтаасан. Миний шанаа хавдчихсан байж байгаад одоо зүгээр болчихсон. Бас миний нүүрлүү алгадаад байсан.

2019 оны 04 дүгээр сард, 06 дугаар саруудад надад холбогдуулж Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст залилангийн хэргээр цагдаад гомдол гаргаж байсан. Сүхбаахар дүүрэгт нэг удаа өргөдөл өгч байсан. 2019 оны 09 дүгээр сарын 05 ны өдөр Батчимэг нь миний машиныг устгаж гэмтээсэн гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж байгаа. Мөн 2019 оны 04 дүгээр сард өдрийг нь мэдэхгүй байна Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст намайг машин хулгай хийсэн гэж өргөдөл өгсөн байсан. Энэ асуудал нь цагдаагийн байгууллагад шалгагдаж шийдвэрлэгдсэн байгаа. Энэ хүний санаа зорилго нь намайг шоронд хийнэ, өртэй чинь хатаана гэсэн зорилготой байдаг үүндээ хүрэх гээд намайг үндэслэлгүйгэр хэрэгт гүтгээд яваад байна. 2019 оны 09 дүгээр сард Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд О.Батчимэгт холбогдуулж иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан. Энэ гомдлыг татаж авах юм бол би өөрийнхөө гаргасан гомдлыг татаж авна гээд байгаа. Үүнээс хархад эд хөрөнгийн ашиг сонирхолтой байгаа нь харгагдаад байгаа юм гэх мэдүүлэг /хх-ийн 53-54/,

Түүний шүүх хуралдаанд өгсөн:

Тухайн өдрийн өглөөнөөс эхлэн хохирогч над руу “хүүхдийн чинь бие муу байна” гэж ойр ойрхон залгаж, мэссэж бичиж байсан. Би хохирогчийн найзыг таньдаг байсан учир хохирогчид “өөрийнхөө найзын гэрт хүүхдээ хүргээд өгчих, би авч амжихгүй бол ээж, аав хоёр охиныг авна” гэж хэлсэн. Тухайн өдөр манай ээжийн талын хамаатны хүн нас барсан учир би ажилтай явж байсан. Хохирогч “охиныг заавал чамд өгнө” гэж хэлсэн учир би охиноо бодоод очиж авсан. Хохирогч машинтай ирсэн. Би хохирогчийн машинд суухад хэрүүл маргаан хийж, миний толгой руу 2-3 удаа цохисон. Би охиноо аваад машинаас буугаад зугтаасан. Тухайн машинд 1-2 минут л болсон. Би хохирогчийг цохиж зодоогүй. Тухайн үед гадаа гэгээтэй байсан ба автобусны буудал дээр хүмүүс, машин тэрэг зөндөө байсан. Тухайн үед камер байсан. Тухайн өдрөөс хойш 27 хоногийн дараа цагдаагийн байгууллагаас намайг дуудаж байцаалт авсан. Одоо камерийн бичлэг байхгүй ба гэрч олоход хэцүү болсон. Мөрдөн байцаалтын шатнаас эхэлж яригдаж байгаа хүүхэнтэй холбоотой асуудал огт болоогүй ба хохирогчийн хэлээд байгаа үйлдлүүдийг би хийгээгүй. Хохирогч, бид хоёрын хооронд эд хөрөнгийн маргаантай асуудал Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн шүүхэд шалгагдаж байгаа. Би хохирогчийг өр зээлэнд унагаад хаяад явсан зүйл байхгүй. Намайг хоёр ч удаа Шүүхий шийдвэр гүйцэтгэх газраас дуудсан. Өрийн дарамтад орсон. Банкны үндсэн зээлдэгч нь би өөрөө юм. Надад хохирогчийг хохироосон зүйл байхгүй гэх мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс шүүгдэгч Г.Эын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 72/, иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 73-74/, болон оролцогч нарын шүүх хуралдаанд гаргаж өгсөн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх тул хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх тооцсон.

 

Хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан, шинжээчийн дүгнэлтүүдийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй этгээд хуульд зааснаар гаргасан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.

 

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хохирогч, шүүгдэгчийг асууж байцаалт авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.

 

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Г.Эт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэсэн.

 

Шүүгдэгч Г.Эын гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай О.Батчимэгийн эрүүл мэндэд шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хүндэвтэр хохиролыг санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2. 1 дэх заалтад заасан гэмт хэрэгт хамаарагдаж байх ба мөрдөн байцаалтын ажиллагаанд шалгавал зохих ажиллагааг бүрэн шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын газрын газраас шүүгдэгч Г.Эт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь зөв байна.

 

Шинжээчийн дүгнэлтүүдээр хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохиролыг тусгай мэдлэгийн хүрээнд шинжээч дүгнэсэн байх бөгөөд хоорондоо зөрүүтэй байдлыг үүсгээгүйгээр үйлдэгджээ. Дангаараа гаргасан шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй эсэхийг 3 шинжээч хамтран дүгнэхдээ хамаарал бүхий нотлох баримтуудыг үзэж судалсан болох нь ШШҮХ-ийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 188 дугаартай шинжээчийн дүгнэлтэд тусгагджээ.

 

Гэр бүлийн хамаарал бүхий этгээд гэдэгт хэн хэн хамаарахыг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т “Энэ хуулийн зохицуулалтад гэрлэлтээ цуцлуулсан эхнэр, нөхөр, хамтран амьдарч байсан, эсхүл хамтран амьдарч байгаагүй ч гэр бүлийн харилцаатай байсан, дундаасаа хүүхэдтэй этгээд нэгэн адил хамаарна” гэж хуульчилжээ.

Шүүгдэгч Г.Э, хохирогч О.Батчимэг нар нь 2012 оны 06 дугаар сараас эхлэн хамтран амьдарч дундаасаа 2 ихэр хүү, 1 охин төрүүлсэн гэр бүлийн хамаарал бүхий хүмүүс болох нь тэдгээрийн мэдүүлгүүдээр тогтоогдож байх тул тэднийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай гэж үзнэ.

 

Мөн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д зааснаар “гэр бүлийн хүчирхийлэл” гэдэгт эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүд, хамтран амьдрагч ..., тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа зэрэг этгээдүүд нь нэгнийхээ сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгохоор тодорхойлжээ. Өөрөөр хэлбэл гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэмт хэрэг үйлдэх гэдэг нь гэр бүлийн харилцаатай хамтран амьдарч байсан болон байгаа хүний эсрэг Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан гэмт үйлдэл хийхийг ойлгоно.

 

Шүүгдэгч Г.Э нь хохирогч О.Батчимэгийн бие махбодод халдан зодож хүчирхийлэл үйлдэж байгаа үйлдлийн улмаас эрүүл мэндэд нь хохирол учирч болохыг мэдсээр байж, уг үйлдэлийнхээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж байсан ч түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон. Шүүгдэгч Г.Эын гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

 

Прокуророос шүүгдэгч Г.Эын үйлдэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэг дэх хүндрүүлэх нөхцөл байдлаар зүйлчилсэн нь үндэслэлтэй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх шинжийг агуулсан шүүгдэгчийн үйлдэлд нь түүнийг гэм буруутайд тооцов.

 

Эрүүгийн хууль дахь эрүүгийн хариуцлагын зорилго, ялын бодлого нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх, ял үр нөлөөтэй, зохимжтой байхад чиглэгддэг учир шүүхээс шүүгдэгч Г.Эт ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдээгүй гэж гэм буруугийн талаар маргаагаж шүүх хуралдаанд оролцсон болно.

 

Иймд шүүгдэгч Г.Эыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч Г.Эт ял оногдуулахад тусгайлан хуульчилсан эрүүгийн хариуцлагыг хүндэрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Харин тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч О.Батчимэг нь нэхэмжлэх зүйлгүй болохоо шүүх хуралдаанд илэрхийлсэн учир шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Г.Эын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн талаар дүгнэж байгаа байдал, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч хэргийн учир цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй зэргийг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

        ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Г.Эыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Г.Эыг нэг жил зургаан сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Эт оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Шүүгдэгч нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогч нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Эт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэж, эдлэх ялыг 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн тоолсугай.  

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Н.БААСАНБАТ