Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 1075

 

 

 

 

 

 

 

 

                                                                                          

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баасанбат даргалж,

Улсын яллагч Ц.Гантулгабат,   

Нарийн бичгийн дарга Г.Номин,

Шүүгдэгч Д.М нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Мөнхтуяад холбогдох эрүүгийн 1806025361172 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Мнь 2018 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Баялаг Ундраа" төв дотор иргэн Т.Элбэрэлзаяаг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                                         /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Д.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 1806025361172 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд:

 Шүүгдэгч Д.Мнь хохирогч Т.Элбэрэлзаяагийн бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл урчруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан:

 

Хохирогч Т.Элбэрэлзаяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2018 оны 03 сарын 11-ний өдөр Баялаг-Ундраа төвийн 3 давхарт байх Ундрах үсчингийн газарт Мөнхтуяаг орж ирхээр нь “та захиралд яагаад шулуун хими хийсэн гэж хэлсэн юм бэ?” гэхэд Мби хэлээгүй гэхээр нь “таниас өөр хэлэх хүн байхгүй, яасан муухай юм, та яах гэж хэлсэн юм гэсэн. Тэгтэл урдаас тэрээр намайг хуц, манайхаас зайл нохой минь, барзгар нүүртэй, маажиг явдалтай гэж хэл амаар доромжлоод байхаар нь би өөдөөс нь хэдэх үгээ бодоорой. Өөрөөс чинь жоохон юм болохоор тэгж явж чадахгүй гэж хэлсэн. Тэгээд би босоод гараад явах гэтэл араас ирээд баруун шанаа руу 2 удаа алгадсан. Цаашаа бай гээд түлхэхэд Мнамайг түлхэж газарт унагаагаад толгой руу 1-2 удаа цохиж бөөр, хэвлий мөр рүү өшиглөсөн. Тухайн үед мөр мултарсан байна гээд гэмтлийн эмнэлэгт очиж боолт хийлгээд цагдаагийн байгууллагад хандсан гэх мэдүүлэг /хх-ийн 22-24/

 

Гэрч Ж.Шүрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Мөнхтуяа, Элбэрэлзаяа нар хэрэлдэж байгаад М босож ирээд Элбэрэлзаяаг 1 удаа нүүрэн тус газар нь алгадсан. Тэгээд би болиулах гээд дундуур нь ороход МЭлбэрэлзаяа бид хоёрыг түлхэж газар унагаасан. Тэгээд Элбэрэлзаяагийн гар, цээж, бөөр хэсэгт гараараа цохиж өшиглөөд байсан. Бид нар салгаад Мгарч явсан. Элбэрэлзаяагийн гар нь өвдөөд гээд түргэн дуудсан гэх мэдүүлэг /хх-ийн 28-29/

 

Гэрч Б.Минжигмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2018 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 10-11 цагийн БЗД-ийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Баялаг-Ундраа төвийн Ундрам үсчингийн газар орж ирэхэд Элбэрэлзаяа, М нар хэрэлдээд байсан. Тэгээд Модоо боль гээд чихээ дараад би чамтай хэрэлдмээргүй байна. Миний төрсөн өдөр гээд байсан. Нөгөө талаас Элбэрэлзаяа босож ирээд мал гээд янз бүрээр хэл амаар доромжлоод байсан. М Элбэрэлзаяаг түлхэж унагаасан. Болиулох гэж байсан Шүрээ эгч бас унасан. Элбэрэлзаяаг М түлхэж унагаагаад дээрээс нь 2-3 удаа алгадсан гэх мэдүүлэг /хх-ийн 63/

 

Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2017 оны 03 сарын 12-ны өдрийн 3581 дугаартай:

Т.Элбэрэлзаяагийн биед зүүн мөрний зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 31/

 

 Шүүгдэгч Д.Мөнхтуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Намайг миний төрсөн өдөр хэл амаар доромжилсон, сэтгэл зүйн дарамтанд оруулсан, дайрсанд гомдолтой байна. Элбэрэлзаяаг 2-3 удаа нүүрэн тус газар нь алгадсан гэх мэдүүлэг /хх-ийн 56/,

 

-гэмт хэрэг, захиргааны зөрчлийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, өргөдөл /хх-ийн 7-8/, хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-ийн 9/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс шүүгдэгч Д.Мгийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа болон хуулбар /хх-ийн 43-45/, хохиролын талаархи баримтууд /хх-ийн 47-51/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

 

Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.      

 

Шүүгдэгч нь хохирогч, гэрч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл  прокурорт хандах эрх нь нээлттэй юм.      

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Д.Мөнхтуяаг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Д.М нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Иймд шүүгдэгч Д.Мгийн иргэн Т.Элбэрэлзаяагийн бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Хохирогч нь нотлох баримтаар 90.670 төгрөгийн хохирол нэхэмжилсэнийг шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгож шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Д.М нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг тус тус дурдах нь зүйтэй байна. 

 

Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд, улсын яллагчийн санал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                               ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Д.Мг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мд оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг таван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Маас 90.670 төгрөг гаргуулж хохирогч Т.Элбэрэлзаяад олгосугай.

 

 6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Мд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор эс зөвшөөрвөл Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Н.БААСАНБАТ