Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 876

 

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Мд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч М.Алдар, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Ц.Гантулгабат,

хохирог,

шүүгдэгч Д.М,

нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбатын даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 1075 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Т.Эгийн гаргасан давж заалдах гомдлоор Д.Мд холбогдох эрүүгийн 1806025361172 дугаартай хэргийг 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Т овгийн Д.М, 1975 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Ховд аймагт төрсөн, 43 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Ундрам” гоо сайхны салонд үсчин ажилтай, ам бүл 3, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, ..... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:...../,

Шүүгдэгч Д.М нь 2018 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, “Баялаг Ундраа” төв дотор иргэн Т.Эг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Д.Мгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Т овогт Д.Мг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мд оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг таван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мгаас 90.670 төгрөг гаргуулан хохирогч Т.Эд олгохоор шийдвэрлэжээ.

 Хохирогч Т.Э давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:“...миний бие Нарантуул захын баруун талд байрлах “Баялаг Ундраа” төвийн 3 давхарт ажилладаг. 2018 оны 3 дугаар сарын 11-нд ажлын байрандаа М хэмээх этгээдэд зодуулж, хөнгөн зэргийн гэмтэл авч, бие махбодь болон сэтгэл санааны гүн хохиролтой байгаа.

2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаан болсон. Шүүх хуралдааны эцсийн шийдвэртэй санал нийлэхгүй болно. Хохирлын хэмжээг бүрэн барагдуулаагүй. 3 сараас хойш ажиллаагүй хугацааг минь шийдэж өгнө үү. Гэмтлийн эмнэлэгт үзүүлж эмчилгээ хийлгэх шаардлагатай бөгөөд 500.000 төгрөгийн зардал гарна гэсэн. ...” гэв.

Шүүгдэгч Д.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн хурлын дараа би хохирогчид 90.000 төгрөг өгсөн боловч удалгүй ажил дээр ирээд энэ мөнгө бага байна, нэмж өг гэж хэлсэн. Би боломжгүй гэж хэлэхэд хэрэв мөнгө нэмж өгөхгүй бол давж заалдана гэсэн. Би анх хохирогчийг ажилд ороход нь тусалж дэмжиж байсан. Хэрэг гардаг өдөр миний төрсөн өдөр байсан бөгөөд над руу гэв гэнэт уурлаж, дайрч элдвээр хэлж байсан учир би охин шигээ санаад эхлээд боль гэж хэлээд дараа нь үнэхээр биеэ барьж чадалгүй цохиод авсан. Хохирлыг төлж барагдуулна. ...” гэв.

Прокурор Ц.Гантулгабат тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх саналтай байна. Мөн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болно. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар гомдол, эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

            Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэг эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх” хуулийн шаардлагад нийцжээ.

Шүүгдэгч Д.М нь 2018 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, “Баялаг Ундраа” төв дотор иргэн Т.Эг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Т.Э /хх-22-24/, гэрч Ж.Ш /хх-28-29/, Б.М /хх-63/, шүүгдэгч Д.М /хх-56/ нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 3581 тоот дүгнэлт /хх-31/, зэрэг хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх үүргийг хэрэгжүүлэгч субьектүүдийг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Д.Мг бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Хохирогч Т.Эгийн гаргасан давж заалдах гомдлын хувьд:

Хохирогч Т.Э нь  энэ хэргийн улмаас ажил хийх боломжгүй байсан талаарх эрүүл мэндийн баримт, олох байсан орлого, ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй холбоотой баримтуудыг анхан шатны шүүхэд гаргаж өгөөгүй байна.

Иймд хэрэгт байхгүй баримтаар хохирлын асуудлыг шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй болно.

 Шүүх хавтас хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд, хохирогчид учирсан хохирлыг 90.670 төгрөг гэж тооцож, шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, хууль зөрчөөгүй байна.

Хохирогч ажилгүй байсан хугацааны цалин болон энэ гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич шийдвэрлүүлэх боломжтой бөгөөд харин анхан шатны шүүх тогтоолдоо энэ талаар заагаагүй байх тул давж заалдах шатны шүүхээс энэ талаарх заалтыг нөхөн оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Иймд хохирогч Т.Эгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1,  1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 1075 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Хохирогч Т.Э нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигийн талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, хохирогч Т.Эгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Т.ӨСӨХБАЯР

 

ШҮҮГЧИД                                                    М.АЛДАР

 

                                                                     О.ЧУЛУУНЦЭЦЭГ