Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2022/00994

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.О гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 сарын 18-ны өдрийн 183/ШШ2022/00704 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.О гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ж.Ц д холбогдох, 158,710,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэлийн агуулга: Б.О миний бие Ж.Ц тай 2021 оны 06 сарын 24-ний өдөр зээлийн болон барьцааны гэрээг бичгээр байгуулж, Ж.Ц д 100,000,000 төгрөг зээлдүүлж, Ж.Ц ы өмчлөлийн 000 үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалан улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн. Гэрээний зүйл болох 100,000,000 төгрөгийн 70,000,000 төгрөгийг 2021 оны 06 сарын 25-ны өдөр, 30,000,000 төгрөгийг 2021 оны 07 сарын 01-ний өдөр тус тус зээлдэгч Ж.Ц ы эзэмшлийн 0000000000 тоот Хаан банк дахь данс руу шилжүүлсэн. Зээлийн гэрээнд тохиролцсоноор Ж.Ц нь 100,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 6%-ийн хүүтэйгээр зээлэх, үүргээ зохих ёсоор тохирсон хугацаанд гүйцэтгээгүй хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.5%-ийн алданги төлөх үүргийг хүлээсэн боловч гэрээ байгуулсан цагаас хойш нэг ч удаа төлөлт хийгээгүй. Иймд хариуцагч Ж.Ц аас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 100,000,000 төгрөг, 3 сарын хүү 18,000,000 төгрөг, гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн 69 хоногийн алданги 40,710,000 төгрөг, нийт 158,710,000 төгрөгийг гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү.

 

2.   Хариу тайлбарын агуулга: Нэхэмжлэгч тал 2021 оны 06 сарын 24-ний өдрийн 1310 тоот зээлийн гэрээгээр хариуцагчид 100,000,000 төгрөг зээлэхээр харилцан тохиролцсон хэдий ч 2021 оны 06 сарын 25-ны өдөр 70,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасны дагуу энэхүү гэрээний үүргийг 70,000,000 төгрөгөөр тооцох үндэслэлтэй гэж үзэхээр байна. 2021 оны 07 сарын 01-ний өдөр үлдэгдэл 30,000,000 төгрөгийг шилжүүлсэн гэх боловч дээрх гэрээний 100,000,000 төгрөгийг 7 хоногийн дараа шилжүүлж байгаа нь гэрээний үүргийн биелэлтэд биелүүлэх ёстой үндсэн үүргийн зөрчлийг харуулж байгаа явдал юм. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасныг харгалзан үзэхэд 2021 оны 07 сарын 01-ний өдрийн 30,000,000 төгрөгийг шилжүүлсэн гэрээ гэж ойлгох уу, эсвэл 2021 оны 06 сарын 24-ний өдрийн 1310 тоот зээлийн гэрээний дагуу зээлдэгчид шилжүүлсэн 70,000,000 төгрөгийн гэрээг байгуулсан гэж хариуцагч талаас үзэж байна. Дээрх зээлийн гэрээний гүйцэтгэх ёстой үндсэн үүрэгтэй холбоотой зөрчилтэй харагдаж байгаа тул нэхэмжлэгчийн бичиж өгсөн алдангийг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар гүйцэтгэх ёстой үүргийн 50 хувиас хэтэрсэн анз нэхэмжилж байна хэмээн үзэн хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

 

3.   Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ж.Ц аас зээлийн гэрээний үүрэгт 158,037,500 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.О д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 672,500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 951,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Ц аас улсын тэмдэгтийн хураамжид 948,137 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.О д олгосон.

 

4.   Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

4.а. Шийдвэрийн үндэслэх хэсэгт хариуцагч талын гүйцэтгэх ёстой үндсэн үүргийг 2021 оны 06 сарын 24-ний өдөр хариуцагчид шилжүүлсэн 70,000,000 төгрөг, 2021 оны 07 сарын 01-ний өдөр шилжүүлсэн 30,000,000 төгрөгийн тус тус хүлээх ёстой үүргийг нэгтгэн 100,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэг хэмээн тооцоолон гаргаж байгаа нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсгийн зохицуулалтыг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.

4.б. Шүүх хариуцагчийн гэрээний дагуу шилжүүлсний дагуу тус тус үүргийг хүлээнэ хэмээн үзсэн атлаа Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан алдангийг хоногийн 587,500 төгрөг хэмээн тооцоолж, нийт гэрээний дагуу төлөх ёстой алдангийг 40,537,500 төгрөг гэж алдаатай буруу бодсон.

4.в. Мөн хариуцагч талаас нэхэмжлэгч талд зээлийн гэрээний дагуу төлсөн төлбөрийн асуудал байгаа бөгөөд түүнийг тооцуулан бодуулах хүсэлтэй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн зээл, хүүгийн тооцоололд бодогдсон алданги болох 40,537,500 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул шийдвэрээс хасч тооцож өгнө үү.

 

5.   Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Талуудын хооронд 100,000,000 төгрөгийг зээлдүүлэх гэрээ бичгээр байгуулагдсан. Нэхэмжлэгч нь 70,000,000 төгрөг шилжүүлсэн, 30,000,000 төгрөгийг хэд хоногийн дараа шилжүүлж гэрээнд заасан үүргээ гүйцэтгэсэн. Анхан шатны шүүх Иргэний хуулийн холбогдох заалтад нийцүүлэн мөнгө шилжүүлсэн өдрөөс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг тооцно гэж 70,000,000 төгрөгийг 2 сар 29 хоног, 30,000,000 төгрөгийг 2 сар 24 хоногийн хүүг тус тус тооцож хүүгийн хэмжээг тогтоосон. Хариуцагчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлийн аль нь ч нэхэмжлэгчийн нэхэмжилж буй алданги болон зээлийн гэрээний хүүг үгүйсгэх, бүхэлд нь хүчингүй болгох үндэслэл болохгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2.   Нэхэмжлэгч Б.О нь хариуцагч Ж.Ц д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 100,000,000 төгрөг, 3 сарын хүү 18,000,000 төгрөг, 69 хоногийн алданги 40,710,000 төгрөг, нийт 158,710,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

Хариуцагч Ж.Ц нь дээрх шаардлагаас алданги 40,710,000 төгрөгийг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ ...нэхэмжлэгч зээлийн гэрээгээр 100,000,000 төгрөгийг шилжүүлэх үүрэг хүлээж, 70,000,000 төгрөгийг шилжүүлсэн боловч 7 хоногийн дараа 30,000,000 төгрөгийг шилжүүлэн үүргээ зөрчсөн учир алдангийг хүлээн зөвшөөрөхгүй... гэж тайлбарлан маргажээ.

 

3.   Талууд 2021 оны 06 сарын 24-ний өдөр Зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр Б.О нь 100,000,000 төгрөгийг сарын 6%-ийн хүүтэй 3 сарын хугацаатай Ж.Ц ы өмчлөлд шилжүүлэн өгөх, Ж.Ц нь зээлийн мөнгөн хөрөнгийг тохиролцсон хугацаанд хүүгийн хамтаар буцаан өгөх, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5%-тай тэнцэх хэмжээний алданги төлөх нөхцөлийг тус тус харилцан тохиролцсон байна. /хх 3/

Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасны дагуу талууд хүсэл зоригоо илэрхийлж, гарын үсэг зурсан хүчин төгөлдөр гэрээ байна.

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа гэж зөв тодорхойлжээ.

Хэргийн 4-р талд Б.О , Ж.Ц нарын хооронд 2021 оны 06 сарын 24-ний өдөр байгуулагдсан Барьцааны гэрээ авагдсан байх боловч нэхэмжлэгч барьцаа хөрөнгөтэй холбоотой шаардлага гаргаагүй учир энэ талаар хууль зүйн дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзлээ.

 

4.   Хэрэгт авагдсан Хаан банкны Шилжүүлгийн мэдээлэл гэх баримтаар зээлдүүлэгч Б.О нь зээлдэгч Ж.Ц д 2021 оны 06 сарын 25-ны өдөр 70,000,000 төгрөг, 2021 оны 07 сарын 01-ний өдөр 30,000,000 төгрөгийг тус тус дансаар шилжүүлэн өгсөн болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийг зээлийн гэрээгээр хүлээсэн 100,000,000 төгрөгийг зээлдүүлэх үүргээ биелүүлсэн гэж үзнэ. /хх 5-6/

Иймд ...зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ нэхэмжлэгч зөрчсөн... гэсэн агуулгаар гаргасан хариуцагч талын татгалзал, давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

5.   Зээлийн мөнгөн хөрөнгийг хуваан шилжүүлсэн өдөр тус бүрээс зээлийн гэрээний хугацааны хүүг тооцож зээлдэгчийн хүлээх хүүгийн төлбөрийн үүргийг 17,500,000 төгрөг гэж, зээлийн гэрээний хугацаа дууссан өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр хүртэлх хугацааны алдангийг тооцож зээлдэгчийн хүлээх алдангийн төлбөрийн үүргийг 40,537,500 төгрөг гэж тус тус тогтоосон нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 282.4, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгийн зохицуулалтад тус тус нийцжээ.

Анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдлыг харгалзан үзэж Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсгийг тайлбарлан хэрэглэж дээр дурдсан алдангийн хэмжээг багасгах боломжтой байжээ.

Давж заалдах шатны шүүхээс дээрхийг залруулж, зээлийн хүүгийн хэмжээ өндөр /жилийн 72%/, мөн алдангийн хэмжээ зээлийн хүүгийн төлбөрийн хэмжээнээс өндөр /хүү 17,500,000 төгрөг, алданги 40,537,500 төгрөг/ зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзээд алдангийн хэмжээг 50%-иар бууруулах боломжтой гэж дүгнэв.

Иймд хариуцагч Ж.Ц аас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 100,000,000 төгрөг, зээлийн хүү 17,500,000 төгрөг, алданги 20,268,750 төгрөг, нийт 137,768,750 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.О д олгосон өөрчлөлтийг шийдвэрт оруулна.

 

6.   Нэхэмжлэгчийн шаардсан алдангийн хэмжээ нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50%-иас хэтрээгүй байхад анхан шатны шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгосон нь хууль хэрэглээний хувьд оновчгүй болсныг дурдах нь зүйтэй.

 

7.   Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээ болон үнийн дүнгийн өөрчлөлтийг оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.   Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 сарын 18-ны өдрийн 183/ШШ2022/00704 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ж.Ц аас 137,768,750 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.О д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 20,941,250 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтад ...948,137 төгрөгийг... гэснийг ...846,794 төгрөгийг... гэж өөрчилж,

шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 04 сарын 22-ны өдөр урьдчилан төлсөн 360,638 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

 

 

Д.НЯМБАЗАР