Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2022/01040

 

 

 

 

 

 

 

 

 

 

О.Г ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 сарын 16-ны өдрийн 182/ШШ2022/00435 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч О.Г ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г Н ОУТБ -ын Монгол дахь төлөөлөгчийн газарт холбогдох, Тахилт орон нутгийн хөгжлийн зохицуулагчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 13,800,000 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох дэвтэрт бичилт хийхийг даалгуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Л, М.Я, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэлийн агуулга: Нэхэмжлэгч нь Г Н ОУТБ -д Тахилт орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөрийн зохицуулагч ажилд орсон өдрөөс хойш хариуцагч байгууллагад тасралтгүй ажиллаж ирсэн. Гэвч 2021 оны 02 сарын 26-ны өдрийн 0/000/00 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг удирдлага болгон О.Г ийг үүрэгт ажлаас нь чөлөөлж хөдөлмөрийн гэрээг ажил олгогч дангаар цуцалсан. Ингэхдээ нэхэмжлэгчид урьдчилж мэдэгдээгүй ба Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан аль нөхцөл байдал бий болсон талаар танилцуулаагүй атлаа шууд ажлаа хүлээлгэн өгөхийг шаардаж, оронд нь өөр хүн авч ажлыг нь хүлээлцсэн байдаг. Нэхэмжлэгчийн хувьд хөдөлмөрийн гэрээгээр болоод хуулиар хүлээсэн үүргээ хариуцлагатайгаар биелүүлсээр ирсэн, ажилдаа идэвхи санаачилгатай нэгэн ба хариуцагч байгууллагад Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан нөхцөл байдал бий болоогүй байхад хууль зүйн үндэслэлгүй тушаал гаргаж түүнийг ажлаас чөлөөлсөн. Иймд О.Г ийг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгаж өгнө үү.

 

2.   Хариу тайлбарын агуулга: Г Н ОУТБ -ын Монгол дахь төлөөлөгчийн газрын санхүүжилт өмнөх он буюу 2020 онтой харьцуулахад 30-40%-иар багассан бөгөөд үүнээс шалтгаалан хүний нөөцийн шилжилт, зарим орон тоог хасах болон орон тоог цөөрүүлэх шаардлага гарсан. Үүний дагуу тус байгууллагын захирлын Байгууллагын стратеги төлөвлөгөө батлах, бүтцийн өөрчлөлтийг хийх тухай 0/000/00 тоот тушаал болон Зарим ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай 0/000/00 тоот тушаалууд тус тус гарсан. Байгууллагын орон тооны дээд хязгаарыг 90 байхаар тогтоосон. Тухайн тушаал гарсан өдөр буюу 2021 оны 01 сарын 29-ний өдөр байгууллагын хүний нөөцийн ажилтан хөдөлмөрийн гэрээ цуцлагдаж байгаа ажилтан тус бүрийг дуудан уулзаж уг тушаалыг танилцуулсан. Мөн байгууллагын дотоод сүлжээнд ашигладаг Доксвейв сүлжээнд тушаалуудыг хавсралтын хамт байршуулсан. Энэ нь бүх ажилчдад нээлттэй дотоод сүлжээ юм. О.Г нь уг тушаалтай 2021 оны 01 сарын 29-ний өдөр танилцсан бөгөөд 2021 оны 02 сарын 02-ны өдөр нэр бүхий ажилчидтай нийлж захирлын тушаал үндэслэлгүй гарсан талаар тайлбарлан тушаалыг хүчингүй болгох агуулга бүхий хүсэлтийг байгууллагын удирдлагад и-мэйл хаягаар дамжуулан гаргасан байдаг. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ ажлаас чөлөөлөх ажлаас чөлөөлөх тухай урьдчилж мэдэгдээгүй гэдэг боловч 2021 оны 01 сарын 29-ний өдөр хүний нөөцийн менежер албан тушаалтай байсан Г.Н дуудаж уулзаж уг тушаалын талаар танилцуулсан. Нэхэмжлэгч нь ажлаас чөлөөлөх тушаалыг 2021 оны 02 сарын 26-ны өдөр гардан авч, ажлаа хүлээлгэн өгч тойрох хуудсыг хэлтэс бүрд очиж зуруулсан. Нэхэмжлэгч нь ажлаас үндэслэлгүй халагдсан тухай нэхэмжлэлээ шүүхэд гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан өөрийн эрх зөрчигдсөнийг мэдсэн өдрөөс 1 сарын дотор буюу 2021 оны 03 сарын 26-ны өдөр гаргах эрхтэй байсан. Гэвч нэхэмжлэгч хуулиар олгогдсон маргааны талаар гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

3.   Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч О.Г ийг Г Н ОУТБ -ын Монгол дахь төлөөлөгчийн газрын Тахилт орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн Орон нутгийн зохицуулагчийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Г Н ОУТБ -ын Монгол дахь төлөөлөгчийн газраас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 8,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.Г т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5,800,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч О.Г ийн болон хариуцагчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг Нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг Г Н ОУТБ -ын Монгол дахь төлөөлөгчийн газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч О.Г нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар хариуцагч Г Н ОУТБ -ын Монгол дахь төлөөлөгчийн газраас улсын тэмдэгтийн хураамжид 213,150 төгрөг гаргуулан улсын төсвийн орлогод оруулсан.

 

4.   Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

4.а. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д орон тоо цөөрүүлэх гэдгийг хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцийн адил ажил, албан тушаалын хэд хэдэн орон тооноос тодорхой орон тоог хассаныг ойлгох ба Тахилт орон нутгийн хөгжлийн зохицуулагч 6 орон тооноос 2 орон тоогоор цөөрсөн, уг 6 ажилтнаас Үйл ажиллагааны гүйцэтгэлийн түвшинг үнэлж дүгнэсэн үнэлгээг үндэслэн О.Г нийт 50.2 оноо буюу хамгийн бага үнэлгээ авсан болох нь баримтаар тогтоогддог. Хамгийн бага оноогоор үнэлэгдсэн О.Г ийн хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь өөрийн байгууллагад ажиллуулах ажилтныг сонгох ажил олгогчийн эрхийг хязгаарлах эрх зүйн үндэслэл байхгүй байна.

4.б. Ажил олгогчийн 2021 оны 02 сарын 26-ны 0/000/00 тоот О.Г ийн хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалд байгууллагын бүтцийн өөрчлөлт хийж, орон тоо цөөрүүлсэнтэй холбогдуулан нэхэмжлэгчийн ажиллаж байсан ажлын байрны орон тоог цөөрүүлсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд Г Н ОУТБ нь өөрийн бүрэн эрхийн хүрээнд байгууллагын бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт оруулахаар шийдвэрлэх эрхтэй ба энэ эрхийг хязгаарлах хуулийн үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн энэ талаар 2022 оны 02 сарын 16-ны өдрийн 182/ШШ2022/00435 дугаар шийдвэрийн үндэслэх хэсэгт хариуцагчийн орон тоо цөөрүүлсэн нь үндэслэлтэй байна гэж дүгнэсэн.

4.в. Ажил олгогч нь О.Г тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40.5 дахь хэсэгт заасан хугацааг баримтлаагүй гэж хариуцагч маргаж байгаа ч энэ нь орон тоо цөөлсөн үйл баримтыг үгүйсгэж чадаагүй болно. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасан ...нэг сар... гэдгийг тооцохдоо хугацаа тоолж дуусах тухай Иргэний хуулийн зохицуулалтыг баримтлах нь Хөдөлмөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгийн ...хөдөлмөрийн тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ... гэсэнд нийцнэ. Иргэний хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт жил, улирал, сараар тогтоосон хугацаа нь уг хугацаа дуусах сарын мөн өдөр дуусна. Хугацаа дуусах сарын мөн өдөр байхгүй бол уг хугацаа тухайн сарын эцсийн өдөр дуусна гэж заасан. Ажил олгогч нь ажилтанд ажлаас чөлөөлөх талаар мэдэгдэх талаар 2021 оны 02 сарын 29-ний өдөр мэдэгдэх тушаал гарах боломжгүй юм. Учир нь 2021 оны 02 сар 28 хоногтой байсан. 02 сарын 27, 28-ны өдөр Бямба, Ням буюу амралтын өдөр байсан тул Г Н ОУТБ нь тухайн 2 сарын ажлын сүүлийн өдөр болох Баасан гараг буюу 2021 оны 02 сарын 26-ны өдөр ажлаас чөлөөлөх тушаалыг гаргасан болно. Г Н ОУТБ нь хөдөлмөрийн гэрээ цуцлах талаар 2021 оны 01 сарын 29-ний өдөр мэдэгдэж, 2021 оны 02 сарын 02-ны өдөр нэр бүхий ажилчид ажилд эгүүлэн орох хүсэлт гаргасан нь нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогддог бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасан ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд 1 сарын өмнө мэдэгдсэн гэж үзэж байна.

4.г. Г Н ОУТБ нь Ковид-19 цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалаад онцгой нөхцөл байдал үүсэж байгаа учраас байгууллагууд нь үйл ажиллагаандаа аудит хийж ажилчдын тоог цөөл гэсэн. Бид огт мэдэгдэлгүйгээр гэнэт ажлаас нь чөлөөлөөд ажлын өөр хүнд өгөөд хохироогоод байгаа зүйл байхгүй. Бид ажилчдын эрхийг огт зөрчөөгүй. Анхан шатны шүүх хэргийн оролцогчоос гаргасан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй, хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.

 

5.   Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Хариуцагч байгуулага нь хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасны дагуу нэхэмжлэгчийг ажлаас халсан бөгөөд мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт зааснаар ажилтанд энэ тухай нэг сарын өмнө мэдэгдэх ёстой. Ажлаас чөлөөлсөн тушаал 2021 оны 02 сарын 26-ны өдөр гарсан бөгөөд 2021 оны 01 сарын 29-ний өдөр нэхэмжлэгчид мэдэгдсэн атлаа 2021 оны 02 сарын 26-ны өдөр тушаал гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан зохицуулалттай нийцэхгүй. Иргэний хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт зааснаар 2021 оны 02 сарын 29-ний өдөр 1 сарын хугацаа тоологдож дуусна. 2 дугаар сар 28 хоногтой. Иргэний хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсэгт заасны дагуу тухайн сарын сүүлчийн өдөр байхгүй бол дараагийн сарын эхний өдөр шилжүүлж хугацааг тоолохоор хуульд зохицуулсан. Уг хуулийн зохицуулалтын дагуу ажлаас чөлөөлсөн тушаалыг 2021 оны 03 сарын 01-ний өдрөөс хойш гаргахаар байсан. Орчуулагчийн гаргаж өгсөн баримт нь нотлох баримтын шаардлагыг хангаж байгаа.

 

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2.   Нэхэмжлэгч О.Г нь хариуцагч Г Н ОУТБ -ын Монгол дахь төлөөлөгчийн газарт холбогдуулан Тахилт орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн Орон нутгийн хөгжлийн зохицуулагчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 13,800,000 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох дэвтэрт бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

3.   Нэхэмжлэгч О.Г нь Г Н ОУТБ -ын Монгол дахь төлөөлөгчийн газрын захирлын 2019 оны 11 сарын 28-ны өдрийн 0/000/00 тоот Зарим ажилтныг томилох тухай тушаалаар Тахилт орон нутгийн хөгжлийн Орон нутгийн хөгжлийн зохицуулагчаар томилогдож, улмаар 2021 оны 02 сарын 26-ны өдрийн 0/000/00 тоот Ажилтан О.Г ийн хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалаар Тахилт орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн Орон нутгийн хөгжлийн зохицуулагчийн үүрэгт ажлаас 2021 оны 02 сарын 26-ны өдрөөр тасалбар болгон чөлөөлөгджээ. /2хх 187, 1хх 3/

Дээрх тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг үндэслэсэн байх ба уг тушаалд байгууллагын бүтцийн өөрчлөлт хийж, орон тоо цөөрүүлсэнтэй холбогдуулан О.Г ийн хөдөлмөрийн гэрээг цуцалсан тухай дурдсан байна.

 

4.   Нэхэмжлэгч нь 2021 оны 02 сарын 26-ны өдрийн 0/000/00 тоот тушаалыг эс зөвшөөрч Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан хугацаанд гомдлоо гаргасан гэх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв, энэ талаарх хариуцагч талын татгалзал, давж заалдах гомдол үндэслэлгүй. Учир нь хэрэгт авагдсан Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 03 сарын 29-ний өдрийн 182/ШЗ2021/03017 дугаар Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамжаар нэхэмжлэгч О.Г нь анх 2021 оны 03 сарын 22-ны өдөр шүүхэд гомдлоо гаргасан болох нь тогтоогдсон. /1хх 5-8/

 

5.   Хариуцагч байгууллагын захирлын 2021 оны 01 сарын 29-ний өдрийн 0/000/00 тоот тушаалаар байгууллагын үйл ажиллагааны стратеги төлөвлөгөө, зохион байгуулалтын бүтэц, өөрчлөлт орж буй албан тушаалын нэршлийг баталж, орон тооны дээд хязгаарыг 90 байхаар тогтоож, мөн өдрийн 0/000/00 тоот тушаалаар байгууллагын бүтцийн өөрчлөлт хийж, орон тоо цөөрүүлсэнтэй холбогдуулан нэр бүхий 14 ажилтны хөдөлмөрийн гэрээг 2021 оны 02 сарын 26-ны өдрөөр цуцалж шийдвэрлэсэн, Тахилт орон нутгийн хөгжлийн зохицуулагч 6 орон тооноос 2 орон тоог цөөрүүлж, эдгээр 6 ажилтны Үйл ажиллагааны гүйцэтгэлийн түвшин-г үнэлж дүгнэхэд О.Г нь 50.2 буюу хамгийн бага үнэлгээ авсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд анхан шатны шүүх уг нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу зөв үнэлсэн байна. /1хх 26-30, 2хх 206-223, 227-239, 243-250-3хх 1-5, 6-19, 20-32/

Түүнчлэн ажил олгогч байгууллага ажилтны тоог цөөрүүлсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 40.1.1-д заасантай нийцсэн, хариуцагч нь байгууллагын бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт оруулахаар шийдвэрлэх эрхтэй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдоогүй.

 

6.   Гэвч анхан шатны шүүхээс ажил олгогчийг Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасан 40.1.1-д заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх үүргээ биелүүлээгүй гэж дүгнэн, нэхэмжлэгч О.Г ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв.

Ажилтан О.Г ийн ажил олгогчид хандан 2021 оны 02 сарын 02-ны өдөр бичгээр гаргасан шаардлага /2хх 202-203, 3хх 33-34/, тухайн үед хүний нөөцөөр ажиллаж байсан гэх Г.Н ын шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэг /3хх 71-72/ зэрэг нотлох баримтуудаар ажил олгогчийн зүгээс хөдөлмөрийн гэрээг 2021 оны 02 сарын 26-ны өдрөөр тасалбар болгон цуцлах гэж буй тухайгаа ажилтан О.Г т 2021 оны 01 сарын 29-ний өдөр мэдэгдсэн үйл баримт тогтоогдож байна. Иймд хариуцагч Г Н ОУТБ -ын Монгол дахь төлөөлөгчийн газрыг Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзнэ.

Хариуцагч талын гаргасан ...2021 оны 02 сар 28 хоногтой, 02 сарын 27, 28-ны өдөр Бямба, Ням буюу амралтын өдөр байсан тул Г Н ОУТБ нь тухайн 2 сарын ажлын сүүлийн өдөр болох Баасан гараг буюу 2021 оны 02 сарын 26-ны өдөр ажлаас чөлөөлөх тушаалыг гаргасан учир Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй... гэсэн давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

Учир нь Иргэний хуулийн 72 дугаар зүйлд хугацаа тоолох журмыг тогтоосон ба 72.2 дахь хэсэгт Тоолох хугацааны эцсийн өдөр ажлын бус өдөр байвал түүний дараагийн ажлын өдөр уг хугацаа дуусна гэж заасан тул ажил олгогч нь 2021 оны 03 сарын 01-ний өдөр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг гаргах байжээ.

 

7.   Ажилтан өмнө нь ажлаас халагдсаны тэтгэмж гэж 5,800,000 төгрөгийг авсан тул шүүх уг дүнг ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговроос хасаж тооцсон нь зөв.

 

8.   Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 сарын 16-ны өдрийн 182/ШШ2022/00435 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 03 сарын 30-ны өдөр урьдчилан төлсөн 142,950 төгрөг болон 70,200 төгрөг, нийт 213,150 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

 

 

Д.НЯМБАЗАР