Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2022/01077

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ц.Г ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 сарын 16-ны өдрийн 183/ШШ2022/00684 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ц.Г ын нэхэмжлэлтэй, хариуцагч Н т холбогдох, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэлийн агуулга: Ц.Г нь О ХХК-аас 2020 онд 130,000,000 төгрөгийн зээл авахдаа ,,, тоот хаягт байршилтай, 93.21 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг барьцаалсан. Ковид-19 цар тахлын улмаас бизнесийн үйл ажиллагаа доголдож, уг зээлийг төлөхөд хүндрэл учирсан. Уг зээлд барьцаалсан орон сууцны зах зээлийн үнэлгээ 1 м.кв талбай нь 2,500,000 төгрөг бөгөөд нийт 250,000,000 төгрөгөөр үнэлэгдэнэ. Гэвч уг орон сууцыг хэт доогуур үнэлж, албадан дуудлага худалдаагаар 120,650,000 төгрөгөөр худалдан борлуулсан бөгөөд албадан дуудлага худалдаа болон хөрөнгийн үнэлгээг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ, албадан дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү.

 

2.   Хариу тайлбарын агуулга: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 05 сарын 14-ний өдрийн 1349 дугаар захирамжаар Ц.Г аас 141,056,008 төгрөгийг гаргуулж О ХХК-д олгож шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2021 оны 07 сарын 09-ний өдрийн 0 дугаар тогтоолоор үүсгэж, төлбөр төлөгч Ц.Г д шүүхийн шийдвэр биелүүлэхийг удаа дараа мэдэгдэхэд төлбөр төлөөгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан 0 дугаарт бүртгэгдсэн ,,,, тоот хаягт байршилтай 93.21 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг 2021 оны 09 сарын 01-ний өдрийн 0 дугаар тогтоолоор битүүмжилж, 2021 оны 09 сарын 08-ны өдрийн 0 дүгээр тогтоолоор хураасан. Төлбөрт хураагдсан хөрөнгөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Иргэний хуульд заасны дагуу үнийн санал ирүүлэхийг төлбөр төлөгч Ц.Г д мэдэгдэхэд, Ц.Г нь 363,519,000 төгрөгөөр үнэлсэн. Төлбөр авагч О ХХК нь шинжээч томилуулах санал ирүүлсэн. Талууд үнэлгээг харилцан тохиролцоогүй учир 2021 оны 09 сарын 20-ны өдрийн 0 дүгээр шинжээч томилох тогтоолоор Г ХХК-ийг томилоход орон сууцыг 170,151,261 төгрөгөөр үнэлсэн. Үнэлгээг талуудад 2021 оны 09 сарын 29-ний өдрийн 0 дугаар албан бичгээр мэдэгдсэн. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

3.   Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсгийг баримтлан хариуцагч Н т холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч Ц.Г ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсэн.

 

4.   Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримт болон хэргийн бодит үйл баримтыг дутуу, буруу үнэлж, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж байгаа тул давж заалдах гомдол гаргаж байна.

а. Тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өнөөгийн зах зээлийн үнэ ханш 1.мкв нь 2,500,000 төгрөг, нийт 250,000,000 төгрөгөөр үнэлэгдэж байхад 1 м.кв-ыг 1,294,389 төгрөг буюу нийт 120,650,000 төгрөгөөр үнэлж, худалдан борлуулсан нь хуульд нийцсэн мэт харагдаж буй боловч үл хөдлөх эд хөрөнгийн үнэ өдрөөс өдөрт өсөж байгаа энэ үед иргэдийн хөрөнгийг ченжүүдтэй нийлж дээрэмдэж байна гэж үзэхээр байна.

б. Зээлийн эргэн төлөлт Ковид-19 цар тахлын нөлөө, хөл хорио зэргээс шалтгаалан удаашрах, хойшлох нөхцөл байдал энэ маргаанд нөлөөлсөн.

в. Өөрийн хуулийн мэдлэггүйн улмаас өмгөөлөл, хууль зүйн туслалцаа авч чадаагүйн зэрэгцээ дээрх үл хөдлөх хөрөнгийн байршил, үнэ, үнэлгээ нь зах зээлийн бодит ханш, нэхэмжлэгчийн гаргасан тайлбар болон шүүхийн шийдвэрийн зүй бус, хууль зөрчсөн үйл ажиллагаануудыг олох харах байх, иргэдэд үйлчлэх байх гэж шүүхэд итгэж анхан шатны шүүх хуралдаанд оролцсон.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэж өгнө үү.

 

5.   Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч тал оролцоогүй, давж заалдах гомдолд хариу тайлбар өгөөгүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзэхэд нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдоогүй тул шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2.   Нэхэмжлэгч Ц.Г нь хариуцагч Н т холбогдуулан ,,, тоот хаягт байршилтай 93.21 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 170,151,261 төгрөгөөр үнэлсэн Г ХХК-ийн 2021 оны 09 сарын 23-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай шаардлага гаргаж, үндэслэлээ ...зах зээлийн үнэ ханш 250,000,000 төгрөг байтал шинжээч орон сууцыг хэт багаар үнэлсэн, орон сууцны байршил, үнийн өсөлт зэргийг харгалзан үзээгүй... гэж тайлбарлажээ. /хх 1/

Дээрх шаардлагыг хариуцагч байгууллага ...шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан... гэсэн үндэслэл заан маргажээ. /хх 16/

 

3.   Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 05 сарын 14-ний өдрийн 101/ШШ2021/01349 дугаар захирамжаар нэхэмжлэгч О ХХК-ийн нэхэмжилсэн 140,069,258.05 төгрөгийг хариуцагч Ц.Г төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, ийнхүү төлөөгүй тохиодолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ. /хх 19-20/

Тус хүчин төгөлдөр шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд Н 2021 оны 07 сарын 09-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж /хх 21/, шүүгчийн захирамжид дурдагдсан төлбөр төлөгч Ц.Г ын өмчлөлийн орон сууцыг 2021 оны 09 сарын 01-ний өдөр битүүмжилж /хх 27-28/, 2021 оны 09 сарын 08-ны өдөр хураан авчээ. /хх 30-31/

Төлбөр төлөгч Ц.Г нь 93.21 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 391,482,000 төгрөгөөс үнэлснийг /хх 33/ төлбөр авагч О ХХК эс зөвшөөрч, шинжээч томилуулах хүсэлт гаргасны дагуу /хх 34/ Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Г ХХК-ийг шинжээчээр томилсон нь /хх 35/ Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасан зохицуулалтад нийцжээ.

Г ХХК-ийн үнэлгээчин С.О нь Сангийн яамнаас олгосон тусгай зөвшөөрөл бүхий этгээд /хх 43-арын нүүр/ байх ба шийдвэр гүйцэтгэх байгууллагаас үнэлгээчин С.О д 2021 оны 09 сарын 20-ны өдөр эрх, үүргийг нь тайлбарлан өгсөн байна. /хх 37/

 

4.   Шинжээчээр томилогдсон Г ХХК, үнэлгээчин С.О нь Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний тайлан-даа үнэлэгдэж буй үл хөдлөх эд хөрөнгийн талаарх мэдээллийг бүрэн тусгаж /ашиглалтад орсон он, бүтээц, төвийн шугамд холбогдсон байдал, талбай, зориулалт, байршил г.м/, үнэлгээг хийсэн арга, аргачлалыг нэг бүрчлэн тодорхой дурдсан байх тул Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан зохицуулалтад нийцсэн гэж үзнэ. /хх 38-43/

Иймд ...үнэлгээчин нь үл хөдлөх эд хөрөнгийн байршил, үнийн өсөлтийг харгалзан үзээгүй... гэсэн агуулгаар гаргасан нэхэмжлэгч талын тайлбар, давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

5.   Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө гэж заасны дагуу Г ХХК-аас Ц.Г ын өмчлөлийн орон сууцны зах зээлийн үнэлгээг 170,151,261 төгрөгөөр үнэлснийг Н төлбөр төлөгч Ц.Г д 2021 оны 09 сарын 29-ний өдөр мэдэгдсэн байна. /хх 45-46/

Иймд нэхэмжлэгч Ц.Г нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан үнэлгээний талаархи гомдлоо 7 хоногийн дотор шүүхэд гаргах хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. Нэхэмжлэгч нь үнэлгээний талаарх гомдлоо шүүхэд 2021 оны 10 сарын 06-ны өдрийн дотор гаргах байжээ.

 

6.   Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргаж өгсөн Х ХХК-ийн Хөрөнгө үнэлгээний тайлан-д ... тоот хаягт байршилтай 93.21 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 237,661,731 төгрөгөөр үнэлсэн болох нь тогтоогдож байх боловч тус баримтаар Г ХХК-ийн гаргасан Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний тайлан-г үндэслэлгүй, орон сууцыг зах зээлийн ханшаат хэт доогуур доогуур үнэлсэн гэж үзэх үндэслэл болохгүйг тайлбарлах нь зүйтэй. /хх 62-78/

Учир нь үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг Г ХХК нь 2021 оны 09 сарын 03-ны өдрийн байдлаар, харин Х ХХК нь 2021 оны 12 сарын 07-ны өдрийн байдлаар, К ХХК нь 2022 оны 02 сарын 28-ны өдрийн байдлаар тус тус гаргасан байх тул өөр өөр цаг хугацааны үнэ ханшийг гаргасан үнэлгээг хооронд нь харьцуулан зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн гэж эргэлзээгүйгээр дүгнэх боломжгүйгээс гадна Г ХХК-ийн гаргасан үнэлгээний тайланг хүчингүй болгох үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй.

 

7.   Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг ... үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. ... гэж заасан тул нэхэмжлэгчийн гаргасан ...албадан дуудлага худалдаагаар 120,650,000 төгрөгөөр зарсан... гэх тайлбар, ...иргэдийн хөрөнгийг ченжүүдтэй нийлж дээрэмдэж байна... гэх давж заалдах гомдол тус тус үндэслэлгүй.

Түүнчлэн нэхэмжлэгч нь шүүхэд, шүүх хуралдаанд хууль зүйн туслалцаа авах тухай хүсэлтийг гаргаагүй, шүүхийн зүгээс уг эрхийг хязгаарласан баримт хэрэгт авагдаагүй учир ...өмгөөлөл, хууль зүйн туслалцаа авч чадаагүй... гэх давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 сарын 16-ны өдрийн 183/ШШ2022/00684 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ц.Г ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Г аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 04 сарын 29-ний өдөр урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

 

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

 

 

Д.НЯМБАЗАР