Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 286

 

Г.Б холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, хохирогч С.О өмгөөлөгч Ц.Дэлгэрням, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Цоггэрэл, түүний өмгөөлөгч Л.Сарангэрэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 950 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 302 дугаар магадлалтай, Г.Б холбогдох 201401030350 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн гаргасан үндэслэн 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1984 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 42-139 тоотод оршин суух хаягтай, ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Г Б.

Г.Б нь ганцаараа болон бусадтай бүлэглэн 2013 оноос 2014 оны хооронд бусдын эд хөрөнгийг 5 удаагийн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон залилан авч, нийт 411,977,200 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Г.Быг үргэлжилсэн үйлдлээр бусадтай бүлэглэн бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон эд хөрөнгийг нь залилан авч бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар шүүгдэгч Г.Б 4 жил хорих ял шийтгэж, оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх 1 хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Баас нийт 347,957,200 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ц 92,755,000 төгрөг, хохирогч С.О 143,450,000 төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А 77,827,200 төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Н 33,925,000 тус тус олгож шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтыг “...хохирогч “Сандэй” ХХК-нд 77,827,200 төгрөгийг, хохирогч “Тунамал хийц” ХХК-нд 33,925,000 төгрөгийг...” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Г.Б гаргасан гомдолдоо “...Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.3-т заасан нөхцөл бий болсон.

Прокурор, шүүх Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр 1 дэх зүйлийг журамлаж байгаа бол 2002 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж яллах ёстой. Гэтэл тус хууль нь миний эрх зүйн байдлыг дордуулсан, оногдуулах ялыг хүндрүүлсэн, үйлдэл, эс үйлдэхүйг шинээр гэмт хэрэгт тооцсон тул хэрэглэх боломжгүй учир одоо мөрдөж буй Эрүүгийн хуулийг хэрэглэж тус хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан надад холбогдох 2002 оны Эрүүгийн хуулийн 148.4, 261.1 зүйл ангиудаар үүсгэн эрүүгийн хэргүүдийг хэрэгсэхгүй болгох юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заагаагүй үйлдэл, эс үйлдэхүй, хохирол, хор уршиг, гэм буруугийн шинжийг төсөөтэй хэрэглэн гэмт хэрэгт тооцохгүй” гэсэн байх бөгөөд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх заалтууд нь одоогийн мөрдөж буй Эрүүгийн хуулиар үйлдэл, эс үйлдэхүй, хохирол хор уршигт тооцогдохгүй болжээ. Учир нь Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 гэх зүйл нь “онц ноцтой” гэмт хэрэг бөгөөд одоо мөрдөж буй Эрүүгийн хуульд “онц хүнд” гэсэн ангилал байхгүй байна. Мөн тус зүйл ангид “...хэргийн улмаас онц их хэмжээний хохирол учирсан бол...” гэж заасан бөгөөд шинэ Эрүүгийн хуульд “онц их хэмжээ”-ний хохирол, хор уршиг гэж байхгүй байна.

Гэтэл прокурор, шүүгч нар Эрүүгийн хуульд байхгүй хохирол, хор уршиг, гэмт хэргийн ангиллыг төсөөтэй хэрэглэж, хуулийг хүчээр мушгин хуучин, шинэ Эрүүгийн хуулийг хольж хэрэглэн, буруу тайлбарлан яллаж, шүүсэн нь шударга ёсны зарчмыг умартан хууль зөрчсөн.

Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т заасан гэмт хэрэг гэж үзсэн тохиолдолд мөн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2, 30.14 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох юм.

2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн нэмэлт өөрчлөлтийг хэрэглэвэл 17.3 дугаар зүйлийн 2.2 гэх зүйл ангиар яллагдагчаар татагдсан өдөр хүртэл гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тооцох тул мөн дээрхтэй нэгэн адил хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул хэргийг хэрэгсэхгүй болгоно.

Дээрх 3 үндэслэл, нотолгоонуудаар Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Тиймээс надад холбогдох Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг шинэ Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцогдохгүй болсон, мөн Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т заасан хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Мөн шүүх хуралдаанд хохирогч С.О өмгөөлөгч Ц.Дэлгэрням хэлсэн саналдаа “Хохирогч С.О зөрчигдсөн эрхийг сэргээлгэхээр өмгөөлөгчөөр оролцсон. Шүүгдэгчийн хяналтын журмаар гаргасан гомдол нь хууль зүйн үндэслэлгүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн. Шүүх дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг орхигдуулсан зүйл байхгүй. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 148 дугаар зүйлийн 148.4-т заасан үйлдэл нь гэмт хэрэгт тооцогдохгүй болсон бус харин ч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт тусгагдсан бөгөөд шүүх дээрх зүйл ангиар шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэсэн. Г.Билэгсайханд холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэх үндэслэлгүй. Учир нь мөрдөн байцаалтын шатанд санаатайгаар оргон зайлсан үндэслэл тогтоогдсон буюу хөөн хэлэлцэх хугацаа оргосон өдрөөс зогсох зохицуулалт бий. Мөн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Эрүүгийн хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр гэмт хэрэг үйлдсэн өдрөөс яллагдагчаар татах хүртэлх хугацаанд хөөн хэлэлцэх хугацааг тоолохоор зохицуулсан. Өмгөөлөгч миний хувьд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болохгүй үндэслэл тогтоогдоогүй. Өмнө нь “Витум-Ойл” ХХК-ийн 33 хувийн хувьцаа эзэмшигч Б.Баянбулгаагийн өмгөөлөгчөөр оролцож байсан нь С.О өмгөөлөгчөөр оролцож болохгүй үндэслэл биш юм. Иймд гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ц өмгөөлөгч Л.Сарангэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Г.Б нь Т.Өлзийсүрэнгийн итгэлийг олж, ямар ч гэрээгүйгээр залилсан болох нь Б.Б, Б.Д нарын мэдүүлгээр тогтоогддог. 2002 оны Эрүүгийн хуульд заасан үйлдлийг гэмт хэрэг тооцохгүй болсон гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Учир нь 2002 оны Эрүүгийн хуульд заасан үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт хөнгөрүүлэн оруулсан. Хэргийн хөөн хэлэлцэх хугацаа тасрах шалтгаан нь шүүгдэгч оргон зайлсантай холбоотой. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

Прокурор А.Оюунгэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч Г.Б нь бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон залилж, бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдож тогтоогдсон байна. Тус гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн. Шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа түүний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэсэн нь Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Г.Б гаргасан гомдлыг үндэслэн түүнд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Г.Б нь ганцаараа болон бусадтай бүлэглэн 2013 оноос 2014 оны хооронд бусдын эд хөрөнгийг 5 удаагийн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон залилан авч, нийт 411,977,200 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэл бүхий болсон байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Г.Б гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн түүний үйлдсэн хэргийн үйл баримтыг тогтоож, хууль буцаан хэрэглэх зарчмыг үндэслэн шүүгдэгчийн үйлдсэн хэрэг нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан зүйлчилж, түүнд хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Учир нь 2015 онд батлагдаж, 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж хуульчилсан бөгөөд буцаан хэрэглэгдэх шинжийг агуулж буй илүү хөнгөн хууль гэдэг ойлголтод гэмт хэргийн шинж чанарыг тодорхойлж буй диспозицийн багтаамж, ял шийтгэлийн төрөл, агуулгад орж буй өөрчлөлт төдийгүй хууль тогтоогчийн шийдвэрээр хүний эрх зүйн байдлыг дээрдүүлж байгаа хуулийн зохицуулалтад хамаарах бусад хэм хэмжээ мөн адил багтахаар ойлгоно.

Мөн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж 4 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.

Шүүх нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүх Г.Б холбогдох хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, гэрчийн мэдүүлэг, шүүгдэгч, хохирогч, шинжээчийн дүгнэлтийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлж шийдвэрлэжээ.

Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гаргасан “...шүүх хууль буцаан хэрэглэх журмыг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэсэн, хөөн хэлэлцэх хугацаа дууссан буюу Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тул хэргийг хэрэгсэхгүй болгуулах” агуулгатай гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 950 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 302 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Б хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

ШҮҮГЧ                                                         Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                     Б.БАТЦЭРЭН

                                                                     Ч.ХОСБАЯР

                                                                     Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН