Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 309

 

“А...” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

нийслэлийн Засаг дарга,

Баянзүрх дүүргийн Засаг дарга,

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд,

Богдхан уулын дархан цаазат газрын

хамгаалалтын захиргаанд тус тус холбогдох

захиргааны хэргийн тухай

 

            Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч, шүүгч:         Ч.Тунгалаг

            Шүүгчид:                        Г.Банзрагч

                                                   М.Батсуурь

                                                   Х.Батсүрэн

            Илтгэгч шүүгч:               Д.Мөнхтуяа

            Нарийн бичгийн дарга: Б.Уранзаяа

            Нэхэмжлэлийн шаардлага: “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 420 дугаар захирамжийн М.Бд холбогдох, Нийслэлийн Засаг даргын 2008 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 442, 2015 оны А/454, А/902 дугаар захирамжийн М.Б-д холбогдох хэсгийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох”,

Гуравдагч этгээд М.Б-ны бие даасан шаардлага: “Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/433 дугаар тушаалын хавсралтын 21-д байх “А...” ХХК-д холбогдох заалтыг,Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон түүний харьяа Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа 2014 онд Богдхан уулын дархан цаазат газрын хилийн заагийг тогтоосон тэмдэг, тэмдэглэгээг шинэчлэн тогтоох үйл ажиллагаа явуулсан нь илт хууль бус болохыг тогтоолгох”,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2020/0178 дугаар шийдвэр,

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 340 дүгээр магадлалтай,

            Шүүх хуралдаанд оролцогч: хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, түүний өмгөөлөгч Д.Н нарыг оролцуулж,

Хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т, хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Т.Б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Н нарын гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1.  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2020/0178 дугаар шийдвэрээр: Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль (2002 он)-ийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.1.3-д заасныг баримтлан Байгаль орчин, аялал, жуулчлалын сайдын тушаалаар хийж гүйцэтгэсэн гэх 2014 оны Геодези зураг зүйн газраас сонгон шалгарсан мэргэжлийн эрхтэй аж ахуйн нэгжтэй хамтран Богдхан уулын дархан цаазат газрын хилийн цэсийг Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаар тогтоолоор тогтоосон хилийн заагийг өөрчлөн 76 шон суурилуулж тэмдэгжүүлсэн үйл ажиллагааг илт хууль бус болохыг тогтоож, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.5.3, 27 дугаар зүйлийн 27.1, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль(2002 он)-ийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.1.3-д зааснаар гуравдагч этгээд М.Б-ны бие даасан шаардлагыг хангаж Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/433 дугаар тушаалын хавсралтын 21-д байх “А...” ХХК-д холбогдох хэсэг илт хууль бус болохыг тогтоож, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 420 дугаар захирамжийн М.Бд холбогдох, Нийслэлийн Засаг даргын 2008 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 442, 2015 оны А/454, А/902 дугаар захирамжийн М.Бд холбогдох хэсгийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэгч “А...” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2.  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 340 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 178 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1, 30 дугаар зүйлийн 1, 36 дугаар зүйлийн 1, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай /2002 оны/ хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч “А...” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 420 дугаар захирамж болон Нийслэлийн Засаг даргын 2008 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 442, 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн А/454, 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн А/902 дугаар захирамжуудын М.Б-д тус тус холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож, гуравдагч этгээд М.Бы бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хяналтын гомдлын үндэслэл:

          3. Хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Төгс хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Богдхан уул нь нийт 41651 га талбайтай, хойд талаараа Улаанбаатар хотын Хан-Уул, Баянзүрх дүүрэг, урд талаараа Төв аймгийн Зуунмод сум, Сэргэлэн сумтай тус тус хил залгадаг.

        4. Богдхан уулыг 1778 оноос дархлан хамгаалж ирсэн бөгөөд БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 1988 оны 78 дугаар зарлигаар Богдхан уулын хил заагийг баталж, 1:50000 масштабтай зургийг суурь болгон зурагласан байна.

       5. Монгол Улсын Их Хурлын 1995 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн “Улсын тусгай хамгаалалттай газрын ангиллыг шинэчлэн тогтоох тухай” 26 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар “Богдхан уулын дархан цаазат газар”-ын хязгаарлалтын бүсийн хил цэсийг шинэчлэн тогтоож, 1996 оны 05 дугаар сард “UNESCO”-аас дэлхийн шим мандлын нөөц газрын сүлжээнд оруулах шийдвэр гарч, 1997 онд гэрчилгээ олгогдсон түүхтэй.

       6. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 25 дугаар зүйлд зааснаар “... газар нутгийг тусгай хамгаалалтад авах тухай шийдэр гаргах, дархан цаазат болон байгалийн цогцолборт газрын хилийн заагийг батлах, өөрчлөх...” асуудал УИХ-ын бүрэн эрхэд хамаарна.

       7. УИХ нь бүрэн эрхийн хүрээнд Богдхан уулын дархан цаазат газрын хилийн заагийг 1995 оны 26 дугаар тогтоолоор тогтоосон. УИХ-ын 1995 оны 26 дугаар тогтоолоор Богдхан уулын ДЦГ-ын хил заагийг газар усны нэр заасан өндрийн тоот, газрын байршил тодорхойлсон тоот шонгуудаар тогтоосон. Нийт 12 өндрийн тоот, 7 шонг нэрлэн заасан. Эдгээр тэмдэглэгээнүүд нь Геодези, зураг зүйн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д зааснаар геодезийн байнгын цэг, тэмдэгт мөн.

       8. БОАЖЯ нь 2015 онд Богдхан уулын ДЦГ-ын хилийн заагийн шонгуудыг шинэчлэх, солбицлыг тогтоох ажлыг хийхдээ УИХ-ын бүрэн эрхэд халдаж УИХ-аар тогтоосон 12 өндөрлөг, 7 шон нийт 19 тэмдэглэгээг 75 ширхэг шон болгон Богдхан уулын ДЦГ-ын хил заагийг зарим газраар тэлж өөрчилсөн байна.

      9. Иймд холбогдох төрийн байгууллагууд ДЦГ-ын 3 өөр хилийн цэс ашиглах болсон.

Үүнд:

 №

Хил цэсийг тогтоосон байдал

Талбайн хэмжээ

 

Дэлхийн шим мандлын нөөц газрын сүлжээнд

41651 га

1

БОАЖЯ-ны одоо ашиглаж буй гэх Богдхан уулын ДЦГ-ын хил

42192.4 га

2

НГЗБА-ны ашиглаж байгаа ДЦГ-ын хил

41089.4 га

3

ГЗБГЗЗГ-аас тодруулж зурагласан хилийн цэс

41498.6 га

       10. Дээрх хүснэтгээс БОАЖЯ-ны ашиглаж буй шинэчилсэн хилээр талбайн хэмжээ 42192.4 га байгаа нь 1997 онд дэлхийн шим мандлын нөөц газрын сүлжээнд бүртгүүлсэн талбайгаас их байгаа нь харагдаж байгаа.

      11. УИХ-ын 1995 оны 26 дугаар тогтоолд заасан “Богдхан уулын ДЦГ-ын хилийн шон №21” нь Туул голын урд эргээр, төмөр замын хамгаалалтын бүсэд байрласан бөгөөд ДЦГ-ын хил төмөр замаас урдуур байрлаж байгааг БОНХЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын 2013 оны 5/5850 дугаартай албан бичигт дурджээ.

       12. БОАЖЯ нь геодезийн байнгын цэг, тэмдэглэгээг үл хэрэгсэн төмөр зам давуулан Туул голын эрэг хүртэл хязгаарлалтын бүсийг тэлэн тогтоосон хилийн цэсийг ашиглаж байна.

       13. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн хуралдаанаар дээрх хилийн цэсийн маргаан бүхий “А...” ХХК-ийн нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг дарга, БОАЖЯ-д холбогдох захиргааны хэрэгт гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг ханган шийдвэрлэж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2020/0178 дугаар шийдвэр гарсан. Үүнд:

      14. Нийслэлийн Засаг даргаас өөрт хуулиар олгосон эрх хэмжээний хүрээнд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байршуулан иргэн М.Бд эзэмшүүлсэн газартай давхцуулан Богдхан дархан цаазат газрын хилийн цэсийн гадна “А...” ХХК-д газар ашиглах эрх олгосон БОАЖНХ-ийн сайдын 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/433 дугаартай тушаалаас холбогдох хэсгийг, БОАЖЯ болон түүний харьяа Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа 2015 онд Богдхан уулын дархан цаазат газрын хилийн заагийг тогтоосон тэмдэг, тэмдэглэгээг шинэчлэн тогтоох үйл ажиллагаа явуулсан нь УИХ-ын 1995 оны 26 дугаар тогтоолоор тогтоосон хилийн заагийн 19 цэгийг 77 цэг болгосон, зарим цэгийн байршлыг илт өөрчилсөн нь илт хууль бус болохыг тус тус тогтоосон.

      15. БОАЖЯ-ны ашиглаж буй шинэчлэн тогтоосон хилийн цэсэд 21, 3 тоот шонгуудын байршлыг өөрчлөн тогтоосонтой холбоотойгоор нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжаар газрын эрх олгосон 270 нэгж талбар дахин өртсөн, тус яамны зүгээс давхцуулан газар олголт хийсэн нь газрын маргаан цаашид ч үргэлжлэн гаргах нөхцөл байдлыг үүсэхэд хүргэсэн.

      16. Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 1624.0, 1338.0 тоот өндөрлөг, 1 тоот шон гэсэн эргэлтийн цэгүүдэд дээр дурдсантай ижил шалтгаан нөхцлүүд үүсээд байна.

      17. Магадлалд дурдсанаар “... зарим шон нь байхгүй болсон зэрэгтэй холбоотой дахин тэмдэгжүүлэн, зураглал үйлдсэн үйл ажиллагааг УИХ өөрөө хийх үүрэггүй тул ... БОАЖЯ, хамгаалалтын захиргаа нь холбогдох байгууллагатай хамтран зохион байгуулж гүйцэтгэснийг эрх хэмжээгүй ... гэж үзэх үндэслэлгүй” гэжээ.

       18. Тэгвэл 21 тоот шон оршин байсаар байгаа үйл баримтыг шүүхээс яагаад дүгнэсэнгүй вэ, энэхүү 21 тоот шон нь УИХ-ын тогтоолд дурдсан 21 тоот шон биш болохыг тогтоосон ямар үйл баримт хэрэгт хавсаргагдсан байгаа юм бэ, хариуцагч БОАЖЯ-аас 21 тоот шонгийн оршин байгаа үйл баримтыг анхан шатны шүүх хуралдаан дээр хүлээн зөвшөөрч, шон хаана байгаа хэрэгт огт хамааралгүй гэж мэтгэлцэж байсан.

      19. Иймд, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 340 дүгээр магадлалыг хүчингүй болгуулж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

       20. Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Т.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анх иргэн М.Б нь дүүргийн Газрын албанд 2007 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр газар эзэмших тухай хүсэлтийг холбогдох баримтуудын хамт өгч улмаар хуульд заасан шаардлагыг хангасан тул дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Газар эзэмших эрх олгох, эрхийн гэрчилгээг шилжүүлэх, газар эзэмших зориулалт, талбайг өөрчлөх, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” 420 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Туулын гүүрний баруун талд 50.000 м.кв газар эзэмших эрх олгож шийдвэрлэсэн.

       21. Дүүргийн Засаг даргаас Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1, 22 дугаар зүйлийн 22.5.3, 38 дугаар зүйлийн 38.4, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь хэсгийг үндэслэн өөрийн эрх хэмжээний хүрээнд захирамж гаргасан.

       22. Гэтэл давж заалдах шатны шүүхээс “... БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 1988 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 78 дугаар зарлигаар Дархан цаазтай Богдхан уупын хилийн цэсийг баталсан байх бөгөөд маргаан бүхий газрын хэсгийг “...Яармагийн гүүрний зүүн урд үзүүр, Туул голын урд эргээр Баянзүрхийн авто замын гүүрний урд 2 тоот шон,...” гэж зааснаас үзэхэд 26 дугаар тогтоолоор хилийг шинэчлэн тогтоохдоо хилийн зааг, эргэх цэгийг заасан гол гүүр, төмөр замын байршил болон нийт хилийг тэмдэглэсэн 7 ширхэг шонгийн тоо өөрчлөгдөөгүй харин маргаан бүхий газар орчимд байрлах “2 тоот шон”-г “21 тоот шон” гэж өөрчлөгдсөнөөс үзвэл ганцхан цэгийг өөрчлөх боломжгүй тул хилийн зааг тэр үеэс өөрчлөгдөөгүй гэж үзэхээр байна” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд хууль бус юм.

     23. Тодруулбал, Улсыи Их Хурлын 1995 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн “Улсын тусгай хамгаалалттай газрын ангиллыг шинэчлэн тогтоох тухай” 26 дугаар тогтоолоор Богдхан уулын дархан цаазат газрын хилийн заагийг шинэчлэн тогтоосон бөгөөд тус тогтоолд “... Яармагийн гүүрний зүүн урд үзүүр, түүнээс зүүн тийш Туул голын урд эргээр Баянзүрхийн авто замыи гүүрний баруун урд 21 тоот шон...” гэж тусгажээ. Хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр 21 тоот шон гэх цэг нь Богдхан уулын дархан цаазат газрын хил заагт хамаарахгүй байна” гэж тогтоосон бөгөөд маргаан бүхий газар нь Богдхан уулын дархан цаазат газарт хамаарахгүй гэдэг нь нотлогддог.

      24. Гэтэл давж заалдах шатны шүүх шинжээчийн дүгнэлтийг үндэслэлгүй шүүх өөрөө дүгнэлт хийсэн, хүчингүй болсон БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 1988 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 78 дугаар зарлигийг үндэслэн Богдхан уулын дархан цаазат газрын хилийн зааг өөрчлөгдөөгүй гэж тус тус дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

      25. Өөрөөр хэлбэл маргаан бүхий газар нь Богдхан уулын дархан цаазат газарт хамаарахгүй улмаар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар зохицуулагдахгүй, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд тус газарт газар ашиглах эрх олгох эрх хэмжээгүй юм.

      26. Мөн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны А/433 дугаар тушаапаар “А...” ХХК-д 2.52 га газрыг ашиглуулахаар шийдвэрлэсэн нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 1-д заасан бүрэн эрхийнхээ хүрээнд гаргасан, хууль ёсны захиргааны акт гэж үзсэн нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэхээр байна.

      27. Иймд, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 340 дүгээр магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

      28. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, түүний өмгөөлөгч Д.Н нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 25 дугаар зүйлд Улсын Их Хурал тусгай хамгаалалттай газар нутгийн талаар хэрэгжүүлэх бүрэн эрхийг тодорхойлсон байдаг бөгөөд үүнд УИХ нь Засгийн газрын өргөн мэдүүлснээр газар нутгийг тусгай хамгаалалтад авах тухай шийдвэр гаргах, эдгээр газрыг улсын тусгай хамгаалалттай газар нутгийн тодорхой ангилалд хамааруулах, дархан цаазат болон байгалийн цогцолборт газрын хилийн заагийг батлах, өөрчлөх асуудал хамаарсан байдаг.

      29. Гуравдагч этгээдийн нэмэгдүүлсэн бие даасан шаардлагад БОАЖ-ын яам болон түүний харьяа Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа 2014 онд Богдхан уулын дархан цаазат хилийн заагийг тогтоосон тэмдэг, тэмдэглэгээг шинэчлэх үйл ажиллагаа явуулахдаа УИХ-ын 1995 оны 26-р тогтоолоор тогтоосон хилийн заагийн 18 цэгийг дур мэдэн нэмэгдүүлэн 77 цэг болгосон нь тогтоосон шинжтэй болсон төдийгүй, зарим цэгийн байршлыг илт өөрчилсөн байгаа иь УИХ-ын хуульд заасан бүрэн эрхэд халдсан, тухайн байгууллагад хуулиар олгогдоогүй эрх эдэлсэн, илт хууль бус ажиллагаа болсон гэж үзсэн.

      30. Гуравдагч этгээд ийнхүү үзэхдээ, УИХ тогтоол гарган Богдхан уулын дархан цаазат газрын хил заагийг тогтоохдоо 11 өндөрлөг, 7 шонг л нэр заасан. УИХ-ын тогтоолоор тогтоосон эдгээр геодезийн тэмдэгтүүдийг тогтоолд заасны дагуу газар дээр нь байршуулах, тэдгээрийн бүрэн бүтэн байдлыг хангах нь төрийн захиргааны байгууллагын үүрэг гэж үзсэн. Мөн Тогтоолыг газар дээр нь хэрэгжүүлэхдээ тоо хэмжээ, дугаарыг нь өөрчлөх эрхгүй гэж үзсэн юм. Гэтэл УИХ-ын Тогтоолыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллагууд уул тогтоолыг гарснаас хойш 20 жил өнгөрөөд байхад, дархан цаазат газрын хил заагийг тогтоосон тэмдэгтүүдийн бүрэн бүтэн байдлыг хангаж ажиллах чиг үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс зарим шон нь алга болсон, зарим шон дээрх бичээсүүд нь арилсан, бүдгэрсэн шинжтэй байгаа. Харин тэд 2014 оны сүүлээр шинэчилж байгаа нэрийдлээр “Богдхан уулын хилийн багана №75” гэх мэтээр дугаарласан бичээс бүхий 77 шон зоосныг нь бид Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж заасны дагуу тогтоосон актын шинжтэй болсон гэж үзсэн.

       31. Иймд анхан шатны шүүхээс бидний нэмэгдүүлсэн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 болон 30 дугаар зүйлүүдийн хүрээнд шийдвэрлэгдсэн, үндэслэл бүхий хэмээн үзэж байна.

      32. Давж заалдах шатны шүүх дүгнэлтэндээ: “... анхан шатны шүүх гуравдагч этгээдийн нэхэмжлэлийг няцаах болон бие даасан шаардлагын үндэслэлээ болгож буй УИХ-ын 26 дугаар тогтоол дурдсан “21 дүгээр шон” -гийн одоо байгаа байрлалаар маргааны үйл баримтыг буруу дүгнэж, “... 21-р шон нь уг тогтоолын байршил заасан тэмдэглэгээтэй нийцэж байна”, “Хөлийн голын гүүрийг тогтоолд дурдсан Баянзүрхийн автозамын гүүр гэх хариуцагчийн тайлбарыг үндэслэлтэй” гэж үзэн дээрх хилийн заагийг тэмдэгжүүлсэн үйл ажиллагаа болон нэхэмжлэгчид газар ашиглуулах шийдвэрийг илт хууль бус гэж дүгнэсэн нь хэргийн бусад нөхцөл байдалтай харьцуулан үзэхэд бодит байдалтай нийцээгүй, үндэслэл муутай болжээ...”, ... шонгийн дугаар, байрлалаас илүүтэй УИХ-ын тогтоолд үгээр илэрхийлсэн, байршил нь өөрчлөгдөөгүй газар усны нэр болон гүүр, төмөр зам зэргээр хилийн заагийг зөв тогтоож тэмдэгжүүлсэн эсэхэд дүгнэлт өгөх нь бодит байдлыг тогтооход ач холбогдолтой” гэсэн байна.

      33. Давж заалдах шатны шүүхийн энэхүү дүгнэлттэй санал нийлэхгүй байна. УИХ-ын тогтоолд үгээр илэрхийлсэн байршил нь өөрчлөгдөөгүй газар усны нэр болон гүүр, төмөр зам ч ач холбогдолтой, мөн УИХ-ын тогтоолд заагдсан байршил нь өөрчлөгдөөгүй шонгийн дугаар, байрлал ч мөн адил ач холбогдолтой юм.

     34. Анхан шатны шүүх тухайн хэргийг хянан шийдвэрлэх явцдаа маргаан бүхий газар нутаг, УИХ-ын 1995 оны 26 дугаар тогтоолд заасан “Баянзүрхийн автозамын гүүрийн баруун урд байрлах 21 дугаартай шон, Баянзүрхийн автозамын гүүр, Туул голын гүүр болон түүний баруун хажуу дор байгаа нэхэмжлэгчийн 21 дугаартай шон гэж нотолж байсан хугархай улаан шон, БОАЖЯ болон дархан цаазат газрын шинээр байрлуулсан 75 дугаартай шонгийн байршил зэрэгт үзлэг хийж, нүдээрээ харсны үндсэн дээр уул маргааныг шийдвэрлэсэн болно.

      35. УИХ-ын тогтоолд заасан байршилд байж байгаа 21 дугаартай шон ихэд хуучирч, дээр нь хадсан пайзан дээрх үг, үсэг нь нэлээд баларсан байдалтай байгаа ч, уншигдаж байсныг анхан шатанд хэргийг хянан шийдвэрлэж байсан шүүгч Л.Өлзийжаргал тухайн газарт үзлэг хийхдээ тогтоож, баримтжуулсан баримт хэргийн 2-р хавтасны 21 дугаартай хуудсанд байгаа. Дараагийн шүүгч А.Насандэлгэр ч мөн үзлэг хийж баримтжуулсан.

      36. Харин давж заалдах шатны шүүх “... хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр 21 тоот шонгийн одоо байгаа байршлыг тогтоолгож, байршлыг тодруулсны дагуу ирүүлсэн Газрын харилцаа, геодези зураг зүйн газар /ГЗБГЗЗГ/-ын 2020 оны 2/132 дугаар албан бичигт “... 21 тоот шон гэх цэг нь Богдхан уулын дархан цаазат газрын хил заагт хамаарахгүй байна” гэжээ, гээд энэхүү баримтыг гаргасан шийдвэрийнхээ нэг үндэслэл болгосон харагдаж байна.

      37. Гэвч энэхүү дүгнэлтийг бид үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь, Туулын гүүрний хажууд бус түүнээс зүүн урагш төмөр замын хамгаалалтын хашаанд байгаа “Богдхан уулын хилийн багана №21” гэсэн бичээс бүхий шонгийн газар зүйн солбицлыг тогтоолгох хүсэлтийг бид шүүхэд гаргаж, тэр дагуу шүүгч шинжээч томилсон бөгөөд шинжээчдийн үүрэг энэ шонгийн солбицлыг л тогтоох байсан, тогтоосон. Харин тэрхүү ГЗБГЗЗГ-ын 2020 оны 2/132 дугаар албан бичигт “... 21 тоот шон гэх цэг нь Богдхан уулын дархан цаазат газрын хил заагт хамаарахгүй байна” гэсэн нь тухайн байгууллага УИХ-ын тогтоолд заасан 21 дугаартай шонг түүний бодитоороо байгаа өмнө дурдсан байршилд бус Туул голын баруун урд дор гүүрний баруун урд үзүүрээс 53 м-т байгаа хугархай улаан шонгийн байршлаар авч үзсэнтэй холбоотой юм. Иймд давж заалдах шатны шүүхийн өмнөх дүгнэлтийг бодит байдалд нийцээгүй гэж бид үзэж байгаа юм.

     38. Хэрэв төмөр замын хамгаалалтын хашаанд байгаа 21 дугаартай хуучирсан шон ДЦГ-т хамааралгүй юм бол яагаад тэр шон тэнд УИХ-ын тогтоолд заасан байршилд байгаа, яагаад уул шон дээр “Богдхан уулын ДЦГ-ын хилийн багана №21” гэсэн бичээс байгаа, яагаад УИХ-ын тогтоолыг эс хэрэгсэж байгаагаа нэхэмжлэгч “А...” ХХК, хариуцагч БОАЖ-ын Богдхан уулын ДЦГ-ын захиргаа болон ГЗБГЗЗГ тайлбарлах ёстой.

       39. Гэхдээ ГЗБГЗЗГ ч өөрөө Богдхан уулын ДЦГ-ын хилийн асуудлаар төөрөлдсөн байдалтай байдгийг дараах баримтуудаас харж болно. Тухайлбал: тус газар 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийи 1/896 дугаартай албан бичигтээ “... Богдхан уулын дархан цаазат газрын хилийн заагийг УИХ-ын 1995 оны 26 дугаар тогтоолоор тогтоосон боловч энэ хилийн зааг тогтоосон шонгуудын байрлалыг байгууллагууд өөр өөрөөр зурагт тэмдэглэсэн байгаа бөгөөд аль нь зөвийг тогтоох нотлох баримт байхгүй байна. Иймд БОАЖНХ-ын яамтай хамтарсан ажлын хэсэг байгуулж, хилийн заагийг тодруулсны дараа дүгнэлт гаргаж өгөх боломжтой болно” гэсэн байдаг. Мөн 2018.08.14-нд 2/1458 дугаартай албан бичгээр НМХГ- ын дэд дарга С.Д-д, 2018.10.30-нд 2/2071 дугаартай албан бичгээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Өлзийжаргалд тус тус тухайн асуудлаар хариу албан бичиг илгээхдээ,

     40.  ... УИХ-ын 1996.05.04-ний өдрийн 26 дугаар тогтоолын 1-р хавсралтад хилийн заагийг газар усны нэрээр, мөн газрын байршил тодорхойлсон тоот шонгууд, өндрийн тоот зэргээр тогтоодог бөгөөд хилийн заагийн байршил тогтоосон солбицол байхгүй. Зурагт өөр өөрөөр тэмдэглэсэн байдаг. Иймд дээрх талбарыг дараах хил заагтай давхцуулан хавсралтаар хүргүүлэв. БОАЖЯ-ны одоо ашиглаж буй гэх Богдхан уулын ДЦГ-ын хил, Нийслэлийн газрын албаны ашиглаж байгаа ДЦГ-ын хил, БОНХАЖ-ын сайдын 2015 оны А-135 тоот тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн баримталсан ДЦГ-ын хил гэжээ. /Хэргийн 1-р хавтас, 119,193,195,197,199-р хуудсууд/

      41. “А...” ХХК болон иргэн М.Б-ны маргаж буй газар нь Туулын гүүрний баруун урд дор байгаа.

      42. Тусгай хамгаалалт бүхий ДЦГ-ын хилийн заагийн 21 дугаартай шон Туулын гүүрний баруун урд үзүүр дор байгаа гэж нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаа болон давж заалдах шатны шүүхийн дүгнэснээр үзвэл, тухайн маргаан бүхий газрууд хоорондоо болон ДЦГ-тай давхцалтай гарах нь тодорхой юм.

      43. Харин хилийн зааг заасан 21 дугаартай шон Туулын гүүрний баруун урд дор бус түүнээс 1 км гаруй зүүн урд чиглэлд, төмөр замын хамгаалалтын хашаан дотор төмөр замынхаа урд байгаа нөхцөлд тухайн маргаантай газрууд ДЦГ-тай ямар ч давхцалгүй байгаа гэсэн үг.

      44. ГЗБГЗЗГ-ын албан бичигт дурдсан БОАЖЯ-ны одоо ашиглаж байгаа хил гэдэг нь Богдхан уулын ДЦГ-ын захиргаанаас “АААЗ” компаниар суулгуулсан 76 шонгийн байршлаар тогтоогдсон хил бөгөөд энэ хил нь маргаантай хэсэг рүү буюу Туул голын гүүр лүү өнцөг гарган тэлж очсон байдаг. Өөрөөр хэлбэл, БОАЖЯ болон ДЦГ-ын захиргаа ДЦГ-ын хилийн багануудыг шинэчлэхдээ яг тухайн маргаантай газрын хэсэгт УИХ-ын тогтоолоор тогтоосон хилийн заагийг өөрчилсөн болох нь ГЗБГЗЗГ-ын 2018 оны 2/1458 болон 2/2071 дугаартай албан бичгүүдийн хавсралт зурагт өнгө ялган харуулсан 3 өөр хилийн зурагнаас тодорхой харагддаг. /хэргийн 1-р хавтас, 195-р хуудас/

      45. “БОНХАЖЯ-ны А/135 дугаар тушаалаар байгуулагдсан Ажлын хэсгийн баримталсан ДЦГ-ын хил” болон Нийслэлийн газрын албаны баримталдаг ДЦГ-ын хил 2015 оноос өмнө тухайн маргаантай газрын урдуур яг нэг шугамаар давхцан явж байсан бөгөөд маргаан бүхий газар нь энэхүү давхцсан хилийн гадна буюу Богдхан уулын ДЦГ-т хамааралгүй, түүнээс хойгуур байрлалтай байгаа.

      46. Тэгэхээр маргаантай хэсэгт ДЦГ-ын хилийн зааг хаана байгаа, 21 тоот шонгийн хоёр болоод байгаа байрлалын аль нь зөв болохыг тогтоосноор энэхүү маргааныг зөв шийдвэрлэх боломжтой юм.

       47. Нэхэмжлэгч нэхэмжлэлээ ганц л нотлох баримтаар нотолдог. Тэр нь яг энэхүү маргаантай газартай зэрэгцээ орших газрын асуудлаар нийслэлийн Засаг даргаас “Ө...” ХХК-д, БОАЖ-ын сайдаас “Б...” ХХК-д олгосон газрын асуудлаар гарсан яг адил төрлийн маргааныг шийдвэрлэсэн 3 шатны шүүхийн шийдвэр. Гурван шатны шүүх эдгээр компаниудын маргаантай газрыг БОАЖ-ын сайдын эрх хэмжээнд хамаарах Богдхан уулын дархан цаазат газар хэмээн шийдвэрлэсэн бөгөөд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт нотлогдсон үйл баримтыг дахин нотлох шаардлагагүй гэж нэхэмжлэгч шүүхэд нотолдог юм.

      48. Харин бидний хувьд түхайн хэрэг дээр гарсан шинжээчийн ойлгомжгүй дүгнэлт гурван шатны шүүхийг төөрөгдөлд оруулж, үндэслэл муутай шийдвэр гаргахад хүргэсэн нь одоо бидний маргаж буй хэргийг хянан шийдвэрлэх явцад тодорхой болсон гэж үздэг.

      49. “Ө...” ХХК-ийн нэхэмжлэлтэй, БОАЖ-ын сайдад холбогдох хэргийн талаар гарсан, нэхэмжлэгч талаас нотлох баримт болгон ирүүлсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ШШ2017/0890 дүгээр шийдвэрт “...газар дээр нь хэмжилт хийсэн шинжээчдийн таамаглаж буй 21 тоот шон /хугарсан, улаан өнгөтэй/ нь УИХ-ын 1995 оны 26 дугаар тогтоолд заасан 21 тоот шон мөн болох нь уг дүгнэлтэнд “75-р шонгийн зүүн урд зүгт Туул голын гүүрний баруун урд үзүүрээс баруун урд зүгт 53 м-ийн зайд” гэж тэмдэглэгдсэн, гэрч Тогтохын “анх 2001 онд ажил хүлээж авахад Баянзүрхийн гүүрний баруун доод талд Туул голоос 50 м, гүүрээс 100 орчим метр зайд 21 тоот шон байсан” гэж тайлбарлаж байгаагаар тогтоогдсон гэсэн дүгнэлт хийсэн.

      50. Гэтэл БОАЖ-ын сайдын шийдвэрээр 2015 оны 12 дугаар сард Туулын гүүрний орчимд газар ашиглах эрх авсан “А...” ХХК-ийн нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг даргад холбогдох энэхүү хэргийг хянан шийдвэрлэх явцад шүүхийн өмнө дурдсан 2017 оны шийдвэрт Туулын гүүрний баруун урдаас 53 метрт, баруун урд нь байгаа хугархай улаан шон нь ДЦГ-ын хилийн заагийг тогтоосон 21 тоот шон биш болох нь хөдөлбөргүй нотлогдсон болно. Энэхүү “хугархай” гээд байгаа улаан шон нь “Жемнет” гэдэг компаний шилэн кабелийн тэмдэгт гэдгийг тус компани шүүхэд нотолсон бөгөөд уул шон нь хугархай ч биш зүгээр л 50 орчим см-ийн өндөртэй, намхан шон бөгөөд ийм улаан өнгийн шонгоор олон улсад шилэн кабелийн газар доогуур явдаг шугамыг тэмдэглэдэг байна.

      51. Мөн шүүхийн 2017 оны өмнө дурдсан шийдвэрт УИХ-ын тогтоолд заасан 3 тоот шонгийн талаар “одоо “75 тоот шон” гэж хаягжуулсан байгаа шон /1.5 м орчим өндөртэй, цэнхэр пайзтай, бетонон шон/ нь УИХ-ын 1995 оны 26 дугаар тогтоолд заасан 3 тоот шон мөн болох нь уг тогтоолд “Хүрэлтогоотын амны доод талын төмөр замын гүүрний баруун талын 3 тоот шон” гэж гэрч байршлыг заасан болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “2015 онд тэмдэгжүүлэлт хийхдээ 75 гэж буруу хаягжуулсан” гэсэн тайлбараар тогтоогдсон гэсэн байдаг. Гэтэл шинжээчдийн болон шүүхийн тэрхүү 3 тоот шонд тооцсон 75 дугаартай шон нь Туулын гүүрнийхээ баруун талд байгаа болохоос бус төмөр замын ямар ч гүүртэй холбоогүй байгааг хавтаст хэрэгт авагдсан 75 дугаартай шонгийн зурагнаас харагдана. Харин нэхэмжлэгч одоогийн 75 дугаартай шонгоос 1 км орчим зүүн урд байгаа төмөр замын тэмдэглэгээг 3 тоот шон гэж үздэгийг хавтаст хэргийн 2 хавтасны эхэнд байгаа үзлэгийн тэмдэглэлд хавсаргасан фото зургаас харж болно. Өөрөөр хэлбэл, шүүхийн 2011 оны шийдвэрийг нотлох баримтаа болгосон нэхэмжлэгч 3 тоот шонгийн байрлалын талаар энэхүү шүүхийн шийдвэрээс зөрөөтэй санал, дүгнэлттэй байгаа бөгөөд тэрээр давж заалдсан гомдолдоо Туулын гүүрнээс уул шон руу чиглэсэн шулуун шугам татаж, түүгээр ДЦГ-ын хилийн зааг явах мэтээр маргасан байдаг. Давж заалдах шатны шүүх ч үүнийг иь үндэслэлтэй гэж үзсэн.

      52. УИХ-ын тогтоолд Богд уулын ар хэсгээр явах ДЦГ-ын хилийн заагийг заахдаа “Яармагийн гүүрний зүүн урд үзүүр, түүнээс зүүн тийш Туул голын урд эргээр Баянзүрхийн автозамын гүүрний баруун урд 21 тоот шон ...” гэж хэлсэн байдаг болохоос бус хилийн зааг Туулын гүүрнээс салж, 21 тоот шон руу очих тухай заалт УИХ-ын тогтоолд ерөөс байхгүй.

      53. Харин давж заалдах шатны шүүх магадлалдаа “... Яармагийн гүүрээс шууд Туул голын эргээс салах цэгийг заахгүйгээр голоос зайдуу гүүрээр хилийн заагийг заах үндэслэлгүй байна” гэснийг шүүх УИХ-ын тогтоолыг хянаад буруутгаад байна уу гэж ойлгоход хүргэж байна. Гэтэл УИХ голоос зайдуу гүүрээр хилийн заагийг заасан бус, харин Туул голоос холгүй байгаа үл хөдлөх цэг болох Баянзүрхийн товчооны зүүн талд байгаа Баянзүрхийн автозамын гүүрээс чиг авч түүнээс баруун урд орших төмөр замын хамгаалалтын хашаанд байгаа 21 тоот шонгоор хилийн заагийг тогтоосон. Мөн ДЦГ-ын хил яг энэ 21 тоот шонгоос эхлээд зүүн тийш Хонхорын станц хүртэл төмөр замаа дагаж урдуур нь явж байгаа болно. Энэ талаар бас нэгэн нотлох баримтыг дурдахад илүүдэхгүй. Энэ нь 2013 онд Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Дүгэрсүрэн “Бөртэ” ТӨҮГ-ын ерөнхий захирал Б.Коля гэдэг хүний хүсэлтэд өгсөн 5/5850 дугаартай албан бичигтээ “дурдсан газрын солбицол нь төмөр замын шугамын хойд талд байрлалтай тул Богдхан уулын дархан цаазат газрын улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт орохгүй болохыг мэдэгдэж байна” гэжээ. Үүнээс үзэхэд, тухайн газарт дархан цаазат газрын хилийн зааг төмөр замаас хойш байдаггүй гэж үзэж болохоор байгаа юм.

       54. УИХ-ын тогтоолд 21 тоот шонтой холбоотой гүүрний тухай ганц л заалт байгаа бөгөөд тэр нь “Баянзүрхийн автозамын гүүр” гэсэн нэртэй. “Баянзүрхийн автозамын гүүрээс баруун урд байгаа 21 тоот шон” гэж бий. Хэрэв Туулын гүүрийг “Баянзүрхийн автозамын гүүр” гэж үзэх юм бол 21 тоот шон уул гүүрний баруун урд биш зүүн урд нь гарах тул УИХ тогтоолдоо Туулын гүүрний тухай хэлээгүй гэсэн үг. Тэгэхээр УИХ 21 дугаартай шонгийн байрлалыг заахдаа Туулын гүүрийг бус түүнээс зүүн тийш, хуучин Баянзүрхийн товчооноос зүүн тийш 100-200 орчим метрт байгаа Туул голд цутгадаг Хөлийн гол нэртэй жижиг голын гүүрийг “Баянзүрхийн автозамын гүүр” -ийг хэлсэн нь илт байдаг. Чухамдаа энэ л гүүрнээс баруун урд зүгт 21 дугаартай шон биетээрээ УИХ-ын тогтоолд заасан байршилдаа байсаар байхад элдэв гэрч татах зэргээр дахин нэгэн 21 дугаартай шон бий болгох гэсэн оролдлогыг бид огт ойлгохгүй байгаа юм.

      55. Анхан шатны шүүх тухайн хэргийг хянан шийдвэрлэх явцдаа өмнө дурдсанчлан хоёр ч удаа газар дээр нь хэргийн оролцогчдын хамт үзлэг хийж, 21 дугаартай шон биетээрээ оршсоор байгааг нүдээрээ харсны үндсэн дээр хэргийг шийдвэрлэсэн. Мянга сонссоноос нэг удаа харах нь үнэнд илүү ойр гэдэг.

      56. Дархан цаазат газрын хилийн зааг Яармагийн гүүрнээс зүүн тийш Туул голын урдуур явж байгаад Хүрхрээгийн амны доод талд Төмөр замынхаа яг урд хамгаалалтын хашаан дотор байгаа 21 дугаартай шон руу бараг л шулуун шугамаар чиглэн очихоор харагдаж байгаа болно.

      57. ДЦГ-ын хилийн заагийг УИХ-ын тогтоолд заасан байршлаар, бодитойгоор оршин байгаа 21 дугаартай шонгоор зааглан үзэхэд, иргэн М.Бд нийслэлийн Засаг даргын олгосон газар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль болон Газрын тухай хуулийг зөрчөөгүй, нийслэлийн Засаг даргын бүрэн эрхэд хамаарах нийслэлийн газарт хамаарч байгаа тул тухайн газарт газар ашиглах эрх олгосон БОНХАЖ-ын сайдын 2015 оны А/433 дугаартай тушаалыг хүчингүй болгосон, мөн яам болон Богдхан уулын ДЦГ-ын хамгаалалтын захиргааны ДЦГ-ын хилийн заагийг өөрчилсөн үйл ажиллагааг илт хууль бус болохыг тогтоосон Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 178 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 340 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.

       58. Жич: нэхэмжлэгчийн маргаж буй Туулын гүүрний баруун урд дор байгаа тухайн газрыг гуравдагч этгээд болох иргэн М.Б Баянзүрх дүүрэг болон нийслэлийн Засаг даргын захирамжаар 2007 оноос эхлэн хууль ёсоор эзэмшиж, 13 жилийн туршид газрын төлбөрийг нь жил бүр зохих журмын дагуу төлсөөр ирсэн болно. Мөн өнгөрсөн хугацаанд хогийн цэг байсан уул газрын хогийг бүрэн цэвэрлэж, газрыг нь тэгшлэх, хамгаалалтын хашаа барих зэргээр ихээхэн хөрөнгө оруулалт хийсэн байдаг юм. Гэвч тухайн байршилд айлууд ирж буух, улсын чанартай зам тавих, БОАЖ-ын сайд давхцуулан газар олгох зэрэг үйл ажиллагаанууд байнга гарч байснаар тэрээр тухайн газрыг зориулалтаар нь бараг ашиглаж чадахгүй байсаар өдийг хүрсэн. Мөн эзэмшлийн газрын дундуур улсын чанартай зам шинээр тавигдсанаас хасагдсан газрынхаа нөхөн төлбөрийг ч тэр нэхэмжилж байгаагүй болно” гэжээ.

ХЯНАВАЛ:

59. Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

            60. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 420 дугаар захирамжаар тус дүүргийн 11 дүгээр хороо, Туул голын гүүрний баруун талд 50.000 м.кв газрыг “наран шарлагын газрын зориулалтаар” иргэн М.Б-д эзэмшүүлсэн, нийслэлийн Засаг даргын 2008 оны 442 дугаар захирамжаар уг газар эзэмших эрхийг баталгаажуулж, мөн даргын 2015 оны А-902 дугаар захирамжаар эзэмшил газрын зориулалтыг “цэцэрлэгт хүрээлэн” болгон, хэмжээг нь 30950 м.кв, 13690 м.кв болгон 2 хувааж, тус тус өөрчилсөн, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд (тухайн үеийн нэрээр)-ын 2015 оны А/433 дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын Хүрэлтогоот аманд “аялал жуулчлалын зориулалтаар” 2.52 га газрыг “А...” ХХК-нд ашиглуулахаар шийдвэрлэсэн, иргэн М.Б болон “А...” ХХК-ийн дээрх эзэмших, ашиглах эрх авсан газрууд байршлийн хувьд хоорондоо давхцсан, талууд эдгээр үйл баримтуудтай маргаагүй байна.

61. Монгол Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаар тогтоолоор Богдхан уулын дархан цаазат газрын хилийн цэсийг тогтоосон, ингэхдээ “... Яармаг, Нисэхийн чиглэлээс Нүхтийн ам руу засмал замыг гатлан засмал замын урд захаар Яармагийн гүүрийн зүүн урд үзүүр, түүнээс зүүн тийш Туул голын урд эргээр Баянзүрхийн автозамын Гүүрийн баруун урд 21 тоот шон, түүнээс зүүн урагш орших Хүрэлтогоотын амны доод талын төмөр замын гүүрийн баруун талын 3 тоот шон ...” гэх цэгүүдээр тогтоосон,  нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарт давхцуулан олгосон газар нь Богдхан уулын дархан цаазат газарт хамаарах эсэх талаар буюу “... Туул голын урд эргээр Баянзүрхийн автозамын Гүүрийн баруун урд 21 тоот шон, түүнээс зүүн урагш орших Хүрэлтогоотын амны доод талын төмөр замын гүүрийн баруун талын 3 тоот шон ...” гэж тэмдэглэсэн хил хязгаарт багтаж байгаа эсэх, уг тогтоолд заасан 21 тоот шон нь одоо хаана байгаа, “21 тоот шон” гэж тэмдэглэсэн шон нь 1995 онд УИХ-ын 26 дугаар тогтоол батлагдах үед байсан шон мөн эсэх, уг газарт нийслэлийн Засаг дарга эсхүл Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын “хэн нь” газар олгох эрхтэй талаар талууд маргажээ.

62. Маргааны эдгээр үйл баримтуудад холбогдуулж, “Ө...” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох, “Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны А-318 дугаар тушаалын “Б...” ХХК-д, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны А/433 тушаалын “Д...” ХХК-д, мөн сайдын 2016 оны А/220 дугаар тушаалын “Э...” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 128/ШШ2017/0890 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 221/МА2018/0163 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 214 дүгээр тогтоолд тус тус дүгнэж шийдвэрлэсэн, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг шүүх дахин тогтоох, үнэлэх, хэлэлцэн өөрчлөх боломжгүй, анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна.

63. Тодруулбал, хүчин төгөлдөр дээрх шүүхийн шийдвэрүүдээр “...Улсын Их Хурлын 1995 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 26 дугаар тогтоолын дагуу “Богдхан уулын дархан цаазат газрын хилийн зааг”-ийг “...Яармагийн гүүрний зүүн урд үзүүр, түүнээс зүүн тийш Туул голын урд эргээр Баянзүрх авто замын гүүрний баруун урд 21 тоот шон, түүнээс зүүн урагш орших Хүрэлтогоотын амны доод талын төмөр замын гүүрний баруун талын 3 тоот шон... ” гэж тогтоосон..., .../харин/ газар дээр 21 болон 3 тоот шон гэж хаягжуулсан /одоо байгаа/ шонгууд нь Баянзүрхийн гүүрнээс зүүн урд зүгт байрлаж байгаа ... нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон”, “... газар дээр нь хэмжилт хийсэн шинжээчдийн таамаглаж буй 21 тоот шон  /хугарсан улаан өнгөтэй/ нь Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаар тогтоолд заасан 21 тоот шон мөн болох нь  /Баянзүрх авто замын гүүрний баруун урд/ үзүүрээс баруун урд зүгт 53 м-ийн зайд байгаа/ ... аар тогтоогдсон” гэх үндэслэлээр “... маргаан бүхий газар нь “Богдхан уулын дархан цаазат газрын хилийн зааг” дотор байрлаж байна, ... /иймд/ хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайд ... /өөрийн/ эрх хэмжээний хүрээнд ... /гуравдагч этгээд нарт/ газар эзэмшүүлсэн”, “...“...  Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаар тогтоолд тусгагдсанаар Баянзүрхийн авто замын гүүрийн баруун урд 21 тоот шон байрлах ёстой ба тухайн газарт хаягжуулсан 75 тоот, шинжээч нарын таамаглаж буй 21 тоот /хугарсан хуучин шонгийн ул мөр/ шонгийн аль нэг нь байршлаараа дээрх тогтоолд заасан 21 тоот шон байх ёстой бөгөөд аль нь ч 21 тоот шон байсан нэхэмжлэгчийн маргаж буй газар Богдхан уулын дархан цаазат газарт хамаарна...”, “... уг газарт Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд ... газар ашиглуулахаар шийдвэрлэсэн нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д ... заасан бүрэн эрхийн хүрээнд гаргасан, хууль ёсны захиргааны акт байна” гэж тус тус дүгнэсэн, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг анхан шатны шүүх өөрөөр тогтоож, дахин нотлохоор шинжээч томилсон, дүгнэлт хийсэн зэрэг нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн  34.4-т “хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон ... үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасныг зөрчсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил болно.

64. Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг өөрөөр дүгнэх нөхцөл байдал нь уг шүүхийн шийдвэрүүд хүчингүй болсон тохиолдолд үүснэ, тухайн тохиолдолд, маргаан бүхий газар нь “Богдхан уулын дархан цаазат газрын хил хязгаарт хамаарах” нутаг дэвсгэр болохыг тогтоосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байгаа тул уг газрыг “Богдхан уулын дархан цаазат газрын хил хязгаарт хамаарахгүй” гэж дүгнэх боломж аль ч шатны шүүхэд хуулиар олгогдоогүй гэж үзнэ, маргааны энэ үйл баримтын талаарх гуравдагч этгээдийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын “...хилийн зааг заасан 21 дугаартай шон Туулын гүүрний баруун урд дор бус түүнээс 1 км гаруй зүүн урд чиглэлд, төмөр замын хамгаалалтын хашаан дотор төмөр замынхаа урд байгаа нөхцөлд тухайн маргаантай газрууд ДЦГ-тай ямар ч давхцалгүй байгаа гэсэн үг, ... маргаантай хэсэгт ДЦГ-ын хилийн зааг хаана байгаа, 21 тоот шонгийн хоёр болоод байгаа байрлалын аль нь зөв болохыг тогтоосноор энэхүү маргааныг зөв шийдвэрлэх боломжтой, ...  шинжээчийн ойлгомжгүй дүгнэлт гурван шатны шүүхийг төөрөгдөлд оруулж, үндэслэл муутай шийдвэр гаргахад хүргэсэн, ... иргэн М.Б-д нийслэлийн Засаг даргын олгосон газар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль болон Газрын тухай хуулийг зөрчөөгүй, нийслэлийн Засаг даргын бүрэн эрхэд хамаарах нийслэлийн газарт хамаарч байгаа” гэх зэрэг  гомдлыг хүлээж авах боломжгүй.

65. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 2-т “/Улсын Их Хурал нь/ Засгийн газрын өргөн мэдүүлснээр газар нутгийг тусгай хамгаалалтад авах тухай шийдвэр гаргах, эдгээр газрыг улсын тусгай хамгаалалттай газар нутгийн тодорхой ангилалд хамааруулах, дархан цаазат болон байгалийн цогцолборт газрын хилийн заагийг батлах, өөрчлөх”-өөр заасан, Богдхан уулын Дархан цаазат газрын хилийн цэсийг Улсын Их Хурал хаагуур тогтоосныг хариуцагч нар “ойлгохгүй”, эсхүл хэрэв маргаантай гэж үзвэл Засгийн газрын түвшинд  хилийн цэсийн цэг тэмдэглэгээг ойлгомжтой байлаар нэгмөр болгох, эсхүл Улсын Их Хуралд өргөн мэдүүлж өөрчлүүлэх бүрэн боломжтой байхад  энэ асуудлаар хариуцагч нар шүүхэд маргаж байгааг хүлээж авах боломжгүй,   хариуцагч Засаг дарга нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчдын “... БОАЖЯ нь 2015 онд Богдхан уулын ДЦГ-ын хилийн заагийн шонгуудыг шинэчлэх, солбицлыг тогтоох ажлыг хийхдээ УИХ-ын бүрэн эрхэд халдаж УИХ-аар тогтоосон 12 өндөрлөг, 7 шон нийт 19 тэмдэглэгээг 75 ширхэг шон болгон Богдхан уулын ДЦГ-ын хил заагийг зарим газраар тэлж өөрчилсөн”, “...төрийн байгууллагууд ДЦГ-ын 3 өөр хилийн цэс ашиглаж байгаа”, “...БОАЖЯ нь геодезийн байнгын цэг, тэмдэглэгээг үл хэрэгсэн төмөр зам давуулан Туул голын эрэг хүртэл хязгаарлалтын бүсийг тэлэн тогтоосон хилийн цэсийг ашиглаж байгаа ... /нь хууль бус/” гэх хяналтын журмаар гаргасан гомдлыг хүлээж авахгүй.

66. Түүнчлэн, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлд зааснаар захиргааны хэргийн шүүх нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг хянан шийдвэрлэнэ, тухайн маргааны хувьд Засаг дарга болон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын гаргасан захиргааны актуудын хууль зүйн үндэслэлийг хянаж байгаа, хариуцагч захиргааны байгууллагууд “захиргааны эрх мэдлийн хүрээнд” шийдвэрлэх боломжтой асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлэхгүй, тодорхой нэг нутаг дэвсгэрт газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлаар шийдвэр гаргах эрхээ шүүхээр тодорхойлуулахаар маргах үндэслэлгүй, гуравдагч этгээд М.Б илт хууль бус захиргааны актын улмаас өөрт учирсан хохирол төлбөрийн асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлүүлэхэд түүний бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн энэ шүүхийн шийдвэрүүд саад болохгүйг дурдах нь зүйтэй.

67. Эдгээр үндэслэлээр, хариуцагч нийслэлийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Засаг дарга, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан “... /давж заалдах шатны шүүх/” Богдхан уулын Дархан цаазат газрын хилийн цэсийг буруу тодорхойлсон” гэх агуулгаар гаргасан хяналтын гомдлыг хангах боломжгүй, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 340 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т, Баянзүрх дүүргийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Т.Б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, түүний өмгөөлөгч Д.Н нарын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан гуравдагч

 

 

этгээд М.Б-аас тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар  хариуцагч нар тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ч.ТУНГАЛАГ

             ШҮҮГЧ                                                                    Д.МӨНХТУЯА