Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 128/ШШ2020/0178

 

    Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Насандэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “4” танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

       Нэхэмжлэгч: “А” ХХК.  

      Хариуцагч: НЗД.

     Хариуцагч: БЗДЗД.

      Хариуцагч: БОАЖС.

      Хариуцагч: БУДЦГХЗ.

       Гуравдагч этгээд: М.Б.

    Нэхэмжлэлийн шаардлага: “БЗДЗД-ын 2007 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 420 дугаар захирамжийн М.Б-д холбогдох, НЗД-ын 2008 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 442, 2015 оны А/454, А/902 дугаар захирамжийн М.Б-д холбогдох хэсгийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага, гуравдагч этгээд М.Б Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/433 дугаар тушаалын хавсралтын 21-д байх “А” ХХК-д холбогдох заалтыг,Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон түүний харьяа БУДЦГХЗ 2014 онд Богдхан уулын дархан цаазат газрын хилийн заагийг тогтоосон тэмдэг, тэмдэглэгээг шинэчлэн тогтоох үйл ажиллагаа явуулсан нь илт хууль бус болохыг тогтоолгох  бие даасан шаардлага”-ыг тус тус хянан хэлэлцэв.

      Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ё, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, хариуцагч НЗД-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т, БОАЖС-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж, БУДЦГХЗ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О, БЗДЗД-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Х, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б түүний өмгөөлөгч Н нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Нэхэмжлэгч “А” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэлдээ: "А” ХХК нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/433 дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн Х*******ын ам нэртэй газарт 2.52 га талбайг аялал жуулчлалын зорилгоор 5 жилийн хугацаатайгаар ашиглах эрхтэй болсон ба 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр гэрчилгээгээ авч, үүнээс хойш газраа хуулийн дагуу ашиглаж ирсэн болно.

     Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 зааснаар БОАЖС нь "... дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс"-д "аж ахуйн нэгж,байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг ... гаргах” эрх хэмжээтэй байх бөгөөд маргаан бүхий газар нь Монгол Улсын Их Хурлын 1995 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 26 дугаартай Улсын тусгай хамгаалалттай газрын ангиллыг шинэчлэн тогтоох тухай тогтоолоор тогтоосон "Богдхан” уулын дархан цаазат газрын хилийн зааг"-т “...Яармагийн гүүрний зүүн урд үзүүр, түүнээс зүүн тийш Туул голын урд эргээр Баянзүрх авто замын гүүрний баруун урд 21 тоот шон, түүнээс зүүн урагш орших Х*******ын амны доод талын төмөр замын гүүрний баруун талын 3 тоот шон..." гэж тодорхой зааж өгсөн бөгөөд "А” ХХК-ийн  энэхүү газар нь үүнд багтаж байгаа болох нь зургаас тодорхой харагдана.

      Гэтэл НЗД-аас өөрийн эрх хэмжээнд хамаарахгүй асуудлаар буюу газар эзэмших эрх олгох эрхгүй газраа эзэмшүүлсэн шийдвэр гаргасан нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3-д заасан илт хууль бус захиргааны акт байна.

       Мөн "Ө" ХХК-ийн уг асуудлаар гаргасан нэхэмжлэлийг хянан шийдвэрлэсэн гурван шатны шүүхийн шийдвэрээр маргаан бүхий газар нь Байгаль орчны асуудал хариуцсан сайдын эрх хэмжээнд хамаарч байгаа болохыг тогтоож өгсөн нь хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

      Уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд манай компани гуравдагч этгээдээр татагдан орсон бөгөөд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсны дараа 2018 оны 04 дүгээр сард "манай ашиглах эрхтэй газарт ямар иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлсэн, улмаар тухайн газар нь НЗД-ын эрх хэмжээнд хамаарахгүй тул газар эзэмших эрхийг Газрын тухай хуулийн дагуу өөрөө хүчингүй болгож өгнө үү” хэмээн НЗД-д өргөдөл гаргасан боловч 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 03-06/2536 дугаартай албан бичгээр “...хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй” гэсэн хариу ирүүлсэн ба хэзээний огноо, дугаартай захирамжаар ямар этгээдэд эрх олгосон нь тодорхойгүй байгаа тул шүүхэд хандаж байгаа болно.

     Иймд “А” ХХК-ийн ашиглаж буй газарт эзэмших эрх олгосон НЗД-ынзахирамжийг илт хууль бус болохыг тогтоолгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

        Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч “А” ХХК нь 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/433 гэсэн Байгаль орчин, аялал  жуулчлалын сайдын тушаалаар Богд-Хан уулын тусгай хамгаалалттай газар 2,5 га газрыг аялал жуучлалын зориулалтаар 5 жилийн хугацаатай ашиглах эрхтэй болсон. Үүний дагуу 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр гэрчилгээг гардаж авсан ба газраа хашаалсан. Гэтэл тухайн газар дээр гуравдагч этгээдийн зүгээс тухайн газартай давхцуулан хашаагаа барьсан үүнээс болоод маргаан үүссэн. Асуудлыг судалж үзэхээр гуравдагч этгээд нь НЗДас газар эзэмших эрхээ авсан. Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэгт Дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүсэд Байгаль орчин, аялал жуучлалын сайд газар ашиглах эрх олгох эрх хэмжээг зааж өгсөн. Тухайн газар нь Монгол Улсын Их хурлын 1995 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 26 дугаар тогтоолоор Богд-Хан уулын дархан цаазат газрын хилийн заагийг тогтоож өгсөн байдаг. Үүнд Яармагийн гүүрний зүүн урд үзүүр гэж байгаа хилийн зааг нь Яармагийн гүүрний зүүн урд үзүүрээс эхлээд түүнээс голын эргийг дагаж яваад Туул голын урд эргээр яваад Баянзүрхийн авто замын гүүрний 21 дүгээр шон гэж Яармагийн гүүрнээс голоо дагаж явсан хил нь Баянзүрх авто замын гүүрнээс салаад түүнээс урагш орших Х******* тогтоолын амны доод талын Төмөр замын гүүрний баруун талын 3 талын 3 тоот шон гээд үзлэг хийхэд очиж үзсэн төмөр шугам гээд 3 тоот төмөр шоныг очиж үзсэн. Энэ хилийн заагаар авч үзэхээр тухайн маргаж байгаа газар нь Богд-Хан уулын дархан цаазат газарт хамаарч байна. Иймд нэхэмжлэгчид эрх олгосон Байгаль орчин, аялал жуучлалын сайдын тушаал нь хуулийн дагуу гарсан гэдэг нь харагдаж байна. Харин НЗД нь эрх хэмжээгүй газрыг гуравдагч этгээдэд эзэмшүүлсэн нь хууль зөрчсөн. Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн /тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан/ 9 дүгээр зүйлийн 9.1.3 дахь хэсэгт эрх хэмжээгүй этгээд газар олгосон захирамж гаргасан учир энэ нь хууль бус юм. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад энэ газар нь гуравдагч этгээдэд БЗДЗД-аас 2007 онд анх эзэмшүүлээд НЗД-ын 3 захирамжаар баталгаажуулсан болох нь тогтоогддог. Энэ гурван захирамж нь гуравуулаа хилийн цэсийг 1995 онд баталсан байхад үүнээс хойш гарахдаа тухайн хилийн цэсийг зөрчиж, мөн эрх хэмжээгээ зөрчиж гаргасан учир илт хууль бус болохыг тогтоож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлээ бичсэн үндэслэл нь 21 дүгээр шон болон 3 дугаар шонгийн тухайд өмнө нь “Ө” ХХК нь захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаад шонуудын байрлал дээр маргасан байдаг. Үүнийг гурван шатны шүүхээр тогтоогоод тухайн газар нь Байгаль орчин аялал жуучлалын сайдын эрх хэмжээнд хамаарах асуудал байна гэдгийг тогтоосон. Манай зүгээс шүүхийн шийдвэрийг дурдаж байгаа нь шүүхийн шийдвэрээр үйл баримтыг тогтоочихсон ба энэ шон хаана байна гэдгийг тогтоогоод тэр нь хүчин төгөлдөр болсон учир дурдаж байгаа. Гуравдагч этгээдийн зүгээс өөр шүүхийн шийдвэрийг жишиг болгохыг санал болгосон гэж тайлбарладаг. Өөр шүүхийн шийдвэрийг санал болгоно гэдэг нь хуулийг яаж хэрэглэх, хэрхэн тайлбарлах гэдэг аргачлал дээр өөр шүүх, дээд шүүх ингэж шийдсэн байна гэдгийг нөлөөлж байна гэж үзээд хууль бус үйлдэл юм. Гэтэл энэ дээр нэгэнт үйл баримт шон хаан байна гэдэг дээр маргаж байгаа учир шүүх үйл баримтыг өөр өөр шийдвэрлэх нь шүүхийн зорилго шударга ёсонд нийцэхгүй учир шүүхийн шийдвэрийг дурдаж өгсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү”

Нэхэмжлэлээ тодорхой хэлсэн байгаа. Бидний үзэж байгаагаар Баянзүрхийн авто замын гүүрний баруун урд 21 дүгээр тоот шон гэдэг нь гүүрний ойр орчимд байгаа шон юм. Манайд олгосон газар нь бүрэн эрхийн хүрээндээ олгосон байна. Харин хариуцагч нар эрх хэмжээгээ хэтрүүлэн газар олгосон нь илт хууль бус юм. Гэхдээ энэ тохиолдолд нэхэмжлэгч компанийн газартай давхцалтай газрын хэсгийг илт хууль бус болохыг тогтоож өгөөч гэж хүсэлт гаргаж байгаа. Гуравдагч этгээдийн ярьснаар мэдээж Туул голын эргээр явж байсан зүйл Хөлийн голруу ороод явсан бол Хөлийн гол гэж нэрлэгдээд бичигдэх ёстой байсан. Ийм учир Хөлийн гол дээрх гүүр гэдэг бол Баянзүрхийн авто замын гүүр биш юм. Бодит байдалд Хөлийн голын гүүр гэдэг нь 10 метр хүрэхтэй үгүйтэй гүүр байгаа. Байгаль орчны сайдаас олгосон байгаа зүйл юм. 21 дүгээр шон дээр талууд маргаад байгаа. 3 дугаар шон дээр асуудал байхгүй гэж ойлгоод байгаа. Хэрэгт ач холбогдолтой материалууд бүгд цугласан учир нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.

      Хариуцагч НЗД шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй тус компанийн ашиглаж буй газарт газар эзэмших эрх олгосон НЗД-ын захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад доорх тайлбарыг хүргүүллээ.

         БЗДЗД-ын 2007 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 420 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрийн Туулын гүүрний баруун талд наран шарлагын газрын зориулалтаар 50.000 м.кв газрыг эзэмших эрх олгож НЗД-ын 2008 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 442 дугаар захирамжаар газар эзэмших эрхийг баталгаажуулсан.

         Улмаар 2014 онд иргэн М.Б газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах хүсэлтийг гаргасны дагуу НЗД-ын 2015 оны А/454 дүгээр захирамжаар цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалттай болгон өөрчилж газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг 5 жилээр сунгаж, НЗД-ын 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн А/902 дугаар захирамжаар 30950 м.кв,13690 м.кв талбай бүхий 2 нэгж талбар болгон хувааж М.Б-д эзэмшүүлсэн.

       Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газар болон Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны ашиглаж буй Богдхан уулын дархан цаазат газрын хилийн цэсийн зурагт тус маргаан бүхий газар хамаардаггүй. Нийслэлийн Газрын алба нь Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын ашиглаж буй дархан цаазат газрын хил заагийн зургийг ашигладаг, мөн дээрх эрх бүхий байгууллагуудын ашиглаж буй хилийн цэсийн зураг хороондоо зөрүүгүй ашигласаар ирсэн тул тус газрыг НЗД-ын эрх хэмжээний газар гэж үзэх үндэслэлтэй.

       2015 онд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны А/135 тоот тушаалаар Богд хан уулын дархан цаазат газрын хилийн цэсийг солбицолжуулах ажлын хэсэг байгуулагдан ажилласан бөгөөд тус ажлын хэсгийн дүгнэлтийг эцэслэн шийдвэрлэсний дараагаар тус газрын маргаан шийдвэрлэгдэх боломжтой юм. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд иргэн М.Б хууль ёсны эрх ашиг сонирхол хөндөгдөж байх тул уг хэрэгт гуравдагч этгээдээр татан оролцуулж өгнө үү” гэжээ.

    Хариуцагч НЗД-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Туул голын гүүрний баруун талд наран шарлагын газрын зориулалтаар 50,000 м.кв газрыг эзэмших эрхийг НЗД-ын 2008 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн А/442 дугаар захирамжаар газрын эзэмших эрхийг баталгаажуулж байсан ба 2014 онд иргэн н.Бы газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах хүсэлт гаргасны дагуу НЗД-ын 2015 оны А/454 дүгээр захирамжаар цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалттай болгон өөрчилж, газар эзэмших эрхийн гэрчилгээг 5 жилээр сунган НЗД-ын 2015 оны 11 дүгээр сарын 24-ны өдрийн А/902 дугаар захирамжаар 30900 м.кв, 13690 м.кв бүхий 2 нэгж талбар бүхий газар болгон хувааж н.Бд эзэмшүүлж байсан. Энэхүү газар нь Геодези зураг зүйн газар болон Байгаль орчин, аялал жуучлалын яамны харьяа Богд-Хан уулын дархан цаазат газрын хилийн цэсийн зурагт хамааралгүй. Энэ бол НЗД-ын эрх хэмжээний хүрээний газар юм. Энэ нь Улсын Их хурлын 26 дугаар тогтоолоор батлагдсан ба өнөөдрийг хүртэл өөрчлөлт ороогүй. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа 21 дүгээр шонгийн байрлалыг тогтоосон шүүхийн шийдвэр байдаг үүнийг ашиглана гэсэн байдлаар тайлбарласан. Гэтэл нэхэмжлэлийн шаардлагыг үзэхэд 21 дүгээр шонгийн байрлалыг тогтоох тухай нэхэмжлэл биш учир тухайн шүүхийн шийдвэрийг энэ хэрэгт ашиглах боломжгүй юм. Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.  

       Хариуцагч БЗДЗД  шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тус шүүхэд хянан хэлэлцэгдэж байгаа А" ХХК-ийн нэхэмжлэлтэй, НЗД, БЗДЗДд тус тус холбогдох захиргааны хэрэгт хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатай танилцаж дараах тайлбарыг гаргаж байна.

      Нэхэмжлэгч “А” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “БЗДЗД-ын 2007 оны 12 дугаар сарын 25-ны  өдрийн 420 дугаар захирамжийн М.Б-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох" нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр шүүхэд гаргажээ.

         Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ “... Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д зааснаар БОАЖС нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүсэд аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг гаргах эрх хэмжээтэй ба Улсын Их Хурлын 1995 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 26 дугаар тогтоолоор Улсын тусгай хамгаалалттай газрын ангиллыг шинэчлэн тогтоох тухай тогтоолоор нэхэмжлэгчийн ашиглаж буй газар нь Богдхан уулын дархан цаазат газрын хилийн заагт хамаарах байтал НЗД-с өөрийн эрх хэмжээнд хамаарахгүй асуудлаар буюу газар эзэмших эрх олгох эрхгүй газарт эзэмшүүлсэн шийдвэр гаргасан..." хэмээн дурджээ.

       Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д "нэхэмжлэл" гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар захиргааны хэргийн шүүхэд хандаж гаргасан өргөдлийг хэлнэ, 52 дугаар зүйлийн 52.5.1 дэх хэсэгт зааснаар захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны эрх ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөнийг  нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл хэсэгт тодорхой дурдах ёстой. Нэхэмжлэлээс үзэхэд нэхэмжлэгчийн илт хууль бусад тооцуулахаар нэхэмжилж буй дүүргийн Засаг даргын 2007 оны 402 дугаар маргаан бүхий захирамжийн улмаас нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн болон зөрчигдөж болзошгүй байгаа, түүний улмаас үүссэн үр дагаврын талаар дурдаагүй байна.

       Дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Газар эзэмших эрх олгох, эрхийн гэрчилгээг шилжүүлэх, газар эзэмших зориулалт, талбайг өөрчлөх, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай" 420 дугаар захирамжаар тус дүүргийн 11 дүгээр хороо, Туулын гүүрний баруун талд 50000 м.кв талбай бүхий газрыг наран шарлагын газрын зориулалтаар иргэн М.Б-д эзэмшүүлсэн.

       Анх иргэн М.Б нь дүүргийн Газрын албанд 2007 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр газар эзэмших тухай хүсэлтийг холбогдох баримтын хамт өгсөн ба хуульд заасан шаардлагыг хангасан тул дүүргийн Засаг даргаас өргөдлийг хуульд заасан шаардлагыг хангасан тул дүүргийн Засаг даргаас өргөдлийг хүлээн авч шийдвэрлэсэн.

       Дүүргийн Засаг даргаас Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1 дүгээр зүйлийн 22.5.3, 38 дугаар зүйлийн 38.4, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь хэсгийг үндэслэн захирамж гаргасан.

         Улмаар НЗД-ын 2008 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 442 дугаар захирамжаар уг газар эзэмших эрхийг баталгаажуулснаар дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 420 дугаар захирамжийн М.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгосон. Дүүргийн Засаг даргын захирамжийн үйлчлэл дуусгавар болсон тул тус захирамжийг илт хууль бусад тооцох хууль зүйн үндэслэлгүй юм.

       Иймд хамтран хариуцагчид холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье” гэжээ.

   Хариуцагч БЗДЗД-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Хадбаатар шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Гуравдагч этгээдэд анх 2007 оны 420 дугаар захирамжаар газар эзэмшүүлсэн. Эзэмшүүлсэн үеэс эхлээд газрын мэдээллийн сангийн зураг дээр Тусгай хамгаалалттай гэж дурдагдаагүй, хамгаалалтын зурвас гэж оруулж өгөөгүй. Нийслэлийн нутаг дэвсгэрт харьяалагдах газар байдаг. 2007 онд БЗДЗД үүнийг үндэслэж захирамжаа гаргасан ба НЗД-ынзахирамж байгаа. Иймд нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн нэхэмжлэл болон бие даасан шаардлагыг хүлээн авах боломжгүй байна” гэв.

        Хариуцагч БОАЖС шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “А” ХХК-ний нэхэмжлэлтэй НЗДд холбогдох захиргааны хэрэгт бие даасан шаардлага гаргасан Гуравдагч этгээд М.Бы Байгаль орчин, аялал жуулчлал ногоон хөгжлийн сайдын 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/433 дугаар тушаалын хавсралтын холбогдох заалт /жагсаалтын 21/-ыг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагыг эс зөвшөөрч тайлбар гаргаж байна.

       “А" ХХК-д Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/433 дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын Х******* амны хязгаарлалтын бүсийн Баянзүрх авто замын гүүрний баруун урд байрлалтай 2.5 га газрыг Монгол улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 36 дугаар зүйлийн 36.1 заалтыг тус тус үндэслэн “Улсын Их Хуралын 1995 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 26 дугаартай "Улсын тусгай хамгаалалттай газрын ангиллыг шинэчлэн тогтоох тухай" тогтоолоор тогтоосон Богдхан уулын дархан цаазат газрын хилийн зааг дотор газар ашиглах эрх олгосон.

       Иймд Богдхан уулын дархан цаазат газрын хилийн гадна, Нийслэл болон БЗДЗД-ын эрх хэмжээний нутаг дэвсгэрт хууль зөрчин газар олгосон гэх шаардлага үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

         Хариуцагч БОАЖС-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй НЗД-д холбогдох хэрэгт бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд н.Б-ны Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/433 дугаар тушаалын хавсралтад холбогдох заалт жагсаалтын 21 дүгээрт гэж дурдсан байна. Илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг өгч байна. “А” ХХК-д тус сайд 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр А/433 дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын Х******* тогоотын амны хязгаарлалтын бүсний Баянзүрхийн авто замын гүүрний баруун урд байрлалтай 2.5 га газрыг Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэгт Тусгай хамгаалалттай газар нутгийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэг, 36 дугаар зүйлийн 36.1 дэх заалтуудыг тус тус үндэслэн Улсын их хурлын 95 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 26 дугаар тогтоолын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ангиллыг шинжлэн тогтоох тухай тогтоолоор тогтоосон Богд-Хан уулын дархан цаазат газрын хилийн зааг дотор газар ашиглах эрх олгосон байдаг. Иймд тус уулын дархан цаазат газрын хилийн гадна Нийслэлийн болон БЗДЗД-ынэрх хэмжээний хувьд хууль зөрчин газар олгосон гэх нь үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү. Оролцогч нарын хэлж байгаа тайлбар дээр нэмж тайлбар хэлье. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны мэдээллийн сан Нийслэл болон БЗДЗД, Геодези газар зүйн газрын мэдээллийн сангууд тусдаа өөр өөр байдаг. 1995 онд заагласан хилийн зурвас бол  Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам Богд-Хан уулын мэдээллийн санд зурган хэлбэрээр байдаг.  БЗДЗД-ынитгэмжлэгдсэн төлөөлөгч  хилийн заагийг тогтоосон зурвас бол байдаггүй манайх мэдлийн газартаа газар эзэмших эрхийг олгож байсан гэсэн. Гуравдагч этгээдээс Геодези газар зүйн газарт хандахаар янз бүрийн байдлаар тогтоосон байсан. Манайд хилийн зурвас байхгүй болохоор давхцалтай хэсгийг тогтоох боломжгүй байна гэсэн. Үүний үндсэнд тодорхойгүй байгаа зүйлийг тодруулахын тулд шалгарсан ажлын хэсэг байгуулж маргаантай байгаа асуудлыг цэгцлэх зорилгоор хилийн заагийн тэмдэг тэмдэглэгээг шинэчлэх тогтоохоор ажлын хэсэг байгуулагдаж тухай үед ажилласан. Бусад байгаа газарт байгаа мэдээллийн санд 1995 оны хилийн зурвас байдаггүйгээс болоод өөрийн мэдлийн газар мэт ойлгож газар олгосноор давхцал үүсэж байна. Үүнийг тодорхойлохын тулд ажлын хэсэг тухайн үйл ажиллагааг хийж байсан. Энэ тэмдэг тэмдэглэгээг мэдэхгүйгээс өөрийн мэдлийн газар гэж иргэнд газар олгож давхцал үүссэн маргаан болсон байна. Манай яамнаас 1995 оны 26 дугаар тогтоолын дагуу хилийн зурвасыг өөрийн мэдээллийн санд бүртгэсэн. Мэдээллийн санд хилийн зурвасын дотор тусгай хамгаалалттай газар нутагт 2.5 га газрыг “А” ХХК-ийн эзэмшилд олгосон. Ийм учир хууль зөрчсөн зүйл байхгүй. Гуравдагч этгээдээс гаргасан бие даасан шаардлагыг хүчингүй болгож өгнө үү. Шүүхийн шийдвэрээр бас дурдаад байна. Гурван шатны шүүхээр шийдвэрлэгдээд хяналтын шатаар гараад хүчин төгөлдөр болсон шийдвэр гэдэг талаас нь нэхэмжлэгч тал дурдаж байна. Гуравдагч этгээдийн талаас Анхан шатны шүүхийн шийдвэр болон Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг яриад байдаг. Хэрвээ ярихаар бол хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг дурдаж яривал зүйтэй юм.

          Хариуцагч БУДЦГХЗ шүүх гаргасан хариу тайлбартаа:  “Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон Богдхан уулын  дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа нь 2014 онд Геодези зураг зүйн газраас сонгон шалгарсан мэргэжлийн эрхтэй аж ахуйн нэгжтэй хамтран Богдхан уулын дархан цаазат газрын хилийн цэсийг Улсын Их Хурлын, 1995 оны 26 дугаар тогтоолоор Айц уул /1735,2/ түүнээс хойш 1624,0 1338,0 тоотууд, 1338,0 тоотоос зүүн хойш орших Яармаг, Нисэхийн чиглэлээс Нүхтийн ам руу засмал замыг гатлан засмал замын урд захаар Яармагийн гүүрийн зүүн урд үзүүр, түүнээс зүүн тийш Туул голын урд эргээр Баянзүрхийн авто замын Гүүрийн баруун урд 21 тоот шон, түүнээс зүүн урагш орших  Х******* тогоотын амны доод талын төмөр замын гүүрийн баруун талын 3 тоот шон, төмөр замын далангийн баруун талыг даган Төрхурахын голыг гарч, төмөр замын дунд хоёр гүүрийн баруун талын 4,5 тоот шон, мөн төмөр замын далангийн баруун талыг Ширдэгтийн богинын амны төмөр замын гүүрийн баруун талд орших 6 тоот орших 1843,0, 1813,3 1810,0 тоотууд, 1/810 тоотоос баруун хойш орших Номт уул /1793,0/ түүнээс баруун тийш орших 1820,0 тоот түүнээс баруун урагш орших 7 тоот шон, түүнээс баруун хойш орших Шар хөв уул /1754,0/, Айц уул /1735,2 цэгүүдэд тогтоосон хилийн заагийн 18 цэгийг баталгаажуулан тэмдэгжүүлсэн.

     Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон БУДЦГХЗ цэгийн байршлын дур мэдэн өөрчилсөн, цэгийн байршлыг илт өөрчилсөн гэх зөрчил гаргаагүй болно”  гэжээ.

      Хариуцагч БУДЦГХЗны итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Гуравдагч этгээдийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Гуравдагч этгээд маань Туул голын зөрлөгийг яриад байна. Энэ айлуудыг  38 дугаар тогтоолоор гаргаж байсан. Энэ нь манай газартай ойрхон учир мэдэж байгаа юм. Туул зөрлөг Чулуутын аманд байрладаг. “А” ХХК нь Х******* тогоотын аманд байрлалтай байгаа. 38 дугаар тогтоолоор тогтоосон тусгай хамгаалалтын газраас гаргасан айлуудаас зүүн тийшээ нэхэмжлэгч компанийн газар байрлаж байгаа. Энэ нь бас нийцэхгүй байгаад байна. 2014 онд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам болон Богд-Хан уулын хамгаалалтын захиргаа Геодези зураг зүйн газарт санал тавиад шалгарсан аж ахуй нэгжтэй хамтарч ажлын хэсэг байгуулсан байдаг. Ажлын хэсэг нь тухайн өндөржүүлэлт болон шонгуудыг бүгдийг байрлуулах шаардлагатай гэж үзсэн. Хурлын тогтоол нь байдаг гэсэн би хайгаад олоогүй. “А” ХХК-ийн газар нь тусгай хамгаалалттай газарт хамаардаг. Геодези зураг зүйн газар нь Баянзүрх дүүргийн газрын алба манайд мэдээллийн сан нь байдаггүй гэж ярьж байгаа нь үнэн юм. Энэ нь ганц Байгаль орчин, аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газар болон Богд-Хан уулын дархан цаазтай газрын хамгаалалтын захиргааны газрын мэдээллийн санд л байдаг. Энэ Бусад байгууллагууд үүнийг мэддэггүй мэдээллийн санд нь байдаггүй. Богд-Хан уулын хилийн заагийг тогтоох талаар тухайн ажлын хэсгээс гарсан маргаад байгаа нэхэмжлэгч компанийн газар нутаг тусгай хамгаалалттай газар нутагт байдаг” гэв.

    Гуравдагч этгээд шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй НЗД-д холбогдох захиргааны хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаанд Гуравдагч этгээдээр татагдсаны учир нэхэмжлэлийн талаар дараах тайлбарыг гаргаж байна.

       Нэхэмжлэгч “А" ххк тус компаний ашиглаж буй газарт эзэмших эрх олгосон НЗД-ынзахирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

      1. Тус компани нэхэмжлэлдээ тухайн газрыг ашиглах эрхийг БОНХАЖ ын сайдын 2015 оны 12 сарын 22-ны өдрийн А433 дугаар тушаалаар авсан, гэжээ. Гэтэл иргэн М.Б миний хувьд, тухайн газрыг эзэмших эрхийг бүр 2007 онд эрх бүхий төрийн байгууллагаас нь авч байсан тул Дүүргийн Засаг дарга "А" ХХК-ийн ашиглаж буй газарт надад газар эзэмших эрх олгосон бус харин БОНХАЖ-ын сайд иргэн миний хууль ёсоор эзэмшиж буй газартай давхцуулан 2015 онд “А” ХХК-д хууль зөрчин газар ашиглах зөвшөөрөл олгосон байгаад шүүхийн анхаарлыг хандуулъя.

      2. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын бүрэн эрхэд

   -тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах,

  -Дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын  хязгаарлалтын бус, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн аж ахуйн нэгж, байгууллагад ашиглуулах тухай ... санал ..." гаргах, ашиглуулах газрын хэмжээг тогтоох

-Дурдсан газруудыг ашиглах гэрээг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагатай байгуулах зэрэг үүрэг хамаардаг. Ийнхүү тусгай хамгаалалттай газар нутгийн ашиглалтын талаар ийм тодорхой үүргүүд хүлээсэн Засаг дарга өөрийн харьяа нутаг дэвсгэрийн тусгай хамгаалалтын газар нутгийн хилийн заагийг мэдэхгүйгээр тухайн газраас надад газар олгосон гэж бид үзэхгүй байна. Нийслэлийн Газрын алба нь Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын ашиглаж буй Улсын Их Хурлын 1995 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 26 дугаар тогтоолын дагуу баталсан Дархан цаазат газрын хил заагийн зургийг ашигладаг.

    3. НЗД өнөөдрийг хүртэл надад олгосон газраа Тусгай хамгаалалттай газар нутаг гэж үзэхгүй байгааг энэ хэрэгт гаргасан түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.А-ийн тайлбараас харж болно. Тэрээр хариу тайлбартаа “... Газар зохион байгуулалтын, геодези зураг зүйн газар /ГЗБГЗЗГ/ болон БОНХЯ-ийн ашиглаж буй Богдхан уулын дархан цаазат газрын хилийн цэсийн зурагт тус маргаан бүхий газар хамаардаггүй. Нийслэлийн газрын алба нь ГЗБГЗЗГ-ийн ашиглаж буй дархан цаазат газрын цэсийн зураг хоорондоо зөрүүгүй ашигласаар ирсэн тул тус газрыг НЗД-ынэрх хэмжээний газар гэх үндэслэлтэй” гэсэн байна.

      4.Иргэн М.Б 2017 оны түүний эзэмшлийн газрыг тойруулан хүмүүс гэнэт хашаа барьж, тухайн газрыг эзэмших, ашиглах эрхээр маргаан үүсгэсэнтэй холбоотойгоор тухайн асуудлаар 2017 оны 05 сард НЗДд ,2018 оны 05 сард Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газарт тус тус  хандаж байсан бөгөөд тэдгээр байгууллагууд түүний газар эзэмших  эрх нийслэлийн Газрын кадастрын мэдээллийн санд бүртгэлтэй байгааг нотолсон болно.

         5.Бид тухайн газрыг 2007 оноос хойш эзэмшихдээ газрын төлбөрийг жил бүр зохих журмын дагуу төлж, одоогийн байдлаар нийт 22.713.549 төгрөг төлөөд байгаа болно.

   6. Харин БЗДЗД-ын хувьд, тухайн газрыг эзэмших эрхийг 2007онд М.Б-д олгосон атлаа 2016 онд “А” ХХК-тай мөн тухайн газрыг ашиглах гэрээ хийж байгаа нь хууль бус бөгөөд бид энэ асуудлаар НЗДд хандах болно. Ийнхүү бид “А” ХХК-ийн нэхэмжлэлийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

      Гуравдагч этгээд шүүхэд гаргасан бие даасан шаардлага, түүний үндэслэлдээ: “Бие даасан шаардлага: НЗД-с өөрт хуулиар олгосон эрх хэмжээний хүрээнд иргэн М.Б-д эзэмшүүлсэн газартай давхцуулан Богдхан уулын дархан цаазат газрын хилийн цэсийн гадна “А” ХХК-д газар ашиглах эрх олгосон БОАЖНХ-ийн сайдын 2015 оны 12 сарын 22-ны өдрийн А/433 дугаартай Тушаалын Хавсралтын холбогдох заалт /жагсаалтын 21/ илт хууль бус болохыг тогтоолгох. 

      Миний бие БЗДЗД-ын 2007 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 420 дугаар захирамжаар тус дүүргийн 11 дүгээр хороо, Туул голын гүүрний зүүн талд 50.000 м.кв газрыг эзэмшихээр болж, газар эзэмших гэрээ байгуулж байсан болно. /гэрчилгээний дугаар 01485501/

       Мөн 2008 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр НЗД-ын 442 дугаар Захирамж гарч,миний энэхүү газрыг эзэмших эрхийг баталгаажуулсан. /Газар эзэмших гэрчилгээ нь 2008 оны 12 дугаар сарын 22-ны №02180721/

     Гэтэл 2013 оноос миний эзэмшлийн газрын дундуур улсын чанартай авто замын ажил хийгдэхээр болсон тул газар маань 2 хуваагдаж, дундаас нь дундаас нь 5400 м.кв газар автозамын трасст өртсөн

    Үүнтэй холбоотойгоор 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр уул газрууд дээр НЗД-ын А-902 дугаартай Захирамж шинээр гарч, би 13690 м.кв, 30950 м.кв гэсэн талбай бүхий 2 хэсэг газрыг эзэмших болсон юм.

            Өөрөөр хэлбэл, би энэхүү газрыг 2007 оноос эхлэн хууль ёсоор эзэмшиж, газрын төлбөрийг жил бүр хугацаанд нь төлж, газар эзэмшигчийн үүргээ биелүүлж байсан болно.

         Өнгөрсөн 10 жилийн хугацаанд миний эзэмшил газарт суурьшихаар айлууд ирж бууж байсан газар маань дундуураа автозамын трасст өртсөн зэргийг эс тооцвол ямар нэгэн асуудалгүй байсан боловч 2017 оны хавар гэнэт хэсэг хүмүүс ирж, манай газрыг тойруулан хашаа барьж эхэлсэн нь өнөөдөр шүүхэд нэхэмхэмжлэл гаргаад байгаа "А" ХХК-ийнхан байсан.

       Би тухайн газрыг эрх бүхий төрийн захиргааны байгууллагын шийдвэрээр хууль ёсоор эзэмшиж байгаадаа итгэлтэй байсан боловч нэгэнт ийнхүү маргаантай нөхцөл байдал үүссэн тул энэ асуудлаар холбогдох газруудад хандахад:

      - Нийслэлийн газрын албанаас надад ирүүлсэн 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 03/1869 дугаартай албан бичигт "... Тус албаны мэдээллийн сангийн зурагт иргэн М.Бы эзэмшил газар Богд хан уулын тусгай хамгаалалтын бүсэд ороогүй...”гэдгийг тэмдэглээд, Богд хан уулын тусгай хамгаалалттай газрын хязгаарлалтын бүсийн хилийн цэсийг тодруулж, дүгнэлт гаргаж өгөхийг Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас хүссэн байсан.

      - Дурдсан бичигт хариу болгосон Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2017 оны 05 сарын 18-ны өдрийн 1/896 дугаартай албан бичигт “...Богдхан уулын дархан цаазат газрын хилийн заагийг УИХ-ын 1995 оны 26 -р тогтоолоор тогтоосон боловч энэ хилийн зааг тогтоосон шонгуудын байрлалыг байгууллагууд өөр өөрөөр зурагт тэмдэглэсэн байгаа бөгөөд аль нь зөвийг тогтоох нотлох баримт байхгүй байна. Иймд БОАЖНХ-ийн яамтай хамтарсан ажлын хэсэг байгуулж, хилийн заагийг тодруулсны дараа дүгнэлт гаргаж өгөх боломжтой болно” гэсэн байдаг боловч эрх бүхий байгууллагуудын дүгнэлт нь одоо болтол гараагүй байгаа тул би асуудлыг тодорхой болохыг хүлээж өнөөдрийг хүртэл БОАЖ-ын яамтай ямар нэгэн маргаан үүсгэлгүй, харзнасан байдалтай байсан юм.

        Харин миний эзэмшиж буй газартай холбогдуулан А компаниас Нийслэлийн Засаг даргыг хариуцагчаар татан тус шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй холбоотойгоор захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд намайг Гуравдагч этгээдээр татсанаас үүдэн энэ газрын маргаанд идэвхтэй оролцох, эрх ашгаа хамгаалах, бие даасан шаардлага гаргах гарцаагүй шаардлага гарлаа.

         Төрийн эрх барих дээд байгууллага болох Улсын Их Хурал хамгийн сүүлийн байдлаар 1995 онд Монгол улсын нийслэлд байгаа дархан цаазат ганц уул- Богдхан уулын хилийн цэсийг тогтоож, байрлалыг нь тодорхой заан өгсөн байтал төрийн чиг үүргийг хэрэгжүүлэгч төрийн захиргааны байгууллагууд нь 20-хон жилийн хооронд хил, заагийг нь олохгүй төөрч будилж, ард иргэдээ шүүхдэлцүүлэхэд хүрч байгааг харахад эмгэнэлтэй байна.

        Үүнийг ГЗБГЗЗ газрын дээрх албан бичигт “УИХ-ын 1995 оны 26 -р тогтоолоор Богд хан уулын хилийн цэсийг тогтоосон шонгуудын байрлалыг байгууллагууд өөр өөрөөр зурагт тэмдэглэсэн” гэснээс  харахад л тодорхой байгаа юм. Хэрэв УИХ хилийн цэсийг тогтоохдоо байршлыг үгээр заагаад орхисон бол үнийг янз янзаар тайлбарлах асуудал гарч болох боловч хилийн цэсийг дугаар бүхий шонгоор тэмдэглэн, тухайн шонгууд хаана байрласнаас тодорхой газрын нэр зааж хэлж өгсөн байхад , БОАЖ-ын яам эдгээр шонгийн байрлалыг өөрөөр зааж байгааг ойлгохгүй байна.

          Иймд бид УИХ-ын 1995 оны 26 дугаартай тогтоолд заасан шонгуудыг тогтоолд заасан үг үсгийнх нь дагуу газар дээр нь зориуд явж үзлээ.Тэдгээр шонгууд УИХ тогтоолд заасан байршилдаа байж л байна. Энэ шонгуудын байршлаар авч үзэхэд, иргэн М.Б надад НЗД-с олгосон Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Туул голын гүүрний зүүн урд байгаа 2 хэсэг /30950 м.кв болон 13960 т.кв/ газар нь Богд хаан уулын дархан цаазат газрын хилийн цэсийн гадна, хилийн цэс 1км илүү хойно байршиж байна. Өөрөөр хэлбэл, НЗД эдгээр газрыг надад эзэмшүүлэх шийдвэр гарахдаа Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг зөрчөөгүй байна.

         Харин БОНХАЖ-ын сайд 2015 онд “Х*******ын ам”-нд нэрээр “А” ХХК газар ашиглуулах шийдвэр гаргахдаа газар зүйн солбицлыг  нь УИХ–иас тогтоосон дархан цаазын газрын хилийн заагийн гадна, Х*******тогооны амнаас 1км гаруй хойно байхаар заасан нь Богдхан уулын дархан цаазат газрын хилийн цэсэд хамааралгүй, нийслэлийн харъяаны буюу НЗД-ынэрх хэмжээнд хамаарах нутаг дэвсгэрт байгаа иргэн миний ёсоор эзэмшиж буй газартай давхцал үүсгэн миний газар эзэмших эрхийг зөрчсөн байна. Иймд БОНХАЖ-ын сайдын Газар ашиглах эрх олгох тухай 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/433 дугаартай Тушаалын Хавсралтын 21 дугаар А ХХК-д газар олгосон заалт илт хууь бус болохыг тогтоож өгнө үү.

     Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр бие даасан шаардлагаа нэмэгдүүлэхдээ: “Байгаль орчин аялал жуулчлалын яам болон түүний харьяа БУДЦГХЗ 2014 онд Богдхан уулын дархан цаазат газрын хилийн заагийг тогтоосон тэмдэг, тэмдэглэгээг шинэчлэн тогтоох үйл ажиллагаа явуулсан нь илт хууль бус болохыг тогтоолгох тухай,

     Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 25 дугаар зүйлд Улсын Их Хурал тусгай хамгаалалттай газар нутгийн талаар хэрэгжүүлэх бүрэн эрхийг тодорхойлсон байдаг бөгөөд үүнд Улсын Их Хурал нь Засгийн газрын өргөн мэдүүлснээр газар нутгийг тусгай хамгаалалтад авах тухай шийдвэр гаргах, эдгээр газрыг улсын тусгай хамгаалалттай газар нутгийн тодорхой ангилалд хамааруулах, дархан цаазат болон байгалийн цогцолборт газрын хилийн заагийг батлах, өөрчлөх асуудал хамаарсан байдаг.

       Гэтэл Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон түүний харьяа БУДЦГХЗ 2014 онд Богдхан уулын дархан цаазат газрын хилийн заагийг тогтоосон тэмдэг, тэмдэглэгээг шинэчлэх үйл ажиллагаа явуулахдаа Улсын Их Хурлын 1995 оны 26 -р тогтоолоор тогтоосон хилийн заагийн 18 цэгийг дур мэдэн нэмэгдүүлэн 77 цэг болгосон нь тогтоосон шинжтэй болсон төдийгүй, зарим цэгийн байршлыг илт өөрчилсөн байгаа нь Улсын Их Хурлын хуульд заасан бүрэн эрхэд халдсан, тухайн байгууллагад хуулиар олгогдоогүй эрх эдэлсэн, илт хууль бус ажиллагаа болсон байна. Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон түүний харьяа байгууллага болох БУДЦГХЗны дурдсан ажиллагаа илт хууль бус болохыг тогтоож өгнө үү” гэжээ.

       Гуравдагч этгээдийн өмгөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “А” ХХК-ийн ашиглаж байгаа газарт газар эзэмших эрх олгосон НЗД-ынзахирамжийг илт хууль бус болгохыг тогтоож өгнө үү гэж нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчийн маргаж байгаа газрыг М.Б нь 2007 оноос эхлээд эзэмшиж байгаа гэдгийг хүлээн зөвшөөрч байна. “А” ХХК нь 2011 онд байгуулагдсан компани юм. Энэ компанийг байгуулагдахаас өмнө М.Б эзэмшиж байсан. НЗД нь Байгаль орчин, аялал жуучлалын сайдын эрх хэмжээний газар дээр М.Б-д газар давхцуулж олгосон биш. Байгаль орчин, аялал жуучлалын сайд нь НЗД-ын газар дээр давхцуулж олгосон тухай асуудал яригдах ёстой юм. Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийн 25 дугаар зүйлд зааснаар газар нутгийг тусгай хамгаалалтад авах тухай шийдвэр гаргах, дархан цаазат газрын хил заагийг батлах, өөрчлөх асуудал нь Улсын Их хурлын бүрэн эрхэд хамаардаг ба бусад байгууллага тогтоолын хэрэгжилтийг хангах үүрэгтэй. Улсын Их хурлын 1995 оны 26 дугаар тогтоолоор тогтоосон Богдхан уулын дархан цаазат газрын хилийг заагт нэг удаа өөрчлөлт орсон. Энэ нь бидний маргаж байгаа газартай зэргэлдээ байгаа Туул зөрлөгийн асуудал юм. Монгол Улсын Их хурлын 1995 оны тогтоолд 2012 онд өөрчлөлт орсон. 2012 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 38 дугаар тогтоол Богдхан уулын хязгаарлалтын бүсэд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны Төмөр замын Туул зөрлөгийн 33,5 га газрын Тусгай хамгаалалтын газар нутгаас чөлөөлсөн. Учир нь 2012 онд энэ газарт Суурьшлын бүс үүссэн байсан ба дархан цаазат газарт хамаарч байсан. Тийм учраас Монгол Улсын Их хурал тогтоол гаргаж 33,5 м.кв газрыг тусгай хамгаалалтай газар нутгаас чөлөөлсөн ба энэ газар нь Төмөр замын урд байрлалтай манайхтай зэрэгцээ газар юм. Энэ газар нь дархан цаазат газрын байршил тогтоосон шонгуудаар тодорхойлсон 11 өндрийн тоот болон 7 шон байгаа. Энэ тэмдэглэгээнүүд Геодези, зураг зүйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 3.6 дахь хэсэгт заасан геодезийн байнгын цэг, тэмдэгт байна.  Байнгын цэг, тэмдэгтийг устгах, гэмтээх, хэмжилт хийх нөхцөлийг алдагдуулахыг хориглосон байдаг. Гэтэл Байгаль орчин, аялал жуучлалын яам 2015 онд Дархан цаазат газрын хилийн заагийг тогтоосон шонуудыг шинэчлэх солбицлыг тогтоох ажлыг хийсэн. Энэ тогтоолоор нийт 77 шон болгож өөрчилсөн. Энэ тэмдэглэгээндээ 76 шон гэсэн байсан боловч 77 дугаартай шон хүртэл байгаа. Үүнээс үүдээд маргаан үүссэн. Дархан цаазат газрын хилийн заагтай холбогдсон НЗД-ынэрх хэмжээний газар эсвэл БОАЖСайдын тусгай хамгаалалттай газар нутгийг ашиглах эрх хэмжээний хүрээнд үүссэн газар гэдэг асуудлаар хил заагийн маргаан гарч эхэлсэн. Энэ маргаанд 2 байгууллага эвлэрээд тохирч чадахгүй байгаа учир шүүхэд ирсэн байна. Үүнийг шүүхэд шийдвэрлэхээс өөр аргагүй. Энэ шүүхийн шийдвэрт анхаарах зүйл байгаа. Нийслэл дэх Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүх 2019 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 221/2019/0291 дугаартай тогтоол гаргахдаа энэ 21 тоот шонгийн асуудлаар нэгэнт шон байгаа нь тогтоогдсон байна. Ийм учир “Ө” ХХК-ийн нэхэмжлэлтэй БОАЖС-д холбогдох хэргийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлох шаардлагагүй гэж дүгнэх боломжгүй. Хэргийг эцэслэн шийдвэрлэхдээ нотлох баримтыг хэрхэн үнэлэх нь Анхан шатны шүүхийн эрх хэмжээний асуудалд хамааралтай байна. 21 тоот маш их ач холбогдолтой болсон байгаа. Бидний маргаж байгаа газарт 21 тоот шон байхгүй. Бид нарын маргааныг таслах зааг болсон. Их хурлаас шонгийн байрлалыг тогтоохдоо Туул голын урд эргээр Баянзүрхийн авто замын гүүрний баруун урд байгаа 21 тоот шон гэж тогтоосон байгаа. Түүнээс зүүн урагшаа орших Х******* тогоотын амны доод талын төмөр замын гүүрний баруун талын 3 тоот шон гэсэн 2 шонд анхаарал тавьж маргаан таслах үйл баримт гэж үзэхээс аргагүй байгаа. 21 тоот шонгийн тухайд байгууллагуудын байр сууриуд өөр өөр байдаг. 21 тоот шонгийн байрлал дархан цаазат газрын хил заагийн асуудлаар байгууллагууд маргаантай учрыг одоо болтол олоогүй байгаа. Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газар энэ маргааныг эцэслэж чадахгүй үүнд олон байр суурийг илэрхийлсэн байдаг. Тухайлбал 2017 онд энэ асуудлаар гуравдагч этгээд М.Б Нийслэлийн газрын албанд хандсан байдаг. Миний энэ эзэмшиж байгаа газар тусгай хамгаалалттай газар нутагт хамаарч байгаа юм уу гэхэд Богд-Хан уулын тусгай  хамгаалалттай газар нутгийн хилийн цэсийг тодруулж дүгнэлт гаргаж өгөхийг Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас хүссэн байдаг. Хуулбарыг нь М.Б-д явуулсан гэтэл 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Газрын албанд хариу өгсөн Богдхан уулын дархан цаазат газрын хилийн зурвасыг 1995 оны 26 дугаар тогтоолоор тогтоосон боловч хилийн зааг тогтоосон шонгийн байршлыг өөр өөрөөр байгууллагууд тогтоосон байгаа тул аль нь зөвийг тогтоох нотлох баримт байхгүй байна гэж хэлдэг. Ийм учир Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай хамтарсан ажлын хэсэг байгуулж хилийн заагийг тодруулсны дараа дүгнэлт гаргаж өгөх боломжтой болно гэсэн хариуг иргэн М.Б болон Газрын албанд өгсөн. Геодези зураг зүйн газар 2018 оноос эхлээд өөр тайлбар хэлэх болсон. Нийслэлийн сангийн газрын кадастрын мэдээллийн сангийн 2018 оны 04 дүгээр сарын архивын зурган мэдээлэлд дугаар бүхий газар нь М.Б-ы нэр дээр эзэмших эрхтэйгээр бүртгэгдсэн байна гэсэн. Үүнийг хүлээн зөвшөөрсөн. Тус газарт архивлагдан хадгалагдаж байгаа Нийслэлийн газрын кадастрын мэдээллийн санд Нийслэл дүүргийн Засаг даргын  захирамжаар олгосон мэдээллийг бүртгэдэг бөгөөд улсын тусгай хамгаалалттай газар нутагт Байгаль орчин аялал жуулчлалын сайдын тушаалаар олгосон газрын талаарх мэдээлэл бүртгэхгүй болно гэсэн. Иймд өргөдөлд дурдсан давхцалыг тодорхойлох боломжгүй байна гэсэн. Энэ асуудлаар бид Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар хандаж байсан. Энэ асуудлыг Геодези зураг зүйн газарт шилжүүлээд 8 дугаар сард хариу өгсөн. Энэ хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхийн шаардлагаар хариу өгсөн. Яг ижилхэн хариу өгдөг 3 хил байгаа гэдэг. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны одоо ашиглаж байгаа Богдхан уулын дархан цаазат газрын хил, Нийслэлийн газрын албаны ашиглаж байгаа хил, БОАЖСайдын А/135 тоот тушаалаар баримталсан хил гээд хилүүд байна гэсэн. Энэ 3 хилээс нэгийг нь “А” ХХК-ийн гэрчилгээний хавсралтад байгаа солбицлоор байршил тодорхойлон зураглаж, давхцуулж үзэхэд давхцалтай байна гэсэн хариу өгсөн. Бид нар үүнийг авч үзсэн. Ямар зургийг хархаар давхцалтай байгааг харьцуулж үзсэн. Одоо ашиглаж байгаа хил нь давхцалтай байгаа. 2018 оны албан бичигт зураг хавсаргаж өгсөн. Энэ нотлох баримтаас үзэхээр одоо ашиглаж байгаа дархан цаазат газрын хилээр давхцаад яг ижил явж байсан. Нийслэлийн газрын албаны ашиглаж байгаа дархан цаазат газрын хил БОАЖСайдын А/135 тоот тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн баримталж байсан хил гээд 2 хил давхцаж байсан. Манайх энэ давхцалын гадна талд байгаа. 21 тоот шон дотроо байгаа. “А” ХХК-д эрх олгосон газар 2015 оны ашиглаж байгаа хилийн гадна талд байгаа. 2 байгууллагын ашиглаж байсан хил давхцаж байсан. Эднийх 2015 оноос хойш хойшоо тэлээд Туул голын эрэг хүрсэн байгаа. Энэ нь төмөр замаас хойшоо гарсан байдаг. Үүнээ гадна Богд-Хан уулын засаг захиргааны харьяалал гээд зургаас дархан цаазат газрыг тодруулж өгөөч гээд дугаарын зааж өгсөн байгаа. Үүнд төмөр замын байршил байдаг. Дархан цаазат газар төмөр замаас урагшаа байрлалтай байгаа. Байгаль орчин, аялал жуулчлалын яам төмөр замын хойд талд туул голын эрэг дээр “А” ХХК-д газар олгосон нь хууль бус юм. Шүүхийн шийдвэр болохоор сүүлчийн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны одоо ашиглаж байгаа гэдгээр гарч ирсэн шүүхийн шийдвэр байдаг. Газар дээр шинжилгээ хийсэн шинжээчдийн таамаглаж байгаа 21 тоот шон /хугарсан улаан өнгөтэй/ Улсын Их хурлын 1995 оны 26 дугаар тогтоолд заасан 21 тоот шон мөн болох нь уг дүгнэлт нь 75 дугаар шонгийн зүүн урд зүгт Туул голын баруун зүгт 53 метрийн зайд тэмдэглэгдсэн анх ажил хүлээж авахад Баянзүрх гүүрний Туул голоос 50 метр гүүрнээс 100 метр орчим зайд 21 тоот шон байсан гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна гэж энэ шүүхийн шийдвэрт үзсэн байдаг. Хугарсан улаан өнгөтэй шон нь 21 мөн юм байна. Энэ нь Туул голын баруун урд зүгт 53 метрийн зайд байна гэж хэлсэн байдаг. Гэтэл энэ хугарсан улаан шон 21 тоот шон биш гэдгийг бид нар шүүхэд нотолсон. Шүүх ч гэсэн үзлэгээр нотолсон гэж үзэж байна. 2 удаа үзлэг хийсэн. Энэ үзлэгийн дүнгээр 21 тоот шон биетээрээ Туул голын төмөр замын урд байгааг харсан. Дархан цаазат хилийн багана гэж бичсэн тэр нь бүдэг ч гэсэн харагдаж байдаг. Улаан хугарсан шон нь “Жем Нет” ХХК-ийн шилэн кабелын тэмдэглэгээний шон гэдэг нь тогтоогдсон. Энэ тэмдэглэгээний шон гэдгийг анх эрэл хийж явахдаа “Мобиком” ХХК-д хандсан танай шон мөн үү гэсэн биш гэсэн. “Жем нет” ХХК-иас асуусан наад шондоо хүрвээ гэсэн бичгээр манайд хариу ирүүлсэн. Үүнийг шүүхэд өгсөн байгаа. Дараа нь бидний гаргасан нотлох баримтыг шаардлага хангахгүй гэж үзэхгүй юм бол бас шүүхээс лавлагаа авсан. Энэ компани шүүхэд солбицлоо заагаад шүүхэд баримт ирүүлсэн байдаг. 3 тоот шонг 75 тоот шон гээд шинээр зоосон байгаа. 3 тоот шонг үзлэг хийж явахад нэхэмжлэгч талаас заадаг төмөр замын тэмдэглэгээний хамгийн баруун талын цагаан өнгийн шонг 3 тоот гэж ярьдаг. Үүнээс гадна 3 тоот шон бусад хилийн заагт тогтоосон шонгуудаас шал өөр байсан. Ийм нэг үндэслэлээр 21 тоот шон биетээрээ байгаа юм. Үл хэрэгсэх хууль зүйн ямар ч үндэслэл байхгүй энэ шон төмөр замаас урд байгаа. Манай эзэмшлийн газар нэхэмжлэгчийн давхацсан гээд байгаа газар Туул голын гүүрний эрэг дээр байгаа. Дархан цаазат газрын хил төмөр замаасаа урдуур явдаг гэдгийг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, төрийн захиргаа удирдлагын газраас 2013 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр төрийн өмчит үйлдвэрлэлийн газрын ерөнхий захирал хурандаа н.Колъяд өгсөн хариу бичигт тодорхой дурдсан. Байгаль орчны яамны бичигт танай байгууллагын албан бичгийг үзээд хариу хүргүүлж байна. Дархан цаазат газрын газар зүйн солбицол нь төмөр замын хойно байрлалтай тул Богдхан уулын дархан цаазат газрын улсын тусгай хамгаалалттай газар нутаг дэвсгэрт орохгүй болохыг мэдэгдэж байна гэсэн. Төмөр замын хойно байгаа учир дархан цаазат газарт хамааралгүй юм шүү гэж хэлсэн 2013 оны бичгийг шүүхэд нотлох баримт болгож өгсөн. 38 дугаар тогтоолыг дурдсан Улсын Их хурал 26 дугаар тогтоол гаргаснаас хойш ганц тогтоол гаргасан энэ нь тусгай хамгаалалттай газар нутгаас хэсэгхэн газрын чөлөөлсөн энэ нь Туул зөрлөгийн газар юм. Өнөөдрийн НЗДас гаргаж өгсөн нотлох баримтын тухайд энэ газар ямар үндэслэлээр өгсөн бэ гэхээр төмөр замаас урд байгаа тэр асуудлаар биш төмөр замын хойно байгаа манай маргаж байгаа газрын баруун талд байгаа хүмүүс суурьшсан хэсгийг хэлж байгаа. Энэ газар бол анхнаасаа дархан цаазат хилийн зурваст хамаардаггүй гэдэг нотлох баримтыг ирүүлсэн байгаа. Засаг даргын мэдлийн эрх хэмжээнд хамаардаг газар гэдгээ хэлсэн байгаа. Тухайн асуудал яригдсан учир Зайсан бүсийн газар яг тусгай хамгаалалттай газар байгаа. Үүнийг яах вэ гэхээр Туул зөрлөгийн адилаар шийдвэрлэх эсэхийг Засгийн газрын мэдэх асуудал юм.

Бие даасан шаардлагын тухайд саяны ярьсан зүйлтэй давхацна. Иргэн М.Б 2007 онд авсан гэдгээ хэлсэн. Өмнө нь хариу тайлбарт дурдсан албан бичгүүдээр энэ байрлалын газар тогтоогдсон байдаг. 21 тоот шон бол маргаан бүхий газраас урагшаа 1 км илүү газар байрлаж байгаа. Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд 2015 онд Х******* тогоотын ам нэрээр өгсөн байдаг. Энэ шийдвэрийг гаргахдаа газар зүйн солбицлыг Х******* тогоотын амны гадна уулын амнаас 1 км газар гаруй хойно байхаар заасан нь дархан цаазат газрын хилийн бүсэд хамааралгүй байна. Ийм учир илт хууль бус шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэж хүссэн байгаа. Хавсралтын 21 дүгээрт байгаа “А” ХХК-д газар олгосон хэсгийг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү гэсэн бие даасан шаардлага байдаг. Дараа нь 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдөр нэмэгдүүлж гаргасан. Үүнд энэ дархан цаазат газрын хилийн зурвасыг тогтоохдоо нийт 7 шон 1 өндөрлөгөөг нэр заан тогтоосон байхад Байгаль орчин, ногоон хөгжлийн яам 77 цэг болгож зоосон байгаа. Энэ нь зарим цэгийн байршлыг илт өөрчилсөн байгаа. Улсын Их хурлын хуульд заасан бүрэн эрхэд хандсан тухайн байгууллагад хуулиар олгогдоогүй илт хууль бус ажиллагаа болсон байна. Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон түүний харъяа байгууллага болох БУДЦГХЗны ажиллагаа илт хууль бус болохыг тогтоож өгнө үү гэсэн ийм шаардлага байгаа. Үүнд яагаад дархан цаазат газрын хил заагийг тогтоосон шон Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон дархан цаазат газарт байрлуулсан шон нь яагаад Улсын Их хурлын эрх хэмжээнд халдсан асуудал гэж үзээд байгаа гэхээр хилийн цэсийн шинэчилсэн багануудын координат гээд 75 координат тогтоосон байгаа. Дархан цаазат газрын хилийн цэсийн шинэчилсэн багануудыг тус яам дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа аль алинд нь багана шинэчлэх эрх байхгүй. Хуульд олгогдоогүй эрхийг эдэлсэн. Хилийн багана номер 75, 76 гээд бичсэн байдаг. Ийм дугаартай шон Улсын Их хурлын тогтоолд байхгүй. Энэ үйл ажиллагааг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү гэсэн нэмэгдүүлсэн шаардлага байгаа” гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ;

            Нэхэмжлэгч “А” ХХК БЗДЗД-ын 2007 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 420 дугаар захирамжийн М.Б-д холбогдох, НЗД-ын 2008 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 442, 2015 оны А/454, А/902 дугаар захирамжийн М.Б-д холбогдох хэсгийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага, гуравдагч этгээд М.Б Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/433 дугаар тушаалын хавсралтын 21-д байх “А” ХХК-д холбогдох заалтыг, Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон түүний харьяа БУДЦГХЗ 2014 онд Богдхан уулын дархан цаазат газрын хилийн заагийг тогтоосон тэмдэг, тэмдэглэгээг шинэчлэн тогтоох үйл ажиллагаа явуулсан нь илт хууль бус болохыг тогтоолгох  бие даасан шаардлагыг тус тус гаргажээ. 

            1.Хэргийн үйл баримтын талаар:

         Нэхэмжлэгч “А” ХХК-д Байгаль орчин, ногоон хөгжил , аялал жуулчлалын сайдын 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/433 дугаар тушаалаар[1] Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 36 дугаар зүйлийн 36.1-д заасныг үндэслэн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт Х*******ын ам гэх газарт 2.52 га талбай бүхий газрыг аялал жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаагаар олгож,  2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр газар ашиглах 2015/18 дугаар гэрчилгээг баталгаажуулан, 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гурвалсан гэрээг байгуулжээ. 

         Харин гуравдагч этгээд М.Б-д анх  БЗДЗД-ын 2007 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 420 дугаар захирамжаар[2] тус дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Туулын гүүрний баруун талд наран шарлагын зориулалтаар 50000 м кв газрыг эзэмшүүлж 2008 оны 09 дугаар сарын 17-ны өдрийн 442 дугаар захирамжаар[3] газар эзэмших эрхийг баталгаажуулсан, улмаар НЗД-ын2015 оны А/454 дүгээр захирамжаар[4] цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалттай болгон өөрчилж 5 жилийн хугацаагаар сунгаж, 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн А/902 дугаар захирамжаар[5] 30950 м кв болон 13690 м кв талбай бүхий 2 нэгж талбар болгон хувааж эзэмшүүлсэн бөгөөд нэхэмжлэгчид олгосон 2.52 га газар нь гуравдагч этгээдийн 30950 м кв газартай давхцалтай олгосон нь илт хууль бус гэж маргаж байна.   

            Түүнчлэн Нийслэлийн болон дүүргийн Засаг даргын захирамжаар иргэн М.Б-д олгосон газрын байршлыг тус дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Туулын гүүрний баруун талд гэж, харин Байгаль орчин аялал, жуулчлалын сайдын тушаалаар “А” ХХК-д ашиглуулсан газрын байршлыг Х*******тогтоотын ам гэх газарт гэж тус тус заасан.

       Нэхэмжлэгч болон хариуцагч БУДЦГХЗ-ны  итгэмжлэгдсэн төлөөлөгч нар Туулын гүүрний баруун талд байршилтай энэхүү газарт Монгол улсын Их хурлын 1995 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 26 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Дархан цаазат газрын хилийн зааг”-ийн 3 дахь хэсэгт заасан “...Яармагийн гүүрийн зүүн урд үзүүр, түүнээс зүүн тийш Туул голын урд эргээр Баянзүрхийн авто замын гүүрийн баруун урд 21 тоот шон..”   гэж нэрлэсэн тэмдэглэгээ бүхий 21 тоот шон нь байрлаж байсан гэж, харин гуравдагч этгээд М.Б түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч Нийслэлийн болон дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар маргаан бүхий газрын байршил нь Туулын гүүрний баруун талд байгаа бөгөөд энэ гүүр Баянзүрхийн авто замын гүүр биш тул үүнээс урагш төмөр замын хамгаалалтын зурвас газарт байрлалтай 21 тоот шон гэсэн бичиг бүхий шон нь 26 дугаар тогтоолд заасан тэмдэглэгээ бүхий хийлийн зааг гэж, Байгаль орчин аялал, жуулчлалын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч 21 тоот шон хаана байрлаж байгаагаас үл хамаарч маргаан бүхий давхцалтай байгаа энэ газар нь тусгай хамгаалалттай газар нутагт хамаарна гэж тус тус тайлбарласан.

        Газар зохион байгуулалт геодези, зураг зүйн газрын 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2/2071 дугаар албан бичигт[6] “А” ХХК-ийн улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах 2015//718 тоот гэрчилгээний хавсралт дахь солбицлын утгаар газрын байршил тодорхойлон зураглаж, нэгж талбарын 18654308389372 дугаар бүхий 50000 м кв талбайтайгаар регистрийн ххх[7] дугаартай иргэний нэр дээр газар эзэмших эрхтэйгээр бүртгэгдсэн газартай давхцуулахад байршлын хувьд хоорондоо 22175.89 м кв талбайгаар давхцалтай байна гэсэн.

       Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр[8] болон 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн[9] үзлэгийн тэмдэглэлүүдэд нэхэмжлэгч гуравдагч этгээдэд олгосон маргаан бүхий газар нь Туулын гүүрний баруун талд байрлалтай байгаа талаар тэмдэглэгдсэн зэрэг үйл баримтууд тус тус тогтоогдлоо.

            2.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон хууль зүйн үндэслэлийн талаар;

       Нэхэмжлэгч “А” ХХК-д Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын тушаалаар газар ашиглах эрх, иргэн М.Б-д дүүргийн болон НЗД-ынзахирамжуудаар газар эзэмших эрх олгосон газар нь улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаарч байгаа эсэх маргаан нь Монгол улсын Их хурлын 1995 оны 26 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Дархан цаазат газрын хилийн зааг”-ийн 3 дахь хэсэгт зааснаар, харин дээрх тушаал захирамжуудын илт хууль бус эсэх маргаан нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль (2002 он)-ийн зохицуулалтаар тус тус тодорхойлогдохоор байна.

        Шүүх нэхэмжлэгч компанид газар ашиглах эрх олгосон Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын тушаал илт хууль бус гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, гуравдагч этгээдэд 30950 м кв газар эзэмшүүлсэн НЗД-ынзахирамж үндэслэлтэй гэж дүгнэв.

    Учир нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль(2002 он)-ийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Захиргааны байгууллага, албан тушаалтан дараахь тохиолдолд захиргааны актыг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргана:”, 9.1.3-д “захиргааны акт гаргах эрх хэмжээгүй захиргааны байгууллага, албан тушаалтан гаргасан;” гэж заасны дагуу Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдад Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Туулын гүүрний баруун талд газар ашиглуулах шийдвэр гаргах эрх хуулиар олгогдоогүй байна.

       Өөрөөр хэлбэл БЗДЗД-ын 2007 оны 420, 2008 оны 442, НЗД-ын 2015 оны А/454, А/902 дугаар захирамжуудаар М.Б-д эзэмшүүлсэн 50000 м кв түүнээс маргаан бүхий давхцалтай 30950 м кв газар нь улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаарахгүй байна.

        Маргаан бүхий давхцалтай газар нь “Туулын гүүр” гэх хаяг бүхий гүүрний баруун талд байрлалтай байгаа нь УИХ-ын 1995 оны  26 дугаар тогтоолын хилийн заагийн  “Баянзүрхийн авто замын гүүрний баруун талд 21 тоот шон” гэсэнтэй нийцэхгүй байгаагийн дээр Туул голын гүүр гэсэн хаяг бүхий байхад уг гүүрийг Баянзүрхийн авто замын гүүр гэж үзэх боломжгүй.

         Нөгөө талаар улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн заагийг тодорхойлж байгаа 21 тоот шон нь нэхэмжлэгчийн болон Байгаль орчин, аялал, жуулчлалын яам, БУДЦГХЗ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын үзэж байгаа Туулын гүүрний баруун талд бус харин энэ хэргийн гуравдагч этгээдийн үзэж байгаа төмөр замын хамгаалалтын зурваст (торон хашаанд) байрлаж байна.

         Энэ нь маргаан бүхий нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн давхцалтай газрын байршлаас чанх урд зүгт 1-2 км зайд байрлаж байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус шүүхээс хийсэн 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн үзлэгийн тэмдэглэлд хавсаргасан зургийн “Хилийн заагийг тогтоосон 21 дүгээр шон гэж тайлбарлав. Сайн харвал №21 шон гэж байв.” гэсэн тайлбараар[10] тогтоогдсон гэж дүгнэв.

     Монгол Улсын Их Хурлын 1995 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 26 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Дархан цаазат газрын хилийн зааг”-ийн 3 дахь хэсэгт заасан “...Яармагийн гүүрийн зүүн урд үзүүр, түүнээс зүүн тийш Туул голын урд эргээр Баянзүрхийн авто замын гүүрийн баруун урд 21 тоот шон..”   гэж тогтоосон байхад Туулын гүүр түүний ойролцоо тусгай хамгаалалттай нутгийн хилийн зааг байх боломжгүй.

       Дээрх тогтоолоор Богдхан уулын дархан цаазат газрын хилийн заагийг байршил тодорхойлсон солбицол байхгүй харин газар усны нэрээр мөн газрын байршил тодорхойлсон тоот шонгуудаар тогтоосон байх бөгөөд энэ тогтоолд дурдсан “...Баянзүрхийн авто замын гүүр...” нь Туулын гүүрнээс зүүн тийш Баянзүрхийн товчооны зүүн талд байрладаг, энэ гүүрийг зарим тохиолдолд Хөлийн голын гүүр гэж нэрлэдэг гэх хариуцагч БЗДЗД-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлтэй байна.

        Өөрөөр хэлбэл Баянзүрхийн товчооны зүүн талд байрладаг “...Баянзүрхийн авто замын гүүр...”-ээс баруун урд зүгт 21 тоот шон байхаар заасан УИХ-ийн 26 дугаар тогтоолын заалтаас үзвэл одоогийн төмөр замын хамгаалалтын зурваст байгаа 21 тоот шон нь уг тогтоолын байршил заасан тэмдэглэгээтэй нийцэж байна гэж үзэхээр байна.

          Харин хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч төмөр замын хамгаалалтын зурваст байрлаж байгаа шон нь маргаж байгаа 21 тоот шон мөн гэхдээ 21 тоот шон хаана байхаас үл хамааран давхцалтай маргаан бүхий Туулын гүүрний хажууд байгаа энэ газар тусгай хамгаалалттай газар нутагт хамаарна гэх тайлбар үндэслэлгүй.

          Өөрөөр хэлбэл тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн заагийг тодорхойлж байгаа 21 тоот шонгийн байршлыг тодорхойлохгүйгээр маргаан бүхий газар нь тусгай хамгаалалттай газар нутагт хамаарах уу эсвэл НЗД-ын газар олгох эрх хэмжээний газарт хамаарах уу гэдгийг тодорхойлох боломжгүй.

        Түүнчлэн УИХ-ын 1995 оны 26 дугаар тогтоолд заасан “...яармагийн гүүрний зүүн урд үзүүр, түүнээс зүүн тийш Туул голын урд эргээр Баянзүрхийн авто замын гүүрийн баруун урд 21 тоот шон..”  гэсэн нь Туул голын эргийг дагаж, өөрөөр хэлбэл голын эргээс хол салж тэмдэглэгдэхгүй гэсэн тайлбар үндэслэлгүй.

       Учир нь энэхүү тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн заагийг тодорхойлж тэмдэгжүүлсэн УИХ-ын 26 дугаар тогтоол нь 1995 онд батлагдсан бөгөөд тухай цаг хугацаанд суурьшлын бүс үүсээгүй байх үеийн газар нутгийн нөхцөл байдалд тохируулан тэмдэглэгдсэн байх бөгөөд “...Туул голын урд эргээр...” гэдэг томьёолол нь заавал голын эргээс салгахгүйгээр тэмдэглэгдсэн гэж ойлгогдохооргүй, өөрөөр хэлбэл бодит байдал дээр голын эргээс зайдуу байрлалд байгаа одоогийн төмөр замын хамгаалалтын бүсийн орчмыг  ч гэсэн энэ томьёололд хамааруулж ойлгож болохоор байна.

      Иймд нэхэмжлэгч “А” ХХК-д олгосон газрын байршил улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаарахгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангагдах үндэслэлгүй болно.

            3.Гуравдагч этгээдийн бие даасан болон нэмэгдүүлсэн шаардлага үндэслэлтэй болох талаар:

         Гуравдагч этгээд М.Б түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс “А” ХХК-д газар ашиглах эрх олгосон Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 433 дугаар тушаалын холбогдох хэсэг илт хууль бус болохыг тогтоолгох бие даасан шаардлага гаргасан бөгөөд Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон түүний харьяа БУДЦГХЗ 2014 онд Богдхан уулын дархан цаазат газрын хилийн заагийг тогтоосон тэмдэг, тэмдэглэгээ, координатыг өөрчлөн шинэчлэн тогтоох үйл ажиллагаа явуулсан нь илт хууль бус болохыг тогтоолгохоор бие даасан шаардлагаа нэмэгдүүлж маргасан.

         Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 25 дугаар зүйлд “Улсын Их Хурал тусгай хамгаалалттай газар нутгийн талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.”, энэ зүйлийн 2 дахь хэсэгт “Засгийн газрын өргөн мэдүүлснээр газар нутгийг тусгай хамгаалалтад авах тухай шийдвэр гаргах, эдгээр газрыг улсын тусгай хамгаалалттай газар нутгийн тодорхой ангилалд хамааруулах, дархан цаазат болон байгалийн цогцолборт газрын хийлийн заагийг батлах, өөрчлөх.” гэж тодорхой зохицуулжээ.

          Мөн Байгаль орчин аялал, жуулчлалын яам болон БУДЦГХЗ нь 2014 онд Геодези зураг зүйн газраас сонгон шалгарсан мэргэжлийн эрхтэй аж ахуйн нэгжтэй хамтран Богдхан уулын дархан цаазат газрын хилийн цэсийг Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаар тогтоолд заасан 18 цэгт баталгаажуулан тэмдэгжүүлсэн бөгөөд цэгийн байршлыг дур мэдэн өөрчлөөгүй гэж тайлбар ирүүлжээ.

        Харин хариуцагч БУДЦГХЗ 2014 оны 11 дүгээр сард “А” ХХК-тай “Богдхан уулын дархан цаазат газрын хилийн цэсийн тэмдэгжүүлэлтийн ажил гүйцэтгэх гэрээ(Дугаар №2014/01)-г[11] байгуулж хилийн цэсийн тэмдэгжүүлэлтийн 76 шон суурилуулжээ.

         Уг 76 шон суурилуулах ажлыг 20 сая төгрөгийн үнэлгээтэйгээр 2014 оны 11 дүгээр сард хийж гүйцэтгэн хилийн цэсийн багануудын координатыг  шинэчилснээс 75 дугаартай шон нь маргаан бүхий газрын орчимд суурилагдсан байсан бөгөөд улсын чанартай авто замын ажил хийгдсэнээс үүдэн уг шон одоо устсан байна.

      Түүнчлэн Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2/2071 дугаар албан бичигт[12] “Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны А-135 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг ажиллаж байсан Богдхан уулын дархан цаазат газрын хил...” гэж дурджээ.

      Хариуцагч БУДЦГХЗ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дээрх ажлыг яамны сайдын тушаалыг үндэслэн Газар зохион байгуулалт геодези зураг зүйн газартай хамтран хийж гүйцэтгэсэн гэж тайлбарлаж уг сайдын тушаалыг нотлох баримтаар ирүүлсэн хэдий ч энэ нь ажлын хэсэг байгуулсан тушаал[13] байх бөгөөд  энэхүү тушаалаар тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн цэсийн тэмдэгжүүлэлтийн талаар дурдаагүй, цаг хугацааны хувьд дээрх ажлыг хийсний дараа гарсан, уг үйл баримтад хамааралгүй байна.

       Дээрх байдалд дүгнэлт хийхэд улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн заагийг УИХ-ын 1995 оны 26 дугаар тогтоолоор 7 шон, 11 өндөрлөгөөр тогтоосон бөгөөд энэ тэмдэглэгээг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан эрх хэмжээний хүрээнд УИХ өөрчлөөгүй байхад Байгаль орчин, аялал жуулчлалын яам, БУДЦГХЗ, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар  хамтран хилийн цэсийн тэмдэглэгээний координатыг шинэчлэн тогтоож олон шон суурилуулж маргаан гарах эх үүсвэрийг бий болгожээ.

       Түүнчлэн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд Байгаль орчин, аялал, жуулчлалын яаманд тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн заагийг өөрчлөн тэмдэгжүүлэх шинээр координатжуулах эрх хуулиар олгогдоогүй байна.

        Өөрөөр хэлбэл хариуцагч тус яамнаас зохион байгуулж хийсэн тусгай хамгаалалттай газрын хилийн заагт шинээр координат бүхий 76 шон суурилуулсан үйл ажиллагаа нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль(2002 он)-ийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Захиргааны байгууллага, албан тушаалтан дараахь тохиолдолд захиргааны актыг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргана:”, 9.1.3-д “захиргааны акт гаргах эрх хэмжээгүй захиргааны байгууллага, албан тушаалтан гаргасан;” гэснийг зөрчсөн илт хууль бус үйл ажиллагаа гэж дүгнэхээр байна.

          Шүүх нэгэнт хариуцагчийн 2014 онд хэрэгжүүлсэн тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн цэсийн заагийг тэмдэгжүүлэн координатжуулсан үйл ажиллагааг илт хууль бус гэж дүгнэсэн тул Байгаль орчин, аялал, жуулчлалын яамнаас “А” ХХК-д газар ашиглах эрх олгосон 2015 оны 433 дугаар тушаал түүний нэхэмжлэгч компанид холбогдох хэсэг мөн адил илт хууль бус байна.

         Тодруулбал хариуцагч Байгаль орчин, аялал, жуулчлалын яаманд Баянзүрх дүүргийн  11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Туулын гүүрний баруун талд газар ашиглуулах шийдвэр гаргах эрх хуулиар олгогдоогүй, энэхүү маргаан бүхий газар нь тусгай хамгаалалттай газар нутагт хамаарахгүй байна.

      Өөрөөр хэлбэл илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эрх зүйн үйлчлэлгүй бөгөөд энэ тохиолдолд Байгаль орчин, аялал, жуулчлалын сайдын 2015 оны 433 дугаар тушаалаар “А” ХХК-д газар ашиглуулах шийдвэр гаргасан гэж дүгнэх хууль зүйн боломжгүй.

    Ийнхүү дүгнэхэд нэхэмжлэгчид газар ашиглах эрх олгосон хариуцагч Байгаль орчин, аялал, жуулчлалын сайдын тушаал илт хууль бус байх тул түүний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, харин Баянзүрх дүүргийн болон НЗД-ын захирамжуудаар иргэн М.Б-д газар эзэмшүүлсэн шийдвэр Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.5.3, 27 дугаар зүйлийн 27.1-д заасантай нийцсэн гэж үзэж гуравдагч этгээдийн бие даасан болон нэмэгдүүлсэн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

       Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.2, 106.3.12, 106.3.14-д заасныг үндэслэн ТОГТООХ нь:

       1.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль(2002 он)-ийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.1.3-д заасныг баримтлан Байгаль орчин, аялал, жуулчлалын сайдын тушаалаар хийж гүйцэтгэсэн гэх 2014 оны  Геодези зураг зүйн газраас сонгон шалгарсан мэргэжлийн эрхтэй аж ахуйн нэгжтэй хамтран Богдхан уулын дархан цаазат газрын хилийн цэсийг Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаар тогтоолоор тогтоосон хилийн заагийг өөрчлөн 76 шон суурилуулж тэмдэгжүүлсэн үйл ажиллагааг илт хууль бус болохыг тогтоосугай.

         2.Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.5.3, 27 дугаар зүйлийн 27.1, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль(2002 он)-ийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.1.3-д зааснаар гуравдагч этгээд М.Бы бие даасан шаардлагыг хангаж Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/433 дугаар тушаалын хавсралтын 21-д байх “А” ХХК-д холбогдох хэсэг илт хууль бус болохыг тогтоож, БЗДЗД-ын 2007 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 420 дугаар захирамжийн М.Б-д холбогдох, НЗД-ын 2008 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 442, 2015 оны А/454, А/902 дугаар захирамжийн М.Б-д холбогдох хэсгийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэгч “А” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

     3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дугаар зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн  7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчийн  болон гуравдагч этгээдийн тушаасан улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн тус бүр 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Байгаль орчин, аялал, жуулчлалын яамнаас 70200 төгрөг гаргуулан гуравдагч этгээд М.Б-д олгосугай.

         4.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.       

 

                        ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                А.НАСАНДЭЛГЭР

 

           

             

           

 

 


[1] 1 дүгээр хавтаст хэргийн 226-237 дугаар хуудас

[2] 2 дугаар хавтаст хэргийн 28-29 дүгээр хуудас

[3] 1 дүгээр хавтаст хэргийн 64-67 дугаар хуудас

[4] 1 дүгээр хавтаст хэргийн 94-98 дугаар хуудас

[5] 1 дүгээр хавтаст хэргийн 147-150 дугаар хуудас

[6] 1 дүгээр хавтаст хэргийн 193-194 дүгээр хуудас

[7] 1 дүгээр хавтаст хэргийн 110 дугаар хуудас

[8] 1 дүгээр хавтас хэргийн 242-243 дугаар хуудас

[9] 3 дугаар хавтас хэргийн 65-66 дугаар хуудас

[10] 2 дугаар хавтаст хэргийн 21 дүгээр хуудас

[11] 2 дугаар хавтаст хэргийн 105-106 дугаар хуудас

[12] 1 дүгээр хавтаст хэргийн 193-194 дүгээр хуудас

[13] 3 дугаар хавтаст хэргийн 3-4 дүгээр хуудас