Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2022/00962

 

 

 

 

 

 

 

2022 05 20 210/МА2022/00962

 

 

Ц.Тын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2022/00461 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ц.Тын хариуцагч З /цаашид З гэх/-нд холбогдуулан гаргасан төслийн зохицуулагчаар үргэлжлүүлэн ажиллуулахыг даалгах, орох байсан орлого буюу ажилгүй байсан хугацааны цалин, хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамж нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, Д.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний агуулга:

1.а. Ц.Т миний бие З-ны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 300 дугаар тушаалын дагуу Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй Бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засвар арчлалтын төслийн зохицуулагчаар томилогдон, Төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтнуудтай байгуулах хөлсөөр ажиллах гэрээг шинэчлэн байгуулж, 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ажиллахаар болсон. Гэтэл З-ны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн Б/99 дугаар тушаалаар хөлсөөр ажиллах гэрээний хугацаа дуусаагүй байхад надтай байгуулсан гэрээг 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдрөөр цуцалж, намайг үүрэгт ажлаас чөлөөлсөн.

Миний бие гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэн хөлсөөр ажиллах гэрээг жил бүр амжилттай дүгнүүлж, төсөл хэрэгжүүлэгч байгууллагатай хөлсөөр ажиллах гэрээг шинэчлэн байгуулж, ажилласаар ирсэн. Ажиллууллагч байгууллагын гэрээ цуцалсан үйлдлийг бидний хооронд байгуулсан гэрээ, холбогдох журам болон Иргэний хуульд нийцээгүй буюу хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

Азийн хөгжлийн банк /цаашид АХБ гэх/-аас Байгаль орчны менежментийн болон Нийгмийн хөгжил, жендерийн төлөвлөгөөний тайланг гаргахгүй байна гэж шаардаж байсан. Гэтэл ТХН-д Байгаль орчин болон нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан ажилтан нь томилогдоогүй юм. Уг орон тоон дээр холбогдох хүнийг томилуулахаар З-ны ТЗУГ-тай байнга харилцаж, сонгон шалгаруулалтыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлж, 2020 оны 03 дугаар сараас хойш 3 удаа оролдлого хийсэн боловч нэг бол томилогдсон хүнийг Азийн хөгжлийн банк зөвшөөрдөггүй эсвэл сонгон шалгаруулалтад хүн ирж оролцохгүй байсаар өдий хүрсэн.

Нийгмийн хөгжил, жендерийн төлөвлөгөөний тайлангийн хувьд нэгэнт хариуцсан хүн нь томилогдоогүй, тодорхой ажил хийгдээгүй байхад тайлан гаргах боломжгүй байгааг АХБ болон З-ны АЗБХЗГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Оюундэлгэрт танилцуулж байсан. Нэгэнт хариуцсан хүн нь томилогдоогүй, сонгон шалгаруулалт амжилттай болоогүйг З-ны ТНБД буюу ТУХ-ны дарга С.Батболд мэдсээр байж, АХБанк, ТУХ болон захиалагчаас өгсөн үүрэг, даалгаврын хэрэгжилт хангалтгүй, үр дүн гараагүй гэсэн үндэслэл гаргаж байгаа нь буруу юм.

З-ны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар байгуулагдсан сонгон шалгаруулалт зохион байгуулах ажлын хэсэг тус ажлыг зохион байгуулж, сонгон шалгаруулалтыг явуулдаг ба оролцсон хүмүүсээс ажлын байранд тэнцэнэ гэж үзсэн хүний нэрийг Сангийн яаманд хүргүүлсэн. Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн А56 тоот тушаалын дагуу Хяналт-шинжилгээ, үнэлгээ болон худалдан авах ажиллагаа хариуцсан ажилтны албан тушаалд Т.Туулыг томилсон бол 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн А93 дугаар тушаалаар дээрх тушаалыг хүчингүй болгож, Т.Туулыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн А56 тоот тушаалын дагуу Т.Туулын ажилласан хугацаанд хамааруулан цалин 3,350,000 төгрөгийг түүнд төлсөн. Энэхүү үйл явц нь Төсөл хэрэгжүүлэх нэгжтэй болоод Ц.Т надтай огт хамааралгүй юм.

Иймд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй Бүс нутгийн авто зам хөгжүүлэх, завсар аргачлалын төслийн зохицуулагчаар үргэлжлүүлэн ажиллуулахыг хариуцагч Зам, тээврийн хөгжлийн яаманд даалгаж, 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэлх хугацаанд авах байсан 1 сарын цалин хөлс буюу зайлшгүй орох байсан орлогоо олж авч чадахгүй хохирсон тул Иргэний хуулийн 227.3-т заасан хохирол 4,760,000 төгрөгийг мөн хуулийн 227.1-д зааснаар хариуцагчаас гаргуулж, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэж, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3, мөн хуулийн 227.1-д заасны дагуу шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаанд авах байсан цалин хөлс буюу зайлшгүй орох байсан орлогыг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэгч Ц.Тын өмнө нь хийж бүтээсэн зүйлийг үгүйсгээгүй, төсөл хэрэгжүүлэх нэгжийн зохицуулагчаар ажиллаж байсан асуудлаар маргаагүй. Тушаалыг гаргах үндэслэл санхүүгийн илүү зардалтай холбоогүй. Азийн хөгжлийн банк /АХБ/-аас Бүс нутгийн авто зам хөгжүүлэх засвар арчлалтын төслийг хэрэгжүүлэх МОН-3679/3786 зээлийн гэрээнд заасан Засгийн газрын хүлээсэн үүрэг болох төслийн үйл ажиллагааны холбогдох тайланг боловсруулж АХБ-нд тогтоосон хугацаанд хүргүүлж байх үүргийн хэрэгжилт хангалтгүй байгаа талаар АЗХ-аас удаа дараа сануулж, анхааруулсан албан бичгийг З-ны сайд Л.Халтарт болон Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд нарт удаа дараа ирүүлсэн. Тайланг хугацаанд нь ирүүлээгүй асуудалд ямар нэгэн гомдол санал, тайлбарыг гаргаагүй. Сангийн сайдын 2021 оны 4 дүгээр тушаалаар батлагдсан Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгийг ашиглах, эдгээр хөрөнгөөр санхүүжих төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, зохион байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавих, үнэлэх журамд зааснаар Хөлсөөр ажиллах гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй Ц.Тын гэрээг цуцалж, гэрээг дуусгавар болгохоор зөвшилцөх албан бичгийг 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 03/2505 дугаар албан бичгээр Сангийн яаманд хүргүүлсэн бөгөөд тус яамнаас 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 10-1/3976 дугаар албан бичгээр Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгийг ашиглах, эдгээр хөрөнгөөр санхүүжих төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, зохион байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавих, үнэлэх журам-ын 8.20.3-8.20.7 дахь заалтуудыг тус тус үндэслэн үүрэг ажлаас нь чөлөөлөхийг зөвшөөрсөн ... ажлын байрын тодорхойлолтод холбогдох тайлан мэдээг явуулах гэж байгаа, нэхэмжлэгч гэрээ болон ажлын байрны тодорхойлолтод заасан энэ үүргээ биелүүлээгүй ... Иймд хөгжлийн түнш болон захиалагч байгууллагаас ажил сайжруулах талаар тавьсан шаардлагыг удаа дараа биелүүлээгүй нь эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч З-аас 19,040,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Тт олгож, нэхэмжлэлээс төслийн зохицуулагчаар үргэлжлүүлэн ажиллуулахыг даалгах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ны өдрийг хүртэлх хугацааны нэхэмжлэгч Ц.Тын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр суутган төлж, шимтгэл хураамж төлсөн тухай нөхөн бичилт хийхийг хариуцагч З-нд даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 161,310 төгрөг төлснийг дурдаж, дутуу төлсөн 91,840 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамж 253,150 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Тт олгож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.а. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 364 дүгээр зүйлийн 364.1 дэх хэсэгт заасныг шүүх үндэслээгүй. Сангийн яамны сайдын 2021 оны 4 дүгээр тушаалаар батлагдсан Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгийг ашиглах, эдгээр хөрөнгөөр санхүүжих төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, зохион байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавих, үнэлэх журмын 2.2-д олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол энэ журмыг баримтална гэж заасныг судалж, үнэлээгүй шийдвэр гаргасан нь хууль зөрчсөн. Өөрөөр хэлбэл Зны Төрийн нарийн бичгийн дарга 2021 оны 99 дүгээр тушаал гаргахдаа, Сангийн сайдын дээрх журмын 8.20.3-д заасан хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзсэн. Мөн гэрээгээр хүлээсэн үүргээ давтан биелүүлээгүй, төсөл хэрэгжүүлэгч байгууллагаас тавьсан шаардлагыг давтан биелүүлээгүй гэх заалтыг үндэслэж, захиргааны акт гаргасан. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт гэрээг цуцлах тухай хариуцагчийн шийдвэрийн үндэслэлтэй тохирохгүй байхаас гадна төсөл хэрэгжүүлэх нэгжийн хүлээсэн үүргийн хэрэгжилт хангалтгүй гэх үндэслэл нь төслийн зохицуулагчтай байгуулсан гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан ямар үүрэгт хамааралтай, цаашлаад энэ нь гэрээг цуцлах шууд үндэслэл болж чадахгүй гэж дүгнэсэн. Гэвч бүс нутгийн засвар, ачлалтын төслийн удирдах хорооны 2021 онд хуралдсан зөвлөмжийн 3-д төслийн нэгжийн 2020 оны үйл ажиллагаанд зээлийн гэрээгээр нэгжийн хүлээсэн үүргийн биелэлт хангалтгүй, хөрөнгө оруулагч азийн хөгжлийн банкнаас удаа дараа үйл ажиллагаа сайжруулахыг анхааруулж байсанд дүгнэлт хийж, 2021 онд зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн хэрэгжилтэд онцгой анхаарч ажиллахыг даалгасан хорооны зөвлөмжийг гардуулж, төсөл хэрэгжүүлэх нэгжид хүргүүлсэн. Сангийн сайдын өмнө дурдсан ажиллах тушаалын дагуу хөлсөөр ажиллах гэрээгээр тохиролцсон үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй талаарх баримт хэрэгт авагдсан. Шүүх ажлын байрны тодорхойлолтод зааснаар ямар үүрэгт хамааралтай, цаашлаад энэ гэрээг цуцлах шууд үндэслэл болж чадахгүй гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн. Шүүхийн шийдвэрт Ц.Тын хувьд төслийн үйл ажиллагааг удирдан явуулах ердийн үүрэг хүлээсэн байх ба түүнд хөрөнгө оруулагч банк, эрх бүхий этгээдэд холбогдох тайлан гаргаж өгөх үүргийг гэрээ болон ажлын байрны тодорхойлолтоор тусгайлан хүлээлгээгүй гэж дүгнэсэн. Шүүх тус дүгнэлтийг гаргахдаа, Ц.Тт хүлээлгэсэн ердийн үүрэг гэдэг нь ямар агуулгаар, ямар эх сурвалжид үндэслэж гаргасан нь тодорхойгүй, ердийн үүрэг гэж юуг ойлгохыг ойлгомжгүйгээр тусгасан. Хэрэгт авагдсан ажлын байрны тодорхойлолт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн гаргасан тайлбарыг огт үнэлээгүй шийдвэрлэсэн. Ажлын байрны тодорхойлолтод заасан Засгийн газарт хүлээсэн үүргийн биелэлтийг цаг тухайд тайлагнах, төслийг үр дүнтэй хэрэгжүүлэх үүднээс гэрээнд заасан бүх тайланг англи, монгол хэл дээр танилцуулж ажиллах, улирлын тайланг удирдлагын баримт бичигт заасан хугацаанд монгол, англи хэл дээр боловсруулан З, Сангийн яам, Азийн хөгжлийн банканд тус тус танилцуулах үүргийг төсөл хэрэгжүүлэх нэгжийн хэрэгжүүлэгч хүлээсэн атал тус үүргүүдийг шүүх хэлэлцэлгүйгээр шийдвэрлэсэн. Шүүх төслийн 2021.05.14-ний өдрийн №01/068 дугаар Төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтан сонгон шалгаруулах тухай албан бичиг, холбогдох бусад баримтуудаас үзэхэд төслийн нэгжид орон тоо дутуу, энэ байдал нь холбогдох тайлан хугацаандаа гараагүй байдалд нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй, энэ талаар нэхэмжлэгчийн тайлбар үндэслэл бүхий байна гэж дүгнэсэн. Гэвч төсөл хэрэгжүүлэх нэгжээс ирүүлсэн гэх хэрэгт авагдсан, Занд ирүүлсэн гэх №01/068 төсөл хэрэгжүүлэх нэгжийн сонгон шалгаруулах тухай албан бичиг Занд бүртгэгдээгүй бөгөөд тухайн өдрийн 01/068 албан бичигт санхүүжилт хүсэх тухай гэх өөр утга агуулга бүхий албан бичиг бүртгэгдсэн байдаг. Нэхэмжлэгч тус баримтыг хуульд заасны дагуу үйлдээгүй нь гэрчээс авсан мэдүүлэг, хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байхад шүүхээс үүнийг үнэлээгүй шийдсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт заасныг зөрчсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх гэх заалтыг зөрчсөн. Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан гэж үзэж байна. 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 99 дугаартай Зны тухайн тушаал нь Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгийг ашиглах, эдгээр хөрөнгөөр санхүүжих төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, зохион байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавих, үнэлэх журмын 8.20.4, 8.20.5, 8.20.6-г баримталж гарсан учраас хууль зүйн үндэслэлтэй захиргааны акт гэж тайлбарладаг. Нэхэмжлэгч Ц.Тын хувьд тухайн журмын 8.20.4, 8.20.5, 8.20.6-д тус тус заасан гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, холбогдох гэрээ дүрэм журмыг зөрчсөн, давтан биелүүлээгүй, төсөл хэрэгжүүлэгч байгууллагаас тавьсан шаардлагыг давтан биелүүлээгүй гэх алдаа зөрчлүүдийг гаргаж байгаагүй. Хэрэв тухайн журамд заасан үүргээ зөрчсөн асуудал байсан бол хөлсөөр ажиллах гэрээгээ 92 хувьтай дүгнүүлэхгүй, хөлсөөр ажиллах гэрээгээ 1 жилийн хугацаагаар сунгахгүй байсан. 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Төслийн удирдах хорооны хурлын зөвлөмжийн 3 дахь хэсэг буюу төсөл хэрэгжүүлэх нэгжийн үүргийн биелэлт хангалтгүй сайжруулахыг даалгасан гэдгийг үндэслэл болгож байна. Азийн хөгжлийн банкнаас байгаль орчин менежментийн төлөвлөлтийн тайлан, нийгмийн хөгжил жендерийн төлөвлөгөөний тайлан ирэхгүй байна гэх албан бичгийг ирүүлсэн. Тус тайлангуудыг төсөл хэрэгжүүлэх нэгжээсээ ирэхгүй талаар тусгасан байсан болохоос Ц.Т тухайн тайланг гаргаж өгөхгүй, ажил үүрэг нь хангалтгүй байна гэж албан бичигт дурдаагүй. Бодит байдал дээр тухайн тайланг гаргах байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд тухайн төсөл хариуцсан нэгжид огт байгаагүй, байхгүй гэдгийг З мэдэж байсан. Тэгэхээр тус үүргээ биелүүлээгүй атлаа Ц.Тыг тухайн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж маргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Байгаль орчны ажил нь Зам тээврийн барилгын ажилтай хамтдаа явагддаг учир тухайн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний тайланг Азийн хөгжлийн банканд хүргүүлэх зайлшгүй шаардлагатай болсон. Иймд 2021 оны 01 дүгээр сараас хойш тухайн төсөл хариуцсан нэгжийн орчуулагч туслах ажилтан н.Галбадрахын хамтаар байгаль орчны тайлан гаргахаар ажиллаж байсан гэдэг нь хэрэгт авагдсан Азийн хөгжлийн банктай харьцаж байсан нь мэйл хаяг, гэрчийн мэдүүлгээр нотлогддог. Сонгон шалгаруулалт явуулах албан бичиг нь 7-10 хоногийн дараа хянагдаж бэлэн болсон учир тухайн 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн авсан огноо дугаараа тавиад хүргэж өгөхдөө, дугаарыг нь давхцуулсан асуудал байдаг. З манайд ирээгүй гэдгээ нотлоогүй, хүргэж өгсөн гэрч хүргэсэн гэдгээ нотолсон. Заавал тухайн албан бичгийг хүргэж өгснөөр сонгон шалгаруулалт зарлагдаж, орон тоо нөхөгдөх ёстой гэх зүйл ярьдаг. Засгийн газрын хөрөнгөөр хэрэгжих төслийн журмын 7.11.6-д төсөл хэрэгжүүлэгч байгууллага нь батлагдсан бүтэц, орон тоонд үндэслэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтны нээлттэй сонгон шалгаруулалт шуурхай явуулна гэж заасан. Заавал тухайн албан бичиг очсоноор тухайн сонгон шалгаруулалт зарлахаар журамд тусгагдаагүй. Журамд тусгагдаагүй зүйлийг өөрсдөө шаардаж байгаа учир тус гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан учир хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд иргэний хэргийг зөвхөн гомдолд дурьдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

2. Нэхэмжлэгч Ц.Т нь хариуцагч Занд холбогдуулан төслийн зохицуулагчаар үргэлжлүүлэн ажиллуулахыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин, хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамж нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Хариуцагч З нь нэхэмжлэгч Ц.Ттай хөлсөөр ажиллах гэрээ байгуулж, уг гэрээний дагуу нэхэмжлэгч нь Монгол улс, Азийн хөгжлийн банк хооронд 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан Санхүүжилтийн хэлэлцээрийн хүрээнд хэрэгжиж буй Бүс нутгийн автозам хөгжүүлэх, засвар арчлалтын төслийн зохицуулагчийн ажил, үүрэг гүйцэтгэхээр, хариуцагч хөлс төлөх үүргийг хүлээхээр тохиролцсон.

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэсэн.

4.а. Хариуцагч Зам, тээвэр хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн Б/99 дугаар тушаалаар нэхэмжлэгчийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэх үндэслэл зааж хөлсөөр ажиллах гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан.

4.б. Талуудын хооронд байгуулагдсан Хөлсөөр ажиллах гэрээний 6.1-д Захиалагчийн зүгээс ажилтан нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, хангалттай гүйцэтгээгүй, эсхүл гэрээ болон хууль тогтоомжийг зөрчсөн бол эхний удаад сануулах, хоёр дахь удаад ажилтны цалинг 30 хувиар 2 сарын туршид бууруулах арга хэмжээ авна, гэрээний 6.2-д Зөрчлийг гурав буюу түүнээс дээш удаа гаргасан тохиолдолд гэрээг журамд заасны дагуу цуцлана гэж тус тус заасан байна. Талууд гэрээг цуцлах үндэслэл журмыг гэрээндээ тусгайлан заасан байна.

4.в. Гэрээний уг заалтыг баримталсан буюу зохих журмын дагуу гэрээ цуцалсан гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй болно. Өөрөөр хэлбэл, ажиллуулагч байгууллагын зүгээс ажилтанд үүрэг хангалтгүй байсан талаар сануулах, 30 хүртэл хувиар 2 сарын турш бууруулах зэрэг арга хэмжээ авч байсныг нотлох баримт хэрэгт байхгүй байна.

5. Харин талуудын хооронд байгуулагдсан гэрээний анх тохиролцсон хугацаа дуусгавар болсон байх тул гэрээний харилцааг тогтоосон хугацаанаас хойш үргэлжлүүлэх буюу нэхэмжлэгчийг төслийн зохицуулагчаар үргэлжлүүлэн ажиллуулахыг хариуцагчид даалгах нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний агуулгаа талууд тодорхойлох зарчимд нийцэхгүй. Энэ талаарх анхан шатны дүгнэлт зөв болсон, уг асуудлаар нэхэмжлэгч гомдол гаргаагүй.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлж, нэхэмжлэгч Ц.Тт гэрээний хугацаанд олох байсан орлогод 19,040,000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2022/00461 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-т зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ