Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2022/01034

 

 

 

 

 

2022 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2022/01034

 

 

Г.А-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар, даргалж, шүүгч А.Мөнхзул, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 182/ШШ2022/00461 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Г.А-гийн хариуцагч Г ХХК-д холбогдох 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн зээлийн гэрээний 2.1.6-д Зээлийн хяналт, эрсдэлийн менежментийн шимтгэлд нэг удаа: зээлийн үнийн дүнгийн 1 хувь гэснийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, хүчин төгөлдөр бус гэрээний заалтын үр дагаврыг арилгуулах буюу 559,000 төгрөг гаргуулах, 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн ЗГ1415112089 тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулах буюу 10,665,213 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Я, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Н.О, Б.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 Хариуцагч Г ХХК нь зээл олгохдоо зээлийн үнийн дүнгийн 1 хувийг буюу 559,000 төгрөгийн зээлийн шимтгэлийг суутгах эрхийг өөртөө олгосон зээлдэгчид илт хохиролтой, хууль зөрчсөн нөхцөлийг гэрээнд тусгаж, дээрх мөнгийг зээлийн дүнгээс суутгаж авсан байна. Зээлийн гэрээний 2.1.6-д шимтгэл нэрээр данс эзэмшигч миний ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр, дур мэдэн буцаан суутган хасаж зээл олголтыг дутуу олгосон. Зээлийн хөрөнгийг бүрэн бүтнээр зээлийн хугацааны туршид зориулалтын дагуу ашиглах эрхтэй байтал банкны зүгээс санаатайгаар зээлийг дутуу олгож, зээлийг, бүрэн бүтэн болгох гэрээний үүргээ зөрчсөн байхаас гадна Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасныг тус тус зөрчсөн үйлдэл болсон байна. Зээлийн гэрээний 2.1.6-т Зээлийн хяналт, эрсдэлийн менежментийн шийтгэлд нэг удаа: зээлийн үнийн дүнгийн 1 хувь гэснийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, хүчин төгөлдөр бус гэрээний заалтын үр дагаврыг арилгуулах буюу 559,000 төгрөгийг гаргуулах болгон өөрчилж байна.

1.2 Зээлийн судалгаа дүгнэлт гэх тухайн салбарын захирал, харилцагчийн менежерийн гарын үсэг бүхий баримтаар нийт зээлийн 46.4 сая төгрөгөөр Капитрон банкны зээлийг хаахаар урьдаас төлөвлөсөн байна. Хөрөнгө оруулалт, тоног төхөөрөмж худалдан авах зориулалтаар зээл олгохдоо тухайн зээлийн дийлэнх хэсгийг буюу 46.4 сая төгрөгийг өөр зээлийн төлбөрт төлүүлэхээр урьдчилан төлөвлөж, энэ тухайн зээлийн дэд хорооны хуралд танилцуулж эцсийн шийдвэрийг гаргуулсан байна. Зээлийг бүхэлд нь гэрээнд заасан зориулалтаар бодитоор ашиглах, ашиглуулах бодитой нөхцөл боломжийг олгох хуулийн болон гэрээний зохицуулалтыг зээлдүүлэгч банкны зүгээс ноцтой зөрчсөн. Бодит байдал дээр зээлдэгч Г.А- нь 55.9 сая төгрөгийг бус, харин 9.5 сая төгрөгийг зориулалтын дагуу ашиглаж чадсан байна. Зээлдэгч нь 9.5 сая төгрөгийг бодитоор ашигласан хэрнээ 55.9 сая төгрөгийг ашигласан мэт зээлийн эргэн төлөлтийг хийх хэт хохиролтой үүргийг хүлээсэн байна. Зээлийн төлөлтийг төлүүлэх нь анхнаасаа боломжгүй, бүтэшгүй зүйл байсан учир эргэн төлөлт зөрчигдөж, үүний улмаас зээлдүүлэгч зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан байна. Үүнд зээлдэгч биш, өөрийн журам заавар, холбогдох хуулийн зохицуулалтыг зөрчсөн зээлдүүлэгч тал бас буруутай юм. Зээлийн мөнгөн хөрөнгөөр өөр зээлийг хаахыг урьдчилан мэдэж төлөвлөж хийсэн нь хариуцагчийн өөрийнх нь шүүхэд гаргаж өгсөн баримтуудаас тогтоогдож байгаа юм. Гэрээнд заасан хөрөнгө оруулалт, тоног төхөөрөмж худалдан авах гэсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасны дагуу дүр үзүүлсэн тохиролцоо юм. Зээлийн гэрээг бүхэлд нь дүр үзүүлсэн хэлцэл гэж үзэх үндэслэлтэй. Дүр үзүүлсэн хэлцэл учир зээлдүүлэгч хүү тооцон авах эрхээ алдана. Г ХХК-тай байгуулсан 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр ЗГ1415112089 тоот зээлийн гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулах буюу 10,656,213 төгрөг гаргуулж өгнө үү.

Дээрх нөхцөл байдлын улмаас зээлийн эргэн төлөлтийг зээлдэгч хожим төлөх боломжгүй байдал үүснэ гэдгийг зээлдүүлэгч урьдаас мэдсэн гэж үзэх үндэслэлтэй юм.

Зээлийн үйл ажиллагааны журмын дагуу банк зээл олгохоос татгалзах үүрэгтэй, түүнчлэн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлсэн хэлцлээс зайлсхийх ёстой боловч энэхүү үүргээ биелүүлээгүй буруутай байна.

Хэрэгт авагдсан Гны зээлийн дэд хорооны хурлын протокол-ын зээлдэгч Г.А-д хамаарах хэсгээс үзвэл Капитрон банкны зээлийн талаар урьдчилж мэдсэн, энэ талаар хэлэлцэж шийдвэрлэсэн гэдэг нь харагдаж байгаа юм.

Гны Зээлийн үйл ажиллагааны журам-ын 2 дугаар зүйлийн 2.1-д хөрөнгө оруулалтын зээл: Тодорхой төрлийн хөрөнгө худалдан авах, бий болгох зориулалтаар харилцагчид олгох, тухайн худалдан авсан хөрөнгийг заавал барьцаалах зээлийн бүтээгдэхүүн гэж заасан байна. Гэвч энэхүү журмын заалтаа зөрчиж, хөрөнгө оруулалтын зээл олгох нэрийдлээр зээлдэгчийн өөр банк дахь зээлийг хаахаар төлөвлөсөн байна гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1.Талууд 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр ЗГ1415112089 дугаартай Зээлийн гэрээ байгуулж 55,900,000 төгрөгийг жилийн 27.6 хувийн хүүтэйгээр 60 сарын хугацаатайгаар зээлж авсан. Тус гэрээг байгуулахдаа талууд Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, мөн хуулийн 195 дугаар зүйлийн 195.1-д зааснаар хүсэл зоригоо илэрхийлэн, аливаа дарамт шахалтгүйгээр гэрээнд гарын үсэг зурж, байгуулсан байна. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3 дахь хэсэгт заасны дагуу зээлдүүлэгч зээл олгох нөхцөл болзлыг хуулийн дагуу тогтоох ба зээлийн харилцаанд оролцогч талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр зээл олгох үйл ажиллагаа хийгддэг байна. Өөрөөр хэлбэл, банкны зээлийн шимтгэл нь нэг удаагийн шинжтэй, нийтэд урьдчилан мэдээлсэн байдаг. Тиймээс гэрээний 2.1.6, 2.7 дах хэсэгт шимтгэл-ийн талаар талууд тохиролцож, гарын үсэг зурсан байна. Зээлийн гэрээний 2.2 дахь хэсэг Зээл нь зээл авсан өдрөөс эхлэн түүнийг бүрэн төлж дуусах хүртэл хугацаанд төлөгдөөгүй байгаа зээлийн үлдэгдэлд зээлийн хугацаа дууссанаас үл хамааран сар бүр энэхүү гэрээний 2.1.1-т заасан хувийн хүүг төлнө, 2.3 дахь хэсэг Зээлийн хугацаа нь зээлийн хөрөнгийг зээлдэгчийн зээлийн харилцах дансанд шилжүүлснээр, бэлнээр авах тохиолдолд Зээлдэгч зээлийн хөрөнгийг хүлээн авсан өдрөөс эхлэх бөгөөд энэ өдрөөс эхлэн хүү тооцож эхэлнэ, 2.5 дахь хэсэг ... 2.1.1-т заасан үндсэн хүүний 20%-тай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг зээлийн эргэн төлөлтийг график хугацаанд нийцүүлэх хүртэл хугацаан төлөхөөр талууд харилцан тохиролцов. гэж зааснаас үзвэл зээлдэгч зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхийг хүлээн зөвшөөрсөн байна. Нөгөө талаас банк зээлдэгчийн өмнө зээлийн гэрээний 3.5.1 дэх хэсэг Банк зээл олгосон даруй зээл олгосон өдөр, олгосон зээл, түүнд бодогдох хүүний хувь хэмжээ, зээл төлөх график, улмаар графикийн дагуу зээл, зээлийн хүүг төлж буй эсэх байдал, тодорхой хугацаан дахь зээлийн төлөгдөөгүй байгаа дүнг тус тус харуулсан бүртгэлийг хөтлөх үүрэгтэй, 3.5.3 дахь хэсэг Банк зээлдэгчид дотоодод мөрдөгддөг зохих журамд заасан банкны ерөнхий нөхцөлийг баримтлан зээлдэгчийн хүссэн банк санхүүгийн бусад үйлчилгээг соёлч боловсон чирэгдэлгүй үзүүлнэ. гэсэн үндсэн үүргийг тус тус хүлээсэн. Банк энэхүү үүргээ бүрэн биелүүлж зээлийг олгож, зохих бүртгэлийг явуулж ирсэн. Дээр дурдсанчлан, ЗГ1415112089 дугаартай Зээлийн гэрээ нь талууд хүсэл зоригоо илэрхийлэн хэлцэл хийсэн бөгөөд Иргэний хууль, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд бүрэн нийцсэн гэж үзнэ. Иймд, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

2.2.Талууд 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр ЗГ1415112089 дугаартай Зээлийн гэрээ байгуулж 55,900,000 төгрөгийг жилийн 27.6 хувийн хүүтэйгээр 60 сарын хугацаатайгаар зээлж авсан. Тус гэрээг байгуулахдаа талууд Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, мөн хуулийн 195 дугаар зүйлийн 195.1-д зааснаар хүсэл зоригоо илэрхийлэн, аливаа дарамт шахалтгүйгээр гэрээнд гарын үсэг зурж, байгуулсан байна.

Ийнхүү талуудын хооронд байгуулагдсан Зээлийн гэрээ. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 хэсэгт заасны дагуу Г нь мөнгөн хөрөнгө болох 55,900,000 төгрөг-ийг шилжүүлсэн бөгөөд тус хөрөнгийг гэрээнд заасан зориулалтаар ашиглах бүхий л боломж нэхэмжлэгч талд байсан.

Түүнчлэн, Г болон Г.А- нар дээрх зээлийн гэрээг байгуулахаас өмнө буюу 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Капитрон банктай байгуулсан зээлийн гэрээний үүргээ биелүүлсэн байх тул хөрөнгө оруулалтын зээл болох 55,900,000 төгрөгийг гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой байсан гэж үзнэ. Тиймээс, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Г ХХК-д холбогдох 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн зээлийн гэрээний 2.1.6-д Зээлийн хяналт, эрсдэлийн менежментийн шимтгэлд нэг удаа: зээлийн үнийн дүнгийн 1 хувь гэснийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, хүчин төгөлдөр бус гэрээний заалтын үр дагаврыг арилгуулах буюу 559,000 төгрөг гаргуулах, 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн ЗГ1415112089 тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулах буюу 10,665,213 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Г.А-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Г.А-гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 587,920 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

4.а. Банк зээлдэгчид өгсөн мөнгөний хариу төлбөрт хүү авч байгаа атлаа нэмж шимтгэл авч байгаа нь буруу. Тухайн үед мөрдөгдөж байсан хуулиар энэ эрхийг банкинд олгоогүй. Бодит байдал дээр зээлийн хяналт шинжилгээнд 559,000 төгрөгийн бодитой зардал гарсан зүйл байхгүй, гарах ч боломж байхгүй. Энэ талаар хариуцагч баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй. Харилцагчийн данснаас 559,000 төгрөгийг дур мэдэн суутган авах эрх банкинд огт байхгүй. Гэрээнд шимтгэлийг хэзээ, хэрхэн ямар данснаас яаж суутгахыг заагаагүй. Хариуцагч харилцагчийн гарын үсэг бүхий шимтгэл суутгахыг зөвшөөрсөн баримт байхгүй тухай тодорхойлолтыг шүүхэд ирүүлсэн. Энэ нь данс эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр дансанд халдсан гэдгийг нотолж байна.

Монголбанк хууль бус журам гаргавал шүүх дагах албагүй. Шүүх хууль зарчмаа л барих ёстой. Банк өөрөө нөхцөлөө тогтоох асуудлыг шууд шимтгэлийг тогтоож авна гэж ойлгож болохгүй.

4.б. Зээлдэгч буюу Г.А- тухайн үед Капитрон банкинд зээлийн үлдэгдэлтэй байсан бөгөөд Гны зүгээс мэдсэн бөгөөд зээлийн судалдгаа, дүгнэлт зээлийн хорооны шийдвэр, зээлийн хорооны хурлын тэмдэглэл зэрэг баримтаас харагддаг. Капитрон банкны барьцаанд байгаа 2 ширхэг орон сууцыг Г барьцаалахаар зээлийн хорооны шийдвэр гарсан. Энэ нөхцөлд зээлдүүлэгч талд бодит байдал дээр 55,9 сая төгрөгийн зээлийг хөрөнгө оруулалтын зориулалтаар бодитоор ашиглах боломжийг олгоогүй.

4.в. Мөн Э.Баяртулгыг гэрчээр асуулгаж, түүний дансны дугаараар Хаан банкны мэдээллийг гаргуулах хүсэлт гаргасан боловч шүүх хангаагүй. Энэ нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг нотлох эрхийг хязгаарласан.

Иймд шүүхийн шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд хариуцагчийн гаргасан тайлбарын агуулга: 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Г ХХК болон Г.А- нар зээлийн гэрээ байгуулсан. Уг зээлийн гэрээнд талууд зээлийн хүү, зээлийн хугацаа зэргийг тохиролцож, талуудын хүсэл зоригийн үндсэн дээр хуульд нийцсэн гэрээ байгуулсан. Банк хуульд заасны дагуу ерөнхий нөхцөл, хүүгийн хэмжээ, зориулалт, хугацааг нийтэд мэдээллэх үүрэгтэй. Тус зээлийн хувьд зээлийн шимтгэлийг тусгаж, зээлдэгч зээлийн гэрээтэй танилцаж, зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн гэрээний шимтгэлийн хувьд 1 удаагийн шинжтэй, Монгол банкны Ерөнхийлөгчийн А236 тоот тушаалаар батлагдсан журмын дагуу шимтгэлийг зээлийн үнийн дүнгийн 1 хувиар тооцохоор зээлийн гэрээнд тусгасан. Зээлийн гэрээний 2.7-д зээлийн хяналт, эрсдэлийн менежментийн шимтгэлийг банканд өгөхийг зээлдэгч зөвшөөрсөн тул уг шимтгэлийг 1 удаа авна гэж гэрээнд тусгасан. 2013 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 55,900,000 төгрөгийн зээл олгогдсон. Тус өдөр зээлийн шимтгэл буюу 705,000 төгрөгийг зээлдэгч Г.А- зээлийн дансандаа байршуулсан. Зээлийн олголт буюу 55,900,000 төгрөгөөс зээлийн шимтгэл аваагүй, зээлдэгч гэрээний дагуу шимтгэлийн төлбөрийг дансандаа хийсэн үйл баримт болсон. Анхан шатны шүүх Иргэний хууль, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд нийцсэн хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэсэн. Зээлдэгч Капитрон банк ХХК-аас авсан зээлээ 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хаасан. 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Г ХХК-тай гэрээ байгуулж, 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 55,900,000 төгрөгийг олгосон. Дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэдэг нь тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус тухайн хэлцлийг хийх хүсэл эрмэлзэлгүйгээр хийсэн хэлцлийг ойлгоно. Уг зээлийн хувьд хөрөнгө оруулалтын зээл буюу зээлдэгч хүсэлт гаргаж, банк хүсэлтийг нь үндэслэж холбогдож журмын дагуу шийдвэрлэсэн учир дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэлгүй. Уг зээлийн маргаан шимтгэл, хүүтэй холбоотой шаардлага байсан бөгөөд иргэн н.Баяртулга, Г.А- нарын хоорондын харилцаа уг зээлийн гэрээтэй хамааралгүй. Цаг хугацааны хувьд Капитрон банк ХХК-аас авсан зээл Г ХХК-аас авсан зээлээс өмнө хаагдсан учир Капитрон банк ХХК-аас авсан зээлийг хаахтай холбоотой 2 иргэний хооронд үүссэн харилцаа уг зээлтэй хамааралгүй. Банк хөрөнгө барьцаалж зээл олгохоор Капитрон банк ХХК-аас авсан зээлийг хааж байгаа үйл баримт байхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаж, өөрчлөлт оруулав.

 

1. Нэхэмжлэгч Г.А- нь хариуцагч Г ХХК-д холбогдуулан 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн зээлийн гэрээний 2.1.6-д Зээлийн хяналт, эрсдэлийн менежментийн шимтгэлд нэг удаа: зээлийн үнийн дүнгийн 1 хувь гэснийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, хүчин төгөлдөр бус гэрээний заалтын үр дагаврыг арилгуулах буюу 559,000 төгрөг гаргуулах, 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн ЗГ1415112089 тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулах буюу 10,665,213 төгрөг гаргуулах-аар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

2.а. Г ХХК нь Г.А-тай 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Хөрөнгө оруулалт, тоног төхөөрөмж худалдан авах зориулалтаар ЗГ1415112089 тоот зээлийн гэрээ байгуулж, 55,900,000 төгрөгийг, 60 сарын хугацаатай, жилийн 27,6 хувийн хүүтэй, үндсэн хүүний 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлөх нөхцөлтэйгээр зээлүүлсэн үйл баримт хэрэгт авагдсан зээлийн гэрээ, зохигчдын тайлбараар тогтоогдсон байна./хх1-2, 4-16/

 

2.б. Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

 

3. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын 1 хувийн шимтгэл хууль бус гэх агуулгатай хэсэг үндэслэлтэй байна.

 

3.а. Нэхэмжлэгч давж заалдах гомдлын нэг үндэслэлээ ...хариуцагч Г ХХК нь анх зээл олгохдоо 1 хувийн шимтгэл гэж 559,000 төгрөгийг дур мэдэн суутган авсан, ийм эрх банкинд олгогдоогүй гэжээ.

 

3.б. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй байхаар заасан. Хэргийн 8-10 дугаар талд авагдсан зээлийн дансны хуулгаас үзэхэд нэхэмжлэгчид 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 55,900,000 төгрөгийг зээл олгов гэж шилжүүлсэн, харин 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 559,000 төгрөгийг зээлийн шимтгэл авав гэж суутган авсан гэх тайлбар, гомдол үндэслэлтэй байна.

 

3.в. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар банк мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх үүрэгтэй. Мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт зааснаар зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно. Талууд хүүтэй зээлийн гэрээ байгуулсан байна.

 

3.г Мөн талуудын хооронд байгуулагдсан уг гэрээ нь Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1 дэх хэсэгт заасан стандарт нөхцөл бүхий гэрээ болно. Хариуцагч байгууллага зээлийн гэрээний 2.1.6-д зээлийн хяналт, эрсдлийн менежментийн шимтгэлд 1 удаа зээлийн үнийн дүнгийн 1 хувь буюу 559,000 төгрөг төлөх-өөр гэрээнд заасан байх боловч нэхэмжлэгч уг шимтгэлийг хүлээн зөвшөөрөхгүй маргаж байна.

Тусгай зөвшөөрлийн үндсэн дээр зээл олгох үйл ажиллагаа явуулах хүрээнд байгуулагдсан зээлийн гэрээний дагуу зээлдүүлэгчээс гэрээгээр тохиролцон авч болох хариу төлбөрийн талаар Иргэний хууль болон Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд тусгайлан зохицуулсан.

Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хууль /1995 он/-ийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө гэж заасан.

Өөрөөр хэлбэл, зээл олгосон шимтгэл буюу зээлдүүлэгчийг өөрийн үндсэн үйл ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх хяналт, эрсдэлийн менежментийн төлбөрийг зээлдүүлэгчээс авах эрхийг хуулиар банкинд олгоогүй. Хариу төлбөртэй буюу хүү тогтоосон зээлийн гэрээний төлбөр дээр нэмж өөр хураамж, шимтгэл авахаар тогтоосон гэрээний уг заалт нь Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.2.5-д зааснаар хүчин төгөлдөр бус юм.

Иймээс зээлийн гэрээний шимтгэл 559,000 төгрөгийг буцаан гаргуулах нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5 дахь хэсэгт нийцнэ.

 

4. Харин нэхэмжлэгчийн зээл 55,900,000 төгрөгийг Капитрон банкны зээлийг хаасан буюу зээлийг зориулалтын дагуу ашиглах боломжийг олгоогүй, үүнийг хариуцагч мэдэж байсан, иймд хүү авах эрхээ алдсан гэх гомдол үндэслэлгүй байна. Учир нь Гнаас олгосон зээлийн мөнгөн хөрөнгийг Капитрон банк руу шилжүүлсэн нь нэхэмжлэгчийн өөрийн хүсэл зоригийн үндсэн дээр хийсэн үйлдэл байна. /2хх 24-25/ Тодруулбал, хариуцагч Гны зүгээс нэхэмжлэгчийн өөр банкин дахь зээлийг хаасан аливаа гүйлгээ хийгээгүй байна.

4.а. Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт зааснаар талууд гэрээний 2.1.1-д хүүгийн талаар тодорхой тохиролцсон байна. Иймд нэхэмжлэгчийн 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн ЗГ1415112089 тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулах буюу 10,665,213 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

4.б. Түүнчлэн, анхан шатны шүүх Э.Баяртулгыг гэрчээр асуулгах, түүний дансны дугаараар Хаан банкны мэдээллийг гаргуулах хүсэлтийг хангаагүй нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа нотлох эрхийг хязгаарласан гэх агуулга бүхий гомдлыг хангах боломжгүй. Э.Баяртулгын дансны хуулга болон түүнийг гэрчээр асуулгах нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт биш байх тул энэ талаарх гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчоос өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 182/ШШ2022/00461 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452.1, 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5, 205 дугаар зүйлийн 205.2.5-д заасныг тус тус баримтлан хариуцагч Г ХХК-аас 559,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.А-д олгож, нэхэмжлэлийн 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн ЗГ1415112089 тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, 10,665,213 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, 2 дахь үлдээсүгэй гэснийг үлдээж, Г ХХК-аас 17,420 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай гэж тус тус өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 587,920 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ