Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Мишигийн Батсуурь |
Хэргийн индекс | 128/2019/0739/З |
Дугаар | 310 |
Огноо | 2020-07-22 |
Маргааны төрөл | Бусад, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2020 оны 07 сарын 22 өдөр
Дугаар 310
“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Эрүүл
мэндийн яаманд холбогдох
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч,шүүгч: Ч.Тунгалаг
Шүүгчид: Г.Банзрагч
Х.Батсүрэн
Д.Мөнхтуяа
Илтгэгч шүүгч: М.Батсуурь
Нарийн бичгийн дарга: Б.Уранзаяа,
Нэхэмжлэлийн шаардлага: Гүйцэтгэлийн баталгааг цуцлахаас татгалзсан Эрүүл мэндийн яамны шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, цуцлахыг даалгах,
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 128/ШШ2020/0060 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 271 дүгээр магадлалтай,
Шүүх хуралдаанд оролцогч:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, түүний өмгөөлөгч Ц.Ц нар,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 128/ШШ2020/0060 дугаар шийдвэрээр: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.2, 43.3, 43.4, 43.4.1-д заасныг баримтлан гүйцэтгэлийн баталгааг цуцлахаас татгалзсан Эрүүл мэндийн яамны шийдвэрийг хууль бус болохыг тогтоож цуцлахыг даалгах Андгай компанийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 271 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 60 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.
Хяналтын журмаар гаргасан гомдол:
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... Нэг. Шүүх шударга ёс, тэгш байдлын зарчмыг баримталсангүй. “Зооноз өвчин судлалын үндэсний төвийн агуулахын байрны барилга барих” гэрээний талууд болох “А” ХХК болон Эрүүл мэндийн яам нь захиргааны гэрээний харилцаанд адил эрх эдэлж, үүрэг хүлээх ёстой. Гэтэл ажлыг гүйцэтгэхэд төдийлөн хамааралгүй асуудлаар “А” ХХК-ийг буруутган нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Энэхүү ажлыг гүйцэтгэж чадаагүйд хариуцагч Эрүүл мэндийн яам буруутай байсан ч шүүх захиргааны байгууллагын талд шийдвэрээ гаргасан. Барьцаа хөрөнгийн дансанд санхүүжилтийг байршуулж, урьдчилгаа төлбөрийн баталгаагаар олгоно гэж шийдвэрлэчихсэн атлаа явцын дунд санхүүжилт олгож чадахааргүй болж, ажил гүйцэтгэх хугацаа дуусаагүй байхад 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Үндэсний аудитын газрын 01/96ГАГ-2018-01-ГА дугаар актаар санхүүжилтийг улсын төсөвт төвлөрүүлэх шийдвэр гарсан.
4. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх магадлалын Хянавал хэсэгтээ “...бодит бус гүйцэтгэлийг баталгаажуулан санхүүжилт авахаар материал ирүүлсэн нь нотлогдсоноор захиалагчийн зүгээс санхүүжилт олгож чадаагүй үйл баримт тогтоогдсон тул үүрэг гүйцэтгэгчийн буруугаас гэрээний үүрэг зөрчигдсөн гэж үзэх ба энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэлт хийжээ” гэжээ. Санхүүжилт олгох боломжгүй болсон нь бодит бус гүйцэтгэлийн ажлын тайлантай ямар ч шалтгаант холбоогүй бөгөөд 2019 он гарсны дараа Хөрөнгө оруулалтын хэлтэс барьцаа хөрөнгийн данснаас мөнгөө гаргаж, санхүүжилтээ олгож чадаагүйтэй холбоотой энэхүү ажил хийгдээгүй. Санхүүжилт олгогдох эсэх нь эргэлзээтэй, нэгэнт эргэн татагдах нь ойлгомжтой болсон зэрэг нөхцөл байдал илэрхий байсан тул “А” ХХК нь 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс хойш удаа дараа гэрээг цуцлах хүсэлтээ Эрүүл мэндийн яаманд хүргүүлж байсан. Энэхүү нөхцөл байдлыг шат шатны шүүх ойлгож хүлээж авахгүй байгаад харамсаж байна.
5. Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2-т “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж заасныг анхаарч үзэхийг хяналтын шатны шүүх бүрэлдэхүүнээс хүсэж байна. Монгол Улсын Үндсэн хуулийн энэхүү зарчмын дагуу шүүх хэргийг шийдвэрлэх ёстой байсан.
6. Хоёр. Объектив нөхцөл, хүчин зүйлийн улмаас ажлыг гүйцэтгэх боломжгүй байсан. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж, 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр тендерт ялсан “А” ХХК-тай гэрээ байгуулсан /2018.12.08-ны өдөр гэрээнд захиалагч талын мэргэжилтнүүд гарын үсэг зурсан/. Улмаар 12 дугаар сар гарсан тул барилгын ажил эхлэх боломжгүй болсон. Төсвийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.7-д заасны дагуу барилгын ажилд төсөвлөгдсөн мөнгийг оны төгсгөлд буцаан татах байсан тул арга буюу 68 хувийн ажил гүйцэтгэсэн тухай тайлан гаргаж захиалагчид хүргүүлсэн. Гэсэн хэдий ч энэхүү санхүүжилт “А” ХХК-д олгогдоогүй. Эрүүл мэндийн яам өөрийн шийдвэрээр 230,260,188 төгрөгийг барьцаа хөрөнгийн дансанд хууль зөрчиж байршуулсан байсан. Ийнхүү байршуулсантай холбоотой асуудалд “А” ХХК оролцоогүй. Тухайн үеийн хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Г.Эрдэмбилэг “танай санхүүжилтийг барьцаа баталгааны дансанд байршуулсан, оны дараа урьдчилгаа төлбөрийн баталгаа гаргаж санхүүжилтээ аваарай” гэж хэлж байсан.
7. Гэрээний дагуу санхүүжилтийг гүйцэтгэлээр олгох байсан ч “Андгай" ХХК цаг уурын нөхцөл, холбогдох хууль, стандартын улмаас 2018 оны 12 дугаар сараас 2019 оны 4 дүгээр сарыг хүртэл барилгын ажил явуулах боломж огт байгаагүй. Давж заалдах шатны шүүх магадлалдаа “...гэрээ байгуулсан боловч гэрээнд заасан хугацаанд барилгын ажлыг хийж гүйцэтгээгүйн улмаас дээрх гэрээ цуцлагдсан үйл баримт тогтоогдож байна” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Санхүүжилт татагдаагүй, олгогдох нь тодорхой байсан бол “А” ХХК нь 2019 оны 04 дүгээр сараас ажлаа гүйцэтгэх бүрэн боломжтой байсан. Гэрээний хугацаанд захиалагч байгууллага төсөв, санхүүжилттэй холбоотой зөв менежмент хийж чадаагүй бөгөөд ажлыг хэрэгжүүлэх боломжийг хязгаарласан. Гаргасан шийдвэрээсээ удаа дараа ухарч, өөрчилж байсан нь нэхэмжлэгчид ойлгомжгүй байдал бий болгосон. Анхан шатны шүүх “...Нэхэмжлэгч захиалагчийн зарласан барилгын ажил гүйцэтгэх нээлттэй тендер шалгаруулалтад оролцож хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн гэж гэрээ байгуулсан атлаа гэрээнд заасан ажлаа хийж гүйцэтгээгүй, гэрээгээ дүгнүүлээгүй байгаа нь гүйцэтгэлийн баталгааг цуцлахыг шаардах эрхгүй байна” гэх дүгнэлт хийхдээ “А” ХХК нь ажлаа хэрэгжүүлэх боломжтой байсан эсэхийг бодитоор дүгнэсэнгүй.
8. Гурав. Гүйцэтгэлийн баталгааг улсын орлого болгох хууль зүйн боломж байхгүй. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль болон гэрээнд гүйцэтгэлийн баталгааг улсын орлого болгох талаар зохицуулсан зүйл байхгүй. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасны дагуу захиргааны үйл ажиллагаанд хуульд үндэслэх зарчмыг баримтлах ёстой боловч гүйцэтгэлийн баталгааг цуцлахаас татгалзаж, улсын орлого болгохоор шийдвэрлэж байгаа нь хуульд үндэслээгүй болно.
9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бат-Эрдэнэ шүүх хуралдаанд “...Гүйцэтгэлийн баталгааг цуцлах боломжгүй тухай гэж бид мэдэгдэл өгсөн болохоос биш гүйцэтгэлийн баталгааг улсын орлого болгоно гэдэг албан бичиг өгөөгүй” гэж хэд хэдэн удаа тайлбарлаж байсан өөрөөр хэлбэл “А” ХХК-д ч, Эрүүл мэндийн яаманд ч уг мөнгө хамааралгүй байх ёстой гэж байгаагаас дүгнэхэд хариуцагчийн асуудалд хандаж байгаа байр суурийг харж болохоор байна.
10. Дөрөв. “Гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүйтэй холбоотой шаардах эрх үүсдэг тул нэхэмжлэгч “А” ХХК-ийн үүрэг дуусгавар болсон гэж үзэхгүй” гэх дүгнэлтийн тухайд: Хариуцагч Эрүүл мэндийн яамны зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад учирсан хохирол, гэм хорын асуудал огт ярьдаггүй, бодит хохирол үүсээгүй байхад давж заалдах шатны шүүх хохирлыг гүйцэтгэлийн баталгаагаар барагдуулах ёстой гэж алдаатай дүгнэлт хийлээ. Иргэний хуулийн үүргийн эрх зүйн зохицуулалтуудыг шүүх хэрэглэх шаардлага байгаагүй. Учир нь “Андгай" ХХК үүргээ зөрчсөнөөс гэрээ цуцлагдаагүй бөгөөд санхүүжилт татагдаж, цаашид гэрээг хэрэгжүүлэх боломжгүй болсон тул гэрээг цуцлах саналыг гүйцэтгэгч талаас удаа дараа тавьсан. Хохирсон байгууллага нь “А” ХХК байтал захиалагч болохынхоо хувьд гэрээгээр болон хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлж чадаагүй Эрүүл мэндийн яамыг хохирсон гэж дүгнэсэн нь буруу юм.
11. Нэхэмжлэгч “А” ХХК нь гэрээний дагуу барилгын ажлыг гүйцэтгэхтэй холбоотой зардал, ихээхэн хүч гарган хөөцөлдсөн цаг хугацаагаараа хохирч байгаа хэдий ч энэхүү асуудлаараа шүүхэд нэхэмжлэл гаргаагүй. Гагцхүү зөвхөн гүйцэтгэлийн баталгаа болгон Хаан банкинд байршуулсан 16,700,000 төгрөгийг цуцлуулах талаар шүүхэд хандаж байгааг ойлгож хүлээж авахыг хүсье. Баталгаа гаргах гэрээний 1.1.2-т “Баталгааны төрөл: Эх үүсвэртэй” гэж заасны дагуу бид өөрсдийн мөнгийг банкинд байршуулсан гэдгийг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ гэж найдаж байна.
12. Иймд шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэхийг хүсье” гэжээ.
ХЯНАВАЛ:
13. Нэхэмжлэгч “А” ХХК нь Эрүүл мэндийн яаманд холбогдуулан “Гүйцэтгэлийн баталгааг цуцлахаас татгалзсан Эрүүл мэндийн яамны шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, гүйцэтгэлийн баталгааг цуцлахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.
14. Нэхэмжлэгч “А” ХХК нь Эрүүл мэндийн яамнаас зарласан “Зооноз өвчин судлалын үндэсний төвийн агуулахын байрны барилга барих” ажлын нээлттэй сонгон шалгаруулалтад оролцон шалгарч 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр захиалагчтай ЭМЯ-2018/XVIII.1.41 тоот гэрээ байгуулсан; гэрээний Зургаадугаар бүлэгт заасан гэрээний тусгай нөхцөлийн 40.0-д “ажлын гүйцэтгэлээр санхүүжүүлнэ” гэж, мөн гэрээний тусгай нөхцөлд заасны дагуу гэрээний үнийн дүнгийн 5 хувьтай тэнцэх хэмжээний гүйцэтгэлийн баталгаа болох 16700000(арван зургаан сая долоон зуун мянга төгрөг)-ийг ХААН банкинд байршуулан GU2018112818057 дугаартай гүйцэтгэлийн баталгаа гаргуулсан, уг гүйцэтгэлийн баталгаанд “гүйцэтгэгч гэрээний үүргээ зөрчсөн тухай захиалагчийн анхны шаардлагыг хүлээн авсан даруй үл маргах журмаар төлбөрийг хийх үүрэг хүлээсэн бөгөөд тус баталгаа нь ажил дууссан тухай мэдэгдэл гарснаас хойш 28 хоногийн хугацаанд хүчинтэй байна” гэж заасан; нэхэмжлэгч нь гэрээнд заасан хугацаанд барилгын ажлыг хийж гүйцэтгээгүй бөгөөд санхүүжилт авахын тулд барилга угсралтын ажил 68 орчим хувийн гүйцэтгэлтэй гэж хуурамч материал бүрдүүлж ирүүлсэн зэрэг үйл баримтууд тогтоогджээ.
15. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.17-д “гүйцэтгэлийн баталгаа гэж гэрээ байгуулах эрх авсан тендерт оролцогч гэрээний үүргийн биелэлтийг бүрэн хангахыг баталгаажуулж, гэрээнд гарын үсэг зурахаас өмнө захиалагчид ирүүлсэн банкны баталгаа, Засгийн газрын бонд, Засгийн газраас зөвшөөрсөн үнэт цаасыг” ойлгохоор, 43 дугаар зүйлийн 43.1-д “Захиалагч хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчоос гэрээ байгуулахаас өмнө гүйцэтгэлийн баталгаа ирүүлэхийг шаардаж болно”, 43.2-т “Захиалагч гүйцэтгэлийн баталгааны дүнг гэрээний үнийн дүнгийн 5 хувиар тогтоож тендерийн баримт бичигт тусгана”, 43.3-д “гүйцэтгэлийн баталгаа нь гэрээ дүгнэж, бараа, ажил, үйлчилгээг хүлээлцэх хүртэл хугацаанд хүчин төгөлдөр байна”, 43.4-д “захиалагч дор дурдсан нөхцөлд гүйцэтгэлийн баталгаа ирүүлэхийг гүйцэтгэгчээс шаардана;”, 43.4.1-д “150 сая төгрөгөөс дээш төсөвт өртөгтэй ажил худалдан авах гэрээ байгуулна” гэж тус тус заажээ.
16. Эндээс үзэхэд гэрээ байгуулах эрх авсан тендерт оролцогч гэрээний үүргийн биелэлтийг бүрэн хангахыг баталгаажуулж, гэрээнд гарын үсэг зурахаас өмнө захиалагчид ирүүлсэн банкны баталгааг гүйцэтгэлийн баталгаа гэж ойлгох бөгөөд уг баталгаа нь гэрээ дүгнэж, бараа, ажил, үйлчилгээг хүлээлцэх хүртэл хугацаанд хүчин төгөлдөр байхаар хуульд зохицуулагджээ.
17. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох;” гэж зааснаар хариуцагчийн татгалзал хууль зөрчсөн болох нь тогтоогдсон тохиолдолд шүүх нэхэмжлэлийг хангах боломжтой, энэхүү хэргийн хувьд нэхэмжлэгч “А” ХХК 2018 онд барилга угсралтын ажил гүйцэтгээгүйн дээр хийгдээгүй ажлын бодит бус гүйцэтгэлийг Барилгын хөгжлийн төв болон тус яамаар баталгаажуулан санхүүжилт авахаар хандаж, хууль зөрчсөн нь шалгалтын явцад илэрсэн тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т заасныг дурдаж “гүйцэтгэлийн баталгааг цуцлахаас татгалзсан” хариуцагчийн 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 2/3561 дүгээр шийдвэр хууль зөрчөөгүй талаар анхан болон давж заалдах шатны шүүх зөв дүгнэжээ.
18. Нэхэмжлэгчээс “... объектив хүчин зүйлсийн улмаас ажлыг гүйцэтгэх боломжгүй байсан ...” гэж маргаж байгаа ч нэхэмжлэгчийн хувьд анх өөрөө хүлээн зөвшөөрч тухайн тендер шалгаруулалтад оролцож шалгарсан, 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр захиалагчтай ЭМЯ-2018/XVIII.1.41 тоот гэрээ байгуулахдаа гэрээний 4-т “... агуулахын байрны барилга угсралтын ажлыг 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр эхэлж, 2019 оны 6 дугаар сарын 30-ны өдөр ашиглалтад оруулна” гэж зааснаар тохиролцсон тул дээрх гомдлыг хүлээн авах боломжгүй.
19. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд дурдсан “... Эрүүл мэндийн яам буруутай байсан ..., ... санхүүжилт олгож чадаагүйтэй холбоотой энэхүү ажил хийгдээгүй ...” гэх үндэслэл хавтаст хэрэгт авагдсан баримтаар үгүйсгэгдэж байхын дээр хяналтын шатны шүүх үйл баримт дурдаж гаргасан энэхүү гомдлын хүрээнд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 128/ШШ2020/0060 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 271 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ТУНГАЛАГ
ШҮҮГЧ М.БАТСУУРЬ