Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 287

 

 

Э.Ууганбаяр, Ц.Цогтбаяр нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын ахлах прокурор О.Мөнхбаатар, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 27 дугаар шийтгэх тогтоол, Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 16 дугаар магадлалтай, Э.У, Ц.Ц нарт холбогдох 1915005570008 дугаартай эрүүгийн хэргийг Булган аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Сүрэнхорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол улсын иргэн, 1991 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бага боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Орхон аймаг, Баян-Өндөр сум, Говил баг, Булагт хороололын В-1-27 тоотод оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, М овогт Эын У,

2. Монгол улсын иргэн, 1994 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 26 настай, бага боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж, ах нарын хамт Орхон аймаг, Баян-Өндөр сум, Говил баг, Булагт хороололын В-А-12 тоотод оршин суух,

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 226 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж байсан, Б овогт Цийн Ц.

Э.У, Ц.Ц нар нь бүлэглэн 2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Булган аймгийн Хангал сумын 2 дугаар багийн нутаг “Чулуут” гэх газраас зөвшөөрөлгүйгээр ойгоос 2.50 метр куб мод бэлтгэж, гарал үүслийн гэрчилгээгүйгээр 07-10 ОРА дугаартай “Киа пронтер” загварын тээврийн хэрэгслээр Орхон аймаг руу тээвэрлэж байгаль экологид 71,410 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Э.У, Ц.Ц нарыг зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэсэн гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч шүүгдэгч нарыг 2 жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан битүүмжлэгдсэн 66 ширхэг буюу 2.5 м3 шинэс төрлийн түлээний хуурай мод, мөн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 65,000 төгрөгийн үнэ бүхий моторт цахилгаан хөрөөг тус тус хурааж, үнийг улсын төсөвт шилжүүлж, 07-10 ОРА дугаартай “Киа пронтер" загварын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, уг тээврийн хэрэгслийг шүүгдэгч Э.У эзэмшилд үлдээж шийдвэрлэсэн байна.

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Э.У, Ц.Ц нарт холбогдох хэргийг прокурорын газарт буцааж, дээд шатны прокурорын эсэргүүцлийг хангаж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд прокурор Д.Сүрэнхор бичсэн эсэргүүцэлдээ “...Давж заалдах шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй байна. Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 зүйл, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ‘‘Прокурор, мөрдөгч гэмт хэрэг үйл'дсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан яллагдагчид Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг үндэслэн ял оногдуулах, ялаас чөлөөлөх, ял оногдуулахгүй тэнсэж албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай болон энэ бүлэгт заасан журмаар хэрэг хянан шийдвэрлэх үндэслэл, журмыг танилцуулна” гэж заасан байх бөгөөд дээрх хуулинд орсон нэмэлт, өөрчлөлт нь 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр орж, 2020 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсөн байна.

Прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлд зааснаар 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 4/02 дугаартай хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гаргаж, яллагдагч нарт танилцуулж гарын үсэг зуруулсан /хх-н125/, мөн өдрөө яллах дүгнэлт үйлдэж, яллах дүгнэлтийн хавсралтанд яллагдагч нартай ял тохиролцож, гардуулсан тэмдэглэлдээ танилцуулж гарын үсэг зуруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дэх хэсэгт “...ял оногдуулахгүйгээр тэнсэж албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай саналыг яллагдагч, түүний өмгөөлөгчид танилцуулж, яллагдагч зөвшөөрвөл гарын үсэг зуруулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлнэ" гэсэн заалтыг хангаагүй гэж үзэх үндэслэлгүй байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан ажиллагааг шүүх шийдвэрлэхдээ мөн хуулийн 4 хэсэгт заасан "Энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан ажиллагааг явуулахад энэ хуулийн Гучин гуравдугаар бүлэгт заасан журмыг баримтлахгүй" гэсэн заалт хамаарахгүй талаар хуульчилсан бөгөөд анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана" гэж заасны дагуу шийдвэрлэсэн үндэслэлтэй, хуулийг зөв ойлгож хэрэгжүүлсэн байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4.3-т заасан “прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх" талаар буруу дүгнэлт хийж, шийдвэрлэсэн гэж дүгнэсэн байх ба уг заалтанд 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр “албадлагын” гэсэн заалтыг нэмж оруулсан байгааг давж заалдах шатны шүүх анхаарахгүй анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хуулийг буцаан хэрэглэнэ гэсэн ойлголт байхгүй, процессын хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс мөрдөгдөх зарчимтай бөгөөд хэргийг прокурорт буцаасан нь огт үндэслэлгүй, шүүгдэгч болон хэргийн бусад оролцогч нарыг чирэгдүүлж байна.

Мөн яллагдагч нараас 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан “Шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан, эсхүл энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргана” гэсэн нөхцөл байдал үүсээгүй гэж үзэж, анхан шатны шүүх шийдвэрлэсэн.

Хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн гэх дээрх хэрэгт Хангал сумын засаг даргын орлогч Ж.Батдоржийг иргэний нэхэмжпэгчээр тогтоосон /хх-н 38/, хохирогчоор мэдүүлэг авсан нь илтэд хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.1-д заасан "анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 “... 36.7 дугаар зүйлийн 3.4-т заасан “анхан шатны шүүх ... Эрүүгийн хуулийн 7.2 дугаар зүйлийн 1.3-т заасан “хөрөнгө орлогыг хураах албадлагын арга хэмжээ болох машиныг мөн заалтын 3.6 дахь хэсэгт заасны дагуу хураагаагүй” байгаа нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдож байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрүүдийг хүчингүй болгуулж, ахнан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичив.” гэжээ.

Прокурор О.Мөнхбаатар хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч Э.У, Ц.Ц нарт холбогдох хэргийг хянан хэлэлцсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хэргийн бодит байдал, үйл баримтад нийцэж, үндэслэл бүхий гараагүй байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр тэнсэж албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай саналыг яллагдагч, түүний өмгөөлөгчид танилцуулж, гарын үсэг зуруулаагүй байна. Харин давж заалдах шатны шүүхийн “Эрүүгийн хуулийн 5.2 дугаар зүйлд заасан ялын төрөлд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх ял хуульчлагдаагүй тул Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй гэсэн хууль ёсны зарчид нийцэхгүй” гэсэн үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “прокурор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзвэл хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээ, эсхүл ялаас чөлөөлөх, эсхүл ял оногдуулахгүй тэнсэж албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай саналыг яллагдагч, түүний өмгөөлөгчид танилцуулж, яллагдагч зөвшөөрвөл гарын үсэг зуруулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд даруй шилжүүлнэ” гэж заасан байх тул прокурорын эсэргүүцлийн дээрх асуудлаар бичсэн заалтыг хүлээн авч, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Булган аймгийн прокурорын газрын ахлах прокурор Д.Сүрэнхорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн Э.У, Ц.Ц нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Прокуророос Э.У, Ц.Ц нарыг бүлэглэн 2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Булган аймгийн Хангал сумын 2 дугаар багийн нутаг “Чулуут” гэх газраас зөвшөөрөлгүйгээр ойгоос 2.50 метр куб мод бэлтгэж, гарал үүслийн гэрчилгээгүйгээр 07-10 ОРА дугаартай “Киа пронтер” загварын тээврийн хэрэгслээр Орхон аймаг руу тээвэрлэж байгаль экологид 71,410 төгрөгийн хохирол учруулсан хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хууль зүйн дүгнэлт хийгдээгүй яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгон хэргийг прокурорт шилжүүлж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болжээ.

Тодруулбал, яллагдагчаас гаргасан хүсэлтийн дагуу прокурор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж тогтоол гарган хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд эрүүгийн хариуцлагын талаар санал гаргахдаа хуульд байхгүй ялын төрөл сонгосон, яллагдагчид ял, албадлагын арга хэмжээний талаарх саналыг танилцуулж, гарын үсэг зуруулаагүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байхад анхан шатны шүүх тус нөхцөл байдлыг нягтлан шалгалгүйгээр хэргийг шийдвэрлэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хуульд заасан журмыг зөрчсөн, энэ нь шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаанд хамаарч байгааг харгалзан үндэслэл бүхий шийдвэр гаргасан байна гэж дүгнэлээ.

Тиймээс дээр дурдсан ажиллагаануудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулсны дараа шүүх хууль зүйн дүгнэлт хийж хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй болно.  

Шүүхийн шийдвэрт нөлөөлж болохуйц дээрх нөхцөл байдлууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан “Хэргийн бодит байдлыг тогтоох”-д чухал ач холбогдолтой тул анхан шатны шүүхийн шийдвэр хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон магадлалыг хэвээр үлдээж, хэргийг прокурорт буцааж байгаа тул шүүгдэгч нарын гэм бурууд эцэслэн дүгнэлт хийгээгүй бөгөөд прокурор Д.Сүрэнхорын бичсэн “...анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдож байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрүүдийг хүчингүй болгуулж, ахнан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх” агуулгатай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 27 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 16 дугаар магадлалыг хэвээр үлдээж, Булган аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Сүрэнхорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

ДАРГАЛАГЧ                                                   Б.ЦОГТ

ШҮҮГЧ                                                           Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                       Б.БАТЦЭРЭН

                                                                       Ч.ХОСБАЯР

                                                                       Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН