Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 182

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч

Ж.Дэлгэрмөрөн даргалж,

Нарийн бичгийн дарга М.Сувд-Эрдэнэ,

Улсын яллагч Э.Гантулга,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч, улсын ахлах өмгөөлөгч М.Найдан,

Шүүгдэгч Э.У , Ц.Ц  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Гантулга Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.У , Ц.Ц  нарт холбогдох эрүүгийн 1915005570008 дугаартай, 163/2020/0026/Э индекстэй хэргийг 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1991 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Орхон аймгийн БаянӨндөр суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бага боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт оршин суух хаягтай, ял шийтгүүлж байгаагүй,

М овогт Э.У,

Монгол улсын иргэн, 1994 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Орхон аймгийн БаянӨндөр суманд төрсөн, 26 настай, бага боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж, ах нарын хамт оршин суух хаягтай, Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 226 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлсэн, Б овогт Ц.Ц.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.У , Ц.Ц  нар нь бүлэглэн 2019 оны 11 дүгээр сарын 03ны өдөр Булган аймгийн Хангал сумын 2 дугаар багийн нутаг “Ч” гэх газраас /ойгоос/ зөвшөөрөлгүйгээр 2.5056 м3 мод бэлтгэж, гарал үүслийн гэрчилгээгүйгээр Булган аймгийн Хангал сумаас Орхон аймгийн Баян-Өндөр сум хүртэл **-** ОРА улсын дугаартай “Киа пронтер” загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэж байгаль экологид 71410 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.У ын өгсөн: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, өмнө өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйлгүй гэх,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Ц ын өгсөн: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, өмнө өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйлгүй гэх мэдүүлэг, эрүүгийн 1915005570008 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар 2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Булган аймгийн Хангал сумын 2 дугаар багийн нутаг “Ч” гэх ойн сан бүхий газраас Э.У , Ц.Ц  нар нь зөвшөөрөлгүйгээр шинэс төрлийн түлээний хуурай 2.50 м3 мод бэлтгэж, Э.У ын эзэмшлийн **-** ОРА улсын дугаартай “Kia Fronter 0” загварын тээврийн хэрэгслээр Орхон аймаг руу гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэж байгаль экологид 71410 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-5-10 тал/,

“...тухайн модны урт нь 3.10 см, тэвшнээс дээш 1.50 см өндөртэй, 1.65 см-ийн өргөнтэй ачсан ачаатай пронтер байв. Нийт 66 ширхэг шинэс төрлийн хуурай мод байв” гэх модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-11-15 тал/,

**-** ОРА улсын дугаартай “Kia Fronter 0” загварын тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-16-19тал/, хохирогч Ж.Б ийн өгсөн: “Тухайн хүн надаас гарал үүслийн бичиг аваагүй. ...Хангал сумын 2 дугаар багийн “Ч, Хандгайт, Хөх даваа, Урт” гэх газруудад талбайн тусгаарлалт хийлгэсэн тул мод бэлтгэх эрхийн бичгийг Байгаль хамгаалагч олгож байгаа. Орон нутагт учирсан хохирлыг нөхөн төлүүлэх хүсэлтэй байгаа” гэх мэдүүлэг /хх-39-40 тал/, гэрч А.Б гийн өгсөн: “2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр би тасгийн даргын өгсөн үүргийн дагуу Орхон аймгийн гурван замын уулзвараас хойд зүгт Хангал сум руу салдаг хэсэгт зогсож хяналт шалгалт хийсэн. Тэгээд оройн 23 цагийн орчимд цэнхэр өнгийн “Пронтер” маркийн тээврийн хэрэгсэл мод аччихсан ирсэн. Тэгээд би уг машиныг зогсоож жолоочид хандан “амрыг ирье, та бичиг баримтаа үзүүлнэ үү” гэж хэлтэл тээврийн хэрэгслийн бичиг баримт болон жолооны үнэмлэхийг үзүүлсэн. Тэгээд “танд мод бэлтгэх эрхийн бичиг болон гарал үүслийн гэрчилгээ байгаа юу” гэж асуухад байхгүй талаар хэлэхээр нь тухайн тээврийн хэрэгслийг дагуулж яваад Орхон аймгийн тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаанд саатуулсан” гэх мэдүүлэг /хх-48 тал/, иргэний нэхэмжлэгч А.П гийн өгсөн: “...**-** ОРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг хоёр жилийн өмнө Орхон аймгийн “Дэнж” багт байдаг задаргаанд зарж М  гэдэг хүнд худалдсан ...надад тухайн машиныг зарсантай холбоотой мөнгө төгрөг дутуу авсан зүйл байхгүй гэх /хх-42 тал/ мэдүүлэг, гэрч Ө.М ийн өгсөн: Э.У ыг танина, хар багаасаа таньж мэддэг.

Тухайн **-** ОРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2018 оны 6 дугаар сард мөнгө төгрөгөө өгөөд авч байсан юм. Тухайн үед өөрөө байгаагүй учир худалдах, худалдан авах гэрээг хийгээгүй, би уг тээврийн хэрэгслийг П  гэх хүнээс худалдаж авч байсан. Мөнгө төгрөгний өглөг, авлага байхгүй гэх /хх-44 тал/ мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Э.У ын гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн: “...би хэрэг болох үед Орхон аймагт ажлаасаа чөлөө аваад ирчихсэн байж байхад манай эхнэр А  төрсөн. Тэгээд эмнэлгээс гараад гэртээ ирээд 2 хонож байхад гэрийн түлшний мод дууссан. Тэгээд улмаар модонд явахаар болоод хуурай дүү болох Ц  дээр очоод “хамт модонд яваад өгөөч, эхнэр төрчихсөн гаднаа түлэх түлээгүй болоод хэцүү байна” гэж хэлэхэд нь “за тэгье” гэж хэлээд хамт модонд явсан. Тэгээд тухайн газраас Хангал сумын төв ороод мод бэлтгэх эрхийн бичиг өгдөг хүн дээр очтол өрөө нь цоожтой байсан. ...Тэгээд буцаад гэрлүүгээ харих гэтэл шатахууны мөнгө хайран санагдаад, мөн нялх хүүхэдтэй байсан учир гал алдаж болохгүй гэж бодоод модоо ачихад тааруулж хөрөөдөөд ачсан. Тэгээд уулнаас шөнө 23 цагийн орчимд сайжруулсан шороон зам дээр гарч яваад Орхон аймгийн зүүн талд байдаг гурван замын цагдаагийн хяналт шалгалтын хэсэг дээр очиход цагдаа зогсоож шалгасан. Тэгээд надаас мод бэлтгэх эрхийн бичиг болон, гарал үүслийн гэрчилгээг асуухаар нь би байхгүй талаар хэлэхэд ачсан модны хамтаар тээврийн хэрэгслийг маань Орхон аймгийн тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаанд саатуулсан. Ц  хамтран оролцсон. Өөр хамтран оролцсон хүн байхгүй...” гэх мэдүүлэг /хх-82-83 тал/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Ц.Ц ын гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн: “...Тэгээд тухайн ойгоос хуурай мод хайж байгаад У ын өөрийн эзэмшлийн Хятад улсад үйлдвэрлэсэн цахилгаан хөрөөгөөр 10 орчим босоо мод унагаасан. Тэгээд ачихад тааруулж хөрөөдөөд улмаар машиндаа ачаад уулнаас 22 цагийн орчимд хөдөлсөн. Сайжруулсан шороон зам дээр гарч улмаар Орхон аймаг руу явж байхад Орхон аймгийн зүүн талын 3 замын уулзвар гэх газарт очиход замын цагдаа болов уу гэлтэй цагдаа гарч ирээд зогсоож шалгаад бичиг баримт үзсэн. Тэгээд мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүсэл байхгүй байна гэж хэлээд тээврийн хэрэгслийг ачсан модны хамтаар Орхон аймгийн тээврийн хэрэгсэл саатуулах хашаанд саатуулсан. Уг нь У ын хамтаар Булган аймгийн Хангал сумын төв ороод байгаль хамгаалагч буюу мод бэлтгэх эрхийн бичиг өгдөг хүнтэй уулзах гэтэл өрөөндөө байхгүй байгаа талаар зүс үл таних хүн хэлсэн. Тухайн үед гар утас руу нь залгаж үзээгүй. Тэгээд хоосон буцаад яахав гэж ярилцаж байгаад шууд уул руу явж мод бэлтгэж ачсан юм. У ын хамтаар модонд явсан. Өөр тусалж дэмжсэн хүн байхгүй. Гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Аль болох хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-84-85 тал/,

“бэлтгэсэн мод нь шинэс төрлийн, түлээний хуурай мод байна. Энэ модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 66 ширхэг 1.60 см урт шинэс 2.5056х1=2.5056м3 х28500=71410 гэх үнэлгээ /хх51 тал/,

“...уг шинжлэгдэж буй мод нь шинэс төрлийн, түлээний хуурай мод байна. Мод бэлтгэсэн газар нь ойн сангийн ашиглалтын бүс бөгөөд уг газарт 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр талбайн тусгаарлалт хийсэн байна” гэх Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгон дахь сум дундын ойн ангийн шинжээчийн дүгнэлт /хх-53 тал/,   гэмт хэрэг үйлдэхдээ ашиглаж эд мөрийн баримтаар хураагдсан Бүгд найрамдах хятад ард улсад үйлдвэрлэгдсэн моторт хөрөө зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

Мөрдөгч дээр дурьдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гарахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хууль бусаар мод бэлтгэх, гарал үүслийн гэрчилгээгүй мод тээвэрлэсэн гэдэгт мод бэлтгэх болон тээвэрлэх зөвшөөрлийг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас аваагүй, тогтоосон төлбөр хураамжийг төлөөгүй байхыг, түүнчлэн зөвшөөрөлтэй боловч уг зөвшөөрөлд зааснаас өөр хугацаанд, өөр газар, илүү хэмжээгээр, эсвэл өөр нэр төрлийн мод бэлтгэсэн үйлдлийг тус тус ойлгоно.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаар шүүгдэгч Э.У , Ц.Ц  нарын зохих зөвшөөрөлгүй мод бэлтгэж, тээвэрлэхээр санаатай нэгдсэн үйлдэл нь идэвхтэй, өөрийн үйлдлийн хууль бус болохыг ухамсарлаж, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хүрээлэн байгаа орчны эсрэг хууль бусаар мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул шүүгдэгч Э.У , Ц.Ц  нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Э.У, Ц.Ц  нар нь гэм буруугийн талаар маргаагүй, тэдний гэм буруутай үйлдлийн улмаас байгаль экологид 71410 төгрөгийн шууд хохирол учирч Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49.2 дугаар зүйлд заасны дагуу модны экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин өсгөсөн хэмжээгээр буюу 214230 /хх-55 тал/ төгрөгийн хохирол, нөхөн төлбөрийг /хх-111 тал/ шүүгдэгч нар төлсөн байна.

Шүүгдэгч Э.У  нь өмнө ял шийтгүүлж байгаагүй, эхнэр болон 8 наснаас 03 сартай, гурван хүүхдийн хамт ... д  амжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой амьдарч байгаа зэрэг түүний хувийн байдал нь хэргийн 88-92, 113-115 дугаар талд авагдсан иргэний үнэмлэхний лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн Засаг даргын тодорхойлолт, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг нотлох баримтаар, шүүгдэгч Ц.Ц  нь 2015 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан, ээж, ах нарын хамт ...д амжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой амьдарч байгаа зэрэг түүний хувийн байдал нь хэргийн 97-98,102-108 дугаар талд авагдсан иргэний үнэмлэхний лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн Засаг даргын тодорхойлолт, шийтгэх тогтоолын хуулбар зэрэг нотлох баримтаар тогтоогдсон байна.

Шүүгдэгч Э.У , Ц.Ц  нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлоо төлсөн болон шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Э.У , Ц.Ц  нарыг тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж үзэв.

Нийтийн ашиг сонирхол түүнчлэн ард нийтийн өмчлөх эрхэд халдсан энэхүү гэмт хэргийг үйлдэхэд тоног төхөөрөмж ашиглахгүйгээр үйлдэх боломжгүй бөгөөд Портер маркийн машин нь гэмт хэргийн явцыг түргэсгэх, хохирлыг нэмэгдүүлэх зорилгоор ашиглагддаг гэж шүүх дүгнэн үзэж байна.

Хэрэгт гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан, мөрдөгчийн 2019 оны 12 дугаар сарын 01ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн **-** ОРА улсын дугаартай “Kia Fronter 0” загварын тээврийн хэрэгсэл нь шүүгдэгч Э.У ын өмчлөл, эзэмшилд байгаа болох нь А.П гийн иргэний нэхэмжлэгчээр, Ө.М ийн гэрчээр өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 4-д зааснаар шүүгдэгч Э.У аас албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Учир нь: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 2-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж тус тус заасан ба гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник хэрэгсэл нь түүний гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогод орохоор хуульчлагдсан байх тул түүнээс гаргуулж улсын төсөвт шилжүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Мөн гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого болох  мөрдөгчийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн 66 ширхэг буюу 2.5 м3 шинэс төрлийн түлээний хуурай мод, мөн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 65000 төгрөгийн үнэ бүхий моторт цахилгаан хөрөөг тус тус хурааж, үнийг улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт шүүгдэгч Э.У , Ц.Ц  нар нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдаж, шүүгдэгч Э.У , Ц.Ц  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсэн болно.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч М овогт Э.У , Б овогт Ц.Ц  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2т заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэсэн гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныгжурамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч нарт 1 /нэг/ жил хорих ял оногдуулж, шүүгдэгч Э.У , Ц.Ц  оногдуулсан хорих ялыг мөн хугацаагаар тэнсэж албадлагын арга хэмжээ тус тус хэрэглэсүгэй.

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-тзааснаар шүүгдэгч Э.У , Ц.Ц  нарт зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснааршүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Э.У , Ц.Ц  нарт сануулсугай.

  5. Энэ хэрэгт шүүгдэгч Э.У , Ц.Ц  нар нь цагдан хоригдсон хоноггүй,төлөх төлбөргүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдсугай.

  6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснааргэмт хэрэг үйлдэж олсон 66 ширхэг буюу 2.5 м3 шинэс төрлийн түлээний хуурай мод, мөн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 65000 /жаран таван мянга/ төгрөгийн үнэ бүхий моторт цахилгаан хөрөө, **-** ОРА улсын дугаартай “Kia Fronter 0” загварын тээврийн хэрэгслийг тус тус улсын орлого болгохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэххэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.У , Ц.Ц  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэдзааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахьхэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ж.ДЭЛГЭРМӨРӨН