Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Дашдоржийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 123/2017/0049/з |
Дугаар | 314 |
Огноо | 2020-07-27 |
Маргааны төрөл | Газар, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2020 оны 07 сарын 27 өдөр
Дугаар 314
“С” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг дарга,
Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст
холбогдох
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч: Х.Батсүрэн
Шүүгчид: М.Батсуурь
Б.Мөнхтуяа
Ч.Тунгалаг
Илтгэгч шүүгч: Д.Мөнхтуяа
Нэхэмжлэлийн шаардлага: “Төв аймгийн нь Батсүмбэр сумын Засаг даргын 2016 оны А/897, А/895, А/896, А/994, А/898 дугаар захирамжуудыг хүчингүй болгож, “С” ХХК-ийн 3.2 га газрын газар эзэмших эрхийг сэргээн эзэмшүүлэх, газар эзэмших гэрээг 98.6 га-аар шинэчлэн баталгаажуулахгүй байгаа Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, 3.2 га газрын газар эзэмших эрхийг сэргээн эзэмшүүлж, газар эзэмших гэрээг 98.6 га-аар шинэчлэн баталгаажуулж, эзэмших эрхийн гэрчилгээг шинээр олгуулахыг даалгах, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-...дугаартай бүртгэл ... тоот гэрчилгээ, Г-... дугаартай бүртгэл ... тоот гэрчилгээ, Г-...дугаартай бүртгэл ... тоот гэрчилгээ, Г-... дугаартай бүртгэл ... тоот гэрчилгээ, Г-...дугаартай бүртгэл ... тоот гэрчилгээ, Г-... дугаартай бүртгэл ... тоот гэрчилгээнүүдийг хүчингүй болгуулах”,
Гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан бие даасан шаардлага: “Батсүмбэр сумын Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 482 дугаар захирамжийг хүчингүй болгуулах”,
Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 05 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 328 дугаар магадлалтай,
Гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О-ийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шүүхийн шийдвэр:
1. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 05 дугаар шийдвэрээр: Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 14 дүгээр зүйлийн 14.1.3, 19 дүгээр зүйлийн 19.1.4, 21 дүгээр зүйлийн 21.1, Газрын тухай хуулийн 31 дугаар зүйлийн 31.3, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “С” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, хариуцагч Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын 2016 оны А/897, А/895, А/896, А/898 дугаар захирамжууд, Ш.А-ын газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-... дугаарт бүртгэгдсэн бүртгэл, ... тоот гэрчилгээ, О.Б-ын газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-1403002171 дугаарт бүртгэгдсэн бүртгэл, ... тоот гэрчилгээ, Ш.О-ийн газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-...дугаарт бүртгэгдсэн бүртгэл, ... тоот гэрчилгээ, Ц.Г-ын газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-... дугаарт бүртгэгдсэн бүртгэл, ... тоот гэрчилгээ, Ч.У-гийн газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэгдсэн бүртгэл, ... тоот гэрчилгээ, Ч.Ө-ын газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-...дугаарт бүртгэгдсэн бүртгэл, ... тоот гэрчилгээнүүдийг тус тус хүчингүй болгож, хариуцагч Батсүмбэр сумын Засаг даргад “С” ХХК-д 98,6 га газар эзэмшүүлэх шийдвэр гаргаж гэрээ байгуулж, гэрчилгээ олгохыг даалгаж, үлдэх нэхэмжлэлийн шаардлагаас Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын 2016 оны А/994 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах, “С” ХХК-ийн 3,2 га газрын газар эзэмших эрхийг сэргээн эзэмшүүлэх, газар эзэмших гэрээг 98,6 га газраар шинэчлэн баталгаажуулахгүй байгаа Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,
Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д заасныг баримтлан гуравдагч этгээд Ш.А, О.Б, Ш.О , Ц.Г , Ч.У , Ч.Ө нарын гаргасан Батсүмбэр сумын Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 482 дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 328 дугаар магадлалаар: Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 05 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.
Хяналтын гомдлын үндэслэл:
3. Гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх хуралдааны 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 05 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 328 дугаар магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.
4. Уг шийдвэр нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, бодит нөхцөл байдлыг бүрэн тогтоогоогүй, нотлох баримтыг бүрэн гүйцэд үнэлж дүгнээгүй, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хүлээж аваагүй нэг талыг хэт барьж шийдвэрлэсэн хэмээн үзэж байна.
5. Гуравдагч этгээд Ш.О , О.Б, Ц.Г , Ш.А, Ч.Ө , Ч.У нар нь Монгол Улсын Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Газрыг Монгол Улсын 18 насанд хүрсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага энэ хуульд заасны дагуу эзэмшиж ашиглана”, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д “газар өмчлүүлэх арга хэмжээг газар өмчлөн авахыг хүссэн иргэний сайн дурын үндсэн дээр зөвхөн энэ хуульд заасан зориулалтаар төр, олон нийтийн хяналтын дор ил тод явуулах”, 14 дүгээр зүйлийн 14.1.1-д “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг нутаг дэвсгэртээ зохион байгуулах”, 17 дугаар зүйлийн 17.3-д “Газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны дүгнэлт нь газар өмчилж авсан иргэнд эрх бүхий байгууллагаас олгосон эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний салшгүй хэсэг байна”, 19 дүгээр зүйлийн 19.1.2-д “энэ хуулийн 4.1.1-д заасан зориулалтаар газрыг нэг удаа үнэгүй өмчилж авах”, 21 дүгээр зүйлийн 21.1-д “Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг дарга иргэний гаргасан өргөдөл, тухайн иргэн энэ хуульд заасны дагуу газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсны үндсэн дээр түүнд газар өмчлүүлэх тухай захирамж гаргана”, 22 дугаар зүйлийн 22.1-д “Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг даргын гаргасан шийдвэр болон газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас олгосон нэгж талбарын дугаарыг үндэслэн иргэнд өмчлүүлсэн газрыг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хууль тогтоомжид заасны дагуу улсын бүртгэлд бүртгэж тухайн иргэн уг газрын хууль ёсны өмчлөгч мөн болохыг баталгаажуулсан Үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ /цаашид “Улсын бүртгэлийн гэрчилгээ” гэх-г эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн улсын бүртгэлийн байгууллагаас олгоно, 23 дугаар зүйлийн 23.1-д “Иргэнд өмчлүүлэх газарт кадастр хийсэн байна”, 24 дүгээр зүйлийн 24.2-д “Иргэний хувийн өмчийн газрын заагийг газар дээр нь тогтоох, тэмдэглэх, заагийн өөрчлөлтийг бүртгэж газрын мэдээллийн санд оруулах, хянах үйл ажиллагааг сумын газрын даамал, дүүргийн газрын алба тус тус хариуцан гүйцэтгэнэ” гэж тус тус заасны дагуу 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын Тамгын газарт өргөдөл гаргаж түүний дагуу тус сумын Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/987, А/895, А/896, А/994, А898 дугаар захирамж гарч, бусдын ашиглалтад олгосон газартай ямар нэгэн давхцал, маргаан байгаагүй тул газар өмчлөх эрхийг Улсын бүртгэлд бүртгэж гэрчилгээ олгогдсон байдаг. Маргаан бүхий актуудыг гаргах үед гуравдагч этгээд нарт газар өмчлүүлсэн байршилд “С” ХХК-д газар эзэмшүүлэх шийдвэр гараагүй байсан.
6. Анх олгосон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол хүчинтэй хэвээр байгаа бөгөөд Засаг дарга уг тогтоолыг үндэслэн захирамжаа гаргасан байдаг.
7. Төв аймгийн Батсүмбэр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр, Түшээ гүний аманд Мүүний шашны үйл ажиллагаа явуулдаг “С” ХХК нь 95,4 га газар эзэмшдэг юм. Анх энэхүү газрыг 100 га хэмжээтэйгээр Дэлхийн Энхтайваны төлөө Залуучуудын Монголын холбоо /ДЭТЗМХолбоо/ гэх Мүүний шашны ТББ 2004 оноос эзэмшиж байгаад, 2006 онд “С” ХХК байгуулан шилжүүлсэн байдаг.
8. ДЭТЗМХолбоо нь Түшээ гүний аманд байрлах амралтын газар, хүүхдийн зусланг 2005 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 53 дугаар тогтоолоор хувьчилж авсан байдаг боловч уг тогтоолд газрын тухай заалт огт байхгүй, 2005 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээнд эзэмшил газрын хэмжээ 100 га гэж заасан байдаг.
9. ДЭТЗМХолбоонд 100 га газрыг олгосон гэх боловч газрын хил хязгаарыг тэмдэгжүүлж, координатжуулж хүлээлгэн өгсөн акт байхгүй, кадастрын зураглал хийгдээгүй, одоог хүртэл газрын суурь үнийг төлөөгүй, газрын төлөв байдал, байгаль орчны үнэлгээг хийлгээгүй, гэрээг нэг ч удаа дүгнүүлж байгаагүй, газар дээр огт бүтээн байгуулалт хийгдээгүй гэх мэт олон зөрчил байгаагаас гадна Газрын тухай, Усны тухай, Ойн тухай болон Байгаль орчны тухай хуулиудын олон заалтыг зөрчиж олгогдсон байдаг.
10. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2009 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 16 дугаар тогтоол гарч, уг тогтоолоор “С” ХХК-ийн газрыг дахин хэмжиж олгохоор шийдвэрлэж, сумын газрын даамал, Төв аймгийн ГХБХБГ-ын кадастрын мэргэжилтэн оролцсон хэмжилтээр “С” ХХК-ын эзэмшлийн газар нь хашаагаар нь хиллэн хэмжихэд 38,9 га болсон байдаг.
11. 2012 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 19-04-029-371 дүгээр Улсын мэргэжлийн хяналтын Улсын байцаагчийн дүгнэлтээр “С” ХЖ нь тухайн аманд 100 га газар эзэмших боломжгүй гэсэн дүгнэлт ч гарсан байдаг.
12. Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын 2013 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн А/167 тоот захирамжаар хүчингүй 100 га газар эзэмших эрхийг бүхэлд нь хүчингүй болгосон, тус сумын Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/482 дугаар захирамжаар олгогдсон 95,4 га газар нь өмнө эзэмшиж байсан 100 га газартай өөр өөр байршилтай, өөр өөр нэгж талбарын дугаартай, шинээр олгогдсон газар, мөн шүүхийн шинжээчийн дүгнэлтээр 95,4 га газартай давхцалгүй гэж гарсан, 98,6 га газартай давхцалтай гэж дүгнэсэн боловч 98,6 га газрыг эзэмшүүлэх ямар нэг шийдвэр, захирамж хаана ч байхгүй, 100 га газар нь өмнө нь Усны тухай хуулийг зөрчсөн байсан тул газрын байршлыг өөрчилж, өөр газар 95,4 га газар олгосон байгаа зэрэг нотлох баримтуудыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 34.2-д “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ”, 106 дугаар зүйлийн 106.4-д “Шүүхийн шийдвэр нъ хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна” гэж заасныг зөрчиж, дутуу үнэлж хэт нэг талыг баримтлан хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан.
13. Захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхэд доорх хүсэлтүүдийг гаргасан боловч огт хүлээж аваагүй, авч хэлэлцээгүй болно.
14. Үүнд: шүүхэд хуурамч нотлох баримт гаргасан гомдлоор “С” ХХК-тай холбоотой Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2019 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хэрэг бүртгэлийн 193400266 дугаартай хэрэг нээн шалгах ажиллагаа Төв аймгийн Цагдаагийн газарт явагдаж, тус аймгийн Прокурорын газарт хянагдаж байгаа тул Монгол Улсын Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж өгөхийг хүссэн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн хүсэлт, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “С” ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Цнь шүүхэд хуурамчаар нотлох баримт гаргаж өгсөн асуудлаар уг хэргийн гуравдагч этгээд нарын нэг иргэн Ц.Г-ын гомдлоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2019 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хэрэг бүртгэлийн 193400266 дугаартай хэрэг нээн Төв аймгийн Цагдаагийн газарт мөрдөн шалгагдаж, тус аймгийн Прокурорын газарт хянагдаж байгаа болно.
15. Хэрэг бүртгэлийн 193400266 дугаартай хэрэг мөрдөн шалгагдаж, эцэслэн шийдвэрлэж дуусах хүртэл хугацаанд уг “С” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг дарга, Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст тус тус холбогдох захиргааны хэргийг доорх үндэслэлээр хянан шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал үүсч байна.
16. “С” ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Цнь гуравдагч этгээд Ц.Г-ын өмчлөлийн газар дээр буй 14,4 м.кв талбай бүхий хаягдсан худгийг манай компанийн өмч гэж 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн хурал дээр гэнэт ярьсан ба шүүхээс нотлох баримт авчрахыг удаа дараа шаардсаны дүнд 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хурал дээр худгийн паспорт, 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн хурал дээр Ү-1403002502 дугаартай Амралтын газар, 50 тонны усан сан, 3,6 м.кв талбайтай гүний худаг бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг нотлох баримтаар тус тус авч ирсэн.
17. Худгийн паспорт нь шүүх ажиллагааны явцад хуурамч гэдэг нь нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон, мөн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хувийн хэргийг Төв аймгийн Улсын бүртгэлийн газраас нотлох баримтаар авах хүсэлтийг гуравдагч этгээдийн нарын зүгээс тавьсан боловч уг байгууллагаас баримтыг дутуу ирүүлсэн байдаг. Гэвч худгийн паспорт болон Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг үндэслэн Төв аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн шийдвэрээр иргэн Ц.Г-ын өмчлөлийн нэгж талбарын 18640357938149 дугаар бүхий 0,5 га талбайтай, улсын бүртгэлийн Г-... дугаартай газрын ... дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээг түдгэлзүүлж шийдвэрлэсэн байдаг.
18. Иймд, “С” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг дарга, Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст тус тус холбогдох захиргааны хэрэг болон хэрэг бүртгэлийн 193400266 дугаартай хэрэг нь хоорондоо харилцан хамаарал бүхий тул 193400266 дугаартай Эрүүгийн хэрэг бүртгэлийн хэргийг мөрдөн шалгаж, эцэслэн шийдвэрлэж дууссанаар захиргааны хэрэг маргаан шийдэгдэнэ гэж үзэж байгаа тул Монгол Улсын Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж хүсэлтийг хангаж өгнө үү.
19. Гуравдагч этгээдүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Одонпүрэв би Төв аймгийн Цагдаагийн газарт мөрдөн шалгагдаж, тус аймгийн Прокурорын газарт хянагдаж байгаа хэрэг бүртгэлийн 193400266 дугаартай хэргийн явцын талаар ямар нэгэн дэлгэрэнгүй мэдээлэл байхгүй байгаа тул шүүхийн журмаар нотлох баримт гаргуулах хүсэлтийг гаргаж байна. Энэ талаар тус байгууллагуудад хүсэлт гаргасан боловч зөвхөн Төв аймгийн Цагдаагийн газраас хэрэг нээн, мөрдөн шалгаж байгаа хариу өгсөн байдаг. Урьд өмнө шүүх ажиллагааны явцад хэргийн нотлох баримт дутуу, хуурамч нотлох баримт гаргасан талаар яригдаж байсантай холбогдуулан Төв аймгийн Цагдаагийн газар, тус аймгийн Прокурорын газруудаас хэргийн явцын талаар дэлгэрэнгүй лавлагааг шүүхийн журмаар нотлох баримтаар гаргуулан авах хүсэлтийг хангуулж өгнө үү гэсэн 2020 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн шаардлага хангасан хүсэлтүүдийг тус тус хүлээн авахаас татгалзаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлд “Нотлох баримт гаргах, цуглуулах”, 32.7-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, 32.2-д “3ахиргааны хэргийн шүүх хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг байгууллага, албан тушаалтан, хүнээс гаргаж өгөхийг шаардах эрхтэй бөгөөд холбогдох этгээд шаардлагыг биелүүлэх үүрэгтэй”, 32.3-д “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариу тайлбарын үндэслэлийн талаар нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөх ба гаргаж өгөх боломжгүй, түүнчлэн шүүхэд мэдэгдээгүй нотлох баримтын эх сурвалжийг заах үүрэгтэй”, 32.4-д “Шүүх хуралдаан товлохоос өмнө хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нотлох баримт гаргаж өгөх үүрэгтэй, түүнчлэн нотлох баримт цуглуулахыг захиргааны хэргийн шүүхээс шаардах эрхтэй”, 34 дүгээр зүйлд “Нотлох баримтыг үнэлэх”, 34.1-д “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 34.2-д “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэсэн заалтуудыг зөрчсөн.
20. Анхан шатны шүүх уг худгийн гэрчилгээ мөн болох нь маргаантай үл хөдлөх хөрөнгийн хөрөнгийн гэрчилгээг үндэслэн шууд “С” ХХК-ийн өмчлөлийн эрхийг тогтоогоод Ц.Г-ын газар өмчлөх шийдвэр болон өмчлөх эрхийн гэрчилгээг түдгэлзүүлж шийдвэрлэсэн байгаа нь хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсаар байтал огт ач холбогдол өгөхгүйгээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд “Шүүх нотлох зарчим”, 7.1-д “3ахиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулна”, 7.2-д “Шүүх нотлох зарчмыг хэрэгжүүлэх нь хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт гаргаж өгөх, энэ талаар хүсэлт гаргах эрхийг хязгаарлахгүй” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж байна.
21. Иймд, анхан болон давж заалдах шатны шийдвэр, магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, гуравдагч этгээд нарын бие даасан шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
22. Анхан болон давж заалдах шатны шүүхүүд хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй бөгөөд хэрэглэвэл зохих Газрын тухай, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн холбогдох заалтуудыг тус тус зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
23. Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын 2006 оны 138 дугаар захирамжаар “С” ХХК-д тус сумын 3-р багт байрлах Түшээ гүний Баянгол амралтын 100 га газрыг “хүүхдийн зуслан, жуулчны баазын зориулалтаар” эзэмшүүлсэн, мөн сумын Засаг даргын 2013 оны А/167 дугаар захирамжаар “С” ХХК-ийн 100 га газрын эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон, уг асуудлаар маргаан үүсч, Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 09 дүгээр шийдвэрээр “... А/167 дугаар захирамжаас 1.4 га газарт холбогдох хэсгийг хэвээр үлдээж, 98.6 га газарт холбогдох хэсгийг хүчингүй болгож” шийдвэрлэсэн, хариуцагч уг шийдвэрт давж заалдах гомдол гаргаагүй, шийдвэр хүчин төгөлдөр болсон байна.
24. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т “хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон ... үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасан, нэхэмжлэгч “С” ХХК нь “... 98.6 га газар эзэмших эрхтэй эсэх” талаар шүүх дахин дүгнэлт хийх боломжгүй, гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэ талаарх “... /анх/ 100 га газрыг олгосон гэх боловч газрын хил хязгаарыг тэмдэгжүүлж, координатжуулж хүлээлгэн өгсөн акт байхгүй, кадастрын зураглал хийгдээгүй, одоог хүртэл газрын суурь үнийг төлөөгүй, газрын төлөв байдал, байгаль орчны үнэлгээг хийлгээгүй, гэрээг нэг ч удаа дүгнүүлж байгаагүй, газар дээр огт бүтээн байгуулалт хийгдээгүй гэх мэт олон зөрчил байгаагаас гадна Газрын тухай, Усны тухай, Ойн тухай болон Байгаль орчны тухай хуулиудын олон заалтыг зөрчиж олгогдсон”, “...сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2009 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 16 дугаар тогтоол гарч, уг тогтоолоор “С” ХХК-ийн газрыг дахин хэмжиж олгохоор шийдвэрлэж, сумын газрын даамал, Төв аймгийн ГХБХБГ-ын кадастрын мэргэжилтэн оролцсон хэмжилтээр “С” ХХК-ын эзэмшлийн газар нь хашаагаар нь хиллэн хэмжихэд 38,9 га болсон”, “...2012 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 19-04-029-371 дүгээр Улсын мэргэжлийн хяналтын Улсын байцаагчийн дүгнэлтээр “С” ХЖ нь тухайн аманд 100 га газар эзэмших боломжгүй гэсэн дүгнэлт гарсан”, “...98,6 га газрыг эзэмшүүлэх ямар нэг шийдвэр, захирамж хаана ч байхгүй, 100 га газар нь өмнө нь Усны тухай хуулийг зөрчсөн байсан тул газрын байршлыг өөрчилж, өөр газар 95,4 га газар олгосон байгаа зэрэг нотлох баримтуудыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, ... 34.2...-т зааснаарүнэлээгүй, шүүх... 106 дугаар зүйлийн 106.4-д ... заасныг зөрчиж, дутуу үнэлж хэт нэг талыг баримтлан хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан” гэх гомдлыг хүлээж авах боломжгүй.
25. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн дээр дурдсан 09 дүгээр шийдвэр гарсны дараа хариуцагч Батсүмбэр сумын Засаг дарга 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр А/895, А/896, А/897, А/898 дугаартай захирамжууд гаргаж, дээрх шүүхийн шийдвэрээр “С” ХХК-ийн газар эзэмших эрхийг сэргээсэн газарт давхцуулан гуравдагч этгээд Ш.О , Б, Ц.Г , Ч.Ө , Ч.У , Ш.А нарт тус бүр 5000 кв.м газар буюу нийт 3.0 га газрыг өмчлүүлэхээр шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 31 дугаар зүйлийн 31.3-т заасан “/эзэмших, өмчлөх/ хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байх” суурь зохицуулалтад нийцээгүй, энэ талаарх шүүхүүдийн дүгнэлт зөв, гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын Тамгын газарт өргөдөл гаргаж түүний дагуу тус сумын Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/987, А/895, А/896, А898 дугаар захирамж гарч, бусдын ашиглалтад олгосон газартай ямар нэгэн давхцал, маргаан байгаагүй тул газар өмчлөх эрхийг Улсын бүртгэлд бүртгэж гэрчилгээ олгогдсон байдаг. Маргаан бүхий актуудыг гаргах үед гуравдагч этгээд нарт газар өмчлүүлсэн байршилд “С” ХХК-д газар эзэмшүүлэх шийдвэр гараагүй байсан” гэх гомдлыг мөн хүлээж авахгүй.
26. Түүнчлэн, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т “... эрүү, иргэн, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх, арбитрын журмаар шийдвэрлэгдвэл зохих өөр хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхээс өмнө уг хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй /тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх/”-ээр заасан, гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хяналтын журмаар гаргасан гомдолдоо дурдсан “...”С” ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Ц нь шүүхэд хуурамчаар нотлох баримт гаргаж өгсөн асуудлаар уг хэргийн гуравдагч этгээд нарын нэг иргэн Ц.Г-ын гомдлоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2019 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хэрэг бүртгэлийн 193400266 дугаартай хэрэг нээн Төв аймгийн Цагдаагийн газарт мөрдөн шалгагдаж, тус аймгийн Прокурорын газарт хянагдаж байгаа” гэх үйл баримт нь Төв аймгийн нь Батсүмбэр сумын Засаг даргын маргаан бүхий 2016 оны А/897, А/895, А/896, А/898, 2017 оны 482 дугаар захирамжуудын хууль зүйн үндэслэлийг шүүхээс хянахад хамааралгүй, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримт хуурамч, эсхүл хэргийн оролцогчийн хэргийг хянан шийдвэрлэх үед гаргасан үйлдэл /эс үйлдэхүй/ гэмт хэрэг болох нь шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор тогтоогдсон тохиолдлын үр дагаварыг хэрхэн авч үзэх талаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар тусгайлан зохицуулсан тул хяналтын журмаар гаргасан “...хэрэг бүртгэлийн 193400266 дугаартай хэрэг мөрдөн шалгагдаж, эцэслэн шийдвэрлэж дуусах хүртэл хугацаанд уг “С” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг дарга, Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст тус тус холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн, ... хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх байтал ... шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн” гэх агуулгатай гомдлыг хангах боломжгүй.
27. Эдгээр үндэслэлээр, шийдвэр, магадлалыг тус тус хэвээр үлдээж, гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 05 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 328 дугаар магадлалыг хэвээр үлдээж, гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О-ийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан Б.О-ээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.БАТСҮРЭН
ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА