Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 221/МА2018/0531

 

“М т з” ТӨХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цогт даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Отгондэлгэр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, Г .Н, өмгөөлөгч З.С, Б.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2018/0435 дугаар шийдвэртэй, “М т з” ТӨХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын татварын улсын байцаагч Ч.С, Н.Т нарт холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор, шүүгч О.Номуулин  илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2018/0435 дугаар шийдвэрээр: Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай (2006) хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1, 14.4.2. 14.7-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “М т з” ТӨХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын татварын улсын байцаагчийн 2015 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 21020507 дугаартай актын “В.Тухайн хугацаанд худалдан авсан бараа, ажил үйлчилгээнд төлсөн НӨАТ” хэсгийн 5,6,7,8 дугаар мөрний нийлбэр 18.470.484.953,75 /арван найман тэрбум дөрвөн зуун далан сая дөрвөн зуун наян дөрвөн мянга есөн зуун тавин гурван төгрөг далан таван мөнгө/ төгрөгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдолдоо: “...Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2018/0435 дугаартай шийдвэрт Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1, 14.4, 14.7-д заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн байх бөгөөд шүүх шийдвэрлэхдээ нэг талаас үндсэн үйл ажиллагаа гэж үзсэн  боловч үндсэн хөрөнгийн бүртгэлд бүртгэгдээгүй учир үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай үйл ажиллагаа гэж 1 асуудлыг 2 талаас тайлбарлан шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна. Мөн энэхүү маргаантай асуудал нь Монгол Улсын Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт зэрэг хууль, эрх зүйн актуудтай холбоотой зохицуулах харилцаа мөн боловч шүүх хууль тогтоомжийн хүрээнд хянан шийдвэрлээгүй нь энэхүү шүүхийн шийдвэр үндэслэлтэй хууль ёсны шийдвэр болсон гэж үзэх үндэслэлгүй байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: ...нэхэмжлэгч компанийн барьж буй төмөр зам, түүнийг бий болгохын тулд хийгдсэн судалгаа, тооцоолол, зөвлөгөө, инженерийн байгууламжийн суурь бүтэц барих үйл ажиллагаанд зориулж худалдан авалтын ажил үйлчилгээ нь өнгөц талдаа үндсэн хөрөнгө бий болгоход чиглэсэн мэт харагдах боловч бодит байдал дээр тэдгээр нь үндсэн хөрөнгийн бүртгэлд бүртгэгдээгүй худалдан борлуулах зорилгогүй зөвхөн компанийн үндсэн үйл ажиллагааг бий болгохын тулд бэлтгэж буй үйлдвэрлэл үйлчилгээний үйл ажиллагаа болно”  гэжээ.  Шүүхээс нэхэмжлэгчийн барьж буй төмөр зам, түүнийг бий болгохын тулд хийгдсэн судалгаа, тооцоолол, зөвлөгөө, инженерийн байгууламжийн суурь бүтэц барих үйл ажиллагаанд зориулсан худалдан авалтыг үндсэн хөрөнгийн бүртгэлд бүртгэгдээгүй гэдгийг нотлоогүй, компанийн нягтлан бодох бүртгэлд хэрхэн тусгагдсаныг тодорхойлоогүй, дансны бичилт зэргийг тогтоогоогүй байж “үндсэн хөрөнгийн бүртгэлд бүртгэгдээгүй, худалдан борлуулах зорилгогүй зөвхөн компанийн үндсэн үйл ажиллагааг бий болгохын тулд бэлтгэж буй үйлдвэрлэл үйлчилгээ” гэж үзэж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна. Нөгөө талаас Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “татвар төлөгч дараах үүрэг хүлээнэ”, 18.1.3-д “анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журам болон нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу хөтөлж санхүү аж ахуйн үйл ажиллагааны тайлан тэнцэл гаргах”, НББОУС-ын 16-д “үндсэн хөрөнгийг хүлээн зөвшөөрөх шалгуурыг хангасан хөрөнгүүдийг өртгөөр үнэлж бүртгэнэ”, Өртгийн бүрэлдэхүүн хэсгүүд, дараах зүйлсийг үндсэн хөрөнгийн өртөгт багтаан авч үзнэ. а/ худалдан авсан үнэ, гаалийн татвар, буцаан олгохгүй татварын дүн. НББОУС-ын    2-т “бараа, материал стандартад худалдах зорилгоор эзэмшсэн бараа эсхүл борлуулах зориулалт бүхий бүтээгдэхүүний үйлдвэрлэлд ашиглах хөрөнгийн зүйлсийг бараа материал гэнэ”, Бараа материалд дараах хөрөнгө орно. Үүнд: бизнесийн хэвийн үйл ажиллагааны үед худалдан борлуулахаар эзэмшиж байгаа хөрөнгө, худалдан борлуулах зорилгоор үйлдвэрлэлийн дамжлагад байгаа зүйл, үйлчилгээ үзүүлэхэд хуваарилагдах эсхүл хэрэглэгдэх материал буюу хангамжийн зүйлс гэсэн зохицуулалттай бөгөөд “М т з” ТӨХК-ийн барьж буй объект нь төмөр замын зориулалтаар ирээдүйд ашиглагдах бөгөөд уг төмөр замыг барихад ашиглагдсан бүх бараа үйлчилгээний зардал нь эцсийн хэрэглэгчийнх буюу “М т з” ТӨХК-ийнх байна. Өөрөөр хэлбэл, уг бүтээн байгуулалт нь “М т з” ТӨХК-ийн үндсэн хөрөнгө юм. Ажиллагсдын хувийн хэрэгцээнд зориулан худалдан авсан хөдөлмөр хамгааллын хувцас, зурагт зэргийг төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцсон нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4.2 дахь  хэсгийг зөрчиж байна гэснийг шүүх шийдвэрлэхдээ энэхүү хуулийн заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн нь үндэслэлгүй шийдвэр болсон гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзэхэд анхан шатны шүүх хууль буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул гомдлыг хангах үндэстэй гэж үзлээ.

Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч Ч.С, Н.Т нар “М т з” ТӨХК-ийн 2009 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацааны нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтийг шалгаад 2015 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 210201507 дугаар актаар 1/ “Хувьдаа болон ажиллагсдын хэрэгцээнд эсвэл зугаа цэнгээний зориулалтаар худалдан авсан бараа, үйлчилгээг бизнесийн үйл ажиллагааны зардлаар баримт бүрдүүлж НӨАТ-аа бууруулсан” гэх зөрчилд 3.134.826,70 төгрөгийн, 2/ “Үндсэн хөрөнгө олж бэлтгэхтэй холбоотой худалдан авалт хийхэд НӨАТ ногдуулсанг худалдан авалтын хасалт хийж НӨАТ-ын ногдуулах орлогыг бууруулсан” гэх  зөрчилд 18.467.788.783,4 төгрөгийн, 3/ “Импортоор болон худалдан авсан суудлын автомашин, түүний эд анги, сэлбэгт төлсөн НӨАТ-ыг худалдан авагч төлөх татварын дүнгээс хасч тооцсон” гэх зөрчилд 13.837.946,8 төгрөгийн нөхөн татвар ногдуулжээ.

Нэхэмжлэгч “М т з” ТӨХК нь дээрх маргаан бүхий актын “Хувьдаа болон ажиллагсдын хэрэгцээнд эсвэл зугаа цэнгээний зориулалтаар худалдан авсан бараа, үйлчилгээг бизнесийн үйл ажиллагааны зардлаар баримт бүрдүүлж НӨАТ-аа бууруулсан” гэх зөрчилд ногдуулсан 3.134.826,70 төгрөгөөс 2.696.170,35 төгрөгийг эс зөвшөөрч, үндэслэлээ “УДШ-ийн 2007 оны №11 дүгээр тогтоолыг зөрчиж Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4.2-т заасан үндэслэлд хамааруулан ажилчдын хөдөлмөр хамгааллын хувцсанд төлсөн болон байгууллагын албаны зориулалтаар худалдан авсан зурагтад төлсөн төлбөрийг төсөвт төлөх НӨАТ-аас хасч тооцоогүй нь хууль бус” гэж, “Үндсэн хөрөнгө олж бэлтгэхтэй холбоотой худалдан авалт хийхэд НӨАТ ногдуулсанг худалдан авалтын хасалт хийж НӨАТ-ын ногдуулах орлогыг бууруулсан” гэх зөрчилд ногдуулсан 18.467.788.783,4 төгрөгийг бүхэлд нь эс зөвшөөрч, үндэслэлээ “Шинээр барих төмөр замын байгаль орчны нарийвчилсан үнэлгээ, геологи, геодези, суурь бүтэц барих барилга угсралтын ажилд төлсөн 18.309.250.399,23 төгрөгийн, Төмөр замын суурь бүтэц барих үйл ажиллагааны хүрээнд үзүүлсэн үйлчилгээнд төлсөн 158.538.384,39 төгрөгийн НӨАТ нь татвар төлөгч үндсэн үйл ажиллагааны зориулалтаар худалдан авсан, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д зааснаар төсөвт төлөх НӨАТ-аас хасч тооцох ажил, үйлчилгээнд хамаарахаар байхад хууль буцаан хэрэглэсэн алдаа гаргаж үндэслэлгүйгээр бууруулан тооцсон нь татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн” гэж тус тус маргаж дээрх төлбөр тогтоосон хэсгийг хүчингүй болгуулахыг хүссэн байна.

Анхан шатны шүүх тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006 оны/ 14 дүгээр 14.1.1-д заасныг буруу тайлбарлан хэрэглэж татварын улсын байцаагчийн актаар тогтоосон төлбөрөөс 18.470.484.953,75 төгрөгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлагыг зөрчсөн гэж үзнэ.

Тодруулбал,

Актын “Үндсэн хөрөнгө олж бэлтгэхтэй холбоотой худалдан авалт хийхэд НӨАТ ногдуулсанг худалдан авалтын хасалт хийж НӨАТ-ын ногдуулах орлогыг бууруулсан” гэх зөрчлийн тухайд:

Нэмэгдсэн өртгийн албан татвар гэдэг нь эцсийн хэрэглэгчийн хэрэглээндээ төлж байгаа татвар бөгөөд бизнес хийж бараа, үйлчилгээг худалдаж байгаа этгээдээр цуглуулагддаг татвар юм.

Хэрэглээ буюу худалдан авалтыг “эцсийн хэрэглээ” болон “завсрын хэрэглээ” гэж ангилж үздэг бөгөөд нэмэгдсэн өртгийн албан татварыг зөвхөн эцсийн хэрэглээнд ногдуулдаг бол завсрын хэрэглээнд /эцсийн хэрэглэгчид бараа, үйлчилгээг хүргэхийн өмнөх шат дамжлагуудын худалдан авалт/ нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулдаг боловч тэрхүү төлсөн нэмэгдсэн өртгийн албан татвараа дараагийн борлуулалтын үед худалдан авагчийн төлж буй нэмэгдсэн өртгийн албан татвараас хасаад буцаагаад олж авдаг.

          Иймд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006 оны/ 14 дүгээр зүйлийн 14.1 “Иргэн, хуулийн этгээд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлснээсээ хойшхи хугацаанд энэ хуулийн 7, 8, 11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн дор дурдсан нэмэгдсэн өртгийн албан татварыг түүний төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцно”, 14.1.1 “үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд төлсөн” гэж заасныг нэмэгдсэн өртгийн албан татварын гол зарчим буюу бүтээгдэхүүнийг бэлтгэж боловсруулах бизнесийн нэг шатнаас нөгөө үе шатанд  тухайн худалдан авалтанд төлж буй нэмэгдсэн өртгийн албан татвараа буцаан авах харилцааг зохицуулсан зохицуулалт гэж ойлгоно.

         Нэхэмжлэгч  “М т з” ТӨХК нь төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж мөн боловч дээрх хуулийн зохицуулалт нь татвар төлөгчийн эрхэлдэг үйл ажиллагааны төрөлтэй хамааралгүй, харин нэмэгдсэн өртгийн албан татвар төлж худалдан авсан бараа, ажил, үйлчилгээ нь “үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай” байхыг шаарджээ.

         Энэхүү “үйлдвэрлэл” гэдгийг үг зүйн талаас нь “...материал баялгийг бий болгох үйл ажиллагаа” гэж ойлгохоор “Монгол хэлний тайлбар толь бичиг”-т тодорхойлсон байх боловч хуулийн утга агуулга, нэмэгдсэн өртгийн албан татварын үндсэн зарчимтай уялдуулан тайлбарлавал эцсийн хэрэглэгчид бараа, үйлчилгээг хүргэхийн өмнөх шат дамжлагуудын худалдан авалт нэг бүрт нэмүү өртөг бий болж өөрсдийн худалдан авалтандаа төлсөн нэмэгдсэн өртгийн албан татвараа өөрийн бүтээгдэхүүнээ бусдад худалдах үедээ худалдан авагчдаа ногдуулж байгаа тохиолдлыг “үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай” гэсэн нэр томъёонд хамааруулж ойлгохоор байна.

Харин “М т з” ТӨХК нь үндсэн үйл ажиллагааны зориулалтаар худалдан авсан, өөрөөр хэлбэл шинээр барьж байгуулж байгаа төмөр зам болон түүнийг бий болгохын тулд хийгдсэн судалгаа, тооцоолол, зөвлөгөө зэрэг ажил үйлчилгээтэй холбоотой худалдан авалтандаа тухай бүрт нь нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн ч энэхүү хэрэглээг “завсрын хэрэглээ” гэж үзэх боломжгүй, шинээр бий болох төмөр замын байгууламжийн тухайд  “М т з” ТӨХК-ийг эцсийн хэрэглэгч гэж үзнэ.

          Өөрөөр хэлбэл, шинээр баригдах төмөр замыг худалдан борлуулахаар эзэмшиж байгаа хөрөнгө, үйлдвэрлэлийн дамжлагад байгаа эд зүйл гэж үзэх боломжгүй бөгөөд гэрээний үндсэн дээр бусдаар төмөр замын байгууламж барьж гүйцэтгүүлэн түүнд төлсөн төлбөрийг “үйлдвэрлэлийн зориулалтаар худалдан авсан бараа, ажил үйлчилгээнд төлсөн” гэж үзэхгүй.

          Хэдийгээр шинээр баригдах төмөр замын байгууламж нэхэмжлэгч хуулийн этгээдийн үндсэн хөрөнгөнд бодитоор бүртгэгдээгүй байгаа ч /урьдчилан төлсөн зардлаар бүртгэгдсэн талаар маргаагүй/ Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт /цаашид НББОУС гэх/ 16-д “Үндсэн хөрөнгийг хүлээн зөвшөөрөх шалгуурыг хангасан хөрөнгүүдийг өртгөөр үнэлж бүртгэнэ”, Өртгийн бүрэлдэхүүн хэсгүүд, дараах зүйлсийг үндсэн хөрөнгийн өртөгт багтаан авч үзнэ. а/ худалдан авсан үнэ, гаалийн татвар, буцаан олгохгүй татварын дүн. б/ Хөрөнгийг ашиглах байрлалд авчирах ба ашиглахад бэлэн болгохтой холбоотой шууд зардлууд. Шууд зардлын жишээ: д/ ...ашиглахад бэлэн болгохтой холбоотой зардлууд, е/ мэргэжлийн үйлчилгээний төлбөр гэснээс үзвэл төмөр замын байгаль орчны нарийвчилсан үнэлгээ, геологи, геодези, суурь бүтэц барих барилга угсралтын ажилд төлсөн, уг үйл ажиллагааны хүрээнд санхүүгийн болон хуулийн зөвлөх үйлчилгээ авсан, зураг төсөл гүйцэтгүүлэхэд гарсан зэрэг бүхий л худалдан авалтанд зарцуулсан үнэ нь өртгийн бүрэлдэхүүн хэсэгт багтаж, үндсэн хөрөнгийн өртгөөр үнэлж бүртгэгдэх ёстой байжээ.

Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “татвар төлөгч дараах үүрэг хүлээнэ”, 18.1.3-д “анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журам болон нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу хөтөлж санхүү аж ахуйн үйл ажиллагааны тайлан тэнцэл гаргах” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь НББОУС-ын дагуу үндсэн хөрөнгөө өртгөөр үнэлж бүртгээгүй нь тухайн хуулийн этгээдийг шинээр баригдах төмөр замын тухайд эцсийн хэрэглэгч биш гэж үзэх үндэслэл болохгүй.

Гэтэл анхан шатны шүүх “үндсэн хөрөнгө бий болгоход зориулан авсан худалдан авалт мөн эсэхийг тогтоолгүйгээр ирээдүйд үндсэн хөрөнгөөр бүртгэгдэнэ гэж үзэж акт ногдуулсан нь буруу” гэж дүгнэсэн нь алдаатай болсон гэж үзнэ.

Иймд маргаан бүхий актаар “үндсэн хөрөнгө олж бэлтгэхтэй холбоотой худалдан авалт хийхэд НӨАТ ногдуулсанг худалдан авалтын хасалт хийж НӨАТ-ын ногдуулах орлогыг бууруулсан” гэх зөрчил гаргасан гэж үзсэн нь үндэслэлтэй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан “шүүх Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006 оны/ 14 дүгээр зүйлийн 14.1.1-д заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн” тухай гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.  

Актын “Хувьдаа болон ажиллагсдын хэрэгцээнд... худалдан авсан бараа, үйлчилгээг бизнесийн үйл ажиллагааны зардлаар баримт бүрдүүлж НӨАТ-аа бууруулсан” гэх зөрчлийн тухайд:

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006 оны/ 14 дүгээр зүйлийн 14.4-т “Дараахь бараа, ажил, үйлчилгээг импортлох, худалдаж авахад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг худалдан авагчийн төлөх уг албан татварын нийт дүнгээс хасахгүй”, 14.4.2-т “хувийн болон ажиллагчдын хэрэгцээнд зориулан худалдаж авсан бараа, үйлчилгээ” гэж заасан бөгөөд нэхэмжлэгчийн “А а” ХХК, “И У” ХХК, “М” ХХК-с 2011-2014 онуудад компанийн ажилтнуудын хөдөлмөр хамгааллын тусгай хувцас, хэрэглэл, ажлын гутал, зурагт, GPS зэрэг худалдан авалтуудад төлсөн 2.696.170,35 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар нь дээрх хуулийн 14.4.2-т заасан бараа, үйлчилгээнд хамаарч байна.

          Тодруулбал, ажлын тусгай хувцас хэрэглэл нь татвар төлөгчийн эрхэлж байгаа үйлдвэрлэл үйлчилгээтэй холбоогүй, харин үндсэн хөрөнгө бий болгох үйл ажиллагааны хүрээнд хийгдсэн худалдан авалт байх тул ажиллагсдад олгосон 22 ширхэг иж бүрэн хувцас хэрэглэл, 8 ширхэг ажлын эмэгтэй гутал, 32 ширхэг ажлын эрэгтэй гутал зэргийг худалдан авахад болон үндсэн хөрөнгөөр бүртгэгдсэн зурагт, GPS зэргийг худалдан авахад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг худалдан авагчийн төлөх уг албан татварын нийт дүнгээс хасахгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

         Дээрхийг нэгтгэн дүгнээд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг   хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2018/0435 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006 оны/ 14 дүгээр 14.1.1, 14.4.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “М т з” ТӨХК-ийн          “Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагчийн 2015 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 210201507 дугаар актын        “В.Тухайн хугацаанд худалдан авсан бараа, ажил үйлчилгээнд төлсөн НӨАТ” хэсгийн 6 дугаар мөрнөөс 2.696.170,35 төгрөг, 8 дугаар мөрний 18.467.788.783,4 төгрөг, нийт 18.470.484.953,75 төгрөгийн хэмжээгээр хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэ рлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

                   

 

 

                                 ШҮҮГЧ                                                  Ц.ЦОГТ   

                                ШҮҮГЧ                                                   Э.ЛХАГВАСҮРЭН    

                                ШҮҮГЧ                                                   О.НОМУУЛИН