Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 301

 

 

Л.Цагаанхүү, Л.Мөнхбаярт нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын ахлах прокурор О.Мөнхбаатар, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 187 дугаар шийтгэх тогтоол, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 11 дүгээр магадлалтай, Л.Ц, Л.М нарт холбогдох хэргийг шүүгдэгч Л.М, түүний өмгөөлөгч Б.Батсүх нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1977 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа түүхий эд бэлтгэх ажилтай, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймаг, Жаргалант сум, Наран баг, Буянтын боргио, 4 дүгээр байрны 2 тоотод оршин суух, Х овогт Лийн Ц,

2. Монгол Улсын иргэн, 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 17 дугаар хороо, Өнөр хороололын 32 дугаар байрны 429 тоотод оршин суух, Т овогт Лийн М.

Л.Ц нь 2018 оны 12 дугаар сарын 20-21-ний хооронд Ховд аймгийн Буянт сумын Нарийн гол багийн нутаг дэвсгэр Хөх заг гэх нэртэй Хар-Ус нуур орчмын улсын тусгай хамгаалалттай газар нутагт, ховор амьтны жагсаалтанд багтсан зэгсний гахайг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, тус махыг Ховд аймгийн Жаргалант сумын Тахилт багийн 2-16 тоот хашаанд байрлах амбаарт хадгаласан,

Л.М нь 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Ховд аймгийн Манхан сумын нутаг дэвсгэрт дээрх зэрлэг гахайн махыг “Ниссан патрол” загварын 29-78 УБМ дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Л.Ц ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, түүхий эдийн зүйлийг нь хадгалсан, Л.М ховор амьтны гаралтай түүхий эдийн зүйлийг тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ц 6,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 төгрөгөөр Л.М 5,500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,500,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж,

Эруугийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.М, Л.Ц нарт оногдуулсан торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.М гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан У.Б эзэмшлийн 27-98 УБМ улсын дугаартай “Ниссан Патрол” загварын тээврийн хэрэгслийн үнэ болох 58,500,000 төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлж шийдвэрлэсэн байна.

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын хэвээр үлдээж, шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Л.М болон түүний өмгөөлөгч Б.Батсүх нар хамтран гаргасан гомдолдоо “...Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн тул гомдол гаргаж байна. Шүүгдэгч нар нь хууль бусаар ан агнах гэмт хэргээ сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учирсан нөхөн төлбөрийг төлж барагдуулсан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтээ прокурорт гаргасны дагуу шүүх мөн хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн.

Шүүгдэгч Л.Мын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл болох У.Б эзэмшлийн 27-98 УБМ улсын дугаартай “Ниссан Патрол” маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 58.500.000 төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлсэн нь Эрүүгийн хуулийг ноцтой зөрчсөн. Өөрөөр хэлбэл уг тээврийн хэрэгслийн хууль ёсны өмчлөгч нь У.Баатарсүрэн бөгөөд ямар нэгэн байдлаар шүүгдэгч Л.Мөнхбаярын өмчлөл, эзэмшилд шилжээгүй нь хэрэгт авагдсан баримт, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, шүүгдэгч Л.Мөнхбаяр мэдүүлгээр тогтоогддог. Энэхүү тээврийн хэрэгсэл нь Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого гэж үзэх боломжгүй бөгөөд уг тээврийн хэрэгсэл нь гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл гэж үзэхээр байгаа боловч гэмт хэрэг үйлдэхэд ашигласан дээрх тээврийн хэрэгсэл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулагдахаар Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан.

Эрүүгийн хуулийн 7.2 дугаар зүйлд албадлагын арга хэмжээний төрлийг тодорхойлж хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээг хэрэглэж болохоор боловч 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар албадлагын арга хэмжээ заавал авахаар зохицуулаагүй, албадлагын арга хэмжээ авч болно гэсэн зохицуулалтаар хууль тогтоогч томъёолсон тул шүүгдэгч Л.М өмчлөлийн бус тээврийн хэрэгслийн үнийг үнэлгээний байгууллагын гаргасан үнэлгээгээр үнийг нь гаргуулж улсын төсөвт шилжүүлэх боломжгүй юм. Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэхь хэсэгт ... өмчлөгч нь хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмших, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас эрхтэй... гэжээ. Гэмт үйлдэл болох цаг хугацаанд нэг тооны зэрлэг гахай ачиж явсан У.Б эзэмшлийн 27-98 УБМ дугаартай тээврийн хэрэгслийг шүүгдэгч Л.М унаж явсан. Нэг тооны зэрлэг гахай ачсан эсэх талаар У.Баатарсүрэн огт мэдээгүй байсан бөгөөд Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэгт зааснаар бусдад гэм хор учруулах замаар өмчлөх эрхээ урвуулан ашиглаагүй байдаг.

Дээр дурьдсан хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ нь зөвхөн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан, тогтоогдсон байхыг шаардах бөгөөд гэмт хэргийн хохиролд нөхөн төлөхөд зарцуулагдах байтал автомашины үнэлгээгээр улсын орлого болох нь үндэслэлгүй юм.

Түүнчлэн “Ниссан патрол” маркын автомашинд “ДАМНО”ХХК-ийн үнэлгээчид №ХУ2-19-176 дугаар автомашин техникийн үнэлгээний тайлангаар 58,500,000 төгрөгөөр үнэлсэн. Үнэлгээний тайланд 27-98 УБМ дугаарын Ниссан патрол маркын автомашин нь одоогийн байдлаар ашиглалтын хугацаанаас хамаарах элэгдэл 43,75 хувь байгаа бөгөөд тээврийн хэрэгслийг ашиглах боломжтой байдалтай байлаа. Уг автомашиныг биечлэн үзлэг хийх боломжгүй байгаа тул тогтоолд тусгагдсан мэдээллийг үндэслэж ижил үзүүлэлт бүхий чанар байдлын хувьд дундаж автомашины зах зээлийн дундаж үнэлгээгээр тогтоосон байдаг. Энэхүү үнэлгээний тайлангаас харахад тус автомашинд биечлэн үзлэг хийгээгүй дүгнэлт гаргасан нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан шинжилгээний объект, түүнд тавих цагыг зөрчсөн, өөрөөр хэлбэл тухайн автомашинд биечлэн үзлэг хийлгүйгээр зөвхөн мөрдөгчийн тогтоолд дурьдагдсан үндэслэлээр үнэлгээний тайлан гаргах нь дээрх хуульд нийцнэ.

Давж заалдах шатны шүүхийн магадлалын тодорхойлох хэсэгт ... ховор амьтны түүхий эдийг тээвэрлэсэн тээврийн хэрэгслийг хураах албадлагын арга хэмжээ хэрэглэхийг зөвшөөрч байгаа хүсэлтээ бичгээр гарган өгч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх прокурорын тогтоолтой өмгөөлөгчтэй хамт танилцаж гарын үсэг зурсан .. дээр дурьдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтээ гаргаснаас бус албадлагын арга хэмжээний талаар хүсэлтэндээ дурдаагүй, прокурорын тогтоолтой танилцахад албадлагын арга хэмжээний зохицуулалтыг тусгаагүй байсан бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар албадлагын арга хэмжээний зохицуулалт байхгүй тул энэ талаар хүсэлт гаргах болон прокурор тогтоолдоо тусгах боломжгүй юм.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалт, давж заалдах шатны шүүхийн магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг тус тус хүчингүй болгож шийтгэх тогтоолын бусад заалт хэсгийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

Прокурор О.Мөнхбаатар хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч Л.Ц, Л.М нарт холбогдох хэргийг хянан хэлэлцсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал хууль зүйн үндэслэлтэй, хэргийн үйл баримтад нийцэж үндэслэл бүхий гарсан байна. Өөрөөр хэлбэл, ховор амьтны гаралтай түүхий эдийн зүйлийг зөвшөөрөлгүй тээвэрлэсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн үндсэн бүрэлдэхүүнд хуульчилсан байх тул мөн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-3 дахь хэсэгт заасныг баримтлан тээвэрлэсэн автомашины үнэ болох 58,500,00 төгрөгийг шүүгдэгч нараас гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулий ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Л.М, түүний өмгөөлөгч Б.Батсүх нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн Л.Ц, Л.М нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Л.Ц нь 2018 оны 12 дугаар сарын 20-21-ний хооронд Ховд аймгийн Буянт сумын Нарийн гол багийн нутаг дэвсгэрт байрлах улсын тусгай хамгаалалттай газар нутагт ховор амьтан болох зэгсний гахайг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, уг ховор амьтны түүхий эд болох махыг хадгалсан,

Л.М нь 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Ховд аймгийн Манхан сумын нутаг дэвсгэрт дээрх зэрлэг гахайн махыг тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Л.Ц, Л.М нарын гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч нарын үйлдсэн хэргийн үйл баримтыг тогтоож, тэдгээрийн гэм буруутай үйлдлүүд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан зүйлчилж, шүүгдэгч нарт хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Түүнчлэн, шүүхүүд гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник хэрэгслийн үнийг шүүгдэгчээс гаргуулан улсын орлого болгохоор шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээний талаарх зохицуулалтын агуулгыг зөв тайлбарлан, хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Л.М болон түүний өмгөөлөгч Б.Батсүх нарын хамтран гаргасан “анхан болон давж заалдах шатны шүүхийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнийг гаргуулж шийдвэрлэсэн заалтыг хүчингүй болгож өгнө үү” гэсэн агуулгатай гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 187 дугаар шийтгэх тогтоол, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 11 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Л.М болон түүний өмгөөлөгч Б.Батсүх нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

ДАРГАЛАГЧ                                                  Б.ЦОГТ

ШҮҮГЧ                                                           Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                       Б.БАТЦЭРЭН

                                                                        Ч.ХОСБАЯР

                                                                         Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН