Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 212/МА2022/00058

 

     Б.Б нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

            Баян-Ө аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж,  

тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж шийдвэрлэсэн, 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 130/ШШ2022/00331 дүгээр шийдвэртэй, нэхэмжлэгч *** оршин суух /РД:********/ ** овогт Б.Б нэхэмжлэлтэй, хариуцагч Баян-Ө аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтэст холбогдох, “тус хэлтийн даргын 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн ** дугаар “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгож, манаачийн ажилд эгүүлэн тогтоолгох” тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үндэслэж 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.  

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Ж.Ахмарал, нэхэмжлэгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Тилеугавал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.М, түүний өмгөөлөгч Я.Сьезд нар оролцов.    

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн үндэслэл:   

1.1. Миний бие Баян-Ө аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсийн даргын 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн ** дугаартай тушаалаар тус хэлтэст манаачаар томилогдон, ажил олгогчийн гаргасан тушаалын хүрээнд ажилтан надтай 2021 оны 01 дүгээр сарын 04-ны өдрөөс эхлэн Хөдөлмөрийн гэрээ байгуулснаар манаачийн ажил үүргээ одоо хүртэл гүйцэтгэж ажиллаж байна.

1.2. Аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн даргаар 2021 оны 5 дугаар сард томилогдсон Х.Т нь 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Б.Б надад 02 дугаартай мэдэгдэх хуудсыг 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр өгч, 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн **  дугаартай тушаалаар ажлаас чөлөөлсөн байна.

1.3. Уг тушаалыг тухайн үед би мэдээгүй ба 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр бичиг хэргийн ажилтан Н.Мд хүлээлгэн өгөхөд гарын үсэг зурж авсан. Ажил олгогч талаас ажилтан надад олгосон мэдэгдэх хуудас болон бусад тушаал шийдвэр нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4-д заасныг зөрчсөн. Ажлаас чөлөөлсөн тушаалыг нь ажил олгогч санаачилж, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-т заасныг үндэслэл болгосон гэсэн атлаа Монгол Улсын Засгийн газар болон Стандарт хэмжил зүйн газрын шийдвэрээр тус хэлтэст орон тоог цөөрүүлсэн эрхийн акт ирээгүй байхад ажлаас чөлөөлж хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн байна.

1.4. Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.2 дахь заалтын хүрээнд олгогдох хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмжийг хуулийн хүрээнд олгох ёстой байхад тушаалд оруулахгүй орхигдуулж хуулийн дагуу тэтгэмж авах миний эрхийг зөрчсөн.

 

1.5. Ажил олгогч Хөдөлмөрийн тухай хууль тогтоомжийг зөрчиж, Иргэний хуулийн 359-368 дугаар заалтын хүрээнд “Хөлсөөр ажиллуулах гэрээ”-г 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн байгуулсан дүр үзүүлж гарын үсэг зуруулж хуурч мэхэлсэн нь зохих хууль тогтоомжийг зөрчсөн.

1.6. Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 388 дугаар тогтоолын 6 дугаар зүйлд сум дүүргийн Засаг дарга нар даалгасан тогтоолын холбогдох заалтыг зөрчсөн.

1.7. Уг тогтоолын 7 дугаар зүйлийн 6-д, мөн 7.1-д нийтлэг ажил үйлчилгээг хувийн хэвшил, төрийн орон нутгийн өмчид компаниар гүйцэтгүүлэх зорилго нь гагцхүү ажилчдын цалин хөлс, тэтгэмж, урамшуулал, нийгмийн баталгааг нэмэгдүүлэхэд чиглэсэн байх талаар гаргасан тогтоолын холбогдох заалтыг зөрчсөн.

1.8. Уг тогтоолын 7.3-д орон тооны цомтгол хийхгүй байх, одоо ажиллаж байгаа ажилчдыг үндсэн ажилтнаар шилжүүлэн ажиллуулах, ажилчдын цалин хөлс, урамшуулал, тэтгэвэрт гарахад нь хуульд заасны дагуу олгох нэг удаагийн тэтгэмжийг одоо байгаа түвшингээс бууруулахгүй байх талаар холбогдох гэрээнд тусгах гэх заалтуудыг зөрчиж, үндэслэлгүйгээр миний хууль ёсны эрх ашиг, хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчиж байгаа тул эрх ашгаа хамгаалуулахаар шүүхэд хандаж байна.

1.9. Иймд миний гомдлыг зохих журмын дагуу хянан үзэж зөрчигдсөн эрхийг хамгаалж Баян-Ө аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсийн даргын 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн **** дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож өгнө үү.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзал:

2.1. Баян-Ө аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн орон тоог Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн **** дугаартай Аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн дотоод зохион байгуулалт, албан тушаалын ангилал, зэрэглэлийг шинэчлэн батлах тухай тушаалаар баталж, 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн ****  дугаартай албан бичгээр ирүүлсэн. Уг бүтэц, орон тоо баталсан газрын даргын тушаалыг 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хамт олны хурал хийж бүх ажилчдад дэлгэрэнгүй танилцуулсан.

2.2. Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн ***** дугаартай Аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн дотоод зохион байгуулалт, албан тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Аймгийн стандарт хэмжил зүйн хэлтсийн төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал, зэрэглэл болон 2 дугаар хавсралтаар Аймгийн стандарт хэмжил зүйн хэлтсийн дотоод зохион байгуулалтад манаачийн орон тоо тусгагдаагүй. Харин уг тушаалын 3 дугаар заалтаар хэлтэс бүр ажлын байр өмч, хамгааллын чиглэлээр 2022 оны эхний хагас жилд багтаан гэрээт харуул хамгаалалтын байгууллагаар гүйцэтгүүлэх талаар зохих арга хэмжээ авахыг аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн дарга нарт үүрэг болгосон байна.

2.3. Тушаалыг хэрэгжүүлэхийн тулд хэлтсийн бүтэц орон тооноос манаачийн орон тоо хасагдсан тул манаачаар ажиллаж байсан Б.Бд Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдэж чөлөөлсөн. Үүнээс гадна гомдолд дурдсан хууль тогтоомж болон Засгийн газрын тогтоол зөрчиж, үндэслэлгүйгээр миний хууль ёсны эрх ашиг, хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчиж байна гэдэг нь хууль зүйн үндэслэлгүй. Үүнд: Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 дэх заалтыг зөрчөөгүй, Б.Бд 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу ажлаас чөлөөлөх тухай мэдэгдэх хуудсыг бичгээр өгсөн. Б.Бг Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн А/118 дугаартай тушаалыг үндэслэн ажлаас чөлөөлсөн. Уг тушаалыг Б.Бд 10 дугаар сарын 25-ны өдөр хамт олны хурлын үеэр танилцуулсан. Стандарт хэмжил зүйн газрын даргын 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн Орон нутгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн орон тоо, албан тушаалын дээд хязгаар батлах тухай *** дугаартай тушаалаар манаачийн орон тоо хасагдсан. Б.Бг манаачийн албан тушаалаас чөлөөлж, үргэлжлүүлэн харилцан тохиролцон хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан. Гэрээнд урьд авч байсан манаачийн цалин ТҮ-1 ангиллын 1-р шатлалын цалингийн хэмжээтэй дүйцэхүйц болох 467374 төгрөг, хоолны мөнгө 25000 төгрөг, нийт 492374 төгрөгийн /хөлсөөр ажиллах гэрээний 6.1 дэх заалт/ хөлс төлөхөөр тусгагдсан тул давхардуулж тэтгэмж олгох боломжгүй. Хөлсөөр ажиллах гэрээний дагуу 1 ба 2 дугаар сарын хөлсийг бүрэн олгосон. Байгууллагын бүтэц орон тооноос манаачийн орон тоо хасагдсан тул Б.Бг хөдөлмөрийн гэрээгээр ажиллуулах боломжгүй болсон. Иймд өөртэй нь харилцан тохиролцож Иргэний хуулийн 359-368 дугаар заалтыг хүрээнд хөлсөөр ажиллуулах гэрээ байгуулсан. Б.Б нь хөлсөөр ажиллуулах гэрээг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. Ямар нэгэн дарамт шахалт үзүүлээгүй. Хөлсөөр ажиллуулах гэрээ байгуулахдаа ямар нэгэн хууль тогтоомжийг зөрчөөгүй.

2.4. Манай байгууллагын манаачийн орон тоо Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 388 дугаар тогтоол гарахаас өмнө хасагдсан тул Б.Бг ажлаас чөлөөлсөн асуудал энэ тогтоолтой огт холбогдолгүй.

2.5. Засгийн газрын 2021 оны 388 дугаартай тогтоол гараагүй байхад Стандарт, хэмжил зүйн газрын 2020 оны А/72, 2021 оны А/118 тушаалаар манаачийн орон тоо 20 аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн бүтэц дотоод зохион байгуулалтаас хасагдсан байсан.

2.6. Иймд Баян-Ө аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн даргын 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Б/03 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгох боломжгүй тул нэхэмжлэгч Б.Б нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Баян-Ө аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 130/ШШ2022/00331 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-ийг баримтлан нэхэмжлэгч ** овогт Б.Б Баян-Ө аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн даргын 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Б/03 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, манаачийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.  

 

4. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Монгол Улсын Засгийн Газрын 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 388 дугаар тогтоолын 6-д “Төсвийн байгууллагын нийтлэг үйлчилгээг гүйцэтгэж байгаа ажилчдыг сайн дурын үндсэн дээр өөрсдийнх санаачилгаар төрийн болон орон нутгийн өмчит компани, аж ахуйн тооцоотой улсын үйлдвэрийн газар, эсхүл хувийн хэвшлийн хуулийн этгээдээр гүйцэтгүүлэх зохион байгуулалтын арга хэмжээг, эрх хэмжээнийхээ хүрээнд авч хэрэгжүүлэхийг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт даалгасан шийдвэр болон тогтоолын 7.3-д орон тооны цомхотгол хийхгүй байх, одоо ажиллаж байгаа ажилчдыг үндсэн ажилтнаар шилжүүлэн ажиллуулах, ажилчдын цалин хөлс, урамшуулал, тэтгэвэрт гарахад нь хуульд заасны дагуу олгох нэг удаагийн тэтгэмжийг одоо байгаа түвшнээс буруулахгүй олгох талаар холбогдох гэрээнд тусгах талаар тодорхой үүрэг чиглэл өгөгдсөн нь ажилтан Б.Б миний эрх ашгийг хамгаалсан тогтоол гэж үзэж байна. Энэ тогтоолоор аймаг, сумын Засаг даргад цаашид хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахыг даалгасан болохоос Стандарт хэмжил зүйн даргад ажилчдын хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, хувийн хэвшилд шилжүүлэх талаар даалгаагүй.

4.2. Ажил олгогч ажлаас чөлөөлөх тушаал гаргахдаа Хөдөлмөрийн хуулийн 78 дүгээр зүйлийн 78.1.9-д заасныг үндэслэл болгосон ба “78.1.9-д заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах санаачилгыг ажилтан, ажил олгогчийн аль нэг тал гаргасан” гэсэн ба манаач би Стандарт хэмжил зүйн хэлтсийн даргатай хөдөлмөрийн харилцааг цуцлах талаар санаачилга гаргаж байгаагүй.

4.3. Хөлсөөр ажиллах гэрээг 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хийж гарын үсэг зуруулахдаа ямар төрлийн гэрээнд гарын үсэг зурснаа би мэдээгүй хөдөлмөрийн гэрээг шинээр хийсэн гэж ойлгосон. Тухайн үед надад ажлаас чөлөөлсөн тушаалыг гаргаж өгөөгүй.

4.4. 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн *** дугаартай Стандарт, хэмжил зүйн газрын дарга Б.Билгүүний тушаалаар орон тоо хассан асуудал байхгүй ба нэг жилийн өмнө 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн /*** дугаартай тушаалаар гэрээт харуул, манаач нарыг цалингийн сандаа багтаан ажиллуулахыг дарга Б.Билгүүн хэлтсийн дарга нарт зөвлөж байсан албан бичиг ирүүлсэн. Үүнээс үзэхэд Стандарт хэмжил зүйн хэлтсийн дарга нь надыг өөрийн үзэмжээр дур мэдэн Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчин байж чөлөөлсөн нь илт байхад шүүхээс хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж с айна.

4.5. Ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх заалтыг тушаалд үндэслэл болгосон атлаа Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1, 82.1.1, 82.1.2, 82.1.3 зүйлүүдэд заагдсан сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг олголгүйгээр ажлаас чөлөөлсөн тушаалыг надад 20 хоногийн дараа өгснөөс болж энэ хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан ажилтанд нийгмийн даатгалын сангаас олгогдох ажилгүйдлийн тэтгэмж авах эрхийн хугацааг хэтрүүлэн олгох боломжгүй болгож миний эрх ашгийг ноцтой хохироосон.

4.6. Мөн 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн Стандарт хэмжил зүйн газрын даргын А/118 дугаартай тушаалыг үндэслэл болгосон ба энэ тушаалын дараа ЗГ-ын тогтоол 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр гарч бидний хөдөлмөрлөх эрхийг бага ч гэсэн хамгаалсан тогтоол гарсан байхад шүүх зөвхөн нэг талыг баримтлан шийдвэр гаргасан. Б.Б надыг ажлаас чөлөөлсөн тушаал 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр ЗГ-ын тогтоолын дараа гарсан. ЗГ-ын тогтоолоос дээгүүр газрын даргын үүрэг болгосон хэлтсийн даргын тушаал гэж байх ёсгүй.

4.7. Ажил олгогч ажилтан надтай Хөдөлмөрийн гэрээ байгуулахыг шинээр батлагдсан Хөдөлмөрийн хуулийн 48 дугаар зүйлд тодорхой зааж хуульчилсан. Ажил олгогч шинээр батлагдсан Хөдөлмөрийн тухай хуулийн 48.3-д зааснаар “Хөдөлмөрийн гэрээг бичгээр үйлдээгүйгээс үл хамааран ажилтан үүргээ гүйцэтгэж эхэлснээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэнд тооцно" гэж хуульчлагдсан ба би ажлаа одоо хүртэл хэвийн гүйцэтгэж байхад хөлсөөр ажиллах гэрээ гэгчийг хийж, хөдөлмөрийн тухай хуульд байхгүй ажилтан миний хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчиж, эрх зүйн байдлыг доордуулсан гэж үзэж байна.

4.8. Надтай хийсэн хөлсөөр ажиллах гэрээнд Хөдөлмөрийн тухай хуулийн 122 дугаар зүйлд заасан хөдөлмөрийн дотоод журам,123 дугаар зүйлд заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэл, 129, 131 дүгээр зүйлүүдэд заасан эд хөрөнгийн хариуцлагыг бүрэн оруулсан атлаа 84 дүгээр зүйл “ажлын цагийн дээд хязгаар”, 87 дугаар зүйл “ээлжийн ажлын цаг” , 88 дугаар зүйл “шөнийн цаг”, 99 дүгээр “ээлжийн амралт, түүний хугацаа”, 101 дүгээр зүйл “цалин хөлс олговор”, 102 дугаар зүйл “цалин хөлс тогтоох зарчим”,104 дүгээр зүйл “цалин хөлс олгох.” 110 дугаар зүйл “ээлжийн амралтын цалин” зэрэг ажилтны эрх ашгийг хамгаалсан заалтуудыг оруулахгүй ажилтан миний хууль эрх зүйн мэдлэг дутмаг байдлыг ажил олгогч ашиглаж өөрөө хууль тогтоомж зөрчиж хөдөлмөрлөх нөхцөлийг дордуулж байна.

4.9. Ажил олгогч нь ажилтантай Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3-д “Ажил олгогч, ажилтны хоорондын харилцаа нь энэ хуулийн 4.1.15-д заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааны шинжтэй бол хөдөлмөрийн гэрээнээс өөр төрлийн гэрээ байгуулахыг хориглоно” гэж хуульчилсныг зөрчиж хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан хууль бус гэж үзэж байна. Иймд гомдлыг давж заалдах журмаар хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, гомдлын шаардлагыг хангаж өгнө үү.

 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

5.1. 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Стандарт хэмжил зүйн газрын даргын А/117 дугаар тушаал гарсан. Уг тушаалаар аймгийн Стандарт хэмжил зүйн газрын бүтэц зохион байгуулалтыг баталж өгсөн бөгөөд нийт 13 орон тоо баталснаас манаачийн орон тоо байхгүй байгаа. Дээрээс нь 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Шадар сайд н.Амарсайхан Стандарт хэмжил зүйн газарт 2022 оны төсвийг хүргүүлсэн. Уг төсвөөр 13 биш 8 хүнээр баталж өгсөн. Манаачийн орон тоо байхгүй байсан тул Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар 30 хоногийн өмнө мэдэгдэл өгч 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр тушаал гаргасан. Гэвч хөлсөөр ажиллах гэрээ хийгээд одоо хүртэл ажиллуулж байгаа.

 

ХЯНАВАЛ:

6. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн гомдлоор авч хэлэлцсэн хэргийн шийдвэрийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар бүхэлд нь хянаж үзээд, давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв. 

7. Нэхэмжлэгч Б.Б хариуцагч Баян-Ө аймгийн Стандарт хэмжилзүйн хэлтэст холбогдуулан тус хэлтсийн даргын 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Б/03 дугаар “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгож, манаачийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай гомдол нь Хөдөлмөрийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 158 дугаар зүйлийн 158.5.2 дахь заалтаар шүүхээр хянан шийдвэрлэх маргаан мөн бөгөөд тэрээр гомдлоо мөн хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1 дэх заалтад заасан хугацааны дотор гаргажээ. Ажил олгогчоос гомдлыг эс зөвшөөрч шүүхэд хариу тайлбар ирүүлсэн байна.

            8. Хэрэгт хуульд заасан журмаар цугларсан нотлох баримтаар дараах үйл баримтууд тогтоогдов: Стандарт хэмжил зүйн газрын даргын 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн А/118 дугаар “Стандарт, хэмжил зүйн хэлтсийн дотоод зохион байгуулалт, албан тушаалын ангилал, зэрэглэлийг шинэчлэн батлах тухай” тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан “Стандарт, хэмжил зүйн хэлтсийн төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал, зэрэглэл”-ийн жагсаалтад Баян-Ө аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсийн орон тоог 13 хүнээр баталсан байх бөгөөд тус хэлтсийн жижүүр, манаач, харуулын орон тоо хасагдсан байна. Улмаар тус хэлтсийн даргын 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Б/03 дугаар тушаалаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.5 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1, 78.1.9, 80 дугаар зүйлийн 80.1.1, Стандарт хэмжил зүйн газрын даргын дээрх 2021 оны А/118 дугаар тушаалыг тус тус үндэслэн тус хэлтсийн манаачаар ажиллаж байсан Б.Бг ажлаас чөлөөлжээ.  

            9. Түүнчлэн, ажил олгогчоос ажилтанд орон тоо хасагдсан талаар 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр мэдэгдсэн нь 02 дугаартай мэдэгдэх хуудас, Стандарт хэмжил зүйн хэлтсийн хамт олны 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 15 дугаартай хурлын тэмдэглэлээр тогтоогдсон байна. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.

                10. Стандарт хэмжил зүйн газрын 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн А/118 дугаартай “Стандарт, хэмжил зүйн хэлтсийн дотоод зохион байгуулалт, албан тушаалын ангилал, зэрэглэлийг шинэчлэн батлах тухай” тушаалын 3 дугаар заалтаар хэлтэс бүр ажлын байр өмч, хамгааллын чиглэлээр 2022 оны эхний хагас жилд багтаан гэрээт харуул хамгаалалтын байгууллагаар гүйцэтгүүлэх талаар зохих арга хэмжээ авч ажиллахыг аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн дарга нарт үүрэг болгож байсан нь дурдсан орон тоо хасагдсаныг давхар нотолж байна.

11. Хариуцагч Баян-Ө аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсийн дарга Х.Т, нэхэмжлэгч Б.Бтай 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 02 дугаар “Хөлсөөр ажиллах гэрээ” байгуулсан нь Төсвийн байгууллагын зарим ажил, үйлчилгээг гэрээгээр гүйцэтгүүлэх тухай Засгийн газрын 2003 оны 233 дугаар тогтоолын хавсралт, “Төсвийн байгууллагын зарим ажил, үйлчилгээг гэрээгээр гүйцэтгүүлэхэд баримтлах чиглэл”-ийн 6.2 болон 4.3-д заасан заалттай нийцсэн, хөдөлмөрийн тухай хууль тогтоомжийг зөрчөөгүй талаар анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн бөгөөд шүүх нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлжээ.

12. Иймд ажил олгогчийн 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Б/03 дугаартай “Б.Бг ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар Хөдөлмөрийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх заалтаар орон тоо хасагдсан гэсэн үндэслэлээр ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан үйл ажиллагаа хуульд нийцсэн байх тул давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, ажилд эгүүлэн тогтоолгох тухай ажилтны гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр батлах нь хууль ёсны зарчимд нийцнэ. 

13. Нэхэмжлэгчийн “анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, шүүх нэг талыг баримтлан шийдвэр гаргасан байх тул шийдвэрийг хүчингүй болгож, гомдлын шаардлагыг хангаж өгнө үү” гэх давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх хууль зүйн болон бодит үндэслэл тогтоогдохгүй байна. Нэхэмжлэгчийн гомдол хуульд зааснаар тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.

           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгож,

ТОГТООХ нь:

1. Баян-Ө аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 130/ШШ2022/00331 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Б давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.КӨБЕШ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Н.ТУЯА

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК