Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 221/МА2018/0479

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 08 сарын 30 өдөр   

  Дугаар 221/МА2018/0479

Улаанбаатар хот

 

 

Э.Н-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч

Г.М-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай                         

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч О.Номуулин, Ц.Сайхантуяа нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Отгондэлгэр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, гуравдагч этгээд З.С-ийн өмгөөлөгч бөгөөд гуравдагч этгээд “Б Э м” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.А нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2018/0425 дугаар шийдвэртэй, Э.Н-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М-ийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор шүүгч Ц.Сайхантуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2018/0425 дугаар шийдвэрээр: “1. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.1.6, 47.1.7, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.43, 11 дүгээр зүйлийн 11.5.3, 17 дугаар зүйлийн 17.3, Хуулийн этгээдийн бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 11 дүгээр зүйлийн 11.5.2, 18 дугаар зүйлийн 18.1.1, 22 дугаар зүйлийн 22.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан ““Моручи” ХХК-ийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулсан 2011 оны 10 дугаар сарын 18, 2013 оны 02 дугаар сарын 04, 2013 оны 05 дугаар сарын 02, 2017 оны 07 дугаар сарын 19, 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн бүртгэлүүдийг илт хууль бусад тооцуулах, “Моручи” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр Э овогтой Н-г бүртгэхийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, 2. Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 49.4, 49.5, 49.6.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан ““Моручи” ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын ашиглалтын MY-015646 дугаартай тусгай зөвшөөрлийг “Б С М” ХХК-д шилжүүлэхээр шийдвэр гаргасан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 24 дүгээр шийдвэрийн “Моручи” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М давж заалдах гомдолдоо: “...Гуравдагч этгээдийн зүгээс хуурамч бичиг баримт ашиглан нэхэмжлэгчийн эрхэд халдахаас гадна хуурамч бичиг баримтад үндэслэж хуулиар тогтоосон үүргээ гүйцэтгэсэн Улсын бүртгэлийн байгууллагын хуулиар олгосон хэвийн үйл ажиллагаа явуулах эрхэнд халдсан. Улсын бүртгэлийн ерөнхий  хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 3.1.5-д заасан зарчмуудыг баримтлаагүй, мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5.2, 11.5.3-т заасныг зөрчихөд хүргэсэн буюу нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн тохиолдолд улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах эрхийг хуулиар олгосон байхад улсын бүртгэгч нь маргаан бүхий бүртгэлийг хийхдээ компанийн хувьцаа эзэмшигчээр М.Б-ыг томилсон шийдвэр хууль ёсны эсэхийг хянаж, бүртгэлд өөрчлөлт оруулахаас татгалзах үүрэгтэй байсан.

Гуравдагч этгээд М.Б-ны бүртгэлийн байгууллагад гаргаж өгсөн компанийн хувьцаа эзэмших эрх шилжүүлэх болон гүйцэтгэх удирдлагаар томилсон гэрээ, шийдвэрүүд нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн анхан, нэмэлт, давтан гаргасан дүгнэлтүүдээр хуурамч, уг баримтуудад компанийн хууль ёсны хувьцаа эзэмшигч буюу компанийн гүйцэтгэх удирдлага болох С.Э гарын үсгээ зураагүй болох нь тогтоогдож байх тул бүртгэлийн байгууллагаас явуулсан 2010 оны 12 дугаар сарын 09, 2011 оны 10 дугаар сарын 18, 2013 оны 02 дугаар сарын 04-ний өдрүүдийн бүртгэлүүд нь дээрх хуулийн заалтыг зөрчсөн хууль бус бүртгэл болох нь тодорхой байна. “Моручи” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн бүртгэлүүд нь хууль бус болохыг нотолж тогтоосон эрх бүхий байгууллагын дүгнэлтүүд хүчин төгөлдөр, хууль ёсны эзэмшигч, өвлөгч байх нэхэмжлэгчийн эрхийг баталгаажуулсан үйл баримт тогтоогдсон шинжээрээ гуравдагч этгээд М.Б-ыг компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр цаашлаад гуравдагч этгээд нарт холбогдох улсын бүртгэлүүд нь бодит нөхцөл байдалд биелүүлэх, биелэгдэх, хэрэгжих боломжгүй байгаа болох нь тодорхой харагдана. Маргаан бүхий бүртгэлүүдэд холбогдох үйл баримтууд нь зөвхөн дээрх шинжээрээ Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7-д зааснаар илт хууль бус акт болох нь тодорхой. Тухайн бүртгэлүүд нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, 47.1.7 дахь хэсэгт заасныг үндэслэхээс гадна мөн хуулийн 47.2-т зааснаар илт хууль бусад тооцогдох эрх зүйн үр дагавартай. Анхан шатны шүүх Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх хэсгийг хэрэглэж байгаа нь нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй, уг заалтаар нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх боломжгүй, мөн шийдвэрийн Тогтоох хэсэгт тусгасан 11 дүгээр зүйлийн 11.5.2, 18 дугаар зүйлийн 18.1.1 гэх заалтууд огтоос байхгүй байгаа нь шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг илтэд алдагдуулсан ноцтой зөрчил юм. Хэрэгт авагдсан баримтуудад дүгнэлт хийхдээ хэт нэг талыг барьж дүгнэснээс дүгнэлтүүд нь өөр хоорондоо эрс зөрүүтэй, эргэлзээтэй байдлыг үүсгэсэн. Маргаан бүхий бүртгэлийг хийхэд үндэслэсэн баримтууд нь хуурамч болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт, бичгийн баримтуудыг үгүйсгэж чадаагүй атлаа “...дээрх үйл баримт нь бүртгэл хийгдсэнээс хойш илэрсэн, прокурорын тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгосон...” гэх мэт захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нотолгооны хувьд ямар ч ач холбогдолгүй дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2018/0425 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

Шүүх бүрэлдэхүүн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Ч.Н Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан ““Моручи” ХХК-ийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулсан 2011 оны 10 дугаар сарын 18, 2013 оны 02 дугаар сарын 04, 2013 оны 05 дугаар сарын 02, 2017 оны 07 дугаар сарын 19, 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн бүртгэлүүдийг илт хууль бусад тооцуулах, “Моручи” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр Э овогтой Н-г бүртгэхийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах”, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан ““Моручи” ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын ашиглалтын MY-015646 дугаартай тусгай зөвшөөрлийг “Б С М” ХХК-д шилжүүлэхээр шийдвэр гаргасан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 24 дүгээр шийдвэрийн “Моручи” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргасан.  

“Моручи” ХХК-ийн хувьцаа, түүний дагалдах эрх, компанийн хөрөнгийг өвлүүлсэн 26 тоот гэрчилгээг 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Э.Нямцэрэнд олгох үед 2013 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс “Моручи” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр М.Б бүртгэгдсэн байсан нь холбогдох баримтаар тогтоогджээ.

Өөрөөр хэлбэл С.Эрдэнэсүхийг нас барахаас өмнө түүний эзэмшиж байсан “Моручи” ХХК-ийн хувьцаа М.Б-д шилжсэн байсан, энэ талаар тухайн үед талууд маргаж байгаагүй бөгөөд түүнийг нас барахаас өмнөх болон С.Эрдэнсүхийн нэр дээрх бүртгэлгүй хуулийн этгээдийн улсын бүртгэлийн талаар нэхэмжлэгч маргаж байгаа нь үндэслэлгүй.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ “...“Моручи” ХХК-ийн хувьцаа эзэмших эрхийг шилжүүлсэн баримтуудад нэхэмжлэгчийн эцэг болох С.Эрдэнэсүхийн гарын үсгийг хуурамчаар дуурайлган зурсан гэдэг нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд улсын бүртгэлийн байгууллага хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс бүртгэл Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, 47.1.7-д зааснаар илт хууль бус болсон” гэж тайлбарлан маргасан байна.

Хэрэгт удаа дараагийн шинжээчийн дүгнэлтүүд баримтаар авагдсан боловч “Компанийн хувьцаа шилжүүлэх тухай гэрээ”, “Эрх шилжүүлэх гэрээ” зэргийг эрх бүхий байгууллага хууль бус болохыг тогтоосон баримт байхгүй, дан ганц С.Эрдэнэсүхийн гарын үсэг биш болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлтээр захиргааны хэргийн шүүх бүртгэлийг хууль бус гэж үзэх боломжгүй юм.

Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгох бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан 7 үндэслэл байгаа тохиолдолд захиргааны акт илт хууль бус болж, гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байхаар хуульчилсан ба Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно”, 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй”, 47.1.7-д “түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй” гэж тус тус заасан байна.

Анхан шатны шүүх хариуцагч “Моручи” ХХК-ийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулсан 2017 оны 07 дугаар сарын 19, 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн бүртгэлүүд нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.4.3, Хуулийн этгээдийн бүртгэлийн тухай /2003 оны/ хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 22 дугаар зүйлийн 22.2-т заасан үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэх баримт бичгийн шаардлагыг хангасан, тухайн үед улсын бүртгэгч С.Эрдэнэсүрэнгийн гарын үсэг биш гэдгийг мэдэх боломжгүй, мэдүүлэг гаргаж буй этгээдээс бүртгэлийн байгууллагад хүргүүлсэн баримт бичгийн үнэн зөвийг өөрөө нотлох, хариуцах үүрэгтэй, бичиг баримтыг хуурамчаар бүрдүүлснийг эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоогоогүй тохиолдолд бүртгэлийн үйл ажиллагааг хийхээс татгалзах эрх хариуцагчид байхгүй тул дээрх бүртгэлүүдийг илт хууль бусад тооцох боломжгүй талаар зөв дүгнэлт хийжээ.

Өөрөөр хэлбэл, тухайн тохиолдолд хэн нэгэн этгээд хүсэлт гаргаагүй байхад “Моручи” ХХК-ийн улсын бүртгэлд хариуцагч өөрчлөлт оруулж нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан эсхүл уг өөрчлөлт оруулсан бүртгэл нь бодит нөхцөл байдалд биелэгдэх боломжгүй тохиолдолд нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийг шүүх хангаж шийдвэрлэх бөгөөд уг үндэслэлүүд хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан тайлбараар тогтоогдоогүй тул энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэсгүй байна.

Захиргааны ерөнхий хууль нь 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдөр батлагдаж, 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөгдсөн ба уг хууль хэрэгжихээс өмнө үүссэн харилцаанд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, 47.1.7-д заасан үндэслэл хамаарахгүй бөгөөд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай /2002 он/ хуулийн 9 дүгээр зүйлд заасан зохицуулалт үйлчилнэ.

Хэдийгээр нэхэмжлэгч Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийг үндэслэж байгаа боловч “Моручи” ХХК-ийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулсан 2011 оны 10 дугаар сарын 18, 2013 оны 02 дугаар сарын 04, 2013 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн бүртгэлүүд нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай /2002 он/ хуулийн 9 дүгээр зүйлд заасан захиргааны актыг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрөх үндэслэлд хамаарахгүй байх тул энэ талаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...шийдвэрийн Тогтоох хэсэгт тусгасан 11 дүгээр зүйлийн 11.5.2, 18 дугаар зүйлийн 18.1.1 гэх заалтууд огтоос байхгүй байгаа нь шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг илтэд алдагдуулсан ноцтой зөрчил юм” гэж давж заалдах гомдолдоо дурдсан бөгөөд анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэсэн ч шийдвэрийн Тогтоох хэсэгт холбогдох хуулийн зүйл заалтыг алдаатай бичсэн зөрчил гаргасан байна.

Уг үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсэгт зөвтгөсөн өөрчлөлтийг оруулж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2018/0425 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйл, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.1.6, 47.1.7, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.4.3, 11 дүгээр зүйлийн 11.5.2, 11.5.3, 17 дугаар зүйлийн 17.3, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /2003 он/-ийн 8  дугаар зүйлийн 8.1.1, 18 дугаар зүйлийн 18.1.1, 22 дугаар зүйлийн 22.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Э.Н-гийн Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан ““Моручи” ХХК-ийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулсан 2011 оны 10 дугаар сарын 18, 2013 оны 02 дугаар сарын 04, 2013 оны 05 дугаар сарын 02, 2017 оны 07 дугаар сарын 19, 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн бүртгэлүүдийг илт хууль бусад тооцуулах, “Моручи” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр Э овогтой Н-г бүртгэхийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах” тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу нэхэмжлэгч нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Д.БАТБААТАР

         ШҮҮГЧ                                                                    О.НОМУУЛИН

         ШҮҮГЧ                                                                    Ц.САЙХАНТУЯА