Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 279

 

 “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“Эрдэнэс-таван толгой” ХК-д холбогдох

 захиргааны хэргийн тухай

 

            Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч, шүүгч:         Ч.Тунгалаг,

            Шүүгчид:                        Г.Банзрагч,

                                                   М.Батсуурь,

                                                   Д.Мөнхтуяа,

            Илтгэгч шүүгч:               Б.Мөнхтуяа,

            Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал

Нэхэмжлэлийн шаардлага: “Агаарын сансрын зургийн боловсруулалттай 1:5000-ны тусгай зөвшөөрлийн талбайд 1:1000-ны масштаб байр зүйн зураглал боловсруулах үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, гэрээг байгуулахыг даалгах”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 128/ШШ2020/0167 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 279 дүгээр магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ат, С.Г нарыг оролцуулж,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 128/ШШ2020/0167 дугаар шийдвэрээр: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5, 29 дүгээр зүйлийн 29.2-т заасныг тус тус үндэслэн Эрдэнэс тавантолгой ТӨХК-нд холбогдуулан нэхэмжлэгч М ХХК-иас гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Агаарын сансрын зургийн боловсруулалттай 1:5000-ны тусгай зөвшөөрлийн талбайд 1:1000-ны масштаб байр зүйн зураглал боловсруулах үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулаагүй Эрдэнэс тавантолгой ТӨХК-ийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, үлдсэнийг буюу гэрээ байгуулахыг даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д заасныг үндэслэн захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас өөрт учирсан хохирлыг нэхэмжлэгч М ХХК нь иргэний хэргийн шүүхэд хандаж шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн. 

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 279 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 167 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Аын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Нэхэмжлэгчийн зүгээс “(1) Агаарын сансрын зургийн боловсруулалттай 1:5000-ны тусгай зөвшөөрлийн талбайд 1:1000-ны масштаб байр зүйн зураглал боловсруулах үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, (2) тус гэрээг нэхэмжлэгчтэй байгуулахыг хариуцагчид даалгах" нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан бөгөөд анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын 1 дэх хэсгийг хангаж, 2 дахь шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисон.

4. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020.03.09-ний өдрийн 167 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.04.22-ны өдрийн 279 дүгээр магадлалаар хэргийг шийдвэрлэхдээ анхан болон давж заалдах шатны шүүх нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйгээс гадна хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тул дээрх шийдвэрүүд нь үндэслэлгүй болсон хэмээн үзэж, энэхүү гомдлыг гаргав.

5. Анхан шатны шүүхийн шийдвэртэй холбоотой үндэслэл: Зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх нь шүүхийн эрхэм зорилго болох тухай. Анхан шатны шүүхээс “...гэрээ байгуулах мэдэгдлийг хүргүүлсэн хэдий ч хуульд заасан хугацаанд гэрээг байгуулаагүй хариуцагчийн эс үйлдэхүй нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчсөн байна гэж шүүх үзлээ” гэж дүгнэсэн. Ийнхүү хариуцагч гэрээ байгуулаагүй нь хууль бус болохыг тогтоосон боловч гэрээ байгуулахыг хариуцагчид даалгахгүй нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 4.1.1-т заасан “хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоох” шүүхийн эрхэм зорилгыг зөрчсөн хэрэг юм. Нэгэнт шүүх хариуцагчийн гэрээ байгуулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоосон тул дээрх эрхэм зорилгынхоо хүрээнд зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүднээс гэрээ байгуулахыг хариуцагчид даалгах үндэслэлтэй юм.

6. Худалдан авах ажиллагаа хариуцлагатай байх зарчмын тухай. Мөн шүүхээс “2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5-д заасан тендер хүчинтэй байх хугацаа нэгэнт дуусгавар болсон” гэх үндэслэлээр гэрээ байгуулахыг даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон. Хэдийгээр тендерийн хүчинтэй хугацаа дууссан боловч тус тендерийн хугацаа дуусахад нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаа огт байгаагүй бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болон шүүх хуралдааны явцад түүнийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд гаргасан. Хариуцагчийн зүгээс 2019601629-ний өдөр “Гэрээ байгуулах эрх олгох тухай” 07/264 дүгээр мэдэгдлийг нэхэмжлэгчид хүргүүлсний дагуу нэхэмжлэгчээс 2019.01.31-ний өдөр Худалдаа хөгжлийн банкаар гүйцэтгэлийн баталгааг гаргуулан хариуцагчид хүргүүлснээс үзвэл нэхэмжлэгч гэрээ байгуулахын тулд өөрсдийн зүгээс шалтгаалах зүйлсийг хийсэн. Нэхэмжлэгч “М” ХХК нь хуульд заасан хугацаанд тендерийн гүйцэтгэлийн баталгааг байршуулсаар байтал хариуцагчийн зүгээс үндэслэлгүйгээр гэрээ байгуулаагүй, хуульд заасан хугацааг хэтрүүлсэн нь Тендерийн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Худалдан авах ажиллагаанд ... хариуцлагатай байх зарчмыг баримтална" гэж заасныг зөрчиж байгаа. Шүүх тус хуулийн дэх заалтыг хэрэглэх үндэслэлтэй байсан гэж бид үзэж байна.

7. Хариуцагчийн буруутай үйл ажиллагааны улмаас тендерийн хүчинтэй хугацаа дууссан буюу нэхэмжлэгчийн буруутгах үндэслэлгүй тохиолдолд гэрээ байгуулахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь үндэслэлтэй талаар Улсын Дээд Шүүхийн 2017.06.21-ний өдрийн 253 дугаар тогтоол, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2016.10.24-ний өдрийн магадлалд тус тус дүгнэж байсан байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1-д заасны дагуу хууль, шүүхийн өмнө хүн бүр эрх тэгш тул нэхэмжлэгч компанийн хувьд хуулийг шүүхийн өмнөх практикийн дагуу тайлбарлах нь үндэслэлтэй юм.

8. Хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмын тухай. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална:", 4.2.8-д “хууль ёсны итгэлийг хамгаалах.” гэж хуульчилсан бөгөөд тус заалтыг хууль тогтоогчоос “Хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим гэж нийтийн эрх зүйн аливаа харилцаанд захиргааны үйл ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээдэд эдийн буюу мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар үүссэн тохиолдлыг ойлгоно." гэж тайлбарласан. “Эрдэнэставан толгой” ХК-иас зарласан тендерт нэхэмжлэгч шалгарч улмаар гэрээ байгуулах эрх олгож буйг мэдэгдсэнээр нэхэмжлэгчид тус гэрээг байгуулна гэсэн итгэл үнэмшил үүссэн. Хариуцагчаас гэрээ байгуулна гэсэн мэдэгдлийн дагуу тендерийн гүйцэтгэлийн баталгааг байршуулсан нь тус гэрээг байгуулж тендерийн үнийн саналд заагдсан төлбөрийг авна гэсэн итгэл үнэмшлээр хийсэн, тодорхой хэмжээний зардал гаргасан ажиллагаа юм. Иймд “Эрдэнэставан толгой” ХК-иас зарласан тус тендерт нэхэмжлэгч “М” ХХК шалгарах харилцаанд хууль бус үйлдэл байгаагүй бөгөөд тус харилцааны дагуу нэхэмжлэгчид эдийн буюу мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх үр дагавар үүссэн тул нэхэмжлэгчийн хууль ёсны итгэл хамгаалагдах ёстой юм. Гэвч шүүхээс гэрээ байгуулахыг хариуцагчид даалгаагүй нь нэхэмжлэгчийн хууль ёсны итгэлийг хамгаалаагүй хэрэг боллоо. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх Захиргааны ерөнхий хуулийн 4.2.8 дахь заалтыг хэрэглэх үндэслэлтэй байсан гэж үзэж байна.

9. Нотлох баримтыг буруу үнэлсэн, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн тухай. Анхан шатны шүүхээс гэрээ байгуулахыг даалгах шаардлагыг хангахгүй орхисон үндэслэлээ тайлбарлахдаа "Таван толгой - Зүүнбаян чиглэлийн төмөр замын ажилтай холбогдуулан "Эрдэнэставан толгой" ТӨХК-ийн 2020 оны төсөвт тодотгол хийгдэж, төсөл хөтөлбөрийн хөрөнгө оруулалтыг хассан, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.6-д “...тендер шалгаруулалтад шалгарсан тендерт оролцогчтой ... төсвийн санхүүжилт батлагдаагүй тохиолдолд гэрээ байгуулахыг хориглоно" хэмээн заасан” гэж тайлбарласан байна. Гэвч маргаан бүхий тендерийн хувьд төсвийн санхүүжилт батлагдаагүй тухай баримт хэрэгт авагдаагүй. ЗХШХШтХ-ийн 32.3-т “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч ...шүүхэд гаргасан ... хариу тайлбарын үндэслэлийн талаар нотлох баримтаа шүүхэд өгөх ба өгөх боломжгүй ...нотлох баримтын эх сурвалжийг заана” гэж заасан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь төсөв татагдсан, батлагдаагүй гэж тайлбарладаг боловч үүнийг нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй. Мөн өөрсдөө гаргаж өгөх боломжгүй тухай тайлбарлаагүй, шүүхэд нотлох баримтын эх сурвалжийг заагаагүй. Мөн хариуцагчийн тус тайлбарыг тодруулах үүднээс Сангийн яамнаас энэ талаар нотлох баримт, тайлбар авахад “тус тендер нь захиалагчийн өөрийн хөрөнгөөр санхүүжиж байгаа” гэсэн тайлбар ирсэн. Иймд төсвийн санхүүжилт батлагдаагүй гэдэг нь тус баримтаар няцаагдаж байгаа.

10. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.6 дахь заалт нь энэхүү маргааны хувьд хэрэглэвэл зохих хууль биш юм. Учир нь хуулийн 29 дүгээр зүйлийн 29.6 дахь заалт нь урьдчилсан худалдан авах ажиллагааны тендерийн харилцааг зохицуулсан заалт бөгөөд бидний маргаж буй тендер нь урьдчилсан худалдан авах ажиллагаа биш билээ. Хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.29-т “урьдчилсан худалдан авах ажиллагаа" гэж Улсын Их Хурал улсын төсөв батлах, гадаад улс, олон улсын байгууллагатай байгуулах зээл, тусламжийн олон улсын гэрээг соёрхон батлахаас өмнөх шатанд улсын төсөв, зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг урьдчилан зохион байгуулахыг" ойлгохоор заасан. Гэвч “Эрдэнэставан толгой” ХК-иас зарласан тендер нь зээл, тусламжийн олон улсын гэрээ, улсын төсвийн санхүүжилтээр хийгдэх худалдан авах ажиллагаа бус өөрийн хөрөнгөөр зарласан тендер тул тус харилцаанд хуулийн 29.6 дахь заалтыг хэрэглэх үндэслэлгүй юм.

11. Давж заалдах шатны шүүхийн магадлалтай холбоотой үндэслэл: Хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй тухай. Давж заалдах шатны шүүхээс ““Эрдэнэставан толгой" ХК, “Тавантолгой" ХК-иудын маркшейдерийн 2 талын хамтарсан хэмжилт хийн, акт үйлдэн баталгаажуулан ажиллах боломжтойг тодорхойлж, нүүрс шилжүүлэх ажлыг эхлүүлсэн, мөн “Эрдэнэставан толгой" ХК нь 2013 онд “М” ХХК-иар агаарын сансрын зураглап хийлгэж байсан зэргээс үзвэл “Эрдэнэставан толгой” ХК-иас зарласан “Агаарын сансрын зургийн боловсруулалттай 1:5000-ны тусгай зөвшөөрлийн талбайд 1:1000-ны масштабын байр зүйн зураглал боловсруулах ажлын гүйцэтгэгч сонгон шалгаруулах ЭТТ/201802183 дугаартай тендерийн хэрэгцээ шаардлага арилсан гэж үзэхээр байна гэх үндэслэлээр гэрээ байгуулахыг даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон. Гэтэл Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн аль зохицуулалтыг үндэслэн дээрх дүгнэлтийг хийж байгаагаа тайлбарлаагүй байна. Хуульд тухайн тендерийг зарласан үндэслэл буюу хэрэгцээ, шаардлага үгүй болсон тохиолдолд тендерийг хүчингүй болгох эсхүл гэрээ байгуулахаас татгалзах тухай зохицуулаагүй байтал дээрх байдлаар тайлбарлаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл давж заалдах шатны шүүхээс хуулийн үндэслэлийг заалгүйгээр маргааныг шийдвэрлэж байгаа нь тухайн харилцааг зохицуулсан хууль болох Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг хэрэглээгүй буюу хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

12. Угтаа бол давж заалдах шатны шүүхээс Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д "Худалдан авах ажиллагаанд ... хариуцлагатай байх зарчмыг баримтална” гэж, Захиргааны ерөнхий хуулийн 4.2.8-д “хууль ёсны итгэлийг хамгаалах." гэж заасныг тус тус хэрэглэх, бидний гомдлыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байсан.

13. Хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн тухай. Давж заалдах шатны шүүхээс "Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.4-д “Төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах” гэж зааснаас үзвэл уг тендерт оролцогчтой гэрээ байгуулснаар хариуцагчид хохиролтой гэх тайлбарыг үгүйсгэх боломжгүй байх тул гэрээ байгуулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангах бодит нөхцөл байдал тогтоогдохгүй байна" гэж дүгнэсэн нь үндэслэлгүй буюу хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэн дээрх дүгнэлтийг хийсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

14. Учир нь, дээрх тендерийн санхүүжилтийн эх үүсвэр нь улсын төсөвт суугдан төсвөөс зарцуулагдах хөрөнгө биш бөгөөд “Эрдэнэставан толгой” ХК-ийн өөрийн хөрөнгөөр хийгдэх тендер юм. Тус тендерийн санхүүжилт нь улсын төсөвт хамааралгүй талаарх тайлбарыг Сангийн яамнаас ирүүлсэн (хавтаст хэргийн 100 дугаар тал) боловч тус нөхцөл байдлыг давж заалдах шатны шүүхээс буруугаар дүгнэн Төсвийн тухай хуулийг энэхүү харилцаанд хамаатуулан тайлбарлаж, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж үндэслэлгүй шийдвэр гаргасанд гомдолтой байна.

15. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах агуулгаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020.03.09-ний өдрийн 0167 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.04.22-ны өдрийн 279 дүгээр магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү.

ХЯНАВАЛ:

16. Анхан болон давж заалдах шатны шүүх тухайн маргаанд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль болон Төсвийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгосон нь хуульд нийцсэн байна.

17. Нэхэмжлэгч “М” ХХК-иас “...”Эрдэнэс-таван толгой” ХК-ийн гэрээ байгуулахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд бидний гэрээ байгуулах, гэрээний дагуу үзүүлэх үйлчилгээний хөлс авах эрх зөрчигдөж байна” гэж марган,  “Агаарын сансрын зургийн боловсруулалттай 1:5000-ны тусгай зөвшөөрлийн талбайд 1:1000-ны масштаб байр зүйн зураглал боловсруулах үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, гэрээг байгуулахыг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.  

18. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, Сангийн яамны 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн “Зөвлөмж хүргүүлэх тухай” 13-2/4273 тоот албан бичгээр “Эрдэнэс-таван толгой” ХК-д “...Орон нутгийн өмчит ”Таван толгой” ХК нь өөрийн ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайгаас хил даван “Эрдэнэс-таван толгой” ХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд нэвтэрч их хэмжээний нүүрс олборлосон, ялгаатай үнээр нүүрс борлуулсан, хууль бусаар нүүрс экспортолсон гэх асуудлыг шалгаж, дүгнэлт гаргах ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд ...сансрын өндөр нягтралтай, өнгөт стерео зураг ...танай байгууллагад өндөр ач холбогдолтой тул худалдан авч, үйл ажиллагаандаа ашиглахыг зөвлөж байна” гэжээ. Дээрх зөвлөмжийн дагуу “Эрдэнэс-таван толгой” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн А/300 дугаар тушаалаар тендерийн үнэлгээний хороог байгуулж, “Таван толгой ордын тусгай зөвшөөрлийн талбайд “Агаар сансрын зургийн боловсруулалт”-тай 1:5000-ны тусгай зөвшөөрлийн талбайд 1:1000-ны масштабын байр зүйн зураглал боловсруулах ажил”-ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер /ЭТТ/201802183 дугаартай/-ийг зарласан байх ба тус тендерт “М” ХХК оролцож, шалгарсан тул “Эрдэнэс-таван толгой” ХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 07/264 тоот албан бичгээр гэрээ байгуулахыг мэдэгдсэн зэрэг үйл баримтууд тогтоогдсон, хэргийн оролцогчид эдгээртэй маргаагүй байна.

19. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш  ажлын 6-аас доошгүй хоногийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулна” гэж заасан, нэхэмжлэгч “М” ХХК нь дээрх гэрээ байгуулах тухай мэдэгдэлд зааснаар, 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Худалдаа хөгжлийн банк ХХК-иас гүйцэтгэлийн баталгаа гаргуулж захиалагчид хүргүүлсэн, гэтэл захиалагчаас тендерт шалгарсан тус компанитай гэрээ байгуулаагүй, сонгон шалгаруулалтын хүчинтэй хугацааг сунгах хүсэлтийг Сангийн яаманд гаргаагүй зэргээр хууль зөрчсөн эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон, иймд нэхэмжлэгчийн “...гэрээ байгуулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.

20. Хариуцагчаас “...“Эрдэнэс-таван толгой” ХК-ийн зарласан тендерийн хүчинтэй хугацаа дууссан буюу мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5-д заасан тендер хүчинтэй байх хугацаа дууссан тул гэрээ байгуулаагүй” гэсэн тайлбар гаргасан боловч хэрэгт нотлох баримтаар авагдсан, “Эрдэнэс-таван толгой” ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 04/489 тоот албан бичиг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар зэргээр, “Эрдэнэс-таван толгой” ХК, “Таван толгой” ХК-иуд нь маркшейдерийн 2 талын хамтарсан хэмжилт хийн, нүүрс шилжүүлэх ажлыг эхлүүлсэн, тус компани нь 2013 онд “М” ХХК-иар 1:5000 масштабтай агаар, сансрын зураглал хийлгэсэн ч өдөр тутмын үйл ажиллагаанд ач холбогдолгүй, “Эрдэнэс-таван толгой” ХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайгаас олборлосон нүүрсний хэмжээг 2 талын хамтарсан маркшейдерийн хэмжилтээр баталгаажуулан ажлыг гүйцэтгэх боломжтой болсон, өөрөөр хэлбэл 1:1000-ны масштабтай агаар сансрын зураглал дахин хийлгүүлэх нь тус компанид хохиролтой, одоогийн уулын үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд шаардлагагүй болох нөхцөл байдлууд тогтоогдсон байна.

21. Шүүхээс энэ тохиолдолд нэхэмжлэгчтэй гэрээ байгуулахыг даалгаж шийдвэрлэх нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1-д “Төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах” гэж заасанд нийцэхгүй тул хоёр шатны шүүхийн “...хариуцагч нь нэхэмжлэгчид учруулсан хохирлыг нөхөн төлөх боломжтой гэж илэрхийлсэн, мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч нь өөрт учирсан хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх боломжтой” гэсэн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...шүүхүүд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д "Худалдан авах ажиллагаанд ...хариуцлагатай байх зарчмыг баримтална”, Захиргааны ерөнхий хуулийн 4.2.8-д “хууль ёсны итгэлийг хамгаалах" гэж тус тус заасныг хэрэглэх, бидний гомдлыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байсан...” гэсэн хяналтын гомдлоор шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах боломжгүй байна гэж үзлээ.

22. Дээрх үндэслэлүүдээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 09-нийн өдрийн 128/ШШ2020/0167 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 279 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ч.ТУНГАЛАГ

                                   ШҮҮГЧ                                                                Б.МӨНХТУЯА