Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 212/МА2022/00062

 

                          

    Х.Ггийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж,  

тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж шийдвэрлэсэн, 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 130/ШШ2022/00309 дүгээр шийдвэртэй, нэхэмжлэгч Баян-Өлгий аймаг, Ө сум 2 дугаар баг, ** гудамж, ** тоотод оршин суух ** овогт Х.Ггийн нэхэмжлэлтэй, хариуцагч Баян-Өлгий аймгийн Ө сумын ** дугаар багт байрлах Ө сумын ЗДТГ-ын байранд үйл ажиллагаа явуулдаг Баян-Өлгий аймгийн Ө сумын Засаг дарга /Д.Е/-д холбогдох,  

Баян-Өлгий аймгийн Ө сумын Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн №Б/45 дугаартай Сэлгэн ажиллуулах тухай захирамжийг хүчингүй болгож, Х.Гг урьд эрхэлж байсан Баян-Өлгий аймгийн Ө сумын Хүүхдийн ** дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэж, 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.    

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Ж.Ахмарал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нургайып нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн үндэслэл:   

1.1. Х.Г би 1997 онд анх Ө сумын хүүхдийн ** дугаар цэцэрлэгт багшаар ажиллаж эхэлсэн ба 2016 оны 02 дугаар сараас эхлэн Баян-Өлгий аймгийн Ө сумын хүүхдийн ** дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр томилогдон өнөөдрийг хүртэл ажиллаж байна.

1.2. Ө сумын Засаг дарга 2022 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн Б/45 дугаар захирамж гаргаж намайг Ө сумын 11 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд сэлгэн ажиллуулахаар болж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулиараа сэлгэн ажиллуулахаас өмнө ажилтантай харилцан тохиролцсон байх ёстой боловч Засаг даргаас надтай ямар нэгэн байдлаар харилцан тохиролцохгүйгээр шууд сэлгэн ажиллуулах шийдвэр гаргасан байна. Надтай харилцан тохиролцохгүйгээр шууд сэлгэн ажиллуулснаар миний хуулиар хамгаалагдсан эрх ашгийг зөрчиж байна.

1.3. Манай аймагт сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо одоогоор байгуулагдаагүй, миний гомдлыг хянан шийдвэрлэх боломжгүй гэдгийг холбогдох байгууллагуудаас тодруулсан.

1.4. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158 2-т "Дараах тохиолдолд ажилтан энэ хуулийн 154.2-т заасан хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад хөдөлмөрийн маргаан шийдвэрлүүлэх боломжгүй гэж үзвэл шүүхэд хандаж хөдөлмөрийн эрхийн маргааныг шийдвэрлүүлнэ”, 158.2.2-т “хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй талаар ажилтан гомдол гаргасан” гэж заасны дагуу сэлгэн ажиллуулсан тухайн ажил ологчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзээд шууд шүүхэд гомдлоо гаргаж байна.

1.5. Иймд Х.Г намайг сэлгэн ажиллуулах тухай Баян-Өлгий аймгийн Ө сумын Засаг даргын 2022 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн Б/45 дугаар захирамжийг хүчингүй болгож өгнө үү.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзал:

2.1.Ө сумын Хүүхдийн цэцэрлэгүүдийн эрхлэгч нарыг цэцэрлэг хооронд туршлага солилцох, сайн туршлага бий болгох зорилгын хүрээнд Хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.8 дахь хэсэгт тусгаж харилцан тохиролцсоны үндсэн дээр сэлгэн ажиллуулж байгаа ба аймгийн болон сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан заалтуудыг хэрэгжүүлэхээр энэхүү ажлыг зохион байгуулж байгаа.

2.2. Сэлгэн ажиллуулах явцад хэн нэгнийг ажлаас халсан, эрх зүйн байдлыг нь дордуулсан асуудал байхгүй бөгөөд ажил олгогч, ажилтан хоёр зөвхөн хөдөлмөрийн гэрээнд заасан эрх үүргийн хүрээнд л ажил зохион байгуулагдаж байгааг тайлбарлая.

2.3. Мөн цаашид сэлгэн ажиллуулах тухай захирамжийн хэрэгжилтийг бүрэн хангаж ажиллах нь эрхлэгчийн хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэг тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье.

 

3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 130/ШШ2022/00309 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-ийг баримтлан Баян-Өлгий аймгийн Ө сумын Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн №Б\45 дугаартай Сэлгэн ажиллуулах тухай захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Х.Гг урьд эрхэлж байсан Баян-Өлгий аймгийн Ө сумын хүүхдийн 17 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Баян-Өлгий аймгийн Ө сумын Засаг дарга Д.Еаас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулан улсын орлого болгож шийдвэрлэжээ.  

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Ө сумын хүүхдийн цэцэрлэгүүдийн эрхлэгч нарыг хооронд нь сэлгэн ажиллуулах тухай ажил зохион байгуулсан гол зорилго нь цэцэрлэг хооронд сайн туршлага бий болгох, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилго агуулсан.

4.2. Х.Г нь тэс өөр албан тушаалд сэлгэн ажиллаагүй бөгөөд зөвхөн цэцэрлэгийн харьяалал өөрчлөгдсөн бөгөөд эрхэлсэн ажил, хөдөлмөрлөх нөхцөлийн хувьд чанарын ямар нэгэн ялгаа байхгүй, эрх зүйн байдлыг доордуулсан шийдвэр гараагүй.

4.3. Х.Гтай харилцан тохиролцоогүй мэдэгдээгүй гэдэг нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болж байгаа бөгөөд хөдөлмөрийн гэрээг сум дундын шүүх тал бүрээс нь судалж, үнэлээгүй явдалд гомдолтой байна.

4.4. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр биш учраас бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

5.1. Ажилтныг сэлгэн ажиллуулах шийдвэр гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн. Тодруулбал ажил олгогч ажилтныг сэлгэн ажиллуулахдаа ажил олгогч нь ажилтантай тохиролцсон байх ёстой. Мөн аж ахуйн нэгж байгууллага дотроо харьяа нэгжүүдэд сэлгэн ажиллуулах хуулийн заалттай. Гэтэл Ө сумын Засаг дарга өөр нэг байгууллагын эрхлэгчийг, өөр нэг байгууллагын эрхлэгчтэй, тухайн ажилтны зөвшөөрлийг авалгүйгээр сэлгэн ажиллуулсан нь  Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэсэн хүсэлтэй байна.

 

ХЯНАВАЛ:

 

            6. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар бүхэлд нь хянаж үзээд, давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

           

7. Нэхэмжлэгч Х.Г нь “2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Ө сумын Засаг дарга  Д.Е Хөдөлмөрийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх заалтыг ноцтой зөрчиж миний зөвшөөрлийг авалгүйгээр Ө сумын ** дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд томилсонд гомдолтой, намайг сэлгэн ажиллуулах тухай Баян-Өлгий аймгийн Ө сумын Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн №Б/45 дугаартай “Сэлгэн ажиллуулах тухай” захирамжийг хүчингүй болгож, Баян-Өлгий аймгийн Ө сумын хүүхдийн 00 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр эгүүлэн тогтоож өгнө үү гэж анхан шатны шүүхэд гомдол гаргажээ.

 

8. Ажил олгогч буюу хариуцагчаас “Ө сумын Хүүхдийн цэцэрлэгүүдийн эрхлэгч нарыг цэцэрлэг хооронд туршлага солилцох, сайн туршлага бий болгох зорилгын хүрээнд Хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.8 дахь хэсэгт тусгаж харилцан тохиролцсоны үндсэн дээр сэлгэн ажиллуулж байгаа ба аймгийн болон сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан заалтуудыг хэрэгжүүлэхээр энэхүү ажлыг зохион байгуулж байгаа. Сэлгэн ажиллуулах захирамжийн хэрэгжилтийг эрхлэгчид хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу биелүүлэх үүрэгтэй бөгөөд хэн нэгний эрх зүйн байдлыг нь доордуулсан асуудал байхгүй.” гэж маргажээ.

 

            9. Хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу талуудаас гаргаж өгсөн нотлох баримтуудаар нэхэмжлэгч Х.Г нь урьд Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын  22-ны өдрийн Б/110 дугаартай захирамжаар Ө сумын 00 дугаар хүүхдийн  цэцэрлэгийн  эрхлэгчээр томилогдон, 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Ө сумын 00 дугаар хүүхдийн  цэцэрлэгийн  эрхлэгчээр ажиллаж байсан нь тогтоогджээ. /хавтаст хэргийн 4 дэх тал/

           

10. Ажил олгогч Баян-Өлгий аймгийн Ө сумын Засаг дарга Д.Е нь 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн №Б/45 дугаартай “Сэлгэн ажиллуулах тухай” захирамжид Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.1.4, 102 дугаар зүйлийн 102.1.1, Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.8 дахь заалтуудыг тус тус үндэслэн Ө сумын хүүхдийн 00 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Х.Гг Ө сумын ** дүгээр цэцэрлэгийн эрхлэгчээр 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл сэлгэн ажиллуулжээ.

 

11. Ажил олгогч ажилтныг сэлгэн ажиллуулахдаа “Хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.8 дахь хэсэгт тусгаж харилцан тохиролцсоны үндсэн дээр сэлгэн ажиллуулж байгаа” гэж тайлбарлах боловч хэрэгт авагдсан баримтаар сэлгэн ажиллуулах талаар ажил олгогч ажилтантай тохиролцсон ажилтан хүлээн зөвшөөрсөн талаарх үйл баримт нотлогдон тогтоогдоогүй бөгөөд энэ талаарх анхан шатын шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

12. Ажилтныг сэлгэн ажиллуулах талаар Хөдөлмөрийн тухай хуулийн /шинэчилсэн найруулга/  59 дүгээр зүйлийн 59.1-д “Ажил олгогч ажилтантай харилцан тохиролцсоны үндсэн дээр аж ахуйн нэгж, байгууллага дотроо, харьяа нэгж, салбарын хооронд дараах үндэслэлээр ажилтныг гурван жил хүртэл хугацаагаар сэлгэн ажиллуулж болно” гэж заажээ. Хуулийн энэ заалтаас үзэхэд ажил олгогч нь ажилтныг сэлгэн ажиллуулахдаа ажилтантай заавал тохиролцсон, зөвшөөрлийг нь авсан байхаас гадна аж ахуйн нэгж, байгууллага дотроо, харьяа нэгж, салбарын хооронд сэлгэн ажиллуулахаас биш өөр цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллуулж байгааг сэлгэн ажиллуулсан гэж үзэхгүй. Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн /шинэчилсэн найруулга/  59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн ба ажил олгогч уг зохицуулалтыг буруу хэрэгжүүлж ажилтны эрхийг ноцтой зөрчсөн байна.

           

13. Хэрэгт цугларсан нотлох баримтууд, зохигчийн тайлбар зэргээс үзвэл, ажилтан болон ажил олгогчийн сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцож, сэлгэн ажиллуулах болсон үйл баримт тогтоогдоогүй ба энэ талаарх ажилтны гомдол хууль зүйн үндэслэлтэй. Харин хариуцагчийн хариу тайлбар Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх зохицуулалтад нийцээгүй болно.

 

14. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... Х.Гг тэс өөр албан тушаалд сэлгэн ажиллаагүй бөгөөд зөвхөн цэцэрлэгийн харьяалал өөрчлөгдсөн бөгөөд эрхэлсэн ажил, хөдөлмөрлөх нөхцөлийн хувьд чанарын ямар нэгэн ялгаа байхгүй, эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр гараагүй. Х.Гтай харилцан тохиролцоогүй мэдэгдээгүй гэдэг нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болж байгаа бөгөөд хөдөлмөрийн гэрээг сум дундын шүүх тал бүрээс нь судалж, үнэлээгүй явдалд гомдолтой байна” гэх давж заалдах гомдлын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзвэл, анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, сэлгэн ажиллуулахтай холбоотой Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх тул давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Х.Ггийн гомдлыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж  шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгож,

ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 130/ШШ2022/00309 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Н.ТУЯА

                                   

ШҮҮГЧ                                                                        Д.КӨБЕШ