Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 212/МА2022/00067

 

    Х.Нийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж,    

тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж шийдвэрлэсэн, 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 130/ШШ2022/00458 дугаар шийдвэртэй,  нэхэмжлэгч тус аймгийн ***** оршин суух ** овогт Х.Нийн /РД:**********/ нэхэмжлэлтэй, хариуцагч тус аймгийн Ц сумын Засаг даргад холбогдох,

“Баян-Өлгий аймгийн Ц сумын Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Б/17 дугаартай “Ажлаас чөлөөлж, ажилд томилох” тухай захирамжийг хүчингүй болгуулахыг хүссэн” иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.    

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Т.Еркегүл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С, гуравдагч этгээдийн өмгөөлөгч С.Нургайып нар оролцов.   

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн агуулга, үндэслэл:  

1.1. Х.Н нь Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн Б/19 дугаартай захирамжаар анх Баян-Өлгий аймгийн Ц сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байгаад Баян-Өлгий аймгийн Ц сумын Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/05 дугаартай захирамжаар Баян-Өлгий аймгийн Ц сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн захирлаар бүр томилогдон ажиллаж байсан.

1.2. Гэтэл Баян-Өлгий аймгийн Ц сумын Засаг дарга Т.А нь Х.Нт удаа дараа сургуулийн захирлын ажлыг өг гэсэн хууль бус шаардлага тавьж, ялгаварлан гадуурхах бодлого баримталж ирсэн. Т.А нь Х.Нийг ажлаас гаргахын тулд АТГ-т мэдээлэл явуулснаар АТГ-аас 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 05/884 дугаар албан бичгээр хуулийн хэрэгжилт хангуулж, хариуцлага тооцуулах тухай асуудал яригдсан байна. АТГ-ын 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн албан бичигт Х.Нийг сургуулийн захирлын үүрэгт ажлаас чөлөөлөх асуудал тусгагдаагүй, цалин хөлс хасах арга хэмжээ авахыг шаардсан байна.

1.3. Гэтэл Баян-Өлгий аймгийн Ц сумын Засаг дарга Т.А нь албан тушаалын байдлыг хэтрүүлэн Х.Нийг шууд сургуулийн захирлын үүрэгт ажлаас чөлөөлөх сахилгын шийтгэл ногдуулсан асуудалд гомдолтой байна.

1.4. Ажил олгогчийн маргаан бүхий 2022 оны Б/17 дугаартай захирамж нь бодит байдал нийцээгүй. Х.Нийн гаргасан сахилгын зөрчилд тохироогүй, хууль зүйн үндэслэл муутай эрхий акт гэж үзэж байна.  

1.5. Иймд уг захирамжийг хүчингүй болгуулахаар зөрчигдсөн эрхийг хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд Баян-Өлгий аймгийн Ц сумын Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Б/17 дугаар Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай захирамжийг хүчингүй болгох тухай шүүхийн шийдвэр гаргаж өгөхийг хүсье.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзал: 

2.1. Тус сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн захирал Х.Нийг 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Б/17 дугаар сумын Засаг даргын захирамж гарган албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ноогдуулсан. Уг сахилгын шийтгэл ноогдуулахад сумын Засаг дарга миний нэр дээр хаягласан Авлигатай тэмцэх газрын 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 05/884 дугаартай “Хуулийн хэрэгжилтийг хангуулж, хариуцлага тооцуулах тухай” албан бичгийг үндэслэсэн. Уг албан бичигт “... Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн захирал Х.Н нь 2021 онд 13, 17, 42, 60 дугаар “Үр дүнгийн мөнгөн урамшуулал олгох” тухай, 49 дүгээр “Багш ажилтны ажлын үнэлгээг баталгаажуулах баг байгуулах” тухай, 51 дүгээр “Захирлын дэргэдэх зөвлөл байгуулах” тухай тушаалд өөрийн хамаарал /төрсөн дүү/ бүхий Х.Ныг оруулсан. Х.Н нь тухайн захиргааны актыг өөрийн эрх хэмжээний хүрээнд нийцүүлэн гаргасан гэж үзэхээр боловч Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “11.1. Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж заасан хуулийн зохицуулалттай. Гэтэл Х.Н нь төрсөн дүү Х.Нт мөнгөн урамшуулал олгосон, захирлын "дэргэдэх зөвлөл, багш ажилтны үнэлгээг баталгаажуулах багийн бүрэлдэхүүнд гишүүнээр томилсон шийдвэрийг гаргахдаа дээрх хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхэд ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсэж болзошгүй нөхцөлд албан үүргээ гүйцэтгэхээс татгалзаж, энэ тухай эрх бүхий байгууллага, албан тушаалтанд бичгээр мэдэгдэх үүрэгтэй” , 8.6-д “Ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал үүсвэл тухайн албан тушаалтан уг нөхцөл байдалд бичгээр тайлбар хийж, эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хүргүүлнэ” гэснийг хэрэгжүүлж ажиллаагүй нь хяналт шалгалтын явцад цугларсан бичгийн баримтаар тогтоогдоод байна.

2.2. Мөн Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хахууль авах” гэмт хэрэгт нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах ялаар шийтгэгдэж, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 04 дүгээр магадлалаар анхан шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн, ял шийтгэлтэй Т.Ныг 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 1-5 дугаар тушаалаар дотуур байрны жижүүрээр сонгон шалгаруулалтгүй түр томилж,  цалинг ТҮ-1-5 /523405 төгрөг/-аар тогтоосон нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11-д заасан “олон нийтийн зүгээс ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц” нөхцөл байдлыг үүсгэж, улмаар Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах” гэсэн хориглосон заалтыг зөрчсөн байна. Иймд Баян-Өлгий аймгийн Ц сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн захирал Х.Нийн гаргасан зөрчилд Авлигын эсрэг хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалт, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.2-т заасныг үндэслэн Захиргааны ерөнхий хууль болон бусад хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэж, Авлигын эсрэг хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт заасны дагуу тус газарт 2022 оны 02 дугаар сарын 19-ний дотор хариу хүргүүлнэ үү...” гэж дурдсан.

2.3. Мөн Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн захирал Х.Н нь сумын Засаг даргатай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4.2.4, 4.2.8 дахь заалтуудыг тус тус зөрчсөн. Хариуцлага тооцож сахилгын шийтгэл ноогдуулахдаа Авлигатай тэмцэх газраас ирсэн албан бичигт дурдсанаар Авлигын эсрэг хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалт “энэ хуулийн 8.1-д заасан мэдээлэх үүргээ удаа дараа биелүүлээгүй, эсхүл энэ хуулийн 7.1-д заасныг зөрчсөн этгээдэд албан тушаал бууруулах, хэрэв албан тушаалыг нь бууруулах боломжгүй албан тушаал бол албан тушаалын цалингийн хэмжээг гурван сар хүртэл хугацаагаар 30 хувиар бууруулах, авлигын зөрчилтэй нөхцөлд гарсан шийдвэр байгаа бол түүнийг хүчингүй болгох”, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.2 заалт “энэ хуулийн 13 дугаар зүйлд заасан хязгаарлалтыг зөрчсөн, энэ хуулийн 8.1, 8.2, 8.3, 9.1, 19.1, 21.3, 21.4-т заасан үүргээ биелүүлээгүй, хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг энэ хуулийн 23.3-т заасан хугацаанаас удаа дараа хожимдуулж гаргасан бол албан тушаалын цалингийн хэмжээг гурван сар хүртэл хугацаагаар 30 хувиар бууруулах” заалтууд болон Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.13 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.4 дэх заалт, 123 дугаар зүйлийн 123.2.4 дэх заалтуудыг үндэслэсэн. Авлигын эсрэг хууль болон бусад хуулийг удаа дараа буюу 7 удаагийн тушаал шийдвэрээр зөрчсөн нь тогтоогдсон Х.Нийг ажилгүй болгоогүй албан тушаал бууруулж, сургуулийн насан туршийн боловсролын багшаар томилж ажиллуулахыг сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Гт үүрэг болгосон. Н.Г тушаал гаргаж сургуулийн насан туршийн боловсролын багшийн албан тушаалд томилсон боловч Х.Н сургуулийн тамгыг хүлээлгэж өгөөгүй тул тамга дарагдаагүй.

2.4. Х.Нийн нэхэмжлэлд дурдсан “... Ц сумын Засаг дарга Т.А нь албан тушаалд томилогдсон цагаас эхэлж Х.Нт удаа дараа сургуулийн захирлын ажлаа өг гэсэн хууль бус шаардлага тавьж, ялгаварлан гадуурхах бодлого баримталж ирсэн. Т.А нь Х.Нийг ажлаас гаргахын тулд АТГ-т мэдээлэл явуулснаар АТГ-аас 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 05/884 дугаар албан бичгээр хуулийн хэрэгжилт хангуулж, хариуцлага тооцох тухай асуудал яригдсан байна..." гэдэг нь огт үндэслэлгүй зүйл бөгөөд гүтгэлэг юм. Миний бие Х.Нт ажлаа өг гэсэн шаардлага огт тавьж байгаагүй, харин АТГ иргэдээс ирсэн гомдол мэдээллийн дагуу шалгаж зөрчлийг илрүүлсэн. Аймгийн Засаг дарга 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдөр А/132 дугаар захирамж гарган сумын Засаг даргын Б/17 дугаар захирамжийн биелэлтийг түдгэлзүүлж Х.Н захирлын ажлаа хийж байгаа. Миний бие Б/17 дугаар захирамж хуульд нийцэж гарсан гэж үзэж байгаа бөгөөд Х.Нийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Н.Гын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н хариу тайлбар, татгалзал:

3.1. Н.Гын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нургайып би Х.Нийн нэхэмжлэлийн шаардлагад дараах хариу тайлбар гаргаж байна. Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн захирал Х.Н нь өөрийнхөө төрсөн дүү Х.Нт 2021 онд мөнгөн урамшуулал олгох тухай 13, 17, 42, 60 дугаар тушаал, 49 дүгээр Багш ажилтны ажлын үнэлгээг баталгаажуулах баг байгуулах тухай, 51 дүгээр захирлын дэргэдэх зөвлөл байгуулах тухай тушаал гаргаж, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг зөрчсөн байна.

3.2. Үүнээс гадна Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хахууль авах гэмт хэрэгт нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах ялаар шийтгэгдсэн Т.Ныг 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 26 дугаар тушаалаар дотуур байрны жижүүрээр сонгон шалгаруулалтгүй томилж, цалинг ТҮ-1-5 шатлалаар олгож Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Авлигын эсрэг хуулийг тус тус зөрчсөн нь тогтоогдсон тул түүний албан тушаалыг бууруулах Авлигатай тэмцэх газраас шаардсан байна.

3.3. Эрх бүхий байгууллага шаардсан тул түүний албан тушаалыг буруулж, багшаар томилсон байна. Энэ нь Хөдөлмөрийн тухай хууль болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Авлигын эсрэг хуульд нийцсэн байна.

3.4. Н.Г Ц сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн захирлаар томилогдон ажиллаж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлага хангагдсан тохиолдолд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн эрх ашиг зөрчигдөх магадлалтай. Нэхэмжлэгч Х.Н нь Авлигын эсрэг хууль тогтоомжийг зөрчиж өөрт хамаарал бүхий этгээдийг сонгон шалгаруулалтгүйгээр ажилд томилж, бусдад давуу байдал бий болгосон гэх тайлбарыг хариуцагч талаас гаргасан. Х.Н энэхүү зөрчил гаргаснаа хүлээн зөвшөөрч, Авлигын эсрэг хуулиар биш Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиар арга хэмжээ авхуулъя гэсэн агуулгатай тайлбараа гаргасан. Х.Нийн үйлдэлд зөвхөн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг зөрчсөн үйлдэл байгаагүй. Түүний үйлдэлд Авлигын эсрэг хуулийн 8.1 дүгээр зүйлд заасныг зөрчсөн шинж байсан учраас Авлигатай тэмцэх газраас Х.Нт хариуцлага тооцохыг ажил олгогчоос шаардсан. Авлигын эсрэг хуулийн 33 дугаар зүйлд зааснаар Авлигатай тэмцэх газар ийм агуулгатай шаардлага гаргах эрхтэй байна. Энэ асуудалд ажил олгогч нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулаагүй гэдэгт анхаарах хэрэгтэй. Эрх бүхий байгууллагын шаардсаны дагуу ажил олгогч нэхэмжлэгчийн албан тушаалыг Хөдөлмөрийн тухай хуулийн 78.1.4-т зааснаар бууруулж шийдвэрлэсэн.

3.5. Х.Н нь Авлигын эсрэг хуулийг удаа дараа зөрчсөн учраас ажил олгогчийн шийдвэр Авлигын эсрэг хуулийн 33.1.2-т заасанд нийцэж байгаа. Нэхэмжлэгч сургуулийн захирал байсан учраас түүний албан тушаалыг бууруулсан байгаа. Энэхүү нэхэмжлэлийн шаардлага нь ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэл биш. Нэхэмжлэлийн шаардлага 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Б/17 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай байгаа. Нэхэмжлэгч энэхүү захирамжийг хүлээж авсны дараа дээд шатны Засаг даргад гомдол гаргахад дээд шатны Засаг дарга тухайн захирамжийн биелэлтийг түдгэлзүүлж, асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн.

3.6. Нэхэмжлэгчийн энэхүү нэхэмжлэл нь шүүхийн харьяаллыг давхар зөрчсөн байна гэж үзэж байна. Хэрэв нэхэмжлэгч Ц сумын Засаг даргын захирамжийг эс зөвшөөрч байгаа бол захиргааны хэргийн шүүхэд хандах ёстой. Тиймээс шүүх хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх ёстой гэсэн саналтай байна.

 

4. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 130/ШШ2022/00458 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Нийн Баян-Өлгий аймгийн Ц сумын Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Б/17 дугаартай “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” захирамжийг хүчингүй болгуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.  

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

5.1. Анхан шатны шүүх Х.Нийн нэхэмжлэлтэй Баян-Өлгий аймгийн Ц сумын            Засаг даргад            холбогдох хөдөлмөрийн маргаан бүхий иргэний хэргийг хянан шийдвэрлэхэд Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

5.2. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “... 12. Хөдөлмөрийн  тухай хуулийн 123 дугаар     зүйлийн 123.2 дахь хэсэгт заасан ажилтанд ногдуулах сахилгын шийтгэлийн төрлүүдийг заавал шат дараалан оногдуулсан байхыг шаардаггүй боловч хуульд заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэл нь ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүй, гэм буруу, зөрчлийн шинж чанар, хэр хэмжээ, үр дагаварт нь тохирсон буюу шударга ёсны зарчимд нийцсэн байх шаардлагатай бөгөөд ...” гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Баян-Өлгий аймгийн Ц сумын Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Б/17 дугаартай “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” захирамж гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.4, 13 дугаар зүйлийн 123.1.4 дэх заалтуудыг үндэслэл болгожээ. Гэтэл хариуцагч Х.Нт сахилгын шийтгэл ногдуулсныг нотлох байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын хэм хэмжээ, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг хариуцагч талаас шүүхэд нотлох баримтаар гаргаж өгөөгүй байтал шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.3.6. 2.3.7. 4 дүгээр зүйлийн 4.1.9, 4.1.10, 41 дүгээр зүйлийн 41.3, 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1, 53 дугаар зүйлийн 53.1, 122 дугаар зүйлийн 122.1, 122.2 дахь заалтуудыг ноцтой зөрчиж байна.

5.3. Ажил олгогчоос Х.Нт албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулахдаа Хөдөлмөрийн тухай хуульд заасан сахилгын шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацааг өнгөрүүлсэн гэж үзэж байна. Учир нь Баян-Өлгий аймгийн Ц сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2 дугаар сургуулийн захирлын 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн “Улирлын ажлын үр дүнгийн мөнгөн урамшуулал олгох тухай” 60 дугаартай тушаал гарснаас хойш 2 сар 4 хоногт Х.Нт албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4. “Сахилгын зөрчил гаргасан өдрөөс, эсхүл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш зургаан сар, ажил олгогч түүнийг илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна” гэж заасныг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Ажил олгогч нь Х.Нт сахилгын шийтгэл ногдуулахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 123.3-т заасан “Ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан энэ хуулийн 123.2-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ” гэж заасныг зөрчсөн гэж үзэж байна. Учир нь иргэний хэрэгт авагдсан нотлох баримтуудтай танилцаж үзэхэд ажил олгогчоос Х.Нт сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө сахилгын шийтгэл ногдуулах тухай түүнд албан ёсоор мэдэгдээгүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123.3-т заасныг ноцтой зөрчиж байна гэж үзэж байна.

5.4. Монгол улсын Авлигатай тэмцэх газрын 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 05\884 дугаартай “Хуулийн хэрэгжилтийг хангуулж, хариуцлага тооцуулах тухай” албан бичгийн утга агуулга нь ажил олгогчид “Х.Нт шууд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах”-ыг шууд утгаар үүрэг болгоогүй, Х.Нийн үндсэн цалинг 30 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулах боломжтой гэж үзсэн байхад Баян-Өлгий аймгийн Ц сумын Засаг дарга Х.Нийг шууд сургуулийн захирлын үүрэгт ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан нь Х.Нийн гаргасан гэх сахилгын шийтгэлд тохироогүй арга хэмжээ гэж үзэж байна. Учир нь Х.Нийн төрсөн дүү Х.Ннь тус сургуульд олон жилийн өмнө нийгмийн ажилтнаар томилогдон ажиллаж байсан, урьд улирлын ажлын үр дүнгээр урамшуулал авч байсан, захирлын дэргэдэх зөвлөл нь шийдвэр гаргах эрх бүхий байгууллага биш, захиралд зөвлөн туслах зөвлөмж гаргах орон тооны бус байгууллага гэж үзэж байна. Нөгөө талаас Х.Н нь төрсөн дүү Х.Нт албан тушаалын байдлыг ашиглан ганцаархнаа урамшуулал олгоогүй, урамшууллыг сургуулийн багш, ажилчдад олгож байсан байна.

5.5. Х.Н нь Баян-Өлгий аймгийн Ц сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн захирлын албан тушаалд томилогдох үед Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д заасны дагуу хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдрөөр ХАСУМ-ийн мэдүүлэг эрхийг цахим системд үүсгэн, мэдүүлгийг АТГ-аар хянуулахад тухайн үед тус сургуулийн нийгмийн ажилтнаар ажиллаж байсан төрсөн дүү Х.Нын албан тушаалыг 1,2 дугаар гарын үсэгт хамааралгүй тул ашиг сонирхлын зөрчилд тооцохгүй гэж үзсэн байдаг.

5.6. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн заалтад нийцэхгүй байна" гэж үзэж байна.

5.7. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, давж заалдах гомдлыг хүлээн авч шийдвэрлэж өгөхийг хүсье.

6. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н давж заалдах шатын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

6.1. Хөдөлмөрийн гэрээнд авагдсан зөрчлийг гаргасан мэтээр тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Тухайн ажилтны албан тушаалыг бууруулсан шийдвэрийг гаргахдаа эрх бүхий албан тушаалтнаас шаардсаны дагуу авагдсан.

6.2. Авлигын эсрэг тухай хуулийн 6.6 дугаар зүйлд заасны дагуу Авлигатай тэмцэх газраас шаардлага хүргүүлсэн. Ц сумын сургуулийн захирал Х.Нийн албан тушаалыг бууруулах боломжгүй тохиолдолд түүнээс цалингийн арга хэмжээ авна. Энэхүү шаардлагын дагуу эрх бүхий албан тушаалтан буюу Засаг дарга арга хэмжээ авсан. Засаг даргын авсан арга хэмжээ нь хуульд нийцсэн гэж үзэж байна.

6.3. Нэгэнт Авлигын эсрэг хуулийн дагуу хүргүүлсэн албан шаардлага нь өөрөө тусдаа бие даасан хуулиар зохицуулагдсан. Тухайн хуульд заасан үүргээ удаа дараа биелүүлээгүй тохиолдолд Авлигын эсрэг хуулийн дагуу арга хэмжээ авхуулахаар шаардлага хүргүүлсэн. Үүнийг хөөн хэлэлцэх хугацаатай шууд хамааруулан ойлгож болохгүй. Хоёр сарын дотор арга хэмжээ авах  ёстой байсан гэж тайлбарлаж байгаа нь буруу. Энэ сахилгын зөрчилд арга хэмжээ авсан зүйл биш. Эрх бүхий байгууллагаас шаардсаны дагуу арга хэмжээ авагдсан. 30 хувийн арга хэмжээ авах ёстой байсан гэдэг нь мөн адил үндэслэлгүй.

6.4. Авлигын эсрэг хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-д “энэ хуулийн 8.1-д заасан мэдээлэх үүргээ удаа дараа биелүүлээгүй, эсхүл энэ хуулийн 7.1-д заасныг зөрчсөн этгээдэд албан тушаал бууруулах, хэрэв албан тушаалыг нь бууруулах боломжгүй албан тушаал бол албан тушаалын цалингийн хэмжээг гурван сар хүртэл хугацаагаар 30 хувиар бууруулах, авлигын зөрчилтэй нөхцөлд гарсан шийдвэр байгаа бол түүнийг хүчингүй болгох” гэж заасны дагуу арга хэмжээ авагдсан. Х.Нийг албан тушаал бууруулах боломжтой албан тушаалтан учраас багшаар томилж тухайн хүний албан тушаалыг бууруулсан. Хэрэв энэ хүн багш байсан бол албан тушаал бууруулах боломжгүй нөхцөл байдалд байсан бол тухайн хүнээс цалингийн арга хэмжээ авагдахаар байна. Нэхэмжлэгчийн удаа дараа зөрчил гаргасан нь тогтоогдсон. Үүнд маргаагүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан учраас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсэж байна.

 

ХЯНАВАЛ:

7. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сийн давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн гомдлоор авч хэлэлцсэн иргэний хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагааг бүхэлд нь хянаж үзээд, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

 

8. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С нь Баян-Өлгий аймгийн Ц сумын Засаг даргад холбогдуулан Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 18-ний өдрийн Б/17 дугаартай “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай”  захирамжийг хүчингүй болгуулах тухай гомдол гаргажээ.

 

9. Баян-Өлгий аймгийн Ц сумын Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн  Б/17 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 31 дүгээр зүйлийн 31.1.13, Авлигын эсрэг хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалт, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.2 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.4 дэх заалт, 123 дугаар зүйлийн 123.2.4 дэх заалтыг тус тус үндэслэн Авлигатай тэмцэх газрын 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 05/884 дугаар албан бичгээр Ц сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн захирал ажилтай Х.Нийн албан тушаалыг бууруулахыг шаардсан тул түүнийг захирлын албан тушаалаас 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн чөлөөлж, Х.Нийг Ц сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн насан туршийн боловсролын багшийн албан тушаалд томилон ажиллуулахыг захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчид үүрэг болгожээ.

 

            10. Ажил олгогч дээрх захирамжид Авлигатай тэмцэх газрын 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 05/884 дугаар албан бичгээр Ц сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн захирал ажилтай Х.Нийн албан тушаалыг бууруулахыг шаардсаныг үндэслэн түүнийг захирлын албан тушаалаас нь 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн чөлөөлсөн нь Авлигын эсрэг хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.4 дэх заасныг зөрчөөгүй байна.

 

            11. Хэрэгт авагдсан баримтуудыг судлан үзэхэд нэхэмжлэгч Х.Н нь Ц сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн захирлаар ажиллаж байхдаа 2021 онд 13,17,42,60 дугаар “үр дүнгийн мөнгөн урамшуулал олгох” тухай, 49 дүгээр “Багш ажилтны ажлын үнэлгээг баталгаажуулах баг байгуулах” тухай, 51 дүгээр “захирлын дэргэдэх зөвлөл байгуулах” тухай тушаалуудаар өөрийн хамаарал бүхий төрсөн дүү Х.Нт холбоотой шийдвэр гаргасан нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх заалт, 8 дугаар зүйлийн 8.2, 8.6 дахь заалтыг, мөн Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хахууль авах” гэмт хэрэг үйлдэж нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах ялаар шийтгэгдсэн, ял шийтгэлтэй Т.Ныг 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 26 дугаар тушаалаар дотуур байрны жижүүрээр, сонгон шалгаруулалтгүйгээр түр томилж, цалинг ТҮ-5 /523405/ төгрөгөөр тогтоосон нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11 дэх заалт, Авлигын эсрэг хуулийн  7 дугаар зүйлийн 7.1.3 дахь заалтад заасныг тус тус зөрчсөн нь тогтоогдсон, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтүүд үндэслэлтэй байна.

 

12. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ажил олгогч буюу хариуцагч Ц сумын Засаг дарга нь нэхэмжлэгч Х.Нийн гаргасан нийтийн албан дахь ашиг сонирхлын зөрчилд нь тус сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажлаас нь чөлөөлөхгүйгээр албан тушаалын цалингийн хэмжээг гурван сар хүртэл хугацаагаар 30 хувиар бууруулах боломжтой байхад сургуулийн захирлын ажлаас чөлөөлж албан тушаал бууруулсан нь үндэслэлгүй гэх боловч  Авлигын эсрэг хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-д “энэ хуулийн 8.1-д заасан мэдээлэх үүргээ удаа дараа биелүүлээгүй, эсхүл энэ хуулийн 7.1-д заасныг зөрчсөн этгээдэд албан тушаал бууруулах, хэрэв албан тушаалыг нь бууруулах боломжгүй албан тушаал бол албан тушаалын цалингийн хэмжээг гурван сар хүртэл хугацаагаар 30 хувиар бууруулах, авлигын зөрчилтэй нөхцөлд гарсан шийдвэр байгаа бол түүнийг хүчингүй болгох” гэж зааснаас үзэхэд ерөнхий боловсролын сургуулийн захирлын орон тоо нь “албан тушаал бууруулах боломжтой” албан тушаалд хамаарч байна. Хэрвээ албан тушаал бууруулах боломжгүй албан тушаалтан дээрх зөрчлийг гаргасан бол цалинг 30 хувиар бууруулахаар хуульчилсан байх тул энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээж авах үндэслэлгүй байна.

 

13. Нэхэмжлэгч Х.Н нь нийтийн албан дахь ашиг сонирхлын нэг төрлийн зөрчлийг удаа дараа гаргасан, мөн ял шийтгэлтэй Т.Ныг тус сургуулийн дотуур байрны жижүүрээр нийтийн албанд томилсон зэрэг зөрчлийн шинж байдлыг харгалзан үзэж, уг зөрчлийг Авлигатай тэмцэх газраас шалган тогтоож, улмаар ажил олгогчид Авлигатай тэмцэх газрын 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 05/884 дугаартай албан бичгээр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ц сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн захирал Х.Нийн гаргасан дээрх зөрчилд хуулийн хэрэгжилтийг хангуулж, хариуцлага тооцохыг шаардсаныг Ц сумын Засаг дарга  2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Б/17 дугаартай захирамжаар биелүүлсэн, Авлигын эсрэг хуульд нийтийн албан дахь ашиг сонирхлын зөрчилд тусгайлсан хөөн хэлэлцэх хугацаа заагаагүй, ажилтны гаргасан уг зөрчилд ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн /шинэчилсэн найруулга/  123 дугаар зүйлийн 123.4-д заасан хугацаанд буюу нэг сарын дотор /30 дахь хоногт нь/ хариуцлага ногдуулсан зэрэг нөхцөл байдлуудыг үндэслээд давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр нь үлдээв.

           

14.  Гомдолд заасан үндэслэлээр хэргийг бүхэлд нь хянаж үзэхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх заалтаар анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэл тогтоогдоогүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгож,

ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 06-ний өдрийн 130/ШШ2022/00458 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Н.ТУЯА

ШҮҮГЧ                                                            Д.КӨБЕШ