Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2022/01174

 

 

 

 

....... ББСБ ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 102/ШШ2022/01523 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ....... ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч...... холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 433,487,794 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Эрхэмбаяр, түүний өмгөөлөгч Т.Урангэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.    Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

С.Алтанбилэгт нь 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 18646311461605 нэгж талбарын дугаартай, улсын бүртгэлийн Г-2204008170 дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, улсын бүртгэлийн Ү-2204059973 дугаартай үйлдвэрлэл, гараашийн зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаалж 224,000,000 төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатайгаар зээлж, зээлийн болон баталгаат ипотекийн гэрээг байгуулсан. Зээлдэгч...... нь гэрээний үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг төлөөгүй. Иймд......ээс үндсэн зээл 224,000,000 төгрөг, зээлийн хүү 186,333,663.79 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 23,154,130.38 төгрөг, нийт 433,487,794.17 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

С.Алтанбилэгт нь анх 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр ....... ББСБ ХХК-тай зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 148,500,000 төгрөг зээлсэн. Харин нэхэмжлэлд дурдсан 224,000,000 төгрөгийг зээлж гэрээ байгуулаагүй бөгөөд ....... ББСБ ХХК-аас дарамт шахалт үзүүлж гарын үсэг нөхөж зуруулсан. Иймд тус гэрээг үндэслэн нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

2.    Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч......ээс 433,487,794 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Өлгий 25 гудамж, 364 тоотод байршилтай, 700 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний газар болон Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Өлгий 25 гудамж, 364 тоотод байршилтай, 80 м.кв талбайтай, үйлдвэр, гараашийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөс хангуулах тухай ....... ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,395,589 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

3. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүх хэрэгт авагдсан нэхэмжлэгч байгууллагын кассын орлогын 20191231730400314-0 дугаартай болон 20191231730400320-0 дугаартай мөнгө хүлээн авагч, мөнгө тушаагч......ийн гарын үсэгтэй баримтуудыг үнэлээгүй. Зохигчийн хооронд 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр байгуулагдсан 11-19122758 дугаартай зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр. Зээлдэгч нь барилгын ажилд зориулан 224,000,000 төгрөгийн зээлэхийг хүсч өргөдөл гаргасныг үндэслэн 224,000,000 төгрөг зээлсэн. Зээлдэгч зээлдүүлэгчийг хүч хэрэглэж зээлийн гэрээнд гарын үсэг зуруулсан гэж тайлбарласан боловч энэ талаар баримт хэрэгт байхгүй. Зээлийн гэрээг талууд хүсэл зоригоо илэрхийлээ байгуулсан. Хариуцагч эхний 150,000,000 төгрөгийг автомашин оруулж ирэх, эргэлтийн хөрөнгийн зориулалттай зээлж авсан, буцааж төлөөгүй гэж худал тайлбар өгдөг ч буцааж төлсөн, зээлийг хаасан дансны хуулгыг няцаадаггүй юм. Хариуцагч 2 дахь зээлийг барилга барих зорилгоор зээлсэн бөгөөд 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр авсан 150,000,000 төгрөгийн зээл, зээлийн хүүд 204,180,000 төгрөгийг төлж зээлийн гэрээг дуусгавар болгоод, 224,000,000 төгрөгийн зээлийн үлдсэн зөрүү зээлийн мөнгийг өөртөө авсан үйл баримтад шүүх дүгнэлт хийгээгүй.

Зохигчид 2019 онд олгосон зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн талаар маргасан байхад шүүх Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай (2021 оны) хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5 дахь хэсэгт заасныг үндэслэсэн нь буруу. Зээлдэгч нь......ийн 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн гэрээгээр зээлсэн гэх 224,000,000 төгрөгөөр......ийн өмнөх 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр зээлсэн гэх 150,000,000 гөгрөгийн төлбөрийг 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 204,180,000 төгрөгөөр хаасан гэж нэхэмжлэгч тайлбарлаагүй. Зээлдүүлэгч нь зээлдэгчийн урьд авсан зээлийг хаах зорилгоор зээл олгоогүй. Зээлдэгч нь 224,000,000 төгрөгийн зээлийг аваагүй, шүүх зээлийг бодитойгоор олгоогүй гэж дүгнэсэн хэдий ч зээлдэгч 224,000,000 төгрөгийн зээлийн хүүг удаа дараа төлж байсан талаар баримт хэрэгт авагдсан. 2019 онд зээлийг зөвхөн дансаар олгох хуулийн зохицуулалт үйлчлээгүй байсан. Зээлдэгчийн хүсэлтээр зээлийг бэлнээр олгосон байхад шүүх зээлийн зориулалт, зээл олгох, зээлийн мөнгийг шилжүүлэх журмыг зээлдүүлэгч зөрчсөн, зээлийг бодитойгоор шилжүүлээгүй, зээлийг зориулалтаар олгоогүй нь тогтоогдож байх тул хариуцагчийн татгалзал үндэслэлтэй дүгнэсэн нь үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах гомдолд хариуцагч тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэв.

 

1. Нэхэмжлэгч ....... ББСБ ХХК нь хариуцагч......эд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 224,000,000 төгрөг, зээлийн хүү 186,333,663.79 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 23,154,130.38 төгрөг, нийт 433,487,794.17 төгрөг гаргуулах барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч ... өмнө нь авсан зээлийн гэрээнд хүү тооцож дахин зээлийн гэрээ байгуулсан, мөнгөн хөрөнгийг шилжүүлэн аваагүй... гэж маргасан байна.

 

2. Талуудын хооронд 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр зээлийн гэрээ байгуулагдаж зээлдүүлэгч ....... ББСБ ХХК нь зээлдэгч...... 224,000,000 төгрөг зээлэхээр тохиролцсон байна.(хх-ийн 9-10) Хариуцагч...... энэ зээлийн гэрээг 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр байгуулагдсан 150,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийн нэмж 224,000,000 төгрөгийн зээлийн гэрээг байгуулсан гэж тайлбарлан маргасан. Иймд талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн зээлийн гэрээ нь өмнөх зээлийн гэрээний үүргийг нэмж байгуулсан бол өмнөх зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон эсэх нөхцөл байдлыг тодруулах нь талуудын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолтой.

 

3.Түүнчлэн, анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар дүгнээгүй, энэ талаар талууд мэтгэлцээгүй байхад давж заалдах шатны шүүхээс эрх зүйн дүгнэлт өгч шийдвэрлэх боломжгүй.

 

4.Мөн нэхэмжлэгч байгууллагын 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 224,000,000 төгрөгийг Алтанбилэгт олгов, хэрэглээ гэсэн бичилт бүхий кассын зарлагын баримт хэрэгт авагдсан байх боловч уг мөнгөн хөрөнгө нэхэмжлэгч байгууллагын банкин дахь харилцах дансаар бэлнээр гарсан эсэх, хариуцагч гэрээнд заасан зориулалтын дагуу зарцуулсан эсэх нөхцөл байдал тодорхой бус байгаа тул зээлийн гэрээ бодитой байгуулагдсан эсэхийг дүгнэх боломжгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус зааснаар талууд өөрийн шаардлага ба татгалзлын үндэслэлийн талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй боловч шүүх дээрх тодорхой бус нэхэмжлэлийн үндэслэлийг талуудаас тодруулах замаар хэргийн үйл баримтыг тогтоогоогүй байна.

 

5. Талууд 2019 онд байгуулагдсан зээлийн гэрээний үүргийн талаар маргаж байхад шүүх 2021 онд батлагдсан Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3, 19.5 дахь хэсэгт тус тус заасныг баримталсан нь буруу болжээ. Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдол үндэслэлтэй.

 

Дээр дурдсан үндэслэлээр хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал тодорхой бус байгаа тул давж заалдах шатны шүүхээс талуудын хооронд үүссэн маргаанд эрх зүйн дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 102/ШШ2022/01523 дугаар шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 2,395,589 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

 

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

 

Н.БАТЗОРИГ