Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2022/01175

 

 

....-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 183/ШШ2022/01053 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ...-ын нэхэмжлэлтэй, хариуцагч ....-д холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 69,466,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч ...-, түүний өмгөөлөгч О.Цэрэнпунцаг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

...- нь ....-тай 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 50,000,000 төгрөгийг 8 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч ....- нь зээлийн үндсэн төлбөрийг төлөөгүй. Зээлийн хүүд 19,000,000 төгрөг төлсөн. Иймд үндсэн зээл 50,000,000 төгрөг, 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны зээлийн хүү 19,466,000 төгрөг, нийт 69,466,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

...-аас 2020 оны 3 дугаар сард 50,000,000 төгрөгийг зээлж авсан нь үнэн. Тухайн зээлийн төлбөрт 19,000,000 төгрөг төлсөн байхад зээлийн төлбөрт 69,466,000 төгрөгийг нэхэмжилсэн. Нэхэмжлэлийн шаардлагаас 31,000,000 төгрөг төлөхийг зөвшөөрнө. Үлдэх 39,466,000 төгрөгт холбогдох хэсгийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ....-гаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 47,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ...-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 22,466,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч ...-аас улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр төлсөн 505,280 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч ....- улсын тэмдэгтийн хураамжид 392,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн. ....- нь ...-д гэрээний дагуу зээлж авсан үндсэн зээл 50,000,000 төгрөг, уг мөнгөний хүү сарын 2,000,000 төгрөг, нийт 8 сарын хүү 16,000,000 төгрөг, бүгд 66,000,000 төгрөг төлөхөөр байна. Үүнээс ....-гийн төлсөн 19,000,000 төгрөгийг хасаж 47,000,000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн. Гэтэл ....- ...-аас 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 50,000,000 төгрөг зээлэхдээ тухайн гэрээг бичгээр байгуулаагүй. Мөн уг мөнгийг ....- хүлээж аваагүй түүний хадам эхийн дансанд шилжүүлсэн. ....- нь ...-д 29,000,000 орчим төгрөг төлсөн болохоо нотлож чадаагүй юм. Иймд ...-, ....- нарын 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан шаардлага хангаагүй, өөрөөр хэлбэл зээлдэгч ....-д мөнгөн хөрөнгийг бодитойгоор хүлээлгэж өгөөгүй. Гэвч ....- нь гэр бүлийн гишүүний хамт ...-аас 50,000,000 төгрөг авснаас 19,000,000 төгрөгийг буцаан төлсөн тул 31,000,000 төгрөгийг төлөх үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн хариуцагч З.Сэвжилмаагаас 47,000,000 төгрөг гаргуулж шийдвэрлэснээс 16,100,000 төгрөгийг хасаж 31,000,000 төгрөг гаргуулахаар өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга:

Хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлын хүрээнд хянаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д зааснаар хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

1. Хэргийн үйл баримт болон шүүхийн шийдвэрийн талаар

 

1.а. Нэхэмжлэгч ...- нь хариуцагч ....-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 50,000,000 төгрөг, зээлийн хүү 19,466,000 төгрөг, нийт 69,466,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаснаас хариуцагч 31,000,000 төгрөг төлөхийг зөвшөөрч бусад хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

1.б. Талуудын хооронд 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр зээлдүүлэгч 50,000,000 төгрөгийг зээлдэгч ....-д зээлэх, зээлдэгч нь 50,000,000 төгрөгийг 8 сарын хугацаанд 4 хувийн хүүгийн хамт буцаан төлөхөөр тохиролцсон байна. Иймд тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт зааснаар зээлийн гэрээг бичгээр хийх шаардлагыг хангасан байна. (хх-ийн 6)

 

Зээлдүүлэгч ...- нь дээрх гэрээний дагуу зээлдэгч ....-д 50,000,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн болох нь ХААН банк ХХК дахь депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдсон, хариуцагч ....- 50,000,000 төгрөгийг 2020 оны 3 дугаар сард хүлээн авсан талаар хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан байна. (хх-ийн 11-12) Иймд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

 

Иймд нэхэмжлэгч ...- нь хариуцагч ....-гаас зээлийн гэрээний үүргийг Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй.

 

1.в. Дэрэх зээлийн гэрээний дагуу хариуцагч ....-гийн төлөх үүргийг тооцвол, үндсэн зээл 50,000,000 төгрөг, зээлийн хүү 16,000,000 төгрөг, нийт 66,000,000 төгрөгийг нэхэмжлэгч ...-д төлөхөөс 19,000,000 төгрөг төлж 47,000,000 төлөөгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон байна.

 

Иймд анхан шатны шүүх хариуцагч ....-гаас зээлийн гэрээний үүрэгт 47,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ...-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 22,466,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

2. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын талаар

2.а. Хариуцагчийн өмгөөлөгчийн ... зээлийн гэрээ байгуулагдаагүй, мөнгөн хөрөнгийг шилжүүлэн өгөөгүй ... гэх гомдол үндэслэлгүй. Учир нь ....- нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ... 50,000,000 төгрөг зээлж авснаас 19,000,000 төгрөг төлсөн... гэж тайлбарласан ба нэхэмжлэгч зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг шилжүүлэн өгсөн, мөн хариуцагч зээлийн төлбөр төлж байсан үйл баримт тогтоогдсон. Иймд зээлийн гэрээ байгуулагдаагүй гэх гомдол үндэслэлгүй.

 

Түүнчлэн, талууд зээлийн мөнгөн хөрөнгийг хүлээн авсан эсэх талаар анхан шатны шүүхэд маргаж байгаагүй бөгөөд хэрэгт авагдсан 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн ...-, С.Оюун нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний талаар зохигчид маргаагүй, хариуцагчийн өмгөөлөгч нь анхан шатны шүүхэд энэ талаар хүсэлт тайлбар, нотлох баримт гаргаж байгаагүй, харин ч ....- нар ...- гэдэг хүнээс 50 сая төгрөгийг 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр авсан талаар хүлээн зөвшөөрч тайлбар гаргасан нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байна.

 

Иймд зээлдэгч ....-д мөнгөн хөрөнгийг бодитойгоор хүлээлгэж өгөөгүй гэсэн хариуцагчийн өмгөөлөгчийн гомдол үндэслэлгүй байхаас гадна зээлийн гэрээний зүйлийг түүний хадам эхийн дансанд шилжүүлсэн гэх нөхцөл байдал нь зээлийн гэрээ байгуулагдаагүй үндэслэлд бус харин үүрэг гүйцэтгүүлэгч хүлээн зөвшөөрсөн Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2 дахь хэсэгт заасан үндэслэлд хамаарах юм.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 183/ШШ2022/01053 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн өмгөөлөгч С.Батдэлгэрийн урьдчилан төлсөн 240,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

 

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

 

Н.БАТЗОРИГ