Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 317

 

 “Э Ө” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Эрчим

 хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргад

холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч:      Ч.Тунгалаг

Шүүгчид:                      Г.Банзрагч

                                       Х.Батсүрэн

                                       Д.Мөнхтуяа

Илтгэгч шүүгч:                М.Батсуурь,

Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал,

Нэхэмжлэлийн шаардлага: “Энх-өглөө” ХХК-ийн гүйцэтгэсэн Баруун-Урт-Асгат-Эрдэнэцагааны чиглэлийн 35 кв-ын 197 км цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц, 110/35/6 кв-ын дэд станцын барилга угсралтын ажлын үлдэгдэл болон нэмэлт зардлын төлбөрийг 2019 оны Монгол Улсын нэгдсэн төсөвт тусгагдсан дүнгээр /3,504,754,900 төгрөг/ санхүүжилт олгохоос татгалзсан Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын үйлдлийг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч байгууллагын гүйцэтгэсэн ажлын үлдэгдэл болон нэмэлт төлбөрийг Монгол Улсын нэгдсэн төсөвт тусгагдсан дүнгээр олгуулах тухай шийдвэр гаргаж, гэрээ байгуулахыг Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгах,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2020/0150 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 302 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

   Өмнөх шатны шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2020/0150 дугаар шийдвэрээр: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3.8, Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6.8-д заасныг тус тус үндэслэн Э ө ХХК-ийн нэхэмжлэлтэй, Эрчим хүчний Төрийн нарийн бичгийн даргад холбогдох Энх өглөө ХХК-ийн гүйцэтгэсэн Баруун-Урт-Асгат-Эрдэнэцагааны чиглэлийн 35 кв-ын 197 км цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц, 110/35/6 кв-ын дэд станцын барилга угсралтын ажлын үлдэгдэл болон нэмэлт зардлын төлбөрийг 2019 оны Монгол Улсын нэгдсэн төсөвт тусгагдсан дүнгээр /3,504,754,900 төгрөг/ санхүүжилт олгохоос татгалзсан Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын үйлдлийг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч байгууллагын гүйцэтгэсэн ажлын үлдэгдэл болон нэмэлт төлбөрийг Монгол Улсын нэгдсэн төсөвт тусгагдсан дүнгээр олгуулах тухай шийдвэр гаргаж, гэрээ байгуулахыг Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 302 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 150 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэсэн байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... Нэхэмжлэгч “Энх-Өглөө” ХХК-ний гүйцэтгэсэн Баруун-Урт-Асгат-Эрдэнэцагааны чиглэлийн 35 кв-ын 197 км цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц, 110/35/6 кв-ын дэд станцын барилга угсралтын ажлын үлдэгдэл болон нэмэлт зардлын төлбөрийг 2019 оны Монгол Улсын нэгдсэн төсөвт тусгагдсан дүнгээр /3,504,754,900 төгрөг/ санхүүжилт олгохоос татгалзсан Монгол Улсын Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын үйлдлийг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч байгууллагын гүйцэтгэсэн ажлын үлдэгдэл болон нэмэлт төлбөрийг Монгол Улсын нэгдсэн төсөвт тусгагдсан дүнгээр олгуулах тухай шийдвэр гаргаж, гэрээ байгуулахыг Монгол Улсын Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

4. Анхан шатны шүүх “Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргаас 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн в/4142 дугаар албан бичгээр хариуцагч “Э Ө” ХХК-нд Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга болон “Энх өглөө" ХХК-ийн хооронд 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр байгуулсан ЭХА-016/14 дүгээр гэрээний 2 дугаар хавсралт, Гэрээний тусгай нөхцөлийн 44-т “гэрээний үнийн тохируулга хийхгүй тогтмол байна” хэмээн заасныг үндэслэн “... гэрээгээр тохиролцсон үнээс илүү санхүүжилт олгох боломжгүй” хэмээн мэдэгдсэн нь хуульд нийцсэн байна.

5. Мөн “гэрээгээр тохиролцсон үнээс илүү санхүүжилт олгох боломжгүй” байхад шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж, гэрээний үлдэгдэл болон нэхэмжлэгчийн тодорхойлсончлон “нэмэлт” төлбөрийг олгохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэх боломжгүй. Захиргааны акт гаргахаас татгалзсан хариуцагчийн шийдвэр нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна гэж шүүх үзлээ гэж” шийдвэрлэсэн.

6. Давж заалдах шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулна” гэж заасан. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх Монгол улсын тэргүүлэх зэргийн төсөвчин Н.Болормаа нь ямар үндэслэлээр 2017 онд мөрдөгдөж байсан норм, дүрэм, жишиг үнэд тулгуурлан дахин төсөвт өртгийг 11,484,054,900 төгрөг гэж тооцож гаргасан талаарх нотлох баримтыг тодруулж, цуглуулаагүй нь буруу байна гээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэлээ.

7. Нэхэмжлэгчийн зүгээс давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх боломжтой байсан гэж үзэж байна. Учир нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримтад дүгнэлт хийхдээ тендерийн ажил гүйцэтгэх гэрээ болон ажил гүйцэтгэсэнтэй холбоотой төлбөрөө эрх бүхий байгууллагаас гаргуулахаар шаардаж байгаа нэхэмжлэлийн шаардлага шийдвэрлэж байгаа мэтээр ойлгож үндсэн нэхэмжлэлийн шаардлагад ямар нэг дүгнэлт хийлгүйгээр шийдвэрлэсэнд гомдолтой байна.

8. Манай компани Эрчим хүчний яамтай байгуулсан гэрээнийхээ дагуу ажлаа хийж гүйцэтгэн хүлээлгэн өгсөн бөгөөд тухайн ажлыг хийж гүйцэтгэхэд захиалагчаас олгосон санхүүжилт хүрээгүй бөгөөд тухайн ажлын явцад 3 орчим тэрбум төгрөгийн зардал илүү гарч үүнийг Эрчим хүчний яамны дэргэдэх Эрчим хүчний Хөгжлийн төвийн 2017 оны 170/2017 тоот магадлалын ерөнхий дүгнэлтээр баталгаажуулан Эрчим хүчний яаманд хүргүүлсэн.

9. Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 08 сарын 24-ний өдрийн в/300 тоот албан бичгээр дээрх санхүүжилтийн асуудлыг шийдвэрлүүлэхээр Сангийн яаманд хүргүүлсэн бөгөөд Сангийн яамнаас УИХ-д өргөн мэдүүлж Монгол Улсын 2019 оны Төсвийн тухай хуулийн 2 дугаар хавсралтын 16 дугаар хэсгийн 1.1 дахь заалтаар Эрчим хүчний сайдын багцад манай компаний гүйцэтгэсэн “Баруун-Урт-Эрдэнэцагааны 35 кв-ын 197 км цахилгаан дамжуулах агаарын шугам, 110/35/6 кв-ын дэд станцын өргөтгөл /Сүхбаатар/-ийн ажлын санхүүжилт 3,504,800,000 төгрөгөөр” хуульчлан батлагдсан.

10. Дээрх хуулиар олгохоор батлагдсан 3,504,800,000 төгрөгийн 420,745,080 төгрөг нь анхны гэрээний үлдэгдэл төлбөр, 3,084,054,920 төгрөг нь анх төсөв зохиохдоо дутуу тооцсон, сүүлд магадлалын ерөнхий дүгнэлтээр нэмэгдэж баталгаажсан төлбөр байгаа. Хавтаст хэргийн 62 дугаар хуудсанд Эрчим хүчний хөгжлийн төвөөс дээрх ажлын төсөвт магадлагаа хийж 11,484,054,920 төгрөгөөр хийж гүйцэтгэсэн байна гэсэн 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй хийсэн дүгнэлт байгаа.

11. Мөн Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнгийн 2019 оны 01 сарын 31-ний өдрийн а/431 тоот албан бичгээр ирүүлсэн үүрэг даалгаврын хүрээнд Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэнгээс дээрх ажлын 2014 оны 04 сард хийсэн төсөв 2017 оны 01 сард хийсэн төсвийг харьцуулж 3,084,054,920 төгрөгийг зөрүү хэрхэн гарсан талаар 2019 оны 02 сарын 15-ны өдөр хариу хүргүүлсэн баримт хэргийн 184 дүгээр хуудсанд байгаа.

12. Энэхүү баримтаар машин ашиглалтын зардлын зөрүү 318,656,472 төгрөг, материалын үнийн зөрүү 678,873,195 төгрөг, тээврийн зардлын зөрүү 144,702 төгрөг, ашгийг 15 хувиар бодох ёстой байтал 5 хувиар бодож 10 хувийн зөрүү 850,299,255 төгрөг, тоног төхөөрөмжийн үнийг анхны төсөвт огт суулгаагүйгээс 765,750,000 төгрөг, магадлашгүй ажил, техник хяналтын зардал тус бүр 2 хувиар тооцох ёстой байтал анхны төсөвт дутуу тооцсоноос үүдэн гарсан 104,548,944 төгрөгийн зөрүү, зохиогчийн хяналтын зардлыг огт тооцоогүйгээс 99,705,287 төгрөгийн зөрүү, нормчлолын сангийн зардлын зөрүү 4,704,703 төгрөг, дээрх зардлууд нэмэгдсэнээс үүдэн НӨАТ-ын 10 хувийн зөрүү 261,372,363 төгрөг бодогдож нийт 3,084,054,920 төгрөгийн санхүүжилт нэмэгдсэн. Үүнийг дахин тодруулах шаардлагагүй бөгөөд хэрэгт авагдсан Эрчим хүчний хөгжлийн төв болон Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэнгээс гаргасан дүгнэлтэнд маш тодорхой тусгагдсан байгаа.

13. Дээрх санхүүжилтийн нэмэгдэж тооцогдсон зөрүүгээс зөвхөн материалын үнийн зөрүү 678,873,195 төгрөг нь 2016 оны зах зээлийн үнээр тооцогдож, төсвийн суурь норм болон тээврийн зардлыг Зам тээвэр, аялал жуулчлалын сайдын 2008 оны 136 дугаар тушаалаар батлагдсан журмаар, нэмэгдэл зардлыг Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2012 оны 18 болон 181-р тушаал, 2015 оны 185 тоот тушаалаар батлагдсан журмыг үндэслэн тооцсон байна гэж хэргийн 64 дүгээр хуудсанд авагдсан магадлалын ерөнхий дүгнэлтийн хавсралтын 5 дахь цонхонд байгаа дүгнэлтээр нотлогдох болно.

14. Энэхүү магадлалын ерөнхий дүгнэлт нь 2017 оны 03 сарын 24-нд гарсан бөгөөд магадлал хийгдсэн төсөв 2016 оны сүүлээр хийгдсэн. Нэхэмжлэгч байгууллага нь ажлаа 2016 онд хийж дуусгасан бөгөөд 2016 оны зах зээлийн жишиг үнээр бараа материалын үнийг тооцоход ямар нэг зөрчил үүсэхгүй юм. Учир нь Монгол улсад аливаа барилга угсралтын ажил 03 сарын 15-ны өдрөөс 11 сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд үргэлжилдэг бөгөөд 2017 оны эхний улиралд тухайн жилийн барилгын материалын жишиг үнэ тогтоогүй, өмнөх жилийнхээ үнээр байдаг гэдгийг анхаарахыг хүсэж байна.

15. 2019 он гарснаас хойш манай компани сайдын багцад батлагдсан өөрсдийн авах ёстой санхүүжилтээ авахыг хүсэж Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргатай уулзаж олон сар хөөцөлдсөн боловч санхүүжилт олгохоос татгалзсан. Улмаар 2019 оны 10 сарын 04-ний өдөр Эрчим хүчний сайдад хандсан боловч Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 11 сарын 12-ны өдрийн албан бичгээр санхүүжилт олгохоос татгалзсан хариу өгсөн. Ингээд бид шүүхэд хандсан.

16. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлээд гаргасан шийдвэртээ Монгол Улсын хуулиар олгохыг нь зөвшөөрч хуульчлан баталсан санхүүжилтийг олгохоос татгалзаад байгаа төрийн эрх бүхий байгууллагын албан тушаалтны үйлдлийг ямар үндэслэлээр хуульд нийцсэн үйлдэл гэж үзэж байгаа үндэслэлээ тайлбарлаагүй, зөвхөн гэрээндээ үнийн тохируулга хийхгүй байхаар тохирсон байна гэж үзсэн. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх Монгол Улсын 2019 оны Төсвийн тухай хуульд хийсэн ажлынхаа нэрээр тусгагдсан төлбөрийг хуульчлан батлагдахаас өмнөх үйлдэлтэй нь нэхэмжлэлийн шаардлагыг хамаатуулан ойлгох нь буруу юм.

17. Давж заалдах шатны шүүх хуульчлан батлагдсан төлбөрийг үндэслэлтэй эсэх талаар дахин гэрч асууж шалгах ажиллагаа явуул гэж даалгаж байгаа нь мөн хууль зөрчсөн үйлдэл. Хуулийг үндэслэлтэй гарсан эсэх асуудлыг шүүх шалгаж шийдвэрлэх боломж одоо Монгол Улсад үйлчилж байгаа эрх зүйн системд байхгүй, хуулийг өөрчлөх, хүчингүй болгох, нэмэлт оруулах эрх нь Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар зөвхөн УИХ-д хадгалагддаг онцгой бүрэн эрх юм

18. Нэхэмжлэгч байгууллагын хувьд дээрх төлбөртэй холбоотой асуудлыг УИХ-д шууд өргөн мэдүүлээгүй, Эрчим хүчний яам, Сангийн яамны эрх бүхий албан тушаалтан нар өөрсдөө УИХ-ийн бүтцийн байгууллагад хандаж улмаар 2018 оны 11 сарын 02-ны өдөр батлагдсан Монгол Улсын 2019 оны Төсвийн тухай хуулинд хийсэн ажлынхаа нэрээр олгогдохоор хуульчлан батлагдсан байдаг.

19. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

20. Хяналтын журмаар гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

21. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл: Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 301 дүгээр тушаалаар Эрчим хүчний сайдын 2014 оны төсвийн хөрөнгө оруулалтын багцад тусгагдсан Баруун-Урт-Эрдэнэцагааны 35кв-ын 197 км цахилгаан дамжуулах агаарын шугам, 110/35/6кв-ын дэд станц /Сүхбаатар/(XXYI.1.33) барих ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг зохион байгуулах үнэлгээний хороог байгуулсан; Эрчим хүчний яамнаас зарласан уг тендерийн сонгон шалгаруулалтанд нэхэмжлэгч “Э Ө” ХХК оролцон 8,400,000,000 төгрөгөөр тус ажлыг гүйцэтгэхээр шалгарч 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр ЭХА-016/14 дугаар Баруун-Урт-Эрдэнэцагааны 35кВ-ын 197 км цахилгаан дамжуулах агаарын шугам, 110/35/6кв-ын дэд станц /Сүхбаатар/(XXYI.1.33)-ын ажлыг 2014 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор гүйцэтгэхээр тохиролцож захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулсан гэрээг байгуулсан; тус гэрээнд өөрчлөлт оруулж хүлээлгэн өгөх хугацааг 2 удаа сунгаж, 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр барилга, байгууламжийг барьж дуусгасныг 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн ЭХХТ/138/04/2017 дугаар “Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах техникийн комиссын акт”-аар туршилтын хүчдэлд залгахаар шийдвэрлэж, 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 45/2019 дугаар “Эрчим хүчний барилга байгууламжийг ашиглалтанд оруулах улсын комиссын дүгнэлт”-ээр Монгол Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн Сүхбаатар аймгийн Баруун-Урт-Эрдэнэцагааны чиглэлийн 197 км цахилгаан дамжуулах агаарын шугам, 110/35/6 кв-ын дэд станцын өргөтгөлийн барилга угсралтын ажлын барилга байгууламжийг ашиглалтанд оруулсан үйл баримттай хэргийн оролцогчид маргаагүй.

22. Түүнчлэн, нэхэмжлэгч компани барилга угсралтын ажлаа 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр гүйцэтгэн дуусгаж, “туршилтын хүчдэлд” залгасан, нэхэмжлэгчээс 2017 оны 01 дүгээр сард Монгол Улсын тэргүүлэх төсөвчин Н.Болормаад захиалга өгснөөр төсөвчин Н.Болормаа нь уг ажлын төсвийг 2014 оны үнэнд тулгуурлаагүй, 2017 онд мөрдөгдөж байгаа норм дүрэм, жишиг үнэнд тулгуурлан төсөвт өртгийн дүн 11,484,054,900 төгрөг хэмээн тооцсоныг Эрчим хүчний хөгжлийн төвийн 2017 оны 170/2017 дугаар магадлалын ерөнхий дүгнэлтээр баталгаажуулжээ.

23. Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 2019 оны төсвийн төсөлд тусгах тухай в/300 дугаар албан бичгээр Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргад хандан нэхэмжлэгчийн “эдийн засгийн хямрал, валютын ханш огцом өссөнтэй холбоотойгоор бараа материалын үнийн зөрүү их гарч 2013 онд батлагдсан төсөвт өртгөөр уг ажлыг дуусгах боломжгүй тул магадлалын ерөнхий дүгнэлтээр гарсан төсвийн дагуу төсөвт өртгийг нэмэгдүүлэх асуудлыг шийдвэрлэж өгнө үү” гэх агуулга бүхий хүсэлтийг хүргүүлсний дагуу Сангийн яамнаас Төсвийн тухай хуулийн төсөлд тусгаж, улмаар 2019 оны Төсвийн тухай хуулийн 2 дугаар хавсралт “Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2019 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт”-ын XVI Эрчим хүчний сайд хэсгийн 1.1-д “Баруун-Урт-Эрдэнэцагааны 35кв-ын 197 км цахилгаан дамжуулах агаарын шугам, 110/35/6кв-ын дэд станцын өргөтгөл /Сүхбаатар/, 2014-2019, 11.484.1/нийт төсөвт өртөг(сая төгрөг)/, 3.504.8 /Санхүүжих дүн (сая төгрөг)/ гэсэн байдлаар тусгагдсан байна.

24. Хариуцагч талаас нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ “... нэхэмжлэгч талаас гүйцэтгэх ажлуудыг хугацаа хоцорч хийсэн ...” буюу нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаатай холбоотой учир санхүүжилт олгох боломжгүй талаар тайлбарлаж байх тул энэ талаар нотлох баримт цуглуулахын зэрэгцээ давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсанчлан: “... хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас төсөвчин Н.Болормааг гэрчээр асуух хүсэлт гаргасан боловч шүүх энэ хүсэлтийг шийдвэрлээгүй ...” нь анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөний дээр уг Н.Болормаа нь ямар үндэслэлээр 2017 онд мөрдөгдөж байсан норм дүрэм, жишиг, үнэд тулгуурлан дахин төсөвт өртөгийг 11,484,054,900 төгрөг гэж тооцож гаргасан талаарх болон Эрчим хүчний хөгжлийн төв 2017 оны 170/2017 дугаар магадлалын ерөнхий дүгнэлтийг гаргах болсон шалтгаан, үндэслэл зэргийг тодруулах ажиллагааг хийх шаардлагатай талаарх магадлалын дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл хяналтын журмаар гаргасан гомдлын хүрээнд хянахад тогтоогдохгүй байна.   

25. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулна”, 32 дугаар зүйлийн 32.1-д “хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, 34 дүгээр зүйлийн 34.1-д “шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 34.2-т “нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж тус тус заасан; анхан шатны шүүх дээрх үйл баримтад хамааралтай нотлох баримтыг бүрэн цуглуулаагүй, эрх зүйн дүгнэлт өгөөгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, энэ талаар давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 302 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б-гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ч.ТУНГАЛАГ

ШҮҮГЧ                                                      М.БАТСУУРЬ