Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 323

 

Д.Г холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, шүүгдэгч Д.Г болон түүний өмгөөлөгч Л.Батаа, хохирогч Х.Алтанхуяг, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 83 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 438 дугаар магадлалтай, Д.Г холбогдох 1908056541864 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батаагийн гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1967 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Говь-Алтай аймгийн Бугат суманд төрсөн, 52 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, экскаваторын оператор мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Чингэлтэй дүүрэг, 8 дугаар хороо, Дунд тасганы 5 дугаар гудамжны 31 тоотод оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, У овогт Дийн Г.

Д.Г нь 2019 оны 10 дугаар сарын 10-ны шөнө 23 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Аптайн 2 дугаар гудамжны 214 тоотод иргэн Х.Атай маргалдаж, түүний нүүрэн тус газар хөлөөрөө өшиглөж, эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Д.Гыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гыг 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г оногдуулсан 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10,000,000 төгрөгийн торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,

Шүүгдэгч Д.Г нь хохирогч Х.Алтанхуягт 1,800,000 төгрөг төлсөн болохыг дурдаж, хохирогч Х.А нь тус гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд хохирол, хор уршиг учирсантай холбогдуулан цаашид гарах эмчилгээний зардал, бусад зардлаа нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Д.Гаас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Д.Г холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батаа гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Давж заалдах шатны шүүх нь Д.Г холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Х.А нь “... Д.Г нь миний хохирлыг төлж барагдуулсан, одоо ч гэр бүлийн хамтаар надад тусалж дэмжиж байгаа, надад гаргах гомдол санал байхгүй тул түүнд хорих ял оногдуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү” гэсэн саналыг гаргасан.

Улмаар анхан шатны шүүх дээрх байдлыг болон шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирлыг төлж барагдуулсан, мөн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг үндэслэлийг харгалзан торгуулийн ял шийтгэсэн байна.

Гэтэл давж заалдах шатны шүүхийн зүгээс хохирогчийн гомдол саналгүй гэсэн хүсэлтэд хөтлөгдөн учруулсан хохирлыг нөхөн төлсөн гэж дүгнэн шүүгдэгчид торгуулийн ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй болжээ гэж дүгнэсэн нь хэт явцуу дүгнэлт болсон байна.

Улмаар төлбөрийн чадваргүй этгээдэд торгуулийн ял оногдуулсан нь үндэслэлгүй бөгөөд гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг төлөх, хор уршгийг тодорхой хэмжээгээр арилгах, санхүүгийн боломжгүй этгээдэд торгуулийн ял оногдуулснаар тэрээр хохирол арилгах арга хэмжээ авах бус зөвхөн торгуулийн ялыг төлөх байдлаар хандаж, хохирогчид учирсан хохирол, хор уршгийг арилгах боломжийг орхигдуулсан байдалд хүргэж байгаа нь хохирогчийн эрх ашгийг нэн тэргүүнд авч үзэх Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилго, зорилтод нийцэхгүй байна гэж дүгнэсэн нь туйлын үндэслэл муутай дүгнэлт болжээ.

Харин ч шүүгдэгчийн хувьд торгуулийн ялыг хэсэгчилж төлж, нийгмээс тусгаарлагдахгүйгээр ял шийтгэлээ эдэлж, хохирогчтой байнгын харилцаатай байж хохирол, гэм хорыг тодорхой хэжээгээр арилгахад бололцоотой болох юм.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтын нэг болох шудрагаар ял оногдуулах, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах явдлыг хангахад чухал ач холбогдолтой юм.

Дээрх үндэслэлүүдээс харахад давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг хэт явцууруулж хэрэглэн улмаар энэ нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг хүндрүүлж, хохирогчийн цаашдын бодит амьдралын төлөв байдалд сөргөөр нөлөөлж болохуйц цаг хугацааны байдалд оруулсан гэж үзэж байна.

Иймд магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Прокурор Ц.Бурмаа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Анхан шатны шүүх Д.Г эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүнийг гэм буруу, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршигт бодитой хууль зүйн дүгнэлт хийлгүйгээр торгох ял оногдуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх зорилго, үндэслэл журамд нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэлтэй. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батаагийн гаргасан гомдлыг үндэслэн Д.Г холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Анхан шатны шүүх Д.Г холбогдох хэргийг хянан хэлэлцээд түүнийг 2019 оны 10 дугаар сарын 10-ны шөнө 23 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Алтайн 2 дугаар гудамжны 214 тоотод иргэн Х.Атай маргалдаж түүний нүүрэн тус газар хөлөөрөө өшиглөж, бусдын эрүүл мэндэд “баруун нүдний алимны цус хуралт, нүдний угийн ховхролт хараагүйдэл” бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон нь хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт болжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Д.Гын гэм бурууг хянан хэлэлцэж, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгаа талаар үндэслэлтэй дүгнэлт хийж, хэргийн зүйлчлэлийг зөв тогтоожээ.

Харин анхан шатны шүүх шүүгдэгч Д.Г эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний үйлдсэн хэргийн шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээний талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй, сонгон оногдуулсан ял нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх зорилго, үндэслэлд нийцээгүй байна гэж дүгнэн, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, энэ талаар дахин дүгнэлт хийлгэхээр шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Учир нь гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг.

Хуулиар тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг чанд баримтлан хэрэгжүүлэхдээ, үүнд хамаарах нийтлэг зарчим нэг бүрийн шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийн цогц нэгдлийг илэрхийлж чадахуйц дүгнэлт хийсний үндсэн дээр ял оногдуулах нь шударга ёсны зарчмын агуулга, эрүүгийн хуулийн зорилгод нийцдэг болно.

Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон магадлалыг хэвээр үлдээж,  шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батаагийн гаргасан “...давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг хэт явцууруулж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж, хүндрүүлсэн шийдвэр гаргасан тул магадлалыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээлгэх” агуулгатай гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 83 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 438 дугаар магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Г өмгөөлөгч Л.Батаагийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

ШҮҮГЧ                                                           Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                       Б.БАТЦЭРЭН

                                                                       Ч.ХОСБАЯР

                                                                       Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН