Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 747

 

Д.Алтнаад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Даваасүрэн даргалж, шүүгч Д.Очмандах, Д.Гансүх нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Золзаяа,

ялтан Д.Алтнаа /онлайнаар/

ялтны өмгөөлөгч О.Цэрэнпунцаг,

нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нарыг оролцуулж,

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дашдондов даргалж, шүүгч Г.Алтанцэцэг, Т.Алтантуяа нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 159 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, ялтан Д.Алтнаагийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2016 2601 1524 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Гансүхийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Уньт овогт Даваанямын Алтнаа, 1977 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр суманд төрсөн, 39 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 6, нөхөр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал-Овоогийн 31-15 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ГЮ77051108/,

Д.Алтнаа нь 2016 оны 6 дугаар сарын 2-ны өдөр 13 цагийн орчим согтуугаар Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал-Овоогийн 31 дүгээр гудамжны “Задгай”-д байх гэртээ, хамт архи уусан нөхөр Ч.Энхтүвшинтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, гал тогооны шүүгээнээс хутга авч Ч.Энхтүвшинг зурагтны өмнө сууж байхад араас нь зүүн далан тус газарт нь хутгалж бие махбодид “цээжний хөндий рүү нэвтэрсэн хутгалагдсан шарх, цээжний хөндийд цус, хий хуралдалт” бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Д.Алтнаагийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Уньт овогт Даваанямын Алтнааг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар Д.Алтнааг 3 /гурван/ жил 5 /таван/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар түүний эдлэх 3 /гурван/ жил 5 /таван/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр, Д.Алтнаад холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Ялтан Д.Алтнаа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд Цагдан хорих 461 дүгээр ангиас онлайнаар өгсөн тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Би энэ гэмт хэргийг үйлдэж өөрийн ханиа хутгалж гэмтэл учруулсандаа туйлын их харамсаж эрхэм шүүгч та нараас хүлцэл өчиж байна.

1998 онд том хүүгийнхээ аавыг өвчний улмаас алдсан бөгөөд амьдралын эрхээр 2002 онд дахин өөр хүнтэй сууж 2 дахь хүүхдээ төрүүлсэн боловч хамт амьдраагүй. 2 хүүхэдтэй эмэгтэй хүнд амьдралын хүнд бэрх асуудал их тохиолдож байсан. 2006 онд Энхтүвшинтэй танилцаж ханилаад 2 хүүхэд төрүүлж 12 жил амьдарч байна. Энэ хугацаанд 2 дагавар хүүхэдтэй эмэгтэйн амьдрал тийм сайн байгаагүй. Миний нөхөр үргэлж архи ууж, намайг бусадтай хардаж, хүүхдүүдийг минь ад үзэж элдэв бүрээр дарамталдаг байдлыг миний бие олон жил тэсч ирсэн. Нөхөр болон түүний ар гэрийнхэн миний эсрэг мэдүүлэг өгч намайг дарамталж байсан мэт гүжирдсэн асуудлыг би эсэргүүцэж байна. Ядарсан намайг харж хандах хүн байхгүй, бүх бурууг тохсон нь үнэн бус гэдгийг би та нарт сонордуулъя. Би амьдралын төлөө ажиллаж үр хүүхэд, гэр орон нөхөрөө сайн сайхан байлгах гэж чадах чинээгээрээ хичээн зүтгэж ирсэн дорой нэгэн бүсгүй. Би архи уугаад байдаггүй. Харин 6 дугаар сарын 1-нд хүүхдүүдээ баярлуулаад 2-нд хажуу айлын хөршүүд баяр тэмдэглэе гээд хамт архи ууцгаасан би ууж чаддаггүй болохоор амархан согтсон. Энэ үед нөхөр минь хамт архи уусан юм. Амараагийн гэрээс бид 2 гэр лүүгээ харихад гэрт ороод нөхөр намайг дарамтлаад байсан санагддаг. Тэгээд дараа нь яасныг би мэдээгүй, гэтэл шөнө эгч нь дүү нартайгаа ирж чи нөхөрөө хутгалчихсан гэж хэлсэн. Тэгээд би нөхөрөө хутгалсан гэж ойлгосон. Ингээд 2 цагдаа ирээд надаас хэдэн үг асуугаад биеийн байцаалт авч тэмдэглэл аваад явсан. Тэгээд би нөхрөө эмнэлэг дээр очиж эргэж тойрч 10 хоног хэвтээд гарсан. Гарч ирээд хэсэг гайгүй хэд хоног байж байгаад архи ууж эхлэхэд хэцүү байсан боловч би аргадаж, хоёулаа одоо эвтэй сайхан амьдаръя гэж гэртээ эргүүлээд авчирсан. Ингээд би буруу аргаар уур хорсол гомдлоо гаргаж өөрийгөө хамгаалж, нөхрөө хутгалсандаа харамсаад барахгүй байна. Миний энэ олон жил дарамтад байсан амьдралыг маань хүнд хэцүү байдал, бидний харилцаа буруу хандлагууд 4 хүүхдийн маань хүмүүжилд ямар хор хөнөөл болж байсныг гүнээ ойлгож ухаарлаа. Цаашдаа 4 хүүхдийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө, ханьдаа халамжтай эхнэр, хүүхдүүдийнхээ сайн ээж нь байна, хамтран амьдрах боломж бололцоог өгч бидний амьдралд энэрэнгүй хандаж, насанд хүрээгүй 3 хүүхдийг минь ээжээс нь илүү асрах хүнгүй гэдгийг харгалзан үзэж биеэр эдлэх ял зэмээс чөлөөлж бидний амьдралд шинэ сайхан зөв хаалгыг нээж өгнө үү.

Би амьдралдаа дахин алдаж муу зүйл хийхгүй, энэ шоронд суух хугацаандаа ихийг ухаарч өөрийгөө бүхий муу муухай зуршлаасаа салгаж, мөн бусдыг хайрлах аливаа зүйлд тэвчээртэй хандаж, ажил хөдөлмөр хийж, чин үнэнч шударга зөв амьдралаар амьдрахыг эрхэм зорилгоо болгож эзэн Есүс христэд итгэж бурханы өмнө гэмшиж сууна. Эрхэм шүүгч нар миний амьдралд итгэл найдвар өгч ял зэмлэлээс намайг хэлтрүүлж, бидний гэр бүлийг хамтдаа дахин шинэ амьдрал, эв нэгдэлтэй амьдрахад минь урам хайрлана гэдэгт итгэлтэй байна гэжээ.

Ялтны өмгөөлөгч О.Цэрэнпунцаг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Алтнаагийн өмгөөлөгчийн хувьд түүний гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Мөн анхан шатны шүүх хуралдаанд гаргасан өөрийн тайлбараа мөн дэмжиж байна. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Д.Алтнаагийн үйлдэлд гэмт хэргийг санаатай үйлдсэн гэх шинж байхгүй. Мөрдөн байцаалтын явцад нотлох баримт цуглуулахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 45 дугаар зүйлийн 45.7 дахь хэсгийн  заалтыг зөрчиж гэр бүлийн гишүүнээс түүний эсрэг мэдүүлэг авсан. Энэ нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлийн 79.4 дэх хэсэгт “Нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаар хуульд заасан журмыг баримтлаагүй буюу зөрчсөн бол эдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй” гэснийг зөрчиж байна. Гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай ажиллагаа нөлөөлсөн бөгөөд тэрээр Д.Алтнааг хэл үгээр доромжилж, дагавар хүүхдүүдтэйгээ зүй бусаар харьцсан байдал тогтоогддог. Үүний улмаас Д.Алтнаагийн сэтгэл санаа хүчтэй цочрон давчидаж гэмт хэрэг үйлдсэн. Д.Алтнаа хүндээр доромжлогдсон байдал тогтоогддог. Энэ саналыг анхан шатны шүүхэд хэлсэн боловч хүлээн аваагүй. Д.Алтнаагийн үйлдэл санаатай гэмт хэрэг мөн үү, үгүй юу гэдэг нь нотлогдоогүй. Д.Алтнаа нөхрийгөө хутгалснаа өөрөө мэддэггүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан  “Гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж , түүний улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах нь зайлшгүй, эсхүл учрах боломжтойг урьдчилан мэдсэн атлаа хүсч үйлдсэн бол гэмт хэрэг шууд санаатай үйлдсэн гэж үзнэ” гэх байдал тогтоогдохгүй байна. Иймд Д.Алтнаагийн үйлдэл гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байх тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү гэв.

Прокурор Г.Золзаяа шүүх хуралдаад гаргасан дүгнэлтдээ: Ялтан Д.Алтнаагийн гаргасан давж заалдах гомдол болон түүний өмгөөлөгчийн гаргасан тайлбарыг хүлээн авах боломжгүй, Д.Алтнаагийн үйлдсэн хэрэг бүрэн нотлогдсон. Өмгөөлөгчийн хэлж байгаачилан Д.Алтнаа сэтгэл санаа нь цочирдон давчидсаны улмаас гэмт хэрэг үйлдсэн гэдэг нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдоогүй. Гэрч Батцоож, Ганхуяг нар мэдүүлэхдээ хохирогч болон ялтан нар хоорондоо маргалдаж байсан гэдэг. Хохирогч Ч.Энхтүвшин нь  Д.Алтнааг сэтгэл санаа хүчтэй цочирон давчидах нөхцөл байдалд оруулаагүй. Д.Алтнаа нь хохирогчийг зурагт үзээд сууж байхад араас нь хутгалсан. Хавтаст хэрэгт болсон үйл явдлын талаар тодорхой авагдсан байдаг. Д.Алтнаа хохирогчийг шууд санаатай хутгалсан гэм буруутай болох нь тогтоогдсон. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Анхан шатны шүүх ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгчийн хувийн байдал, ар гэрийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийг хэрэглэсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “ …шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна…” гэсэн хуулийн шаардлагад нийцжээ.

Ялтан Д.Алтнаа нь 2016 оны 6 дугаар сарын 2-ны өдөр 13 цагийн орчим согтуугаар Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал-Овоогийн 31 дүгээр гудамжны “Задгай”-д байх гэртээ, хамт архи уусан өөрийн нөхөр хохирогч Ч.Энхтүвшинтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, гал тогооны шүүгээнээс хутга авч Ч.Энхтүвшинг зурагтны өмнө сууж байхад араас нь зүүн далан тус газарт нь хутгалж бие махбодид “цээжний хөндий рүү нэвтэрсэн хутгалагдсан шарх, цээжний хөндийд цус, хий хуралдалт” бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт ялтан Д.Алтнаа, хохирогч Ч.Энхтүвшин, мөрдөн байцаалтад гэрч Ч.Төмөрчөдөр, А.Батцоож, Э.Энхсаруул, насанд хүрээгүй гэрч Э.Ганхуяг нарын өгсөн мэдүүлгүүд, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйл хураан авсан тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцогдсон хутга, өвчний түүхийн хуулбар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 7711 дугаартай дүгнэлт, шинжээч эмч Д.Мөнхбатыг байцаасан тэмдэглэл болон хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон, энэ талаар анхан шатны шүүх хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн дүгнэлт хийсэн, хэргийн зүйлчлэл зөв байна.

Энэ хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан бөгөөд шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан нотлох баримтад үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, ялтан Б.Алтнаагийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруу, учруулсан хохирлын хэр хэмжээ, хувийн байдалд тохирсон хуульд заасан төрөл, хэмжээний ял шийтгэл оногдуулсан, шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүх ялтан Б.Алтнаад ял оногдуулахдаа түүний ар гэрийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, эмчилгээний зардлыг нөхөн төлсөн, хохирогч Ч.Энхтүвшин гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 96 зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.

Ялтан Б.Алтнаагийн гаргасан: “…Би амьдралдаа дахин алдаж муу зүйл хийхгүй, энэ шоронд суух хугацаандаа ихийг ухаарч өөрийгөө бүхий муу муухай зуршлаасаа салгаж, мөн бусдыг хайрлах аливаа зүйлд тэвчээртэй хандаж, ажил хөдөлмөр хийж, чин үнэнч шударга зөв амьдралаар амьдрахыг эрхэм зорилгоо болгож эзэн Есүс христэд итгэж бурханы өмнө гэмшиж сууна. Эрхэм шүүгч нар миний амьдралд итгэл найдвар өгч ял зэмлэлээс намайг хэлтрүүлж, бидний гэр бүлийг хамтдаа дахин шинэ амьдрал, эв нэгдэлтэй амьдрахад минь урам хайрлана гэдэгт итгэлтэй байна...” гэсэн давж заалдах гомдлыг үндэслэн хэргийн нөхцөл байдлыг хянаж үзвэл мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт ялтан Д.Алтнаа /хх 70, 72, 149/, мөрдөн байцаалтад гэрч Ч.Төмөрчөдөр /хх 31-33/, А.Батцоож /хх 38-41/, Э.Энхсаруул /хх 50/, насанд хүрээгүй гэрч Э.Ганхуяг /хх 45/ нарын тус тус өгсөн мэдүүлгүүд, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 4/, гэрэл зургийн үзүүлэлт /хх 5/, хэрэг учралын газарт дахин хийсэн үзлэгийн тэмдэглэл /хх 12-16/, өвчний түүхийн хуулбар /хх 83-91/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 7711 дугаартай дүгнэлт /хх 152/, шинжээч эмч Д.Мөнхбатыг байцаасан тэмдэглэл /хх 53-54/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар Д.Алтнаа нь согтуугаар Ч.Энхтүвшинтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүний зүүн далан тус газар нь хутгалж биед нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хөдөлбөргүй тогтоогдсон, мөрдөн байцаалтын ажиллагаагаар шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л зүйлүүдийг бүрэн шалгасан ба анхан шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх болон няцаах нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Иймд ялтан Д.Алтнаагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.