Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 159

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж, шүүгч Г.Алтанцэцэг, шүүгч Т.Алтантуяа нарын бүрэлдэхүүнтэй

нарийн бичгийн дарга Б.Мөнхцэцэг,

иргэдийн төлөөлөгч Н.Чулуунбаатар,

улсын яллагч Б.Энэрэл,

хохирогч Ч.Энхтүвшин,

шүүгдэгч Д.Алтнаа, түүний өмгөөлөгч О.Цэрэнпунцаг /ҮД:1280/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Уньт овогт Даваанямын Алтнаад холбогдох 201626011524 дугаартай, 188/2016/0164/Э индекстэй эрүүгийн хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1977 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр суманд төрсөн, 39 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, нөхөр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал овоогийн 31-ийн “Задгай”-д оршин суух, ял шийтгэлгүй, Уньт овогт Даваанямын Алтнаа /РД:ГЮ77051108/

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Алтнаа нь 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 13 цагийн орчим архидан согтуурсан үедээ Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Мандал овоогийн 31 дүгээр гудамжны “Задгай”-д байх гэртээ хамт архи уусан нөхөр Ч.Энхтүвшинтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж гал тогооны шүүгээнээс хутга авч Ч.Энхтүвшинг зурагтны өмнө сууж байхад араас нь зүүн далан тус газарт нь хутгалж бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Д.Алтнаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2016 оны 06 дугаар сарын 02-ны өглөө 07 цагийн үед манай нөхөр Энхтүвшин хөрш айл Амараагийнх рүү орсон, 09 цагийн үед Амараа хүрч ирээд нөхөр чинь дуудаад байна гэж хэлээд …намайг Амараагийнд ороход Амараа дэлгүүр явж 0.75 литрийн хэмжээтэй чингис нэртэй архи авч ирээд бид 4 хувааж уусан. 13 цагийн үед дахин нэг шил Эзэн Чингис нэртэй архи худалдаж авч хувааж уугаад 15 цагийн үед Амараа ах унтлаа гэхээр нь Энхтүвшин бид хоёр гэр лүүгээ орцгоосон. Гэрт ороход манай том Батцоож, бага хүү Ганхуяг, Энхжин нар юм идээд сууцгааж байсан. Энхтүвшин бид хоёр гэрт ороод Энхтүвшин анх  надруу айлд байхад араас хүрээд ирэх юм гэж хэлж хэрүүл болсон. Би хариуд нь чи айл хэсч болоод би яахаараа айл хэсч болдоггүй юм бэ гэж хэлсэн. Хэрүүл даамжраад Энхтүвшин би энэ хүүхдүүдийг чинь тэжээж чадахгүй, хоноцын шээснүүдээ аваад зайлаарай гэх мэтээр над руу давшилсан. Энхтүвшин намайг чи угаасаа янхан биз дээ, чам шиг янхантай суусандаа харамсаж, банзал янхан гичий гэх мэтээр хэлээд байхаар нь уур хүрээд чи угаасаа намайг доромжилж хэлэх хэлэхгүй үгээр хэлдэг биз дээ гэж хэлээд уурандаа аяга тавагны шүүгээний шургуулганаас хар иштэй нарийн үзүүртэй /ногоо арилгадаг гэх/ хутгыг аваад баруун баганы хажууд над руу нуруугаа харуулаад зурагт үзэж байсан Энхтүвшиний зүүн даланд нэг удаа хатгасан. Манай хүү Батцоож та яаж байгаа юм бэ гэж хэлээд надаас хутгыг булааж аваад шургуулга руу буцааж хийсэн. Тэгээд хүү намайг унт гэж хэлээд ор луу түлхсэн, би хэсэг байж байгаад гэнэт ухаан орж босч шургуулганаас хутгыг авч гэрээсээ гарч баруун хойд зүгт буюу уул чиглүүлж хутгыг чулуудсан, эргэж орж ирээд орон дээр унтаад өгсөн. Би гэнэт ухаан ороод айсандаа хутгыг гаргаж хаясан одоо энэ хутга хаана байгааг мэдэхгүй. …Нэг сэрсэн чинь хадам эгч Төмөрчөдөр ирсэн, чи яагаад нөхрөө хутгалж байгаа юм бэ, чи хамт архи уугаад яаж байгаа юм бэ гэсэн. Би мэдэхгүй байна гэж хэлсэн. …Манай нөхөр архийг байнга хэрэглэдэг, хэрэглэсэн үедээ намайг хөөдөг, хэл амаар доромжилж агсам согтуу тавьдаг, байнга хардаж сэрддэг, бэлгийн дарамтанд оруулж чам шиг олон нөхөр сольсон эмэгтэйтэй хамт суусандаа үнэхээр харамсаж байна гэх мэтээр доромжилдог. …Би 4 хүүхэдтэй, том хүү Батцоожийн аав манай хүүг ой гарантай байхад нь нас барсан, удаах хүү Батчулууны аавтай хамт амьдрах болж ар гэрийнхнээсээ болоод гэр бүл болж чадалгүй салсан, одоогийн нөхөр Энхтүвшинтэй 2005 оноос эхлэн гэр бүл бол 2 хүүхэд төрүүлсэн. …Оросоо гэх хүнийг би танихгүй, тийм хүнтэй архи уугаагүй. …Хийсэн хэрэгтээ үнэхээр гэмшиж байна. …Миний хүүхдийн асуудлаас болж бид хоёр хэрэлдээгүй. Миний хүү Батчулуун 5 сарын үед нэг айлаас талх аваад ороод ирсэн, тэр нь Баярцэцэгийн гэрээс авсан талх юм байна лээ. Энхтүвшин тухайн үед намайг хоноцын шээсээ харахад яадаг юм айл амьтнаар хулгай хийгээд ярьдаг байсан. Намайг Энхтүвшинг хутгалах үед энэ асуудлын талаар ярилцаагүй …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 70-72 х/

 

Шүүгдэгч Д.Алтнаагийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…2016 оны 6 дугаар сарын 02-ны өдөр би нөхөр Энхтүвшинтэй архи уусан. Манай 2 том хүүхэд нөхөр Энхтүвшиний төрсөн хүүхдүүд биш, миний дагавар хүүхдүүд байгаа юм. 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдөр нөхөр Энхтүвшин нь миний 2 хүүхдийг ад үзээд, намайг дарамтлаад байсан. Би байнга дарангуйлал, дарамтанд амьдардаг байсан. Миний 2 хүүхдийн хоноцын шээснүүд гээд доромжлоод ад үзээд байсан болохоор миний сэтгэл санаа хямраад би Энхтүвшинг хутгалсан. Мөн Энхтүвшин нь намайг хэл амаар доромжлоод харддаг, гэртээ ирдэггүй, архи уугаад алга болдог байсан. …” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/

 

            Хохирогч Ч.Энхтүвшин-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би болсон асуудлын талаар мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна. ...”гэсэн мэдүүлэг /хх-ийн 30 х/

 

            Хохирогч Ч.Энхтүвшин-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би хэргийн талаар мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна. Д.Алтнаад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

 

            Гэрч Ч.Төмөрчөдөрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 15 цагийн үед болов уу миний төрсөн дүү Энхтүвшин залгаж би хүнд хутгалуулчихлаа, яаралтай хагалгаанд орохоор боллоо гэж хэлсэн. Цэргийн госпиталийн мэс заслын тасаг руу очиход Энхтүвшин ганцаараа эмнэлэгт хэвтсэн, эхнэр Алтнаа нь ирээгүй, том хүү Цоожоо байж байгаад явсан гэж байсан. Би эмчтэй нь уулзахад яаралтай хагалгаанд орох шаардлагатай байна, ар нуруунаасаа цэээжний хөндий рүү хутгалагдсан, эхний ээлжинд гуурс авч ирэх шаардлагатай, гуурс тавигдаад хагалгаа хийх хийхгүйг шийднэ гэсэн. Би төлбөр мөнгийг нь төлөөд гуурсыг нь авчирч өгсөн, гуурсаараа доторх цус алдалт нь гадагшлаад амьсгал нь жигдрээд хагалгаанд орох шаардлагагүй болсон. Би Энхтүвшин-с хэнд хутгалуулсан, юу болсон бэ гэхэд би хамт уусан хүндээ хутгалуулсан гэхэд нь ямар хүн байдаг юм бэ гэхэд танихгүй гэж хэлсэн. Найз Бат-Эрдэнэ, Болдоо, Амараа гэх найз нартаа эхнэр Алтнаа хутгалсан талаар ярисан байсан. Надаас нуугаад байсан. Би тэр оройдоо гэр лүү нь явж очиход эхнэр Алтнаа нь гэртээ ганцаараа согтуу байсан. Би буцаж гараад цагдаагийн хэлтэс дээр очоод эхнэр нь хутгалчихсан юм байна гэж байцаагч Энхсаруул гэх хүнийг дагуулж яваад гэрт нь үзлэг хийлгэсэн. …2016 оны 06 дугаар сарын 03-ны өдөр эргэлтээр очихдоо Энхтүвшинтэй уулзаад авгай чинь хутгалчихаад байхад нуугаад байхдаа яадаг юм, удаа дараа ийм асуудал боллоо, хэлдэг газар нь хэлнэ гэхэд Энхтүвшин та одоо яах гэсэн юм бэ цаадах чинь өмнө нь хүн цохисон асуудалтай байгаа, гомдол гаргаад яах вэ ингээд орхичих гээд гуйгаад байсан. Тэгэхээр нь би юунаас болж хутгалсан юм бэ гэж түүнээс лавлаж асуухад хоёр дахь хүү нь танидаг айлаасаа юм хэлэлгүйгээр авчихсан юм уу даа тэгэхэд нь Энхтүвшин чи айлаар орох гарах нүүргүй болголоо, одоо хүүхдүүддээ хэл гэж Алтнаад хэлсэн юм байна лээ. Тэгэхэд нь Алтнаа чи миний хүүхдүүдэд хойд эцгийн зан гаргалаа гээд нуруу дал орчим руу нь хутгалсан гэсэн. …2016 оны 06 дугаар сарын 02-ны орой гэрт нь анх очиход Алтнаа нэлээд согтуу байсан, би нөхөр чинь хүнд хутгалуулчихаад байгаа юм биш үү гэхэд хэн хутгалдаг юм бэ том хүү Цоожоотой л гарсан шүү дээ гээд орилоод байсан. Байж байгаад буцаж гэр лүү нь ороход Алтнаагийн архи нь гараад гайгүй болсон байсан би түүнд чи эмэгтэй хүн байж арай л дэндүү юм, ингэж болохгүй, өмнө нь зөндөө л асуудал болсон тэгэхэд чамд юм хэлээгүй гэхэд миний буруу уучлаарай гэсэн. …Зан харьцааны хувьд Энхтүвшин үг дуу цөөтэй, хүний үг сонсомтгой, гэр орны ажилд сайн, гарын дүйтэй. Архи уух дуртай болчихсон байна лээ, архи уухаараа эхнэрээ хардаад байдаг болов уу гэж боддог. Алтнаагийн хувьд ажилд сайн, дайчин зантай, хэлэмгий, хурц зантай хүн санагддаг. Тэр хоёр нийлээд архи уугаад байдаг болсон байсан. Үүнээсээ болж нэг бус удаа Алтнаа Энхтүвшинд гэмтэл учруулсан байсан. Эхний удаа сэнжтэй аягаар хамар луу цохиж мурийлгаад сорвитой болгосон байсан, дараа нь ширмээр цохиод толгойг нь яз цохиод оёдол тавиулсан юм байна лээ. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-33 х/

 

          Гэрч Ч.Болдбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Энхтүвшин бид хоёр багын найзууд. …Би нэг компанид даамал хийдэг, Энхтүвшинг хамт дагуулж ажилладаг. Энхтүвшин архи ууна, гэхдээ сүүлийн үед ажилгүй байгаа болохоор гэр орчмын хүмүүстэй архи уугаад байгаа талаар сонсогдоод байгаа. Энхтүвшин хутгалуулсан талаар эгч Төмөрчөдөр нь надад хэлсэн. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 37 х/

 

          Гэрч А.Батцоожийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Тухайн үед аав, ээж хоёр хэрэлдээд муудаад байсан, би тэр хоёрыг чимээгүй бай гэж зөндөө хэлсэн боловч хэрэлдээд байсан. Аав ээж машинтай хүнтэй явдаг, машинтай хүнээ ирэхээр шээснүүдээ аваад зайлаарай янхан, гичий минь гээд хараагаад байсан. Тэгж байтал аав шүүгээнээс хутга аваад ээжид хандан чи май намайг чаддаг юм бол шаа гээд хутга барьчихаад ээж рүү чиглээд байсан. Тэгэхээр нь би ааваас хутгыг нь булааж аваад хутгыг буцаагаад шургуулганд хийсэн. Энэ үед аав ээжийг элдвээр хэлсээр л байсан. Би шүүр аваад хог шүүрдэх гээд шүүр аваад эргэтэл аав ёолоод газар унасан, би эргээд хартал ээж хар иштэй хутга барьчихсан аав газар доош хараад хэвтээд, аавын зүүн далнаас цус гарч байгаа харагдсан. Би ээжээс хутгыг булааж аваад шургуулга руу буцаагаад хийсэн. Аав намайг эмнэлэг дуудаад өгөөч гэж хэлээд эмнэлэг дуудсан. Эмнэлэг, цагдаа ирээд юу болсон талаар ааваас асуухад аав өөрийг нь Оросоо гээд хүн хутгалсан талаар ярисан. Аав тухайн үед ээжийг бодоод худлаа худлаа хэлсэн гэж бодсон. …Баруун баганы дэргэд өөд өөдөөсөө хараад хэрэлдэж байсан. Аав орон дээр сууж байсан гэнэт л ёолсон тэгээд хартал зүүн далнаас нь цус гараад байсан. …Аав, ээж хоёр хамт хэвтэж байсан, тэгтэл аав ээжийг юунаас болж яагаад гэдгийг мэдэхгүй цохиод авсан. Ээж надад хэлэхдээ зүгээр байхад хацар луу цохисон гэсэн. …Хутга маргааш нөгөөдрөөс нь харагдахаа болисон. …Аав архи уучихаад бид нарыг пизда, гичий нар гээд хэл амаар доромжилдог. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 38-41 х/

 

          Насанд хүрээгүй гэрч Э.Ганхуягийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Би зурагтаар гарч байсан хүүхэлдэйн кино үзэж байсан. Аав ёооё гэсэн, би эргээд хартал аав нуруугаа бариад газарт доош хараад хэвтэж байсан, аавын хажууд ээж, ээжийн хажууд Батцоож ах зогсож байсан. Би айгаад уйлсан. Аав Батцоож ахыг эмнэлэг дуудаад өг гээд Батцоож ах эмнэлэг дуудаж өгсөн, Батцоож ах ээжийг та яаж байгаа юм бэ унт гээд загнаад байсан. Ээж гал зуухны шүүгээний хутга хийдэг шургуулганд байдаг хар иштэй хутгыг барьчихсан зогсож байсан, Батцоож тэр хутгыг аваад гэрээс гарсан, эргэж орж ирэхдээ хутгагүй орж ирсэн. …Аав архи уудаг, ээж хааяа архи уудаг, тэд нар архи уухаараа байнга хэрэлддэг. Аав агсам тавиад муухай үг хэлээд янхан, гичий, гичий минь Булган луугаа зайлаарай гээд ээж рүү дайраад байдаг. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 45 х/

 

          Гэрч Ж.Ууганбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Би 4 жилийн өмнөөс Алтнаатай найзлаж байгаа. Зан харилцааны хувьд энгийн аятайхан санагддаг. Алтнаа манай гэрээр орж гардаг энгийн сайхан харилцаатай. Алтнаа нөхөр Энхтүвшин, 3 хүүхдийн хамтаар манай Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Мандал овоон 35-18 тоотын хажуу талын уулын налууд байдаг, ямар ч байсан дугаар аваагүй гэж байсан.  …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 47 х/

 

          Гэрч С.Батболдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Би Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн 1 дүгээр хэлтэст 26 дугаар хорооны хэсгийн байцаагч ажилтай. …Хэрэг учрал нь Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Мандал овоон задгай тоотод буюу одоохондоо хаяг дугаар аваагүй тоотод болсон. Энхтүвшин өмнө нь гэр бүлийн хамтаар Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар Мандал овооны 31-15 тоотод амьдарч байсан юм байна лээ. Тэгээд эмнэлэг дуудахдаа хуучин хаягаараа дуудлага өгсөн юм байна лээ.  Хэрэг учрал болсон газар нь Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар Мандал овооны 31-15 тоотоос холгүй байдаг. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 48-49 х/

 

          Гэрч Э.Энхсаруулын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Би Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн 1 дүгээр хэлтэст мөрдөн байцаагчаар  2015 оноос эхлэн ажиллаж байна. …Тухайн үед би хэрэг учралын газарт дуудлагаар очиж үзлэг хийсэн. Анх 102-с 103-т дуудлага өгөхдөө Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Мандал овоогийн 31-15 тоотод хүн хутгалуулсан гэж дуудлага ирсэн. Жижүүрийн бүрэлдэхүүний хувьд дуудлагаар хэрэг учралын газар шуурхай ажиллах нь чухал байдаг юм. Тухайн тоот хашаа гаднаа ямар нэгэн хаягжилт байхгүй, саарал өнгийн дааман хаалгатай байсан. Би хэрэг учрал болсон гэх газарт ирэхэд хүн хутгалагдсан гэж дуудлага өгсөн газар мөн гэж хэлсэн учраас уг тоотыг Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар Мандал овооны 31-15 тоот гэж мөн байна гэж ойлгосон. …Биднийг хэрэг учралын газарт очиход  Энхтүвшин гэгчийн эхнэр Алтнаа гэж эмэгтэй согтуу 2 жаахан хүүхэд, Энхтүвшин-н эгч Төмөрчөдөр нар байцгаасан. Алтнаа нь тайлбар өгөх боломжгүй архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан ба болсон асуудлын талаар хэлэхэд Алтнаа би юу ч мэдэхгүй гэж хэлж байсан. Гэр дотор нь цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон асуудал байхгүй байсан. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 50 х/

 

          Шинжээч эмч Д.Мөнхбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Энхтүвшингийн биед цээжний хөндий рүү нэвтэрсэн хутгалагдсан шарх, цээжний хөндийд цус, хий хуралдалт гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. …3х10см хэмжээтэй шарх байсан болохоос уг хэмжээгээр хутганы өргөн, уртыг тодорхойлох боломжгүй. Жишээлбэл 1 см өргөнтэй хутгаар хутгалаад хутгаа татахдаа зүсээд гаргаж авч байгаатай адилхан юм. 3х10см гэж өвчний түүх дээр байсан учраас уг шархаар дүгнэлтийг гаргасан. Уг хэмжээ нь харьцангуй ойлголт цээжний хөндий рүү 5 см нэвтэрсэн ч багаж хийгээд шалгахаар цааш 2-3 см нэмэгдэх жишээний. Цээж нь хөндийтэй эрхтэн учраас хөндийгөөс болж хэмжээ нь харилцан адилгүй байдаг. …Эмнэлгийн тусламж цаг тухайд аваагүй тохиолдолд амь насанд аюултай учраас хүнд гэмтэлд хамаарч байгаа юм. …Гэмтэл үүссэн даруйдаа өвдөлт мэдрэгдэнэ, тийм шархтай хүн идэвхитэй хөдөлгөөн хийж чадахгүй, хөндийд нэвтэрсэн учраас амьсгалахад хүндрэлтэй болно, зовлон шаналал тэр даруй мэдрэгдэнэ. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 53-54 х/

 

          Шинжээчийн ¹7711 дүгнэлт

          1.Энхтүвшингийн биед цээжний хөндий рүү нэвтэрсэн хутгалагдсан шарх, цээжний хөндийд цус, хий хуралдалт гэмтэл тогтоогдлоо. 

          2.Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

          3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

          4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй. Шинжээч эмч Д.Мөнхбат /хх-ийн 52 х/

 

          Шүүх сэтгэц эмгэг судлалын ¹795 дүгнэлт

          1.Д.Алтнаа нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Сэтгэцийн эмчийн хяналтанд

          2.Д.Алтнаагийн удамд сэтгэцийн эмгэгтэй хүн байдаг гэх баримт үгүй байна.

          3.Д.Алтнаа нь хэргийн талаар мэдүүлэг өгөх чадвартай байна. 

          4.Д.Алтнаа нь хэрэг үйлдэх үедээ болон үйлдсэнээс хойш өөрийн үйлдлийн нийгмийн аюулын шинжийг ухамсарлан ойлгож, удирдан жолоодож чадаж байсан байна. Д.Алтнаа нь хэрэг хариуцах чадвартай байна.

          5.Д.Алтнаа нь одоогоор өөртөө болон орчиндоо аюултай гэх шинж тэмдэг илрээгүй байна.

          6.Д.Алтнаа нь гэмт хэргийн үед санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчиндсан гэх шинж тэмдэг илрээгүй байна.

          7.Д.Алтнаад эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. Эмч О.Баатаржав, Л.Баттулга, Я.Ганхүү /хх-ийн 56-57 х/

          Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл: “…Хэрэг учрал болсон гэх газар нь Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Мандал-овоогийн 31-15 тоот гэх 4 талдаа банзан хашаатай урд талдаа саарал өнгийн төмөр хаалгатай хаяг байна. …” /хх-ийн 4-6 х/

          Хэрэг учралын газарт  дахин хийсэн үзлэгийн тухай тэмдэглэл: “…хэрэг учрал болсон гэх газар нь Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Мандал-Овооны 35 дугаар гудамжинд байрлах ямар нэгэн хаяггүй банзаар барьсан хашаагаар хүрээлүүлсэн гэр байна. …” /хх-ийн 12-16 х/

          Ч.Энхтүвшингийн захиргааны зөрчлийн тэмдэглэл /хх-ийн 20-21 х/

          Д.Алтнаагийн захиргааны зөрчлийн тэмдэглэл /хх-ийн 23-24 х/

          Хоногийн бодит дуудлагын мэдээлэл /хх-ийн 28 х/

          Насанд хүрээгүй гэрч Э.Энхжингийн мэдүүлэг /хх-ийн 43 х/

          Гэрлэлтийн баталгааны хуулбар /хх-ийн 76 х/

          Хохирогч Ч.Энхтүвшин-н өвчний түүхийн хуулбар /хх-ийн 83-91 х/

          Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 92 х/

          Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Дүүргийн 2 дугаар прокурорын 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 834 дугаартай тогтоол /хх-ийн 101 х/ гэх зэрэг нотлох баримтууд болно.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.

 

            Нэг. Д.Алтнаагийн үйлдэлд гэмт хэргийн шинж байгаа эсэхийг тодорхойлох:

            Гэмт хэрэг гэдэг нь Монгол Улсын Эрүүгийн хуульд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг хэлнэ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч ялимгүйн учир нийгэмд аюулгүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй” гэжээ. Хэргийн үйл баримтуудаас харахад Д.Алтнаагийн үйлдэлд дараах хууль бус үйлдэл байна.         

            Үүнд:  1.Д.Алтнаа хутга барин дайрч Ч.Энхтүвшинг хутгалсан хууль бус үйлдэл,

            2.Бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан хууль бус үйлдлүүд нь   дээр дурьдсан гэмт хэргийн шинжийг       агуулж байгаа тул  түүнийг Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэстэй. Иймд Д.Алтнаагийн үйлдлийн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг, Эрүүгийн хуулийн ямар хэм хэмжээ хэрэглэгдэхийг тодорхойлох, гэмт хэргийг зүйлчлэх шаардлагатай байна.

            Д.Алтнаа нь Ч.Энхтүвшинг хутгалж хүнд гэмтэл учруулсан гэмт хэргийн бүрэлдэхүүний Объект: Хүний эрүүл мэнд, Объектив тал: Д.Алтнаагийн хутга барин дайрч хохирогчийг хутгалан амь биед нь аюултай гэмтэл учруулсан идэвхтэй үйлдэл, хохирогчид учруулсан хүнд гэмтлийн хоорондын шалтгаант холбоо, Субектив тал: Гэм буруугийн шууд санаатай, Субъект: Хэрэг хариуцах чадвартай, 14 насанд хүрсэн байх тул гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжүүдийг бүрэн хангаж байна.

            Хоёр: Д.Алтнааг Сонгинохайрхан дүүргийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 “Хүний бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэж ялласан тул зүйлчлэл тохирох эсэхийг шалгаж үзье.         

            Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйл.

            96.1.Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан, өөрөөр хэлбэл амь биед нь аюултай гэмтэл учруулсан буюу хараа, сонсголгүй болгосон, эрхтнээс нь хагацуулсан, ажиллагаагүй болгосон, нүүрийг засаршгүй эвдэж дүрсийг алдагдуулсан, хүүхэд дутуу гаргуулсан буюу ураг зулбуулсан, сэтгэцийн өвчтэй болгосон, түүнчлэн хөдөлмөрийн чадварыг бүрмөсөн алдагдуулсан бол таваас дээш долоон жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

 

 “Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг нь бусдын бие махбодид гэмтэл учруулахад чиглэсэн санаатай үйлдэл (эс үйлдэхүй) хийсний улмаас хүний бие махбодид хүнд гэмтэл учирсан байхыг шаардах бөгөөд гэмт үйлдэл, хүнд гэмтэл хоёрын хооронд шалтгаант холбоотой байх шинжийг заавал агуулсан байдаг. Д.Алтнаа хохирогчийн нуруун тус газар хутгалсан болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн “... Энхтүвшин намайг чи угаасаа янхан биз дээ, чам шиг янхантай суусандаа харамсаж байна, банзал янхан гичий гэх мэтээр хэлээд байхаар нь уур хүрээд чи угаасаа намайг доромжилж хэлэх хэлэхгүй үгээр хэлдэг биз дээ гэж хэлээд уурандаа аяга тавагны шүүгээний шургуулганаас хар иштэй нарийн үзүүртэй /ногоо арилгадаг гэх/ хутгыг аваад баруун баганы хажууд над руу нуруугаа харуулаад зурагт үзэж байсан Энхтүвшиний зүүн даланд нэг удаа хатгасан …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 70-72 х/

            Гэрч Ч.Төмөрчөдөрийн “… би юунаас болж хутгалсан юм бэ гэж түүнээс лавлаж асуухад хоёр дахь хүү нь танидаг айлаасаа юм хэлэлгүйгээр авчихсан юм уу даа тэгэхэд нь Энхтүвшин чи айлаар орох гарах нүүргүй болголоо, одоо хүүхдүүддээ хэл гэж Алтнаад хэлсэн юм байна лээ. Тэгэхэд нь Алтнаа чи миний хүүхдүүдэд хойд эцгийн зан гаргалаа гээд нуруу дал орчим руу нь хутгалсан гэсэн. ...” /хх-ийн 31-33 х/,

            Гэрч А.Батцоожийн: “… Аав орон дээр сууж байсан гэнэт л ёолсон тэгээд хартал зүүн далнаас нь цус гараад байсан. …Хутга маргааш нөгөөдрөөс нь харагдахаа болисон. …” /хх-ийн 38-41 х/,

             Насанд хүрээгүй гэрч Э.Ганхуягийн: “…Би зурагтаар гарч байсан хүүхэлдэйн кино үзэж байсан. Аав ёооё гэсэн, би эргээд хартал аав нуруугаа бариад газарт доош хараад хэвтэж байсан, аавын хажууд ээж, ээжийн хажууд Батцоож ах зогсож байсан. …” /хх-ийн 45 х/ гэх мэдүүлгүүдээр, дээрх хууль бус үйлдлийн улмаас хохирогчийн бие махбодид хүнд гэмтэл учирсан болох нь шүүх эмнэлгийн шинжээчийн 7711 тоот дүгнэлт:

          1.Энхтүвшингийн биед цээжний хөндий рүү нэвтэрсэн хутгалагдсан шарх, цээжний хөндийд цус, хий хуралдалт гэмтэл тогтоогдлоо. 

          2.Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

          3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

            4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. Шинжээч эмч Д.Мөнхбат /хх-ийн 52/ гэсэн дүгнэлтээр тус тус тогтоогдсон.

            Хүний бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг нь шууд болон шууд бус санаатай үйлдэгдэнэ. Гал тогооны шүүгээнээс хутга авч цаашаа хараад сууж байсан хүний ар нуруу луу хутгалсныг өөрийн хууль бус үйлдлийн улмаас бусдын бие махбодид хор уршиг учрах нь зайлшгүйг мэдсэн атлаа хүсэж үйлдсэн гэж үзэх бүрэн боломжтой тул түүний үйлдлийг шууд санаатай гэж үзсэн. Хэргийн үйл баримтаар зүйлчлэлийг хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар зүйлчилж ирүүлсэн нь тохирсон байна.

            Гурав. Гэмт хэрэгт бэлтгэсэн, завдсан шинж байгаа эсэхийг тодорхойлох: Д.Алтнаа нь согтуурсан үедээ хутгаар Ч.Энхтүвшингийн бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг нь материаллаг бүрэлдэхүүнтэй өөрөөр хэлбэл Д.Алтнаа хутга барьж дайрсан үйлдлийн улмаас хор уршиг учирсан байхыг шаардах бөгөөд энэ хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

            Хэрэгт цугларсан үйл баримтуудаар Д.Алтнаа гал тогооны шүүгээнээс хутга авч түүний ар нуруун тус газар хутгалж хүнд гэмтэл учруулснаар гэмт хэрэг төгс үйлдэгдсэн гэж үзнэ. Иймд уг гэм хэрэгт бэлтгэсэн, завдсан шинж байхгүй байна.

         Дөрөв. Гэмт хэргийн нийгмийн хор аюулыг үгүйсгэх нөхцөл байдал байгаа эсэх асуудлаар: Гэмт хэргийн нийгмийн аюулыг үгүйсгэх нөхцөл байдлууд болох аргагүй хамгаалалт, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг баривчлах саатуулах үед гэм хор учруулах, гарцаагүй байдал, үйлдвэрлэл, шинжилгээ, судалгааны ажлын үндэслэл бүхий эрсдэл, тушаал, захирамж биелүүлэх зэрэг нь байхгүй байна. Тухайлбал: Хэрэгт авагдсан үйл баримтуудаар хохирогч Ч.Энхтүвшин нь шүүгдэч Д.Алтнаатай хэл амаар маргалдсан, доромжилсон асуудал үйл баримтаар тогтоогддог бөгөөд хохирогчийн зүгээс шүүгдэгч рүү довтолсон зэргээр идэвхтэй үйлдэл хийсэн гэх байдал тогтоогдоогүй. Хутгалуулах үедээ зурагт руу хараад сууж байсан, шүүгдэгч ар нуруу хэсгээс нь хутгалсан гэх байдал тогтоогдсон байдаг.

            Тав. Ял оногдуулах: Д.Алтнаа-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1-г  журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д заасны дагуу хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэсэн болно. Учир нь хохирогчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбараар түүний биеийн эрүүл  мэндийн байдал эмчилгээ хийлгэснээр эдгэрч хэвийн байдалдаа орсон, мөн шүүгдэгчээс нэхэмжлэх хохирол төлбөр байхгүй гэсэн, шүүгдэгч Д.Алтнаа нь хорих ял оногдуулж болох гэмт хэрэг анх удаа үйлдсэн болох нь түүний ял шалгах хуудсаар тус тус тогтоогдсон болно.

            Зургаа. Эрүүгийн хариуцлага ба ялаас чөлөөлөх үндэслэл буй эсэх: Д.Алтнаагийн үйлдсэн гэмт хэрэг нь хүнд гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа, ял эдлэхэд харшлахаар өвчин эмгэг тогтоогдоогүй зэрэг нөхцөл байдлаас харахад түүнийг эрүүгийн хариуцлага, ялаас чөлөөлөх үндэслэл байхгүй байна.

            Долоо. Ял эдлэх дэглэм: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т зааснаар түүний ял эдлэх дэглэмийг чангаруулах нөхцөл байдал тогтоогдоогүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар түүнийг ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэх.

          Найм. Ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлын талаар: Д.Алтнаа нь үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.9 дэх хэсэгт зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт зааснаар ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцсон.

          Хувийн байдлын хувьд Д.Алтнаа, хохирогч Ч.Энхтүвшин нар архи, согтууруулах ундаа ихээр хэрэглэж захиргааны хариуцлага удаа дараа хүлээж байсан хоорондоо маргалдаж муудалцдаг байдлууд гаргаж байсан болох нь Цагдаагийн байгууллагад өгч байсан дуудлагын мэдээлэл, зөрчлийн баримтууд /хх-ийн 23, 28 х/ -аар тогтоогдож байгаа бөгөөд гэмт хэрэг үйлдэхэд хохирогчийн буруутай ажиллагаа зохих хэмжээгээр нөлөөлсөн байгааг мөн ял оногдуулахад харгалзан үзэх нь зүйтэй гэж үзсэн болно.

 

          Ес. Бусад асуудлын талаар: Д.Алтнаа ам бүлийн хувьд нөхөр, 08-20 насны 4 хүүхдийн хамт амьдардаг том хүү насанд хүрсэн, удаах 3 хүүхэд нь насанд хүрээгүй хэдий ч одоо эмээ болон эцгийн хамт амьдарч байгаа тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 188 дугаар зүйлд заасан насанд хүрээгүй хүүхдүүдийг харгалзан дэмжих, эд хөрөнгийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр  шүүхээс ажиллагаа хийх болон холбогдох албан тушаалтнуудад даалгах шаардлагагүй гэж үзсэн.

Д.Алтнаагийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тогтоолд дурьдах зүйтэй байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Уньт овогт Даваанямын Алтнаа-г бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар Д.Алтнааг 03 /гурван/ жил 05 /таван/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Д.Алтнаагийн эдлэх 03 /гурван/ жил 05 /таван/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4.Д.Алтнаад холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

6.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Д.Алтнаад урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих талсан сэргийлэх арга хэмжээг авч, түүний эдлэх ялыг 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан түүний өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Б.ДАШДОНДОВ

 

 

                                           ШҮҮГЧИД                            Г.АЛТАНЦЭЦЭГ

 

                                                              Т.АЛТАНТУЯА