Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 209/МА2022/00065

 

*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

                                                                             Хэргийн индекс: 135/2022/00598/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Байгалмаа даргалж, шүүгч Г.Давааренчин, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны  04 дүгээр сарын 26-ны өдрийн 645 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******д холбогдох    

Нэхэмжлэлийн шаардлага: “Хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулж, дахин үнэлгээ хийлгэх” тухай,

Иргэний хэргийг нэхэмжлэгч *******ын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн, 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж миний өмчлөлийн Сэлэнгэ аймаг, *******, *******, *******, *******од байрлах 24,0 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 01/393 тоот мэдэгдэлд 40,000,000 төгрөгөөр үнэлэгдсэн үнэлгээг надад 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр танилцуулсан.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлд заасны дагуу хөрөнгө хураах ажиллагааг явуулаагүй, надад мэдэгдэж танилцуулаагүй гарын үсэг зуруулаагүй, хөрөнгө хураасан тогтоол гардуулаагүй атлаа мэдэгдэх хуудсанд ...төлбөрт битүүмжилсэн, хураасан... үл хөдлөх хөрөнгийг үнэлүүлэхэд 40,000,000 төгрөгөөр үнэлсэн гэсэн худал бодит биш зүйлүүдийг бичсэн байгаад би гомдолтой байна.

Мөн Сэлэнгэ аймаг, *******, *******, *******, *******од байрлах 24,0 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө нь өнөөдрийн байдлаар 40,000,000 төгрөгөөр үнэлэгдэх боломжгүй. Одоогоос 2 жилийн өмнө дээрх хаягт байрладаг ижил төрлийн үл хөдлөх хөрөнгүүд 45,000,000 - 55,000,000 төгрөгөөр үнэлэгдэж байсан. Өнөөдөр улсын хэмжээгээр барилгын материал, үл хөдлөх хөрөнгийн үнэ өссөн байхад миний хөрөнгийг 40,000,000 төгрөгөөр үнэлсэн, хөрөнгийг үнэгүйдүүлж байгаад гомдолтой байна.

Иймд зах зээлийн өнөөгийн бодит ханшид нийцүүлэн үнэлгээ гаргуулах хүсэлтэй байгаа тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэрийг хүчингүй болгуулж дахин үнэлгээ гаргуулах боломжоор хангаж өгнө үү гэжээ.

  1. Хариуцагчийн  татгалзал, тайлбарын агуулга:

...Сэлэнгэ аймаг, *******, *******, *******, *******од байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-1310001179 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн хураан авч талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу шинжээчээр үнэлгээ тогтоолгон үнэлснийг талуудад мэдэгдсэн.

Төлбөр төлөгч ******* нь үнэлгээтэй холбоотой гомдлоо шүүхэд гаргасан бөгөөд Дархан-Уул аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 93 дугаартай магадлалаар, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 001/ХТ/2021/01038 дугаартай тогтоолоор үнэлгээг хүчингүй болгон тус тус шийдвэрлэжээ.

Иймд 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 03/135, 01/136 дугаартай албан бичгээр талуудыг үнийн санал ирүүлэхийг мэдэгдсэн боловч талууд харилцан тохиролцоогүй тул 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 1/02 дугаартай Шинжээч томилох тухай тогтоолоор Сэлэнгэ аймаг, *******, *******, *******, *******од байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-1310001179 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг үнэлүүлэхээр Капитал зууч" ХХК-ийг хөндлөнгийн шинжээчээр томилсон. 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 01/393, 01/383 дугаартай мэдэгдлээр талуудад үнэлгээг танилцуулсан байна.

Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу зохион байгуулсан байх тул төлбөр төлөгч *******ын гаргасан нэхэмжлэлийг бүхэд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

  1. Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.4-д заасныг баримтлан хариуцагч *******д холбогдуулан Капитал зууч ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч *******ын гаргасан гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгч ******* давж заалдах гомдолдоо:

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдлыг гаргаж байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлд заасны дагуу хөрөнгө хураах ажиллагааг явуулаагүй, надад мэдэгдэж танилцуулаагүй гарын үсэг зуруулаагүй, хөрөнгө хураасан тогтоол гардуулаагүй атлаа мэдэгдэх хуудсанд ...төлбөрт битүүмжилсэн, хураасан... үл хөдлөх хөрөнгийг үнэлүүлэхэд 40,000,000 төгрөгөөр үнэлсэн гэсэн худал бодит биш зүйлүүдийг бичсэн байгаад би гомдолтой байна.

Миний үл хөдлөх хөрөнгө нь өнөөгийн зах зээлийн ханшаар 50,000,000-55,000,000 төгрөгийн үнэтэй байхад хэт багаар үнэлсэн шинжээчийн үнэлгээг дахин гаргуулах шаардлагатай байхад шүүх хүсэлтийг хангаагүй.

Үнэлгээг хэт доогуур үнэлсэн гэдгийг нотлох үүднээс зах зээлийн өнөөгийн үнэ ханшаар үнэлэгдэж арилжигдсан хоёр худалдах, худалдан авах гэрээг тухайн орон нутгийн иргэдээс авч нотлох баримтаар шүүхэд өгсөн боловч шүүх анзаарч үзэлгүй нотлох баримтаар өгсөн ижил төстэй орон сууцуудын доод, дээд үнэ ханшаас үзэхэд миний байр доод үнээс доогуур үнэлэгдэж байгаад гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин үнэлгээ гаргуулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүхээс гомдол гаргагчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Гомдол гаргагч ******* нь Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх  газар-445 дугаар нээлттэй хорих ангид холбогдуулж “Капитал зууч” ХХК-ий 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүй болгуулахыг хүссэн гомдлын шаардлага гаргасныг хариуцагч байгууллага шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул гомдлын шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

3. Анхан шатны шүүх гомдол гаргагч *******ын гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд давж заалдах шатны шүүх гомдол гаргагчийн давж заалдсан гомдлоор хэргийг хүлээн авч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад дараах дүгнэлтийг хийлээ.

4. Шүүх Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.4-д “ Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд  хөрөнгийг албадан худалдан борлуулах шийдвэрийн талаар  болон хөрөнгийн үнэлгээний талаар  энэ хуулийн 55.7-д заасны дагуу шүүхэд гомдол гаргаж шийдвэрлүүлсэн бол тухайн асуудлаар хөрөнгө албадан худалдан борлуулах ажиллагааны явцад шүүхэд дахин гомдол гаргах эрхгүй” гэж заасныг шийдвэрийн үндэслэл болгон гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэргийн бодит үйл баримттай нийцээгүй, хууль буруу тайлбарлан хэрэглэж, үндэслэлгүй дүгнэлт хийсэн гэж үзэхээр байна.

5. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон бодит үйл баримтаас үзвэл гомдол гаргагч ******* маргаж буй хөрөнгийн үнэлгээний талаар өмнө нь шүүхэд 2 удаа гомдол гаргаж анхан шатны шүүхээр шийдвэрлүүлсэн байх ба анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 879 дугаартай шийдвэрийг давж заалдах шатны шүүхээс гомдол гаргагчийн давж заалдсан гомдлоор хүлээн авч хянаад үл хөдлөх эд хөрөнгийг үнэлгээ хийх эрхгүй этгээдээр үнэлгээ хийлгэсэн, хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай талаас нь үнэлээгүй үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулж, үнэлгээг хүчингүй болгож, дахин үнэлгээ хийхийг хариуцагч байгууллагад даалгаж шийдвэрлэсэн бөгөөд 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 1006 дугаартай шийдвэрийг хяналтын шатны шүүхээс хөрөнгийн үнэлгээний тайлан хуульд заасан шаардлагад нийцсэн эсэх, энэ талаар дүгнэлт хийгээгүй гэсэн үндэслэлээр маргаж буй орон сууцыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Иймд маргаж буй хөрөнгийн үнэлгээний талаар өмнө нь 2 удаа шүүхээр шийдвэрлүүлсэн боловч, хөрөнгийн үнэлгээ нь давж заалдах болон хяналтын шатны шүүхээс хүчингүй болсон бөгөөд эцэслэн шийдвэрлээгүй байх тул хуулийн 63 дугаар зүйлийн 63.4-т заасан “...гомдол гаргаж шийдвэрлүүлсэн бол...” гэдэг үндэслэлд хамаарахааргүй байна.

6. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл хариуцагч байгууллага хөрөнгийн үнэлгээг төлбөр төлөгч *******т 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 01/393 дугаартай мэдэгдлээр танилцуулж, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл хөтөлсөн болох нь хэргийн 106 дугаар талд авагдсан баримтаар нотлогдох бөгөөд гомдол гаргагч ******* хөрөнгийн үнэлгээг тухайн өдөр танилцуулсан талаар шүүхэд гаргасан гомдолдоо дурдсан байна.

7. Гомдол гаргагч ******* 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр шүүхэд гомдол гаргасан нь Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн  55 дугаар зүйлийн 55.7-д “ Талууд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэж заасныг зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл гомдол гаргагч ******* шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн байх ба шүүх хэтэрсэн хугацааг хуульд заасан үндэслэлээр сэргээгээгүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

8. Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн  122 дугаар зүйлийн 122.4-т зааснаар  Энэ хуулийн 55.7-д заасны дагуу гаргасан гомдлыг хянан хэлэлцэх хүрээ нь тухайн гомдол гаргасан асуудлаар хязгаарлагдах бөгөөд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үндэслэл болох энэ хуулийн 6.2-т заасан шийдвэрийн агуулгад хамаарахгүй болохыг дурдаж байна.

9. Иймд дээрх үндэслэлээр гомдол гаргагчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны  04 дүгээр сарын 26-ны өдрийн 645 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж гомдол гаргагч *******ын гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар гомдол гаргагчаас давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

                          

       

 

 

                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Х.БАЙГАЛМАА

                                                      ШҮҮГЧИД                                    Г.ДАВААРЕНЧИН

                                                                                Л.АМАРСАНАА