Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 209/МА2022/00070

 

“Улаан зам” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

                                                                             Хэргийн индекс: 135/2022/00045/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Амарсанаа даргалж, шүүгч Г.Давааренчин, Х.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны  04 дүгээр сарын 04-ний өдрийн 526 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч “Улаан зам” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: “Капитал зууч ХХК-ийн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах” тухай,

Иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгч *******гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд:  Нэхэмжлэгчийн төлөөлөгч *******, түүний өмгөөлөгч Б.Цэдэндамбаа, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бурмаа нар шүүх хуралдаанд оролцоогүй.

ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

  1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага:

Дархан-Уул аймгийн Дархан сумын *******, 50 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууц /*******, УБГ-ний ******* дугаартай/-ны зориулалтай үл хөдлөх эд хөрөнгөнд үнэлгээ хийлгэж Капитал зууч ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн №2021/04 дугаартай Үнэлгээний тайлангаар дээрх үл хөдлөх эд хөрөнгийг маань нийтэд нь 90,000,000 төгрөгөөр үнэлсэн байна.

Тус орон сууц нь хуучнаар 50 м.кв боловч одоогийн хэмжилтээр 66 м.кв талбайтай. 2020 оноос зах зээлийн үнэ ханш өөрчлөгдөж өргөн хэрэглээний бүх бараа бүтээгдэхүүн төдийгүй байр, машины үнэ илт өссөн. Улмаар манай байрны 5 давхрын 4 өрөө байрны үнэ ханш нэмэгдсэнээс хойш зарахад 100,000,000 төгрөгөөр зарагдсан

Гэтэл манай 2 давхрын байрыг зах зээлийн үнээр бус 90,000,000 төгрөгөөр үнэлж байгааг эс зөвшөөрч байна. Иймд Капитал зууч ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн №2021/04 дугаартай Хөрөнгийн үнэлгээний тайлангаар 4 өрөө орон сууцыг нийт 90,000,000 төгрөгөөр үнэлснийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

  1. Хариуцагчийн  татгалзал, тайлбарын агуулга:

Эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай 50 м.кв талбайтай 4 өрөө орон сууц бүхий үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилж, 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн эд хөрөнгө хураах тухай 17070297/09 тогтоол үйлдэж хураасан.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар талуудад үл хөдлөх эд хөрөнгийн үнийн саналыг авахад харилцан тохиролцоогүй тул 2021 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 21/10 дугаартай шинжээч томилох тогтоолоор *******-ийг шинжээчээр томилсон ба төлбөр төлөгч ******* нь ковид-19 өвчний улмаас тусгаарлалтад орсон шалтгаанаар үнэлгээг хугацаанд нь хийгээгүй талаар *******-аас тайлбар өгсөн байдаг. Ашиг билгүүн ХХК-ийн шинжээчээр томилсон тогтоолыг 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор хүчингүйд тооцож, 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 21/13 дугаартай тогтоолоор Капитал зууч ХХК-ийг шинжээчээр томилсон.

Капитал зууч ХХК-ийн үнэлгээний тайлангаар үл хөдлөх эд хөрөнгийг 90,000,000 төгрөгөөр үнэлсэн ба 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 01/2539 дугаартай албан бичгээр талуудад үнэлгээг мэдэгдэж ажилласан. Улаан зам ХХК-ийн захирал ******* нь шүүхэд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргаж, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 584 дүгээр шүүгчийн захирамжаар түдгэлзүүлсэн байна гэжээ.

  1. Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т заасныг баримтлан хариуцагч *******д холбогдуулан Капитал зууч ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай гомдол гаргагч Улаан зам ХХК-ийн захирал *******гийн гаргасан гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн төлөөлөгч ******* давж заалдах гомдолдоо:

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдлыг гаргаж байна. ...  шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөрийг барагдуулахаар  Капитал зууч ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн №2021/04 дугаартай Үнэлгээний тайлангаар  үл хөдлөх эд хөрөнгүүдийг нийт 90,000,000 төгрөгөөр үнэлсэн байна.

Уг үнэлгээний тайланд 90,000,000 төгрөг гэж үнэлснийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна.

Тус орон сууц нь хуучнаар 50 м.кв боловч одоогийн хэмжилтээр 66 м.кв талбайтай. 2020 оноос зах зээлийн үнэ ханш өөрчлөгдөж өргөн хэрэглээний бүх бараа бүтээгдэхүүн төдийгүй байр, машины үнэ илт өссөн. Улмаар манай байрны 5 давхрын 4 өрөө байр үнэ ханш нэмэгдсэнээс хойш зарахад 100,000,000 төгрөгөөр зарагдсан. Гэтэл манай 2 давхрын байрыг зах зээлийн үнээр бус 90,000,000 төгрөгөөр хэт багаар үнэлсэн тул гомдолтой байна.

Иймд анхан шатын шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ :

1.Давж заалдах шатны шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан нэхэмжлэгч Улаан зам ХХК-н төлөөлөгч *******гийн шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг хангахаас татгалзсан үндэслэлийн талаар магадлалд  тодруулга бүхий  дүгнэлт хийх нь зүйтэй гэж үзэв.

1.а/ Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч  гаргасан нэхэмжлэгч Улаан зам ХХК-н төлөөлөгч *******гийн  гомдлын дагуу түүний нэхэмжлэлтэй Дархан-Уул аймаг дахь Шүүхийн Шийдвэр  гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангид холбогдох “хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай”  хэргийг тус аймгийн  Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нь 2022 оны 05 дугаар сарын 17-ний өдөр хүлээн авсан ба давж заалдах шатны журмаар хэргийг  2022 оны  06 дугаар сарын 13-ний өдөр 16:00 цагт  хянан хэлэлцүүлэхээр 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр баримт №8- аар нэхэмжлэгчийн төлөөлөгч *******, түүний өмгөөлөгч Б.Содболд/тэрээр анхан шатны шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцохоос татгалзсан байсан боловч шүүх мэдэгдсэн/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бурмаа нарт  мэдэгдсэн./хх- 111/

1.б/Дээрх  товлон зарласан өдөр, цагтаа  шүүх хуралдаан эхэлсэн ба   нэхэмжлэгчийн төлөөлөгч ******* өөрийн биеэр шүүх хуралдаанд хүрэлцэн ирсэн боловч тэрээр Үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу өмгөөлөгчтэй оролцох хүсэлтэй тул өмгөөлөгч авах эрхийг хангаж, шүүх хуралдааныг хойшлуулж өгөх   хүсэлтийг  гаргасан. 

Монгол Улсын Үндсэн хуулийн 2 дугаар бүлэг, 16 дугаар зүйлийн 14-д зааснаар  хууль зүйн туслалцаа авах нь Монгол улсын иргэнд хуулиар олгогдсон үндсэн эрх тул  давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн төлөөлөгч *******гийн хүсэлтийг хүлээн авч,   шүүх хуралдааныг хойшлуулж, шүүхийн тогтоол гаргасан./хх-115/

1.в/ Улаан зам ХХК-н нэхэмжлэлтэй иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа 2022 оны 06 дугаар сарын 16-ний өдөр дуусахаар байсан тул 06 дугаар сарын 15-ний өдөр шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.2-т заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг 30 хоногоор сунгасан. / хх-120/

Үүний дараа  нэхэмжлэгчийн төлөөлөгч *******-д 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр  баримт №8-аар  06 дугаар сарын 27-ны өдөр 11:00 цагт шүүх хуралдааныг хийхээр товлосон тухай мэдэгдсэн, тэрээр “за ойлголоо” гэсэн хариу өгснийг  тэмдэглэсэн байна. /хх-121 /

1.г /Шүүх хуралдаан товлосон өдөр, цагтаа эхэлсэн боловч нэхэмжлэгчийн төлөөлөгч ******* нь дахин хүсэлт ирүүлсэн  ба  тэрээр хүсэлтдээ өмгөөлөгч Б.Цэдэндамбыг сонгон авсан, түүнийг хэргийн материалтай танилцуулж, шүүх хуралдаанд оролцуулах, өөрөө биеийн эрүүл мэндийн шалтгааны улмаас оролцох боломжгүй болсон, холбогдох баримтыг хавсаргав гэсэн байх бөгөөд  үүнд “эмнэлэгт өвчтөн илгээх хуудас “ авагдсан  байх бөгөөд энэ нь эмчлэгч эмч гээд  хэн нь мэдэгдэхгүй гарын үсэгтэй, 2022 оны 06 дугаар сарын 17 гэсэн огноотой, бусад баримтууд нь хуулбар боловч гаргац муутай, эдгээр нь хуульд заасан шаардлага хангагдаагүй байдаг.

Мөн түүний сонгосон өмгөөлөгч   Б.Цэдэндамбаа  нь ... Улаан зам ХХК-тай 06 дугаар сарын 27-ны өдрийн өглөө буюу шүүх хуралдааны өмнө холбогдож өмгөөллийн үйлчилгээ үзүүлэхээр харилцан тохиролцсон, шүүх хуралдаанд оролцохын тулд хэргийн материалтай танилцах, шүүх хуралдаанд бэлтгэх боломжгүй нөхцөл байдал үүслээ. Иймд хэргийн материалтай танилцаж, мэтгэлцэх боломжийг хангах үүднээс  шүүх хуралдааныг боломжит хугацаагаар нэг удаа хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан./хх- 128/

Шүүх, нэхэмжлэгчийн төлөөлөгч ******* болон түүний сонгон авсан өмгөөлөгч Б.Цэдэндамбаа нарын хүсэлтийг хүлээн авч, шүүх хуралдааныг 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 09:30 цаг хүртэл хойшлуулж, шүүхийн тогтоол гаргасан, талуудад товыг 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр баримт №8-аар мэдэгдсэн./хх- 131, 133/

1. д/Мөн шүүх хуралдаан товлосон өдөр, цагтаа эхлэхэд нэхэмжлэгчийн төлөөлөгч ******* нь дахин шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан байх бөгөөд хүсэлтээ 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр  гаргаж, тус шүүхэд өөрийн биеэр бус, бусдаар хүргүүлснийг шүүгчийн туслах Т.Дэжидсүрэн нь тэмдэглэл үйлдэн хүлээн авсан байна./хх-137-147/

Тэрээр хүсэлтдээ ... биеийн эрүүл мэндийн шалтгааны улмаас оролцох боломжгүй байгаа тул шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулж өгнө үү, мөн өмгөөлөгч Б.Цэдэндамбаатай уулзаж гэрээгээ байгуулж амжаагүй байгаа бөгөөд дараагийн шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт биечлэн оролцох хүсэлтэй байгааг хүлээн авна уу гэжээ.

Хүсэлтэд  Ерөнхий эмч хэсэгт эмчийн нэр, гарын үсэггүй, эмчлэгч эмч хэсэгт хэн нь мэдэгдэхгүй гарын үсэг бүхий эмнэлгийн магадалгаа гэх баримт хавсаргасан байна.

Шүүх, хүсэлтийг хангахаас татгалзаж, шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

2. Дээр дурдсан үйл баримтаас дүгнэхэд:  2.а. давж заалдах шатны шүүх нь нэхэмжлэгч Улаан зам ХХК-н төлөөлөгч ******* болон түүний сонгосон өмгөөлөгч Б.Цэдэндамбаа нарын  гаргасан  шүүх хуралдааныг хойшлуулах удаа дараагийн хүсэлтүүдийг хүлээн авч, өмгөөлөгч авах болон хэргийн  материалтай танилцах, мэтгэлцэх боломжийг хангах үүднээс нэхэмжлэгч талд боломжит хугацааг 2 удаа  олгож, улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг хүртэл хуульд заасны дагуу нэг удаа сунгасан болно.

2.б. Зүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.1-д зааснаар давж заалдах шатны журмаар хэргийг 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэнэ”.  Тус аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нь хоёр шүүгчтэй тул шүүх бүрэлдэхүүн хүрэлцэхгүйн улмаас адил шатны өөр шүүхээс удаа, дараа бүрэлдэхүүн авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж байгаа.

Мөн хуулийн 166.2-т зааснаар  давж заалдах шатны шүүх нь давж заалдах гомдол гаргасан хэргийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан хянан шийдвэрлэнэ гэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг хуульд тодорхой заасан, энэ хугацааг шүүх баримтлахгүй байх эрхгүй, энэ хугацаанд  хэргийг хянан шийдвэрлэх учиртай. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.2-т зааснаар “энэ хуулийн 71.1-д заасан хугацааг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс нэг удаа 30 хүртэл хоногоор сунгаж болно” гэсэн  хуулийн зохицуулалтын дагуу хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг нэг удаа сунгасан.

Энэхүү  сунгагдсан хугацаа нь 2022 оны 07 дугаар сарын 16-ны өдөр дуусгавар болохоор  байгаа бөгөөд цааш  хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг сунгах боломжгүй, хуулийн зохицуулалт ч байхгүй.  Шүүх хуралдаан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн хэсгийн нэг болохын хувьд хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх хугацааны дотор  хийгдэх ёстой.

2.в.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох өмгөөлөгчийн төлөөлөх эрх нь эрх зүйн туслалцаа авч буй талын хүсэлтээр тодорхойлогдоно.

Мөн Өмгөөллийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д өмгөөлөгч нь үйлчлүүлэгчийг ..., хүсэлт, ... эсхүл ... –н үндсэн дээр төлөөлнө ” гэж тус тус зааснаас үзвэл өмгөөлөгч нь үйлчлүүлэгчтэйгээ заавал “гэрээ” байгуулах шаардлагагүй  байх тул  тэрээр 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс 07 дугаар сарын 04-ний өдөр хүртэл хугацаанд хэргийн материалтай танилцаж, шүүх хуралдаанд оролцон мэтгэлцэх боломжтой байсан, энэ боломжоор нь давж заалдах шатны шүүх хангасан боловч тэрээр 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр  товлосон шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй.

2.г. Өмгөөллийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.12-т хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа, шүүх хуралдаан товлосон цагт оролцох нь өмгөөлөгчийн хуулиар хүлээсэн үүрэг байна.

хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.11-д хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд  санаатайгаар саад учруулах нь  өмгөөлөгчид өмгөөллийн үйл ажиллагаа явуулахад хориглосон  зүйлүүдийн нэг болно.

2.д.Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 165 дугаар зүйлийн 165.1-д зааснаар хэргийн оролцогч давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцохыг бичгээр хүсвэл шүүх давж заалдах шатны шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг мэдэгдэх үүрэгтэй.  Энэхүү бичгээр хүсвэл гэдэг  нь гомдол гаргагч давж заалдах гомдолд энэ талаар тусгасан байхыг ойлгоно.

Гэтэл нэхэмжлэгч Улаан зам ХХК-н төлөөлөгч ******* нь давж заалдах гомдолдоо энэ талаар огт тусгаагүй боловч давж заалдах шатны шүүх хуралдаан хэзээ, хаана болох талаар түүнд мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн нь хэрэгт авагдсан баримт №8-аар тогтоогдоно./хх- 111/

2.е. Иймд нэхэмжлэгчийн төлөөлөгч ******* болон түүний өмгөөлөгч Б.Цэдэндамбаа нарыг шүүн таслах ажиллагаанд санаатай саад учруулсан гэж үзэх үндэслэлтэй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 165 дугаар зүйлийн 165.2 дахь хэсгийн  энэ хуулийн 165.1-д заасан этгээд давж заалдах шатны шүүх хуралдаанд   ирээгүй нь давж заалдах журмаар хэргийг хянан шийдвэрлэхэд саад болохгүй гэж заасны дагуу давж заалдах шатны шүүх хуралдааныг зохигч болон өмгөөлөгч нарын оролцоогүйгээр хийсэн  болно.  

3. Түүнчлэн хэргээс үзэхэд: нэхэмжлэгчийн төлөөлөгч *******гийн хүсэлтээр  нь анхан шатны шүүх хуралдааныг 4 удаа хойшлуулж байсан байх бөгөөд тэрээр 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр товлосон шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй ... тул гомдол гаргагчийг байлцуулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн талаар шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт тусгасан байгааг тэмдэглэж байна.

4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан нь зөрчлийн хэрэг болох бөгөөд Зөрчлийн тухай хуулийн 15.7 дугаар зүйлийн 1-д ... хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан бол хүнийг 300 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна гэж, 

Зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн  8-д иргэний ...  хэргийн шүүхээр хэрэг, маргаан хянан шийдвэрлэх явцад Зөрчлийн тухай хуулийн ... 15.7 дугаар зүйлд заасан зөрчил үйлдсэн хүн, ...-д тухайн шүүх шийтгэл оногдуулна гэж тус тус хуульчлан зохицуулсныг анхаарах нь зүйтэй.

5.Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгч *******гийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцэв.

6. Нэхэмжлэгчийн төлөөлөгч ******* нь хариуцагч Дархан-Уул аймгийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангид холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэл/гомдол/-н шаардлага  гаргасныг хариуцагч нь эс зөвшөөрч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх  ажиллагаа хуулийн дагуу явагдсан хэмээн  маргасан байна.

7. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн төлөөлөгч *******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч гаргасан *******гийн ...  Капитал зууч ХХК-ийн үнэлгээний тайлангаар үл хөдлөх эд хөрөнгийг маань нийтэд нь зах зээлийн үнээр бус 90,000,000 төгрөгөөр буюу хэт багаар үнэлснийг зөвшөөрөөгүй тул шүүхэд үнэлгээтэй холбоотой гомдол гаргасан ба анхан шатны шүүхийн шийдвэрлэсэн  526 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэсэн агуулга бүхий  гомдлыг  хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Хэргийг судлан үзвэл:

8. Дархан-Уул аймгийн Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 192 дугаар захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг 148,522,994.67 төгрөгийн хэмжээнд баталсан байх бөгөөд хариуцагч нь төлбөрийг барагдуулаагүйн улмаас нэхэмжлэгч Голомт банк Дархан-Уул аймаг дахь салбарын хүсэлтийн дагуу шүүгчийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ний өдөр 6536 дугаар  “шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай” захирамж гарч, 1007 тоот гүйцэтгэх хуудас бичигдсэн байна./хх-31-34/

9.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн 6.2.2-т заасан  “хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийг үндэслэн явуулна” гэж хуульчлан зохицуулсан.

 Мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д гүйцэтгэх баримт бичигт энэ хуулийн ...6.2.2, ...-т заасан шийдвэрийг үндэслэн олгосон гүйцэтгэх хуудас, ... хамаарна гэж заасан ба  анхан шатны шүүхийн  2016 оны 11 дүгээр сарын 17-ний өдрийн 6536 дугаартай шүүгчийн захирамжийг үндэслэн 1007 тоот гүйцэтгэх хуудас олгогдсон нь хууль зөрчөөгүй байна.

10.Хэрэгт 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 392 дугаар иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол/хх-30/ авагдсан байх ба энэ нь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар  дээр дурдсан  гүйцэтгэх баримт бичгийн дагуу иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэрэг нээж, тогтоол гаргажээ гэж үзэхээр байна.

   11.Төлбөр төлөгч Улаан зам ХХК-н төлөөлөгч ******* нь төлбөр төлөх үүргээ биелүүлээгүйгээс гүйцэтгэх баримтад үндэслэн хариуцагч байгууллага 2017 оны 02 дугаар  сарын 20-ны өдрөөс шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж, нэхэмжлэгчийн хамтын өмчлөлийн Дархан сум 8-р баг, 17-р хороолол, 11-Б байр,42 тоот, 50.0 м.кв талбайтай орон сууцны зориулалттай 4 өрөө орон сууцыг хуульд заасан журмын дагуу битүүмжилж, хурааж,  шинжээч томилж үнэлгээ тогтоолгосон /хх-36,37,41,42-46/.

   12. Хариуцагч байгууллага нь төлбөр төлөгчийн үл хөдлөх эд хөрөнгийг мэргэжлийн шинжээчээр үнэлгээ тогтоох шаардлагатай гэж үзэн  2021 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 21/10 тоот тогтоолоор “Ашид билгүүн “ХХК-г шинжээчээр томилсон байх боловч хөрөнгийн үнэлгээний тайланг  хуульд заасан хугацаанд гаргаж ирүүлээгүй гэж ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор хүчингүй болгож,  дахин 2021 оны 11 дүгээр сарын 15-ний өдрийн 21/13 дугаар тогтоолоор Капитал зууч ХХК-г шинжээчээр томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасныг зөрчөөгүй. /хх- 38,40,41/

           13.Дархан-Уул аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газар  нь Капитал зууч ХХК-иар үнэлгээ тогтоолгоход 90,000,000 төгрөгөөр үнэлэгдсэнийг мэдэгдэж, улмаар энэхүү нэрлэгдсэн үнээс багагүй үнээр өөрийн үл хөдлөх эд хөрөнгийг 1 сарын хугацаанд бие даан худалдан борлуулах эрхтэй, үнэлгээг мэдэгдсэнээс хойш ажлын 3 хоногт бие даан худалдан борлуулах саналаа бичгээр гаргаж болохыг нэхэмжлэгч буюу төлбөр төлөгч *******д Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасны дагуу 2021 оны 12 дугаар  сарын 14-ний өдөр мэдэгдсэн байна./хх-47/

   14.Нэхэмжлэгч Д.Алтантяа нь Шийдвэр гүйцэтгэгч байгууллагын мэдэгдэл хүргүүлснийг тэрээр хүлээн авч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасны дагуу  эд хөрөнгийн үнэлгээний талаар нэхэмжлэл/гомдол/-г  шүүхэд гаргасан байна.

  15. Энэхүү иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны төлбөр авагч нь Голомт Төрийн банкны Дархан-Уул аймгийн  салбар, төлбөр төлөгч нь Улаан зам ХХК буюу *******  нар  байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 7 дугаар бүлэгт төлбөр төлөгч-иргэнээс төлбөр гаргуулах журмыг тусгайлан зохицуулсан байна.

16.Хариуцагч *******  нь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасан гүйцэтгэх бичиг баримтыг үндэслэн  мөн хуулийн 86 дугаар зүйлд заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан гэж үзэх үндэслэлтэй байна.

17.Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т зааснаар шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөхгүй тохиолдолд тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш, энэ тухай мэдээгүй бол олж мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргах  учиртай.

  18.Иймээс анхан шатны шүүх гүйцэтгэх бичиг баримтын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдсэн, үнэлгээний талаар хуульд заасан хугацаанд шүүхэд гомдол гаргасан,  гомдлын дагуу хэргийг хянахад гомдол гаргагч Улаан Зам ХХК-г итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох ******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, түүнтэй холбоотой нотлох баримтыг ирүүлэх, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байх тул гомдлыг хангаж шийдвэрлэх үндэслэл тогтоогдоогүй, мөн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т заасан шаардлагыг хангасан  гэсэн агуулга бүхий дүгнэлт хийж,  төлбөр төлөгч буюу нэхэмжлэгчийн төлөөлөгч *******гийн гаргасан гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна. 

19.Хариуцагч байгууллага хөрөнгийн үнэлгээ хийлгэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан,  шинжээчийн гаргасан үнэлгээг үгүйсгэх баримт хэрэгт авагдаагүй, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул ...шийдвэрийг хүчингүй болгох тухай нэхэмжлэгчийн төлөөлөгч *******гийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, харин анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад хууль хэрэглээний  өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 04-ны өдрийн 526 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын  “ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т заасныг баримтлан ...” гэснийг

“Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг тус тус баримтлан ...” гэж өөрчилж, шийдвэрийн  бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгч *******гаас  давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  нь анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч нар шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                     Л.АМАРСАНАА

                                                               ШҮҮГЧИД                                     Д.БУЯНЖАРГАЛ   

                                                                                                                         Х.БАЙГАЛМАА