Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 209/МА2022/00073

 

“Капитрон банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

                                                                             Хэргийн индекс: 135/2022/00624/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Амарсанаа даргалж, шүүгч Д.Буянжаргал, Х.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны  05 дугаар сарын 04-ний өдрийн 710 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч “Капитрон банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******,

                   ******* нарт холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: “Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэг 135,000,593 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай,

Иргэний хэргийг хариуцагч *******ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд:  нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ган-Од цахимаар, Т.Тамирболд, хариуцагч ******* нар танхимаар, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

  1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага:

Иргэн *******, ******* болон ******* нар нь тус банктай 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр ******* тоот зээлийн гэрээ байгуулан 55,000,000 төгрөгийн зээлийн гэрээг хөрөнгө оруулалтын зориулалтаар, жилийн 24.0 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай авсан.

Хариуцагч нар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд №*******-1 тоот барьцааны гэрээгээр 1 өрөө орон сууц, №*******-2, №*******-3  эд  хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр 375 маркийн 2 тээврийн хэрэгслийг нэхэмжлэгчид гэрээгээр барьцаалсан.

Хариуцагч нарын хүсэлтийн дагуу 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 3006-2019/73 тоот №3006-2019/4 тоот зээлийн гэрээний өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээг байгуулж, зээлдэгч нарт 25,000,000 төгрөгийн зээлийг нэмж олгож, зээлийн нийт хэмжээг 80,000,000 төгрөг болгож, тус гэрээний хавсралтаар зээлийн нийт үлдэгдэл болох 72,200,000 төгрөгийн зээлийн эргэн төлөлтийн хуваарийг өөрчилж. Хариуцагч нар нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаанд №3006-2019/73 тоот эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр SDLG үйлдвэрийн LG953L маркийн авто ачигчийг нэхэмжлэгчид барьцаалсан болно.

Хариуцагч нар нь өнгөрсөн хугацаанд үндсэн зээлд 800,523.53 төгрөг, үндсэн хүүнд 5,438,083.74 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 1,001,278.27 төгрөг буюу нийт 7,239,885.54 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн.

Хариуцагч нараас зээлийн гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ биелүүлэхийг удаа дараа нэхэмжлэгчийн зүгээс шаардсан бөгөөд хариуцагч нар нь 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс хойш төлбөр төлөх үүргээ огт биелүүлээгүй.

Хариуцагч нартай байгуулсан 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр ******* тоот Зээлийн гэрээ-г хугацаанаас нь өмнө шүүхээр цуцлуулах.

Хариуцагч нараас 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр ******* тоот Зээлийн гэрээ-ний мөнгөн төлбөрийн үүрэгт Зээлийн өрийн үлдэгдэл 79,199,476 төгрөг, хуримтлагдсан үндсэн хүү 53,886,878 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,914,239 төгрөг, нийт 135,000,593 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Хариуцагч нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл 1 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү гэжээ.

  1. Хариуцагч *******ийн  татгалзал, тайлбарын агуулга:

...2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Дархан-Уул аймаг дахь Капитрон банкнаас миний бие үндсэн зээлдэгчээр өөрийн нэр дээрх ******* автомашин, ******* автомашин, хамтран зээлдэгчээр *******ын эзэмшлийн Улаанбаатар хот дахь 1 өрөө байр барьцаалж 55,0 сая төгрөг авсан юм.

2019 оны 03 дугаар сард хамтран зээлдэгч ******* дахин авто ачигч барьцаалж зээл авмаар байна гээд өөрийн эзэмшлийн авто ачигч барьцаалж 25,0 сая төгрөг авсан. нийт 80,0 сая төгрөгийн 55,0 сая төгрөгийг хамтран зээлдэгч *******, үлдсэн 25,0 сая төгрөгийг миний бие авч хэрэглэх тохиролцоонд хүрч зээлээ сар сард нь өөрсдийн авсан мөнгөөр хүүг тооцож бодож төлж байхаар тохирсон юм.

Үүнээс хойш цар тахал гарч зээлээ төлөхөд хүндрэл гарч зээлээ төлөлгүй өдий болтол явж байна. Хамтран зээлдэгч ******* 2019 оны 11 дүгээр сард өөрийн нэр дээрх үл хөдлөх байраа зарж борлуулах итгэмжлэл өгөөд өдий болтол сураггүй байна. Үүнээс хойш миний бие 2 жил орчим *******ыг хайж зээлээ төлье, *******ыг ольё гээд банктай хамт хайж байна.

...Зээлийн гэрээний дагуу төлөх төлбөрт маргах зүйл байхгүй. Миний авсан 25,000,000 төгрөгийн зээлийг, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцож төлөх хүсэлтэй байна. Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахад татгалзах зүйлгүй гэв.

  1. Хариуцагч *******ын  татгалзал, тайлбарын агуулга:

Миний нөхөр ******* тухайн зээлээс 15,000,00 төгрөгийг, харин ******* үлдсэн 40,000,000 төгрөгийг авсан. Нийт зээлийн үндсэн батлан даагчаар *******, би нөхрийнхөө авсан 15,000,000 төгрөгийн хувьд хоёрдугаар батлан даагч болсон.

        Харин нэмж авсан зээлийг миний бие мэдэхгүй байна. ******* ганцаараа авсан. Энэ зээлд би хамаагүй юм.

Нэхэмжлэгч Капитрон банк ХХК нь *******ыг нэхэмжлэлдээ дурдаагүй байна. Иймд *******ыг хамтран хариуцагчаар оруулж, шүүх хуралдаанд оролцуулж өгнө үү гэжээ.

  1. Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3, 227 дугаар зүйлийн 227.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар  зохигчдын хооронд байгуулсан ******* тоот зээлийн гэрээ, 3006-2019/73 тоот зээлийн гэрээ тус тус цуцалж, хариуцагч *******, ******* нараас зээлийн төлбөр 135,000,593 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Капитрон банкинд олгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нар нь төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцаа хөрөнгө болох  улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн, Нийслэлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Үйлдвэрийн төвийн бүс /16010/ Энх тайваны өргөн чөлөө гудамж 202 байр, 135 тоот хаягт байршилтай, 37,51 мкв талбайтай, 1 өрөө орон сууцыг албадан худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 973,353 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамж 973,353 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Капитрон банк ХХК-д олгож шийдвэрлэжээ.

5. Хариуцагч ******* давж заалдах гомдолдоо:

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдлыг гаргаж байна.

            5.1. Хамтран хариуцагчаар *******ыг оролцуулах хүсэлтийг хангахгүйгээр нэг гэр бүлийн хоёр хүнээс зээлийн төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэсэн.

            5.2. Хамтран зээлдэгч ******* 55,000,000 төгрөг авсан боловч ямар үндэслэлээр төлбөр төлөх үүргээс чөлөөлөгдөж байгаа нь тодорхойгүй, ******* нь Улаанбаатар хотод тодорхой хаягт байдаг эрэн сурвалжлахад олдох боломжтой, банк ямар ё ажиллагаа хийлгүйгээр 2 жилийн хүүгийн төлбөрт оруулсан. *******, ******* нар нь үндсэн зээл 25,000,000 төгрөг, зээлийн хүү 19,000,000 төгрөг, нийт 44,000,000 төгрөг төлөх ёстой бөгөөд одоогийн байдлаар 8,000,000 төгрөгийг зээлийн төлбөрт төлсөн үлдэх 36,000,000 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй.

            Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж хариуцагч нараас 36,000,000 төгрөг гаргуулж, үлдэх 91,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******ийн  гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлаалгүй Капитрон банк ХХК-ийн  нэхэмжлэлтэй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд гомдлыг хангах үндэслэлгүй, харин  анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.

2.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, талууд мэтгэлцэх эрхийг бүрэн хэрэгжүүлсэн, хэрэгт цугларсан нотлох баримтанд тулгуурлан зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримт болон маргааны зүйлийг зөв тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байх боловч хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй  байх тул шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.   

3. Харин хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудын зарим нь эх хувиар, зарим нь хуулбар боловч нотариатаар гэрчлүүлсэн байх тул хуульд заасан шаардлагыг хангасан, мөн   эдгээр нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн  байх тул  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3-д заасан “шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана” гэсэн хуулийн шаардлагад нийцсэн. 

4.Анхан шатны шүүх нь талуудын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1,40.2-т заасан “нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх” журмыг зөрчөөгүй,

Хэргийн үйл баримт болон нөхцөл байдлыг бүрэн тогтоож,  шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үндэслэн хариуцагч  *******, Д.Баяржаргал нарт   холбогдуулан  зээлийн гэрээний үүрэгт нийт 135,000,593 төгрөг гаргуулах болон үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах,  зээлийн гэрээг хугацааны өмнө цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг хангаж, шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, хуульд нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх  дүгнэлээ.

Хэргээс судлан үзвэл :

5. Хариуцагч *******, *******, ******* нар нь Капитрон банк ХХК-тай 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр зээлийн гэрээ байгуулж,  хөрөнгө оруулалтын зориулалтаар, жилийн 24 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай, 55,000,000 төгрөгийн зээлийг,

 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах “нэмэлт гэрээ”-ээр нэмж 25.000.000 төгрөгийн зээлийг,  нийт  80.000.000 төгрөг болж, зээлийн эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулж, зээлийн гэрээний хугацааг 2023 оны 01 дүгээр сард дуусахаар харилцан тохиролцсон болох нь талуудын шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан зээлийн гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хөдлөх эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/, зээл хүсэгчийн өргөдөл болон биеийн байцаалт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

6.Хариуцагч нар нь 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн, 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн зээлийн гэрээнүүдийн  үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар  07-74 ДАХ улсын дугаартай Урал-375 маркийн, 37-61 УНГ улсын дугаартай Урал-375 маркийн тээврийн хэрэгслүүд, ******* улсын дугаартай авто ачигч, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн Нийслэлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Үйлдвэрийн төвийн бүс, хаягт байршилтай,37.51 м/кв талбайтай, 1 өрөө орон сууц зэрэг хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө зэргийг барьцаалжээ.

7.Талууд зээлийн болон барьцааны гэрээг бичгээр байгуулж, гэрээний гол нөхцөл, шаардлагуудын талаар тохиролцож, гэрээний агуулгыг тодорхойлсон байх  бөгөөд талуудын хооронд  Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн, хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 153 дугаар зүйлийн 153.1, 153.2, 154 дүгээр зүйлийн 154.1, 154.3, 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсгүүдэд заасантай нийцсэн,  гэрээний  хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй болно.

8. Харин анхан шатны шүүх  талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь ...  Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 459 дүгээр зүйлийн 459.1-д заасантай нийцсэн гэж дүгнэхдээ Иргэний хуулийн 459 дүгээр зүйлийн 459.1-д заасан батлан даалтын гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна. 

 Өөрөөр хэлбэл талуудын хооронд зээлийн болон үүргийн гүйцэтгэлийг хангуулах  барьцааны гэрээ тус тус байгуулагдсан, зээлийн гэрээнд *******, ******* нар нь хамтран үүрэг гүйцэтгэгч буюу хамтран  зээлдэгчээр   оролцсон байна.

9.Хариуцагч ******* нь зээлийн гэрээний нөхцөлийг зөвшөөрч байгаа, гэрээг хугацаанаас өмнө цуцлах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг зөвшөөрч байгаа,  зээлийн гэрээний дагуу төлөх төлбөрт маргах зүйлгүй, тус 80.000.000 төгрөгийн зээлээс 25.000.000 төгрөгийг авч ашигласан тул 25.000.000 төгрөгийн зээлийг, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцож төлөхөд татгалзах зүйлгүй, ******* 55,000,000 төгрөгийн зээлийг авсан,  Банк *******ыг хэрэгт хамтран хариуцагчаар татаж оруулж ирээгүй, *******ыг оролцуулах  гэж, 

хариуцагч ******* нь сүүлд байгуулагдсан 2019 оны 03 дугаар сарын 04-ны өдрийн гэрээг мэдээгүй, миний гарын үсэг биш тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тус тус татгалзлын үндэслэлээ тодорхойлж  маргадаг.

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д нэхэмжлэгч гэж хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр өөрийн болон бусдын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргагч этгээдийг хэлнэ” гэж,

Хуулийн 26.3-д хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх, чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ гэж тус тус заасан.

Нэхэмжлэгчийн хувьд өөрийнх нь эрхийг зөрчсөн гэж үзэж буй этгээд иргэний хэрэгт хариуцагчаар ордог бөгөөд  нэхэмжлэлд дурдсан, нэхэмжлэгчийн заасан этгээдийг тухайн хэрэгт хариуцагчаар оролцуулдаг.

11. Нөгөө талаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ заасан, түүний сонгож авсан этгээдийг биш, хариуцагчаар татагдсан этгээдийн хүсэлтээр өөр хариуцагчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарчим, журмыг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл болно.

12. Нэхэмжлэгч Капитрон банк Дархан салбарын  нэхэмжлэлдээ хариуцагч гэж *******, ******* нарыг  зааж, тэдгээрт холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх ба анхан шатны шүүх Капитрон банк-ны нэхэмжлэлтэй *******, ******* нарт холбогдох нэхэмжлэлд  “Иргэний хэрэг үүсгэсэн”, *******, ******* нарт нэхэмжлэлийн хувийг гардуулж, тайлбар авсан зэрэг нь хууль  зөрчөөгүй  байна.

13.Түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ган-Од нь анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...  Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т заасныг үндэслэн хариуцагчаа тодорхойлсон гэжээ. /хх-87/

14.Иймээс нэхэмжлэгч  тал үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй бөгөөд хариуцагч *******, ******* нарт холбогдуулж үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг буруутгах үндэслэлгүй байна. 

15.Зээлийн гэрээний 7.1.5-д “Банк нь гэрээний 10.2-д заасан тохиолдлууд үүссэн гэж үзвэл зээлийг гэрээний хугацаанаас өмнө буцаан төлөхийг зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгчээс шаардах, гэрээг дангаар цуцлах,

16. гэрээний 7.1.6-д Банк нь гэрээний ......-д заасан тохиолдлууд үүсэж гэрээг дангаар цуцалсан тохиолдолд зээл, түүний үндсэн хүүг хугацаанаас өмнө төлөх болон хугацаа хэтэрсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүүг төлөхийг зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгчээс шаардах эрхтэй гэж тус тус зааснаас үзвэл  хугацааны өмнө гэрээг цуцлах талаар тусгасан байна.

Мөн хариуцагч ******* нь зээлийн гэрээг хугацааны өмнө цуцлах нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч, энэ талаар маргаагүй.

17.Хариуцагч нар нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн, үүрэг гүйцэтгүүлэгч буюу нэхэмжлэгч нь гэрээний үүрэг зөрчигдөж байгаа, зээлээ хугацаандаа төлөх талаар буюу гэрээний үүргийг шаардаж удаа дараа хугацаатай албан мэдэгдэл өгч байсан, хариуцагч нар гэрээний үүргийг биелүүлээгүй хугацаа хэтрүүлснээс тэднийг үүргийг ялимгүй зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байх тул анхан шатны шүүх гэрээг хугацаанаас өмнө цуцалж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт нийцсэн гэж үзлээ.

             Түүнчлэн хамтран зээлдэгч ******* үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангахад гомдолгүй тухайгаа нэхэмжлэгч талд бичгээр илэрхийлж байсан болох нь хэргийн 44-46 талд авагдсан баримтуудаар нотлогдож байх бөгөөд  нэхэмжлэгчээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардаж буй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь ******* болох нь хэрэгт авагдсан 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр олгогдсон Эд хөрөнгийн  улсын бүртгэлийн 000677824 дугаартай гэрчилгээгээр тогтоогдоно.

18.Анхан шатны шүүх барьцаа хөрөнгө болох Нийслэлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Үйлдвэрийн төвийн бүс, Энхтайваны өргөн чөлөө 202 дугаар байр 135 тоот хаягт байршилтай,37.51 м/кв талбайтай, 1 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар  Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1, 175.6-д заасныг хэрэглэн тайлбарласан нь хууль зөрчөөгүй гэж үзнэ.

19. Анхан шатны шүүх нь Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1-д заасан үүрэг гүйцэтгэхэд хүндэтгэн үзэх ямар үндэслэл, хуулийн 227 дугаар зүйлийн  227.1-д зааснаар нэхэмжлэгч талд ямар хохирол учирсан, хохирол нэхэмжилсэн талаар дүгнээгүй атлаа Шийдвэрийн тогтоох хэсэгт тухайн зүйл, хэсгийг баримтлан шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна.

20.Анхан шатны шүүх нь талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, зээлдэгч буюу хариуцагч нар нь гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, хариуцагчийн татгалзал үндэслэлгүй гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байна  гэж үзлээ. 

21.Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг хүлээх ба  үүнийг хариуцлагын шинжтэй үүсдэг үүрэг гэж үзнэ.

           22. Хэргийн үйл баримт, нөхцөл байдал болон дээр дурдсан үндэслэлүүд зэргээс хариуцагч *******ийн ... шийдвэрт өөрчлөлт оруулж, биднээс 36,0 сая төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэж, үлдэх 91,0 сая төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн агуулга бүхий гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

23.Түүнчлэн нэхэмжлэгч Капитрон банк ХХК-н нь хариуцагч *******, *******  нараас зээлийн гэрээний үүрэгт нийт 135,000,593 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагадаа хэн алинаас нь ямар хэмжээгээр гаргуулах талаар тодорхойлоогүй байх боловч Иргэний хуулийн 242 дугар зүйлийн 242.11-н “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байна” гэж заасны дагуу шүүх, нэр бүхий хариуцагч нараас 135,000,593   төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй  байна.

24.Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь зөв боловч хууль хэрэглээний алдаа гаргасныг зөвтгөж, хариуцагч *******ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

25.Хариуцагч *******ийн давж заалдах гомдлыг хангаагүй тул улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 619.950 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дархан-Уул аймаг Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 710 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтын “Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3, 227 дугаар зүйлийн 227.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар ...”  гэснийг

              “Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар ...” гэж өөрчлөн,  шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 619,950 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.            

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

                                            

             ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                         Л.АМАРСАНАА 

                                                              ШҮҮГЧИД                                   Д. БУЯНЖАРГАЛ

                                                                                                                     Х.БАЙГАЛМАА