Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 258

 

Д.Ад холбогдох

эрүүгийн хэргийн тухай   

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Бум-Аюуш, Г.Нямдалай, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 15 дугаар шийтгэх тогтоол, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 14 дүгээр магадлалтай, Д.Ад холбогдох 1916002620136 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Ж.Дорждэрэм, Д.Бум-Аюуш нарын гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1989 оны 3 дугаар сарын 6-ны өдөр төрсөн, эрэгтэй, 2011 оны 6 дугаар сарын 23-нд Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 256 цаг албадан ажил хийлгэх ял,

2015 оны 3 дугаар сарын 3-нд Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 350 цаг албадан ажил хийлгэх ял,

2018 оны 10 дугаар сарын 08-нд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгүүлсэн, Цоохор овогт Дгийн А нь Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Д.Аг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар шүүгдэгч Д.Аг 6 жил хорих ял шийтгэж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдсан хутгыг устгахаар шийдвэрлэсэн байна.

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.А, түүний өмгөөлөгч Ж.Дорждэрэм, Д.Бум-Аюуш нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Д.Агийн цагдан хоригдсон 57 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Д.А гаргасан гомдолдоо: “Миний биеийг Говь-Алтай аймаг дах цагдаагийн хэлтсээс “...2019 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Баянсан баг Сэрх 2-5 тоотод байх гэртээ хохирогч Г.Нг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл буюу хутгаар хутгалж, эрүүл мэндэд нь хэвлийн хөндийд нэвтэрч нарийн гэдсийг нэвтэлсэн шарх, хэвлийн хөндий дэх шингэн хуралдалт гэмтэл буюу хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт” холбогдуулан шалгаж, Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 2020/ШЦТ/15 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.1-р зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож 6 жилийн хорих ялаар шийтгэсэн.

Энэхүү шийтгэх тогтоолыг миний бие эс зөвшөөрч Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Гомдлыг маань давж заалдах шатны шүүхээс хянаж үзээд анхан шатны шийтгэх тогтоолыг үндэслэлтэй гэж үзээд 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 14 дугаартай магадлал гаргасан болно. Дээрх шийтгэх тогтоол, магадлал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.1-т заасны дагуу шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзээд дараах гомдлыг гаргаж байна.

Миний бие нь тухайн өдөр архи согтууруулах төрлийн ундаа хэрэглээгүй эрүүл байсан учир болсон бүхий л үйл явдлыг маш сайн санаж байснаа маш тодорхой мөрдөн шалгах ажиллагаа, шүүхийн хэлэлцүүлгийн явцад үнэн зөвөөр мэдүүлсээр ирсэн, миний мэдүүлэг нь гэрчийн мэдүүлгээр давхар нотлогдож байхад шүүх анхаарч үзэлгүй хорих ял өгсөн. Миний бие нь хохирогчийн анхны мэдүүлэгт дурдсанаар хохирогч Нг санаатай хутгалсан зүйл байхгүй, хохирогч нь “намайг ал, эсвэл би чамайг алъя” гээд байхаар нь согтуу хүн хутга авчихвал өөрийгөө хутгална, эсвэл намайг болон бусад хүнийг хутгалчих байх гэж айсны улмаас хутга булаацалдан ноцолдох явцад хутгалагдсан байх боломжтой байдлыг шүүхээс харгалзан үзэж тохирох зүйлчлэлээр зүйлчлээгүйд гомдолтой байна.

Миний бие нь энэхүү ноцолдооны явцад хүний эрүүл мэнд хохирсонд маш их гэмшиж, харамсаж байгаа бөгөөд хохирогчид хохирлын мөнгийг бүрэн төлж барагдуулсан. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар миний үйлдэл нь санаатайгаар хүний биед хүнд гэмтэл учруулаагүй гэдэг нь нотлогдож байхад анхан болон давж заалдах шатны шүүх нь нотлох баримтуудыг харгалзан хэргийг шийдвэрлээгүй байна. Мөн хэргийг шийдвэрлэхдээ миний хувийн байдал болох 4-7 насны 2 хүүхэдтэй, эхнэр 2020 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр Япон улс руу амьдралаа дээшлүүлж ажил хийхээр явснаас 2 хүүхдийг маань харах хүнгүй үлдсэн зэрэг аргагүй нөхцөл байдлуудыг харгалзан үзээгүй болно.

Иймээс миний холбогдсон хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгөхийг хүсэхээс гадна миний хувийн байдал болон болгоомжгүй үйлдлээс болж хүний эрүүл мэндэд хохирол учруулсан, хохирол учруулсандаа гэмшиж байгаа, хохирол төлбөрийг төлсөн, эцэг эхгүй үлдэж байгаа 2 үрийн маань байдлыг харгалзан үзэж, шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгох, эсхүл өөрчлөлт оруулж өгөхийг хүсье” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм гаргасан гомдолдоо: “...Анхан болон давж заалдах шатны шүүх нь Д.Аг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг тусгайлан бэлтгэсэн зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж, эрх чөлөөг нь хязгаарласан.

1.Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн тухайд: Анхан болон давж заалдах шатны шүүх нь хавтас хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу авагдсан эсэх дээр хуулийг буруу тайлбарлаж, дүгнэлт гаргасан. Миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, бусдад хүнд гэмтэл учруулсан гэж дүгнэхдээ тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл гэдгийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсгийн тайлбарт дурдсан “хүний биед хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан хүйтэн зэвсгийг ойлгоно” гэсэн хуулийн агуулгыг буруу тайлбарлаж, ахуйн хэрэглээний хутга нь тусгайлан бэлтгэсэн зэвсэгт орно гэж дүгнэсэн. Мөн хохирогч Н нь Д.Агийн гэрт ирж агсам согтуу тавьж, мах эвдээд сууж байсан хутгыг нь өгөөдөх, би чамайг алъя эсвэл, чи намайг алаадах гэж булаацалдаж, Агийн араас гарч хутгыг нь авахыг оролдож ноцолдсон. Д.А нь гадаа хутгаа өгөхгүй гэсээр барьсан чигтээ гэрт орж ирдэг. Гэрч Мөнх-Эрдэнэ орж ирээд хутгаа хардаа гэж хэлэхэд хутганы үзүүр цус болсон байсан. Д.А нь Нг хутгалагдсаныг мэдээгүй, Мөнх-Эрдэнийг орж ирж хэлэхэд мэдсэн гэдэг. Үүнээс харахад Д.А нь Нд болгоомжгүйгээр гэмтэл учруулсан байх үйл баримт хавтаст хэрэгт авагдсан хэрэг гарах үед цуг байсан гэрч нарын мэдүүлгээр тогтоогддог. Миний үйлчлүүлэгчийг гэм буруутайд тооцсон зүйлчлэлийн хувьд гэм буруугийн санаатай хэлбэр тогтоогдохгүй байхад хэргийг буруу зүйлчилж, Эрүүгийн хууль зөрчсөн.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тухайд: Анхан болон давж заалдах шатны шүүх нь хохирогчийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн 2 удаагийн мэдүүлгийг яллах талын гэм буруутайд тооцсон нотлох баримт болгосон. Хохирогч Б.Нгээс тус мэдүүлгүүдийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсгийг сануулж, мэдүүлэг авсан байдаг. Хохирогч Б.Н нь шүүгдэгч Д.Атэй садан төрлийн харилцаатай, Д.Аий эхнэр болох Доржнамжилын төрсөн дүү буюу хадам ах хүр дүүгийн хамааралтай. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дэх хэсэгт зааснаар гэр бүлийн гишүүн гэж Гэр бүлийн тухай хуулийн 3.1.4-т заасныг ойлгоно, мөн садангийн хүн гэж Гэр бүлийн тухай хуулийн 3.1.6-д заасныг ойлгохоор хуульчилсан. Гэтэл Гэр бүлийн тухай хуулийн 3.1.4 дэх хэсэгт “гэр бүлийн гишүүн гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл садангийн хүнийг” ойлгохоор заасан. Мөн Гэр бүлийн тухай хуулийн 3.1.6 дахь хэсэгт “Садангийн хүн гэж гэрлэгчдийн төрсөн ах, эгч дүү авга нагац тэдгээрийн хүүхдүүдийг ойлгоно.” гэсний дагуу хохирогч Б.Н нь Д.Атэй садан буюу гэр бүлийн гишүүн болох нь тогтоогддог. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлд заасан мэдүүлэг авах, 25.1.1 дэх хэсэгт зааснаар гэрч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, шинжээч, сэжигтэн яллагдагчаас мэдүүлэг авахад энэ бүлэгт заасан нийтлэг журам үйлчилнэ. Мөн хуулийн 25.1.6 дахь хэсэгт Мөрдөгч мэдүүлэг өгөх гэж байгаа хүнд өөрийн болон гэр бүлийн гишүүд эцэг эх, үр хүүхдийн эсрэг мэдүүлэг өгөхгүй эрхтэйг тайлбарлаж, Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.14 дэх хэсгийг сануулах ёстой. Гэтэл анхан шат болон давж заалдах шатны шүүх гэр бүлийн гишүүн биш гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж авсан хохирогчийн мэдүүлгийг нотлох баримт болгосон. Мөн давж заалдах шатны шүүх хуралдаан дээр хохирогчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.14-т заасныг сануулахгүйгээр эрхийг нь зөрчсөн.

Мөн анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүх хуульд заасан ноцтой зөрчил байхгүй, хуулийн дагуу бэхжигдсэн шинжээчийн дүгнэлтийг үндэслэн гэм буруутайд тооцсон гэж дүгнэсэн. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан байгаа шинжээчийн дүгнэлтийг гаргахдаа шинжээч томилсон тогтоолоо дүгнэлт гаргасны дараа танилцуулсан байдаг. хх-59 дүгээр хуудсанд авагдсан Шинжээч томилсон тогтоолыг 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдөр үйлдэж, хх-61-т шинжээчийн дүгнэлт 2019.8.14-нд гарсан байхад шинжээч томилсон тогтоолыг 2019.10.15-нд танилцуулсан, мөн хх-64, хх-66, хх-69, хх-71 авагдсан шинжээчийн дүгнэлт гаргах шинжээч томилсон тогтоолууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 27.1.4 дэх хэсэг буюу яллагдагч, шүүгдэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид шинжээч томилох тогтоолыг танилцуулна гэснийг, мөн хуулийн 27.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шинжилгээ хийлгэх үед оролцогчийн хуулиар олгогдсон оролцох эрхийг ноцтой зөрчиж, хязгаарлаж шинжээчийн дүгнэлтийг гаргасны дараа танилцуулсан.

Хохирогч анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ “би болсон явдлыг санахгүй байгаа, би их согтуу байсан, миний буруутай үйлдэл байсан, би хутгаа өгөөдөх гэж маргалдаж байсан, намайг хутгалъя гээгүй надаас хутгаа авч зугтсан” гэсэн мэдүүлгийг өгдөг, энэ нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтэй зөрдөг. Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогчийн мэдүүлэг хэргийн бодит байдалд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаараагүй, онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь шийдвэртээ үнэлэхдээ шүүх дээр өгсөн хохирогчийн мэдүүлгийг үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй. Мөн анхан шат, давж заалдах шатны шүүх нь хавтаст хэрэгт өгсөн гэрч нарын мэдүүлгээр хангалттай тогтоогдож байна гэж дүгнэхдээ зөрүүтэй өгсөн мэдүүлгүүдийг үнэлж шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадахгүй бол энэ нь дангаар нотлох баримт болж чадахгүй гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, мөн хавтаст хэрэгт мэдүүлэг өгсөн гэрч нар удаа дараа мэдүүлэг өгсөн байдаг ба тус мэдүүлгүүд хоорондоо зөрүүтэй байхад зөвхөн нэг мэдүүлгийг үндэслэн яллах талын нотлох баримт болгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.3 дахь хэсгийг зөрчсөн.

Анхан буюу давж заалдах шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн нотолбол зохих байдал нотлогдоогүй байхад дүгнэлт хийж гэм буруутайд тооцсон. Анхан болон давж заалдах шатны шүүх тухайн хэргийг гэр дотор болсон гэж гэрч нарын өгсөн мэдүүлгээс зөрүүтэйгээр дүгнэлт хийдэг. Хэрэг гарах үед байсан гэрч Д, М нар нь хэрэг гадаа хашаанд болсон талаар мэдүүлдэг. Мөн хохирогч Б.Н болон гэрч Доржнамжил, Мийн мэдүүлгүүдээр Д.А нь хутгаа өгөхгүй гэж зугтаж байсан, Б.Нг хутгалах санаа зориг байгаагүй гэж мэдүүлдэг. Үүнээс харахад Д.А Б.Нд санаатайгаар гэмтэл учруулах гэсэн санаа байгаагүй, гэм буруугийн сэдэлт зорилго, гэм буруугийн хэлбэрийг тогтоогоогүй. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Бум-Аюуш гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Шийтгэх тогтоол, магадлалыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.1-д заасан шүүх “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн”, 1.2-т заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон” үндэслэлээр дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

1.Шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэл:

1.1.Шийтгэх тогтоол, магадлалд хохирогч Г.Нгээс хохирогчийн мэдүүлэг авахдаа Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан “...өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх...” эрхийг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Хохирогч Г.Н, шүүгдэгч Д.А нар хадам ах, хүр дүүгийн хамааралтай боловч Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан “Гэр бүлийн гишүүн” гэх тодорхойлолтод хамаарахгүй гэж дүгнэжээ.

Гэтэл Д.А нь хохирогч Г.Нгийн төрсөн эгчийнх нь нөхөр бөгөөд төрөл садангийн холбоотой нь нотлогдож байхад ямар ч хууль тогтоомжид байхгүй үг хэллэг буюу хүр дүү гэсэн нэр томьёо хэрэглэж гэр бүлийн гишүүн биш гэж үзээд Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дугаар зүйлнйн 6 дэх хэсэгт заасныг зөрчиж авсан мэдүүлгийг /хохирогчийн мэдүүлэг зөрүүтэй байхад хууль зөрчиж, хууль зүйн хувьд хүчин төгөлдөр биш мэдүүлгийг/ шүүхийн шийдвэр, магадлалын үндэслэл болгон шийдвэрлэсэн.

1.2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэг нь зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн гэх зүйлчлэл байх бөгөөд хутга бол зэвсэгт орохоос эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоол, яллах дүгнэлтэд дурдсанчлан тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл буюу хутга гэдэг утгыг илэрхийлэхгүй юм. Мөн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоол, яллах дүгнэлтэд заасан дээрх алдааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.4-т заасан нөхцөл байдал илэрсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1, 1.3-т тус тус заасны дагуу хэргийг прокурорт буцааж залруулах байтал хэргийг шүүхэд шилжүүлэн гэм буруугийн хурлаар хэлэлцсэн, шийтгэх тогтоолд эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоол, яллах дүгнэлтэд бичигдсэн үг, үсэг, утгын алдааг яаж залруулснаа дурдалгүйгээр шууд залруулга хийн дүгнэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.1-т заасныг буруу хэрэглэсэн.

1.3.Миний үйлчлүүлэгчийг Говь-Алтай аймгийн прокурорын газрын 2019 оны 10 дугаар сарын 8-ны өдөр яллагдагчаар татсан тогтоол нь 1 дүгээр хавтаст хэргийн 108 дугаар талд авагдсан байх бөгөөд тогтоолын он, сар, өдөр, дугаар бичигдээгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.17 дугаар зүйлийн 1, 2-т заасан прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгэгдээгүй тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1-т “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина, 2-т “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж байгаа этгээд энэ зүйлийн 1 дэх хэсгийг зөрчвөл түүний гаргасан шийдвэрийг энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу хүчингүйд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу хүчингүй байхад хүчингүй тогтоолыг үндэслэж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, шүүхээс ял оногдуулж шийдвэр гаргасан.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон байх үндэслэлд:

2.1.Шийтгэх тогтоол, магадлал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зуйлийн 4, 5-т заасныг зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн. Учир нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болох хохирогч Г.Н, гэрч М, шүүгдэгч Д.А нарын мэдүүлэг, шүүгдэгч Д.А, Г.М нарыг болон хохирогч Г.Н, гэрч Г.М нарыг нүүрэлдүүлж авсан мэдүүлэг, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1-т заасан гэмт хэрэг гэрт эсхүл үүдний амбаарт эсхүл гэрийн гадаа буюу гэмт хэргийг хаана үйлдсэн нь эргэлзээтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.3-т заасан гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр буюу хохирогч холбогдогч нар нь ноцолдох явцад үүссэн эсэх, эсхүл шууд хохирогчийн хууль ёсны байх шаардлага хангаагүй мэдүүлэгт дурдсанаар шууд зогсож байхад нь хутгалсан үйлдэл нь санаатай, болгоомжгүй болохыг тогтоогоогүй эргэлзээтэй нөхцөл байдлыг үнэлэлгүйгээр гэм буруутай болох нь эргэлзээгүйгээр нотлогдсон бол шийтгэх тогтоол гаргах хуулийн шаардлагыг хангаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3-т заасны дагуу шийтгэх тогтоол, магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг прокурорт бүцааж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Нямдалай хэлсэн саналдаа: “Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээж хохирлыг төлсөн. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан хорих байгууллагын дэглэмийг өөрчилж өгнө үү. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. Хэргийн газрын үзлэг бүрэн хийгдээгүй, хэргийг унших тусам гэрчүүдийн мэдүүлэг өөрчлөгддөг зэргээс өөр гэмт хэрэг нуугдаж үлдэх эргэлзээ төрж байна. Мөн шүүгдэгч, гэрч Г.М нарыг нүүрэлдүүлэн байцаасан байцаалтад гарын үсэг зурагдаагүй байдаг. 2019 оны 8 дугаар сарын 11-ний өдөр хэргийн газрын үзлэг бүрэн хийгдээгүй гэж үзэхээр байна. Шүүх бүрэлдэхүүн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал буюу шүүгдэгч хутгаа барьж зугтаасан байдлыг анхаарч үзэхийг хүсье” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор Ц.Бурмаа хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Хохирогч Г.Нгийн биед хэвлийн хөндийд нэвтэрч нарийн гэдсийг нэвтэрсэн шарх, хэвлийн хөндий дэх шингэн хуралт бүхий хүнд хохирол шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.

Хохирогчийн “Д.Ад хандаж чи урьд миний эгчийг зөндөө цохиж зодсон байсан. Одоо амьдарвал амьдар, эсвэл сал гэсэн чинь чи миний амьдралыг заах юм уу гээд намайг хутгалсан” гэх мэдүүлэг, мөн гэрч Г.Мийн “Нэг харсан чинь Д.А гэртээ мах эвдэж байсан хутгаа гартаа барьсан байхаар нь би гар луу нь цохиж хутгыг унагасан. Тэгээд Г.Нг цааш түлхчихээд эргээд хартал нөгөө хутгаа барьчихсан байсан бөгөөд нэг мэдэхэд Д.А, Г.Нг хутгалсан байсан. Хутгалсныг нь мэдээд цагдаад дуудлага өгсөн” гэх мэдүүлэг байдаг.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн зүйлчлэл, мэдүүлэг авахдаа хууль сануулсан эсэх талаар тодорхой дүгнэлтийг хийсэн байна. Мөн яллагдагчаар татсан тогтоолд дугаар тавиагүй нь оролцогчийн эрхийг хязгаарласан зөрчилд хамаарахгүй. Шүүх Д.Ад холбогдох хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Ж.Дорждэрэм, Д.Бум-Аюуш нарын гаргасан гомдлыг үндэслэн Д.Ад холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Д.А нь 2019 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Баянсан баг, Сэрх 2-5 тоотод байх гэртээ хохирогч Г.Нг хутгалж, эрүүл мэндэд нь хэвлийн хөндийд нэвтэрч нарийн гэдсийг нэвтэлсэн шарх бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан байна.

 Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан болон давж заалдах шатны шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Д.Аг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар шүүгдэгч Д.Ад 6 жил хорих ял оногдуулж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Ж.Дорждэрэм, Д.Бум-Аюуш нарын гаргасан гомдлын дагуу хэргийн нотлогдсон байдлыг судалж үзэхэд шүүгдэгч Д.А нь хохирогч Г.Нтэй хутга булаацалдан ноцолдох явцдаа болгоомжгүйгээр хүнд гэмтэл учруулсан гэж үзэх, түүнчлэн анхан шатны шүүхийн тогтоосон хэргийн үйл баримт, түүний үндэслэл болсон нотлох баримтуудыг үндэслэлтэйгээр няцаан үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Мөн шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар нь давж заалдах шатны шүүхэд хяналтын гомдолд дурдсан ижил утга агуулга бүхий гомдол гаргасан байх бөгөөд давж заалдах шатны шүүхээс гомдолд үндэслэл бүхий няцаалт хийжээ.

Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож хэргийг дахин шалгуулахаар прокурорт буцаах, мөн шүүгдэгчид оногдуулсан ялыг хөнгөрүүлж шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулах талаар шүүгдэгч Д.А, түүний өмгөөлөгч Ж.Дорждэрэм, Д.Бум-Аюуш нарын хяналтын журмаар гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь

1.Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 15 дугаар шийтгэх тогтоол, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 14 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Д.А, түүний өмгөөлөгч Ж.Дорждэрэм, Д.Бум-Аюуш нарын гаргасан хяналтын гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

                                              ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                              ШҮҮГЧ                                                         Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                                   С.БАТДЭЛГЭР

                                                                                                                   Б.БАТЦЭРЭН

                                                                                                                   Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН