Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 15

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Сарантуяа даргалж, шүүгч Ч.Мөнхтуяа, Г.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэйгээр

Иргэдийн төлөөлөгч Д.Төгсбаяр

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баасансүрэн

Прокурор А.Оргилбаяр

Хохирогч Г.Н, түүний өмгөөлөгч М.Энхзаяа

  Шүүгдэгч Д.А, түүний өмгөөлөгч Ж.Дорждэрэм

Гэрч Э.М /онлайнаар/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Говь-Алтай аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.Ад холбогдох 1916002620136 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, халх, ...-ны өдөр төрсөн, … настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ... багт оршин суух хаягтай, төрөөс авсан гавъяа шагналгүй, урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 308 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 256 цаг албадан ажил хийлгэх ялаар, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 253 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 350 цаг албадан ажил хийлгэх ялаар, Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 87 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэгдэж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, ... регистрийн дугаартай, Цоохор овогтой Доржсүрэнгийн А гэв.

   Шүүгдэгч Д.А нь “... 2019 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Баянсан баг Сэрх 2-5 тоотод байх гэртээ хохирогч Г.Нг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл буюу хутгаар хутгалж, эрүүл мэндэд нь хэвлийн хөндийд нэвтэрч нарийн гэдсийг нэвтэлсэн шарх, хэвлий хөндий дэх шингэн хуралдалт гэмтэл буюу хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

         1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

         Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч Д.А нь 2019 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Баянсан баг Сэрх 2-5 тоот хашаанд байх гэртээ хохирогч Г.Нг  зэвсгийн чанартай зүйл буюу хутгаар хутгалж, эрүүл мэндэд нь хэвлийн хөндийд нэвтэрч нарийн гэдсийг нэвтэлсэн шарх, хэвлий хөндий дахь шингэн хуралдалт, духанд зулгаралт гэмтэл буюу хүнд хохирол санаатай учруулсан үйлдэл нь хүний халдашгүй байх эрхэд халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.

        Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч Д.А гэм буруутай болох нь:

           Хохирогч Г.Нгийн мөрдөн байцаалтад тогтвортой мэдүүлсэн: “...Ад хандаж чи урьд миний эгчийг зөндөө зодож цохиж байсан. Одоо амьдарвал зүгээр амьдар, эсвэл сал гэсэн чинь А  чи миний амьдралыг заах юм уу? пизда минь гэхээр нь миний уур хүрээд цээжин хэсэг рүү нь цохисон чинь Амараа уурлаад би чамайг хутгалаад алчихья гээд гартаа хутгатай босоод ирсэн. М ах бид 2-н дундуур орж салгахаар нь би Амарааг чи миний эгчийг ингэж зовоож байхаар намайг чаддаг юм бол алчих гэсэн чинь А гэрийн зүүн талд гартаа барьж байсан хар иштэй хутгаараа шууд миний зүүн доод хэвлийн хэсэг рүү дүрсэн чинь Д миний дүүг алчихлаа гэж орилоод 2 хүүхдээ авч гэрээс гарч зугтаасан” гэсэн мэдүүлэг /1хх23/, “...би хутгалуулаад газар унасан. Тэгсэн хажууд ямарч хүнгүй би ганцаараа үлдсэн байсан. Би босоод тэдний хоолны шкаф, хаалганы дотор талд гараараа дарж түшээд гарсан. Тэр үед миний гарын цусны мөр гарсан байсан...” гэсэн мэдүүлэг /1хх26/,

     Гэрч Г.Дын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...тухайн өдөр би эхлээд 2 хүүхдээ аваад гэрээс гарсан бөгөөд намайг гарсаны дараа гэрт бөөн юм болж байгаад миний араас хэсэг хугацааны дараа М гарч ирээд Амараа Нг хутгалчихлаа. Д цагдаагийн дугаар хэд вэ гэж асуусан. Амараа, Н хоёр зууралдаж гэрээс гарч ирээгүй. Би гадаа байсан болохоор сайн мэдэж байна...” гэсэн мэдүүлэг /1хх28-рт/ ,

Гэрч Г.Дын мөрдөн байцаалтын шатанд дахин мэдүүлсэн: “...М, А хоёр эмч дуудах гээд машинтай явсан. Би хашааны хаалганы орчим очиж байтал Н манай гэрээс гарч ирж байгаа бололтой ёоёо үхлээ ш дээ гээд миний хажууд ирээд газарт унаад өнхөрөөд хэвлийн зүүн доод хэсгээ гараараа дарсан байдалтай байсан...” гэсэн мэдүүлэг /1хх31-рт/,

Гэрч Э.-н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Нэг харсан чинь А гэртээ мах эвдэж байсан хутгаа гартаа барьсан байхаар нь би гар руу нь цохиж хутгыг нь унагаасан. Тэгсэн Н Аг цохиж байгаа харагдсан. Тэгэхээр нь би Нг цааш нь түлхчихээд эргээд харсан чинь А нөгөө хутгаа гартаа барьчихсан байсан. ...Тэгээд дахиад ноцолдоод нэг мэдэхэд А Нг хутгалсан байсан... Тэгээд би Аг хутгалчихлаа гэдгийг мэдээд дуудлага өгсөн... ” гэсэн мэдүүлэг /1хх33-34рт/ болон хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, түүнд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх3-13-рт/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, түүнд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх16-17-рт/,  эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, шинжээчийн дүгнэлт /1хх61/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу  хийгдсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.

         Энэ хэрэгт шүүгдэгч Д.Агийн  өмгөөлөгч Ж.Дорждэрэмийн хүсэлтээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан зарлаж анхан шатны шүүх хуралдаанд гэрч Э.М, Г.Д, хохирогч Г.Н нарыг оролцуулахаар  шийдвэрлэснээс гэрч Э.М  шүүх хуралд онлайнаар оролцсон болно.          

Шүүхээс шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд шүүгдэгч Д.Аг Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутай болохыг тогтоох  үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Хохирогч Г.Н хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгч Д.А нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Нг би хутгалаагүй. Г.Н өөрөө өөрийгөө хутгалсан учраас эмчилгээтэй холбоотой зардлыг би төлөхгүй гэсэн мэдүүлэг өгч байх тул  шүүгдэгч Д.Аг хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн гэж үзэх үндэслэлгүй байна гэж үзлээ.

Шүүх шүүгдэгч Д.Агийн өмгөөлөгч Ж.Дорждэрэмийн “...Нотолбол зохих байдлууд нотлогдоогүй. Иймд тухайн хэргийн шүүхэд шилжүүлсэн материалын хүрээнд шийдэх бүрэн боломжтой учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Д.А хутгалсан гэдэг нь хохирогчийн мэдүүлгээр ч үгүйсгэгдэж байна. Яллагдагчаар татсан яллах дүгнэлтэд дурдагдсан тухайн яллах нотлох баримт болж байгаа мэдүүлгүүдээр ч үгүйсгэгдэж байна. Хэрэгт цугларсан нотлох баримтаар хангалттай үгүйсгэгдэж байгаа учир шүүгдэгчид ашигтай байдлаар шийдэж өгнө үү?...” гэсэн хүсэлтийг шүүх хангах үндэслэлгүй гэж дүгнэлээ.

Учир нь  Г.Н мөрдөн байцаалтад  “...Ад хандаж чи урьд миний эгчийг зөндөө зодож цохиж байсан. Одоо амьдарвал зүгээр амьдар, эсвэл сал гэсэн чинь А  чи миний амьдралыг заах юм уу? пизда минь гэхэд миний уур хүрээд цээжин хэсэг рүү нь цохисон чинь Амараа уурлаад би чамайг хутгалаад алчихья гээд гартаа хутгатай босоод ирсэн. М ах бид 2-н дундуур орж салгахаар нь би Амарааг чи миний эгчийг ингэж зовоож байхаар намайг чаддаг юм бол алчих гэсэн чинь А гэрийн зүүн талд гартаа барьж байсан хар иштэй хутгаараа шууд миний зүүн доод хэвлийн хэсэг рүү дүрсэн чинь Д миний дүүг алчихлаа гэж орилоод 2 хүүхдээ авч гэрээс гарч зугтаасан” гэсэн мэдүүлэг /1хх23/, “...би хутгалуулаад газар унасан. Тэгсэн хажууд ямарч хүнгүй би ганцаараа үлдсэн байсан. Би босоод тэдний хоолны шкаф, хаалганы дотор талд гараараа дарж түшээд гарсан. Тэр үед миний гарын цусны мөр гарсан байсан...” /1хх26/ гэж тус тус тогтвортой  мэдүүлж байсан байна.

Хохирогч Г.Н шүүхийн хэлэлцүүлэгт “...Д.Ад өмнө нь жаахан юм бодсон байсан учраас согтуу орж маргалдсан. Орны хажууд очиж бид 2 хутгаа булаацалдсан. Хутгаа өгөхгүй бол ална гэж хэлсэн нь үнэн. Би тэр үед уусан байсан. Уур ч хүрсэн байсан. Хутгыг нь авбал энэ хүнийг алъя гэсэн бодол байсан. Тэр үед энэ хүн хутгаа хаясан бол би энэ хүнийг алсан байж магадгүй. Булаацалдсан явцыг санаж байна. Уусан байсан учраас хаана хутгалуулсныг санахгүй байна. Яагаад ийм мэдүүлэг өгсөн гэхээр эмнэлэгт биеийн байдал муу байхад сумын хэсгийн төлөөлөгч ирээд А, М 2 хэргээ хүлээсэн, чи мэдүүлгээ өгөхгүй бол болохгүй байна гэхээр нь эмчийн өрөөнд  мэдүүлэг өгсөн. Тэгэхэд А хэргээ хүлээсэн. Чи буруу мэдүүлбэл хуулийн хариуцлага хүлээнэ гэсэн. Би өмнө нь хэрэгт холбогдож байгаагүй учраас энэ хүн хэргээ хүлээсэн хутгалсан гэдгээ хүлээсэн байхад би хутгалаагүй гэж хэлж болохгүй юм байна гэж бодож энэ хүнийг хутгалсан гэсэн мэдүүлэг өгсөн” гэж зөрүүтэй байдлаар мэдүүлэг өгсөн болно.

Мөн гэрч Э.М шүүхийн хэлэлцүүлэгт зөрүүтэй байдлаар мэдүүлэг өгсөн болох нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар шүүх хавтаст хэргийн материалд тусгагдсан мэдүүлгийг шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтэй харьцуулан шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох эсэхийг шийдвэрлэнэ гэж заасны дагуу хохирогч Г.Нгийн  1 дүгээр хавтаст хэргийн 23, 26 дугаар хуудсууд дахь   мэдүүлэг, гэрч Э.Мөнх-Эрдэний “...Нэг харсан чинь А гэртээ мах эвдэж байсан хутгаа гартаа барьсан байхаар нь би гар руу нь цохиж хутгыг нь унагаасан. Тэгсэн Н Аг цохиж байгаа харагдсан. Тэгэхээр нь би Нг цааш нь түлхчихээд эргээд харсан чинь А нөгөө хутгаа гартаа барьчихсан байсан. ...Тэгээд дахиад ноцолдоод нэг мэдэхэд А Нг хутгалсан байсан... Тэгээд би Аг хутгалчихлаа гэдгийг мэдээд дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг, хавтаст хэргийн 33-34 дүгээр хуудсан дахь “...Нэг харсан чинь А гэртээ мах эвдэж байсан хутгаа гартаа барьсан байхаар нь би гар руу нь цохиж хутгыг нь унагаасан. Тэгсэн Н Аг цохиж байгаа харагдсан. Тэгэхээр нь би Нг цааш нь түлхчихээд эргээд харсан чинь А нөгөө хутгаа гартаа барьчихсан байсан. ...Тэгээд дахиад ноцолдоод нэг мэдэхэд А Нг хутгалсан байсан... Тэгээд би Аг хутгалчихлаа гэдгийг мэдээд дуудлага өгсөн... ” гэсэн мэдүүлэг зэргийг  үндэслэл болгох нь зүйтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч Д.А гэм буруугүй гэж маргаж байгаа хэдий ч хохирогчийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, гэрч Э.М, Г.Д, эмч Д-ийн мэдүүлэг болон хавтаст хэрэгт  хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжигдсэн  бичгийн баримтууд, шинжээчийн дүгнэлт, эд мөрийн баримт зэргээр шүүгчдэгч Д.А гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон байна гэж шүүх үзсэн болно.

Шүүгдэгч Д.Агийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм “хэрэг гэрт болсон, гадаа болсон нь тодорхойгүй...” гэж мэтгэлцэж байгааг хохирогч Г.Н, гэрч М нарын дээрх мэдүүлгээр гэрт үйлдэгдсэн байна гэж шүүх үзлээ.

Улсын яллагч хохирогч Г.Нгийн мөрдөн байцаалтад өгсөн 2 удаагийн мэдүүлгийг хэлэлцүүлээгүй ч шүүгдэгчийн өмгөөлөгч хэлэлцүүлж, дүгнэлтийнхээ үндэслэл болгосон учир шүүх шийдвэрийн үндэслэл болголоо.

Шүүгдэгч Д.А нь хохирогч Г.Нг хутгалж гэмтэл учруулсан болохыг гэрч, хохирогч нар мэдүүлж байх бөгөөд уг үйл баримтад эргэлзээ төрүүлэх, үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдаагүй тул “ашигтайгаар шийдвэрлүүлэх тухай” шүүгдэгчийн өмгөөлөгчийн саналыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Гэрч, хохирогч, шүүгдэгч нарын шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгүүдийг агуулга талаас нь үнэлж, энэ хэрэгт хамааралтай шүүгдэгчийн гэм буруугийн талаарх шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжтой гэж шүүх үзлээ.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

Шүүгдэгч Д.Аг Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг 2.4-д заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно”, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 198 дугаар зүйлийн 198.2 дахь хэсэгт “Нээлттэй хорих ангийн энгийн зэрэглэлд анх удаа гэмт хэрэг үйлдэж 2 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, эсхүл болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн хоригдлыг, тусгай зэрэглэлд 2 жил, түүнээс дээш хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, эсхүл хаалттай хорих ангиас болон нээлттэй хорих ангийн энгийн зэрэглэлээс хуульд заасан журмын дагуу нээлттэй хорих ангид үргэлжлүүлэн ял эдлүүлэхээр шилжүүлсэн, урьд өмнө гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байсан хоригдлыг ял эдлүүлнэ” гэж тус тус заасан тул шүүгдэгч Д.Ад оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шүүх шийдвэрлэлээ.       

Шүүхээс хохирогч Г.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ шүүгдэгч Д.Агийн гэрт ирж “...чи намайг чаддаг юм бол алчих, эсхүл би чамайг ална” гэх зэргээр агсам тавьж хутга булаацалдсан байдлыг  хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж шүүгдэгч Д.Ад ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр удаа үйлдсэн байх тул мөн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзэв.

 

Хохирогч Г.Н хохирол нэхэмжлээгүй боловч шүүгдэгч Д.А гэм буруугийн асуудал дээр маргаж байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасан журмыг хэрэглэж хорих ялыг хөнгөрүүлэх боломжгүй гэж шүүх үзлээ.

 

Энэ хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримт нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан, хэрэгт талуудын хэлэлцүүлсэн нотлох баримтуудын жагсаалт хавсаргагдсан болон энэ хэрэгт шүүгдэгч Д.А нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн хөрөнгийг битүүмжлээгүй, хохирогч Г.Н хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгчийн цахим үнэмлэх шүүхэд ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ц овгийн Д-н Аг Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар шүүгдэгч Д.Аг 6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ад оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн иржгэр иштэй хутгыг устгасугай.

6. Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн хөрөнгийг битүүмжлээгүй, хохирогч Г.Н хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгчийн цахим үнэмлэх шүүхэд ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

  

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Д.САРАНТУЯА

                                                        ШҮҮГЧИД                         Ч.МӨНХТУЯА

                                                                                                  Г.МӨНХТУЛГА