Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2022/01196

 

 

 

 

 

.....-ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 102/ШШ2022/01494 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч .....-ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ....-ХХК-д холбогдох, ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 69,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Хүрэлбаатар, Б.Ариунболд, хариуцагчийн төлөөлөгч А.Батжаргал, түүний өмгөөлөгч А.Золжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.    Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

Манай компани ....-ХХК-тай 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 19/18 дугаартай Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын төвд хиймэл байгууламжийн ажил гүйцэтгэх гэрээг байгуулан, ул шорооны ажил, хиймэл байгууламжийн ажлыг тус тус батлагдсан зургийн дагуу 5 цэгт хийж гүйцэтгэж тохирсон хөлсөө авах талаар харилцан тохиролцсон. Гэрээний үүргээ гүйцэтгэхийг удаа дараа шаардсан боловч үлдэгдэл төлбөр 45,000,000 төгрөгийг төлөөгүй. Ажлын хөлсийг төлөх хугацаандаа төлөөгүй тул гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар бодож 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс тооцоход нийт 386 хоногийн алданги 86,850,000 төгрөг болно. Иргэний хуульд зааснаар гүйцэтгээгүй үүргийн 50 хувиар тооцож алдангид 22,500,000 төгрөг, өмгөөлөлийн хөлс 2,000,000 төгрөг, нийт 69,500,00 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.    Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Манай ....-ХХК болон .....-ХХК-ийн хооронд 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 19/17 дугаартай нийт 70,000,000 төгрөгийн үнийн дүнтэй Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын төвд баригдах ул шороо далангийн ажил гүйцэтгэх гэрээг, 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 19/18 дугаартай нийт 90,000,000 төгрөгийн үнийн дүнтэй байгууламжийн ажил гүйцэтгэх гэрээг, мөн 2019 оны 10 дүгээр сарын 31-ний өдөр 19/17-а дугаартай нийт 18,500,000 төгрөгийн үнийн дүнтэй ул шороо далангийн ажил гүйцэтгэх нэмэлт гэрээг тус тус байгуулан хамтран ажилласан. Дээрх гэрээнүүдийн нийт дүн 178,500,000 төгрөг болно. Гэрээний дагуу ажлаа хийж баталгаажуулаагүй бол гэрээг үндэслэн төлбөр нэхэмжлэх үндэслэлгүй. Манай компани ажлын гүйцэтгэлийг зохиогчийн хяналтаар баталгаажуулсны дагуу ажлыг 100 хувь актаар хүлээн авч баталгаажуулсны дараа төлбөрийг шилжүүлэх болно. .....-ХХК-ийн гүйцэтгэж буй ажлын гүйцэтгэлийг шалгаж хяналт баталгаажуулалт хийх үүрэгтэй Классик роуд ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 01 дугаартай, мөн 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр гаргасан 02 дугаартай Зам барилгын ажлын зохиогчийн хяналтын дүгнэлтэд дурдсанаар барилга угсралтын үе шат болон барилга угсралтын ажлын чанар, гүйцэтгэлд алдаа дутагдал, зөрчил гаргасныг илрүүлж, эдгээр зөрчил дутагдлыг арилгуулахаар Зам барилгын ажлын зохиогчийн хяналтын дүгнэлт гарган тус компанийн зүгээс хугацаа олгосон боловч энэхүү алдаа зөрчил дутагдлыг засаж, баталгаажуулах, ажил хүлээлцэх зэрэг гэрээний дагуу үүргээ .....-ХХК биелүүлээгүй. Манай компанийн зүгээс .....-ХХК-ийг ажлын зургийн дагуу ажлыг гүйцэтгэхийг, буруу болон дутуу гүйцэтгэсэн гэрээнд заасан ажлуудыг тохиролцсон хугацаанд гүйцэтгэн албан ёсоор хүлээлгэн өгөхийг удаа дараа шаардахад .....-ХХК нь үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулсны дараа засварлана гэж хойшлуулсан. Түүнчлэн, .....-ХХК нь ажлаа цаг тухайд нь хийж гүйцэтгээгүйтэй холбоотойгоор уг зам барилгын ажил удааширч, гэрээт ажлын гүйцэтгэлийн санхүүжилтийг авч чадаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсгийг заасны дагуу хариуцагч ....-ХХК-аас 45,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч .....-ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 24,500,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 505,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ....-ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 382,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч .....-ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. ....-ХХК болон .....-ХХК-ийн хооронд 2019 оны дугаар сарын 08-ны өдөр Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын төвд баригдах авто замын ус зайлуулах байгууламжийг 5 цэгт батлагдсан зураг төслийн дагуу хийж гүйцэтгэх гэрээг байгуулсан. Ажлын гүйцэтгэлд 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Классик роуд ХХК зохиогчийн хяналтын дүгнэлт гаргасан бөгөөд уг дүгнэлтээр .....-ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажлыг зураг төслийн дагуу хийгдээгүй, хийсэн ажил нь чанар, стандартын шаардлага хангахгүй гэсэн зөрчилтэй байсан учир манайхаас гэрээний үлдэгдэл төлбөр болох 45,000,000 төгрөгийг төлөөгүй. Манай компани .....-ХХК-д гүйцэтгэсэн ажлын доголдлыг арилгаж, гэрээнд заасан ажлыг зургийн дагуу зохих стандартад нийцүүлэн хийж гүйцэтгэсэн тохиолдолд үлдэгдэл төлбөрийг төлнө гэсэн саналыг удаа дараа тавьж байгаа боловч зөрчлийг арилгаагүй. Нэхэмжлэгч ажил гүйцэтгэх гэрээнд ажлын үр дүнг хүлээлгэж өгөөгүй байхад 45,000,000 төгрөгийг манай компаниас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. .....-ХХК 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн гэрээний үүргийн талаар нэхэмжлэлдээ дурдсан. Гэтэл манай компани нэхэмжлэгчтэй энэ өдөр гэрээ хийгээгүй. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

Талуудын хооронд байгуулагдсан гэрээнд гүйцэтгэгч тал 1 метрийн хоолойтой 5 цэгт ус зайлуулах ажлыг гүйцэтгэхээр гэрээгээр тохиролцсон. Тухайн үед ажиллаж байсан гүйцэтгэх захирал Э.Амарбатын зөвшөөрлөөр 3 цэгт 1 метр хоолой, 2 цэгт 300 метр хоолой хийж гүйцэтгэсэн. Энэ талаар анхан шатны шүүх хуралдаанд Э.Амарбатын өгсөн гэрчийн мэдүүлгээр нотлогддог. Мөн гэрээг дүгнэсэн актад 64 метр урттай ган хоолойг захиалагчийн зөвшөөрлийн дагуу чанар стандарт, зураг төслийн дагуу хийж гүйцэтгэсэн. Захиалагч ажлыг актаар хүлээн авч баталгаажуулсан тул ажлын хөлсний үлдэгдэл болох 45,000,000 төгрөгийг төлөх үүрэгтэй. Мөн гэрээний 2.2-т төлбөрийн алданги хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнг 0,5 хувийн алданги төлөхөөр заасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д зааснаар хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

1. Хэргийн үйл баримт болон шүүхийн шийдвэрийн талаар

 

1.а. Нэхэмжлэгч .....-ХХК нь хариуцагч ....-ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 45,000,000 төгрөг, алданги 22,500,000 төгрөг, өмгөөлөлийн хөлс 2,000,000 төгрөг, нийт 69,500,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

1.б. Талуудын хооронд 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Дундговь аймгийн төвд баригдах ул шороо далангийн ажил гүйцэтгэх гэрээ, 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хиймэл байгууламжийн ажил гүйцэтгэх гэрээ, 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр ул шороо далангийн ажил гүйцэтгэх нэмэлт гэрээг тус тус байгуулсан байна.

 

2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хиймэл байгууламжийн ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч .....-ХХК нь Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын төвд хийгдэх ул шороо далангийн ажил, хиймэл байгууламжийн ажлыг батлагдсан зургийн дагуу 5 цэгт хийж гүйцэтгэх, захиалагч ....-ХХК нь ажлын хөлсөнд 90,000,000 төгрөг төлөхөөр тохиролцжээ. Иймд тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, уг гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

 

1.в. Нэхэмжлэгч .....-ХХК нь 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн (19/17 дугаартай нэмэлт гэрээ) ажил гүйцэтгэх гэрээний дагуу 6,500 м.куб ул шороо далангийн ажил, 2019 оны 10 дугаар сарын 08-ны 19/18 дугаартай гэрээний дагуу 64 метр урттай ган хоолойг захиалагч талтай зөвшилцлийн үндсэн дээр чанар стандарт, зураг төслийн дагуу гүйцэтгэн 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүлээлгэн өгсөн болох нь Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын төвд хийгдсэн хиймэл байгууламж, 2 км автозамын ажлын гүйцэтгэлийг дүгнэсэн актаар тогтоогджээ. Уг актад хариуцагч ....-ХХК-ийн захирал Э.Амарбат гарын үсэг зурсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна. (хх-ийн 86х) Иймд нэхэмжлэгч .....-ХХК нь хариуцагч ....-ХХК-аас ажлын хөлсний үлдэгдэл 45,000,000 төгрөгийг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй.

 

1.г. Хариуцагч ....-ХХК нь нэхэмжлэгч .....-ХХК-д 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 19/18 дугаартай Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын төвд хиймэл байгууламжийн ажил гүйцэтгэх гэрээний ажлын хөлсөнд 90,000,000 төгрөг төлөхөөс 45,000,000 төгрөг төлж үлдэгдэл төлбөр 45,000,000 төгрөгийг төлөөгүй талаар маргаагүй байна. Харин талуудын хооронд нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлыг хүлээн авсан эсэх, ажлын үр дүн доголдолтой байсан эсэх нь маргаангүй зүйл болжээ.

 

Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6-д ажил гүйцэтгэгч нь захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх үүрэгтэй гэж заасан. Ажил гүйцэтгэгч .....-ХХК нь захиалагч ....-ХХК-ийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх үүргээ биелүүлээгүй бол захиалагч нь мөн хуулийн 352 дугаар зүйлийн 352.2 дахь хэсэгт зааснаар доголдлыг арилгуулахаар шаардах эрхтэй бөгөөд энэ талаар сөрөг нэхэмжлэл гаргаагүй тул шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

Иймд анхан шатны шүүх хариуцагч ....-ХХК-аас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 45,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч .....-ХХК-д олгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

 

1.д. Нэхэмжлэгч .....-ХХК нь хариуцагч ....-ХХК-аас алданги 22,500,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн талаар.

 

Талууд гэрээний 2.2-т ... алданги хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,5 хувь байна... гэж заасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт анзын гэрээг бичгээр хийх шаардлагад нийцсэн байна.

 

Ажил гүйцэтгэгч .....-ХХК нь ус зайлуулах төмөр бетон дугуй хоолойн ажлыг 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс мөн оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хооронд гүйцэтгэж захиалагч ....-ХХК-д хүлээлгэн өгөхөөр талууд тохиролцжээ.

 

Гэвч ажил гүйцэтгэгч .....-ХХК нь 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүлээлгэн өгсөн болох нь Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын төвд хийгдсэн хиймэл байгууламж, 2 км автозамын ажлын гүйцэтгэлийг дүгнэсэн актаар тогтоогдсон тул алданги 22,500,000 төгрөг нэхэмжилснийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн талаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй болно.

 

Мөн анхан шатны шүүх гэрээний талууудын хооронд үүссэн маргаанд хууль зүйн туслалцаа авсантай холбоотой гарсан зардал 2,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасан хохиролд хамаарахгүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

 

2. Хариуцагчийн давж заалдах гомдлын талаар

2.а. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч өөрийн татгалзлал, тайлбарын үндэслэлтэй холбоотой баримтыг өөрөө гаргаж өгөх үүрэгтэй. Зохиогчийн хяналт хийсэн Классик роуд ХХК-ийн дүгнэлтийг гүйцэтгэгч .....-ХХК-д хүргүүлсэн, мэдэгдсэн талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Хариуцагч Хайдо проект ХХК нь нэхэмжлэгч .....-ХХК-ийн гүйцэтгэсэн ажил доголдолтой байсан, уг доголдлыг арилгаж өгөөгүй гэх тайлбараа баримтаар нотлоогүй, доголдлын талаар мэдэгдэж байсан баримтгүй байна. Мөн нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлыг хариуцагч актаар хүлээн авсан тул ажлын үр дүнг хүлээлгэж өгөөгүй байхад үлдэгдэл 45,000,000 төгрөг гаргуулсан гэх хариуцагчийн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй.

 

Харин хариуцагч ....-ХХК нь нэхэмжлэгч .....-ХХК-ийн гүйцэтгэсэн ажил нь доголдолтой гэж үзвэл уг доголдолтой холбоотой шаардлага гаргахад энэ шийдвэр саад болохгүй болно.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 102/ШШ2022/01494 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн зааснаар 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн урьдчилан төлсөн 382,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Н.БАТЗОРИГ