Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2022/01255

 

 

 

...-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Г.Даваадорж, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2022/02037 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ...-ын нэхэмжлэлтэй, хариуцагч ...-т холбогдох, сэтгэл санааны хохирол 46,634,412 төгрөг, олох байсан орлого 288,704,125 төгрөг, эмчилгээний зардал, нэмэлт тэжээлийн зардалд 24,540,705 төгрөг, нийт 429,299,242 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Уранчимэг, түүний өмгөөлөгч Б.Билгүүн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Мягмарбаяр, түүний өмгөөлөгч Ч.Атарболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.    Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

...- нь Дорноговь аймгийн Улаан-Уул сумын Хилийн цэргийн 129 дүгээр ангид цэргийн алба хаах хугацаандаа 1983 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Ч.Сүрэнжавын хамт хилийн манаанд жижүүрийн өрөөнд байх үед Ч.Сүрэнжав дохионы буугаар оролдож байгаад буу осолдож ...-ын толгойн хэсэгт буудан хүнд гэмтсэн. Үүний улмаас ...- 3 удаа тархины мэс засал хийлгэсэн ба тархи хатингаршиж, зүүн тал нь саажиж, сонсголгүй, ээрч ярьдаг, мэдрэлгүй бие засдаг, биеийн доод хэсэг мэдээгүй болж 1990 оноос хойш хэвтэрт орж асаргаанд байдаг.

Итгэлт Эстимейт ХХК-аар сэтгэл санааны хохирол, гэм хорын хохирлын үнэлгээ тогтоолгоход сэтгэл санааны хохирол 47,703,059 төгрөг, 1988 оноос 2021 он хүртэл хугацаанд олох байсан орлого 313,702,581 төгрөг, нийт 361,405,640 төгрөгөөр үнэлсэн. Мөн Монголын хөрөнгө, хохирол үнэлэгчдийн холбооны 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн шинжээчдийн дүгнэлтийг үндэслэн олох ёстой байсан орлого 288,704,125 төгрөг, сэтгэл санааны хохирол 46,634,412 төгрөгийг тус тус гаргуулахаар нэхэмжилж байна.

...-ын биед учирсан гэмтлийг бүрэн сэргээх боломжгүй харин сонсголыг 80 хувь хүртэл сэргээх боломжтой ба Улсын 1 дүгээр Төв эмнэлэг 53,000,000 төгрөгөөр мэс засал хийлгэх боломжтой гэх хариу өгсөн. Нөхөн сэргээх физик эмчилгээг өдөр бүр хийлгэх шаардлагатай бөгөөд үүнд шаардлагатай тоног төхөөрөмжийн зардал 16,420,000 төгрөг, ердийн хоол хүнс хэрэглэж, шингээх боломжгүй тул хоол хүнсэнд биологийн нэмэлт тэжээл 2012 оноос хойш хэрэглэж байгаа ба үүнд нийт 24,540,705 төгрөгийн зардал гаргасан. Иймд ...-ын олох байсан орлого 288,704,125 төгрөг, сэтгэл санааны хохирол 46,634,412 төгрөг, эмчилгээний зардал, сонсголд 53,000,000 төгрөг, нөхөн сэргээх физик эмчилгээнд 16,420,000 төгрөг, нэмэлт тэжээлийн зардалд 24,540,705 төгрөг, нийт 429,299,242 төгрөгийг Хил хамгаалах ерөнхий газраас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.    Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

Ч.Сүрэнжав нь Дорноговь аймгийн Улаан-Уул сумын Хилийн цэргийн 0129 дүгээр ангид цэргийн алба хааж байхдаа 1983 оны 02 дугаар сарын 07-ны өдөр дохионы буунаас сум авах гэж оролдож байгаад осолдон буудаж, байлдагч ...-ад хүнд гэмтэл учруулсан. ...- нь энэхүү золгүй үйл явдал болсноос хойш 37 жилийн дараа нэхэмжлэл гаргасан нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа өнгөрсөн.

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана гэж заасан. ...-, Ч.Сүрэнжав нар нь Хилийн цэргийн 0129 дүгээр ангид хугацаат цэргийн алба хааж байсан байлдагч учраас Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт заасан төрийн албан хаагчид хамаарахгүй. Төрийн албаны тухай хуулийн 4.2 дахь хэсэгт Төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлыг энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно гэж, Цэргийн албаны тухай хуулийн 1.1 дэх хэсэгт Энэ хуулийн зорилт нь Монгол улсын иргэн Үндсэн хуульд заасан үүргийнхээ дагуу эх орноо батлан хамгаалах бэлтгэл эзэмших, цэргийн алба хаахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино гэж заасан бөгөөд төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдалтай холбоотой харилцааг тухайн хуулиар зохицуулаагүй байна. Төрийн албаны тухай хуулийн 3.1.2-т төрийн албан хаагч гэж төрийн албан тушаалыг эрхэлж, эрх үүргээ хэрэгжүүлсэний төлөө төрөөс цалин хөлс авч ажиллах нөхцөл баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг хэлнэ гэж заасан. Хугацаат цэргийн алба хаагч нь хуульд заасан албан тушаалын болон бусад нэмэгдэл, цалингийн сүлжээний дагуу цалин хөлс авдаггүй бөгөөд Засгийн газрын 1999 оны 38 дугаар тогтоолын дагуу гэрээт цэргийн албан хаагчийн сарын дундаж цалингийн 10 хувьтай тэнцэх хэмжээний цолны мөнгөн хангалт эдэлдэг. Иймд эрх, үүргээ хэрэгжүүлсэний төлөө төрөөс цалин хөлс авч байсан гэж үзэх эрх зүйн үндэслэлгүй байна. Иймд Ч.Сүрэнжав нь төрийн албан хаагч биш тул түүний учруулсан хохирлыг ...- хариуцахгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.    Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулга:

...- нь Ч.Сүрэнжавт 1983 оны 02 сард толгойн тус газраа буудуулсаны улмаас гэмтэж хохирсон байна. ...-ад тухай бүрт нь тусламж үзүүлсэн. Монгол Улсын хуулиа дээдлээд өөрсдийн боломж бололцоогоо харгалзан эвлэрэх журмаар асуудлаа шийдвэрлэж болно гэж үзэж байна. Эмчилгээний зардал, тоног төхөөрөмжийн үнэ үндэслэлтэй, бусад зардал арай их байна гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1, 498 дугаар зүйлийн 498.2, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Хил хамгаалах ерөнхий газраас 335,338,537 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ...-ад олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 93,960,705 төгрөгт холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч ...- улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Хил хамгаалах ерөнхий газраас 1,834,642 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Нэхэмжлэгч олох байсан орлого 288,704,125 төгрөг, сэтгэл санааны хохирол 46,634,412 төгрөг, эмчилгээний зардал, сонсголд 53,000,000 төгрөг, нөхөн сэргээх физик эмчилгээний зардал 16,420,000 төгрөг, нэмэлт тэжээлийн зардалд 24,540,705 төгрөг, нийт 429,299,242 төгрөгийг хариуцагч Хил хамгаалах ерөнхий газраас гаргуулахаар шаардсан. Хил хамгаалах ерөнхий газрын архивын лавлагаа, Үндэсний архивын газрын лавлагаа, Тагнуулын ерөнхий газрын архивын лавлагаагаар ...-, Ч.Сүрэнжав нар нь Хилийн цэргийн 0129 дүгээр ангид хугацаат цэргийн алба хааж байсан байлдагч болох нь тогтоогдсон. Иргэний хуулийн 498.2 дахь хэсэгт заасан төрийн албан хаагч гэж үзэх болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан гэх үйл баримт тогтоогдоогүй. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт заасныг шүүх буруу тайлбарласан. ...-ыг Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д төрийн зорилт, чиг үүргийг Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлэх ... үйл ажиллагааг төрийн алба гэж заасан бөгөөд цэргийн алба хааж буй байлдагч нь эх орноо батлан хамгаалах төрийн чиг үүргийг хэрэгжүүлж байгаа төрийн албан хаагч мөн гэж үзсэн нь үндэслэлгүй. Учир нь Монгол улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалтын дагуу ...-, Ч.Сүрэнжав нар нь иргэний үүргээ биелүүлж, хугацаат цэргийн алба хаагч юм. Шүүх Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т заасан шаардлагыг хангаагүй, хуульд заасан төрийн албан тушаалын ангилалд цэргийн албан хаагч хамаарахгүй байх нь цэргийн албыг төрийн алба биш гэж, цэргийн алба хааж буй иргэнийг төрийн албан хаагч биш гэж үзэх нь үндэслэлгүй болно гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт ... Төрийн тусгай албан тушаалд ... дараах албан тушаал хамаарна, 13.1.6-д Зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, онцгой байдал, тагнуул, төрийн тусгай хамгаалалт, цагдаа, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, байгууллагын офицер, ахлагч, шүүхийн шийдвэр гүйцэтгэгч, гаалийн байцаагч, шүүхийн шинжилгээний байгууллагын шинжээч мэргэжилтэн хамаарна гэж заасан. Мөн Цэргийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1,8-д Хугацаат цэргийн алба хаагч гэж цэргийн албанд татагдан цэргийн байгууллагад энэ хуулиар тогтоосон хугацаанд цэргийн жинхэнэ албыг биеэр хааж байгаа иргэн-ийг ойлгохоор заасан. Үүнээс үзэхэд цэргийн албан хаагчийг цэргийн албан хаагчид хамааруулаагүй. ...-ад золгүй үйл явдал болсон үеэс нь эхэлж төрийн эрх бүхий байгууллагууд буцалтгүй тусламжуудыг үзүүлсэн талаарх үйл баримтуудыг шүүхээс үнэлээгүй. Тухайлбал, ...-ад эмчилгээ сувилгаа, ахуйн амьдралд нь туслах зорилгоор Нийгмийг аюулаас хамгаалах яамны сайдын 1984 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 451 дүгээр тушаалаар 1,000 төгрөг, Улсын аюулгүй байдлыг хангах ерөнхий газрын даргын 1993 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 6/79 тушаалаар 2,000 төгрөг, Хилийн цэргийн удирдах газрын даргын 1994 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 657 дугаар тушаалаар 10,000 төгрөг, 1994 онд Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 100 айл худалдааны төвийн хажууд байрлах 5 давхар орон сууцнаас 29.7 м.кв бүхий гал тогоо тусдаа 1 өрөө орон сууц, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 2410 дугаар шийдвэрийн дагуу 24,859,000 төгрөгийг тус тус өгсөн. Гэтэл шүүхээс дээрх эмчилгээ сувилгаанд зориулж олгосон мөнгийг инфляцын түвшингөөр өнөөгийн үнэ цэнд шилжүүлэн тооцох шаардлагагүй гэж үзсэн. Энэ талаар хариуцагчийн гаргасан хүсэлтийг хангалгүй орхиж, хариуцагчийг тайлбар, татгалзлалаа нотлох боломж бололцоогоор хангаагүйд гомдолтой. Олгосон зардлуудыг нэхэмжлэлийн дүнгээс хасах байсан.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 101/ШШ2019/02410 дугаар шийдвэрээр тухайн үед цэргийн алба хааж байх үед нь эрүүл мэндэд нь хохирол учирсан талаарх үйл баримтын талаар дүгнэсэн. Тодруулбал, гэм хор учруулсан этгээд гэдгийг нотлоогүй. Харин уг шийдвэр нь Хил хамгаалах ерөнхий газрыг нэхэмжлэгчид учирсан гэм хорын хохиролд гэм буруутай буюу түүнийг хариуцан арилгах талаар дүгнэлт өгөөгүй. Гэтэл шүүхээс энэхүү хэргийг шийдвэрлэхдээ тодорхой бус, гэм бурууг тогтоогоогүй шүүхийн шийдвэрийг үндэслэж, тогтоогдсон мэтээр дүгнэсэн. Тус шийдвэрээр Хил хамгаалах ерөнхий газраас ...-ад гадаад улсад нарийн шинжилгээ, оношилгоо хийлгэх зардалд 22,400,000 төгрөг, онгоцны тийзийн зардалд 2,459,000 төгрөг, нийт 24,859,000 төгрөгийг олгосон боловч тухайн мөнгийг тухайн цаг хугацаанд зориулалтын дагуу зарцуулсан бол ...-ын эрүүл мэндэд ямар өөрчлөлт гарах эсэх, сайжрах боломжтой байсан эсэхийг шүүхээс харгалзан үзээгүй.

Мөн шүүх Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт хуульд заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байна гэж заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарласан гэж үзэх үндэслэлтэй. ...- 1993 онд Улсын аюулгүй байдлыг хангах ерөнхий газарт гомдол гаргаж, 2,000 төгрөгийн тусламж авсан үеэс хөөн хэлэлцэх хугацааг тоолох боломжтой. Мөн Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.6 дахь хэсэгт Эрх бүхий этгээд зургаан сарын дотор шинэ нэхэмжлэл гаргавал анхны шаардлага гаргасан өдрөөс эхлэн хөөн хэлэлцэх хугацааг тасалдсанд тооцно гэж заасан. ...- Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр анх нэхэмжлэл гаргасан, дараагийн нэхэмжлэлийг 7 сарын дараа буюу 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр гаргасан тул хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэх үндэслэлгүй болно. Хариуцагчийн зүгээс урьд өмнө нь гэм хорын хохирлыг арилгасан байхад арилгаагүй гэж, хөөн хэлэлцэх хугацааны үр дагавар бүхий нөхцөл байдал ч бий болчхоод байхад хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна гэж үзсэн нь буруу юм. Өөрөөр хэлбэл, хөөн хэлэлцэх хугацаа дууссан эсэх хууль зүйн үндэслэл бүхий нөхцөл байдлуудад бүрэн дүүрэн дүгнэлт хийлгүйгээр шийдвэр гаргасанд гомдолтой.

Монголын хөрөнгө, хохирол үнэлэгчдийн холбооны 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн дүгнэлтийг үндэслэн олох байсан орлого 288,704,125 төгрөг, сэтгэл санааны хохирол 46,634,412 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.2 дахь хэсэгт гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс, орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй гэж заасан хуулийн зохицуулалтай уялдуулалгүй цэргийн албан хаагчийн цалин хөлсний тооцооллоор тогтоосныг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн. Хариуцагчийн зүгээс дүгнэлтэй холбоотой маргасан байхад шүүх маргаагүй мэтээр тусгасан. ...- нь цэргийн алба хааж байсан бөгөөд цэргийн албанд татагдахаас өмнө болон дараах цаг хугацаанд хөдөлмөр эрхэлж байгаагүй ба энэ талаар баримтгүй байтал цэргийн албан хаагчийн алба эрхэлж байсан, шат дараалсан байдлаар цэргийн цол ахисан байх боломжтой байсан мэтээр хийсвэр дүгнэлт хийж, цалин хөлс, түүнтэй хамааралтай нэмэгдэл, тэтгэвэр, тэтгэмж зэргийг бүхэлд нь тооцож гаргасан дүгнэлтийг үндэслэж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Мөн уг үнэлгээгээр ...-ын хөдөлмөрийн чадвараа алдсантай холбоотойгоор орлогын зөрүү болох хохирлын хэмжээг эргэлзээгүй байдлаар тогтоогоогүй болно. Учир нь Тагнуулын ерөнхий газрын 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 1153 дугаар албан бичгээр 1983 оноос 1995 он хүртэлх Нийгмийг аюулаас хамгаалах яам, Улсын аюулгүй байдлыг хангах ерөнхий газарт хэрэгжиж байсан цалин, нэмэгдэл урамшуулал цол олгох журам зэрэг баримтууд нь байгууллагын тусгай архивд байхгүй байна гэсэн албан бичиг ирүүлсэн байхад цалин хөлсний хэмжээ, цалингийн алдагдсан боломжийг чухам юуг үндэслэж тооцсон эсэх нь эргэлзээтэй. ...- нь 1983 оноос эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулийн хүрээнд үйлдвэрлэлийн ослын акт тогтоолгож, Нийгмийн даатгалын тухай хууль болон Нийгмийн халамжийн тухай хуульд заасны дагуу тэтгэмж авсан. Гэтэл хохирлын үнэлгээний дүгнэлтэд тэтгэврийн алдсан боломж гэх орлогыг тусгасан бөгөөд улсын төсвөөс дахин тэтгэвэр авах үндэслэлийг бүрдүүлж буй нь үндэслэлгүй байна.

Сэтгэл санааны хохирлын талаар үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх заасныг үндэслэн 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Сэтгэл санаа гэм хорын үнэлгээний тайлан болон ...-ын сэтгэл санааны хохирлыг тооцохдоо нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүний үнэ, харьцаа, сэтгэл санааны суурь үнэ, дундаж наслалт, сэтгэл санааны хохиролтой амьдрах хугацаа зэргийг харгалзан тооцон үзэн үнэлгээг 46,634,411 төгрөгөөр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар мөнгөн нөхөн төлбөрийг хуульд тусгайлан заасан тохиолдолд л хэрэглэхээр хязгаарласан байна. Мөнгөн нөхөн төлбөр нь уг утгаараа хохирсон эдийн бус уршиг, хохирлын тэнцэтгэл болж буй эсэх нь эргэлзээтэй. Иргэний хуулийн 230 дугаар зүйл нь эдийн бус хохирлын хэмжээг тодорхойлсон заалт биш, харин эдийн бус хохирлын хэмжээг шийдвэрлэхэд холбогдох хууль тогтоомжуудад нарийвчилсан зохицуулалт байхгүй бол эдийн бус хохирлын хэмжээг тогтоох боломжгүй тухай дурдаж эдийн бус нэхэмжпэлийн шаардлагын хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхэд хэрэглэгддэг хуулийн заалт юм. Гэтэл шүүхээс мөн хуулийн заалтыг барьж эдийн бус хохирлыг хангаж шийдвэрлэсэн.

Шүүх хариуцагчийн нотлох баримт гаргуулах хүсэлтийг хангаагүй нь татгалзлаа нотлох эрхийг ноцтой зөрчсөнд гомдолтой байна. Шүүхэд Монгол банк, Улсын бүртгэлийн газраас баримт гаргуулах, урьд өмнө нь гэм хорын хохиролд барагдуулж байсан мөнгөн хөрөнгийг хэрхэн зарцуулсан зэрэг баримтуудыг шүүхийн журмаар гаргуулах талаар хүсэлт гаргахад ...Монгол банкны цахим хуудаснаас өөрсдөө ханш, үнэ цэнийг тооцоолох боломжтой, шаардлагагүй... хэмээн хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн. Гэтэл цахим хуудаснаас хараад хэлэхэд тэр нь нотлох баримт болох хуулийн зохицуулалт байхгүй. Шинжээч томилж, дүгнэлт гаргуулсан шүүхийн зардлыг буруу хуваарилж шийдвэрлэсэн. Тухайлбал, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт Шүүхийн зардлыг нэхэмжлэл бурэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлуулнэ гэж заасан ба нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн байхад нэхэмжлэлийг бүрэн хангасан мэтээр үзэж шинжээчийн зардлыг хариуцагч талаар бүрэн төлүүлэхээр шийдвэрлэсэн. Түүнчлэн, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлохоор шинжээч томилуулж, дүгнэлт гаргуулснаас харахад энэхүү зардал нь нэхэмжлэгчийн төлж барагдуулах зардалд нэн түрүүнд хамаарах хуулийн зохицуулалттай байна. Гэтэл зардал хуваарилах асуудлыг хүртэл буруу шийдвэрлэж, нэхэмжлэгч талд илт давуу байдал бий болгосон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга:

Тухайн гэм буруутай үйлдлийг учруулсан н.Сүрэнжав нь төрийн албан хаагч биш гэх гэх гомдол үндэслэлгүй. Төрийн албаны тухай хуульд төрийн батлан хамгаалах чиг үүргийг Үндсэн хууль болон бусад хуулиар авч хэрэгжүүлж байгаа албан тушаалтан төрийн албан хаагч мөн гэж заасан. Хэрэгт Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр авагдсан. Хариуцагч талаас энэ шийдвэрт гомдол гаргаагүй. Энэхүү шүүхийн шийдвэрээр гэм хорын хохирлыг хариуцагч ...- хариуцах талаар тодорхой заасан. Шинжээчийн дүгнэлт гарсны дараа хариуцагчаас гомдол гаргаагүй. Шинжээчийн дүгнэлтийг буруу гэж үзсэн бол гомдол гаргах эрхтэй байсан. ...-ад олгосон 1 өрөө орон сууцны үнэлгээг одоогийн зах зээлийн ханшаар тооцож уг үнэлгээг хассан. Иймд шинжээчийн дүгнэлтийг хууль бус, үндэслэлгүй гэх тайлбар үндэслэлгүй гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын хүрээнд хянаж шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээгүй тул өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

1. Хэргийн үйл баримт болон анхан шатны шүүхийн шийдвэрийн талаар

 

1.а. Нэхэмжлэгч ...- нь хариуцагч ...-т холбогдуулан олох байсан орлого 288,704,125 төгрөг, сэтгэл санааны хохирол 46,634,412 төгрөг, сонсгол сэргээх мэс заслын төлбөр 53,000,000 төгрөг, нөхөн сэргээх эмчилгээний зардал 16,420,000 төгрөг, хүнсний нэмэлт тэжээлийн зардал 24,540,705 төгрөг, нийт 429,299,242 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагчийн байгууллагын төлөөлөгч эс зөвшөөрч хугацаат цэргийн алба хаагч нь төрийн албан хаагч биш тул хохирлыг хариуцахгүй, мөн шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж маргажээ.

 

1.б. Ч.Сүрэнжав нь Дорноговь аймгийн Улаан-Уул сумын Хилийн цэргийн 129 дугаар ангид хугацаат цэргийн алба хааж байхдаа буюу 1983 оны 02 дугаар сарын 07-ны өдөр дохионы буунаас сум алдаж улмаар нэхэмжлэгч ...-ын толгойн тус газар буудаж гэмтэл учруулсан болох нь хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбараар тогтоогдсон байна.

 

Хэргийн 97-99 дүгээр тал дахь БНМАУ-ын НАХЯ-ны Хилийн ба Дотоодын цэргийн (тухайн үеийн нэрээр) 12 дугаар отрядын даргын 1983 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 29 дүгээр тушаалаар ... Гэмт хэрэг, учрал гарахад хариуцсан тасгаа дүрмийн заалтын дагуу удирдаж чадаагүй, хилчин дайчдаа эзэнгүй орхиж бууны осолд байлдагч ...-ыг оруулсан, заставын даргаа орлон ажиллаж байхдаа салбарын дотоодод дэг журам алдагдуулж, цагийн хуваарийг биелүүлэн, хяналт шалгалт тавьж ажиллаагүйгээс ноцтой учрал гаргуулсан... гэсэн үндэслэлээр нэр бүхий ахлах байлдагч, бага түрүүч, орлогч дэслэгч нарт хариуцлага хүлээлгэж, шийтгэл ногдуулсан байх бөгөөд үүнээс үзэхэд нэхэмжлэгч ...-ад гэм хор учрахад байгууллагын буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

1.в. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван нэгдүгээр зүйлийн 1-д эх орны тусгаар тогтнолыг батлан хамгаалж, үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэг журмыг хангах нь төрийн үүрэг мөн гэж зааснаас гадна мөн Үндсэн хуулийн Арван долдугаар зүйлийн 1-ийн 4-т эх орноо хамгаалах, хуулийн дагуу цэргийн алба хаах нь Монгол Улсын иргэний үндсэн үүрэг болно.

 

Цэргийн алба хааж буй байлдагч нь Төрийн албаны тухай хуулийн үйлчлэлийн хүрээнд хамаардаггүй байх нь цэргийн албыг төрийн алба биш, цэргийн алба хааж буй иргэнийг төрийн албыг хэрэгжүүлэгч биш гэж үзэх үндэслэл болохгүй.

 

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана гэсэн зохицуулалтын төрийн алба хаагч гэдэгт Төрийн албаны тухай хуульд заасан субьект хамаарах боловч энэ зохицуулалтад төрийн чиг үүргийг хэрэгжүүлж, цэргийн алба хааж буй байлдагчийг хамааруулах талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

 

Иймд нэхэмжлэгч ...- нь цэргийн алба хаагч Ч.Сүрэнжавын үйлдэлтэй холбоотойгоор өөрт учирсан хохирлоо хариуцагч Хил хамгаалах ерөнхий газраас Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт зааснаар шаардах эрхтэй.

 

1.г. ...- нь Дорноговь аймгийн Улаан-Уул сум дахь Хилийн цэргийн 0129 дугаар ангид цэргийн алба хаах явцад 1983 оны 02 дугаар сарын 07-ны өдөр байлдагч Ч.Сүрэнжавын хамт хилийн манааны тушаал авч жижүүрийн өрөөнд байх үед Ч.Сүрэнжав дохионы буугаар оролдож байгаад буу осолдон түүний толгойн хэсэгт буудан хүнд гэмтээн, Ч.Сүрэнжав өөрийгөө буудан амь насаа хөнөөсөн болох нь 1983 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 22 цагт тус 129 дугаар ангийн захирагч, хурандаа н.Дашням, ротын захирагч болон ангийн үйлдвэрчний эвлэлийн төлөөлөгч, санхүүгийн албаны төлөөлөл оролцон 01 тоот үйлдвэрлэлийн ослын актаар тогтоогджээ. (1хх-106-107)

 

Дээрх үйлдлийн улмаас нэхэмжлэгч ...- нь Дорноговь аймгийн Замын-Үүд сумын эмнэлэг болон Гэмтэл согог судлалын үндэсний төвд нийт 3 удаа тархины мэс засал хийлгэн, тархины зүүн талын үхэжсэн хэсгийг авсан боловч тархины үйл ажиллагаа бүрэн сайжраагүй, чих хатуу, мэдрэлгүй бие засдаг, уур уцаартай, ээрч ярьдаг, баруун талын хөл нь ажиллагаа муутай болсон бөгөөд Баянгол дүүргийн эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрүүдээр хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг тогтоон сунгаж байсан ба 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 0088656 дугаар хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон актаар хөдөлмөрийн чадвар алдалтыг 90 хувиар хугацаагүй сунгаж шийдвэрлэсэн байна.(1хх-113-121)

 

1.д. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 2410 дугаар шийдвэрээр ...- нь тархиндаа хүнд гэмтэл авч хагалгаа хийгдсэн боловч эмийн болон ардын эмчилгээнд төгс эдгэрэх боломжгүйн улмаас гадаадад эмчилгээ хийлгэх шаардлагатай болох нь Гэмтэл согог сэргээн засах клиникийн эмнэлгийн эмч нарын дүгнэлтээр тогтоогдсон гэж дүгнэн БНСУ-ын Халлим их сургуулийн Чүнчонсоншим эмнэлгийн 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн бичгийг үндэслэн эмчилгээний зардал 22,400,000 төгрөг, онгоцны тийзийн зардал 2,459,000 төгрөг, нийт 24,859,000 төгрөгийг Хил хамгаалах ерөнхий газраас гаргуулж ...-ад олгож шийдвэрлэжээ. (1хх-19-23)

 

Дээрх шүүхийн шийдвэрт хариуцагч байгууллага давж заалдах гомдол гаргаагүй, шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээс гадна уг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар дахин нотлох шаардлагагүй нэгэнт тогтоогдсон үйл баримт гэж үзнэ.

 

1.е. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байна гэж заасан боловч Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 2410 дугаар шийдвэрээр хөөн хэлэлцэх хугацаа тасалдсанд тооцох нь мөн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана, 79.2 дахь хэсэгт Шүүхэд нэхэмжлэл гаргасан бол хөөн хэлэлцэх хугацааны тасалдал нь шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох, эсхүл хэрэг шийдвэрлэх ажиллагаа бусад хэлбэрээр дуусгавар болох хүртэл үргэлжилнэ, 79.7 дахь хэсэгт Хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно гэж тус тус заасантай нийцэх тул анхан шатны шүүх хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж дүгнэснийг буруутгахгүй.

 

1.д. Шинжээч Монголын хөрөнгө, хохирол үнэлэгчдийн холбоо ...-ын олох байсан орлогыг 372,761,750 төгрөг гэж,

сэтгэл санааны хохирлын үнэлгээг тооцохдоо нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн, үнэ-дотоодын нийт бүтээгдэхүүний харьцаа, сэтгэл санааны суурь үнэ, дундаж наслалт, сэтгэл санааны хохиролтой амьдрах хугацааг зэргийг харгалзан тооцон үнэлгээг гаргахад ...-ын сэтгэл санааны хохирлын үнэлгээ 46,634,411.8 төгрөг гэж,

Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, 100 айл орчимд 29,7 м.кв (тухайн үеийн м.кв) гал тогоо тусдаа 1 өрөө, орон сууц, 5 давхар байрны 5 давхарт орон сууцыг 1996 онд 5,500,000 төгрөгөөр борлуулсан орон сууцыг зах зээлийн ханшийг 84,058,625 төгрөг гэж тус тус үнэлсэн.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгч ...-ын олох байсан орлого 372,761,750 төгрөгөөс орон сууцны үнэ 84,057,625 төгрөгийг хасаж 288,704,125 төгрөг гаргуулсан нь Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасантай нийцсэн.

 

Мөн анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс сонсгол сэргээх мэс заслын төлбөр 53,000,000 төгрөг, нөхөн сэргээх эмчилгээний зардал 16,420,000 төгрөг, хүнсний нэмэлт тэжээлийн зардал 24,540,705 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч гомдол гаргаагүй болно.

 

1.е. Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт Гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлнө гэж заасан. Өөрөөр хэлбэл, эдийн бус гэм хорыг хуульд заасан тохиолдолд нэхэмжлэгч нь сэтгэл санааны хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй талаар зохицуулсан тул нэхэмжлэгч Ч.Эрдэнэбатын нэхэмжлэлээс сэтгэл санааны хохирол 46,634,412 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2022/02037 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1, 230 дугаар зүйлийн 230.2, 498 дугаар зүйлийн 498.2, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Хил хамгаалах ерөнхий газраас 288,704,125 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ...-ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 140,595,117 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

2 дахь заалтын ...1,834,642... гэснийг ...1,601,471... гэж тус тус өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Н.БАТЗОРИГ